Categories
мэдээ нийгэм

Үндэсний баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ

Холбоотой Зураг

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хүрээнд үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Соёл урлагийн газар хамтран урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орлоо.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төрийн хүндэтгэлийн концерт, Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, Хүй долоо худагт зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээ, Улаанбаатарын үдэш- Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, Төрийн хүлээн авалтын урлагийн тоглолт, Дэлхийд нэр алдраа дуурсгасан “Монголчуудын бахархал” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт гаргав

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс СЕХ татгалзсан.

МАХН энэ сарын 17-ны дотор дараагийн нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Одоогийн байдлаар академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ намдаа хүргүүлсэн байна.

Түүний хүсэлтийг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зудын гамшгийг хэлэлцэв

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар онол, практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Манай орны хувьд нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол үзүүлдэг гамшгийн нэг нь зудын гамшиг байдаг.

Тухайлбал, Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн 65 хувьд нь их бага хэмжээтэй зуд тохиолджээ. Статистик судалгаанаас үзэхэд зудын улмаас жил тутам дунджаар 1,3 сая толгой мал хорогдож байна. Харин 1944-1945 онд 8.3 сая, 1950 онд 3.5 сая, 1967-1968 онд 2.9 сая, 1976-1977 онд 2.1 сая, 1999-2002 онд 11.2 сая, 2009-2010 онд 9,7 сая, 2015-2016 онд 1.02 сая, нийт 38.7 сая толгой мал хорогдож байжээ. Энэ нь 2016 оны жилийн эцсийн нийт малын 63 хувийг эзэлж байгаа аж.

Тийм ч учраас энэ жилийн онол практикийн бага хурлаар зудын гамшгийн асуудлыг хөндөж, зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах, малчдын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зудын эрсдэлийг тооцох, зудын гамшгийн сургамж зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2017” онол практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенц”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхий нийтээр дагаж мөрдөж буй томоохон баримт бичгүүдийг өөрийн үндэсний онцлогтоо тохирсон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлоготойгоо уялдуулан урт хугацааны стратеги төлөвлөгөөтэйгээр бүс нутаг, үндэстэн, орон нутаг, олон нийтийн түвшинд хэрэгжүүлэх явдал тулгамдсан асуудлын нэг болж байна гэж онцлоод шинжлэх ухааны байгууллагууд хамтран ажиллаж, сайн туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх, бодлого, үйл ажиллагаатай холбоотой сургамжийн талаар мэдээлэл солилцох, гамшгийн эрсдэлийг үнэлэх, зураглах, хянах, бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны нээлт, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан гамшигтай тэмцэх арга ажиллагааг нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй болох нь харагдаж байгаа юм.

Иймээс онол, практикийн бага хуралд оролцож буй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд та бүхэн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, удирдах, дэвшилтэт технологид тулгуурласан шийдлийг олоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэж дурдлаа.

Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Монголын Улаанзагалмайн нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хоёр асуудалд илүү анхаарч байна. Эхнийх нь бүх асуудалд шинжлэх ухаанч байр суурь, судалгаатай дүгнэлттэй хандах. Бид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэдэн ч төгрөг зарцуулж болно. Гэхдээ бид нэг төгрөгний ч үр ашгийг урьдчилан тооцож, шинжлэх ухаанчаар бүх үйл ажиллагаагаа уялдуулах нь хамгийн чухал гэж үзэж, хоёр дах жилдээ энэ онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.

Бидний анхаарч байгаа хоёр дахь асуудал бол гамшгаас хамгаалах эрхзүйн орчинг илүү тодорхой оновчтой болгоход Улаанзагалмайн нийгэмлэг төрд туслах үүргээ биелүүлнэ. УИХ-д Улаанзагалмайг дэмжих парламентын бүлэг байгуулсан. Нийт 19 УИХ-ын гишүүн, улс төрийн намын олон төлөөлөл оролцож гамшгаас хамгаалах эрхзүйн орчинг илүү боловсронгуй болгоход бидэнд дэмжлэг үзүүлж ажиллах юм” гэлээ.

“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2017” онол, практикийн бага хуралд оролцогчид Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагуудад хандаж зудын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зөвлөмжийг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин төгөлдөр хуур тогложээ

Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хятадын тэргүүн Си Зинпин нарын уулзалт болж байна. Энэхүү уулзалтаар хятадын шинэ торгоны замын төслийн талаар хэлэлцсэн юм.

Уг уулзалт болохоос өмнө Ерөнхийлөгч Путин хурал болох танхимд хүрэлцэн иржээ. Тэрбээр Си даргыг ирэхээс хэдхэн минутын өмнө танхимын гол байрлах төгөлдөр хуур тоглосон байна.

