Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ААШТ-ээс ​З.Занабазар мөнгөн медаль хүртэв

Олон улсын хэмжээний мастер, “Арслан” клубийн тамирчин Занданбудын Занабазар бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр Энэтхэгийн Дели хотод болж буй энэхүү тэмцээнд Тажикстаны Жамшид Шарифовыг 13:0-ээр, шөвгийн наймд өсвөр үе, залуучуудын Азийн аварга Киргизстаны Улукбек Жолдошбековыг 15:4-өөр, хагас шигшээд “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ-ий хошой аварга, Казахстаны Нурислам Санаевыг 8:0-ээр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 2014 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Японы Юки Такахашид 1:7-гоор ялагдаж, мөнгөн медаль хүртэв.
З.Занабазар нь өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Pune Mayor`s Cup” ОУТ-ий хүрэл медальт, Ерофей Хабаров, Борис Будаев, Бувайсар Сайтиевийн нэрэмжит ОУТ-ий аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын улсын гурав, өсвөр үеийн дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

​Төгсөгчдийг ажилд зуучлах өдөрлөгтэй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан XНXЯ, БСШУСЯ, XXҮЕГ, МҮXАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн xолбоо, Нийслэлийн залуучууд xөгжлийн газар, МЗX, Нийслэлийн НАМЗX, “HR” клуб зэрэг төрийн болон ТББ-уудтай хамтран ИДСК, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” өдөрлөгийг маргааш Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн xүрээнд оюутан, залуучуудыг аж ахуй нэгж байгууллагуудын нээлттэй ажлын байранд зуучлах, төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг танилцуулах юм байна.

2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30.894 оюутны 6724 нь буюу 21.7 хувь нь тухайн жилдээ ажилд оржээ. Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 32.863 оюутан их, дээд сургуулиа төгсөхөөр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Маргааш музей үнэгүй үзээрэй

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээр “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл эл өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран маргааш гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ. Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг байна.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхий сайдын Хятадад хийж буй айлчлал үргэлжилж байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийж байгаа айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар хийж буй энэ удаагийн айлчлалаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийгээд байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

​Н.Энхбаяр СЕХ-ны хуралтай холбогдуулж тайлбар хийлээ

Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хороо руу орох гэсэн боловч хамгаалагчид оруулаагүйгээс бужигнаан үүсчээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнтэй холбоотой тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жил хөдөлгөөн хийж байгаагүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу явж байсан” гэсэн юм.

Мөн энэ асуудлын талаар МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэвлэлийнхэнд товч тайлбар хийлээ. Тэрбээр “МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлээч ээ гэдэг шаардлага тавьж байгаа. Сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхдээ нээлттэйгээр явуулахаар байгаа. Энэ заалтын дагуу МАХН-аас өчигдөр СЕХ-нд хурлыг нээлттэй зохион байгуулах хүсэлт тавьсан. Гэвч өөрсдөө оруулаагүй. Одоо СЕХ хуралдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг монголчууд мартаагүй, таван хүний амь нас эрсдэж байсан. Сонгуулийн луйвраас болж ийм зүйл болсон. Өнөөдөр тэр үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга, бид аль болох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээж байна” гэв.

Categories
мэдээ спорт

Футзалын шигшээ баг Ази тивийн аваргад оролцохоор эх орноосоо мордлоо

Монголын залуучуудын футзалын шигшээ баг энэ сарын 16-26-нд Тайланд улсад болох 20 хүртэлх насны футзалын Ази тивийн аварга шаргалуулах тэмцээн/АТАШТ/-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Анх удаа АТАШТ-д оролцож буй Монголын залуучуудын футзалын шигшээ баг тэмцээний “D хэсэг”-т Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Киргизийн хүчирхэг багуудтай багтжээ. Ялангуяа футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад улсуудтай учраа тааран тоглох нь манай шигшээ багийн залуус туршлага хуримтлуулах том боломж юм.

Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очироор удирдуулсан залуучууд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа базаасан. Улаан-Үүд, Эрхүү хотуудын супер лигүүдэд оролцож чамгүй амжилт үзүүлэн, ур чадвараа нэмэгдүүлсэн байна.
Монголын хөлбөмбөгийн бүх насны шигшээ баг “Puma” брэндийн өмсгөлийг уг тэмцээнээс эхлэн өмсөх юм. Ирэх жилээс “Puma” манай улсын шигшээ багт зориулан төрийн алтан соёмботой загварыг гаргахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 561 хяналтын камер суурилуулжээ

Холбоотой Зураг

Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж буй Камержуулалт” болзолт уралдааны хүрээнд Улаанбаатар хотод 561 хяналтын камерыг суурилуулсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг болзолт уралдаан нийт 60 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд өнгөрсөн сарын 01-нээс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Уралдаан эхэлснээс хойш 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэн нийт 561 хяналтын камер гудамж, талбайд байршуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Загасчлалын УАШТ тав дахь удаагаа болно

Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа загасчлал буюу Кастингийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УХШТ/ энэ сарын 20, 21-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

“Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” /НҮТББ/ нь Монгол Улсад “Зөв зохистой, спорт загасчлалыг хөгжүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” уриан дор загасчлах спортыг сонирхогч залуусын дунд Кастингийн УАШТ-ийг зохион байгуулдаг. Кастингийн спорт гэдэг нь дэгээгүйгээр хуурай газар болон усан санд уургаар шидэлт хийж өрсөлддөг спортын төрөл бөгөөд “Спортын цол зэргийн оноо”-той тэмцээн юм.

Флай кастингийн хувьд /загасчлалын флай фишинг төрөл/ 2013 онд анхны тэмцээнийг Флай кастингийн нэг гарын уургаар холын зайн шидэлт болон оновчтой шидэлтээр УАШТ-ээр эхэлсэн түүхтэй. Харин энэ удаагийн УАШТ-д “Флай фишингийн нэг гарын уургаар холын зай болон оновчтой шидэлт”, “Флай фишингийн хоёр гарын уургаар холын зайн шидэлт”, “Загасчлалын спинингийн төрлөөр холын зай болон оновчтой шидэлт” зэрэг олон төрөл болж нийтдээ 50-70 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж охин, хүүгийн хамт мод тарилаа

Зураг

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр охин, хүү хоёрын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Жил бүрийн тав, 10 дугаар сард бүх нийтээр мод тарих өдрийг гэр бүлээрээ дэмжин мод суулгасан Их аваргын хамт нийслэлийн олон байгууллага, иргэд, хамт олон шинэ залуу мод тарьж их хотын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Аким: Дэлхийн уран зохиол ийм болчихсон байна шүү гэдгийг л харуулах гэж “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулсан

Зохиолч, орчуулагч Г.Акимтай 21 дэхь удаагийн номын баярын үеэр тааралдаж хэдэн хором хөөрөлдлөө. Түүнийг уншигчид маань “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулсан хийгээд сүүлийн үед хадны зургийн талаар ихэд сонирхон судалж “Туульс хайлдаг уулс” зэрэг олон ном гаргаснаар нь мэднэ. Чөлөөтэй, өөрийнхөөрөө байж, үргэлж шинийг санаж, сэдэхийг эрмэлзэж явдаг тэрбээр өчигдөрхөн “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгихүй” нэртэй шинэхэн номоо хэвлэлтээс авчихаад сууж байлаа.


-Сайн байна уу, танд номын баярын мэнд хүргэе, энэ жилийн номын баяр таны хувьд ямар болж байна вэ?

