Categories
мэдээ цаг-үе

Г.Аюурзана: “Сахиуст хангайн нууц” романдаа хошуу ноёныхоо хувь тавиланг бичсэн

Жоан Мирогийн бүтээлийн өмнө

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн овогт Гун-Аажавын Аюурзанатай хөөрөлдлөө.


-Л.Өлзийтөгс зохиолчийн бүтээл франц хэлээр гарсан гэж сонссон. Харин энэ тухай өөрөө ч энд тэнд ярьсангүй. Тийм болохоор хэвлэл мэдээллээр тодорхой зүйл алга. Та нарийн ширийн мэдээлэл өгөөч.

-Бельги, Голланд, Люскембург улсууд дахь манай ЭСЯ тэр номын нээлтээс өмнөх арга хэмжээг Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтарч зохион байгуулсан юм. Тэр тухай ЭСЯ-ныхаа вэб хуудсанд нийтэлж, түүнээс нь зарим нэг сайт, “UB Post” сонин авч мэдээлсэн байсан тул ахиж ярья ч гэж санасангүй. Товчоор хэлэхэд, “Аквариум: Өнөө цагийн монгол новеллууд” гэсэн нэртэй, Өлзийгийн хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн номуудаас түүвэрлэж авсан арван хэдэн өгүүллэгээс бүрдсэн ном. Хэвлэсэн газар нь улс орнуудын хүүрнэл зохиолоор ижил хэлбэр, хэмжээтэй цуврал ном гаргадаг юм билээ. Оросоос л лав Владимир Тендряковын “Олз”-ыг тэр цувралаар хэвлэсэн байна. 2015 онд уг зохиолоор хийсэн кино дуулиан тарьж байсан даа, хүмүүс мэдэх байх.

-Франц хэлээр хэвлэгдсэн монгол номын нээлтийг манай эСЯ зохион байгуулсан гэсэн үг үү?

-Номын албан ёсны нээлт Брюсселийн, Парисын гэсэн хоёр номын яармаг дээр болсон. Элчин сайдын яамных бол өөр ажил. Албан ёсны нээлтээс өмнө “вернисаж” хэмээх танилцуулга, бяцхан баяр хийдэг уламжлал байна. Бельги болон Франц улс дахь Монголын ЭСЯ тийм вернисажуудыг зохион байгуулсан хэрэг. Ам нээснийх уушги нээ гэгчээр, Өлзийгийн ном франц хэлээр хэвлэгдсэнтэй холбогдуулж сэтгэл тавин, сонирхолтой ажлууд бэлдсэн хоёр ЭСЯ-ны ажилтнуудад гүнээ талархаж байгааг энэ ярианд заавал оруулж дурдаарай. Эхний вернисаж дээр Элчин сайд О.Оч францаар нээлтийн үг хэлсэн нь тэнд цугласан гадаадынханд ч, бидэнд ч сайхан санагдсан. Ном хэвлэгдсэн хэлийг хүндэтгэсэн, их утга учиртай хэрэг л дээ. Харин Франц улсад суугаа Элчин сайд М.Батсайхан өөрийн багаа маш мундаг хөдөлгөж, мартагдахааргүй сайхан баяр зохиосон. Урьд нь жирийн уран бүтээлч бидэнд Элчин сайдын яамд их л холын, тусгай газар мэт санагддаг байлаа. Харин одоо өөр болжээ. Европ дахь Элчин сайдын яамд дандаа оюунлаг сайхан залуусаар хүрээгээ тэлсэн байна. Монголын гадаад сурталчилгааг зөвхөн аялал жуулчлал, хөрөнгө оруулалт төдийхнөөр харж байсан цаг өнгөрч, уран бүтээл, оюуны соёлыг анхаарах болсныг дээрх хоёр Элчин сайдын яамны ажилтнуудын хандлагаас мэдэрсэн.

-Дэлхийн хэмжээний номын яармаг гэхээр их л онцгой сонсогдож байна. Яг юу юу болох юм бэ дээ?

-Брюсселийн номын яармаг бол франц хэлт орнуудын хэвлэлийн ертөнцийн хамгийн том үзэсгэлэн. Франц, Бельги, Люксембург, Швейцарь, Канадын аль л нэртэй хэвлэлийн газруудын тухайн жилийн гол гол хэлцлүүд энд хийгдэж, сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулж, шинээр гарч буй номуудынхаа нээлтийг хийдэг, маш чухал арга хэмжээ тул оролцдог шалгуур нь нарийн, төлбөр түрээс нь харьцангуй өндөр гэсэн. Прүст, Сартр, Камюгийн номуудыг дэлхийд анх түгээсэн алдарт “Галлимар” хэвлэлийн газар хамгийн төв хэсгийн, хамгийн том зайг эзэгнэн, дөрвөн хэсэг асар засч, хэвлэсэн номуудаа төрөлжүүлэн танилцуулж байсан нь аргагүй ялгарч байв. Яармагийн талбай нь манай “Мишээл-Экспо”-рхуу, үзэсгэлэнгийн зориулалтын том байшин. Хэвлэлийн газар бүрийн асрын үүдээр зүгээр л хараад өнгөрөхөд дөрөв, таван цаг алхахаар. Мэдээллийн самбарт номын яармагийн зургаан өдрийн хөтөлбөрийг жагсааж, аль хөтөлбөр хаахна болохыг нарийн заасан байна. Хамгийн сонирхолтой нь, энэ эгнээнд хэвлэлийн газрууд байна, энэ эгнээнд уулзалт ярилцлагууд болох нь, энэ эгнээ мэдээллийнхнийх гэж тоймлох ямар ч аргагүй. Нэг булангийн том танхимд зохиолч-уншигчийн уулзалт болж байхад, цаахна нь номын нээлт, ахиад нэг тийш эргэхэд комик номын баяр, нөгөө талд нь зурагтын бичлэг явагдаж байх жишээтэй. Өлзийгийн номыг танилцуулах арга хэмжээний товыг онцгойлсон зарлал гэдэг том самбар дотор тодоор зурж тавьсан байсан. Бас номын орчуулагч Р.Мөнхзул “Ховор хэлний орчуулагчид” гэсэн дугуй ширээний ярилцлагад литва, македон зэрэг хэлний орчуулагчидтай хамт оролцсон гээд бодохоор Брюсселийн яармаг монгол ном францаар гарсан явдалд их ач холбогдол өгсөн байгаа биз. Яармагийн гол танхимд Өлзий Бельгийн хамгийн том радио “La Prem1ere”-д үзэгчдийн өмнө шууд ярилцлага өгсөн. Дидье Мелон гээд их алдартай сэтгүүлч хөтөлсөн болоод ч юм уу, тэр ярилцлага маш сайхан болсон.

