Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн сүү импортлогчдод тавих шаардлагыг өндөрсгөнө

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүн М.Билэгт танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тусыг яриад барахгүй. Гэхдээ өөрийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй байгаа эхчүүд нэмэгдэл тэжээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ хуулиар сүү импортлогчдын үйл ажиллагааг бүр хориглосон юм биш биз хэмээн лавласан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хүүхдийн сүү импортлогчдод тавьж буй шаардлагыг өндөрсгөж, чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа. Шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хаагаагүй гэсэн хариулт өгсөн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол хайлаас авч эхэллээ

Нийслэлийн “Хот тохижилтын газар” мод үржүүлгийн газартай аж ахуйн нэгжүүдэд хандан шаардлага хангасан Монгол хайлаас нийлүүлэхийг урьжээ. Монгол хайлаасны нэгж үнэ нь 700 төгрөгт багтсан байх шаардлагатай гэнэ. Монгол хайлаас нийлүүлэх хүсэлтийг энэ сарын 11-18 хүртэл авах бөгөөд шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажиллах юм байна. Хүсэлтийг Баянзүрх дүүрэг 14 хороо Жуковын өргөн чөлөөнд байрлах “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т авч байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

Монгол хайлааст тавигдах шаардлага:

1

Модны хэлбэр

Титэм салаа зөв хэлбэртэй

2

Модны нас, хэмжээ

2-3 настай, 0,6 метрээс дээш өндөртэй, оройн хаталт өгөөгүй байх

3

Модны үндсэн мөчир

Мөчрийн салаа олон байх

4

Модны үндэс

Салаалсан үндэс ихтэй, хялгасан үндэснүүд тасраагүй, шороо нь угаагдаагүй байх

5

Баглаа, боодол

Өндрийн хэмжээгээр нь ангилж 50 ширхэгээр багцалж бооно.

Categories
мэдээ нийгэм

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт дэлхийн жишигт нийцсэн авто цогцолбор байгуулна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад байгаа. Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолыг барьж байгуулах юм.

Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жил л гэхэд Горхи-Тэрэлжийг гадаад, дотоодын 300 орчим мянган жуулчин зорьжээ. Горхи-Тэрэлж нь нийслэлд хамгийн ойр, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд зуны улиралд өдөрт дунджаар 2000-3000 хүн аялдаг гэсэн статистик тоо байдаг. Эдгээр аялагчдын 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирходог юм.

Categories
мэдээ нийгэм

Үүргээ сайн гүйцэтгэсэн эцэг эхийн эргүүлүүдийг урамшуулав

“School police” эцэг эхийн эргүүлийн нээлттэй хаалганы өдөр боллоо“School police” эцэг эхийн эргүүлийн нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо. 2016 – 2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police – эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Улаанбаатар хотын нийт 160 гаруй сургуулиудаас эцэг эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн нэгдсэн тайлан, танилцуулга болсон бөгөөд эргүүлийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн эцэг эхчүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт шагналаар шагнаж урамшуулсан байна.

Нээлттэй хаалганы өдрөөр сургуулийн орчинд үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн амь насыг учирч болзошгүй аюулаас хэрхэн аварч чадсан тухай ярилцсан бөгөөд хулгай дээрэм, үе тэнгийн дарамт хүчирхийлэл, цахим гадуурхалаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход бодитой хувь нэмэр оруулсан эцэг эхийн эргүүлийн төлөөлөл оролцож, сайн туршлагаа 600 гаруй иргэдтэй хуваалцжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд давхацсан тоогоор нэг өдөрт 1400, сард 33.600 эцэг эх эргүүлд гарч байна. 2017 оны эхний улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 35,3 хувиар буурсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүмүүн бичиг-хүн бүрийн бичиг” тэмцээний аваргууд тодорлоо

Зураг

Үндэсний бичиг үсгийн өдрийг Сүхбаатарчууд сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Уг өдрийн хүрээнд үндэсний бичиг үсгээ сурталчлан таниулах олон төрлийн ажил зохион байгуулдагийн нэг нь Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг уралдаан юм. Тус уралдаанд албан байгууллага, аж ахуйн нэгж, ард игэдийн төлөөллүүд оролцдог бөгөөд тэдний монгол бичгийн мэдлэгийг сорьсон том тэмцээн болдог. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээний аварга багаар Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгийн Монгол бахархал баг шалгарчээ.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг үсгийн соёлоо сурталчилах зорилгоор зохион байгуулагддаг Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг уралдаанд таван багийн 25 хүн оролцож оюун ухаанаа сорин өрсөлджээ.

