Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүрний орчимд гал гарч байна

“Гурвалжингийн гүүр”-нээс урагш байрлах “NOTZ” ХХК-ийн орчмоос гал гарч байна. “Хөөсөнцөрийн үйлдвэр эсвэл шатамгай шингэн, тосолгооны материал агуулж байсан бололтой өтгөн хар утаа гарч, ойр ойрхон тэсэрч байгаа дуу сонсогдож байна. Хашаан дотор нь байсан машинууд өртсөн байж болзошгүй” хэмээн иргэд мэдээлж байна.

Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба галыг унтраахаар ажиллаж байна.

gal

gal

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд бид МАХН-ыг дэмжиж оролцож байгаа

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалтай холбоотой СЕХ-оос гаргасан шийдвэрийн талаар МАХН өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАНАН дамжсан бохир бүлэглэл энэ сонгуулийг мөнгөний сонгууль болгох гэж байгаатай цаашдаа ч тэмцэж Ерөнхийлөгчийн сонгуульд дараагийн хүнээ нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Гавьяат хуульч Ц.Шаравдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш.

Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй.

Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал” гэлээ.

С.Ганбаатар: Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан.

Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ.

МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа. Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна” хэмээн уриалав.

Эдийн засагч Т.Баярхүү: 1990 оноос хойш бид нэг л буруу юм руу орчихлоо гэдгийг хүн бүр мэдэж байна. Эх орон эвслээс Н.Энхбаярыг дэмжиж ажиллаж байгаа шалтгаан нь 65 суудалтай намаас шийдвэртэй зүйл хийх болов уу гэж харсан. Үндэсний хуулийн өөрчлөлтийг хийх нэрээр байнга өөрсдийгөө сонгуулж байх дэглэм үүсгэчихлээ. Энэ бол МАНАН бүлэглэлийн нэгдүгээр ял. 2009 оноос хойш Монгол Улс хоёр тэрбум долларын өртэй байж байгаад 2016 онд 24 тэрбум долларын өртэй болчихсон байгаа. Нэг доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед авсан өр. Ирээдүйд бид аваагүй 30 их наядын өрөнд орчихоод байгаа учир бид энэ хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Тиймээс үүний тулд эцсийг нь хүртэл тэмцэхээс өөр арга байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл өнөөдөр дуусна

Холбоотой Зураг

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд зургаан настай 32623 хүүхэд элсэн суралцах гэнэ. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг тавдугаар сарын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.

Өнөөдөр ажлын цаг дуусахаас урьтаж зургаан настныг бүртгүүлэхийг салбар яамнаас анхааруулж байна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд мэндэлсэн хүүхдийг хамрах сургуульд нь элсүүлж байна. Харин 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм.

Хамран сургах харъяа тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, мөн бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй ажээ.

Элсэгчдийг бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

– Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний музей өнөөдөр үнэгүй үйлчилнэ

Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Монголын үндэсний музей 1924 онд байгуулагджээ.Музейн цуглуулга, сан хөмрөгт нь нэн эртний чулууны үеэс өнөөг хүртэлх монголчуудын олон мянган жилийн түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэр хадгалагддаг. Тус музей байнгын үзүүллэгийн есөн танхимд үзэсгэлэнгээ түүхэн он дараалал, тусгай сэдвийн хүрээнд дэглэн толилуулж байна. Нэн эртний Монгол орон, Эртний улсууд, Монголын уламжлалт хувцас, Гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Монголын уламжлалт соёл, Монголын уламжлалт ахуй, XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон, Социализмын үеийн Монгол Улс, Ардчилсан Монгол Улстай та бүхэн эдгээр танхимуудаас танилцаарай.

.

Categories
мэдээ улс-төр

Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-д бараалхав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар албан уулзалт хийлээ.

Родриго Дутерте дэлхий их хаадаас Чингис хаан, Хубилай хааны түүхийг их уншдаг гээд Монгол Улсыг АСЕН-тай ойр дотно, түншийн харилцаа тогтоож ажиллахад туслахаа илэрхийлэв.

Хоёр улс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбох хамтын ажиллагаа тогтоох нь чухал байна гэлээ.

Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Камбожийн Вант Улсын Ерөнхий сайд Хун Сен-тэй албан уулзалт хийлээ.

Манай хоёр улс 1960-аад онд дипломат харилцаа тогтоосон ч, харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Камбож Улсын БНХАУ-тай байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр, түүний үр дүн, алдаа онооноос суралцах, туршлага солилцох сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийллээ. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монголд цагаан будаа нийлүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа тогтоох өргөн боломж байгааг Камбожийн тал онцлов.

Боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах замаар хоёр улсын жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, парламент, Гадаад харилцааны яамдын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах, Хамтарсан хороо байгуулахаар Ерөнхий сайд нар санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг НҮБ-ын Вена дахь төвийн захирал Ю.Федотовт итгэмжлэх захидлаа өргөн барив

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суух Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг НҮБ-ын Вена дахь төвийн Ерөнхий захирал Юрий Федотовт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Итгэмжлэх захидлаа өргөн барив.

Итгэмжлэх захидлаа барьсантай нь холбогдуулан Ерөнхий захирал Ю.Федотов Байнгын төлөөлөгч Г.Баттунгалагийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Монгол Улс болон Вена-д төвтэй НҮБ-ын салбар байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны түвшин, бодит үр дүнг ахиулан өргөжүүлэхийг зорьж ажиллахаа Байнгын төлөөлөгч тэмдэглэж, энэ чиглэлд Ерөнхий захирал дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цар хүрээг нь тэлэхэд Нарийн бичгийн дарга нарын газраас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий захирал уулзалтын үеэр нотлов.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 16-нд Алтайн уулсаар 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 18, 19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Аунг Сан Сү Чий-д бараалхав

“Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчдын тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов.

Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, хамгийн эхний ээлжид нийгмийн шилжилтийг тайван замаар хийж, улс төрийн ардчилал тогтоож, эдийн засгийн шинэчлэлээ хэрхэн хийсэн туршлагаас суралцах хүсэлтэй байна гэдгээ Аунг Сан Сү Чий илэрхийллээ. Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хойд нутгуудад хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрсөн үйлдэлд НҮБ-аас эерэг дүгнэлт гаргахад туслахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд хэлэлцэх асуудал

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинэчилэн боловсруулах үүрэг бүхий Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 16-ны Мягмар гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

05 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

05 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

05 дугаар сарын 19-ний Баасан гарагт:

  • “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр” талуудын уулзалт 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 16-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцэх.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан;
  • Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
  • Бусад.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

05 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал

  • “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байдал, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын тайлан;
  • Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл;
  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэл;
  • Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэл.

4.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;
  • “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын биелэлт, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний статистикийн хорооны даргын мэдээлэл.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар”.
Categories
мэдээ цаг-үе

Л.Лантуу: Улс төрийн товчооны гишүүнээс огцрохдоо 300 төгрөгтэй үлдэж байлаа

Хар азаргын нурууны “Хаан” хайрхан буюу Бурхан буудай уулын өвөр, Намилзахын голын хөвөөнөө нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв, Нийслэлийн МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Лхамсүрэнгийн Лантуу, гавьяат жүжигчин Борын Ирина, Төрийн соёрхолт Баасанцогтын Дүгэрсүрэн тэргүүтэй алдартнууд манцуйдаа тарвалзан өндийсөн байдаг. Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан Хар азаргын нурууг нүдэнд харагдтал дүрслэн шүлэглэсэн нь бий. Тэр шүлгийн мөртүүдийг бодохын зуурт Алтайн сүрлэг уулсын дунд өссөн хүмүүс эрэмгий байхаас яахав. Уулын оргил руугаа тэмцэх мэт амьдралд үргэлж тэмүүлэлгүй яахав гэх бодол хаврын сүүл сарын хонгор салхитай хамт хацар илбэх мэт. Ийн бодож явсаар хүүхдийн 100-д ирлээ. Хөнгөн санаашрал тээн явсаар очиж буй айл маань төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Лхамсүрэнгийн Лантуугийнх юм. Байрных нь гадаа ирлээ. Хүү, охин хоёр машин угааж зогсонгоо “Борогчуу наад хувцас хунар чинь бөөн шороо болчихлоо. Гэртээ ор л доо” хэмээн хүү өгүүлэв. Өнөө Борогчуу нэрт хүү бидний өмнүүр хар гүйхээрээ явсаар байрны орцоор ороод явчихлаа. Араас нь орлоо, яг л бидний зорьж яваа айлын үүдэнд ирээд хаалга хөнгөн цохив. Ард нь ирж зогссон биднийг харснаа “Өвөөгийн зургийг авах хүмүүс мөн үү” гээд хаалгаар гүйх шахам ороод “Эмээ нөгөө зураг авах хүмүүс ирлээ” хэмээн шаазгай шагшрах мэт хэлээд цаад өрөө рүү чавхдаад орчихлоо. “За, сайн явцгааж байна уу” хэмээн угтаж авсан эрхэм бол Л.Лантуу гуайн 60 жил ханилсан гэргий Бэгзийн Мягмар байлаа. Нэгэн жарныг хамтдаа туулсан Л.Лантуу, Б.Мягмар нарынд саатсанаа хүргэе.

Лантуу гуай бичгийн өрөөнөө суух бөгөөд “Өдрийн сонин”, “Монголын Үнэн” сонин хоёрыг дэлгэжээ. Том хүү Дамдинсүрэнтэйгээ их л чухал яриа өрнүүлж буй бололтой. Долоо хоног бүрийн бямба гаригт тэдний хүүхдүүд аав, ээж дээрээ ирж хоол цай идэж, гадаа сайхан байвал салхинд гарах мэтээр нэг өдрийг “бужигнаж” өнгөрүүлдэг гэнэ. Өнөө Борогчуу бол ганцаараа л бараг хоёр хөгшний гурван өрөө байрыг “эргүүлэх” дөхөх аж. Л.Лантуу гуай Говь-Алтай аймгийн Халиун сум Бурхан буудай уулын хормой Хүрэн толгойн Дэрсний хаяа хэмээх газар 1938 онд Халтарын Лхамсүрэнгийнд төржээ. Тэрбээр багадаа Бурхан буудай уулынхаа өвөрт хургаа хариулж, аавынхаа тариан талбайд очиж зэрлэг зулгаахаас эхлээд аавдаа тусална. Түүнийг багад дэлхийн хоёрдугаар дайн болж байсан тул юм бүхэн хомс байсан цаг. Бидний багын амьдрал үнэхээр хүнд байсан. Одоогийнхтой зүйрлэх юм биш гэв. Ээж талаасаа Лантуу гуай тайж угсаатай. Өвөө нь Аюурзана гэж тайж байсан бөгөөд өвөөгийнх нь аав Дамдин гэж тодорхой хэмжээний албадтай тайж байсан гэнэ. Лантуу гуай 1946 онд бага сургуулийн босго алхаж эрдэм номын мөр хөөсөн байдаг. Тухайн үед унших ном байдаггүй байсан тул уншихын их хүслэнтэй ч түүндээ чөдөрлөгдөн явдаг асан цаг. Хийсч яваад чулуунд тогтсон сонины тасархай олж аваад тунчиг баярладаг байж.

