Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

дүүрэгт цахилгаан түр хязгаарлана зурган илэрцүүд

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.

Баянзүрх дүүрэг

  • 10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Методист төв, Зостын шовгор, Эм Си импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Цэргийн 1-3-р гудамж, 084, 065-р ЦА, Банкны өр барагдуулах газар болон эдгээрийн ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

  • 11:00-18:00 цагт: 1-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, 19-р байр, Зүч зочид буудал, Жетро сүпер маркет болон эдгээрийн ойр орчмоор,
  • 11.00-21.00 цагт: 14-р хороо Терра сатори, Хишиг арвин, Дювилла, Газрын тос, Монголия Вояаж, Ди Си Би, РЭС зуурмаг, Тахианы ферм болон эдгээрийн ойр орчмоор,
  • 11:30-18:00 цагт: 2, 9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургуулиуд, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком корпрациуд, УСУГ, БУ, Тайнь, Бурхант, Хивсний гудамж болон эдгээрийн ойр орчмоор,
  • 11:00-17:00 цагт: 10, 12-р хороо МИАТ-ын сувилал, Газрын тосны газрын зуслан, ТТХГ-ын зуслан, Буга, Цагаан шонхор, Эрхэт сүлд, Сандей, Морин нуур, Жаргалан эко хотхон, Амьтан хамгаалах сан болон Жаргалантын амны зарим хэсгээр.
Categories
мэдээ спорт

Өнөөдөр С.Батцэцэг, Г.Уртнасан нар барилдана

С.Батцэцэг, Г.Уртнасан зурган илэрцүүдЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-наас 14-нд Энэтхэгийн нийслэл Делид болж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглоно.

Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна. Өнөөдөр сонгомол болон эмэгтэйчүүдийн барилдаан Улаанбаатарын цагаар 12.30 минутад эхэлнэ. Эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 75 кг-ын жинд спортын мастер Г.Уртнасан нар өнөөдөр зодоглоно.

Categories
мэдээ улс-төр

Хөрс, усны бохирдлыг бууруулахад анхаарахыг хүслээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Сандбэрг, бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Жонатан Брүүкс тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хүргүүлсэн төсөл хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг хүлээн авч хэлэлцээд, зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг дараагийн шатанд нарийвчлан судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах шийдвэр гаргасан байна.

Дээрх шийдвэртэй холбогдуулан “Компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд хэлэлцээрийн гэрээлэх үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ус хангамжийн дэд бүтцийн хөтөлбөр тусгагджээ. Тухайлбал:

  • Газрын доорх усны эх үүсвэрээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх,
  • Цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах,
  • Улаанбаатар хотын ус ханамжийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулах зэрэг ажилд чиглэгдэх юм.

Мөн энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын зүгээс Улаанбаатар хотын гэр хорооллын хөрс, усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнд төслийн зарим хэсгийг чиглүүлэх нь зүйтэй гэдэг саналыг БОАЖ-ын яамны зүгээс өгсөн ч тусгагдаагүй байгаа талаар лавлахад Мянганы сорилтын корпорацийн зүгээс холбогдох тайлбарыг өгч байлаа. Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Америк, Монгол хоёр орны харилцаа улам өргөжин тэлж, тэр дундаа байгаль орчны салбарт маш үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлон хэлээд, цаашдаа Улаанбаатар хотын гэр хорооллын хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Монголын хууль хяналтын байгууллага төрийн хяналтын дээр гарвал яах вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

-УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг шүүхэд өгч болдоггүй юм. Байдал ийм байсаар байтал захиалагч шүүгч нар нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байна. Дээд шүүхийн чин Захиргааны хэлтсийн танхимын шүүгч нь ХХБ-нд ажиллаж байсан Батсуурь гэж хүн бий. Гэрлийн хурдаар Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч болсон. УИХ, Засгийн газрын шийдвэрийг замд нь алан хядах ажиллагаа явуулаад байвал шүүх байгаад хэрэггүй. Д.Дамба-Очир гишүүн Эрдэнэтийн үйлдвэрийг хэлэлцэхийг хэлсний төлөө хэвлэлээр доромжлуулж байна.

