Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

“Автомашингүй өдөр” зурган илэрцүүд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулган 10 цагаас эхэлнэ

Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Авто замын тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Хог хаягдлын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай зэрэг хууль тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Улс орон хэвийн хэмжээнд хөгжье гэвэл ОУВС-гийн тавьж буй шаардлагыг хүлээж авах нь зөв

Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тээг болоод байсан УИХ-ын тогтоолыг уржигдар Төсвийн байнгын хороон дээр хүчингүй болголоо. Хэр зөв шийдвэр гаргав?

-Ер нь бол аливаа том төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын ханган нийлүүлэгчдийг түлхүү оролцуулах нь хөгжлийн бодлогын нэг суурь байдаг. Гэхдээ манайд дотоодын аж үйлдвэр, үйлчилгээний салбар төдийлөн сайн хөгжиж чадаагүй байгаа. Тэгээд ч ямар нэгэн хуульд дотоодын банкаар дамжуулан гаднын хөрөнгө оруулалт орж ирэх ёстой гэж хуульчилсан заалт байхгүй. Аж үйлдвэрийн бодлого батлагдах үед үйлдвэржилтийн тухай хууль тогтоолтой холбоотой хэд хэдэн заалт орсон. Банк, санхүүгийн хувьд заавал Монголын банкаар гүйлгээ хийх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Түүнийг ойлгосон болов уу. Дээрээс нь Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болоод 20 орчим жил болж байна. Гишүүн байгууллагын хувьд дотоод, гадаадын компаниудыг үл ялгаварлах зарчимтай. Тиймээс гадаад, дотоодын банк гэж ялган гадуурхаж болохгүй. Ер нь тэгээд Монголын банк гэдгийг тодруулах хэрэгтэй. Жишээлбэл, ХААН банк Монголд үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. 10 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулагч уг банкийг худалдаад авчихсан шүү дээ. Монголын банк мөн, бишийг мэдэхгүй юм. Монголын банкуудын хувьцаа гаднын хөрөнгө оруулагчдад байдаг. Тиймээс Монголынх гэж хэлэх хэцүү гэж ярих хүн ч байдаг. Тэр талаасаа аваад үзэхээр тогтоолын санаа зөв боловч заалт, томьёолол нарийн утга учраа илэрхийлж чадаагүй байсан.

-Рио Тинтогийн зүгээс уг тогтоолыг эсэргүүцэж байсан нь зөв юм биш үү. Монголын арилжааны банкууд тэдний оруулж ирж буй хөрөнгөнд баталгаа ч гаргаж өгч чадахгүй биз дээ?

-Банк гэдэг чинь аливаа харилцагчийн мөнгийг хариуцлагатай хадгалах үүрэг хүлээдэг. Энэ талын тусгай үүрэгтэй. Бидний хэлсэн банкаар мөнгөн гүйлгээ хийнэ гэдэг хэцүү. Ямар ч компани тухайн банкны нэр хүнд, эрсдэл хүлээх чадвар, мөнгө хэр зэрэг найдвартай хадгалж чадах вэ, хэрэгтэй үед гаргаж өгч чадах уу гэдгийг нарийн судалдаг. Компани бүр харилцагч банктай, тэндээ харилцах данстай байж гүйлгээгээ хийлгэдэг. Томоохон байгууллагууд бол тэр банктайгаа удаан хугацаанд харилцаж байдаг учраас түншлэгч болчихсон байх жишээтэй. Эрсдэл талаасаа гэвэл Рио Тинто бол дэлхийн хэмжээний том компани. Маш их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа. Тэр утгаараа эрсдэл даах чадвар сайтай, том банкны сүлжээгээр гүйлгээ хийх сонирхолтой байдаг. Тэрийг буруутгах арга байхгүй. Ямар ч байгууллага өөрийнхөө мөнгө төгрөгийн алдагдалгүй, бүрэн бүтэн байгаасай гэж бодно шүү дээ. Рио Тинто ч гэсэн тийм сонирхолтой. Гэтэл манай банкуудын эрсдлийн үнэлгээ ямархуу байгаа билээ. Банкуудын эрсдлийн үнэлгээ тухайн улсынхаа эдийн засгийн эрдслийг даах үнэлгээтэй адил түвшинд байдаг. Өнөөдөр манай улсын үнэлгээ ямар байгаа билээ дээ. Нэлээн эрсдэлтэйд тооцогдож байгаа. Банкууд ч тэр хэмжээний эрсдэлтэйд тооцогдоно. Ийм байхад эрсдэл багатай, найдвартай түнш банкаараа гүйлгээ хийх сонирхолтой байгааг ойлгосон нь сайн хэрэг. Бас нэг зүйлийг ойлго. Манай УИХ Монголын компаниуддаа аль банкаар гүйлгээ хийхийг нь заадаггүй биз дээ. Тийм байж гадны компаниудыг аль банкаар ямар гүйлгээ хийхийг заагаад байх утгагүй.

-Хэрэв саяын тогтоолыг баталсан бол гадны хөрөнгө оруулагчдад их эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан байх?

-Том гэрээ хийхдээ санхүүгийн үүргийг дотоодын компаниуд гүйцэтгээсэй гэсэн санаа байсан. Гэхдээ тийм заалт одоогоор ямар ч хуульд байхгүй. Монгол Улс хууль эрхзүйт орон учраас хуулийнхаа хүрээнд л ажиллана шүү дээ. Хөрөнгө оруулагчид Монголын хуулийн орчныг судалж байгаад орж ирж байгаа. Харанхуй орж ирнэ гэж хэзээ ч байхгүй. Ихэнх салбарын хуулийг нарийн судалсны үндсэнд Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэж байгаа. Тэгээд ч тогтоол хэвээрээ үлдээлээ гэхэд өмнө нь байгуулсан гэрээнд хамаарахгүй. Ер нь гадны хөрөнгө оруулагчдад шаардлага хангахгүй банкаа санал болгож тулган шаардах ёстой юм уу. Тэгээд ч эцсийн эцэст хүсээд байгаа зүйл нь хөрөнгө оруулалт уу, Монголын банкаар мөнгө эргэлдүүлэх юм уу. Энийгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт орж ирээд ажлын байр нэмэгдүүлж, татвараа төлж л байвал ямар банкаар гүйлгээ хийх нь хэнд хамаатай юм бэ. Заавал Монголын банкаар гүйлгээ хийхийг шаардахаар хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байвал яах вэ.