Путин “Би төгөлдөр хуур тоглох их дуртай” гэж хэлжээ. Тэрбээр “Moscow Windows” болон “The City Over the Free Neva” аяыг тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчид ирэх долоо хоногт амарна

Холбоотой ЗурагНийслэл болон орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 25-наас амарна. Харин 3-5 дугаар ангийнхан зургадугаар сарын нэгэн, ахлах ангийн сурагчид мөн ирэх сарын 8-наас амрах аж. Тэгвэл цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургадугаар сарын 1-нээс зуны амралт нь эхлэх юм байна.

Нийслэл

I-II анги

V/25-наас

III-V анги

VI/01-нээс

VI-IX анги

VI/08-наас

X-XII анги

Орон нутаг

I-II анги

V/25-наас

III-V анги

VI/01-нээс

VI-IX анги

VI/08-наас

X-XII анги

Цэцэрлэг

VI/1-нээс

Categories
мэдээ нийгэм

Нийтийн бие засах нэг газрыг ажиллуулахад сард 2,5 сая төгрөг зарцуулдаг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар нийтийн бие засах газар /City toilet/-ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж байгаа нийт 19 нийтийн бие засах газраас ашиглалтад эцэслэн хүлээж аваагүй 2 газар байгаа ба 17 газрын байнгын хэвийн ажиллагааны ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

Дээрх 17 газрын 4-ийг Хот тохижилтын газар өөрсдөө, 11-ыг нь түрээс болон ашиглалтын гэрээгээр, нийт 15 газрыг ажиллуулж, 88,2% нь байнгын ажиллагаатай байгаа бол байршил муутай, үйлчлүүлэгч ордоггүй нөхцөл шалтгаанаар ашиглалтад хүлээж авсан 2 газар, тодорхой шалтгаанаар ашиглалтад аваагүй 2 буюу нийт 4 газрыг ажиллуулаагүй, түр зогсоосон байна.

Дээрх 19 газрын 6 нь дулаанд, 19 нь цахилгаанд, 18 нь цэвэр усанд, 13 нь бохир усны шугам сүлжээнд холбогдсон, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй 13 газар байна. Дулаанд холбогдоогүй 13 газрын халаалтыг цахилгаан хэрэгслэл ашиглаж халаадгаас цахилгааны зардал өндөр буюу нийт ашиглалтын зардлын 50 орчим хувийг эзэлдэг байна.

Ашиглалт хариуцсан байгууллагаас Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний санхүүжилтийн хуваарилалт нь хариуцаж буй 19 газрыг бүрэн ажиллуулах зардалд хүрэхгүй байгаа тул дээрх зохицуулалтын арга хэмжээг авч, обьектыг байнгын ажиллагаатай байлгах, ахуйн үйлчилгээг иргэдэд хүргэх түвшинд авч буй зохих арга хэмжээ авч байгаа боловч цаашид энэ байдлаар зохицуулахад хүндрэлтэй, нийслэлийн өмчийг ариг гамтай, зориулалтын дагуу бүрэн ашиглах хүрээнд зохих менежментийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар танилцуулсан юм.

Иймд Захирагчийн ажлын албанаас дээрх 19 газрыг менежментийн гэрээгээр ажиллуулах, эсхүл гэр хороололд байрлах ашиглагдахгүй байгаа нийтийн бие засах газруудыг дуудлага худалдаагаар худалдаалах, хэрэв дээрх байдлаар хэрэгжих боломжгүй гэж үзвэл нийслэлийн өмчид хэвээр үлдээх, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх, улмаар ашиглалтын зардлыг нийслэлийн төсвөөс бүрэн шийдвэрлэх асуудлаар саналууд хэлэлцүүлсэн. Нийтийн бие засах 1 газрыг ажиллуулахад сард 2,5 сая.төгрөг буюу жилд 30,0 сая.төгрөг, нийт 19 газрыг ажиллуулахад жилийн ашиглалт, ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал болон элэгдлийн зардалд 560,0 орчим сая.төгрөг шаардлагатай тооцоо судалгаа гарч байгаа юм.

Улмаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцээд нийтийн бие засах газруудыг бүхэлд нь багцалж, менежментийн гэрээгээр ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх, нийтийн бие засах газрыг зайлшгүй нэмж байгуулах газар, байршлуудын судалгаа гаргаж танилцуулах, дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох шийдлийг гарган, хөрөнгө оруулалтын тооцоог хийж танилцуулах, түүнчлэн шатахуун түгээс станц, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудын бие засах газруудыг иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр холбогдох дүрэм журамд тусгуулж, шийдвэрлүүлэх асуудлуудаар холбогдох чиг үүргийн байгууллагуудад үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос пуужингийн туршилтаа амжилттай болсноо зарлажээ

Ням гаригийн өглөө Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн юм. Энэ талаар өчигдөр Пхенъян мэдэгдэл гаргаж, пуужингийн туршилт нь амжилттай болсноо зарлажээ.

