Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг Төрийн албаны зөвлөлийн даргыг, МАН-ынхан Сангийн сайдыг сонсов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо оролцож, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр мэдээлэл хийсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2017.05.17-нд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг хийхээр болжээ. Хэлэлцүүлэгт эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн байгууллага, холбоодын төлөөлөл оролцох аж.

Бүлэг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж буй.

МАН-ын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2012 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцлээ. Уг хуралдаанаар бүлгийн гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсчээ.

Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслөөр танилцуулга хийжээ. Бүлгийн гишүүд сайд Б.Чойжилсүрэнгээс энэ сэдвээр асууж тодруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцогч Б.Янжаа 14 хэлээр чөлөөтэй ярьдаг

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцогч Б.Янжаа зурган илэрцүүд

Б.Янжаа хэмээх монгол бүсгүй “Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртжээ. Тэрээр таван настайдаа Шведэд очсон ба оюуны чадвараараа үзэгч, шүүгчдийг гайхшруулсан байна.

Шведийн нийслэл Стокгольм хотын оролцогч Янжаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг тайзан дээр гарган ирж, 90 секундын дотор тэдгээр орон орны хүмүүсийн нэрийг тогтоон, нэрлэж үзүүлжээ.

Үзүүлбэрийн дараа шүүгчид түүнээс “Шоунд түрүүлээд, мөнгөн шагнал хожвол юу хийх вэ” гэж асуухад Янжаа “Шведэд анх удаа ирж буй олон олон хүнд швед хэл түргэн сурахад нь туслах аппликейшн бүтээхийг хүсч байна” гэж хариулжээ.

Янжаа өдгөө 22 настай гэнэ. 2015 онд Хонконгод болсон “Нэр, царай тогтоох олон улсын тэмцээн”-д 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байсан юм. Мөн тухайн ондоо Ой тогтоолтын дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж байсан билээ. Үүнээс гадна Б.Янжаа 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг, авъяаслаг нэгэн юм.

Categories
мэдээ нийгэм

АН-2, ТВС-2 онгоцуудыг олон нийтэд үзүүлнэ

АН-2 онгоц зурган илэрцүүд

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлттэй, түргэн шуурхай үзүүлэх юм байна.

Тухайлбал, Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх, Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх, Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх зэрэг автотээврийн чиглэлээр үйлчилгээ мэдээлэл авах боломжтой юм. Мөн Мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, Онлайн тасалбар борлуулалтын системийн үйл ажиллагаатай танилцах, Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь авч болох аж.

Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 зэрэг онгоцууд тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг болох аж. Мөн хуучин автомашины үзэсгэлэн, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаарх танилцуулга мэдээлэл өгч, үйлчилгээг сайжруулж, билет захиалга, интернет захиалга зэрэг үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм байна.

Categories
мэдээ спорт

Асасекирюү Б.Дашням дэвжээний багш боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Асасекирюү Бадарчийн Дашням зодог тайллаа. Тэрээр мөн иргэншлээ сольж Япон улсын иргэн болсон.

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний ояката буюу багш дасгалжуулагч болохын тулд ийм шийдвэр гаргасан аж. Ийнхүү тэрээр шинэ ажилдаа орсноор монголын гуравдахь ояката болж буй юм.

Манай улсаас Кёкүтэнхо Н.Цэвэгням монгол сумочдын хамгийн анх зодог тайлж Оошима дэвжээний ояката болсон. Мөн Токитэнку А.Хүчитбаатар 36 настайдаа сумог бөхийн спортоос зодог тайлж, дэвжээндээ туслах дасгалжуулагч багшаар ажиллаж байсан ч өнгөрсөн нэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаа энэ сарын 21-нд болно

НӨАТ-ын сугалаа зурган илэрцүүдЭнэ сарын 21-ний өдөр буюу ирэх бямба гаригийн 19:30 цагт НӨАТ-ын ээлжит сугалаа болох ажээ. “Боловсрол суваг” телевизээр сугалааны тохирлыг орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм байна. Супер сугалааны шагналын сан 250 сая төгрөг. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа дөрөвдүгээр сарын 20-ны 23:59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хөөсөнцөр хавтангийн үйлдвэрт гарсан галд хүн өртөөгүй

Баянгол дүүргийн 4-р хороо буюу Ажилчны гудамжинд байрлах хөөсөнцөр хавтангийн үйлдвэрт гал гарсан. “NOTS” ХХК-ний үйлдвэрт гарсан галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын гал унтраах гурван анги шуурхай алба ажиллалаа. Галд хүн өртөөгүй бөгөөд галын шалтгааныгодоохондоо мэдээлэх боломжгүй гэлээ.