-Энэ баяр жилд хавар, намар хоёр удаа болдог. Энэ жилийн баярын онцлог нь гадаадын байгууллагууд их оролцож байна. Турк болон Америкийн Элчингийнхэн тусалж дэмжиж оролцож байна. Тиймээс номын баяр маань өргөжиж байгаа юм байна гэж бодож байна. Жилд хоёр удаа зохиогч нь уншигчаа хардаг баяр юм шүү дээ.

Энэ жилийн хүмүүсийн худалдан авалт арай бага байх шиг байна. Энэ нь хямралтай холбоотой байх. Өнөөдрийн хувьд ажлын өдөр болохоор хүн цуглаагүй байна. Уг нь амралтын өдөр байсан бол сайн цугладаг юм.

Энэ номын баярт би хадны зургийн чиглэлээр өмнө нь гаргасан “Туульс хайлдаг уулс”, “Зуун жилийн ганцаардал” номоо авчирлаа. Харин өнөө өглөөхөн хэвлэлтээс “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгихүй” номоо авлаа. Энэ номоо өөр гаригаас ирж байсан хүмүүсийн тухай дүрсэлсэн хадны зургаар гаргалаа. Эдгээр зургууд нь бүгд манай говьд байж байна. Манайхан бөө гэж үздэг. Гадаадын эрдэмтдийн 20-иод ном, оросын 10-аад ном, мөн монголын хэдэн ном уншиж, судалж баталгаажууллаа. Зургийг нь харахаар үнэхээр харь гаригаас ирсэн нь үнэн юм шиг байна.

-Таны дэргэд номын тамга байна. Энэ тамга уран бүтээлч болгонд байдаг юм уу?

-EXLIBRIS гэж олон улсад үүнийг нэрлэдэг. Соёлтой хүн бүр л номын тамгатай байдаг. Гадаадынхан манайхныг номын тамгагүй, бараг мэддэггүй шахам юм бичдэг. Гэтэл манай номын санд лам нарын тамгатай ном, судрууд зөндөө байна. Түүнийгээ гарын тийз гэж нэрлээд номон дээрээ дардаг байсан. Энэ бол хүн төрөлхтний соёлын нэг хэлбэр юм. Мал хүртэл имтэй, тамгатай байдаг. Сэхээтэн улсуудад хонь, мал алга. Жишээ нь надад гэхэд ямар ч хонь байхгүй. Хэдэн ном л байна. Түүн дээрээ л тамгаа дарна. Гарын үсгийнхээ дор дарчихдаг юм. Европынхны номонд дардаг тусгай хэсэг хүртэл байдаг юм билээ.

Та цаашид хадны зургийн чиглэлээрээ туурвиад байх уу, эсвэл өөр ямар нэг төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Монголын түүхийг л жоохон урагшлуулах төлөвлөгөөтэй байна даа. Манайхан хүннүгээс урьд юм байхгүй байсан юм шиг л яриад байна. Гэтэл хад чулуун дээр манай өвөг дээдэс бүх түүхээ зураад үлдээчихсэн байна. Түүнийг ганцхан унших л хэрэгтэй байна. Тиймээс унших гэж оролдож, цаг заваа зориулж явна. Мөн Чингис хааны тухай хэдэн ном бичсэн. Түүнийгээ үргэлжлүүлэн бичнэ. Атилла хааны тухай ч судалж байна. Эд нарыгаа л үргэлжлүүлэх бодолтой байна.

Уран зохиолын тал дээр ганц, хоёр ном орчуулах гээд бэлдэж байна. Франц-Алжирын Нобелийн шагналт зохиолч, гүн ухаантан, сэтгүүлч, жүжгийн зохиолч Альберт Камюгийн “Тахал” зохиолыг орчуулаад дууссан. Энэ жил л хэвлүүлэх санаа байна. Хийхээр төлөвлөсөн ажил олон байна. Хамгийн гол нь би өөрийнхөө сонирхсон, хийж чадна гэж бодсон юмаа л хийдэг юм. Түүнээс биш захиалгаар юм хийдэггүй. Хэрвээ надад үнэхээр сайхан санагдсан ном байвал орчуулж болно. Гэхдээ өөрийн хийх, бичих юм их байнаа. Түүнийгээ л уншигчдадаа хүргэх хэрэгтэй байна даа.