-МАН-ын бүлгийн зарим гишүүн ОУВС-гийн хөтөлбөрийг хойш нь тавья. Нүүрсний үнэ өсөж байгааг ашиглая гэсэн гаргалгаа хийсэн байх. Тийм боломж бидэнд бий юү?

-Нүүрс ч бай, зэс ч бай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өдөр бүр хэлбэлзэж байдаг. Одоохондоо өсөлттэй байгаагийн шалтгаан нь Австрали, Хятадад болсон байгалийн гамшигтай холбоотой. Тэрнээс болж өнгөрсөн намраас хойш үнийн өсөлт бий боллоо. Гэхдээ өсөлт мөнхийн зүйл биш шүү дээ. Австралийн уурхайнууд хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад эхэлвэл эргээд үнэ буурна. Тэр үед бидний асуудал дахиад сөхөгдөнө. Тэгээд ч манай улсын гол асуудал төсвийн сахилга баттай холбоотой. Төсвийн тогтолцоо үрэлгэн, үр ашиг муутай байна. Тэрийгээ засах ёстой. Ингэж засахад ОУВС-д найдах бас хэрэггүй. Өөрсдөө л дор бүрнээ хичээх хэрэгтэй байна. ОУВС тусламж өгье гэж байгаа нөхцлийг ашиглах нь зүйтэй. Таван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл өгнө гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа ийм үед улс орон хэвийн хэмжээнд хөгжөөд яваасай гэж бодож байвал ОУВС-гийн тавьж буй шаардлагыг хүлээж авах нь зөв.

-Ер нь бол ОУВС-гийн тавьж буй шаардлага зүй ёсных биз дээ. Монголчуудыг л чангалах гээд байгаа мэтээр хүлээж авах юм?

-Шаардлага их энгийн. Танай улс төсвийн алдагдалтай байна, төсвөө хийхдээ хэтэрхий улс төрөөс хараат байна, мэргэжлийн бус байдлаар төлөвлөж байна, зардал өндөр, орлого бага учраас улс орны санхүү тэсэхгүй байгаа учраас ерөнхийд нь балансалъя гэсэн хүсэлт тавьсан. Мэргэжлийн талаас авч үзвэл үнэхээр тийм л байдал харагдаж байна. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн буруу тогтолцоогоор явсаар өнгөрсөн онд төсвийн алдагдал түүхэндээ байгаагүй хэмжээнд хүрсэн. Ийм байхад үүнийгээ ухамсарлахгүйгээр ОУВС буруу зүйл хэлж байна гэж зүтгээд байх нь оновчгүй. Зөв зүйтэй хэлж буйг ойлгож хүлээж авах хэрэгтэй байна. Тэдний хэлж буйгаар хэрвээ тогтолцоогоо сайжруулахгүй бол ямар ч хэмжээний мөнгө өгөөд хэрэггүй гэж байгаа шүү дээ.

-Долоон төрлийн татвар нэмснийг та хэрхэн харж байгаа вэ?

-Ямар ч улс оронд татварын нэмэгдлийг сайхнаар хүлээж авдаггүй. Нэмэхдээ ч гэсэн их нямбай хэлэлцдэг. Жишээлбэл, Япон улс НӨАТ-таван хувь байсныг найман хувь болгох гэж бараг арван жил хэлэлцэж байж шийдлээ шүү дээ. Уг нь манайд Японоос ч илүү нямбай бодлого хэрэгтэй байгаа юм. Хэрэгжүүлж буй татварын бодлого дээр хэд хэдэн дутагдалтай зүйл харагддаг. Татвар төлөгчийн зүгээс харахад хамгаалалт багатай, тэнцвэргүй тогтолцоотой. Татварын тэлэлт ихээхэн хязгаарлагдмал. Голдуу гаднаас бараа оруулж ирвэл татвар төлдөг.

Үйлдвэрлэл эрхлэх тал дээр дэмжлэг байдаггүй. Гэсэн мөртлөө малчид, ченжүүд төрд нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна. Сая Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлчихлээ. Ингэхээр компаниуд давхар баланс хөтөлж байна, татвараас зугтах арга хайж эхэллээ. Овоо нэг татвар төлөөд сурч байтал тодорхой хугацааны дараа татварын өршөөл гаргадаг. Тэр нь утгаа алдаж байна. Бараг татвар төлөхгүй байж байгаад өршөөлд хамрагдъя гэх сэтгэхүйтэй болгож байгаа юм. Энэ бол туйлын буруу.


Categories
мэдээ цаг-үе

С.Гантогоо: Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд асар их саад бэрхшээлийг туулсан

“Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоунд оролцох урилга ирэхэд танд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Анхандаа ч итгээгүй шүү. Маш их догдолсон. Гэхдээ оролцох эсэхээ шийдэхийн тулд бодох хэрэгтэй болсон, Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах вэ гэж. Гэхдээ зохицуулсан л даа.

-Энэ удаагийн шоуны оролцогчдоос жүжигчин Т.Бархүү та хоёр нэлээд өндөр саналтай болоод байна. Араас нь бусад нь нэхсэн байдалтай явж байх шиг байна?

-Бархүү ах үнэхээр мундаг гэдгийг хэлмээр байна. Мэдээж бусад оролцогчид маань ч миний хүндэлж, биширч явдаг хүмүүс шүү дээ. Бид бүгд л маш ихээр хичээж байгаа. Хүмүүст таалагдаж байгаадаа туйлын их баяртай байгаа. Улам их хичээх болно. Миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярласан шүү.

С.Гантогоо зурган илэрцүүд-Та энэ шоунд оролцох шийдвэр гаргаж байх үедээ үзэгчид таныг ингэж их дэмжинэ гэж төсөөлж байсан уу?