Хүү Дамдинсүрэн, гэргий Б.Мягмар нарт “Бурхан буудай” уулынхаа талаар ярьж буй нь

Лантуу гуайг зургадугаар ангид байхад анх удаа сурах бичгүүд сургуульд нь ирж түүнийг нь зөөж явах замдаа уншиж явдаг байсан гэх. Будгийн харандаа олдохгүй тул агент ирэхэд гурван хонины арьсаар ганц ширхэг харандаа авна. Бэх байхгүй тул тогооны хөөг ёотонгийн хэлтэрхийтэй усанд хольж бэх хийгээд нарийн саваа модоо түүндээ дүрж хичээл хийдэг байсан талаараа өгүүлэв. Цагаан цуу ямбуугаар цамц маягийн зүйл хийж өмсөхийн дээр хонины нэхий дээлээ нүцгэн биен дээрээ шууд өмсчихдөг байсан тийм л цаг аж. Эгч нь Ховдын Сувилагчийн сургуульд оччихоод дүүдээ хуучин шар дурдан тэрлэг авч ирэхэд нь түүнийг өмсөөд жигтэйхэн баярлаж байсан гэнэ. Дотуур байранд байхад өглөөдөө тал зүсэм талх, хоёр ёотон, өдөр нь шар будаатай шөл, оройдоо тал зүсэм талх хоёр ёотонгоо идээд л болдог байж. Өсч дэвжиж байгаа хүүхдүүд цадахгүй ээ, энэ ач зээгээ харж байхад хэд хэдэн аягаар нь иддэг насан дээрээ ийм л явлаа гэв. Айлууд баруун хаяагаар харахад зүүн хаяаны цаад тал нь нэвт харагддаг, зүүнээсээ баруун тал нь нэвт харагддаг тийм л гэрт жилийн дөрвөн улирлыг өнгөрүүлдэг нэг үгээр хэлбэл “чанга” цагийн хүүхдүүд ингэж л өсчээ.

Бидний яриа ийн өрнөж байх үед гэргий Б.Мягмар бичгийн өрөөнд хэдэнтээ орж ирэн “Лантуу, наад хүүхдүүдийг цай уулгаатах аа, дараа нь ярь” хэмээв. Цайны өрөө рүү явах зуур том хүү Дамдинсүрэн нь “Аав маань Жамбын Батмөнх гуайтай хамт ажиллаж байсан хүн. Одоогийн ярьдгаар бол Батмөнх гуайн хүн юм даа” гэлээ. Цайны ширээний ард эхэлсэн бидний яриа бичгийн өрөөнд үргэлжлэв. Лантуу гуай өрөөнийхөө нэг ханыг бүхэлд нь номын сан болгожээ. Монгол, орос хэл дээрх улс төрийн номоос эхлээд ховор сонин номууд ч харагдах аж. Тэрбээр хүрэн бичгийн ширээнийхээ ард өдрийг өнгөрүүлдэг бололтой юм. Ширээний дээд талд нь харин төрсөн нутгаас нь болон нам, хамт олноос нь түүнд хадгалуулсан өргөмжлөлүүд байх. Лантуу гуайн аав Лхамсүрэн нэг метр 80 см өндөр биерхүү хүн байж. Аавынхаа 42 настайд нь төрсөн тул амь шигээ хайрлах нь гарцаагүй. Аав, ээжээс наймуулаа байсан ч нэг нь уушгины хатгалгааны улмаас тэнгэр болсон тул долуулаа олон оныг хамт туулсан байна. Манай Бурхан буудай уулын таван амнаас ус урсана. Ус бүр нь рашаан шүү дээ. Нутагтаа очиж чадалгүй хоёр жил болчихлоо хэмээн хананд өлгөөтэй нутгийнхаа уулсын зургийг хараад хэсэг чимээгүй болчихлоо.

Ким Ир Сенийг Монголд айлчлахад Л.Лантуу гуай Мөнхжаргал даргын хамт хүлээн авч байсан бол Паул Кастротай хамт олон улсын хуралд тохой нийлүүлэн сууж байсан гээд дэлхийн алдартнуудтай яриа хөөрөө дэлгэж суусан нь олонтаа. Хуучин хотын намын хорооны I дарга гэдэг чинь Төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчоооны гишүүн тул социалист орнуудад маш том албан тушаал байжээ. Гэсэн ч өнөөдөр Л.Лантуу гуай гэргийн хамт тэтгэврээрээ л амьдардаг юм байна. Зарим үед тэтгэврээ зээлж аваад зарцуулдаг аж. Бүхий л насаараа дарга хийсэн хүн гэхэд тэтгэвэр нь хамгийн багаар шахам тогтоогдож, 2011 онд зүрхний хүнд хагалгаанд орохдоо байраа барьцаанд тавьж байсан талаар Дамдинсүрэн өгүүлэв. Аав, ээж хоёр намайг ингэж ярьж байхыг мэдэх юм бол уурлах байх шүү. Сая ээж “Хажуугийн дэлгүүрээс мах зээлчихье” гээд сууж байсан. Хуучин улс төрийн товчоонд ажиллаж байсан хүмүүс бүгд ингэж амьдарч байна. Бодит үнэн энэ юм чинь яахав дээ гээд цайгаа оочив. Аав, ээж минь ард түмэнтэйгээ адилхан ингээд л амьдарч байна. Залуу цагтаа хэчнээн зүйл хийж, бүтээв. Гэхдээ миний аав, ээж хэнээс ч юм гуйж яваагүй юм гэлээ. Б.Мягмар гуай “Дамдинсүрэн минь юу л яриад байна даа, наад цайгаа ууцгаа миний хүүхдүүд” хэмээн уур савссан халуун мах, халуун савтай цай дөхүүлэв.

Лантуу гуайн ажил гэж цаг наргүй байж. Хүүхдүүдээ унтаж байхад нь шөнөөр ирж, өглөө эртээ гэгч нь ажилдаа явдаг байсан тул хүүхдүүд нь “Аав байгаа юм уу” хэмээн асуух нь жирийн үзэгдэл шахуу байсан гэнэ. Энэ яриа хөөрөөтэй Дамдинсүрэн бол МСДН-ыг Ардчилсан намтай нэгдсэний дараа “Шинэ социал-демократ нам”-ыг байгуулан даргаар нь ажиллаж явсан гэдгийг зарим уншигчид мэдэх байх. Түүний хувьд одоо Монголын үлгэр, туульс, уламжлалт ёс заншил судалдаг юм билээ. Тэрбээр “Аавыг болон аавын үеийнхнийг харж байхад техникч, монтёр гээд бүх шат дамжлагаар явсны эцэст төрийн хүн болдог байлаа. Одоогийнх шиг гудамжнаас гишүүн, сайд болдоггүй байсан юм” гэлээ.

