Categories
мэдээ нийгэм

Нүүдлийн лаборатори Шаамарт ажиллаж байна

Шилмэл омгийн малыг малчид, хувийн компаниуд гаднаас оруулж ирдэг болсон. Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийг хувийн компани оруулж ирсэн байна. Энэ нь хуурай сэрүүн уур амьсгалд тохиромжтой махны үүлдрийн үхэр юм. Энэ үүлдрийн бухнаас үрийг нь авахаар Малын удмын сангийн үндэсний төвийнхөн нүүдлийн лаборатори ажиллуулж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд уг нүүдлийн лаборатори ажиллаж буй.

Малын удмын сангийн үндэсний төвийн дарга Д.Цолмон ярихдаа “Сэлэнгэ үүлдрийн малын махны чанарыг сайжруулахаар Малын удмын сангийн үндэсний төв, “Шимт Агро” компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр явуулын лаборатори ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар бид 14 хоногт 6000 тун үр үйлдвэрлэсэн. Цаашдаа 20000 тун үр үйлдвэрлэхээр зорьж байна. Махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхрийг сайжруулах, зохиомлоор хээлтүүлэх үрийг авч байгаа юм” гэв. Тус сангийнхан хөдөө орон нутагт нүүдлийн лабораториг 2014 оноос хойш ажиллуулж байгаа гэнэ. Сэлэнгэ орчмын газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Нэг бухнаас 5,5 мг үр авч, 60-120 үнээг хээлтүүлэх боломж бүрддэг ажээ. Малын удмын сангийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Ч.Түмэн-Өлзий “Бух нэгээс гурав харайж байж үр тогтоодог. Харин үрийг нь авч ашигласнаар нэг харайлтаас олон тооны үнээ хээлтүүлэх боломжтой” гэв. Энэ бухны тугалыг олон газар тээвэрлэх боломжгүй, харин үрийг нь авч тээвэрлэх боломжтой. Сайн үүлдрийн бухнаас жилд 20 орчим тугал авах боломжтой бол үрийг нь авсанаар нэг харайлтаас 120 орчим тугал авах боломжтой гэнэ. Зохиомол хээлтүүлгийн үед тодорхой горим сахих хэрэгтэй болдог байна.

Казакын цагаан толгойт үүлдрээр Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхон-Туул сумын нутаг дахь монгол үхрийг хоёроос гурав дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг цаашид “өөр дотор” нь шилэн сонгож үржүүлсээр 1980-аад оны дунд үе гэхэд махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгосон түүхтэй.

“Сэлэнгэ” үүлдрийн үхэр нь Сэлэнгэ, Булган аймаг, Төв аймгийн хойгуурх сумдад тархжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Уянга тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллүүд Төрийн ордныг нэг удаа горооллоо

УИХ-ын гишүүн асан Г.Уянга тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллүүд өнөөдөр Төрийн ордныг нэг удаа тойрч горооллоо.

Г. Уянга нь энэ сарын нэгнээс эхлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахыг шаардаж, төв талбайд суулт хийсэн. Төрийн ордныг гороолсноор түүний суулт ийнхүү дуусч байгаа аж.

Тэрбээр энэ үеэрээ, “Энэхүү акц нь зөвхөн Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал биш, илүү өргөн хүрээтэй үйл явц гэж ойлгож болно. Цаад утгаараа Монголын төрийг туйлдуулж байгаа МАНАН-гийн том сүлжээг нураах зорилготой алхамуудын нэг юм. Өмнө нь бид уг сүлжээний зөвхөн тэмтрүүлтэй тэмцдэг байсан. Үүгээр нөхцөл байдал дээрдсэнгүй. Тэмтрүүл эргэж ургаад байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулж, С.Баярыг Элчин сайдаас нь эргүүлэн татснаар МАНАН бүлэглэлийг амийг тасалж чадах юм” гэлээ.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга суулт хийсэн 10 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн нийт 5000 иргэний гарын үсгийг цуглуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацааны ажилд 6 чиглэлээр иргэдээр үнэлгээ тавиулсан байна. Ингэхэд гадаад харилцаа, батлан хамгаалахын салбарт иргэд 1 оноо тавьсан бол үлдсэн таван салбарт “муу” ажилласан хэмээн дүгнэсэн хэмээн ярьлаа.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тангараг өргөлөө

Өмнөд Солонгосын ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Мүн Жэ Ин тангараг өргөлөө.

Өмнөд Солонгосын 19 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр өнөөдөр үдээс өмнө нийслэл Сөүл хот дахь Үндэсний Ассамблейн ордонд тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “нөхцөл байдал бүрдвэл би Пхеньянд айлчлах болно” гэв.