-Парисын номын яармаг гэдэг нь Брюсселийнхээсээ арай бага юм уу?

-Хамарч буй талбай, оролцож буй хэвлэлийн газруудаар нь жишихэд бол бага биш. Бүр Хятад, Япон, Орос, Тунис, Марокко, Алжир гээд маш олон орон тусгай асрууд засчихсан байгааг харахад илүү том ч юм шиг санагдсан. Гэхдээ нэр хүндээрээ Брюсселийнх нь илүү. Францчууд номын яармаг дээр хүүхдүүдээ их дагуулж ирэх юм. Хаа сайгүй хүүхдүүд гүйлдэж, нас насанд нь тохирсон номуудыг эцэг эх нь авч өгч, зохиогчдоор нь хүүхдэдээ зориулсан үг бичүүлж, бүр гэр бүлийн баярын хэмжээнд номон дундуур зугаалцгааж яваа нь их сайхан санагдсан. “Аквариум” номыг гаргасан хэвлэлийн газрын зүгээс Парис дахь номын нээлттэй холбогдуулж маш олон уулзалт, ярилцлага төлөвлөсөн байна лээ. Найм, есөн өдөр дараалсан арга хэмжээтэй байсан гээд бод доо. Өлзий бүр шөнийн, анархист радиод хүртэл яриа өгсөн шүү. Төр засгийг шүүмжилдэг тул нууц байртай, гаднаа хаяггүй, гэхдээ их олон сонсогчтой, өвөрмөц радио байна лээ. Ярилцлага авч байгаа сэтгүүлчдийг нь үнэхээр хүндэлсэн. Маш мэдрэмжтэй. Сэтгүүл, сонин, радиогийн арав гаруй хүн яриа авахад бүгд л Өлзийгийн номыг маш нягт нямбай уншсан байсан нь гайхалтай. Манайд бас гардаг “TV-5 Monde” телевизийн сурвалжлагч л гэхэд Өлзийгийн номыг уншаад, дараа нь Монголын нийгэмд ямар асуудал зонхилдгийг судалж үзсэн байсан. Ярилцлагад тэгж бэлддэг сэтгүүлч манайд бол цөөхөн.

-Ингэхэд, та хоёр яг хаа хаана зочлоод ирэв. Явсан газрын сонин их биз?

-Хоёр яармагийн дунд арваад хоногийн чөлөө гарсан тул бид эхлээд Бельгиэс Холланд явсан. Дараа нь Францаас Испани, Итали гэхчилэн тойрч аялсаар нутагтаа ирлээ.

-Дэлхийн алдартай урлагийн музей, галерейгаар их оров уу?

-Ер нь бол очсон хот бүрийнхээ урлагийн гол гол бүх музейг дуусгасан л даа. Амстердамын Стэдэлик, Парисын Помпидоу, Брюсселийн Магритын музей, Барселоны Мирогийн сан, Ромын Форум, Ватиканы музей юу юунаас илүү сэтгэгдэл төрүүлсэн.

-Нэг хотод дунджаар хэдэн музей, галерейд очиж байв?

-Олон шүү. Нэлээд хотуудад бүх музейг үзэх эрхтэй Арт-паспорт гээд нэгдсэн тийз аваад явсан болохоор бүгдийг амжуулахаас өөр аргагүй байлаа. Зарим өдөр гурван музей үзэж амживч, зарим өдөр нь нэг музейгээ ч барахгүй байх жишээтэй. Барселоны MACBA-СССВ хэмээх орчин үеийн урлагийн музейд бүр хонохоо шахсан. (инээв) Ер нь Барселон бол тэр чигээрээ урлаг болсон хот. Санаандгүй салхилж явтал гэнэт өмнө Гаудигийн барьсан байшин таарна. Үнэхээр гайхамшигтай. Тэнд долоо хоног төлөвлөж очоод, дөрвөн хоног сунгасан шүү.

-Зохиолч хүнтэй уулзсаных шинэ бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Саяхан хэвлэгдсэн “Сахиуст хангайн нууц” романд юун тухай өгүүлдэг бол?

-Яг ийм үйл явдал гардаг, тийм зүйлийн тухай ном гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвөг дээдсийнхээ олон үе аж төрсөн Хангай нутгийн тухай, тэр нутгийн онцлог, хүн зоны ер бусын өвөрмөц хувь заяаны тухай хошууныхаа сүүлчийн ноёноор гол дүр болгож бичсэн, ерөнхийдөө сэтгэлзүйн ч гэх юм уу, хүний дурсамж, дотоод ертөнц рүү өнгийсөн зохиол.

-Та хошууныхаа сүүлийн ноёны тухай бичлээ гэлээ. Би бас эрдэнэ засаг Жамьян вангийн хошууны хүн л дээ. Танай хошууны сүүлчийн ноён Пүрэв гүн хожим Бөмбөгөр ногоон театрт нэрээ нууцлаад хөгжмийн багш хийж байсныг нутгийнхан хараад таньсан гэдэг. Бүр алдарт Түдэв хуурчийг Пүрэв гүн гэх хүн ч байдаг юм билээ. энэ яг бодит түүх үү?

-Пүрэвжав ноён Бөмбөгөр ногоон театрт хөгжмийн багш явсан нь үнэн түүх. Нэрээ нуугаагүй ээ, Пүрэв гүнээрээ л явсан. Пүрэв, Түдэв хоёр нэр ойролцоо, хоёулаа гүн хэргэм зэрэгтэй, бас манай ноён морин хуурыг ч сайн тоглодог байсан тул анх пянз гарч “Дорждагва дуулж Түдэв хуурдана” хэмээн зарлахыг сонсоод хүмүүс “Манай хөгжимч ноён нэрээ сольчихож” гэлцсэн юм шиг билээ. Түдэв гүн чинь одоогийн Дашинчилэн хавийн ноён шүү дээ.