“Таны нэрэнд ямар нэгэн учир байна уу” гэхэд “Ээж төрөх гээд гэрээ тойрч байгаад унагачихсан байхгүй юу. Хүйг маань дараад бооход цус алдаад хоёр алга дүүрэн цус гарчихсан байсан гэдэг. Тэгээд аав минь надад “Лантуу шиг мундаг бөх болох нь” гээд Лантуу гээд нэр өгсөн юм билээ” гэв. 2011 онд Лантуу гуай Бээжинд 19 цаг зүрхний хагалгаанд ороход Бээжинд түр амьдарч байсан зээ дүүгээрээ орчуулагч хийлгээд хамт байж байхад сувилагч нь нэг юм яриад байхаар нь юу гэж байна вэ гэж асуутал “Лантуу гэдэг чинь хятад үг. Лантуу гэдгийг орчуулаад үзвэл “Хөх чоно” гэдэг утгатай” гэдгийг нь тайлбарлажээ. Түүний нэрнээс эхлээд туулсан амьдрал нь “Хөх чоно”-ын амьдрал мэт юм билээ л дээ. Нэг үгээр хэлбэл Улс төрийн товчооны “Хөх чоно” болж таарч байгаа юм.

Лантуу гуай ийн ярьсан юм. “Монгол Улс Солонгос шиг биеэ даагаад хөгжинө гэж байхгүй. Заавал нэг оронтой нарийн түншиж байж хөгжинө. Орос, Хятад гэж дэлхийн улс төр, эдийн засгийг тодорхойлдог хоёр том гүрэн байна. Үнэндээ Хятадаас дэлхий нийт айж байна. Удахгүй Оросын ард түмэн тун сайхан болно. Асар их баялагтай, 140 сая хүнтэй орон байхгүй юу. Хоёр улс ярьж байгаад хилээ хаачихвал яах вэ. Энэ хоёр гүрэн яриад хоорондоо тохирч байсан үе бий. 1915 оны гэрээгээр цагаан хааны Орос, Чанкайши хоёр яриад Монголын автономитыг устгая. Автономит эдэнд дэмий. Хятадын харьяа гээд тохирсон байхгүй юу. Тэгээд 1915-1921 оны хооронд автономи устсан. Санаж байгаа бол Каспаров “Монголыг Хятадад худалдчихъя” гэж байсан. Манай улс чинь 11 миллиард ам.долларын өртэй байлаа шүү дээ. Бид жаахан онгироод ирвэл хаая, бооё гэх юм бол тэгээд л гүйцээ. Энэ хоёр гүрний хилийг давж Монголыг аварч байдаг орон гэж энэ дэлхийд байхгүй. Америк өчүүхэн Монголоос болоод хоёр том гүрэнтэй байлдана гэж байхгүй л дээ. Яахав, жаахан хориг арга хэмжээ авна биз. Гэхдээ Хятад, Орос ямар ч хоригт хориглогдохгүй. Тиймээс хоёр гүрэнтэй ямар ч нөхцөлд хамгийн сайн сайхан харьцаатай байх ёстой. Гэтэл манайхан энэ хоёр гүрнийг л давж гүйчих гээд байх юм” гээд санаа алдан суулаа.

Л.Лантуу хүү Дамдинсүрэн, зээ Борогчуу нарын хамт

Мөн тэрбээр “Хуучин Улс төрийн товчоо зөвхөн бодлого боловсруулах үүрэгтэй байсан. Намын төв хорооны Улс төрийн товчооны нэг ч тогтоол тэр яаманд тэдэн төгрөг хуваарил гэж байгаагүй. Харин бодлогын шинж чанартай тогтоол гардаг байсан бөгөөд хэрэв тийм тогтоол гарвал заавал Сайд нарын зөвлөлтэй хамтарсан тогтоол гардаг. Өнөөдөр өндөр сайхан байшин олон л баригдаж байна. Нүдээр харах тал дээр гоё болсон. Гэхдээ иргэдийн амьдрал сайжирсан уу. Үгүй шүү дээ. Бүх банк гадны хөрөнгөтнүүдийн гарч орчихсон. Хуучин бодлогоо барьж явдаг байлаа. Боловсон хүчний бодлогыг Улс төрийн товчоо хариуцна. Түүнээс биш сайд нарын зөвлөл мэддэггүй” гэв.

Бидний яриа 1990 оны улс төрийн байдал руу хэвийлээ. Нар ч хэвийж эхлэв. 1990 оны өлсгөлөн зарлах үеэр Улс төрийн товчоо хуралдаж Ж.Батмөнх гуай “Ардчилсан холбооныхны тулган шаардах бичигт хэн хариу өгөх вэ гэснээ Намсрай өг” гэтэл Н.Намсрай “Яагаад нохойд барьдаг мод шиг муу юм болохоор намаа барьж өгдөг хүмүүс вэ. Энэ хүмүүс юуны тухай өлсгөлөн зарлаад байгаа юм. Улс төрийн товчооны гишүүдийн тоо цөөн байна гээд байгаа юм уу. Товчоо бага хуралдлаа гээд байгаа юм уу. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын тоо олон байна гээд байгаа юм уу. Эсвэл иргэдийн амьдрал дорой байна гээд байгаа юм уу. Хэрэв тэгээд байгаа юм бол улс орныг санаанд нь хүртэл хөгжүүлэх талаар хэн ямар асуудал оруулж ирсэн бэ. Яагаад тэр хүмүүс улс орны хөгжилтэй холбоотой ямар ч санал оруулж ирэхгүй мөртлөө тэр хүмүүс яахаараа дангаараа үлддэг юм” гээд Сайд нарын зөвлөлийг буруутгах маягтай хэлсэн. Тэгсэн Ж.Батмөнх дарга Намын төв хорооны нарийн бичгийн дарга Балхаажав хариу өг гэтэл “Би Улс төрийн товчооны гишүүн биш” гээд өөрийгөө аваад гарчихдаг юм. “Тэгвэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр гарч байгаа зүйлд нөхөр Лантуу хариу өг” гээд над дээр бүх зүйл буучихав. Ж.Батмөнх даргын хамгийн ойрын хоёр хүн татгалзчихсан юм. Нэг талаасаа би Батмөнх гуайг өрөвдсөн. Тэгээд бид С.Зориг, Ц.Элбэгдорж, “малыш” Энхтүвшин, Д.Нинж нартай уулзсан. Тэд 1990 оны гуравдугаар сард “Банкийг Засгийн газрын харьяанаас гаргаж, Их хуралд өг. Парламентын хоёр танхимтай бай. Улс төрийн товчоо огцор. Ард түмний Их хурал байгуул” гэсэн шаардлагын хариуг өгсөн” гэлээ.

