Зайсанд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”-д оролцсон байгаль хамгаалагчдын урласан шувууны үүрийг бэлэглэлээ. Байгаль хамгаалагчид ойн хоёрдогч түүхий эд буюу модны үндэс, ур, мөчир, гишүү, унасан болон хатсан мод ашиглан үзэсгэлэнд дэлгэсэн шувууны үүрүүдийг урласан аж. Д.Оюунхорол сайд хүүхдүүдэд хандан “Манай яамнаас гаргасан “Байгаль орчны төлөв байдлын тайлан”, “Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг. Энэ ангиллаар авч үзвэл, Монгол орны шувуудын 80 хувийг нь нүүдлийн шувууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Төв Азийн өндөрлөгт орших Монгол орон бол нүүдлийн шувуудын тун чухал газрын нэг юм. Хавар нүүдлийн шувууд манай оронд ирж зусаад, үр төлөө өсгөж өндийлгөөд намар нь буцдаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн аав, ээжийнхээ хамтаар ах, эгч нарынхаа бэлэглэсэн шувууны үүрийг сургууль болон гэрийнхээ ойролцоох модонд байршуулж, нүүдлийн шувуудын үр төлийг дулаан байлгах, аюулгүй орчинд өсөж торнихтой танилцаж мэдэж аваарай” хэмээн захисан юм.
Month: May 2017
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй.
Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг тус тус баталсан.
Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил хэрэгжсэн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна.
Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн.
Иймд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулсан аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан нь дэмжигдсэн юм. Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг эхний шатанд нь 73.9 хувийн саналаар баталлаа.
Сануулахад, Хууль тогтоомжийн тухай хууль нь оны эхнээс хэрэгжиж буй. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хуулийг боловсруулахаас эхлээд бүх шат дамжлагыг хуульчилж өгсөн давуу талтай. Гэвч зарим шаардлагатай засварыг хийх нь зүйтэй хэмээн үзсэн тул УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлсэн юм.
Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаж байна хэмээн үзжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Гишүүдийн 83 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах цэцэрлэг, сургууль орон нутагт байхгүй байгаад анхаарч, нарийвчилсан судалгаа хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөлөөр хангах, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах гэхээс илүү энгийн хүүхдүүдтэй нэгэн адил нөхцөлд сургах, нийгэм хамт олны дунд хүмүүжүүлэхэд анхаарах ёстой гэх зэрэг санал дэвшүүлсэн юм.
ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар мөн Хог хаягдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 77.1 хувийн саналаар баталлаа.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болжээ. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй гурав дахин нэмэгдсэн байна.
Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас шинэчлэн боловсруулсан ажээ.
Хууль батлагдсанаар хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах. Ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулахаар болжээ.
БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.
Энэ удаагийн уралдаанд дөрвөн насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарчээ.
Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд тус ЭСЯ-наас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулсны зэрэгцээ БНЧУ-д байх хугацаанд нь ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэн байна.
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн зургаан дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байна.
5 дугаар сарын 11 өдрийн байдалаар дээрх 129 байршлаас 46 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж орц гарцыг нээгээд байна. Цаашид үлдсэн байршлуудын газрыг чөлөөлөх ажил үргэлжилнэ.
Тухайлбал,
- Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийв.
- Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгав.
- Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
- Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
- Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 16 хороо, 72 дугаар хотхоны орчимд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
- Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөв.
- Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
- Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.
- Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлөв.
“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулснаар нийтийн эзэмшлийн зам, талбайн газар чөлөөлөлт, зөрчил арилгах ажил хийгдсэнээр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэнэ, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлнэ, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.
Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлсэн. Эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийг уг зөрчлөө арилгах мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.12) хуралдан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Иймд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулсан юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Монголын инновацийн долоо хоног-2017” арга хэмжээний зохион байгуулагчдын нэг, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор Л.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Энэ жилийн инновацийн долоо хоногийн онцлог юу вэ? Олон нийт энэ өдрүүдээс юуг ойлгож мэдээсэй гэж хүсч байна вэ?
-Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага мэдлэгийн эдийн засгийг байгуулахтай холбоотой. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч ийм. Байгалийн баялаг, ашигт малтмалд тулгуурласан, түүнээс хараат байдаг уламжлалт эдийн засгаас дэлхий нийтээрээ мэдлэг оюуныг ашиглаж, материаллаг баялаг үйлдвэрлэн, эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж болгодог нийгэм эдийн засгийн тогтолцоо руу бүхэлдээ шилжиж байна. Манай Монгол ч дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулж, хөгжлийнхээ бодлого стратегийг тодорхойлох, улс үндэстэн, байгууллага, хүн бүр мэдлэгийн эдийн засгийн чиглэлээр өөрсдийгөө дайчилж, хөгжүүлэх учиртай. Манай Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас санаачлан анх 2015 онд “Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээг дэлхийн жишгийн дагуу хийж эхэлсэн. Энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байна. Энэ жилийн хувьд инновацийн долоо хоног маань тавдугаар сарын 8-14 хүртэл үргэлжилнэ. Эхний өдөр уламжлал ёсоороо БСШУСЯ-нд хэвлэлийн хурал зарлаж, албан ёсны нээлт хийсэн. Тавдугаар сарын 9-ны өдөр “Шинжлэх ухаан-боловсрол- төр хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сэдвээр том хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, МҮХАҮТ, БСШУСЯ-тай хамтарч зохион байгуулсан юм. Яагаад ийм сэдвийг сонгосон гэхээр мэдлэгийн эдийн засаг гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй, оновчтой, хэрэгцээтэй, үр ашигтай мэдлэгийг дамжуулж, хэрэглээний эргэлтэнд оруулж, баялаг болгож хувиргах ойлголт. Мэдлэгийг баялаг болгож хувиргахад олон талын оролцоо чухал. Дан ганц эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид мэдлэгийг бий болгоод дамжуулдаг юм биш. Инноваци болгоход бизнесийн байгууллага, аж үйлдвэрийн салбарынхан, бодлого боловсруулагчид, бүх талын оролцоо чухал. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаа чухал. Сүүлийн үед шинжлэх ухаан, технологи, инновацийн хамын ажиллагаа, түншлэл гэж их ярьж байна. Энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бид “Шинжлэх ухаан- боловсрол-төр- хувийн хэвшлийн түншлэл” арга хэмжээг зохион байгуулахад зуугаад төлөөлөгч оролцлоо. Тавдугаар сарын 10-ний өдөр лхагва гаригт төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болсон. Нийтдээ 900-гаад хүн оролцлоо. Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, мэдлэгийн эдийн засгийг байгуулахад гол тоглогч, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн байгууллагууд, бизнесийнхэн, төрийн бус сектор чухал үүрэгтэй. Эдний төлөөлөл оролцож, үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.
Бид энэ долоо хоногийн арга хэмжээндээ гаднаас хэд хэдэн томоохон төлөөлөгчдийг урьсан. ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн бүсийн шинжлэх ухааны газрын захирал Шахбаз Хан ирж, үндэсний форумд урилгаар илтгэл тавьсан. НҮБ-аас 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Тогтвортой хөгжлийн зорилтод улс орон бүр өөрийн хөгжлийн бодлогыг нийцүүлж байгаа. Тогтвортой хөгжлийн бодлого дотор маш чухал нэг чиглэл бол шинжлэх ухаан технологи, инноваци хөгжүүлэх асуудал. Энэ талаар томоохон сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн инновацийн үндэсний форумд УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй инновацийн лобби бүлэг байгуулсан багийнхан оролцсон. БСШУС-ын сайд Ж.Батсуурь сайд үг хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар илгээлт ирүүлж, олон хүн үгээ хэлсэн. Бас Сүхбаатарын талбайд инновацийн нээлттэй үзэсгэлэн зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид өөрийн хийсэн оюуны бүтээл, технологийн шинэ шийдлүүд, бизнесийн байгууллагууд гээд инновацид оролцогч бүх л талууд бүтээлээ дэлгэж, олон нийтэд сурталчилсан. Тавдугаар сарын 11-ний пүрэв гаригт манай ШУТИС-д “The international conference on innovation and entrepreneurship development” сэдвээр олон улсын хурал зохион байгууллаа. Манай олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын зургаан орны арав гаруй төлөөлөгч ирсэн. Ноён Шахбаз Ханаас гадна Японы Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Куниеда ирж илтгэл тавилаа. Италийн Баригийн их сургуулийн профессор Пиерпауло ирж илтгэл тавьсан. Мөн Өмнөд Солонгосын Залуучуудын бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор Канг ирж илтгэл тавилаа. Мөн ОХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн профессор Иван Потранов ирж оролцож байна. Мөн Кубаны их сургуулийн дэргэдэх Технопаркийн захирал Виолетта гэж эмэгтэй ирж оролцлоо. Манай Монголын эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгийнхээ тухай илтгэл тавьсан. Өнөөдөр баасан гаригт залуу судлаачдын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ болох юм. Мөн л олон улсын хурал учраас англи хэл дээр болно. Нийт 30 гаруй бүтээл ирүүлсэнээс арав гаруй илтгэл сонгож аваад энэ хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн юм. Манай ШУТИС, МУИС, бусад их дээд сургуулиудын магистр, докторын оюутнууд бүтээлээ уралдаанд сойгоод байна. Амралтын өдрүүдэд залуучуудын дунд гарааны бизнесийн “Start-up weekend” гэсэн гурван өдрийн арга хэмжээг инновацийн долоо хоногийн энэ жилийн онцлог болгож зохион байгуулна. Энэ арга хэмжээг манай ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Старт ап монгол төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтраад залуучуудын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулах юм.