-Ятгаар уртын дуу дарж, уйлуулж дуулуулдаг байсан сүүлчийн хүн гэж та ярьсан байна лээ. Одооны алдарт ятгачид маань гомдчихгүй байгаа?

-“Ятгаар уртын дуу тоглох боломжгүй, ганцхан Пүрэв гүн л чаддаг байсан” гэж алдарт уртын дууч Дорждагва агсан яруу найрагч Жамцын Бадраа гуайд ярьсан байдаг юм. Тэр хоёр мундаг хүний хөөрөлдөөнд тэгж онцгойлсныг бодоход хосгүй ятгачин байсан нь ямар ч эргэлзээнгүй.

-Пүрэв гүний хошууны ихэс дээдсийн бунхант шарилууд одоо ч Гурванбулаг сумын Шарилын Нарийн хамар гэх газар бий. Тэнд очиж үзэв үү?

-Очилгүй яахав дээ. Би чинь гурван настайгаасаа л зун болмогц Гурванбулаг явдаг байсан хүн. Эмээ сэрүүн уулын хүн тул аймгийн төвийн халуун зуныг тэвчдэггүй байж. Тэгээд л намайг аваад замын машинд суугаад л Хангай руугаа явна. Намайг анх ухаан ороход л, би ачааны машины бүхээгт эмээгийн өвөр дээр суучихсан, халамцуу жолооч ардын дуу дуулчихсан, хажуугийн цонхоор том том гол байсхийгээд л харагдаж, гол бүрт машин суучихсан байсан санагддаг. Зургаа, долоон нас хүрэхдээ тээврийн жолооч нарын дуулдаг том хүний дуунуудыг андахгүй мэддэг болчихсон байлаа шүү дээ. (инээв) Гурванбулаг руу тэр үед зуур хонож хүрдэг, ямар ч байсан хэдэн дуу сурчихаар, тийм л урт зам байсан юм даа.

-Та хошууныхаа сүүлчийн ноён Пүрэв гүний тухай бүтэн роман бичлээ. Түүнээс ч дутахгүй нэг алдартай ноён бол халх даяар “Мэргэн Жа гүн” хэмээн алдаршсан хүний тухай зохиол бичих бодол байгаа юу?

-Мэргэн Жа гүний бунхан одоо Шарилын бэлд байгаа шүү дээ. Ач хүү нь Сэцэн гүн, Сэцэн гүний хүү нь Дархан ноён. Пүрэв гүн бол Дархан ноёны хүү юм. Энэ ноёдын тухай миний романд байгаа, байгаа.

-“Сахиуст хангайн нууц” романы зургуудыг охин тань зурлаа гэсэн. Мэргэжлийн зураач юм уу?

-Юуных нь мэргэжлийн зураач байх вэ. Дунд сургуулиа л төгсөж яваа нялх амьтан. Гарын дор юм болохоор, аав нь охиноо л зарж байхгүй юу.

-Гэргийн тань ном франц хэлнээ гарсан нь үнэхээр сайхан явдал болж. Таны бүтээлүүдийг гадаадын аль нэг хэлэнд орчуулъя гэсэн санал аль хэр ирэв?

-Яригдаж байгаа, явагдаж байгаа ажлууд мэр сэр бий. Орчуулагдаж гарсан ном ч цөөнгүй бий. Тоочоод яахав, зарим нь гайхууллаа гэж бодно. Бид хоёр мөрөөрөө л шүлэг зохиолоо бичээд амьдарч яваа хүмүүс. Сэтгүүлчид шалаад байхаар нь ярилцлага өгчихөөр гайхуулсан болчих гээд. Өөрөө сэтгүүлч байсан болохоор хамт ажиллаж явсан хүмүүстээ үгүй гэж хэлж чадахгүй юм.

-Та “Яруу найргаас зодог тайлж байна аа хө” гэж надад ярьж байсан. Одоо шүлэг найраг туурвиж байна уу?

-Тийм яриа өгснөөс хойш ганц хоёр шүлэг бичсээн, бичсэн. Гэхдээ л хамаг сэтгэлээ хүүрнэл зохиол руу тавьж сууна даа.

-Ардын дуунд гардаг “Хөглөг хангай” нутаг тань одоо таны бүтээлээр “сахиуст хангай” боллоо. Нутагтаа ойрд очихоор товлож байгаа юу?

-Сахиуст хошуу гэдэг нэр бол бүр эртний юм аа. Одоо хэр тэр гурван суманд л сахиус гэж байна. Нууц нь тайлагдаагүй, зөвхөн тэр халзан Хангайн уулстай холбоотой, нарийн учиртай эд шүү. Романыг минь уншсан хүмүүс гайхах л байх. Тэр түвдүүдийн ярьдаг, лам нарын түгээмэл ойлголтын сахиусаас тэс ондоо. Гэхдээ үнэн нь л тэр. Манай Хангайн оюун сүнс гэж үнэхээр бий шүү. Нутагтаа очихын хувьд бол байнга л явдаг. Зун болмогц л Баянхонгор минь, Номгон уул минь, Түйн гол минь бодогдоно, аймагт очмогц л Хөх нуур санагдана. Манай тэр нуур ч газарт тунасан гайхамшиг даа. Усных нь амтыг яана.

-“Хэвтрийн хүн” тууж тань найруулагч Бямбын найруулгаар дэлгэцийн бүтээл болж байгаа гэл үү?

-Болох нь ээ. Каннын кино наадмын том сангаас дэмжсэн байна лээ. Бямбаа ахдаа амжилт хүсье.

-Таныг кино зохиолч Хөгөлбөө Хүчитхар агсны бүтээлийн чуулганыг эмхэтгэн гаргаж байгаа гэж сонссон?

-Үгүй ээ, Хүчээгийн ах, “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Х.Лхагвасүрэн эмхэтгэж цэгцлээд гаргахаар ажиллаж байгаа. Би зүгээр л өмнөх үг бичсэн.