Хөөсөнцөр хавтангийн үйлдвэрт гарсан галыг онцгой албаныхан унтраах үед ус шүршигч хоолой хүрэхгүйн улмаас зөөврийн усаар галыг унтраажээ. Хүчтэй гал гарсан учраас богино хугацаанд хөөсөнцөр хавтанд гал тарсан ч Онцгой байдлын албаныхан цаг алдалгүй ирж, унтраажээ.

Categories
гадаад мэдээ

Францын хамгийн залуу Ерөнхийлөгч Э.Макрон ажлаа хүлээн авлаа

Францын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Эммануэл Макрон тангарагаа өргөн, өнөөдрөөс эхлэн ажилдаа орлоо. Тэрээр сарын дараа болох парламентийн сонгуулиар эдийн засгийн реформ хийх өөрийн гол санаануудаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Мөн тэрээр дараа сард Германы канцлер Ангела Меркелтэй уулзахаар төлөвлөжээ.

Эммануэль Макрон тангараг өргөх ёслолын үеэр “Франц улс 21 дүгээр зууны хүчирхэг эдийн засаг болох бүхий л боломж бий. Эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын асуудлыг үл харгалзан Францчууд нэгдмэл байх хэрэгтэй. Дэлхий нийт биднийг илүү хүчирхэг, бат бөх, алсын хараатай байхыг хүлээж байгаа. Цагаачлалын хямрал, цаг уурын өөрчлөлт, эрх мэдлээ урвуулан ашиглах явдал, капитализмын үлдэгдэл болон терроризм зэрэг дэлхий нийтийн хямралд манай улс шаардлагатай үед хэдийд ч үүргээ ухамсарлаж зохих арга хэмжээ авна. Дэлхийн бүх улс орнууд бие биенээсээ харилцан хамааралтай учир бид Европтой илүү үр ашигтай ажиллаж, ардчилсан Европыг бий болгох хэрэгтэй” гэсэн байна.

Өдгөө 39 настай хөрөнгө оруулалтын банкны захирал болон Сангийн сайд хийж байсан тэрээр өчигдөр шинэ албан тушаалынхаа найрыг Элисэй ордонд хийсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих” бодлогод 8.7 оноо өглөө

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны ээлжит хэлэлцүүлэг “Бүх нийтээр мод тарих өдөр” буюу өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ өдрийг сонгож хэлэлцүүлэг зохион байгуулсан нь Ерөнхийлөгчийн “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих” чиглэлд хийсэн ажилд “Ардын эксперт”-үүд дүн тавьсантай холбоотой юм. Ерөнхийлөгчийн хувьд бүх нийтээр мод тарих санаачилгыг эхлүүлж, хулгайн мод бэлтгэх, тээвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Мөн баялаг бүтээгчдээ дэмжих, байгаль орчноо хамгаалах чиглэлд олон шинэлэг даацтай санал, санаачилга гаргаж ажилласан билээ. Тиймээс ч хөндлөнгийн, хараат бус “МЕК” судалгааны байгууллагын санамсаргүй түүврийн аргаар сонгосон “Ардын эксперт”-үүд “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцож, Ерөнхийлөгчийн “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих” чиглэлд хийсэн ажилд 10-аас 8.7 оноо өглөө.

Categories
гадаад мэдээ

Төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг эмчилнэ

БНХАУ-ын “Улаан загалмай” нийгэмлэг төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдийг эмчлэх хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Өвөронголын өөртөө засах орны өндөр зэрэглэлийн эмч нар Монголд ирж үзлэг явуулах бөгөөд дараа нь сонгогдсон 100 хүүхдийг БНХАУ-д хагалгаанд оруулах юм байна.

Энэ хөтөлбөрийг Хятадын улаан загалмай нийгэмлэг “Бүс ба зам” санаачилгад хамрагдсан бүх орнуудад хэрэгжүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 20 хувиар буурчээ

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрвөн сарын мэдээллийг гаргажээ. Тухайлбал, Хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 39-өөр буюу 14.3 хувиар өсчээ. Харин эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 359 болж, өмнөх оны мөн үеэс 217-оор буюу 37.7 хувиар буурсан бол эхийн эндэгдэл дөрөвдүгээр сард тав болж, өмнөх оны мөн үеэс 12-оор буюу 70.6 хувиар буурчээ. Харин 100.000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл эхний дөрвөн сард 21.9 болж, өмнөх оны мөн үеэс 45-аар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 236 болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 647.3 тэрбум төгрөг болж мөн оны өмнөх үеэс 111.1 тэрбум төгрөгөөр буюу 20.7 хувиар буурч зарлага 12.3 хувиар өсчээ.

Өрхийн сарын дундаж орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэврийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

О.ӨНӨР