-Үнэндээ айж байсан. Монголдоо олонд нэг их танигдаагүй, Солонгост уран бүтээлээ хийдэг залууг үнэгний хувцас өмсөөд гарч ирээд дуулахад хэрхэн хүлээж авах бол гэж боддог байсан. Санасныг бодоход гайхалтай байсан. Гадуур явж байхад “Үнэг ах аа”, “Үнэг залуу” гээд л (инээв).

-Таныг хүмүүс яагаад бусдаас илүү дэмжээд байна вэ гэхээр нэг л зүйл харагдаад байгаа юм. Монголчууд өөртөө оногдсон ажлыг хал балгүй хийгээд бусдын амжилтад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг сайхан сэтгэлтэй, сэтгэл өөдрөг хүнд дуртай юм байна гэсэн бодлыг та төрүүлж байна л даа?

-Намайг өөрөөрөө байгаагаар минь хүлээн авч байгаад монголчууддаа үнэхээр баярлалаа. Хүнд хайрлагдана, хүндлэгдэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн том бэлэг юм даа. Мөн ямар их хариуцлага оногдож байгаа гэж бодно. Урдах ажлаа бүрэн гүйцэд хийх нь миний зарчим. Яг зорилго нь юу вэ гэдгийг бүрэн ухаарах нь чухал. Надтай хамт энэ шоунд оролцож байгаа хүмүүс миний хамгийн дотны хүмүүс болж байгаа. Надад маш сайн ханддаг.

-Таны хувьд дугаарын ялагч болох боломжтой байсан ч жүжигчин Ариунцэцэг эцсийн мөчид Хишигдалайд саналаа өгчихсөн. Үүнийг хөндлөнгөөс харахад оролцогчдын хувьд жендер талаасаа хоорондоо жаахан таарамж муутай байгаа юм болов уу гэж харагдсан?

-Зуун хувь төгс хүн гэж хаана ч байхгүй. Би ч тийм төгс хүн биш. Урлагийн хүмүүс их сэтгэл хөдлөлтэй байдаг. Надад Ариука (Ариунцэцэг), Далай (Хишигдалай) хоёр ийм байсан, тийм байсан гэх шаардлага байхгүй. Тухайн үеийн эмоциороо л болсон хэрэг шүү дээ. Шинэ үеийн шилдэг уран бүтээлчдэдээ цаашдаа улам илүү хичээгээрэй гэж хэлмээр байна. Мундаг дуучин, мундаг жүжигчин шүү дээ. Надад одоо ч зөвлөж бид сайхан найз нөхөд хэвээрээ байгаа. Тэр хоёртоо амжилт хүсье.

-Та Солонгост олон жил болсон болохоор шоуны үеэр солонгос маягаар мэндчилэх, ёслох зэрэг байдал харагдаад байгаа?

-Солонгост ганц л насаар ах, эгч бол заавал хүндэтгэж харилцах ёстой байдаг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Ялангуяа урлагийнхан ах захын ёсыг чанд сахидаг. Нэг ёсондоо хүндлэл юм л даа. Тэр хүн чамаас өмнө урлагт хөл тавьж олонд танигдсан бол чи заавал хүндлэх ёстой. Энэ утгаараа тэр хийж байгаа хөдөлгөөн, ёсолгоог минь зөвөөр ойлгоорой (инээв).

-Таны хувьд “Яг түүн шиг” шоуны сэтгэл татам оролцогч. Тэр утгаараа бүсгүйчүүд таны шүтэн бишрэг-чид болж байна. Таны ганц бие, найз бүсгүйгүй байгаа нь зарим бүсгүйчүүдэд найдвар төрүүлж байж болзошгүй л дээ?

-(Инээв) Намайг дэмжиж намайг сайхнаар харж байгаад үнэхээр баяртай байна. Охид бүсгүйчүүддээ бүгдэд нь хайртай шүү. Бас хүүхдүүд надад маш сайхнаар, хүндэтгэлтэйгээр хандаж байгаа нь ямар азтай хэрэг вэ, тийм ээ. Одоохондоо гэр бүл зохиох бодолгүй байгаа. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөх болно. Яваандаа болох байх шүү. Ямар ч байсан ойрын төлөвлөгөөнд гэр бүлтэй болох төлөвлөгөө байхгүй байгаа. Яарахгүй байгаа шүү.

С.Гантогоо зурган илэрцүүд-Монгол, солонгос бүсгүйчүүдийн хооронд ялгаа их байдаг байх. Та эр хүний нүдээр харьцуулж үзэж л байсан байлгүй?

-Монголын охид бүсгүйчүүд хамгийн сайхан, үзэсгэлэнтэй байдаг гэдгийг хэлмээр байна. Ээж минь Солонгост очоод гудмаар нь баахан явж зугаалж ирээд “Өнөө кинон дээр гараад байдаг царайлаг хүмүүс нь хаана байна аа” гэж асуусан шүү. Гэтэл Монголынхоо гудмаар хэд алхаад л хөөрхөн охид, царайлаг залуучуудтай дайралдаж байна даг.

-Та Солонгост шүтэн бишрэгч олонтой юу?

-Яг үнэндээ энэ шоунд орохоос өмнө Солонгост л илүү хүмүүс таньдаг байсан, намайг. Одоо харин монголчууддаа, Монголдоо бага багаар танигдаж байгаадаа баяртай байна.

-Ирээдүйд эх орондоо суурин суух уу, эсвэл Солонгост уран бүтээлээ урьдын адил туурвисаар байх уу?

-Ирэн очин байх болов уу. Солонгост ажиллаж амьдардаг Монгол уран бүтээлч гэх статусыг хэвээр байлгамаар байна. Чадна ч гэж бодож байгаа.

-Та Хөвсгөл аймгийнх байх аа. Бага насныхаа тухай сайхан дурсамжаас яривал сонирхолтой байх?

-Тийм ээ, би Хөвсгөлийнх гэж явдаг. Аав минь хилийн цэргийн хүн байсан болохоор би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Хүүхэд нас минь сайхан өнгөрсөн шүү. Аав минь цэргийн хүн, ээж минь багш. Би дандаа л амандаа дуу аялаастай хүүхэд байлаа. Ээж минь харин намайг “Дэмий гонгиноод хэцүү юм” гэдэг байж билээ (инээв).