Categories
мэдээ цаг-үе

Т.Хүрэлбат: Б.Содномдаржаагаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авахдаа ТЕГ-ынхан бичлэг хийсэн байна лээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Удахгүй Улсын дээд шүүхэд дээрх хэрэгтэй холбоотой шүүх хурал болно. Анхан, давж заалдах шатны шүүх хурлын талаар болон сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Шүүхийн шийдвэрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гээд байгаа хэргийг улсын нууцад хамааруулах асуудал байгаа юм уу гэдгийг бидний зүгээс холбогдох газруудад давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө удаа дараа тавьсан. Өмгөөлөгчийн зүгээс “Энэ хэргийг улсын нууцаас гаргахгүй юм байна. Хавтаст хэрэгт улсын нууцад хамаарах зүйлс авагдсан байна” гэж бидэнд хэлсэн. Бидний хувьд улсын нууцад хамаарах зүйлсийг нууц чигээр нь үлдээе. Хамгийн гол нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гээд гурван хүнийг бариад ирчихсэн байгаа. Монголын ард түмэнд улсын нууцад хамаарах хавтаст хэрэгт авагдсан зүйл сонин биш. Хамгийн гол нь энэ гурван хүн үнэхээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн нь үнэн юм уу гэдэг нь чухал. Хүний амь нас хөнөөсөн үү, үгүй юү гэдэг асуудал тэр төрийн нууц гээд байгаа зүйлд ямар ч хамаагүй зүйл. Бидний хувьд Монголын ард түмэнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар С.Зориг агсны амь насыг үнэхээр хөнөөсөн юм уу эсвэл хэлмэгдээд байгаа юу гэдгийг харуулахыг хүсч байсан. Гэвч бидний тавьсан саналыг хүлээж авахгүй, үгүй гээд байгаа юм. Давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрсний дараа Ж.Сандагсүрэн гээд прокурор телевизээр энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ярьж байна лээ. Ерөнхийлөгчөөс ирсэн албан бичиг үзүүлж байсан. Тэр албан бичигт танай удирдлагаас гаргасан саналын дагуу гэж эхэлж байна лээ. Тэгэхээр ТЕГ Ерөнхийлөгчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар санал гаргасан болж таараад байна. Төрийн нууцын тухай хуулийн 21.4-т заасныг үндэслэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн төрийн нууцтай холбоотой хэсгийг журмын дагуу ил болгоно уу гэсэн байгаа юм. Гэтэл Ж.Сандагсүрэн гэж прокурорын яриад байгаа зүйл нь юун төрийн нууцад хамаарах вэ. Зүгээр л тэгж алсан, тэгж хутгалсан гэх асуудал яригддаг. Хэн ч харсан тэр яриад байгаа зүйл нь төрийн нууцад ямар ч хамааралгүй зүйл биз дээ. Энэ бүгдээс харахад төрийн нууц гэсэн нэрийн дор өмгөөлөгчийг үг дуугаргахгүй, хүчээр энэ хэргийг гурван хүнд үүрүүлж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

-Ж.Сандагсүрэн прокурорын хийсэн мэдэгдэлд гэмт хэрэгтнүүд хэргээ хүлээсэн бичлэг хүртэл үзүүлсэн. Б.Булганыг хуулийн дагуу гэрчээр оролцуулаагүй гэж ярьсан?

– Прокурор Ж.Сандагсүрэн, Б.Булганыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гэрчээр орох боломжгүй гэдгийг хэлсэн. Гэтэл Б.Булганыг энэ хэрэгт огт хамаагүй юм байна гээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байгаа. Гэтэл Ж.Сандагсүрэн прокурорын гаргаж ирсэн баримт ярианд хэрэг гардаг өдөр гэмт хэрэгтнүүд Б.Булгантай юм яриад гэрт нь сууж байсан. Гэрт нь хоол идэж тамхи татсан, будаатай аяганд тамхиныхаа ишийг хийсэн гэж яригдаад байгаа. Тэгвэл хэн ч харсан энэ хэрэгт Б.Булган хамаатай болж таарч байгаа биз дээ. Ж.Сандагсүрэн прокурор Б.Булганыг гэрч байлгахгүй байх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.1-т гэрч гэж хэргийг харсан, үнэн зөвөөр харсан хэрэгт холбогдолгүй хүнийг хэлнэ гээд тодорхой заачихсан байдаг. Гэтэл Б.Булганыг яагаад гэрчээр аваагүй юм бэ гэхээр энэ хэрэгт холбогдуулж шалгасан гээд байдаг. Тэгсэн холбогдуулж шалгаад хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Тэгэхээр дахиад энэ хэрэгт холбогдолгүй болчихоод байгаа биз дээ. Тэгэхээр Б.Булган гэдэг хүн гэрч хэвээрээ байгаа гэсэн үг шүү дээ. Хэн ч харсан маш тодорхой асуудал. Хэргийг шалгаж байгаа хууль хяналтынхан энэ хэргээс юуг нь ялгаж аваад, юуг нь шалгахгүй үлдээгээд байгаа юм бэ. Эндээс эхлээд бөөн эргэлзээ, ойлгомжгүй байдал харагдаад байна.

-МҮОНРТ-ийн мэдээгээр Ц.Амгаланбаатар “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн. Тэдний ванны өрөө нь тийм байсан” гээд маш тодорхой ярьсан. Мөн Б.Содномдаржаа ч үйлдсэн хэргийнхээ талаар ярьж байгааг бичлэгээр харуулж байсан шүү дээ?