-Долоо хоногийн турш инноваци яригдлаа. Монголчуудын хувьд амжилтанд хүрсэн ямар инноваци байна. Олон улсад яригдаж байгаа анхаарал тасан шинэлэг хандлагууд юу байв?
-Бид инноваци, шинжлэх ухаан технологийн дэвшил гэхээр голдуу шинэ техник технологи гэж ойлгодог. Энэ инновацийн нэг чухал чиглэл мөн л дөө. Гэхдээ өнөөдөр нийгмийн инновацийн асуудал их яригдаж байна. Нийгмийн сайн сайхан байдлын төлөө шинжлэх ухаан технологийн дэвшил, мэдлэгээ зориулах тухай их яригдлаа. Италиас ирсэн профессор нийгмийн инновацийн хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьсан. Их сургууль нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэх вэ, нийгмийн сайн сайхны төлөө юу хийж болох тухай ярилаа. Нийгмийн инноваци гэдэг бол нийтийн сайн сайхны төлөө бизнесийг чиглүүлэх, нийтийн тусын тулд ашгийн төлөө бус бизнес эрхлэх тухай хөндөж ярьсан нь шинэлэг байлаа.
Монголд инновацийг хөгжүүлж байгаа жишээ олон бий. Манайхны сайн мэдэх артишок гээд “Газар шим” компанийн бүтээгдэхүүн бий. Энэ бол Монголдоо битгий хэл дэлхийд цоо шинэ инновацийн бүтээгдэхүүн. 2015 оны анхны инновацийн долоо хоногийн үеэр “Газар шим” компани идэвхитэй оролцож, илтгэл тавьж, өөрийн туршлагыг ярьж байсан. Тухайн үедээ Ц.Ганбат захирал төслөө санаачлаад, ХААИС, ШУТИС-ийн Хүнсний салбарын эрдэмтэдтэй хамтраад артишок гэдэг ургамалыг судалж, эрүүл мэндийн ундааг Монголд төдийгүй дэлхийд цоо шинээр гаргаж ирсэн юм. Артишок гэдэг бол хүнсний ногоо. Дэлхийд хүнсэнд түгээмэл хэрэглэдэг ургамал. Гэтэл манайхан эмчилгээний шинж чанартай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийн ундаа хийсэн. Тэр нь амжилттай болсон шүү дээ. Цоо шинэ инноваци гаргахдаа ганцхан үйлдвэр аж ахуйн газар дангаараа ажиллаагүй, эрдэмтэдтэйгээ хамтарч, мэдлэгийг нь ашиглаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээрээ энэ бүтээгдэхүүн маш их амжилттай болсон.
Артишокийг Монголд нутагшуулж тариалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн шүү дээ. Мөн “Монос” групп бол инновацийн компани гэж болно. Энд судалгаа шинжилгээний институт байгаа. Их сургууль, эмийн үйлдвэр, бүтээгдэхүүнээ түгээдэг сүлжээ бий. Өөрөөр хэлбэл сургалт, судалгаа, бизнес, үйлдвэрлэлийг цогцоор нь авч яваа шинжлэх ухаан технологийн цогцолбор компани. Ийм компаниуд дэлхийд олон. Холоос хайхгүйгээр манайд бас ийм жишээнүүд олон байна. “Монос”-ийн Л.Хүрэлбаатар эрдэмтэн хүн. Мэдлэгээ ашиглаж бизнесээ хөгжүүлж байгаа сайхан жишээнүүдийн нэг ийм байна.