-Хүмүүс Солонгост очоод ажил хийж мөнгө олоод ирнэ гэж явдаг. Анх та ч тийм зорилготой явж байсан байх. Гэтэл та тэнд очоод олны танил эрхэм болчихож?

-Мөрөөдөл биелсэн шүү. Гэхдээ энд хүрэх гэж асар олон саад бэрхшээлийг туулсан. Маш их хичээсэн, бас тэвчсэн дээ. Гол нь хүсэл мөрөөдөлдөө үнэнч тууштай л зүтгэсээр байсан. Хүнд, хэцүү үйлдвэрт ажилладаг энгийн нэг залуу алдарт “Оддын хаан” шоу нэвтрүүлгийн тайзнаа Солонгосын алдартнуудтай хамт зогсоно гээд бодоод үзээрэй. Гэтэл одоо Монголд болж буй дэлхийн хэмжээний шоунд Монголынхоо алдартнуудтай цуг оролцож байна. Энэ бүхэн асар их хүсэл тэмүүлэл, асар их хүчин чармайлтын үр дүн юм шүү.

-Таныг ингэж амжилтад хүрч, бусдын сэтгэлийг татаж чаддаг болоход ямар зан чанар тань нөлөөлсөн гэж боддог вэ. Мэдээж эцэг эхээсээ өвлөсөн зан араншин, хүмүүжил нөлөөлсөн нь тодорхой байх?

-Аавын минь ажил хэрэгч зан, бас ээжийн минь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг зан надад асар нөлөөлсөн. Гэхдээ өөрийн зөв үзэл бодол, өөрийн гэсэн хөгжил маш чухал байдаг. Өөрийгөө байнга хөгжүүлж байнга сорьж үргэлж сайхан зүйлийг бодож, гэр бүл, найз нөхдөө хайрлаж байх хэрэгтэй. Асуудал тулгарвал бурууг бусдаас бус өөрөөсөө хайж сурах хэрэгтэй. Өөдрөг байх хэрэгтэй. Санаа зовоод юу ч өөрчлөгддөггүйг би мэднэ.

С.Гантогоо зурган илэрцүүд-Эх орноо хайрлах, эх орноо санахын жаргал, зовлонг харьд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгтнүүд маань илүү мэдэрдэг гэдэг. Та эх орноо маш ихээр санаж бушуухан шиг очъё гэсэн бодол төрж байсан үе бий байлгүй дээ?

-Мэдээж шүү дээ. Эх орон, элгэн садан минь бүгд л Монголд минь байгаа болохоор сэтгэл хоргодож санадаг шүү дээ. Тийм үе олон байсан.

-Монголчуудын хувьд “Яг түүн шиг” гэдэг энэ шоугаар Гантогоо гэдэг монгол залуу Солонгост дуулж, урлаг уран сайхнаар явдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ өмнө нь та Солонгосын “Оддын хаан” шоугаар монголчуудад харагдсан байх шүү?

-Үйлдвэрт ажиллаж байгаад Олон үндэстний дуулаачдын МОНТАНТ байгууллагад ажиллах гайхалтай үүд хаалга нээгдэж, гэрээний визнээс урлагийн виз авсан анхны тохиолдол болж билээ. Энэ байгууллагад ажиллаж улмаар “Оддын хаан” хэмээх алдарт нэвтрүүлэгт орж ёстой л мөрөөдөл биелж гайхалтай санагдаж байсан даа. Угаас Азидаа алдартай нэвтрүүлэг учир монголчууд маань маш ихээр сонирхон намайг дэмжсэнд баяртай явдаг.

-Та эмэгтэй дуучдын дуу хоолойг адилхан гаргахаас гадна гадаад талаас нь ч мундаг дуурайж байна шүү?

-Оногдсон дүрээ хүмүүст хүргэхийн тулд маш ихээр хичээн хөдөлмөрлөж байна. Ялангуяа эмэгтэй дүр бүтээх үнэхээр хэцүү байсан. Хэцүү байна гэж хойш суулгүй чадна, бүтээнэ гэж л өөрийгөө зоригжуулж байгаа. Мэдээж гэр бүлийнхэн маань сэтгэл зүрхээрээ дэмжиж бас нэвтрүүлгийн арын албаныхан, нүүр будагчид, маск хийж байгаа орос мэргэжилтнүүд, хувцасны дизайнерууд, тайзныхан, найруулагчид маань маш их тусалж байгаа.

-“Надад тэр л таарчихаасай” гэж бодож байгаа дуучин байна уу?

-Солонгос дуучин таараасай гэж бодож байсан шүү, анхандаа. Гэхдээ эсрэгээрээ надад хүнд сонголт таарсанд олзуурхаж байна. Өөрийгөө нээ, ийм зүйлийг би чаддаг юм байна гэдгээ мэдэж авч байна.

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхдүүд гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ихэсч байна

Өнгөрсөн онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүчирхийлэлд өртсөн 69 хүүхэд хандсанаас 1520 хувь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд байна.Ер нь сүүлийн үед өсвөр болоод бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэд дарга П.Золзаяатай ярилцлаа.


-Танайд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хэр ханддаг вэ?

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ирж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь ээжийгээ дагаж ирж байгаа хүчирхийллийн гэрч, хохирогч хүүхдүүд байна. Хүчирхийлэлд өртөж аюулгүй байдал нь алдагдсан хүүхдүүд ирж үйлчилгээнд хамрагддаг.Манай төвөөс эрсдлийн түвшин өндөр хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд хамгаалах байранд 7-90 хоног хүртэл хугацаагаар байлгах хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд 69 хүүхэд хүчирхийлэлд өртсөнөө өөрсдөө ирж хэлсэн байдаг.

-Ялангуяа сүүлийн үед бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх болсон гэх юм. Энэ талаар бодитой тоон мэдээлэл байна уу?

-Өнгөрсөн жил манайд хандсан 69 хүүхдийн 15-20 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд. Дийлэнх нь бага насны охид байна.

-Хүчирхийлэл хаана үйлдэгдээд байна. 12 наснаас доош насныхныг бага насны хүүхэд гэдэг биз дээ. Бэлгийн бойжилт ч бүрэн явагдаагүй, бараг цэцэрлэгийн насны хүүхдүүд хаана хүчирхийлэлд өртөөд байна гэдэг нь их анхаарал татаж байна?