-Ц.Амгаланбаатар гэдэг хүний ярьж байгаа зүйлсийн талаар Ж.Сандагсүрэн прокурор “Тухайн үеийн нөхцөл байдлыг сэргээж шалгахад хэний ч мэдэхгүй ванны өрөөний засвар хийж өөрчлөгдсөн байгааг хэлсэн” гэж яриад байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хэний ч мэдэхгүй асуудал биш шүү дээ. 20 гаруй жил ванныхаа өрөөг засахгүй айл гэж байхгүй. Дээрээс нь аймшигт хэрэг гарсан газарт засвар өөрчлөлт хийхгүй байгаад байна гэж байх уу. Энэ бол хэний ч мэдэхгүй асуудал биш. Ингээд л эхнээсээ худлаа болж таараад байгаа байхгүй юу. Мөн Ц.Амгаланбаатарыг нэг газарт аваачаад яриулаад байгаа. Тэгвэл бичлэг хийсэн газар нь Б.Булганы өрөө гэдгийг хэн батлах юм. Үүнийг ганцхан прокурор батлаад яриад байна. Б.Содномдаржааг 2015 оны наймдугаар сарын 31-нд барьж хорьсон. Ингэхдээ долоо хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй таг дарчихсан. Түүний ар гэрийнхэн долоо хоногийн дараа л Төв аймгийн мөрдөнд хорьсон байна гэдгийг олж мэдсэн байдаг. Үүний дараа өмгөөлөгч авах гэж нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хооронд Б.Содномдаржаагаас байцаалт авсан байдаг. Тагнуулынхан өмгөөлөгчгүй байцаалт авахдаа юу л бол юуг хэлүүлж чадна шүү дээ. Ж.Сандагсүрэн прокурорын хэрэг авагдсан баримт гээд байгаа юм. Тэр баримт бүхий бичлэг дээр өмгөөлөгч огт харагдахгүй байгаа биз. Уг нь хуулийн дагуу өмгөөлөгч хажууд нь сууж байхад хэрэгтэй холбоотой мэдүүлэг авах ёстой. Тэгсэн харанхуй өрөөнд ганцааранг нь дарамталж байгаа бичлэг хийчихсэн байдаг. Шударга, ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй. Үүнийг хэргийн баримт болгож байгаа бол прокурор энэ асуудал дээр тайлбар хийх ёстой. Яагаад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсныгаа баримт болгоод байгаа юм. Ийм ноцтой асуудал байгаад байна. Энэ хэргийг хурдхан илрүүлсэн болоод маш хурдан хаах сонирхолтой хүмүүсийн жүжиг гэдгийг шууд хэлмээр байна. Үнэхээр л баримт дэлгэж байгаа бол шүүх хурал дээр хэрэгт холбогдоод байгаа хүмүүс хохирогчийн өмгөөлөгч, өөрийнхөө өмгөөлөгч, шүүгч нарын өмнө хэргээ хүлээж байгаа бичлэгийг л олон нийтэд харуулчих л даа. Шүүх хурал дээр үйлдсэн хэргийнх нь талаар яриулдаггүй. Тэгсэн мөртлөө тусгай өрөөнд өмгөөлөгчгүй суулгаж байгаад хийсэн бичлэгээ үзүүлээд байдаг нь их сонин байгаа юм. Энэ хэргийн шүүх хурлыг хаалттай хийгээд байгаагийн цаад сонирхол нь маш хурдан шүүхээр оруулаад хэргийг хаах. Ийм л сонирхол энэ хэргийн ард нуугдаж байна.

-Ам зураг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай адилхан байсан.

-Ам зургийг Б.Булганы хэлснээр дахиад шинээр зуруулчихсан байгаа юм. Тэр зураг нь 1998 онд хэрэг гарахад огт байгаагүй. Тухайн үед байхгүй байж байгаад яагаад гэнэт гараад ирдэг юм. Хэрэг гарсны дараа гэмт хэрэгтнүүдийн ам зураг гээд намхан өндөр хоёр хүний гараар зурсан хар зураг анх гаргаж, олон нийтэд дэлгэж байсан. Гэтэл сүүлийн үед гаргаж ирээд байгаа зураг нь хөрөг зураг шиг маш тодорхой адилхан зураг байна лээ. Тэр адилтгаж харуулаад байгаа зураг нь манай дүүгийн 1988 онд Дорноговь аймгийн Хөгжимт бүжгийн театрт шинэ жилээр авахуулсан зураг байсан. Гэтэл хэрэг гарахаас арван жилийн өмнө авахуулсан зурагтай, одоогийн гаргаж ирээд байгаа зураг хоёр усны дусал шиг адилхан байгаа биз дээ. Үнэн хэрэгтээ ТЕГ-ынхан манайд нэгжлэг хийхдээ бүх зургийг хурааж аваад явсан. Тэгээд энэ зургийг харуулж байгаад л зуруулчихсан байдаг. Түүнээс хэрэг гарсны дараа ам зургаар зуруулсан зураг биш гэдгийг хэлмээр байна. Энэ хэрэгтэй холбоотой өөр нэг асуудал нь захиалагчтай гэх асуудал байгаа. Ямар толгой нь хамуурчихсан нөхөр 16 настай хүүхэд, гурван хүүхэдтэй хүүхэн, арьс шир цуглуулдаг залуу, малчин хүнээр хүн алуулах юм бэ. Тэр хэд нь С.Зориг агсныг хөнөөх, ямар шаардлага хэрэгцээ байсан болж таарч байна вэ. Зүгээр л нэг хүн энийг хөнөөгөөд өгөөч ээ гэхээр нь дөрвөн талаас цуглараад төрийн сайдыг хөнөөсөн болж байна уу. Эдийн засгийн хөшүүрэг байсан тохиолдолд ямар ч хүн ноцтой хэрэг үйлдэнэ биз дээ. Тэгэхээр захиалагч нь мөнгө төгрөг өгсөн юм уу, гэхээр 17 жилийн турш энэ дөрвөн хүний нэгнийх нь ч амьдрал өөдөлж дээшилсэн зүйл байхгүй шүү дээ. Манай дүүгийн амьдрал байх байхгүйн зовлон дунд өнгөрсөн. Нэг ч удаа үнэтэй зүйл авчихсан байхыг нь хараагүй. Гэр бүлээрээ шатаж амь насаа алдсан залуу ч гэсэн зэс, гууль худалдаж аваад цааш нь борлуулж амьдралаа болгодог байсан. Ц.Амгаланбаатар ээжийгээ амьд байхад нь гэрээ хүнд зараад зогсож байсан хүн. Хэрэв хүний амь нас захиалгаар хөнөөгөөд мөнгө авсан бол тэд ядуу тарчиг амьдрахгүй байсан биз дээ.

-Гэр бүлийн дөрвөн хүнийг гэрт нь шатаасан хэрэгт холбогдоод байгаа?