-Сүүлийн үед хүмүүс хуучны номыг унших нь багассан юм шиг санагддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нийгэм хөгжөөд өөр болж байна. Хуучны уран зохиолын номууд социалист реализмын чиглэлээр бичигдсэн, нэг хэвэнд цутгачихсан юм шиг гардаг байсан. Тиймээс орчин үеийн хүүхдүүд ойлгохгүй байж болно. Тухайлбал, аж байдлын сэдэвтэй зохиол гэхэд нэг намын дарга, нэгдлийн дарга гардаг. Нэгдлийн дарга нь жаахан юм мэддэг, намын дарга нь засдаг тиймэрхүү л зохиолууд байсан. Хувьсгалын зохиол гэхэд нэг сайн эр, нэг хүүхэн гардаг. Тэрийг нь нэг хужаа булаагаад авчихдаг. Тэгэнгүүт сайн эр нь шаралхаад хувьсгалд ордог тийм л зохиомжтой манай ихэнх түүхийн зохиолууд явж ирсэн. Тийм юмыг хүүхдүүд яаж сонирхох билээ.

-Тэгвэл орчин үеийн хүмүүс ямар зохиол сонирхоно гэж та бодож байна вэ?

-Одоо ер нь баримтат уран зохиолын юмыг л их сонирхдог болж дээ. Яг цэвэр уран зохиол гэхээсээ илүүтэйгээр. Гэхдээ үнэхээр сайн уран зохиол бас байнаа. Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” гэх мэт сайн зохиолууд байна.

-Сүүлийн үеийн зохиолчид түүхийн сэдвээр их бичиж байгааг та юу гэж бодож байна вэ?

– Өмнө нь түүхийн зохиолыг нэг хэвээр цутгачихсан юм шиг бичдэг байсан бол одоо бол хүмүүс чөлөөтэй сэтгэдэг болсон. Ардчиллаас олж авсан ганц ололт энэ дээ. Өөр юм бол байхгүй шүү дээ. Гэхдээ аль ч нийгэмд өөрийн ололт байхын хажуугаар дутагдал гэж байна. Миний номоо гаргаад ингээд явж байгаа нь ардчиллын л ач тус. Хэрвээ би социализмийн үед иймэрхүү номнууд гаргавал толгойгоо авахуулна шүү дээ. Уулыг тахих хэрэгтэй гээд бичих юм бол эсэргүү болно. Чингисийн тухай ярьж болдоггүй байсан. Гэтэл би чингисийн тухай хоёр гурван ч ном гаргалаа. Бүх юмны учир нь төр засгийг удирдаж буй хүмүүст л байгаа юм. Ард түмнээ бодож байна уу, монголоо хөгжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэгт л хамгийн гол нь байгаа юм шүү дээ.

-Та “Зуун жилийн ганцаардал” романыг орчуулсан. Энэ зохиолыг яагаад заавал сонгож авсан юм бэ?

-Энэ зохиол эх хэл дээрээ их төвөгтэй зохиол шүү дээ. Тиймээс монголчлоод амархан болгож болохгүй. Тухайн зохиолчын найруулга, үзэл баримтлал, бодсон санасан юмыг л гаргахгүй бол орчуулга хийгээд ямар хэрэг байх билээ. Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркесийн ганц классик зохиол нь энэ шүү дээ. Энэ зохиолыг орчуулах болсон шалтгаан бол өмнө нь хэлсэнчлэн тэр үед утга зохиол бүхэлдээ социалист реализмд баригдчихсан байсан. Тиймээс дэлхийн уран зохиол ийм болчихсон байна шүү гэдгийг л харуулах гэж энэ номыг орчуулсан даа.