Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана

Монгол Улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, профессорууд Төрийн ордонд чуулж байна.

“1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ.

Тэрээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байх зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх, эмнэлгийн үйл ажиллагааг нээлттэй, иргэд хяналт тавих боломжтой болгох, иргэн эмнэлгээ, эмчээ сонгодог болоход эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүдээс өндөр үүрэг хариуцлага шаарддаг болсон өнөө үед Засгийн газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр шуурхай ажиллаж байна. Тухайлбал, “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай”, “Донорын тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулсны зэрэгцээ “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээж, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж эхэллээ.

Бид эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан байсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар 2016 онд анх удаа өргүй хамт олон болсон. Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийснээр түргэн тусламжийн автомашингүй байсан 159 сумын эрүүл мэндийн төвийг автомашинаар хангалаа.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах 10 нэр төрлийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь дааж үнэгүй олгосон, хүүхдээ гэрээр асрах эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь эмнэлгийн ачааллыг бууруулж, өвчний тархалтыг хязгаарлахад үр дүнтэй арга хэмжээ болсон.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгах зардал, цусны хавдартай иргэдийн эмийн зардлыг төрөөс хариуцаж, элэгний В, С вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээ болон эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гемодиализ эмчилгээ хийлгэж чадахгүй байсан иргэдэд тусламжийг бүрэн үзүүлдэг боллоо.

Эрүүл мэндийн салбарын царцаагдсан барилгууд, тухайлбал Түлэнхийн төв, Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилга, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймгийн 50 ортой төрөх эмнэлэг зэрэг эмнэлгийн барилгуудын санхүүжилтийг мөн шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан дээрх бүх шийдвэрүүд нь иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлээд зогсохгүй, эмч эмнэлгийн мэргэжилтэн та бүхний ажлын ачааллыг багасгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн эрсдэлийн улмаас гадаад улс орнууд руу урсах мөнгөний урсгалыг бууруулсан, шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулсан чухал үйл ажиллагаа болсон юм.

Бид “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хууль”-ийг шинээр, “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангах, санхүү хөрөнгө, хүний нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын ачаалал, гүйцэтгэл, хариуцлага, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, онцлогтой уялдуулах, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно.

Монголын ард түмний итгэлийг дааж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, ур чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Та бүхнээсээ хүсч байна.

Ингээд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчихгүй зогсож байгаа Монголын цагаан нөмрөгт баатрууд Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг дахин хүсч, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг танилцуулаад түр завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас чуулган хуралдаж, үндсэн чиглэлээ үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Сонгууль маань амжилттай явагдана гэж найдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: Бид хуулийн дагуу 17 хуудас бичиг баримт бүрдүүлэн нэр дэвшигчээ бүртгүүлэхээр ирлээ гэж тодотгож байв. Нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгөх ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар оролцов.

Нэр дэвшигч Х.Баттулга “Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль маань амжилттай явагдах байх аа гэж найдаж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй Н.Энхбаяр өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Тэрээр “Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрийн хүчнүүд хуулийн дагуу нэр дэвшигчдээ сонгож, материалыг нь СЕХ-нд хүргүүлж байна. Энд надтай хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал дарга нар байна. Мөн манай намтай хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмждэг Т.Баярхүү, Ц.Шинэбаяр зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Сонгууль шударга болоосой. Шударга болох нь бүртгэлийнхээ ажлыг шударга явуулах, өрсөлдөгчдөө өөрсдөө сонгодог биш, ард түмэн сонгодог байдлаар зохион байгуулахаас эхэлнэ.

Би Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна.

СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: ​Эдийн засгийн форумыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа зохион байгуулахаар хойшлуулсан

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн хавар эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хийх ёстой байсан ч хойшлуулж, тавдугаар сарын 18, 19-нд зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэ удаа дахин хойшлуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хойшлуулсан шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалттай холбоотойгоор тус тогтоолд дахин өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Энэ асуудлыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн.
Засгийн газрын хувьд тавдугаар сарын 12-ны өдрийн ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаас Монголын хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч тавдугаар сарын 24 болж хойшлогдсон аж. Эдийн засгийн форумыг дээрх хөтөлбөрт хамрагдсаны дараа зохион байгуулах шаардлага үүсэж буй учраас ирэх зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр товлох нь зөв гэж үзжээ.
Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь уу гэдгийг мөн анхааралтай ажиглаж буй юм байна. Үүнийг дагаж ирэх жилүүдэд Монгол Улсад бизнес эрхлэх үү, яах вэ гэдэг шийдлүүд ч гарч ирэх болж байгаа аж. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай холбоотойгоор зургадугаар сард улстөржилт үүсэх эрсдэлтэй, нөгөө талаар тус форумыг илүү өгөөжтэй, үр дүнтэй болгох гэдэг шаардлагаар сонгуулийн дараа хийх нь илүү оновчтой гэж үзсэний үндсэн дээр тэрхүү товыг тогтоожээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Засгийн газрын хуралдаанаар өчигдөр зээлийн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Юунд зарцуулах зээл вэ?
-Энэтхэг улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох 1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой асуудал байгаа. Юу, юунд зарцуулах вэ гэдгийг ерөнхийд нь хэлэлцээд Сангийн сайдад хэлэлцээ хийх эрхийг өгсөн. Хоёр дахь гол шийдвэрлэсэн асуудал нь иргэдийн явган аялалтай холбоотой. Иргэд Богд уул руу явган аялал их хийдэг болсон. Авто машины зогсоол, дугуйн зогсоол байдаггүйгээс айлын гадаа авто машин, дугуйгаа тавиад алхдаг нөхцөл үүссэн. Тийм учраас Богд уулын тодорхой газарт авто машин, дугуйн зогсоол байгуулах шийдвэр гаргасан байгаа.

Categories
мэдээ нийгэм

Машин нь шатсан залууд туслах аян өрнүүлжээ

Өнгөрсөн лхагва гаригт 12:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд “Приус 20” маркийн автомашин шатсан билээ. Тэгвэл “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп” фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд автомашин нь шатсан залууд туслахаар хандивын аян эхлүүлжээ.

Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөж, автомашин нь шатсан залууд машин авч өгөх юм байна. Тус группийн гишүүдийн 10 хувь хандивын аянд идэвхитэй оролцож, 1000 төгрөгийн хандив цуглуулснаар 11 сая төгрөг цуглах боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга СЕХ-нд нэр дэвшигчийн бичиг баримтаа бүртгүүллээ

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон Х.Баттулга СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа бүртгүүллээ.

Тэрбээр намынхаа дүрмийн дагуу хоёр шатны шалгаруулалтад оролцож, 96.6 хувийн саналаар сонгуульд нэрг дэвшиж байгаа. Бид хуулийн дагуу 17 хуудас бичиг баримт бүрдүүлэн нэр дэвшичээ бүртгүүлэхээр ирлээ гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан танилцууллаа.


Categories
мэдээ нийгэм

Химийн хичээлд ашиглаж байсан бодисуудаас зөрчил илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудаас энэ сарын 9-ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэж буй химийн бодисуудыг шалгажээ.

Энэхүү шалгалтаар ерөнхий боловсролын сургуулиудад химийн хичээлд ашиглаж буй зарим химийн бодисын хугацаа нь дууссан, заримынх нь нэр, найрлага, үйлдвэрлэсэн газрын хаяг тодорхойгүй, ашиглалтын болон хадгалалтын горим алдагдсан зэрэг багагүй зөрчил илэрсэн байна. Зөрчилтэй химийн урвалж, бодисуудыг хураан авч, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа “Аврах тусгай анги”-ийн хашаанд байрлах “Химийн бодисын хаягдлыг түр агуулах”-д түр хадгалахаар болсон байна. Сургуулийн захиргаа, мэргэжлийн багш нарыг химийн хичээлдээ энэ мэт аюултай бодис ашиглахгүй байхыг сануулжээ. Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн: Х.Нямбаатар гишүүн ээ, бүтэн жил суучихаад том хуульд гар дүрэх хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцэд шүүгчтэй холбоотой асуудлаар иргэн н.Оюунчимэг гомдол гаргажээ. Тэрбээр “Шинэ залуу шүүгч төрөн гарахад хууль эрх зүйн орчин зөрчилдөж байна” гэдэг гомдол гаргажээ. Түүний гомдлыг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.

Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцсан ч санал хураасангүй. Учир нь Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлаар санал хураах заалт байдаггүй аж.

УИХ-аар хэлэлцсэн дараагийн асуудал бол Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх юм. Энэ хуулийн төсөл өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан ч гэнэт орж ирсэн талаар УИХ-ын гишүүн Л.Болд шүүмжлэв. Тэрбээр “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Х.Нямбаатар оруулж ирсэн. Энэ хуулийн төсөл өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байж яагаад гэнэт ороод ирэв. Нийгэмд ямар гал асах гээд байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -УИХ-ын гишүүд Хууль тогтоомжийн тухай хуулийг баримталж байгаа. Миний санаачилж байгаа хуулиуд хоёр гурван сар хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өнөөдөр гэнэт Байнгын хороогоор хэлэлцээд, одоо чуулганаар ороод ирлээ. Гишүүд бол хуулиа дагаж байгаа. Харин Х.Нямбаатар гишүүн та хуулиа барьж байна уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Хууль зөрчсөн зүйл байхгүй. Дэгийн тухай хуулиараа хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ хуулийн төслийг яаралтай оруулж ирэх ямар үндсэн шалтгаан байна вэ. Миний санаачилсан хууль гурван жил болж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хууль ногоон гэрлээр ороод ирлээ. Таны хуулийн төсөлд Засгийн газрын хууль санаачлах эрхийг хялбарчилсан заалт багтсан байна. Та бүтэн жил суучихаад том том хуульд гар дүрэх хэрэгтэй. Ах нь тэгээгүй. Ах нь төрийн байгууллагад 10 жил ажиллаад, УИХ-д орж ирсэн. Чи битгий хүний гар хөл болоод савсагнаад гүйгээд бай. Нэг их ухаантай банди ороод ирчихсэн, бүх хууль өөрчлөөд гүйгээд байдаг. Хууль тогтвортой байх хэрэгтэй. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Тэгээд одоо бидний баталсан хууль муу хууль юм гээд кноп дараад сууж байх уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулж өгөх гээд байна гэдэг зүйлийг Ц.Даваасүрэн гишүүн ярьж байна. Гэтэл гурван хууль санаачлах субъектэд бүгдэд нь хамаатай. Би Даваасүрэн гишүүнд юу хэлхэв дээ. Намайг элдвээр доромжилж хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Би доромжлоогүй. Анхааруулж байна. Анхааралтай бай. Парламентад бүтэн суусан гишүүд наад хуулийг боловсруулахад оролцсон байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүн та юмаа ойлгож өөрчлөөд байна уу, ойлгохгүй өөрчлөөд байна уу.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Хууль тогтоомжийн тухай хуулийг гэнэт ямар нэг хууль оруулж ирэхээс сэргийлж баталсан юм. Улсын эдийн засгийн үндэс суурийг ярьж байгаа хууль нь хөнгөн гоомой явахаар болж байна уу. Хоёрын хооронд амин гол судсыг нь авч хаяад байх юм бол хууль мөрдөөд яах юм бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Эдийн засагтай холбоотой хуулийн заалт энэ төсөлд тусаагүй.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж хуулийн төслийг дэмжлээ. УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр СЕХ-нд бичиг баримтаа хүргэж өглөө

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, бичиг баримтуудаа өглөө.

Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 11-ний өдөрт багтаан нэр дэвшигчийн баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тодотгон хэлж байлаа.

Намуудаас ирүүлсэн саналын дагуу Ардчилсан намын нэр дэвшигч тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэн өгнө.