-Зохион байгуулагчдын нэг ШУТИС-ийн зүгээс санал болгож байгаа инновацийн төслүүд юу байна?
– Манай сургууль 2012 оноос эхлээд хөгжлийн томоохон зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл сургалт судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулсан энтерпренер их сургууль болж хөгжнө гэж. Тэр нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулдаг инноваци хийдэг сургуулийг хэлж байгаа юм. Судлаач, эрдэмтдийн оюуны бүтээл бизнес болж хувирахад чиглэгдсэн гучаад төслийг боловсруулаад, таван гарааны компани байгуулагдаад явж байна. Жишээлбэл манай хүнсний сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний салбарын профессор, доктор Д.Цэцгээ гэж эрдэмтэн байдаг. Энэ хүн зохицуулах үйлчилгээтэй гурилан бүтээгдэхүүний технологи боловсруулсан. Зохицуулах, үйлчилгээтэй талх нарийн боов гаргаад зарж борлуулж байна. ШУТИС-д бас зохицуулах үйлчилгээтэй талх нарийн боовны жижиг дэлгүүр бий. Энэ бол нэг л жишээ.
Өмнөх ерөнхийлөгч нарын амьдарч, ажиллаж байсан Хөх ордонд суухгүй гэдгээ Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мэдэгджээ.
Уулын энгэрт орших Хөх ордонд дэлхийн II дайнаас хойш тус улсын бүх ерөнхийлөгч нар сууж байсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн амьдралтай тус байгууламж нь салшгүй холбоотой.
Харин Мүүн Жэ Ин хэсэг хугацааны дараа тус ордноос гарахаа өчигдөр амласан байна. Тэр Пак Гын Хэгийн эсрэг жагсаал болдог байсан Гванхвамуны талбайн дэргэд ердийн оффист суух гэнэ. “Шинэ оффис бэлэн болмогц би Хөх ордноос гарч, Гванхвамун дахь шинэ засаглалаа эхлүүлнэ” гэж Мүүн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мүүн “Би ард түмэнтэйгээ дуртай үедээ харилцаж чаддаг ерөнхийлөгч болно. Чухал асуудлаар тухай бүрт нь мэдэгдэл хийж байна. Ажлаасаа тараад захаар дайрч хүмүүстэй ярилцана. Гванхвамуны талбайд заримдаа томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байх болно” гэж ярьсан байна.
Мүүний энэ алхам нь эхнээсээ энгийн ерөнхийлөгч байх гэсэн түүний төлөвлөгөө бололтой. Мөн Пак Гын Хэгээс тэс өөр ерөнхийлөгч байх хүсэл нь харагдаж байгаа юм.
Пак Гын Хэ Хөх ордныг хааны өргөө мэт байлгаж, олон нийтэд ховорхон үзэгддэг нэгэн байжээ. Тэр цөөхөн удаа хэвлэлийнхний өмнө гарахдаа асуултанд хариулдаггүй байснаараа алдартай.
Гэхдээ Мүүн Хөх ордныг бүр мөсөн орхихгүй. Тухайлбал зарим нууц өрөөнүүдэд үндэсний аюулгүй байдлын асуудлаар хуралдах ба нисдэг тэрэгний тавцанг нь шаардлагатай үед ашиглаж, гадны зочдыг ёслолын танхимд нь угтаж байх гэнэ.
Харин үлдсэн Хөх ордны хэсгүүдийг музей болгож, олон нийтэд үзүүлэх, жуулчдын үзвэр болгох төлөвлөгөөтэй байна хэмээжээ.
Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 14-ний дотор хянана.
Сонгуулийн тухай хуулинд, “сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргана” хэмээн заасан.
Уих-д суудалтай гурван намын нэр дэвшигчид өчигдөр сех-нд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өгсөн. Тодруулбал ман-аас нэр дэвшигч уих-ын дарга м.энхболд, ан-аас нэр дэвшигч уих-ын гишүүн асан х.баттулга, махн-аас нэр дэвшигч тус намын дарга н.энхбаяр нар сонгуулийн төв байгууллагад өөрсдийн материалаа хүлээлгэн өгөөд буй.
СЕХ энэ сарын 14 гэхэд тэдгээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ албан ёсоор зарлах юм.