Дээр нь Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж өгөөч. УИХ-ын дарга чиглэл өгөөд сар болсон ч дэд хорооны гишүүд хуралдахгүй зугатаад байна. Ингээд байвал яаж явах вэ? Монголын хууль хяналтын байгууллага төрийн хяналтын дээр гарах юм бол яах вэ? Хүний эрхийн дэд хорооны дарга аймхай нөхөр зугатаад яваад байх юм. Буруу тийшээ хараад хүний эрх яриад суугаад байна хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Эрдэнэт үйлдвэрийн асуудал өнөөдөр шүүхийн шийдвэр дээр гацсан. Үйлдвэрийн ажиллагаа хэвийн бус байна. УИХ-ын тогтоолын шийдвэрийг хэрэгжүүлээч гэж шаардсаныхаа төлөө би хэвлэл мэдээллээр элдэв янзаар цоллуулж байна. Элдвээр доромжлуулж байна. Энэ хэрэгжилтийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанд оруулах боломжгүй. Цаашдаа хэлэлцэж байгаад оруулах шаардлагатай гэвэл оруулъя” гэлээ.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ хянан хэлэлцсэн байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас нэр дэвшигч СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэн өгнө. МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлэн хүлээлгэж өглөө.

Өнөөдөр 11.30 цагт МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бичиг баримтаа хүлээлгэж өгөх бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12.30 цагт бүртгүүлнэ.

СЕХ нэр дэвшүүлэх эсэх шийдвэрээ тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлана.

Categories
мэдээ нийгэм

Ханбогд суманд орон сууц барихыг Оюутолгойн захирлаас хүсэв

“Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзсан байна. Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгчээ. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжуулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулсан аж. Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний нөөцийг монгол иргэдээс ахиу бүрдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдын амьдрах нөхцлийг сайжруулж, орон сууц барих ажлыг Ханбогд суманд даруй эхлэх хэрэгтэйг онцолсон байна.

А.Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд Рио Тинто компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байсан билээ. Тэрээр саяхан “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Таван толгойн хээрийн сургалтын төвд дахин осол гарчээ

Өчигдөр буюу 5-р сарын 10-ны өдөр Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарчээ. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр автомашинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авч, Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ. Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын ҮХЦ, Туркийн шүүхтэй хамтарч ажиллана

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хооронд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт Анкара хотноо гарын үсэг зурав.

БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээ Анкара хотноо болж, олон улсын бага хурал зохион байгуулсан юм. Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон байна.

Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани, Итали улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцжээ.

Энэ үеэр хоёр улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн шүүх хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дээрх санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурсан байна.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ ачиж яваад амь насаа алджээ

ТҮЦ ачиж зурган илэрцүүд

Спортын төв ордны дэргэдэх аркад 30 настай иргэн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт мягмар гариг /2017.05.09/-ийн шөнийн 01:00 цагийн орчимд ТҮЦ ачиж байсан иргэн хавчуулагдаж нас барсан гэсэн дуудлагыг Замын цагдаагийн албанд өгсөн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ТҮЦ-ийг эзэн нь биш зэргэлдээ үйлчилгээ эрхэлдэг зоогийн газрын эзэн дур мэдэн ачуулсан гэнэ. Талийгч ачсан ТҮЦ-ийн дээр сууж яваад хавчуулагдсан бололтой. Анхаарал болгоомжгүй ажилласнаас үүдэн хүний амь нас эрсэдсэн хэмээн албаныхан хэлж байгаа юм.

Хэргийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын ажлын хэсэг “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Билгээ, захиргаа хариуцсан менежер Г.Ганзориг болон харьяа компаниудын удирдлагуудад батлагдсан удирдамж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулснаар ажлаа эхлүүллээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Эрдэнэс Монгол компани дээр ажиллах хугацаандаа дараахь ажлуудыг зохион байгуулах юм байна. Үүнд:

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцах, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгуулах;

Компанийн удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм, төлбөр, хураамж тогтоосон баримт бичигтэй танилцах, хянан шалгах, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргасан байдал, тэдгээрийн бүртгэл, тайлан, мэдээг гаргасан байдлыг хянах;

Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, заавар зөвлөгөө өгч, сургалт, мэдээлэл хийх;

Худалдан авах ажиллагааны үр дүн, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн талаар холбогдох байгууллагаас Сангийн яаманд мэдэгдсэн, бүртгүүлсэн эсэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах;

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Ашиг сонирхлын зөрчлийн тухай” сургалтыг зохион байгуулах, мэдээлэл өгөх;