Өдгөө 64 настай, хүний эрхийн хуульч мэргэжилтэй, либерал үзэлт ноён Мүн өмнөх ерөнхийлөгчийнхөөс өөр буюу Пхеньянтай харилцаа холбоогоо сайжруулах бодлого баримтлах төлөвтэй байна.

Мөн тэрбээр авлигын дуулиан шуугианы улмаас хуваагдаж хагаралдсан улс орноо нэгтгэж, эдийн засгаа сайжруулахаа мэдэгдэв.

Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрбээр өөрийгөө “Пак Гын Хэгийн эрин үеийн авлига, улс төрийн дуулиан шуугианаас улс орноо салгаж чадах хүн” гэж тодорхойлохын сацуу “шударга бөгөөд эв нэгдэлтэй улс орныг бий болгоно” гэж амлалаа.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1953 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өмнөд Солонгос улсын Коджедо аралд таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй. Ромын католик шашинтай нэгэн аж.

Түүний аав нь 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ- ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу дүрвэн ирсэн цагаачдын нэгбайсан гэнэ.

Мүн Жэ Инийн аавынх туйлын ядуу зүдүү амьдралтай байсан гэдэг.“Хангёл” сонинд бичсэнээр, эрдэнэ шишийн үрийг үдийн хоолондоо зооглодог байсан бөгөөд түүгээрээ бүтэн өдрөө даадаг байсан гэнэ.

Мүн Жэ Ин ахлах сургуулиа төгссөний дараа “Кюнхэ” их сургуульд хуулийн чиглэлээр дэвшин суралцжээ. 1975 онд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг Ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдож байжээ.

Мүн Жэ Ин 1982 онд тухайн үед өмгөөлөгч байсан Ну Мү Хёньтой хамтран хуулийн компаниа байгуулж байжээ.

Ну Мү Хён 2003 онд БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн Тамгын газарт орж ажилласан байна.

2009 онд Ну гэрийнхээ хойд талын ууланд очиж, амиа егүүтгэн нас барахад ч Мүн Жэ Ин хамтран зүтгэгчээ эцсийн замд нь үдэн, оршуулгын ёслолыг удирдаж байсан нэгэн.

Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн сонгууль болоход Сэнүри намаас нэр дэвшигч Пак Гын Хетэй өрсөлдөн ялагдаж байсантүүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Гал алдсан этгээдэд хариуцлага тооцно

Нүхтийн ам гал зурган илэрцүүдХуурай, халуун хаврын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Энэ хаврын хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа түймэр гараад байгааг НОБГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Нүхтийн ам болон 14 дүгээр хорооны нутаг Богд уулын өвөр хэсэгт түймэр гарч багагүй хохирол учруулсан. Санамсар болгоомжгүйгээс болж гал алдсан иргэнийг илрүүлэн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Зуслангийн хог, өнжмөл өвсөө шатаахдаа гал алдаж хөрш зэргэлдээ айлынхаа хашаа байшинг шатаасан явдал ч гарлаа. Буруутай иргэнийг тогтоож, хохирлыг барагдуулах, хариуцлага онооно гэж албаныхан ярьж байна. Иймд иргэд гал, цог, үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох, бага насны хүүхдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн наадмын шилдэг таван амжилтын нэгд Н.Түвшинбаяр аваргын барилдаан шалгарчээ

Холбоотой ЗурагОлон улсын олимпийн хороо, олимпийн сувгаас олимпийн наадмын үеэр бэртэл авсан ч медалийн тавцанд зогсож чадсан тамирчдын шилдэг амжилтуудыг онцолжээ.

Ингэхдээ өвөл болон зуны олимпийн наадмын төрлүүдээс шилдэг таван амжилтыг нэрлэсэн ба Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын ялалт түүнд багтжээ.

“Лондон 2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жингийн хагас шигшээд Н.Түвшинбаяр БНСУ-ын Хва Хи Тэтэй барилдах үедээ бэртэл авсан ч ялалт байгуулж чадсан. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Т.Хабулаевтай барилдах байсан ч бэртлийн улмаас өрсөлдөгчдөө ялалт өгсөн ба өөрөө олимпийн хос медальтай Монголын анхны тамирчин болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Мянганы Сорилтын сангийн төлөөлөгчид Монголд айлчиллаа

Мянганы Сорилтын сан зурган илэрцүүдАНУ-ын Засгийн газрын Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Европ, Ази Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан бүс нутгийн Дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема З. Сумараар ахлуулсан төлөөлөл энэ долоо хоногт Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газартай хийх МСК-ийн Компакт гэрээг 2018 онд батлуулахад бэлтгэх үйл явцын талаар хэлэлцлээ.