-Хүчирхийлэл ихэвчлэн гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг. Ялангуяа бага насны охид гэр бүлийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Өсвөр насныхан ч мөн адил. Манайд хандаж буй охидын дийлэнх нь далд хэлбэрийн хүчирхийлэлд удаан хугацаагаар, даамжирсан байдалтай өртсөн байдаг. Хүчирхийлэгч нь хэн бэ гээд үзэхээр төрсөн эцэг, хойд эцэг, аавынх нь дүү, хамаатан садан ч юм уу, ураг төрлийнхөн нь байдаг. Хүүхэд гудамж талбайд хүчирхийлэлд өртлөө гэхэд яаралтай цагдаа дуудаад гэм буруутныг олоод хариуцлага тооцож арга хэмжээ авч болдог. Тэгвэл гэр бүл, ураг төрлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагддаг учраас охид ихэвчлэн урт хугацаагаар буюу олон жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх нь их. 2013 онд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 12 настай охиныг бид анхааралдаа аваад судлаад үзэхэд охины өргөж авсан аав дөрвөн настайгаас нь бэлгийн элдэв дарамтад оруулж, улмаар найман жилийн турш хүчирхийлж ирсэн нь тогтоогдсон. Охин найзтайгаа тоглох явцдаа энэ тухайгаа хэлсэн бөгөөд найзынх нь ээж манай төвд хандсан байдаг.

-Бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг хүчирхийлэгчид олзолж байна уу. Яагаад заавал бага насны хүүхдийг гэж?

-Тэгэхээр хүүхэд насны онцлогоос шалтгаалаад юуг буруу, юуг зөв гэдгээ мэдэхгүй.Эцэг нь ингэж хайрлах нь зөв ч юм уу гэдгийг ойлгохгүй байх нь элбэг. Дээрх охинтой ярилцах тохиолдолд “Аав хүн хүүхдээ ингэж хайрладаг юм байх гэж бодсон. Миний доор нэг эмэгтэй дүү байгаа.Тэрийг минь яасан бол” гэж хэлсэн байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүд томчууд хамгаалдаг гэж бодохоос биш яаж хамгаалах, хайрлах ёстой талаар сайн мэдэхгүй учраас хүчирхийлэгч үүнийг ашиглан эрхшээлдээ оруулж улмаар “Ээждээ хэлбэл ална” зэрэг сэтгэл санааны дарамтад оруулдаг. Хүүхэд энэ дарамт, шахалтаас болж хэнд ч хэлэхгүй урт хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байдаг. Илрэхгүй байгаа өөр нэг шалтгаан бий.

-Ямар шалтгаан байна?

-Хүчирхийлүүлэгч өөрийгөө гэм буруутай мэтээр хүлээж авснаар би хүнд хэлбэл намайг загнана, найзууд шоолно гэж сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсноос болж нуун дарагдуулах тохиолдол бас багагүй хувийг эзэлдэг. Хүчирхийлэлд өртсөнөө хэн нэгэнд хэлж чадахгүй явсаар байгаад жирэмсэн болчихсон 13, 14 настай хүүхдүүд ч их ирдэг. “Одоо би яах вэ”, “Миний охин ийм байдалд хүрчихлээ, туслаач” гэж хандах тохиолдол цөөнгүй бий. Хүүхдэд порно кино үзүүлэх, нууц газар нь хүрэх, хүсээгүй газар нь хүрэх, янз бүрийн үг хэлээр харьцах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүд байна л даа. Хүчирхийлэгч бага насных гэлтгүй хүүхдийг хүчиндэж байгаа нь хамгийн эмгэнэл. Ер нь ажиглаад байхад эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдийнхээ үгийг сонсдоггүй, тоодоггүй, ярилцдаггүй байдлаас болж хүүхэд ийм байдалд ордог. Хоёрдугаарт, шөнийн ээлжинд ээж нь ажилладаг хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь их.

Ээжийг нь байх үед хүүхдийг халамжилж анхаарал тавьж, инээж хөхрөөд л дүр эсгэж ажилдаа явангуут нь хүчирхийлдэг байх жишээтэй. Ерөөсөө л хүчирхийлэгч бидний дунд, тэр гэр бүлд л байна гэдгийг хатуу ойлгох ёстой. Ээжүүд охидтойгоо ярилцаж, аль болох ойр дотно харилцаатай байх чухал. Хүчирхийлэгч эцэг, хойд эцэг, хамаатан садны эрэгтэй хүмүүс таны хажууд инээгээд сууж байна шүү дээ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ гадуур явахдаа гудамж талбайд хүмүүсээс болгоомжтой яваарай гэж захидаг. Үүнд л гол анхаарлаа хандуулаад байдаг. Буруу биш л дээ. Мэдээж сэрэмжлүүлэх нь зүйтэй. Гудамж талбайд танихгүй хүнд хүчиндүүлсэн тохиолдол ихэнхдээ ганц удаа байдаг бол гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хүчирхийлэл хэдэн жилийн турш үйлдэгдсэн байдгаараа хамгийн аюултай.

-Хүчирхийлэлд өртсөн охидод ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг, эх анзаарахгүй л байгаа болохоос биш зан ааш, сэтгэл санааны хувьд өөрчлөлт орж л байгаа шүү дээ?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл санааны хувьд цочролд орчихсон байдаг. Хамаатан садныдаа очих дургүй, найз нөхөдтэйгөө тоглохоо болих, эрэгтэй хүнийг хараад айх, цочих зэрэг янз бүрийн зан авир ажиглагддаг. Эсвэл бүр эрэгтэй хүнтэй илүү нээлттэй ярилцах хандлага ажиглагдаж болно. Бие махбодийн хувьд хумсны сорви, энд тэнд хөхөрсөн сорви байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Магадгүй хүчирхийлэлд өртсөн гэдгийг эмчийн үзлэгт оруулахаас нааш мэдэх боломжгүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж байх хэрэгтэй. Хүүхдийг хэзээ ч буруутгаж болохгүй. Олон нийтийн дунд “Энэ өөрөө эрэгтэй хүнд их хандлагатай, өөрөө л дуртай юм чинь” гэсэн буруу хандлага байдаг. Тухайн хүүхэд сайн муу зүйлийг ялгахгүй. Хорвоотой л танилцаж яваа хүүхэд гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Загнахаа урьтал болголгүй зан байдал өөрчлөгдөөд ирвэл цаад шалтгааныг олж мэдэхийг хичээх нь зүйтэй. Хэрвээ ямар нэг хүчирхийллийн мэдээлэл байвал яаралтай холбогдох байгууллагуудад мэдээлэх хэрэгтэй.