АИХ-ын тэргүүлэгчдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Готов гуай, аюулаас хамгаалахын А.Жамсранжав, хотын дарга С.Мөнхжаргал, Лантуу даргын хамт С.Зориг, Ц.Элбэгдорж нарт “Улс төрийн товчоог огцруулах асуудлыг намын төв хорооны бүгд хурлаар хэлэлцэж байж шийднэ. АИХ-ын түр хороог АИХ-аар шийднэ. Удахгүй хуралдана. Хэдий хэмжээний мөнгө хэвлэх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйл биш” гэх маягийн хариу өгчээ. “Надад үүнээс өөр хариу өгөх бололцоо байгаагүй юм” хэмээн Л.Лантуу гуай хэлсэн юм. Улс төрийн товчоо огцрохыг нэг хүн шийдэхгүй нь тодорхой л доо. С.Зориг Лантуу даргатай уулзахад “Та бүхний өмнө Хотын намын хорооны хаалга нээлттэй. Дуртай цагтаа асуудлаа ярьцгааж байя. Бидний цөөхөн монголчууд хөдөлгөөн энэ тэр үүсгэж юу гэхэв. Хэл амаа ололцъё” гэжээ. Яриа дууссаны дараа өрөөндөө яваад ортол ширээн дээрх утас нь зогсоо зайгүй дуугараад байхаар нь автал ахмадууд “Улаанбаатар хотын намын хорооны хаалгыг чи мэддэг юм уу” гээд л загнажээ.

Ийнхүү бид яриагаа үргэлжлүүлэхийн сацуу ховор сонин зургууд эргүүлж суулаа. Б.Мягмар гуай “Лантуугийн олон сайхан зургийг нэг сэтгүүлч хүүхэн авч яваад эргүүлж өгөөгүй юм” гэхэд Лантуу гуай “Одоо яахав дээ, ингэж ярилаа гээд аваад ирэх биш” хэмээн инээмсэглэв. Лантуу гуайн гэр гайхуулж яриад байхаар гял цал үнэт эдлэл энэ тэр гэх зүйлгүй аж. Жирийн л нэг айл юм. Нэг өрөөндөө зурагттай, нэг өрөөндөө ортой, хувцасны шкаф, бурхан тахил, ханаа чимэглэсэн зураг, ач зээ нарынх нь фото, хатгамал тэргүүтэн байх. Б.Мягмар гуай “Чех маягийн салат хийлээ” гэсээр таваг дүүрэн салат барин ирлээ. “Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нараас эхлээд Улс төрийн товчооныхон ер нь ямархуу хүмүүс байсан бэ” гэхэд Лантуу гуай “Аймхай хүмүүс байсан юм. Зоримог шийдвэр гаргах тал дээрээ тиймхэн. Үүнийг нь би ардчилсан холбооныхны шахалтад өгсөн хариултаас ингэж дүгнэдэг л дээ. Түүнээс биш хийж бүтээсэн ажлаараа, удирдлагын түвшинд мундаг хүмүүс байсан. Ер нь бол амархан дүгнэж болмооргүй юм шүү” гэлээ. П.Очирбат намаасаа урваж Ерөнхийлөгч, Д.Бямбасүрэн Ерөнхий сайд болж байсан гэв.

Улс төрийн товчоо огцроход бүгд Хурлын тэргүүлэгчдээр хэнийг сонгох вэ гэсэн яриа өрнөхөд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан О.Сүрэн, Улс төрийн товчооны орлогч, нарийн бичгийн дарга байсан Б.Лхамсүрэн нар бие биенээсээ түрүүлж суудлаасаа шоволзож байжээ. Тэр үед ч мөн “амбиц” их байж. Улс төрийн товчоо огцрох үед тэрбээр Н.Намсрай даргад “Бид яахав, огцорлоо. Энэ төрийн жолоог хэнд өгөх вэ” гэтэл “Наад үгээ Батмөнх даргад хэл” гэж. Мань эр ч шууд л “Улс төрийн товчоог хуралдуулж нам төрийг хэнд өгөхөө ярих юм биш үү” гээд ширүүхэн ярьтал Ж.Батмөнх дарга “Над руу битгий давшлаад бай. Тийм л юм бол чи тэр товчоогоо цуглуулахгүй юу” гээд утсаа салгаж байсан гэнэ.

Л.Лантуу гуайн хамгийн үнэт өв энэ улсын тусгаар тогтнол юм байна. Улс минь тусгаар байдлаа хамгаалж л байвал миний бүх зүйл үнэ цэнэтэй байх юм. Өвөг дээдсээс үлдээсэн энэ тусгаар тогтнолыг л бүрэн бүтэн авч үлдэх ёстой юм шүү гэдгийг өөрийн ач, зээ болон бидэнд захиж байлаа.