-1998 онд Цагдаагийн даргаар ажиллаж байсан Д.Мөрөн гэдэг хүн энэ хэрэг гарсны дараа Засгийн газарт мэдээлэл хийсэн байдаг. Гэмт хэрэгтнүүд хоорондоо шоронгийн хэл яриагаар ярьж байсан гэж хүртэл хэлсэн байдаг. Гэтэл одоо шалгагдаж байгаа хүмүүс шоронгийн яриагаар ярих хүмүүс биш байсан. Гурван хүүхэд гаргасан эмэгтэй, 16 настай хүүхэд, зэс гууль цуглуулдаг залуу, хөдөө малын өвс тэжээл гээд явж байсан залуу хэргийг үйлдсэн гээд байгаа. Ийм хүмүүс шоронгийн яриагаар ярих уу. Тухайн үед хоёр хүн хэрэг үйлдсэн гээд ам зураг гаргасан байдаг. Гэтэл одоо дөрвөн хүн болчихоод байна. Гэтэл энэ хэргийг сүртэй болгож, энэ хүмүүсийг аймшигт алуурчин гэж олон нийтэд ойлгуулахын тулд цахилгааны асуудлаас болж гэр бүлээрээ шатсан айлыг энэ хүмүүс хөнөөсөн болгож байна. Галын шинжээчийн гаргасан дүгнэлтээс баримт бүх зүйлс тодорхой байдаг. Прокурорын ерөнхий газрын дарга М.Энх-Амгалангаас асуумаар байгаа юм. 2006 онд Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн гаргасан галын дүгнэлтийг та юу гэж үзэж байгаа юм. Яагаад бүхэл бүтэн галын дүгнэлт нь байсаар байхад бүр Засгийн газрын хуралдаан дээр худлаа ярьж байгаа юм. Дээрээс нь энэ хэрэг улсын нууцад хамаарах хэрэг гээд байхад яагаад нууц задруулсан юм бэ. Эдгээр асуултад албан ёсоор хариулахыг шаардаж байна.

-Ц.Амгаланбаатар шоронгоос гар утас ашиглаж мессэж бичсэн гэх асуудал байдаг. Үүнийг хууль хяналтынхан шалгасан уу?

-Энэ асуудлыг огт шалгахгүй байсаар өдий хүрч байна. Шоронд байгаа Ц.Амгаланбаатарт хэн утас өгсөн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын утасны дугаарыг хаанаас олж авсан. Айлган сүрдүүлж мессэж бичих болсон шалтгаан юу юм бэ гээд энэ талаас нь хөөх зүйл их байдаг. Шоронд гар утас битгий хэл баргийн юм оруулж болохгүй биз дээ. Манай дүү рүү Ц.Амгаланбаатар бичиж байсан зүйлсээр өнөөдөр хэрэг мөрдөгдөж, шүүх хурал нь болж байна. Ц.Амгаланбаатар гэдэг хүн зургаадугаар ангийн боловсролтой, мессэж бичих чадваргүй хүн. Ц.Амгаланбаатараар мессэж бичүүлээд туршаад үзэхэд асуудал тодорхой болно. Мөн манай дүүгийн хүүхэд Эрдэнэт хотод тийм өнгийн хувцастай, хаана явж байгааг шоронд байгаа Ц.Амгаланбаатар яаж мэдээд байгаа юм. Үүнийг шалгаж тогтоох ёстой. Тэгэхээр мөрдөн байцаалт худлаа, дээрээс нь прокурорууд нь цаанаасаа үүрэг даалгавартай зүйл хийсэн гэдэг нь маш тодорхой байгаа. Хэрэв тийм биш юм бол үүнийг шалгаж тогтоох ёстой биз дээ.

-Та бүхэн Т.Чимгээтай давж заалдах шатны шүүх хурлын дараа уулзсан уу?

-Уулзсан. Ар гэрийнхэн нь бүгд уулзсан байгаа. Уулзахаар уйлаад л байдаг юм. Надад “Би хүн алаагүй. Хүн алаагүй гэдгээ бодохоор л эндээс гараад явчихмаар байна” гэж хэлээд уйлсан. Миний дүүгийн хувьд хилс хэрэгт гүтгэгдэж хэлмэгдээд маш хэцүү байдалтай байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар газрын тэнэгүүдийг ганц ганцаар нь байлгадаг хуультай

Монголд урин дулаан цаг хэдийнэ иржээ. Улаанбаатарын гудманд улиасны унгирал хийсч, хаа сайгүй навч цэцэгсийн анхимал үнэр ханхлах диваажингийн улирал айлсаж байна. Их хотын үдшийн намууханд зөөлөн салхи сэвэлзэхийн тоолонгоор нялх ногооны үнэр сэнхийж сэтгэлийн цэнгэл амсуулах нь таатай. Үүрийн өмнөхөн бороо орж, гудамж талбай нүүрээ угаасан юм шиг гялалзаж гялтганаад, үүлээ хөөсөн тэнгэрийн дор хүмүүн гэгч дэндүү жаргалтай. Хахир хатуу өвлийг мартагнан, суунагласан хар утаанаас салж цээж тавирах урин цаг гэдэг монголчууд бидэнд бурхнаас илгээсэн бэлэг юм. Охид бүсгүйчүүд маань нимгэн дэгжин хувцаслаж, үзэсгэлэн төгөлдөр алхлах нь сайхан. Улаанбаатарын зүсээ гоодсон сүйт бүсгүй шиг ийм л ер бусын тансаг орчин, диваажингийн цагтай цуг монгол архичдын цугладаг сезон, шизо хоёр эхлэх нь аймшигтай.

Цэлмэг хөх тэнгэрийг гэнэт нэвсийлдсэн хар үүлс бүрхэх мэт сэтгэлд уй гуниг төрнө. Амьтад ичээнээсээ гарч ирэх шиг архичид ноолорсон үүрнээсээ өрвөлзөн өндийцгөөж байна. Архичдын үй олон бүлэг түрүүчээсээ гарч ирээд улаа үзсэн том хар шувууд адил эргэн тойрноо хорслын нүдээр ширтэж пөөнийлдөн сууцгаах ажээ. Багшийн дээд, Цирк, Урт цагаан, Зуун айл, арваннэгдүгээр хороолол, Бөхийн өргөө, Баянзүрх зах, гурав, дөрөвдүгээр хороолол, Хар хорин зах, Сонгинохайрхан дүүрэг, Хангай зах, Төмөр зам, Барс зах, ХанУул дүүрэг, хуучин Цагаан хаалга, Баянзүрх дүүрэг, Да хүрээ, Улиастайн орчим гээд архичдын маш олон бүлэглэл бий. Үндсэндээ Улаанбаатар хотод архичдын бүлэглэлгүй дүүрэг бүү хэл, хороо ч байхгүй гэхэд болно.