-Танайхаас хүүхдийг шаардлагатай тохиолдолд гурван сар хамгаалах байранд байлгадаг гэсэн. Гэвч эргээд хүүхэд хүчирхийллийн орчиндоо буцдаг. Хүчирхийлэл дахин давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй биз дээ?

-Гол асуудал энэ. Бидний зүгээс хэсэг хугацаанд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл санааг засах, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх зэрэг арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллагаас шалгаж хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол тухайн хүчирхийлэгч этгээдэд зохих арга хэмжээг авдаг. Харин хүүхэд хэсэг хугацааны дараа гэртээ эргэж очно. Энэ тохиолдолд эргээд хүчирхийлэлд өртөхгүй гэсэн зүйл баталгаа байхгүй. Ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн бол хамаатан садан нь чи худлаа ярилаа, тэглээ ингэлээ гэж дарамталдаг. Хүүхдийг сэтгэл зүйн хувьд илүү дарамтад оруулж болох. Хамгийн гол нь манайд хандсан хүүхдүүд, түүний эцэг, эх дараагийн удаа хэнд хаана хандахаа маш сайн мэдэж, мэдээлэлтэй болдог. Эцэг, эхчүүд хүүхдээ ямар нэг хүчирхийлэлд орсон бол үг, үйлдлээрээ яаж хэлж илэрхийлэх вэ гэдгийг сайн зааж, ярилцах хэрэгтэй.тэгж байж хүүхэд өөрийгөө дараагийн эрсдлээс сэргийлж чадна.

-“Чи яагаад хүнд хэлэв”, “Дахиад хэлээд үзээрэй” гэдэг ч юм уу хүүхдэд ирэх дарамт эрс нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эцэстээ хавчигдмал байдлаасаа болоод магадгүй амиа хорлох шалтгаан болдог ч байж мэдэх юм. Тийм үү?

-Одоогоор манайд хандсан хүүхдүүдээс ийм байдалд орж амиа хорлосон зүйл байхгүй ч үгүйсгэх аргагүй. Өсвөр насныхан амиа хорлох байдал ихэссэн. Үүний цаад шалтгаан нь хүчирхийлэлд өртсөн байж болох шүү дээ.

Хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй юм байна, би буруутай юм байна гэж сэтгэлзүйн гүн хямралд орсон байх магадлалтай.

Тэгэхээр эцэг, эхчүүд хараа хяналтаа л сайжруулах хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Хүчирхийлэл гэр хороололд, нийгмийн эмзэг давхарга буюу ажилгүй, орлогогүй айл өрхөд үйлдэгддэг гэсэн ойлголт нийгэмд бий. Энэ бол буруу ойлголт. Хүчирхийлэл хаана ч үйлдэгдэж болно. Орон сууцанд дөрвөн хананы дунд юу болж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Хүчирхийлэгчдийг баян, ядуу гэж ялгах боломжгүй. Хэн ч байж болно. Тиймээс дүүрэг, хорооны цагдаа, нийгмийн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцаа холбоо маш чухал байна гэв.

ХҮЧИРХИЙЛЭГЧИД ОНОО ХЯЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРЭЭС ХАМААРААД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ

Хуулиараа бол 14-өөс доош насны хүүхдийг бага насны хүүхдүүд гэж үздэг байна. Тэгвэл сүүлийн үед 4-7 насны хүүхдүүд гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихсэх хандлагатай байгааг мэргэжлийнхэн онцолж байна.

Тухайн хүчирхийлэгчийн үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, холбогдох байгууллагууд шалгалт явуулж тухайн хүчирхийлэгчид ял оноодог байна. Хүчирхийллийг нэг удаа юу, олон удаа юу, хохирогчид бие махбодийн ямар хохирол учирсан, бэлгийн замын өвчин туссан эсэх, жирэмсэлсэн эсэхээс хамаарч хүчирхийлэгчид оноох ялын хэмжээ тав, арван жил гээд харилцан ялгаагүй. Учир нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх нь онц хүнд гэмт хэрэгт хамаарагдах юм байна. Хамгийн гол нь хаана, хэн хүчирхийлэлд өртөж буй нь нуугдмал байгаа нь тулгамдаж буй асуудал юм.

Хэрвээ та хэн нэгнийг хүчирхийлэлд өртсөн болохыг мэдсэн л бол хүүхдийн 108, цагдаагийн 102 дугаарын утсанд хандах хэрэгтэй. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаарай.Хэрвээ мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг санах хэрэгтэй гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Ч.Одончимэг хэлж байна.

ГУДАМЖНААС ИЛҮҮ ХАМААТНЫДАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР ГЭВ

Түүнчлэн нэг зүйлийг сануулахад удахгүй ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ зуслан болон хөдөө орон нутаг руу хамаатан садных руугаа явуулдаг. Гэтэл хамаатан садныдаа очоод бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр гэнэ. Ийм тохиолдол ч багагүй гарсан гэдгийг албаныхан хэлж байна. Хүчирхийлэл сургуулийн орчинд, зусланд, гудамжинд үйлдэгддэг гэсэн ойлголт нийгэмд байдаг хэдий ч хамгийн эрсдэлтэй нь гэр бүл, ураг төрлийн орчин гэдгийг анхааруулж байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ хот-чиний хот

-НЭГДҮГЭЭР КУРСИЙН ОЮУТАН ДҮҮД БИЧСЭН ЭСЭЭ-

Чи энэ өгүүллийг уншиж байгаа бол хотод нэгэнт ирчээ. Иймээс баяр хүргэе!