1990 оны ардчилсан хувьсгал болоход үнэндээ Улс төрийн товчоо ямар ч бэлтгэлгүй байсан гэнэ. Гэхдээ хөрс суурь нь бэлтгэгдэж эхэлсэн байж. “Үнэн” сонин дээр гэхэд л Улс төрийн товчооны таван гишүүнийг солих хэрэгтэй гээд л. Намын төв хорооноос зохион байгуулсан Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр гэхэд маш олон шүүмжлэл гарч байсан гэдгийг хэллээ. 1990 онд социалист нийгэм орвонгоороо эргэж Берлиний хана нурж, Орост перестройка болж оросууд манайхныг харах нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байсан үе. Энэ үеэр ардчилсан хөдөлгөөнийхөн тэр зайг нь ашиглаж чадсан байна. Улс төрийн товчоо огцорсны дараа Говь-Алтай аймагт социологийн судалгаа явуулахад Л.Лантууг аймгийн дарга болгох ёстой гэсэн санал хураалтыг хоёр удаа тэргүүлжээ. Лантуу гуай Чех улсад худалдааны төлөөлөгчөөр явахаар болчихсон байсан ч “Би ямар залуулаад байдаг зайран биш. Уриулаад байдаг унзад биш” гээд шууд л нутгийнхаа зүг хүлгийн жолоо залжээ. Та Улс төрийн товчооны гишүүнээс огцрохдоо юутай үлдсэн бэ гэхэд “Насаараа дарга даамал хийсэн минь үнэн. Улс төрийн товчооноос огцрохдоо 300 төгрөгтэй л үлдэж байлаа” гэв. Өөр хурааж хуримтлуулсан зүйлгүй өөр нийгмийн босго алхсан байх юм. Да.Ганболд тэр үед Говь-Алтай аймагт очиж өмч хувьчлалын талаар долоон цаг иргэдтэй уулзалт хийжээ. Аймгийн иргэд ярьсан зүйлийг нь сайн ойлгоогүй ч цаана нь нарийн учир байх шиг байна гээд Лантуу даргаас асууцгааж байж. Тэрбээр “Үнэндээ Да.Ганболд өөрөө ч ваучерийнхаа тухай мэдэхгүй л явсан юм билээ. Бидний үед авто засварын нэгдэлд одоогийн ханшаар нэг сая ам.доллараар ч олж авч чадахгүй суурь машин байсан. Түүнийг нь хаягдал төмөр нэрээр хятад руу өгчихсөн. Тэр үед өнөө хятадууд нь “Энэ монгол чинь ийм баян орон юм уу” гээд гайхаж байсан. Авто засварын нэгдэл, төмөр замын төв засварын газар нийлчих юм бол механик хэрэгслийн бүх эд ангийг хийчихээр тийм сайхан тоног төхөөрөмж шинээрээ хаягдал төмөр болон гарчихсан” гэв. 1930-аад онд сүм хийд, 1990 онд үйлдвэрүүдээ нурааж бүгдийг нь шинээр эхлэх гэж зүтгэж байна гээд тэр үйлдвэрүүд байсан бол өнөөдөр монгол ингэж явахгүй байлаа гэсэн юм. Барилгын материал, түүхий эд боловсруулдаг бүх үйлдвэр байлаа шүү дээ гээд санаа алдав.

Лантуу гуайн улс төрийн амьдрал 1976 оны зургадугаар сард Сүхбаатар районы намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсноор эхэлжээ. Дараа нь Намын төв хороон дээр дуудахаар нь яваад очтол Улаанбаатар хотын намын төв хорооны үйлдвэр эрхэлсэн Нарийн бичгийн дарга болгож тэндээсээ Төмөр замын намын хорооны даргаар шилжжээ. Ажилчидтайгаа чуулгын байранд хурал хийж байтал Ж.Батмөнх дарга яаралтай ир гэж байна гээд унаа хүлээж байж. Өрөөнд нь яваад ортол “Чи төмөр замд хэр удав” гэхээр нь “Жил хагас боллоо” гэсэн чинь “За одоо болно. Чамайг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавих шийдвэрийг Улс төрийн товчоо гаргасан” гээд өөрөөс нь санал асуугаад томилжээ. Лантуу дарга нийслэлийн хөгжлийн төлөө хамгийн эрч хүчтэй залуу насныхаа 14 жилийг зарцуулсан гэв. Тэрбээр 49 настайдаа Нийслэлийн намын хорооны дарга болсон байна.

Лантуу гуайнх Дамдинсүрэн, Эрдэнэчимэг, Сэржмядаг, Чинзориг гэдэг дөрвөн хүүхэдтэй. Харамсалтай нь өнгөрөгч жил Чинзориг нь бурхан болсон юм билээ. Ач, зээ нийлсэн бид 22-уулаа болсон хэмээн сэтгэл ханагар суух буурлыг хараад ач, зээ нарынх нь хөгжүүн дуу хүч нэмэх мэт. Охин Эрдэнэчимэг нь хотын гаальд ажилладаг бол охин Сэржмядаг нь одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа юм байна. Б.Мягмар гуай “Би гайгүй хүнтэй суучихсан юм шиг байгаа юм” гэхэд Лантуу гуай “Би ч бас гайгүй талдаа залуу байсан шүү” хэмээн бие бие рүүгээ харан инээмсэглэн суух нь залуу насаа эргэн дурсах мэт санагдав. Хоёр хөгшин манайх чинь хүргэн, бэр сайтай айл байгаа юм гэв. Дамдинсүрэнгийнх нь гэргий Монгол Улсын баатар, анхны армийн генерал, Батлан хамгаалахын сайд асан Батын Доржийн охин. Нэг сургууль, нэг байрны хоёр явсаар гэр бүл болсон байна. Бага охин Сэржмядаг нь Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Лувсангомбын хүүтэй гэр бүл болон өдгөө таван хүүхдийн аав, ээж болжээ. Харин Эрдэнэчимэгийнх нь хадам аав Ардын хянан шалгах хороонд томоохон албан тушаал хашиж байсан хүн байж. Харин талийгч Чинзоригийнх нь эхнэрийн аав Чойжилжав гэж олон жил дарга хийж байсан хүн байсан талаар ярьцгаасан юм. Биднийг ярилцаж байхад Дамдинсүрэнгээс бусад нь гэр рүүгээ харихгүй бол орой болчихлоо гэсээр гэр гэрийн зүг явцгаалаа.