Уранхай ноорхой хувцастай архичин тэнүүлчид архиа хувааж ууж, энд тэндхийн хогийн цэгээс түүж олсон хоолоо хувааж идээд гудамж талбайд газар сайгүй архайлдан хэвтэцгээж байна. Тэднийг ажихад цөөвөр чонын сүрэг хооллосныхоо дараа санаа амгалан нарлаад хэвтэж байгаа юм шиг харагдах нь бий. Үнэхээр л Улаанбаатарын архичин тэнүүлчид байр байшингийн энгэр ээвэр газарт арван хэдүүлээ, хорин хэдүүлээ, хамгийн багадаа гэхэд долоо наймуулаа бөөгнөрөлдөн хэвтэнэ.

Эргэн тойрноо улаан нүд эргэлдүүлэн харах тэд маш аюултай. Ойр орчимд яваа хүмүүсийг хоргоож, үг өдөж, үг сөрж, араас нь элдэв дээдээр хэлж доромжилно. Хамгийн гол нь охид бүсгүйчүүдийг айлгаж ичээж, сэтгэл зүйн гүн “шок”нд оруулж байна. Гоё ганган охидын хормой хотыг сөхөх, бөгсийг нь барьж бах таваа хангах, мэдээж үгэнд нь ороогүй, ойртохоос огиудас нь хүрч буй нэгнийг завхай зайдангаар дуудаж, тухайн газар орчинд нүүрээ хийх газаргүй болгон доромжлох нь энүүхэнд.

Гэвч эдгээр адгийн шааруудад Монгол Улсын ямар ч хууль дүрэм үйлчилдэггүй нь хамгийн аюултай. Архичин тэнүүлчдийг боль гэж зандарч загнах хүн байхгүй. Тэдэнд үг хэлж ойлгуулах нь байтугай ойртохоос сэжиг хүрч, айн жигшдэг байх л даа. Баривчлаад ямар ч ашиггүй, үр дүнгүй учир цагдаа нар зууралддаггүй. Зууралдлаа гээд хаана аваачих, ямар газар хорьж цагдах нь тодорхойгүй, үндсэндээ аваачих газаргүй учир зөнд нь орхидог. Монголын нийгэмд архичин, тэнүүлчин, хог түүж хооллодог ийм нэг дархлагдчихсан, хүн алж, хүчин үйлдэж юу ч хийхээс сийхгүй аймшгийн бүлэглэл бий болоод удаж байна.

Саяхан даа, Маршалын гүүрний тэнд хүн алаад цогцсыг нь шатаасан хэрэг гарсан. Гэр оронгүй, тэнэмэл архичид үйлдсэн нь тогтоогдсон. Энэ мэтээр тэнэмлүүдийн ил далд үйлдэж байгаа гэмт хэргийг баримжаалах аргагүй. Тэд урин дулааны улиралд шөнөөр баар цэнгээний газрын ойролцоо хэд хэдээрээ сүрэглэн явдаг. Учир нь баарнаас согтуу гарч ирсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон хүүхнүүдийг авч явж ноолорсон ноорхой оромж, байрнуудын орц хаа сайгүй аваачиж хүчирхийлдэг. Эргүүлийн цагдаа таарвал өнөө бүсгүйчүүд эрүүлжүүлэхэд очно, эс таарвал тэнүүлчдийн зугааг гаргаад өнгөрнө. Эдгээр нийгмийн шааруудыг одоо яах вэ. Энэ чигээр нь давраагаад, иргэдийнхээ амар тайван байдалд аюул учруулсаар байх уу.

Монгол Улс төртэй, хууль цаазтай. Архичин тэнүүлчдийн асуудлыг цэгцлэх зоримог алхам нэн даруй хийх хэрэгтэй байна. Яг энэ тал дээр дэлхий нийтийн туршлага ямар байдаг юм бол, гадны улс орнууд архичдаа яаж зохицуулдаг дүрэм журамтай юм бол гэдгийг гадагшаа явж ирсэн хүмүүсээс асууж, тэр талаар мэдээлэл цуглуулж үзлээ. Тухайлбал, Америкт баримталдаг дүрэм байна. Америк олон зуун сая хүн амтай болоод ч тэр үү, архичин тэнүүлчид олонтой байх нь дамжиггүй. Гэвч ердөө ганцхан дүрэмтэй ажээ. Архичдыг тэнэж болно, тухайн гудам хорооллын ойр орчимд амьдарч болно. Зөвхөн ганц ганцаараа байх ёстой гэх дүрмийг мөрдлөг болгон баримталдаг байна. Ганц цөөвөр ямар ч аюулгүйг америкчууд мэдэж байгаа. Мөн сүрэг цөөвөр ямар аюул хорлолтойг ч мэдэж байгаа.

Энэхүү хууль дүрэм ёсоор нэг газар хоёроос дээш тэнүүлчин бөөгнөрч, цуглаад ирвэл цагдаа шууд баривчилдаг байна. Хоёр болон түүнээс дээш архичин нэгдвэл тухайн орчинд дуу шуу гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэх, хэрүүл зарга хийж яршиг төвөг уддаг нь ойлгомжтой. Яг л манайх шиг ийм байдал үүсдэг учир хоёроос дээш хүн бөөгнөрч болохгүй гэх хатуу шаардлагыг тулгадаг ажээ. Хэрвээ хууль дүрмээ сахиагүй тохиолдолд тухайн архичинг тэнүүлчдийн байр гэж хоноглодог тусдаа газар аваачаад хорьчихно. Тэр газар нь өөрийн гэсэн чанга дүрэм дэглэмтэй, чадалтай нь чадалгүйгээ бүүрэлхэж дээрэлхдэг шоронгоос ч аюултай. Тэнүүлчдийн байранд баривчлагдаж хоригдохоос архичид нь шээсээ савиртал айдаг байна.