Эргэн тойрноосоо бишүүрхэж, хүмүүс чамайг онцлон хараад, зарим нь шоолоод ч байх шиг сэтгэгдэл төрж эхэлсэн үү, тэгдэг юм аа.

Бас заримдаа тэр нь гадуурхал ч юм шиг санагдан, тэгэх тусам нь шаралхмаар, улам ч хөдөө араншин гаргаж эсэргүүцмээр байна уу, тийм ч бодол төрдөг юм аа.

Үнэн хэрэгтээ, хэн ч чамайг гадуурхаагүй. Хэзээ нэгэн цагт өөрөө, эсвэл аав нь, үгүйдээ өвөө нь дээлэндээ түүртэн хотын гудамжаар алхаж, эргэн тойрноо гайхан бишүүрхэн ажиж явсан л байгаа.

Улаанбаатар бол нүүдэлчдийн байгуулсан хот. Ердөө л өчигдөрхөн малаа хариулж явсан хүмүүс энд ирцгээж, улс орноо өрнөдийн жишгээр хөгжүүлэх эрмэлзэл, хүслээр үйлдвэр, орон сууц барьж эхэлсэн билээ. Ийм учраас хамгийн их хотожсон айлын гэр бүлийн альбомд хүртэл дээл өмссөн өвөө, эмээгийн зураг нь хүндтэй байр эзэлдэг. Өөрийгөө хотын унаган хүүхэд гэж бахархдаг залууст зун нь очиж амрах хөдөөний хамаатан садан заавал байдаг.

Ийм болохоор чи хотынхны дүү нь, үгүйдээ л холын хамаатан нь байгаа.

Гэхдээ хот өөрийн дүрэмтэй, энэ дүрэм нь эцсийн дүндээ чамайг өөрийгөө хүндлэх урлагт сургахын төлөө л юм. Уудам цэлгэр хээр талд, уулын гацаа сууринд гэр бүл, нутаг усны ах дүүстэйгээ амьдран суух нэг өөр. Тэнд чамайг баясгах гэж цэцэг ногоо алаглаж, чиний дуу хоолойг чагнахын төлөө байгаль дэлхий дуугаа хураан анирлах мэт. Хайртай дотно хүмүүс, нэг дор ижилдэн амьдарсан нутаг нугынхан бие биеийнхээ араншинд хүртэл уусч, дассан байдаг. Манайхны “Зан зангаа авалцсан” гэдэг хэллэг нь хэн хэнийхээ онцлог араншинд дасч, хүлээн зөвшөөрөх болсоон гэсэн л үг. Чиний дураараа хашгиран дуулахыг, хажуу айлын ахын хааяа агсам тавихад бүгд дасан зохицсон гэсэн үг.

Харин огт танихгүй хүн танай гадаа шөнөжин дуулаад, бэргэн эгчид чинь агсам тавивал бүгд дургүйцнэ. Хотын соёл гэдэг үүнтэй жаахан төстэй. Өдөржингөө ажиллаж ядарчихаад дуг хийх гэтэл толгой дээр чинь танихгүй хүн дуулаад бархираад эхэлбэл хотонд чоно орсноос дутахгүй цочоож, залхаана биз дээ. Яг үүн шигээр, чи ч гэсэн хүний толгой дээр бас бархирч сандааж болохгүй. Нийтийн амгалан байдал гэж энийг л хэлдэг.

Малчин хүний морио аргамждаг, үхрээ туудаг зам дээр саахалтын хүн ирж хүндээр бие засчихаад байвал уур хүрнэ дээ. Яг түүн шиг олон нийтийн газар ариун цэврийг сахих нь нийтийн сайн сайхны утгатай. Хотын соёл гэж ярьдаг зүйл бол бие биеэ танихгүй сая сая хүн, хамаатан садан, танил талын ямар ч холбоогүй мянга мянган өрх нийлээд нэгэн хот айл болж амьдрах урлагийг хэлж байгаа хэрэг. Чи сая сая танихгүй хүнийг, танайх мянга мянган үл таних айл хөршийг хүндэлнэ гэсэн утга. Хариуд нь тэр сая сая хүн, мянга түмэн айлаас өөрийгөө болон гэр бүлээ хүндлэхийг шаардана гэсэн санаа.

Хотынхныг хажуу айлаа таньдаггүй гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ муу зүйл огт биш ээ. Огт танихгүй хүмүүс, заавал танилцах албагүйгээр айл аймаг явж болоод, ямар ч хэрүүл уруул, маргаан гарахгүй байна гэдэг хүний нийгмийн томхон дэвшил шүү. Гэтэл хөдөө нутагт санаа нийлдэг, эсвэл яалт ч үгүй ах дүү хамаатан саднаараа л айлсдаг шүү дээ.

Хотын соёлд суралцах нь нэг талаасаа амаргүй. Анхны хотшилын дараагаар 1959 онд орон даяар “Соёлын довтолгоо” хэмээх хагас албадлагын кампанит ажил зохиосон юм. Төрийн хатуу хяналт, шалгалт дор явуулсан энэ аяны үрээр монголчууд долоо хоног бүр усанд орж, үсээ засуулж, хумсаа авахуулж, шүдээ оо сойзны тусламжтай цэвэрлэж сурсан юм. Ариун цэврийн байцаагч нар хүнийг дуртай газраа саатуулан хувцсыг нь тайчуулж, усанд орсон, дотоож хэрэглэж заншсан болон элдэв паразит үржсэн эсэхийг шалгах эрх үүрэгтэй байсан.

Харин өнөөгийн нийгэмд иймэрхүү албадлага хэрэглэх боломжгүй бөгөөд тэртэй тэргүй нөмрөн ирж байгаа соёлын давалгаа ба хувь хүний санаачилгад найдах нь илүү болсон байна. Гэхдээ хувь хүний сайн явах санаачилга, эрмэлзэл их чухал. Энэ санаачилга, эрмэлзэл байхгүй хүнийг нийгэм гадуурхдаг. Жишээлэхэд, чи хотын соёлд түргэн нэвтрэхийг эрмэлзэхгүй бол бусдадаа дорхноо гадуурхагдаж эхэлнэ. Үе тэнгийнхэн чинь чамтай хоорондын нандин нууцсаа хуваалцахыг хүсэхгүй ба өөрийгөө шинэчлэхийг хүсэхгүй амьтан хэмээн нүд үзүүрлэнэ.

