Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Үе, үеийн Тагнуулын газрын дарга байсан хүмүүсийг дуудаж уулзаж, хууль хэрэгжихээс урьтаж,Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ-аас өнөөдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор эх орноосоо урвах гэдэг заалт байхгүй болсон талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Дээрх хуульд зөвхөн дайны байдлын үед дайсны талд ажиллах юм бол эх орноосоо урвагч болно. Бусад тохиолдолд урвагч биш болж байгаа. Ийм хуулийг УИХ баталлаа. Энэ заалтыг “Зэвсэгт халдлага мөргөлдөөний үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорино” гэж орууллаа. Ингэснээр эх орноосоо урвах гэдэг заалтыг байхгүй болголоо.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байсан. Энэ хоёр заалтыг харьцуулан харвал шал өөр.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл” гэв.

Цааш нь ярихдаа “Хоёр дахь ноцтой асуудал нь гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажиллах гэсэн заалттай холбогдож байгаа аж. Энэ нь Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээллийг цуглуулсан, хадгалсан, хулгайлсан, дамжуулсан бол 8 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон нь маш ноцтой. Ийм аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх болж байна.

УИХ дээр Х.Нямбаатар гээд хүүхэд хуулийн төслийг ахалсан нэртэй ажиллаж, янз бүрийн юм оруулж ирсэн нь ийм ноцтой байдалд хүргэлээ. Хуульд нэг үг, нэг таслал бүхэлдээ нэг утга агуулдаг.

Энэ тухай би Тагнуулын ерөнхий газрын даргатай уулзаж, хэлсэн. Үе, үеийн Тагнуулын газрын дарга байсан хүмүүсийг дуудаж уулзаж, долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжихээс урьтаж,Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. Тэрбээр “Зөрчлийн хуулийг, Эрүүгийн гэмт хэрэгтэй хольсон. Жишээ нь орон байрандаа мөрийтэй тоглоом зохион байгуулж болно. Одоо бол бар, цэнгээний газраас өөр газарт мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол зөрчилд тооцогдохоор болсон. Гэтэл энэ чинь гэмт хэрэг шүү дээ” гэв.

Зөрчлийн тухай хуульд О.Баасанхүүгээс өөр үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эхлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

40 гаруй орны бизнес эрхлэгч залуус Монголд чуулна

Ирэх зургаадугаар сард болох “Жэй Си Ай 2017” (АСПАК) Ази Номхон далайн чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 орчим бизнес эрхлэгч залуу Монгол Улсад уулзах гэж байна. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг БСШУС-ын дэд сайд Е.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.

Энэхүү уулзалт нь нийт зочдын тоогоороо Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дараа орох томоохон арга хэмжээ бөгөөд зохион байгуулалтын хувьд шинэлэг “Бизнес аялал” (MICE) хэлбэрээр болох юм байна. Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг 40 гаруй орны залуу бизнесмэнүүд уг арга хэмжээнд ирэхдээ “Жэй Си Ай” байгууллагын хурал, арга хэмжээнд оролцонгоо Монгол Улсын бизнес эрхлэгч залуустай болон бизнесийн орчинтой танилцах, манай улсын нийслэл, соёл зан заншлыг сонирхож, хөдөө орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялах болно гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Мөн уг арга хэмжээний зохион байгуулалт хоёр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд “Жэй Си Ай Монгол” байгууллагын салбар байгууллага бүрээс томилогдсон 200 орчим гишүүн идэвхтэй ажилласаар байгаа аж. “Жэй Си Ай 2017” (АСПАК) арга хэмжээний үеэр олон тооны зочдыг нэг цаг үед Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа учир Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллага, хувь хүмүүстэй бүх талаар хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар МИАТ, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтель”, “MSC”, “Голомт банк”, “Говь” ХК зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгж болон 40 орчим зочид буудал, 70 гаруй ресторантай хамтран ажиллахаар тохиролцож, 200 гаруй сайн дурынхантай хамтран ажиллах гэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ боловч төр засгийн төсвөөс мөнгөн хэлбэрээр дэмжлэг авдаггүй, иргэдийн амьдралын хэв маягт бүсчилж хөдөлгөөн хорих, зам хаах зэрэг асуудал үүсгэхгүй учраас зохион байгуулагчдын зүгээс ард иргэддээ нийт ирж буй зочдод найрсаг хандахыг уриалав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригт музей үнэгүй үзээрэй