Лантуу гуай залуу байхдаа маш их ажилладаг байсан тул ядаргаанд орж толгойных нь урд, хойд талаас үс туг тугаараа унаж. Сүүлд нь ургахдаа урд талынх нь үс цагаан сор маягтай ургажээ. Л.Лантуу даргыг Сэлэнгэд явж байтал нэг машинтай хүн зогсоод “Сайн байна уу, Ухнаа гуай” гэж. “Чи яагаад намайг Ухнаа гэж байгаа юм” гэхэд “Урд талдаа цагаан сортой, яг л байна ш дээ” гээд мэнд мэдээд давхиад өгчээ. Лантуу даргын амьдрал холбооны салбар, төмөр зам, нам, төрийн ажил гэж үндсэндээ гурав хуваагдах юм билээ. Холбооны салбарт шинийг санаачилсан хэмээн Ж.Батмөнх даргадаа магтуулж, төмөр замын намын хорооны даргаар ажиллаж байхдаа төмөр замын 1000 айлыг орон сууцтай болгуулж чадсан гээд түүнд хаяглагдах ажлууд маш их. Төмөр замын ажилчдынхаа амьдрал ахуйг шалгаад шөнө дүл хүртэл явдаг тэрбээр нэг орой орос даргатайгаа хамт одоогийн төмөр замын арын гурван давхар шар байрны нэгэн рүү яваад ортол гурван өрөө байранд гурван айлын 22 хүн амьдарч байж. Угаалгын өрөө рүү нь яваад ортол ванн байхгүй байхаар нь “Ваннаа яачихдаг улсууд вэ” гэтэл “Наана чинь бид унтдаг юм аа” гэж л дээ. Энэ бүх учир явдлыг хамт явсан орос даргадаа хэлж, Орост очиж нэг сар Нийгмийн ухааны академид сурахдаа Зам, харилцааны сайдтай нь уулзаж орон сууц бариулах ажил байгаагаа хэлэхэд цаад тал нь ч хүлээн авч. Ингэж л 1000 айлын орон сууц баригдсан түүхтэй юм билээ. Төмөр замынхан “Манайд Лантуу, Магдей гэж хоёр л мундаг дарга байсан” хэмээн одоо ч магтан ярих нь бий. Ерөнхийлөгч асан П.Очирбатыг Эдийн засаг, гадаад харилцааны сайд байхад яамных нь барилгын ханын шавар нураад уначихсан нэлээд хэдэн сар болж. Зурагчин явуулж өнөөх байр байдлынх нь зургийг авахуулаад Л.Лантуугаас П.Очирбатад гээд дугтуйнд хийгээд явуулчихсан чинь маргааш, нөгөөдөр нь л засчихсан байсан гэнэ. Нийслэлийн намын хорооны дарга байхдаа Улаанбаатарыг хур хоггүй болгосон гавь-яа түүнийх. Овоорсон хогтой жалгуудыг яамдад хуваарилан өгчээ. Батлан хамгаалахын сайд байсан Ш.Жадамба генерал өөрөө хүрз барьчихсан хүмүүстэйгээ цэвэрлэж байсан гэнэ. Эх оронч үзэлтэй, нийслэлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэдний нэг нь Ш.Жадамба генерал байж. Ингэж Улаанбаатар хогноос салсан нэгэн түүх ийм. Улс төрийн товчооны гишүүн, Хотын намын хорооны дарга гэдэг Сайд нарын зөвлөлийн гишүүдийг дуудаж авч ирээд донгодчихдог, үүрэг даалгавар өгчихдөг өнөөдрийн хотын даргаас хавь илүү эрх мэдэлтэй байж.

Ийн ярилцаж байх зуур Борогчуу гүйн ирж өвөөгийнхөө баруун, зүүн талаар баахан бултганаж өвөөдөө үнсүүлээд цааш тоглохоор гүйлээ. Лантуу гуайгаас “Та намынхаа ажилд хэр оролцож байна вэ” гэхэд “Сайн оролцож байна. Загнах үедээ загнах юм. Гэхдээ хөгшин хүний үг чинь хүчгүй болчихдог юм байна шүү дээ” гэлээ. Л.Лантуу гуай Москвагийн Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцаж ирээд гэргийн Б.Мягмартайгаа 1962 онд гэр бүл болжээ. Тэд баруун Сэлбийн хөвөөнд дөрвөн ханатай гэр барьж, ганц цэрэг ортой гэр бүл болж байсан юм. 1966 онд холбооны ерөнхий инженер байхад нь Хотын захиргаанаас Сансарт гурван өрөө байр өгчээ. Тэр байрандаа амьдарч байгаад хүү Чинзоригийгоо Чехээс ирэхээр нь байраа өгөөд Герман явсан бага охиныхоо байранд хоёр жил амьдарсан байна. Том хүү Дамдинсүрэн нь 1990 оны үед мундаг бизнесмэн явжээ. Тэр барьсан байранд нь хэдэн жил амьдраад түрээсийн байранд ч амьдарч үзсэн байна. Гэргий Б.Мягмар нь өчнөөн жил дарга даамал хийж, бүтээсэн хийсэн ажил ихтэй байж түрээсийн байранд насыг барах нь уу гээд байхаар нь УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Р.Раштай уулзан учир байдлаа хэлэхэд 2002 онд Р.Раш дарга 21 сая төгрөгөөр одоо амьдарч байгаа байрыг нь авч өгсөн юм билээ. Гэргий Б.Мягмар нь бага эмч, Багшийн дээдийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, худалдааны эдийн засагчаар насаараа ажилласан байх юм. Гэргий ийн яриагаа үргэлжлүүлэв. “Цаг ороо бусгаа байх үед дарга явсан хүн жирийн иргэн болох ер нь хэцүү шүү дээ. Лантууг чинь ямар тэнгэрт аваачаад зүүчихсэн биш бууж л таарч байгаа юм. Манай гэр чинь улс төрийн үзэл баримтлалаасаа болоод гурав хуваагдаж ч байлаа” гээд инээмсэглэнэ. Хүү Дамдинсүрэн нь Шинэ социал-демократ нам байгуулж, хашир өвгөн “Ху” намдаа үнэнч үлдэж, Мягмар гуай энэ хоёрынхоо дунд “Хоролмаа” шиг л юм явлаа гээд хүү, хань хоёр руугаа хараад инээхэд Лантуу гауй “Манай хүү хадгаламж зээлийн хоршооноос 200 сая төгрөг зээлээд түүнийгээ дарах гээд Солонгос явчихдаг юм. Тэнд очоод юун ажил хийх, нэг сая хүнд гурав тохиолддог хүнд өвчин тусч зөндөө эмчилгээ хийлгэж байж ирсэн. Бизнес хийдэг байсан хүү маань аавдаа мөнгийг тоолж өгөхгүй, боодлоор нь өгчихдөг байсан юм. Би чинь том дарга байсан тул намайг яллаж байгаа юм уу хаашаа юм. Мягмарыг маань 33 булган шубатай энэ тэр гээд баахан юм болсон. Хүү маань харин 200 сая төгрөг зээлснээ хүүтэй нь хамт 750 сая төгрөг болгоод бүгдийг нь төлж дуусгасан” гэсэн юм.