Уул нь, чамайг бусдаас зааглаж байгаа тэр “соёлын хил” маш нарийхан. Учир нь тэд чамаас жаахан л түрүүлсэн болохоос биш мөн л хотшиж яваа л үеийнхэн. Магадгүй, чи дорхноо гүйцэж түрүүлээд тэдэнд үлгэрлэхийг хэн байг гэх билээ. Манай төрийн тэргүүн Ховдод төрж өссөн, Ерөнхий сайд Сэлэнгэ нутгийн уугуул, Хотын дарга маань Төв аймгийн Сэргэлэн сумын хүү…гэх мэт. Бидэнд арай түрүүлж хотод ирсэн, хотын соёлд арай эртээс, арай илүү нэвтэрсэн ялгаа л байгаа. Тийм болохоор чи энд харийн хүн огт биш. Энэ чамайг хүлээж байсан хот, чинийх болж байгаа хот.

Улаанбаатар бол нүүж ирж дуусаагүй хот. Жинхэнэ хотшилын түүх нь 1959 оноос эхэлдэг. Түүнээс өмнө ирэн буцан байдаг улсын түр буух газар л байсан юм. Төрийн ажил албыг хүрээнд түр хаах, арилжаа наймаа хийх гэж л гэсэн явуулын улс л бууж морддог гэсэн үг. Харин 1959 онд бүх малыг нийгэмчилсний дараагаар өмчгүй болсон мянга мянган малчин шинэхэн хотод үүрд амьдрахаар ирцгээсэн байдаг. Тэр нүүдэл 1990 оноос хойш дахин эрчимжсэн юм. Учир нь 1960-аад оноос 1990 оныг хүртэл хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж, маш хатуу журам дүрмээр хаалт хориг тавьсан байлаа. Ингээд өнөөг хүртэл Улаанбаатарыг голлон чиглэсэн их нүүдэл нүүгэлтэн хөвөрсөөр байнам.

Эрдэм боловсрол, аж амьдралын мөр хөөн хотод ирж байгаа сүүлчийн хүн ч чи биш. Хотын амьдрал, соёлд нэг л мэдэхэд умбан дасаад, цаашдаа эндээ үлдэн амьдрах хүсэл оволзох цаг өнөө маргаашгүй гэдэгтэй мөрийцсөн ч болно. Тэгээд төрж өссөн нутаг орондоо зочны ёсоор айлчилж, гол усныхандаа “Хотын хүн ирсэн гэнэ” хэмээн яригдах цаг ч айсуй байх.

Ингээд хотших, нийслэлийн хүн, Улаанбаатарын иргэн болох их аянд амжилт хүсч байна.

2016 оны 09 сарын 1

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлнэ

СЕХ-нд бүртгүүлнэ зурган илэрцүүд

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийн материалаа хүргүүлнэ. Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболд 09:50 цагт бүртгүүлэх бол 11:30 цагт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр бүтргүүлнэ. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12:30 цагт бүртгүүлэх юм банйа. Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт Б.Цэнддоогийн “Олон Чингэс” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Олон Чингэс” нийтлэл 3-р нүүрт хэвлэгджээ.

Тэрээр нийтлэлдээ “Тэнгэр шүтэх бөө мөргөлт монголчуудын оюун санааны удирдагч нь бөө нар байв. Голлох бөө нар залуу Тэмүүжинг эхнээсээ дэмжин “Тэмүүжин улсын эзэн болох тухай зөнг тэнгэр надад хэллээ” гэхчилэнгийн пиар хийж байлаа…” хэмээн нийтлэлдээ бичжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Дуучид, бөхчүүд нь байна уу, УИХ-ын гишүүд нь ч байна уу, төр гэсэн нэрийн дор шахаа, гэрээ хийдэг байсан нь үнэн” ярилцлага нийтлэгдлээ

Соёл урлагийн буланд УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатартай хийсэн “Хязгааргүй орон зай” цэнгүүндээ “Надаар тоглосон хайр” жүжгийн хэсгээсээ тоглоно” ярилцлага нийтлэгдлээ.

Тариалалт ид эхэлж байгаа энэ үед манай сонины сурвалжлагч “Тариалалтын ажил эхэлсэн Тал булгийн хөндий” нэртэй сурвалжлагыг газар дээрээс нь бэлтгэжээ.

Нийслэлийн тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн сурагчид хичээл хаялт зарлаж, өөрсдийн эрх ашгийг хамгаалахыг хүсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан билээ. Энэ талаар хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл Н.Дэлгэрмаатай хийсэн тодруулга ярилцлагыг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Мэргэжлийн бус багш нар цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй үйл ажиллагаа эрхэлж байсан талаарх сэтгэл сэрдхийлгэм тоо баримтыг та эндээс унших боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.

Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.

Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.

Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна

Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.

Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.

Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.

Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзлээ.

Богино хугацаанд зээлийн төлбөрийн эрсдэл бий болж, санхүүгийн салбарт болон Хөгжлийн банкны багцад байгаа зээлүүдийн эргэн төлөлтөд энэ хэмжээгээр эрсдэл үүсэх магадлал бий болоод байна. Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.

Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.

Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.

20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна.

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх юм.

Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна

“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.

Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.

Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо. Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.

Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.

2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.

БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлнэ

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв.

Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.

Товч мэдээ

– Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.

– Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна.

– Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Ажлын хэсэг хуралдаанаараа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараахь саналуудыг тусгахаар оруулж иржээ. Тухайлбал:

-төсөлд залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулахаар мөн 18-27 насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болохоор тусгах;

-залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулга, хөтөлбөрт тусгах, түүнийг зохицуулах журмыг Засгийн газар тогтоох;

-цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг дэмжин оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;

-оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлэх;

-гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирж ажиллахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх;

-хувийн хэвшлийн байгууллага нь /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргахаар тусгах;

-сайн дурын ажил болон цэргийн албанд хамрагдаж төрийн албанд орох сонгон шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцохоор хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.