Тус улсын төрийн төв хэвлэл мэдээлэхдээ “дунд тусгалын газар-газар ангиллын шинэ пуужинг Ким Жон Уны удирдлага дор амжилттай туршиж чадлаа” гэсэн байна. Мөн “цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг шалгахын тулд хөрш орнуудын аюулгүй байдлыг бодолцон хамгийн дээд өнцгөөр харвасан” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Харвасан пуужин нь төлөвлөсөн ёсоор тойрог зам үүсгэн 2,111.5 километрийн өндөрт хүрч, 787 километрийн зайнд усанд байсан байг яг оносон гэсэн байна. Өмнөд Солонгосын тал бас өмнө нь Пхенъяны пуужинг 700 орчим километр зам туулж, Японы тэнгисийн усанд унасан гэж мэдээлж байв.

Хойд Солонгосын пуужингийн өмнөх хоёр туршилт амжилтгүй болж байсан юм. Мөн энэ удаагийн туршилт нь Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ажилдаа орсноос дөрөв хоногийн дараа хийгдсэнээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Оффшорын асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг нэр дэвшигчдэд уриалав

Ард түмний онц зөвлөл (АТОЗ)-өөс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг нэр бүхий улс төрчдийн оффшор бүст нуусан хөрөнгийг эх орондоо буцаан авч ирэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалав.

Оффшор бүст нэр бүхий улс төрчид 17 тэрбум төгрөг байрлуулсан тухай мэдээлэл гарсан. Уг хөрөнгийг эх оронд нь буцаан авч ирэх, нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлаар АТОЗ хоёр удаа жагсаал зохион байгуулаад байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ болон хууль хяналтын байгууллагууд тодорхой ара хэмжээ хэрэгжүүлэхгүй байгааг тус зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэллээ.

Тэрбээр, “АТОЗ-ийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор аль нэг улс төрийн хүчний төлөө ажиллаж байна гэсэн хардлага байна. Гэхдээ тийм биш. Бидний ард зөвхөн Монгол Улсын иргэд бий. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд оффшорын асуудлыг шийдвэрлэх заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулах хэрэгтэй. Тэгж чадсан хүнийг АТОЗ болон Монголын ард түмэн дэмжих болно. Харин оффшорын эсрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулаагүй улс төрийн хүчин, нэр дэвшигчийг сонгохгүй. Нэр дэвшигчид иргэдэд олон сайхан амлалт өгнө. Гэвч түүнийг нь хэрэгжүүлэх төсөв хөрөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс оффшор бүст байгаа хөрөнгийг татаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол дахиад л гадаадаас зээл авах асуудал яригдах болно” гэлээ.

АТОЗ-ын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавих хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ. Тухайлбал, оффшор бүст хадгаламж эзэмшиж буй улс төрчдийг шалгах онцгой комисс байгуулах, Авилгын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг концвенцийг хэрэгжүүлэх зэргийг тусгах зэргийг тусгасан байна. Мөн оффшор бүст данс эзэмшиж буй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, нэр дурьдагдсан этгээдүүдэд хариуцлага тооцох, “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд мониторинг, үнэлгээ хийх асуудлыг шийдвэрлэх зэргийг шалгуур үзүүлэлтэд оруулжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг үндсэн чиглэлийн танилцуулга сонсч байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.

Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсож байгаа аж.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийх юм.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.

Түүх сонирхож, энэ чиглэлийн ном их уншдагийн хувьд хэлэхэд өнөөдөр болж буй “Бүс ба зам” санаачилгатай холбогдох анхны түүх, эхлэлийг Монголын өвөг дээдэс гайхамшигтай түүхээр бүтээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Монгол Улс, НҮБ хоорондын харилцаанд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй, бид цаашид ч Монгол Улсыг тууштай дэмжих болно, ялангуяа байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, эрсдэлээс сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын олон улсын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урив.

Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, 15000 гаруй цэргээ илгээсэн бөгөөд энэ хугацаанд монгол дайчид энхийг сахиулагчдын нэр төрийг өндөрт өргөж, хэд хэдэн удаа хүндтэй гавьяа байгуулсныг Монгол Улсын Ерөнхий сайд онцлов. Мөн дэлхий нийтэд энхийг сахиулах, хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсэд Монгол Улс цаашид ч НҮБ-ын мандатын дор хувь нэмрээ оруулах болно гээд энхийг сахиулахад Монголын эмэгтэй дайчдын тоог нэмэгдүүлэх, инженерингийн рот илгээх боломжтойг онцлов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монголын энхийг сахиулагчид тооноос гадна чанар, чадвараар НҮБ, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа саналыг бүх талаар дэмжих болно” гэлээ.

Монгол Улс анх удаа инженерингийн рот илгээх сонирхолтой байгаа нь сайн хэрэг, тэднийг хүлээж авахад бэлэн, мөн хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд нийгмийн амгалан байдлыг тогтоох, хэв журмыг сахиулах зорилгоор цагдаагийн албан хаагчдыг ч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болохыг ноён Антонио Гутерреш онцоллоо.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ажлаа авснаас хойш уулзаж байгаа анхны төрийн өндөр дээд албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.