Монгол Үндэсний музей жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей 2017оны 5 дугаар сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний музей Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сургууль болж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Дадлага сургууль нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 07 тоот захирамжийн дагуу 2017 оны тавдугаар сарын 11,12-ны өдөр үргэлжилнэ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагын болон хувийн хэвшлийн 85 аж ахуй нэгж байгууллагын 1352 албан хаагч хамрагдаж байна.

Дадлага сургууль 2 үе шаттай явагдана. Эхнийх нь өнөөдөр дүүргийн удирдлагын түвшинд өгөгдсөн цагийн байдлуудад хариу арга хэмжээ авах штабын дадлага сургууль явагдаж байна. Маргааш газар хөдлөлт, үеэр ус, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт гэсэн цагийн байдлуудад мэргэжлийн анги, албадууд дадлага сургууль хийнэ. Тус дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, томоохон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийг танилцуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.05.11) “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийн талаар мэдээллээ. Төслийг Мобиком корпораци, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн талаархи мэдээллийг тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Ийвэрт нар хийлээ.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээллийн эхэнд, “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийн энэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Ерөнхий боловсролын дунд сургуульд нийтдээ 800 мянга орчим хүүхдүүд суралцдаг. Үүнээс хөдөө орон нутагт 500-гаад мянган хүүхэд сурч байна. Эдгээр хүүхдүүдээс хэд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж байна вэ гэсэн судалгааг хийсэн. Судалгааны үр дүн маш муу гарсан. Тиймээс нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Мобиком корпораци төр, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлж, Монгол Улсын бүх аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулиудыг боловсон, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах төслийг хэрэгжүүлж байгаад талархалаа илэрхийлье” гэсэн юм.

Дараа нь төслийг хамтран хэрэгжүүлэгч Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.

Уг төслийн хүрээнд энэ жил нийт 13 аймгийн 26 сумдын ерөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг шинээр барихаар төлөвлөжээ. Ингэснээр нийт орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 23 хувь нь стандартын шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Цэнхэр халим”-аас сэрэмжлүүллээ

ОХУ болон гадаадын бусад орнуудад түгсэн “Цэнхэр халим” сошиал тоглоом газар аваад байна. Энэхүү тоглоомд нэгдэж буй Монголын хандалт нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас онцгойлон анхаарууллаа. “Цэнхэр халим” тоглоом нь оролцогчид өдөр тутам даалгавар өгч, даалгавар нь хүндэрсээр амиа хорлоход хзргэдэг аюултай тоглоом болохыг тогтоожээ. Одоогоор “Цэнхэр халим”-тай холбоотой гомдол манай хууль хяналтынханд ирээгүй. Гэвч эцэг эхчүүд, сургуулийн багш, удирдлагууд өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчны хэрэглээнд хяналт тавьж байхыг санууллаа. Зөвхөн ОХУ-д л гэхэд 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хугацаанд 130 өсвөр насны хүүхэд, Казакстанд 50 хүүхэд амиа хорлосон гэсэн мэдээ байгаа ажээ.

ЦЕГ-аас цахим орчин дахь гэмт хэрэг, аюултай тоглоом наадгайд оролцохгүйн тулд юунд анхаарах талаар эдгээр зөвлөмжийг гаргажээ.

Цахим орчинд танихгүй хүнтэй битгий найз болоорой

Хувийн мэдээллээ танихгүй хүнтэй битгий хуваалцаарай

Интернэтэд танилцсан хүнтэйгээ биечилж бүү уулзаарай

Уулзах бол ганцаараа бүү очоорой

Эргэлзээтэй сэжигтэй тохиолдлыг аав ээж ах эгч нартаа заавал хэлэхийг санууллаа.

Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор дараахь сэрэмжлүүлгийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г гаргадаг билээ. Тэгвэл 2016 оны буюу тав дахь удаагийн тайланг гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү тайланд аймгуудын давуу болон сул талуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан гаргадаг аж. Мөн өмнөх жилийн тайлантай харьцуулан хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна.

Судалгааг хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, иж бүрэн санаачилга хөтөлбөр, Азийн сан, МҮХАҮТ, “Мобиком” корпораци, “Ньюком групп” хамтран ажиллажээ.

Судалгаа явуулж эхэлснээс хойш Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо тогтмол өндөр гардаг байна. Өнгөрсөн жилийн тайланд Орхон аймаг мөн л тэргүүлсэн бол Өмнөговь, Дархан-Уул аймгууд удаахв байруудад орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмбэлэгджээ.

Тайланг танилцуулах үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байна.

Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн. Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв” гэлээ.

Дорноговь аймгийн засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд өссөн үзүүлэлттэй гарсан бол Өвөрхангай аймгийн эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь өрсөлдөх чадьараар тэргүүлэхэд гол нөлөө үзүүлжээ. Харин Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлсөн аж.

Судалгааг хийхдээ аймаг тус бүрээс 50, нийт 1,050 бизнес эрхлэгчээс санал асуулга авсан байна. Тэднээс бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар ч асуусан гэлээ. Бизнес эрхлэгчид татвар, зээлийн бодлогоор дэмжих, банкуудын зээлийн хүүг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн хариултыг хамгийн олон удаа өгчээ.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг хагас шигшээд барилдана

С.Батцэцэг зурган илэрцүүд

Энэ сарын 10-14-ний өдрүүдэд болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ААШТ-д манай 16 тамирчин хүч үзэж буй. Өнөөдөр сонгомол болон эмэгтэйчүүдийн барилдаан Улаанбаатарын цагаар 12:30 цагт эхэлсэн.

“Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Уртнасан эхний барилдаандаа өрсөлдөгчөө цэвэр ялж хагас шигшээд шалгарсан. Харин “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Йоныг 15:1-ээр яллаа. Тэрбээр хагас шигшээд эзэн орны бөх Риту Ритутай барилдана.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Nokia 3310 худалдаанд гарна

nokia 3310 new зурган илэрцүүдNokia 3310 гар утас шинэчлэгдэн дахин борлуулагдахаар болсон билээ. Энэ удаа Финландын HMD Global стартап компани шинэчилсэн Nokia 3310-ыг зах зээлд гаргаж байгаа юм.

Анхны хувилбараасаа жижиг, хөнгөн болсон шинэ утас нь 2.4 инчийн өнгөт дэлгэц, 2 мегапикселийн арын камер, 16 MB хадгалах байгууламж, 32 MB хүртэл өргөтгөх боломжтой MicroSD картны оролт, LED гэрэлтэй бүтээгджээ.

Улаан, шар өнгөтэй загварууд нь гялгар материалаар бүтээгдсэн байх бол хөх, саарал нь бүрсгэр (matte) өнгэтэй байна. Нэг цэнэглэлтээр 22 цаг ярих боломжтой, идэвхгүй нөхцөлд 31 хоног цэнэгээ хадгална. Алдарт Snake (могой) тоглоомыг суулгахаач мөн мартаагүй байна.

Шинэ Nokia 3310 Британид тавдугаар сарын 24-нд 49.99 паундын үнэтэй гарахаар болжээ. Харин Нидерланд, Бельгид зургаадугаар сарын 5-наас, Германд тавдугаар сарын 26-наас 59.99 еврогийн үнэтэй худалдаалагдаж эхлэхээр болсон байна. Бусад улс орнуудад хэзээ зарагдаж эхлэх талаар мэдээлэл гараагүй байгаа ажээ.