“Оролцогчдын тоо өнгөрсөн жилээс буурсан хэдий ч баг бүрийн гишүүдийн монгол бичгийн талаарх мэдлэг, ур чадвар сайн байсан гэж хэлмээр байна. Өнгөрсөн жил 10 гаруй баг оролцож байсан. Энэ жилийн хувьд уралдааны зар орой хүрсэн, дээрээс нь байгууллагуудад маш олон ажил давхацсан учир оролцоо жаахан муу байсан гэж үзэж байна. Гэхдээ тэмцээн маань маш өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Ялангуяа багууд гэрийн даалгавар болох ханын сониндоо маш их ач холбогдол өгсөн байна. Зөвхөн энэ тэмцээнд зориулж дээл хүртэл урласан байсан. Дээлэн дээрээ монгол бичгээ сурталчлсан уриалгануудыг хонин холбоо болон шигтшээ наамлаар хийсэн байсан. Энэ нь маш их өргөн утга агуулгатай, содон ханын сонин байж чадлаа. Энэ мэтчилэн энэ жилийн тэмцээн маань онцлог сонин зүйлтэй, өрсөлдөөн ихтэй болж өнгөрлөө. Дараа дараагийн жилүүдэд тэмцээн маань хүрээгээ тэлэх болно. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс анхаарах, үйл ажиллагаагаа сайжруулах зүйл их байна…” хэмээн аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэл, бичгийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Амартуяа хэллээ.

Тус тэмцээнийг аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Гуравдугаар бүрэн дцнд сургуулиуд хамтран зохион байгуулдаг билээ. Тэмцээний аварга багаар Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгийн Монгол бахархал баг шалгарсан бол 5 дугаар цэцэрлэгийн Хүмүүн бичиг, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн эцэг эхийн төлөөллийн Эх хэл-Эх орон багууд удаах байрыг эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хувийн цэцэрлэгүүдийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээллээ. Нийслэлд ажилладаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70, нийт 122 цэцэрлэгийг хамруулан төлөвлөгөөт шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад хүүхдийн өдрийн хоол, ус, агаараас сорьц, дээж авч, хөрс, тоглоом, арчдас шинжилгээ авч лабораторид шинжлүүлжээ. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт өгөх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны нийт илчлэг норм хэмжээнд байгаа ч, шимт бодисын хэмжээ нь бүрэн хүрэхгүй байжээ.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.

1. Төрийн өмчийн Сонгинохайрхан дүүргийн 176, 156, 188, Багануур дүүргийн 132, Баянзүрх дүүргийн 45, 115, Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгүүд нь гэр бүлэг нээж ажиллуулж байгаа боловч тухайн цэцэрлэгийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.

2. Төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн / Сүхбаатар дүүргийн Цасан гоо, Хан-Уул дүүргийн Нарны хаан хүүхдүүд, Хүүхдийн ивээл, Баянзүрх дүүргийн Булганзул, Жаргалан, Баянгол дүүргийн Шүтээн үрс, Хатан манцуй, Буман жаалууд гэх мэт/ эрхлэгчид нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.
3. Шалгалтанд хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нар ажиллаж байна.

4. Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгт 2015-2016 оны хичээлийн жилд шинээр өргөтгөл баригдсан боловч барилгын зарим хэсэгт суулт өгч цууралт үүссэн, барилгын баруун жигүүрт инженерийн шугам сүлжээний /коллектор/ гэмтэл гарсантай холбоотой хоёрдугаар сараас хойш дөрвөн ангийн хэрэглээний халуун ус тасарсаныг засуулаагүй байна. Мөн барилга шинэчлэн баригдсантай холбогдуулан 2016-2017 оны хичээлийн жилд анги танхимын тохижилт үйлчилгээнд гэх зориулалтаар эцэг эхээс хууль бусаар 22039100 төгрөгийн хандив авч ашигласан.

5. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 30.8 хувь нь эдэлбэр газар хүрэлцээгүй, 33.3 хувь нь сургалтын зориулалтын гадна тоглоомын талбай, тоног төхөөрөмж дутагдалтай, аюулгүй байдлыг хангахгүй байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн 41-р цэцэрлэгийн гадна тохижилт хангалтгүй, “Буурай ээж” цэцэрлэг гадна тоглоомын талбайгүй, Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн хоёр, гуравдугаар салбарууд эдэлбэр газрыг зүлэгжүүлээгүй.

6. Шинээр байгуулагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгүүд зориулалтын бус байранд ажиллаж байна. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн “Үзэм”, “Том жаал”, Баянгол дүүргийн “Мон-Эрин”, Хан-Уул дүүргийн “Буурай ээж” цэцэрлэг нь үйлдвэрийн зориулалтай барьсан байрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан боловч барилгын төлөв байдалд дүгнэлт гаргуулаагүй байна.

7. Шалгалтанд хамрагдсан зарим цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүйгээс сургалтын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, суралцагч хүүхдүүд, багш ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар цэцэрлэгийн дээврийн хучлага төмөр зэвэрч, цоорон бороо цасны ус нэвчснээс модон хийц ялзарч, барилгын бат бөх чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Ангиудын унтлага, ариун цэврийн өрөө, эрхлэгчийн өрөө, хөгжмийн заалны хана, тааз хөгцөрч мөөгөнцөртсөн, Баянзүрх дүүргийн найм, Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар цэцэрлэгийг сэргээн засварлах тухай барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн акт гарсан, 28 цэцэрлэг агааржуулалт хангалтгүй, бохир байнга үнэртдэг. Налайх дүүргийн “Төгсзаяа” цэцэрлэг нь халаалтгүй, ариун цэврийн өрөөний паар хагарсан. Баянзүрх дүүргийн 136 цэцэрлэгийн зоорийн давхарт зэргэлдээх байрнаас ус алдаж, тааз хананд ус нэвчсэн.

8. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 66.6 хувь нь ангид бүлэгт нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25 хувьд нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байна. Мөн цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 45-72 буюу хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь тухайн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэн авдагтай холбоотой. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 51, 135, Чингэлтэй дүүргийн 205, 108, Баянзүрх дүүргийн 59, 8, 172, 128, 136, Баянгол дүүргийн 141, 11, 98, 157, 47, 88, 100, Хан-Уул дүүргийн 12, 218, 41 Сонгинохайран дүүргийн 79, 90, 110, 111,116 ,119,156, 163, 192, 227 цэцэрлэгүүдэд энэ зөрчил илэрсэн.

9. Чингэлтэй дүүргийн 154-р цэцэрлэг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын авто баазын дэргэд байрладагаас хүнд даацын машины дуу шуугиантай, утаа тортог ихтэй, Баянгол дүүргийн “Мон –Эрин”, “Шүтээн үрс”, 57, 157 дугаар цэцэрлэгийн гарах хаалга авто замын дэргэд байрладагаас авто замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан.

10. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 25 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 41.6 хувьд хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 25 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 33.3 хувьд нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологи буруу байна. Тухайлбал: Багануур дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн II салбар хүнсний агуулахад агааржуулалтгүй. Налайх дүүргийн “Төгсзаяа”, Сүхбаатар дүүргийн “Том жаал”, “Үзэм”, 205 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн агааржуулалт хангалтгүйгээс хана, таазанд хөгц үүссэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 988 заалттай 98 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Шинжилгээний дүнг үндэслэн 91 дүгнэлт бичиж, зөрчилтэй 70 газарт 20405000 төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулжээ. Мөн “Үзэм”, “Шүрэн цох” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Сонсголгүй хүүхдүүдийг өмгөөлсөн Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилжээ

Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг, яруу найрагч Б.Галсансүх хамтран өмгөөлөгч Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

Учир нь яруу найрагч Б.Галсансүх 29 дүгээр сургуульд үүссэн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо илэрхийлж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нь зөв гэдэг байр суурьтай байжээ. Гэвч үүнээс болж өмгөөлөгч Г.Батбаяртай зөрчилдөж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас тус сургуульд хяналт шалгалт хийх үеэр өмгөөлөгч Г.Батбаяр мэдүүлэг өгч байгаа хүүхдүүдийг дарамтлах зэргээр өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй хандаж байжээ. Энэ асуудалд нь Б.Галсансүх шаардлага тавихад түүнийг өөрийг нь гүтгэн доромжилсон хэмээн цагдаагийн байгууллагад хандан яруу найрагчаас 50 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Энэ талаар Б.Галсансүх “Би 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн хэвлэлийн хурал дээр эдгээр хүүхдийг өмгөөлөх өмгөөлөгч хэрэгтэй байна гэж хэлсэн. Зүгээр мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явбал явах байлаа. Энэ хүүхдүүдийн өмнөөс дуугарсныхаа төлөө өнөөдөр өөрөө хэрэгт ороод явж байгаадаа харамсалтай байна” гэв. Мөн энэ үеэр Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Цэдэнбал “Би 29 дүгээр сургуулийн сурагч байлаа. Энэ сургуульд 50 жил байсан нуугдсан бугшсан асуудлыг сурагчид маань сая гаргаж тавьсан. Гэтэл эдгээр хүүхдүүдийг маань эргээд шоу болгон ашиглаж байгаа хүмүүс байгаад харамсалтай байна. Миний хүүхдүүдийг зүгээр орхиоч ээ гэж Г.Батбаяр өмгөөлөгчид хэлмээр байна” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдана

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно.

Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.

“Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос Найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Анхдугаар их наадамд:

  • УДБЭТ,
  • ЦДБЭЧ,
  • ХЦДБЧ,
  • СУИС,
  • МУБИС,
  • СИТИ дээд сургууль,
  • Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид,
  • ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу,
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид,
  • Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм,
  • БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1,000 гаруй уран бүтээлч оролцож байна.

Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм.

Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Харин өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. Цаашдаа, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 12-13-нд ихэнх нутгаар сэрүүхэн Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Олон сургуулийн барилгыг шинээр барих шаардлагатай байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Сайд өөрөө худлаа яриад байх юм. Хотын боловсролын газартай нягт хамтарч ажиллаж байгээ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Та хүчээ авч, байдал хурцдаж байхад 29 дүгээр сургуулийн захирлыг сольсон. Монгол хүүхэд өөрсдөө их авъяастай. Дэлхийн олимпиадад оролцоод медаль авсан хүүхдүүдийг дэлхийн томоохон сургуулиудад үнэгүй сургах эрхийг төр өөрөө хангах ёстой. Гэтэл өнөөдөр мөнгөний асуудал тулгамдсан гээд байдаг. Мөн шилдэг эрдэмтэн багш нарынхаа зөвлөгөөг ч сонсох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Хуулиас салбарын үйл ажиллагаа болохгүй байна гэж бодохгүй байна. Энэ салбарыг хариуцаж байгаа хүмүүс ажлаа хийхгүй байна. Нөхдийн үгийг үг гэж авч хэлэлцэхгүй байна. Бага, дунд боловсролын асуудлаар ямар ажил хийх вэ? Энэ салбарын стратегийн зорилт юу вэ? Энэ салбарт хариулцлагын тогтолцоо алга. Боловсролын салбарт ажиллаж байгаа удирдлагуудад хариуцлага тооцдог заалт оруулъя. Улаанбаатар хот боловсролын салбарын ачааллыг үүрдэг. Гэтэл энэ салбарт мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Дарга хийх нь чухал биш. Гантулга нийслэлийн гадаад харилцаанд ажиллаж байсан залуу, гэтэл мэргэжлийн бус ч гэсэн боловсролын салбарт ажиллах чадвар байна уу гэдгээ бодолцох хэрэгтэй, даргархаад сууж болохгүй.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Сурах бичгийг шинэчилж, хөтөлбөрүүдээ шинэчлэхээр ажлаа урагшлуулж байгаа. Хариуцлага тооцох гэдэг дээр санал нэг байна. Хариуцлага тооцоод явж байгаа зүйл байгаа. Энэ асуудалд хойрго хандах бодит бэрхшээл ч бий. Хөрөнгө санхүүгийн асуудлаар нэлээн заалт бий. Хууль эрхзүйн орчинг шийдэж байж хэрэгжүүлэх ажил байгаа. Олон сургуулиудын барилгыг шинээр барих шаардлагатай . Төсөл хөтөлбөрөөр зарим сургуулийн ажлыг эхлүүлж байна. Дуусаагүй барилгуудыг бүрэн шийдвэр хүчин чадал нэмэгдэхээр байгаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Боловсрол бол асар том салбар. Бид нэгээхэн хэсгийг нь хөндөхөд маш их асуудал гарч байна. Сурах бичгийн агуулгыг хэрхэн шинэчилж байна вэ. Бага, дунд боловсролын хэмжээнд анги дүүргэлт ямар хэмжээнд байх талаа тогтоолд оруулах хэрэгтэй байна. Сурах бичгийн агуулга монгол хүнийг төлөвшүүлэх, монгол хүнд зориулагдсан байх ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрт зориулагдсан байх ёсгүй. Олон улсын хөтөлбөрт хамрагдсан лаборатори сургуулиудыг дэмжинэ гэж байна. Бид чинь үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлдэг лаборатори сургуулиудыг дэмжих ёстой юм биш үү. Үүнийг бодолцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

-Миний хувьд ажлын хэсгийн гишүүн болсныхоо дараа 21 аймгийг тойрч, багш, сурагчидтай уулзсан. Хөдөө орон нутгийн багш, боловсон хүчнийг бэлтгэх талаар тусгай хөтөлбөр бэлтгэх шаардлагатай юм билээ. Хөдөө орон нутагт сургуулийн засварын ажил их чухал байна.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Өнөөдөр улсын хэмжээнд 72 сургууль цэцэрлэг, сургуулийн ажил баригдаад эхэлсэн. Мөн концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Сургуулиудын спортын 5-6 заал баригдаж байна. Эдгээр барилгуудыг ашиглалт оруулах тал дээр бололцоотой арга хэмжээг авахаар ярилцаж байна. Хөтөлбөрийн хувьд Г.Мөнхцэцэг гишүүний саналтай нэг байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Салбарын хувьд тулгамдаж байгаа санхүүгийн зовлонгоо ярьж орж ирэхээс салбарын асуудлыг шийдэх тогтолцооны асуудлаа оруулж ирэхгүй байна гэдэг С.Чинзориг гишүүний саналтай нэг байна. Бодлого боловсруулж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хүүхдүүдэд мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч сайн сурвал их, дээд сургуульд орж чадна гэсэн орчныг яаж бүрдүүлэх вэ? Одоо хүүхдүүд мөнгөгүй бол их, дээд сургуульд орж чаддаггүй юм гэсэн сэтгэлгээтэй болоод байна. Ясли, цэцэрлэгийн асрагч багш нарыг бэлтгэх ямар тогтолцоо байна вэ?

БСШУС-ын Ж.Батсуурь:

-Их, дээд сургуульд төлбөртэй сургалт явж байгаа. Одоогоор Засгийн газраас сургалтын зээлийн сан байгуулсан. Сургалтын зээлийн сан хичээлийн шинэ жилийн дараа эхэлсэн учир хүндэвтэр байгаа. 5 сая төгрөгөөс бага зээл авсан нөхцөлд ямар нэг барьцаагүй байгаа. Одоогоор 6 банк их, дээд сургуулиудтай Боловсролын зээлийн санд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Банк өөрөө бүх эрсдэл хүлээж байгаа учраас тавигдах шаардлага нь өндөр байгааг үгүйсгэхгүй.