Ийм учраас Америкийн тэнүүлчид ганц ганцаараа байдаг. Нэг дор хоёр тэнэмэл нэгдвэл нийгмийг сүйдэлчихнэ гэдгийг тэд олон зуун жилийн туршлагаасаа ойлгож мэдэрчээ. Харин Монголд хорин тэнэг нийлчихээд хотыг маань баллачих гээд байна шүү дээ. Ганц ганцаараа байдаг архичид тухайн орчинд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, гаж буруу зүйл хийж хор уршиг учруулдаггүй нь амьдралын хуулиар баталгаажсан зүйл. Манай нийслэлийн удирдлага, хотын захиргаа, цагдаа сэргийлэхийн бүрэлдэхүүн Америкийн архичин тэнүүлчдээ ганц ганцаар нь байлгах хууль дүрмийг баримталж ажиллах хэрэгтэй байна. Тэнүүлчдийг хорьж цагддаг тусгай байр савтай болгомоор байна. Тэнд нь дэг журам сайтар мөрддөг, шоронгоос ч хатуу нөхцөлтэй байх нь зүйд нийцнэ.

Мөн олон нийтийн газар цуглан зах замбараагүй ил цагаан архидаж буй нөхдийг нийгмийн хэв журам зөрчлөө гэж албадан баривчлаад Улаанбаатарын гудамжны хогийг түүлгэж шийтгэх нь зөв. Хуучин 111 гэж баривчлах газар байсан, одоо байхгүй болсон. Хууль ёсны эдгээр арга хэмжээг авч хүн бүгдийг үүрэгжүүлж хариуцлагажуулахгүй бол бөөсөндөө баригдлаа гэдэг шиг Монгол Улс архичдадаа бүүрэлхүүлж дууслаа. Газар газрын тэнэгүүдийг ганц ганцаар нь байлгадаг хуультай юм билээ гэж бичээд байгаа минь ийм учиртай. Дэлхийн иргэншсэн орнуудын хагас мянган жилийн туршлага монголчууд бидэнд бэлээхэн байгаа гэдгийг эцэст нь сануулъя.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлал ёсоор даваа гаригийн дугаарынхаа эхний нүүрт “Танайд өнжье” булангаа хэвлэн хүргэж байна. Энэ удаад Чингис хааныг арав гаруй жил судалсан, Дандар баатрын хуурай дүү, дэд хурандаа Р.Равдандоржийнд өнжсөн юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай хийсэн ярилцлагыг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох” нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид СЕХ-нд бичиг, баримтаа хүлээлгэж өгсөн. СЕХ амралтын өдрүүдээр ажиллан хуралдаж хэнийг бүртгэхээ шийдсэн юм. Гэхдээ хэвлэл мэдээлэлд зарлаагүй тухайн намд нь шийдвэрийг хүргүүлсэн. Тэгвэл МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг СЕХ бүртгэж аваагүй бололтой. Энэ тухай улс төрийн тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

11 дүгээр нүүрнээс УИХ-ын баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг уншиж танилцаарай.

Түүнчлэн Зохиолч Б.Шүүдэрцэцэг болон хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа нартай хийсэн сонирхолтой ярилцлагыг шимтэн уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Э.Даваачимэг Азийн аварга боллоо

Энэтхэг улсын Дели хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах бөхийн чөлөөт барилдааны тэмцээнээс манай тамирчин алтан медаль хүртлээ. “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Ли Шин Хюг 4:0-ээр ялж, ийнхүү алтан медалийн эзэн болоод байна.

Categories
энтертаймент-ертөнц

​“Евровидение 2017”-д Португалийн дуучин түрүүлэв

Украины нийслэл Киев хотноо уржигдар “Евровидение 2017” дууны уралдаан болж өнгөрсөн билээ. Тэмцээнд Португал улсыг төлөөлөн оролцсон дуучин Сальвадор Собрал үзэгчид болон шүүгчдээс хамгийн олон санал авч түрүүлэв. Ийнхүү Португал улс анх удаа тус тэмцээнд тэргүүлж байгаа юм. Сальвадор нь 27 настай бөгөөд “Amar Pelis Dois” дуугаа дуулж үзэгчдээс хамгийн олон санал авсан байна.

Өнгөрсөн жилийн уралдаанд Украины дуучин Джамала түрүүлж байв. Энэ жилийн тэмцээнийг Украины Ерөнхийлөгч П.Порошенко үзэхээр төлөвлөж байсан ч Донбасст байдал нэлээд ээдрээтэй болсон тул үзэж амжаагүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга, М.Энхболд нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэлээ

Монголын Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргаад байна. СЕХ-ны шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарыг бүртгэж авсан байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ.

Categories
мэдээ улс-төр

​СЕХ хуралдаж дуусчээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, шийдвэрээ гаргаад байна. Хэвлэлийнхэн болон олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөхгүйгээр нам, намд нь шйидвэрийг хүргэхээр болоод байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хороог цагдаагийнхан хамгаалалтад авсан хэвээр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг маргааш бүртгэж дуусна

2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд зургаан настай 32623 хүүхэд элсэн суралцана. Бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүлээд байгаа бөгөөд маргааш дуусна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд мэндэлсэн бүх хүүхдийг хамруулж, харьяа сургуульд нь элсүүлж байна.

Таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүй гэдгийг эцэг, эхчүүдэд анхааруулж байгаа юм. Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.

Элсэгчдийг бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.

– Хүүхдийн төрсний гэрчилгээ,
– Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар,
– 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,
– Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Ингэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

Categories
мэдээ спорт

Ө.Батзул чөлөөт бөхийн ААШТ-ий тавдугаар байрт оржээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ААШТ-ий 97 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин спортын мастер Ө.Батзул шагналт тавдугаар байрт оржээ. Тэрээр эхний тойрогтоо Шри Ланкийн Дилан Ранганаг оноогоор цэвэр ялж, шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Узбекстаны бөх Магомед Ибрагимовт 5:10 оноогоор ялагдсан байна.

Магомед Ибрагимов шигшээд шалгарсан тул манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болжээ. Улмаар эзэн орны Сативарт Кадианыг 8:5-аар ялснаар хүрэл медалийн төлөө барилдсан байна. Гэвч, уг барилдаанд “Инчион-2014” Азийн наадмын мөнгө, ААШТ-ий нэг алт, гурван мөнгөн медальт Киргизстаны бөх Магомед Мусаевт 5:2 онооны харьцаагаар ялагдаж, шагналт байрт оржээ.