Айчлалын үеэр АНУ-ын төлөөлөл Гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхорол, Сангийн дэд сайд Х. Булгантуяа, Улаанбаатар хотын захирагч С. Батболд зэрэг Монгол Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, усны салбарт хөрөнгө оруулалт хийх тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа шаардлагатай байгаа бодлогын болон институцийн шинэчлэлийн талаар ярилцлаа. Нийслэл Улаанбаатар хотод усан хангамжийн болон ус цэвэрлэх хүчин чадлын дутагдал нүүрлээд байгаа бөгөөд 2021 он гэхэд усны хэрэгцээ нь найдвартай гэх усан хангамжийг давахаар байгаа юм.

“Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Засгийн газартай хамтран усны эх ундрага болон хүртээмжийг урт хугацааны турш нэмэгдүүлэх хөтөлбөрийг загварчлах ажлыг үргэлжлүүлж буйд бид баяртай байна” гэж Ф. Сумар хэлээд, “Бидний хамтын ажиллагаа нь Монгол улсын иргэдэд хэрэгцээт үйлчилгээг хүргэж чадахуйц тогтвортой институциудыг бий болгох хамтын зорилтын хүрээнд хоёр улсын хоорондын харилцааг бэхжүүлэх явдал юм” гэжээ.

МСК нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжиж буй орнуудад тухайн улсын өөрийнх нь саналыг тусгасан “улс-хөтлөгч” гэх зарчмын дагуу хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. Тухайн түншлэгч оронтой хамтран МСК нь эрчим хүч, цэвэр ус, газар өмчлөл, дэд бүтэц зам зэрэг хөгжиж буй орнуудад тулгардаг голлох бэрхшээлүүдийг шийдвэрлэдэг.

Компакт гэрээг бэлтгэх хугацаанд МСК болон түншлэгч Засгийн газар нь тухайн улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг хамтран судалж, түүнийг шийдвэрлэх зорилт бүхий хөтөлбөрийг боловсруулдаг.

Энэхүү судалгаа шинжилгээ нь Монгол Улс болон МСК-тай хамтран ажилладаг бусад хөгжиж буй орнууд нь ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг хангахад хамгийн ихээр нөлөөлөхүйц төсөл хөтөлбөрүүдийг МСК-тай хамтран боловсруулах суурь нь болдог.

Categories
мэдээ нийгэм

“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан дуусахад дөрөв хоног үлдлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг batbaatar.m@ulaanbaatar.mn цахим хаягаар авах юм байна.

Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зогсоолд байсан приус машин шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гранд плаза дэлгүүрийн уулзвар орчимд машин шатжээ. Зогсоолд байрлуулсан байсан Приус маркийн машинд гал авалцаж эхлэнгүүт ойр орчмын хүмүүс дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Гал унтраах ангийнхан газар дээр нь шуурхай ирж унтраахаар ажиллаж байна.

Автомашинд гарсан галын улмаас хүн бэртэж түлэгдээгүй бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид мөн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд хамгийн их осол гардаг

Нэгдсэн үндэсний байгууллагын Замын аюулгүй байдлын долоо хоног энэ долоо хоногт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Эрүүл мэндийн сайд Г.Цогцэцэг нар оролцсон юм. Энэ жил Замын аюулгүй байдлын долоо хоногийг “Хурдаа хасаж, амь насаа аваръя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сайд Д.Ганбат “2016 онд зам тээврийн ослоор 485 хүн нас барсан. Үүнээс 352 орон нутгийн замд осолджээ. Энэ нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой. Учир нь сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг холбосон зам ашиглалтад орсон ч тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулах явдал алдагдсаар байгаа нь үүнэтэй холбоотой. Судалгаагаар амралтын өдрүүдэд УБ – Дархан хоорондын замд осол аваар хамгийн их гардаг нь тогтоогджээ.

Тиймээс энэ чиглэлийн хоёр урсгадтай замыг дөрвөн урсгал болгохоор ажлаа эхлүүлснийг энд дуулгаж байна. Мөн манай улсын Замын хөдөлгөөний дүрэм зүүн талаа баримталдаг. Гэвч нийт тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Эдгээр машины тоог ард иргэддээ дарамт болгохгүйгээр багасгах мөн гэрлийн өнцгийг нь стандартын хэмжээнд хүргэж, шөнийн цагт замын хөдөлгөөнд оролцоход гялбааг нь бууруулахаар ажиллаж эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дахь монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа монголчууд санал өгөх хүсэлтээ энэ сарын 20-ныг дуустал өөрийн биеэр болон цахимаар мэдүүлэх юм. Урьдчилан мэдэгдэж, бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэнэ.

Бүртгүүлэхийн тулд СЕХ-ноос баталсан бүртгэлийн маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Монголын дипломат төлөөлөгчийн газартаа илгээнэ. Хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээж, улмаар бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийх юм байна. Ингээд хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэх юм.