Б.Мягмар гуай “Манай Дамдинсүрэн чинь Орост тагнуулын сургууль төгссөн. Мэргэжлээрээ бас ажиллаж байсан. Одоо өвгөн бид хоёрыг л тагнах ажилтай суудаг болсон” гээд хөхиүн инээдээр хүү рүүгээ харлаа. Б.Мягмар гуай “Урьд нийгэмд намын гишүүнийхээ үнэмлэхийг алга болгочихоод Сүхбаатар дүүргийн намын товчооны хурлаар орлоо. Лантуу мундаг амьтан сууж байна. Намайг эхнэр нь гэж хүмүүс сайн мэдэхгүй. Цаана нь суусан хүмүүс намайг намаас хөөх юм ярилаа. Гэтэл Лантуу “За, чи дутагдлаа ойлгож байна уу” гэдэг юм даа” гээд инээмсэглэнгээ “Би золтой л хуц гээд хэлчихээгүй гарч ирсэн” гээд бөөн инээдэм болов. Л.Лантуу гуай Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 1500 төгрөгийн цалин авч байсан бол эхнэр нь цайны газар ажиллуулаад 5000 төгрөгийн орлого олдог байжээ. Дээр нь нарийн боов, зайрмагны цех ажиллуулаад “Арьс импекс” компанийн төлөөлөгч болон ажиллаж эхэлсэн гэнэ. Арьс нэхий авдаг ажилтай. Бүх зүйл картын бараанд орж гурил ч үгүй хэцүүдэж байх үед Лантуу гуай Өмнөд Монголын Хами аймагтай тохироод Говь-Алтайгаас ачуулсан 100 мянган нэхийгээрээ савхи хийлгээд хятадууддаа хөлсөнд нь 20 мянган ширхгийг нь өгч байжээ. Эхнэрийнхээ бизнесийг төр рүү булаасан хэрэг. Тэр үед Говь-Алтай аймгийн төсөв 1.5 сая төгрөг байсан бол 80 мянган нэхийгээр хийсэн савхиа борлуулаад 180 сая төгрөгийг аймагт төвлөрүүлээд улмаар Улаанбаатарт шилжин суурьших болжээ. Б.Мягмар гуай “Наад Лантуу чинь миний бизнесийг ингэж цохиж хаясан хүн дээ” гэв. Б.Мягмар гуай амьхандаа нөхрөө унах унаатай болгочих гээд зүтгэж байсан чинь ийм балай юм болгоод үнэндээ “үхмээр” санагдсан шүү гээд Лантуу гуай руу харна.

“Улс төрийн товчоо, Намын төв хороо Оросын заавраар ажилладаг байсан гэх юм. Үнэн үү” гэхэд Лантуу гуай “Одоо л тэгж яриад байдаг болсноос биш би хэзээ ч тийм зүйл сонсож байгаагүй. Наадах чинь ёстой худлаа. Тийм зүйл байгаагүй. Зөвлөлтийн Элчин Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нартай уулзаад иймэрхүү зүйл байна даа гэхээс биш “Энэ зүйл чинь буруу байна” гээд ингэ тэг гэж байгаагүй юм” гэлээ. Харин бүх яамны дэргэд Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар байсан. Төлөөлөгчийн газартай байснаар ажил бүтэхэд амар байснаас өөр зүйл байгаагүй гэсэн юм. Салдан, Ням-Осор нар Хавдар судлалын больниц, Гэмтэл согог судлалын төв, гуравдугаар нэгдсэн эмнэлэг, Эх нялхас, XII хорооллыг бариулахаар төлөвлөгөө оруулж иржээ. Тэгэхэд нь Улс төрийн товчооны гишүүдийн зүгээс “Та нар их сайхан зүйл хийсэн байна. Эргүүлж яаж төлөх юм. Зөндөө өр шүү дээ” гэхэд Ю.Цэдэнбал дарга урдуур нь орж “Хөөе Салдаан, чи зөв юм оруулж ирсэн байна. Тэртэй тэргүй бид наадахыг чинь төлж чадахгүй” гэсэн гэдэг. Ю.Цэдэнбал дарга асар их ажилтай, өглөөний дөрвөн цагт л гэртээ харьдаг хүн байсан. Тиймээс жилд хоёр сар амарна. Амралтаараа Брежнев даргатай уулзаад “Бид энэ их өрийг яаж төлөх вэ” гэдэг ганц асуудлыг маш их ярьдаг байж. Брежнев дарга “Та нар энэ өрийг төлж чадахгүй ээ. Харин өгч байгаа дээр нь бушуухан авч бай” гэж хэлсэн гэдэг. Энэ мэтчилэн том бүтээн байгуулалтын ажлыг шууд хий гэдэг даалгавар өгч байсан нь тэр юм байна.

“Улс төрийн товчоо огцроход Н.Намсрай, П.Дамдин нарыг авч үлдэн ашигласан бол улс гэр минь өнөөдөр арай ч ийм болчихгүй байх байлаа” хэмээн өвгөн халаглан суух аж. Ийнхүү бидний яриа үргэлжилсээр үдэш болохын өмнөхөн өндөрлөв. Улс төрийн товчооны гишүүн, Нийслэлийн намын хорооны дарга Лхамсүрэнгийн Лантуу буюу Бурхан буудай уулын “Хөх чоно”-ын амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН