Categories
мэдээ цаг-үе

Зөрчлийн тухай хуульд тусгагдсан иргэдийн мэдвэл зохих заалтуудаас танилцуулъя

УИХ-ын чуулганы энэ долоо хоногт болох хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах гэж байгаа билээ. Хууль батлагдсан нөхцөлд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Иргэн таны мэдвэл зохих олон зүйл заалт уг хуульд тусгагдсан байгаа. Тухайлбал, гэртээ шөнө оройн цагаар чанга дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулахаас эхлээд зориулалтын газар хогоо хаяагүй гэх зэрэг мэдүүштэй олон заалтуудтай тун чухал хууль энэ долоо хоногтоо багтан батлагдан гарах гэж байна. Зөрчлийн тухай хуульд тусгагдсан анхаарал татахуйц зүйл заалтын тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Зөрчлийн тухай хуульд нийтдээ 1600 зөрчил багтсан. 1600 гаруй зөрчлийн 10 зөрчил дээр 100 сая төгрөгийн торгуулийн асуудал яригдаж байгаа. Энэ 10 зөрчлийн найм нь банктай холбоотой байгаа. Банк байгуулах тусгай зөвшөөрөл аваагүй байж иргэдээс хадгаламж татаад, зээл олгоод хууль бусаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдэл дээр 100 сая төгрөгөөр торгоно гэх мэтээр уг хуульд торгуулийн хамгийн өндөр заалт нь 100 хүртэлх сая төгрөгюм.

Зөрчлийн тухайн хуульд туссан иргэн таны амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг түүвэрлэн хүргэе.

• Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 30 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгоно.

• Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 зуун мянган төгрөгөөр торгоно.

• Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10 мянган төгрөгөөр торгоно.

• Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 25 мянган төгрөгөөр торгоно.

• Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно.

• Гэр бүлийн хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна.

• Санаатай хүнд гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа, эсвэл үйлдсэнийг лавтай мэдсэн атлаа эрх бүхий байгууллагад мэдээлээгүй бол 500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно.

• Санаатай хүнд гэмт хэргийг нуун далдалсан бол хүнийг 750 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 7.500.000 төгрөгөөр торгоно.

• Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 150 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно.

• Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

• Автомашинтай замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буюу улаан гэрлээр гарвал 25.000, гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20.000, хурд хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгоно.

• Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг 1.000.000 төгрөгөөр торгоно.

• Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.

• Хувь хүнийг сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 2.000.000төгрөг, аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр торгоно.

• Мансуурсан, эсвэл аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эсвэл хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна.

• Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно.

• Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас нь орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны дүрсний бичлэг хийсэн бол хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.

• Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол иргэнийг 2.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгоно гэх мэт.

Зөрчлийн тухай хууль шинээр гарах болсон гол шалтгааныг та нэгэнт эзгүй арал дээр биш хүний нийгэмд амьдарч байгаа бол тэнд тогтсон ёс зүй, дэг жаягийг дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр дэг журамтай нийгэмд амьдруулах гэж Зөрчлийн хууль батлагдах гэж байгаа. Та хаа таарсан газраа хогоо хаяж, чангаар хашгирч болохгүй. Наад зах нь та оочер дугаар дайрч, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй гэдэг нийгмийн харилцаанаас эхлээд зохицуулж байгаа хэмээн хуулийн албаны хүний ярьсан тайлбараас нь уг хууль гарах болсон зорилтыг нь ойлгож болох юм. Гэхдээ бүх зүйлийг хамаад зохицуулаад байна гэж ойлгож болохгүй. Цоо шинээр хариуцлага ярих гэж ч байгаа юм биш. 1992 оноос өмнөх хуульд ч хойшхид нь ч уг хуульд тусгагдсан заалтууд байсан. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль нь урьд нь хуульд байсан хэрэгждэггүй заалтуудыг нийлүүлж шинээр хууль болгож багцалсан гэж хэлж болохоор юм байна.Нийтдээ 240 хуульд байгаа хориглосон, шийтгэлийг нэг хуульд системчлэх зорилготойгоор Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ.Уг хуульд 1600 зөрчлийн ердөө дөрөвт нь баривчлах шийтгэл оногдуулахаар болж байгаа. Учир нь байнгын хорооны удаа дараагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор маргаан гарч, сав л хийвэл баривчлах, шоронжуулах хууль болж байна гэсэн шүүмжлэл гарсантай холбоотойгоор хорих шийтгэл илтэд багассан гэж хэлж болно. Олон нийтийн газар үймүүлж, аяга таваг хагалаад, амгалан тайван байдал алдагдуулаад агсам согтуу тавиад байгаа нөхрийг торгоод яваад байх юм уу. Торгохыг нь торгож, давтан үйлдэл гаргаад байгаа хүнийг 7-30 хоног баривчилж, гэм зэмийг нь өөрт нь ойлгуулдаг байсан нь дээр гэж үзжээ. Халаасны хулгайн тухайд гэхэд торгууль оногдуулаад байх нь дахиад яваад хулгай хийгээд хохирлоо барагдуулчих гэж хэлж байгаагаас өөрцгүй. Тиймээс халаасны хулгай хийгээд байгаа хүнийг баривчилна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 240 мянган төгрөг хүрэхгүй бол гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Ингээд мөнгөө алдсан хүмүүсийн хохирлыг барагдуулах эрх ашиг зөрчигддөг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд баривчилна гэдэг заалт байгаа. Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлах арга хэмжээ авч байгаа. Согтуугаар жолоо барьж байгаад 25 мянган төгрөгөөр торгуулчихаад л яваад байж болохгүй учир согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг баривчлах юм байна. Ийм дээрх дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулахаар тусгажээ.

Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн ажилтан, прокурор хийнэ. Хэрэв зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол баривчлах ял оногдуулна. Баривчлах шийтгэлийг шүүхээс оногдуулна. Баривчлах шийтгэлийг 7-30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулах бөгөөд зөрчил үйлдсэн хүнийг албадан сургалтад хамруулж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заажээ. Ажлын хэсгээс хуулийн төсөл дэх Албадан сургалт гэсэн зүйлийг өөрчлөн найруулах саналыг гаргасны дагуу шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж тусгажээ. Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. Албадан сургалт 15-50 цагийн хугацаатай байх гэнэ. Мөн зөрчил үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй. Энэ нь зургаан сарын хугацааны дотор зөрчлийг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаагүй бол хэрэг биш гэж тооцогдон хэрэгсэхгүй болно гэсэн үг болж байна.Дашрамд дурдахад Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлэх, хүний эрхийг дордуулсан байж болзошгүй заалтууд тусгагдсан хэмээн үзэж УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, ажлын хэсэг сарын өмнө байгуулагдаж байсан удаатай. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд багагүй шүүмжлэлийг хүлээж, иргэдийн эрхэнд халдсан халтай хууль төрөн гарах нь гэсэн болгоомжлолыг үүсгээд байсан юм. Ямартай ч УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэнэ. Ирэх пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хууль батлагдан гарна гэсэн хүлээлт байна.

Categories
мэдээ цаг-үе

“Авьяаслаг монголчууд” шоуны алтан баззер Б.Тунгалагтамир: С.Ванчигдоржийгоо зун гэр бүлээрээ ирэхэд нь гүүгээ бариад чимчигнэсэн сайхан айраг бэлдээд сууж байна даа

Нялх ногоо үндсээ түрэн ургажээ. Хаашаа л харна ногоон туяа хөндий талаар зэрэглээтэх аж. Нойтон цас юм уу, бороо орж газрын хөрсөнд багахан чийг өгөхөд л ногоо ёстой л суга ургах дээрээ байна. Адууны захад гүү унагалж, засаатай үрээ хэдэн байдсан гүү хурааж ийш тийш нь элдэж чавхдаад, хонин сүргийн захад эхийнхээ сүүнд цадсан хурга, ишиг тонгочиж тоглоод урин цагийн хавар цаанаа л нэг тэнүүхэн байна. Төв аймгийн Өндөрширээт суманд өнгөрсөн амралтын өдрөөр очлоо. Бид тус сумын залуу малчин Б.Эрдэнэбатын гэрт, бүр тодруулж хэлбэл “Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн, шилдэг 32 авьяастны нэг Б.Тунгалагтамираас ярилцлага авсан юм. Тэрбээр энэ хавар “25 дугаар суваг” телевизийн “Ар, Өвөр Монголд нэг удаа” шоу нэвтрүүлэгт оролцсон билээ. “Явсан хүнээс үг дуул” гэсэн эртний үг байдаг. Тэгвэл Өмнөд Монголын малчид хэрхэн амьдарч байгаа талаар ийн хөөрөлдлөө.


-Өмнөд Монголд хэд хоноод ирсэн бэ. Манай улсын малчид болон Өмнөд Монголын малчдын амьдралын талаар ярилцлагаа эхлэх үү?

-“25 дугаар суваг” телевизийн найруулагч өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр “Ар, Өвөр Монголд нэг удаа” шоу нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Таныг нэвтрүүлэгтээ оролцуулах гэсэн юм. Та Улаанбаатарт хэзээ ирэх вэ. Таныг энд ирэхээр уулзаж ярилцмаар байна” гэж хэлсэн. Би ч “Сар шинийн баяр дөхүүлээд л очно. Цагаан сарын бэлэг, сэлт, тавгийн чихэр авах ажилтай” гэж хэлсэн.

Ингээд хэд хоногийн дараа хот ороод очиж уулзсан. Тэгэхэд “Ар Монгол болон Өмнөд монголчуудын амьдралыг олон нийтэд харуулсан шоу нэвтрүүлэг. З.Алтай захирал таныг бидэнд санал болгосон” гэж хэлсэн. “Монгол HD телевизтэй хамтран ажиллах гэрээ маань дуусаагүй учраас өөр телевизийн нэвтрүүлэгт орж болох уу, үгүй юү гэдгээ асуусан. Үүний дараа нөхөртөө хэлж байгаа юм. Манай хүн яахав дээ “Битгий дэмий юм яриад бай” гээд л нөгөө хэлдэг үгээ л хэлж байгаа юм. Гэхдээ манай хүний “Битгий дэмий юм яриад бай” гэж хэлж байгаа үг чинь “Яв яв” гэсэн үгний эхлэл байхгүй юу. Ингээд нэвтрүүлэгт орох саналыг хүлээж авсан даа. Яг мал төллөх үеэр очих болж таарсан. Хөдөөгийн малчид бидний жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан ажлынхаа үр дүнг үздэг цаг үе. Ингээд малаа төллөхөд байхгүй байх болж таарсан. Бид гуравдугаар сарын 15-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөд Монголын Шилийн гол аймаг руу хөдөлсөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар дайрч, Бичигтийн боомтоор хил гарсан. Хятадын хилийн боомт дээр нэлээн удаан шалгуулж зогссон. “Осмо” гээд камерны гаднах хайрцаг нь буу шиг хэлбэртэй юм билээ. Хилийнхэн буу байна гэж андуураад зөндөө шалгасан. Хил дээр “Одон” телевизийн найруулагч, С.Ванчигдорж биднийг хүлээгээд зогсож байсан. Тэдэнтэй уулзаад засмал замаасаа гараад шороон замаар 130 гаруй километр яваад С.Ванчигдоржийн гэрт яваад очсон. Тэгсэн бөөн асуудал болоод бүгд сандарцгаасан шүү.

-Ямар асуудал үүссэн юм бэ?

-Бид хилээр гараад “Ухаалаг” студийн захиралд хэлэх байсан юм билээ. Тэгсэн тэдэнтэй уулзалгүй шууд С.Ванчигдоржийн гэр рүү явчихсан. Тэгсэн тэндхийн хууль хяналтынхан “Монгол Улсын дугаартай машин хилээр гараад хулгайн замаар шууд яваад өглөө” гээд мэдээлэл өгчихсөн байсан. Биднийг С.Ванчигдоржийн гэрт очоод зураг авалтаа дөнгөж эхэлж байтал цагдаагийн хувцастай, жирийн хувцастай хүмүүс хүрээд ирдэг юм байна. Хэдэн талаас зураг дараад л бөөн сүр болсон. Би ч “Та нар намайг энд авчраад гэмт хэрэгтэн болгочихож байгаа юм биш биз дээ” гээд л асуугаад авсан. Кинонд гардаг шиг өмнөөс, хажуугаас зураг аваад байгаа юм чинь. Цагдаа нар нь Монгол Улсын дугаартай машин хил гараад шууд хулгайн замаар явчихлаа гэсэн мэдээлэл ирсэн гээд л шалгаж гарсан. Ингээд бид зорьж очсон айлаасаа Шилийн гол аймагт очиж дарга нартай нь уулзлаа. Албан ёсоор заавал мэдэгдэж зөвшөөрөл аваад нэвтрүүлгээ хийх ёстой байсан юм билээ. Манайхан болохоор хоорондоо яриад л түс тас тохирсон болохоор шууд нэвтрүүлэг хийх айлдаа очиж болно гэж бодсон шиг байна лээ. Ингээд нэвтрүүлэг эхэлсэн цагаас хойш хоёр, гурван дарга нь биднийг байнга дагаж явсан. Өмнөд монголчуудын аж амьдралыг олон нийтэд гаргах гэж байсан учраас ямар нэгэн алдаа гараад, буруу ойлголт төрчих вий гэж урьдчилан сэргийлж байна гэж санагдсан. Галаа ноцоож байхад дизель шиг зүйл зуухандаа хийж байгаад модоо асаачихаар “За энэ хэсгийг оруулахгүй шүү. Энэ зураг авалтыг нэвтрүүлэгт оруулмааргүй байна. Жинхэнэ монгол уламжлалаар асааж зураг авахуулах ёстой” гэдэг ч юм уу, хөндлөнгөөс хяналт тавиад байсан.

-Та Өмнөд Монголд анх очсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Анх ямар бодолтой очсон. Эргэж ирэхдээ анх бодож байсан бодол нь өөрчлөгдсөн үү?

-Үнэнийг хэлэхэд анх Өмнөд монголчуудын талаар шал өөр ойлголттой очсон. Ихэнх нь хятаджсан хүмүүс байдаг байх. Бүр Хятадын цустай хүмүүс л байдаг гэсэн зүйл бодоод очсон. Тэгсэн бидний очсон айлын гэрийн эзэн Ванчигдорж зөвхөн монгол хэлтэй. Хятад хэл огт мэдэхгүй байх жишээтэй. Эрчүүд нь адуу их сонирхдог хүмүүс санагдсан. Бурхан шүтнэ гэсэн ойлголт байхгүй. Айл болгоны гэрийн хойморт Чингис хааны зураг байна. Ерөөсөө л Чингис хааныг бурхан мэт шүтсэн хүмүүс байна лээ. Монголчууд ирлээ гэхээр их сайхан хүлээж авна. Анх хүлээж авч зочилж байгаагаас эхлээд маш сайхан санагдсан. Их зочломтгой, хоол ундаар дайлах сонирхолтой их сайхан хүмүүс байсан. Ийм нэвтрүүлэг гарах гэж байна гэдгийг дуулаад тусгайлан гэр гаргаж барьсан байсан. Харин Өмнөд Монголын малчид бүгд тэндээ байшин барьчихсан. Их тохилог амьдардаг. Бэлчээрийн хувьд цаанаасаа хэсэгхэн газрыг өмчлөөд өгчихсөн. Тэр хашаанд мал нь бэлчээрлэх ёстой. Цаанаас нь зааж өгсөн газрын хашаанаас мал нь гарах ёсгүй. Өөр айлын хашаанд орчих юм бол их хэмжээний төлбөрт унадаг гэсэн. Бага газарт бэлчээрлэж байгаа ч гэсэн мал нь их тарган, эрүүл, ямар нэгэн өвчин байхгүй. Айл бүрийн мал угаадаг ванн нь сүүлийн үеийн янзын шийдэлтэй юм байна лээ. Нэмэгдэл тэжээл өгдөггүй мөртлөө мал нь жилийн дөрвөн улиралд тарга тэвээрэг огт алддаггүй гэсэн. Мал нь тарган байгаад байдаг цаад шалтгаан нь хөдөлгөөн бага байдаг болохоор тарган байдаг юм шиг санагдсан.Хөдөлгөөнгүй суугаад хоол унд идээд байгаа хүн таргалаад байдагтай адилхан юм билээ. Хашаатай болохоор малдаа санаа зовох юмгүй. Энд тэнд хонь хургалж л байдаг. Тэнд нь үлдээчихээд л хүрээд ирдэг. Их ажилтай үед хонио орой үдэш огт хашихгүй. Том хашаатай болохоор алга болчихно гэж санаа зовохгүй амар тайван суудаг. Миний очсон Ванчигдоржийнх тавхан ямаатай. Ямаа адтай амьтан болохоор хашаа даваад айлын хашаа руу орж өр төлбөрт унагаж магадгүй гээд цөөхөн ямаатай байдаг гэсэн. Гэхдээ хийж байгаа зүйлс, ёс заншил гээд олон юм нь бидэнтэй адилхан.

-Та гэрийн эзэгтэйд нь хуушуур хийхийг зааж өгөөд байсан. С.Ванчигдорж танайд цуйван идээд гайхаад байх шиг байсан?

-Чимхсэн гурилтай шөл гээд хоол бидэнд хийж өгсөн. Тэр нь манайхны тасалсан гурилтай шөл байсан. Мах чанаж өгсөн. Бууз хийдэг юм билээ. Өөр үндэстний хоол гэж байхгүй гэсэн. Мах чанахаар нь гурилаар бүтээх үү гэж асуухаар гайхаад байгаа юм. Мах чанахаараа шөлөнд нь будаа хаяж иддэг гэж ярьсан. Уг нь хуушуур, цуйван Хятадаас гаралтай гэгддэг. Гэтэл эдгээр хоолыг ерөөсөө мэдэхгүй байсан. Гэрийн эзэгтэйд нь хуушуур хэрхэн хийхийг зааж өгсөн. Миний хувьд С.Ванчигдоржийг анх сонгохдоо Монгол Улсад Өмнөд Монголын ёс уламжлал, зан заншлыг энэ хүн сурталчилж чадна гээд сонгосон. Харин намайг бол хүнээ хараад сонгочихсон юм шиг санагдсан. Уг нь хаврын цагт очиж байгаа болохоор надаар ямаа самнуулах хэрэгтэй байсан. Тугаллах дөхсөн үнээг үзээд хэзээ тугаллах вэ, осгосон ишгийг яаж босгож ирдэг гэдгийг нь харуулж, хэлүүлэх малчин ухааны талаар сорьсон зүйл ерөөсөө байгаагүй. Бид очоод хоёр хоносны дараа мал нь төллөж эхэлсэн. Гэхдээ мал төллөлөө гээд эздэд нь ямар ч зовлон байхгүй. Нэг хонь хургаа голсон байсныг авахуулсан. Хотны ноос малтах, хөрзөн оруулах, адууны хомоол цэвэрлэх, өвс малд хаяж өгөх л ажил хийсэн дээ. Өөр сүйдтэй ажил байхгүй. Иймэрхүү байдалтай арав хоносон. Өмнөд монголчууд манай телевизийн сувгуудыг байнга үздэг. Гэртээ Монголоос суваг хүлээн авагч худалдаж аваад тавьчихсан. Ингээд Монголын бүх сувгийг үзээд сууж байдаг юм билээ. Манай улс эх оронд болж байгаа зүйлийг биднээс илүү сайн мэддэг. Мэдээлэл ихтэй байгаа юм. “Авьяаслаг монголчууд” шоуны Чимгээ шүүгчийн алтан баззер манай хошуунд иржээ” гээд тэр хавьд бөөн шуугиан болсон. Надтай танилцаж, хамтдаа зураг авахуулах гэсэн олон хүн ирсэн. С.Ванчигдоржийн эхнэр анх намайг “Нөгөө хүүхэд нь халуураад хот яваад шоунд ордог эгч байна” гээд л таних жишээтэй. Тэнд намайг ихэнх нь таньж байгаа болохоор өөр улсад байна гэсэн бодол огт төрөөгүй.

-Өмнөд монгол малчдыг төрөөс нь хэр дэмждэг юм байна. Малын мах ямар үнэтэй байсан бэ. Энэ талаар сонирхож үзсэн үү?

-Монголын малыг өвчтэй гэсэн их буруу ойлголттой байдаг юм билээ. Тэдэнд аймаг сум болгоны мал өвчтэй биш. Цаг тухайн үед нь туулга, тарилга, вакцин хийдэг гэдгийг ойлгуулж хэлж өгсөн. Малчдыг төрөөс нь маш сайн дэмждэг болохоор их бийлэгжүү. 100 гаруй малтай айлын амьдралыг дэмжихийн тулд сар бүр 1000 юань өгдөг. Газрынхаа даацыг хэтрүүлэлгүй малаа тоонд нь барьж байгаа тохиолдолд малчин айл бүрт жилд монгол мөнгөөр 30-35 сая төгрөгийг урамшуулал болгоод өгнө. Улиралд нэг удаа бүх малчнаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулаад шаардлагатай эм тариаг нь цаанаасаа үнэ төлбөргүй өгчихдөг. Хавар, намрын улиралд малд нь чанарын шаардлага хангасан, хүлээн зөвшөөрсөн тарилга, туулга хийгээд өгчихнө. Жил болгон малыг нь улс нь өндөр үнээр худалдаад авчихдаг. Мал төхөөрөх энэ тэр гэсэн асуудал огт байхгүй. Хургалах 350 хоньтой айл гэхэд төлөө бүгдийг нь улсдаа зарж борлуулаад 100 гаруй сая төгрөгийн ашиг олчихдог. Хоёр килограмм мах 60 гаруй мянган төгрөг. Төлөг 400-500 мянган төгрөгт хүрдэг юм билээ. Тэгэхээр малчдын амьдрал үнэхээр боломжийн санагдсан. Тооцоо гаргаж үзэхэд манайхны хоёр мянган малтай айлаас 350 тоо толгой малтай айл илүү их орлоготой байсан.

-Та бүхэн эргэж ирээд танай гэрт нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн. С.Ванчигдорж их ядарсан гэнэ үү?

-Өмнөд Монголд хийх ажилгүй хэд хоноод сүүлдээ тэр айлын мах шөлийг ч барах шинжтэй. Нэвтрүүлгийн багийнхантайгаа нэг хоол хийхдээ хонины махны бүтэн гуяар хийж байгаа юм. Ингээд нэвтрүүлгийн найруулагчтайгаа ярьж байгаад Монголд, манай гэрт нэвтрүүлгээ үргэлжлүүлэхээр болсон. Ингээд гэртээ ирсэн. Манайх хаваржаандаа нүүгээд буучихсан. Жижиг гэрээ дээш нь буулгачихсан тав тух муутай байсан. Мал ид төллөж байхад эргэж ирж таарсан. С.Ванчигдорж ямаа самнаж чадахгүй болохоор өглөө босоод цайгаа уучихаад хонинд яваад бага үд өнгөрөөгөөд ирнэ. Өглөө босоод л “Би хонь хариулна шүү” гээд яваад өгнө. Адуу ярихаар нүд нь сэргээд явчихна. Хүмүүс цахим сүлжээгээр энэ хэд өмнөд монгол залууг аймаар их ажил хийлгээд зарж өгч байна гээд л их шүүмжлээд байсан. Үнэндээ Ванчигийг яс махыг нь хаттал зарсан зүйл ерөөсөө байхгүй. Нүүрэндээ тос түрхсэн цагаан хүн анх ирээд хээрийн салхинд хэд хоног яваад царай алдчихаж байгаа юм. Эхэндээ гар, хөлөө угаагаад их цэвэрч байсан гэсэн. Сүүлдээ нүүрээ тослохоо ч байсан. Өдөрт нэг ямаа л самнаж чадна. Биднийг өдөрт 10-12 ямаа самнахаар гайхна. Хүний амьдрал болсон хойно арай үнэтэй байгаа дээр нь ноолуураа өгөх гээд нэвтрүүлгийнхээ дундуур ямаагаа самнасаар байгаад л таарсан. Гэхдээ Өмнөд Монгол яваад үнэ нь буучихсан байхад ноолуураа өгсөн. Нөхөр “Чи ийш тийшээ явснаас болоод ноолуураа олигтой үнээр өгч чадаагүй” гээд л зэмлээд байгаа. С.Ванчигдорж адуунд их эрэмгий, уургалаад авахад л шууд мордоод булгиулж байгаа юм. Зайдан мордчихоод булгиулахад унахгүй, тогтоод байх шинжтэй байна лээ. Их сайхан нэвтрүүлэгт орсондоо үнэхээр их баяртай, сэтгэл хангалуун байгаа. Ирэх зун манайд С.Ванчигдорж гэр бүлээрээ зочилж ирнэ гэсэн. Ирэхэд нь гүүгээ бариад чимчигнэсэн сайхан айраг бэлдээд сууж байна даа. Одоо ирэхэд нь их сайхан хүлээж авна гээд л нөхөр бид хоёр хоорондоо яриад байгаа. Манай хүн түүнийг явахад нь “Чамайг энэ удаад нэвтрүүлгийн журмаар, дээр нь туслах малчнаар ирлээ гэж ойлголоо. Ирэх зун бол зочны ёсоор хүлээж авна аа” гэж дуугарч байна лээ шүү.


Categories
мэдээ цаг-үе

О.Болор: Уян дурангаар оношлуулахад ходоод гэмтэнэ гэх ойлголт байдаггүй

“Сөүл” эмнэлгийн хоол боловсруулах замын уян дурангийн эмч О.Болортой ярилцлаа.


-Манай улсад хоол боловсруулах замын өвчлөл их байна уу. Нас баралтын үзүүлэлтээр дэлхийд хэддүгээрт орж байна вэ?

-Манай улсын хэмжээнд хоол боловсруулах замын өвчлөл маш их байна. Ялангуяа ходоод, улаан хоолой, элэг цөс, нойр булчирхайн өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Манайх 100 мянган хүнд ногдох ходоодны хорт хавдраас үүдсэн нас баралтын үзүүлэлтээр дэлхийд хоёрт орж байна. Япон, Солонгос зэрэг уян дуран сайн хөгжсөн орнуудын иргэд болохоор тодорхой заалтын дагуу, үе давтамжтайгаар шинжилгээнд ороод явдаг. Гэтэл манайхан шинжилгээнд хамрагдахгүй байсаар ходоодны өвчлөлийг хүндрүүлээд байгаа юм.

-Орчин үед ходоодны өвчлөлүүдийг хэрхэн оношилж байна вэ. Танай эмнэлэг гэхэд хамгийн сүүлийн үеийн уян дурангуудаар оношилдог юм байна. Дурангаар харуулж болно, болохгүй гэсэн заалт байдаг юм уу?

-Дурангийн шинжилгээнд орох заалт гэж бий. Гэхдээ дурангийн ариутгал маш чухал. Дурангаар дамжиж халдвар тарах эрсдэл бий. Манай эмнэлэг дуранг хамгийн сайн ариутгадаг. Ер нь урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд орж хэвших хэрэгтэй. Ходоодны салстын өөрчлөлт, шалбархай үрэвсэл, хеликобактери халдвар гэр бүлийн хавдрын хамаарал зэрэг шалтгаануудаас хамаараад хэн хэдэн жилд, хэдэн сард дурангийн шинжилгээнд орж байх ёстой зэргийг тодорхой заачихсан байдаг. Яагаад гэхээр ходоодны хорт хавдар хүндрэх хүртлээ огт зовуурь өгдөггүй. Тиймээс зовуурь өгсөн хойно эмчид хандвал хожуу оношлогдож байна гэж ойлгох хэрэгтэй. Хавдрыг эрт үед нь оношлох тусам эмчлэхэд хялбар байна шүү дээ. Олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн линзтэй дуранг Монголд нэлээд хэдэн эмнэлэг хэрэглэж байгаа. Харин манай эмнэлэг хамгийн орчин үеийн технологийн дэвшлийн дуран хэрэглэхээс гадна, тухайн хүнийг шинжилгээнд бэлтгэж ходоодны салстуудыг бүрэн харах боломжийг бүрдүүлдэг. Мөн тусгай бодис хэрэглэж байж дуранддаг дэвшилтэт технологитой учир ходоодны шархыг эрт үед нь илрүүлж байна.

-Олон удаа дурандуулбал ходоодонд муу гэх яриа байдаг. Энэ хэр үнэн юм бэ?

-Энэ бол их хуучирсан ойлголт. Уян дурангаар дурандуулахад ходоод гэмтэнэ гэх ойлголт бараг байдаггүй. Хүн шаардлагатай тохиолдолд өдөр бүр дурандуулсан ч болохгүй зүйл байхгүй. Ходоодны шарх хавдар болдоггүй, хавдраа танихгүй шарх гэж андуурдаг. Тиймээс аль болох хамгийн сайн чанарын уян дурантай, эмчилгээ үйлчилгээ өндөртэй эмнэлэгт үзүүлж, оношлуулж байх хэрэгтэй. Хеликобактеритай бол гурваас таван жилд нэг удаа дуранд орно гэх зэрэг гурван сараас таван жил гээд заачихсан тодорхой хугацаа бий. 40-өөс дээш настай бол жил бүр дурангийн шинжилгээнд орж байх хэрэгтэй.

-Ходоодны өвчний үед ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Илрэх нийтлэг шинж тэмдгүүд гэж бий. Ходоодны хорт хавдрын үед өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Зарим тохиолдолд ходоодны үрэвсэлтэй холбоотойгоор гэдэс цанхайж, аюулхай орчмоор өвдөнө. Мөн турж эцэх, хоол шингэхгүй байх, цус багадах зэрэг хүндрэл гардаг. Энэ нь өвчин хүндэрсэн үед мэдэгдэнэ.

-Ходоодны өвчлөлийн гол шалтгаан юу байна. Ямар хоол хүнс хүний ходоодонд хамгийн их халтай байдаг юм бэ?

-Ходоодны хорт хавдар үүсгэж байгаа гол шалтгаануудын нэг нь хеликобактери. Манай улсын хүн амын 76 орчим хувь нь хеликобактеритай. Хэт их давсны хэрэглээ, архи тамхи зэрэг хорт зуршил, амьдралын буруу хэв маяг, хооллолтын буруу дэглэм, хоосон явах эсвэл хэт их идэх зэрэг нь ходоодонд маш халтай байдаг. Үүнээс гадна хорт туяаны нөлөө, вирусийн шалтгаан ходоод өвчлөхөд хүргэдэг ч Монголд тэр бүр тохиолдоод байдаггүй шалтгаан юм. Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлээд, салст хуулах мэс ажилбар хийдэг. Өөрөөр хэлбэл манай эмнэлэг хорт хавдрын салстыг дурангаар хуулж авч байна.

-Хеликобактери бага хэмжээгээр байх ёстой, огт байх ёсгүй гээд янз бүрийн ойлголт байдаг. Аль нь зөв юм бэ?

-Хеликобактери ходоодонд байх ёстой гэдэг нь харьцангуй хоцрогдсон ойлголт. Огт байх ёсгүй юм. Хеликобактерийг зөв оношлох нь маш чухал. Зөвхөн цусаар үзэх биш, болж өгвөл генетикийн түвшинд үзэж, ямар төрлийн эмчилгээнд устах боломжтой зэргийг тодорхойлох хэрэгтэй. Монголчууд антибиотикийн замбараагүй хэрэглээтэй учраас эмчилгээ тохирохгүй, баргийн антибиотикт устахгүй байх тохиолдол бий. Тиймээс шаталсан эмчилгээ хийж устгах ёстой. Манай Сөүл эмнэлэг ходоодноос биет авах, өтгөнд тест үзэх зэрэг олон төрлөөр шинжилгээ авч, шаталсан эмчилгээнүүдийг хийж байгаа.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Үсэг бичиг мэддэггүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж явах юм

1992 онд Ардын их хурлаар шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш өдгөө 30-аад жил болж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгоор шинэ Үндсэн хуулиа батлан тунхагласан түүхтэй.

Түүнээс хойш найман жилийн дараа буюу 2000 онд Үндсэн хуульд дахин нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг нийтээрээ “Дордуулсан долоон заалт” хэмээн нэрлэсээр өнөөдрийг хүрлээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн хэмээн шүүмжилдэг. Тиймээс ч Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтыг засах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай байнга л яригдаж байдаг юм. АН-ынхан олонхи болсон өнгөрсөн парламентын үед ч өөрчлөх, нэмэлт оруулах тухай яригдаж, төсөл хөтөлбөр нь ч бэлэн болчихсон гэж байв. Тэгснээ 99 тэнгэрийг бэлгэдэж 99 УИХ-ын гишүүнтэй ч болно гэх шиг хачин маазарсан мэдээллүүд ар араасаа хөврөөд эхэлсэн. Хэт шашинжив уу, мухар сүсэгт автав уу эсвэл бүр хорлох гэсэндээ ч ингэсэн үү бүү мэд ямартаа ч Үндсэн хуулинд гар хүрэлгүй тэд явцгаасан юм.

МАН засгийн эрх авангуутаа мөн л Үндсэн хуулийг өөрчилнө гэв. Үндсэн хууль судлаачдын ярьж байгаагаас харвал 30 орчим жилийн давтамжтайгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засч сайжруулж байх ёстой гэнэ. Энэ нь ч зөв мэт санагддаг юм. Яагаад гэхээр Монголд Засгийн газар нь 1.8 жилийн хугацаатай солигддог гэсэн тоо бий. Ийм тогтворгүй засаг төртэй болохоор хөгжлийн стратеги төлөвлөгөө гэж манайд байдаггүй. Урт хугацаанд улс орноо хэрхэн хөгжүүлэх, эдийн засгаа яаж сайжруулах, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэх бодлого хөтөлбөр гэж байхгүй. Хэрэв 1990 оноос хойш ийм урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулан тэдэн онд Нефтийн үйлдвэртэй болно, дараа нь Гангийн үйлдвэр барина, эрүүл мэнд, боловсролын системийг 20 жилийн дараа гэхэд ингэж өөрчилнө, үүнийг дагалдан хүмүүсийн амьдралын чанар ингэж дээшилнэ гэх мэтээр тусгасан бол өдийд биеллээ олчихсон байгаа. Гэтэл юун хөгжлийн тухай ярих вэ, Засгийн газар ажил хийх биш яавал огцрохгүй байх вэ гэдгээ л онцолж боддог болсон нь гашуун үнэн. Улс төр болоод засаглалын гажуудлыг засч, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юм.

Энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар зөвлөлдөх санал асуулга хоёр удаа зохион байгууллаа. Санамсаргүй түүврийн аргаар 1515 хүн сонгож, хуралдсан бөгөөд тэд УИХ-ын тогтоолоор баталсан зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион, санал бодлоо солилцож, экспертүүдээс сонирхсон зүйлээ асууж лавлав. Эцэст нь энэ хүмүүсийн санал асуулгын дүнг харгалзан үзэж Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Үйл явдал ч яахав, ингээд өрнөж байна. Харин санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх дээрх 1500 гаруй хүний мэдлэг боловсрол анхаарал татаж байна. Нийгмийн бүхий л давхаргыг хамруулсан гэж зохион байгуулагчид цээжээ дэлдэж байна. Тэдний сонгосон хүмүүсийн тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэггүй, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд эзэлж байх жишээтэй. Боловролгүй хүн 72 байна. Энэ хүмүүсийг дорд үзсэндээ ингэж онцолсонгүй. Гэхдээ мэдээлэлтэй, юмны наад захын учир шалтгааныг мэддэг, мэдлэг боловсролтой иргэд л Үндсэн хуулийг өөрчлөх эсэх дээр бодит дүгнэлт гаргаж чадна.

1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ болон Улсын бага хурлын 420 гаруй гишүүний боловсролын байдлыг харъя. Шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын нийт гишүүдийн 90,4 хувь буюу 381 хүн дээд боловсролтой байсан бол 18 хүн тусгай дунд, 18 хүн бүрэн дунд, таван хүн бага боловсролтой байжээ. Нийгмийн байдлаар нь үзвэл тэдний 99 нь сэхээтэн, 188 нь төрийн албан хаагч, 120 нь нэгдэлчин, 22 хүн үйлдвэр үйлчилгээний ажилтан, есөн хүн малчин байв.

Монголын бүхий л салбар, нийгмийн давхаргыг багтаасан ч бичиг үсэггүй хүн лав байгаагүй. Хамгийн өндөр боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд, сэтгэгчид, үгүй ядахдаа бичиг үсэгтнүүд 70 гаруй хоног хуралдаж, мэтгэлцэж байж шинэ Үндсэн хуулиа баталж байв. Гэтэл өнөөдөр бид Үндсэн хуулиа батлах эсэхээ бичиг үсэггүй, боловсролгүй хүмүүсээс асууж, хөгжлийн замаа заалгадаг болжээ. Социализмын үед нийгмийн бүхий л давхаргыг хамруулна гэдэг нийтлэг ойлголтын үүднээс бичиг үсэггүй хүмүүсийг санал асуулгад хамруулсан байж болох юм. Гэхдээ л Монголын амин чухал ажлыг ямар ч боловсролгүй хүмүүсээр заалгана гэдэг арай ч хэтийдсэн хэрэг юм. Монголчуудын түүхэн сурвалж бичиг Монголын нууц товчоонд “Цэр цээжинд, бөөр бөгсөнд” гэсэн үг байдаг. Хүнд чаддаг ажил гэж байна, чадахгүй ажил ч байна. Хийдэг, хийдэггүй зүйл гэж байдаг. Бүх юм өөрийн зиндаатай гэдгийг дээрх үгсээр илэрхийлжээ. Хэдий муу ч цэр цээжинд байдаг. Бөөр сайн гэвч бөгсөнд л оршдог. Мэдлэг мэдээлэлгүй, боловсролгүй хүмүүсийг санал асуулгад оролцуулж байна гэдэг юу ч бичээгүй цагаан цаасан дээр юу хэлэхээ бичээд оруулж байгаагаас өөрцгүй хэрэг. Тэр хүмүүс тухайн үед ямар ойлголт авсан, зохион байгуулагчид өөрсдөд нь зориулж юу ярьж байгаагаас л мэдээлэл авсан байж таараа. Тэр хүрээндээ л саналаа өгөх нь ойлгомжтой юм.

Үндсэн хууль өөрчлөх эсэхийг шийдэхдээ Монголын толгой эрдэмтэн мэргэд, салбар салбарын тэргүүлэх хүмүүс, нэртэй судлаачдаасаа асуудаггүй юм уу гэмээр. Үндсэн хуулийг өөрчлөх зөвлөлдөх санал асуулга гэдэг энэ удаа ор нэрийн төдий л зүйл болж өнгөрлөө. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ард түмнээс асуусан болж жүжиглэлээ. Бүр эрдэм боловсролыг хэт дорд үзсэн үйл явдал боллоо. Энэ мэт боловсролыг дорд үзсэн, шашин, мухар сүсгийг дээдэлсэн үйл явдал Монголын төрийг удирдаж байгаа хүмүүсээс байнга гарах болсон нь туйлын харамсалтай. Тэгэх тусам Монголын нийгэм харанхуй бүдүүлэг болж, зэрлэгшиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Н.Энхбаярын жолоог эвхүүлсэн нь Монголын ардчилалд мууг ёрлож байгаагийн дохио” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Сонины тэргүүн нүүрт “Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн” тухай мэдээлжээ.

“Улс төр” нүүрт Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулгын төсөлд санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятавтай хийсэн ярилцлага нийтлэгджээ. Я.Санжмятав: Хуулийн шинэ төслөөр бол улстөрчид төрийн албаны томилгоонд улам нөлөөлөх нь гэжээ.

“Махан дэлэнтэй, нялх биетэй эхчүүд хоригдож болзошгүй хууль гарлаа” хэмээн “Улс төр”нүүрт өгүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 0-6 сартай хүүхдийг хөхөөр хооллох “Нялх балчир, хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль” батлагдан гарсантай холбоотой ийнхүү өгүүлэхэд хүрчээ.

“Монголын төр, удирдагчид юу хийж чаддаг, ямар болсныг Н.Энхбаярыг УИХ-д, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байгаагаас харж болно. Зөвхөн Н.Энхбаярт зориулж, энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж, хуульд ямар заалт суулгасныг, энэ бүхнийг хийж болдогийг бид харж байна. Ганц хүнд зориулж, хуулийг хэрхэн өөрчилж, тайлбарлаж, хэрэгжилтийг нь хойшлуулсныг эргэн саная” хэмээн энд өгүүлжээ.

“Цэнхэр халим” тоглоомыг нийгмийн хог шааруудыг цэвэрлэх зорилготой бүтээсэн” гэв хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ. Цэнхэр халим гэх тоглоомыг ОХУ-ын иргэн 21 настай Филипп Будейкин гэгч нийгмийн сүлжээнд санаачилсан хэргээр баривчлагдан шалгагджээ. Тэрбээр “Би энэ тоглоомоор дамжуулан нийгмийг цэвэрлэхийг хичээсэн” гэж мэдүүлжээ.

“Эмч” нүүрт ЭХЭМҮТ-ийн шилдэг сувилагч Д.Оюунчимэг уригджээ. Тэрбээр

Сувилахуй гэдэг бол тухайн хүнд бий болсон, бий болох асуудлыг илрүүлэн оношилж, илааршуулдагаар онцлогтой гэж ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрт “Мэргэжилтнүүдээс өндөр үнэлэгээ авсан C-HR” хэмээн Японы Тоёото корпорацийн C-HR загварын автомашиныг онцолжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гурван гэр бүл тутмын нэг нь салж байна гэв

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс арав дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар их сургууль болон “Гүүд Нэйборс” төрийн бус байгууллагатай хамтран ‘’21 дүгээр зууны Монгол гэр бүл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд илтгэл тавьж, олны нийтийн дунд хэлэцүүлэв. Тухайлбал, эцэг эхийн үүрэг хариуцлага, ёс уламжлал, сэтгэл зүй, аавуудын үр хүүхдээ өсгөж буй байдал, монгол хүүхдийн онцлог, гэр бүлд чиглэсэн халамжийн үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт сэдвийг хөндөж ярилцлаа. Гэр бүл судлаач, профессор Т.Намжил хэлэхдээ ’’Сүүлийн зуун жилд монгол гэр бүлд онцгой өөрчлөлт гарч байна. Гэр бүл бологсдын нас залуужиж байна. Мөн тэдгээр залуу гэр бүлд туслах боловсон хүчин ч чадваржиж’’ байгаа хэмээн онцолсон юм.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дарга Б.Халиун “Нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн хөгжил, сайн сайхны төлөө дэлхийн бүх улс орны Засгийн газар хүчин чармайлт гарган ажилладаг. Гэр бүлдээ аз жаргалтай амар амгалан, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нийгмийн хамгааллын болон эдийн засгийн дэмжлэг байж улс орны хөгжлийн тухай ярих хэрэгтэй. Иймд, Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд бид ойрын хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа’’ гэв.

Хуралд оролцсон судлаачдын хувьд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хэв маягт өөрчлөлт гарч, залуус гэрлэлтэд сэтгэл зүйн талаар огт бэлтгэгдээгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, тусдаа амьдрах зэрэг сөрөг үзэгдлүүд их гарч байна гэдгийг дурдаж байв. Статистик судалгаанаас үзэхэд жилд гурван гэр бүл тутмын нэг нь салж байна. Үүний шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа, тухайн хүний зан чанар, сэтгэл зүйн ялгаатай байдал, мөн эдийн засгийн асуудал болоод байгаа аж. Түүнчлэн хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх тухай эцэг эхэд зориулсан гэр бүлийн боловсрол ч нэн чухал байна гэдгийг судлаачид хэлж байлаа.

Б.УЯНГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн төр, засгийн нарын тэргүүн нарт барьж буй хүндэтгэлийн зоогт оролцлоо.

Мөн тавдугаар сарын 15-ны өдөр чуулга уулзалтын Удирдагч нарын дугуй ширээний хоёр хуралдаанд оролцож, “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах” болон “Харилцан уялдаатай хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлсэн юм. Тэрээр “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь” сэдэвт хуралдаанд хэлсэн үгэндээ “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч буйг Монгол Улс өндрөөр үнэлж ирснийг онцлов.

Мөн “БНХАУ, ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт, гурван талын хамтын ажиллагааны бусад механизм бий болж, амжилттай ажиллаж байна.

Монгол Улс хоёр хөршөө холбож, зам харилцааны зангилааг бүрдүүлж байсан түүх бий. Энэ уламжлалыг 21 дүгээр зуунд хойч үеийн бид буухиалан “Бүс ба Зам” санаачилгын нэгэн чухал корридор нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжих болсонд баяртай байна.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан 2016 онд гарын үсэг зурж, холбогдох тохиролцоог хийж буй нь бидний хувьд чухал алхам билээ. Өргөн хүрээний хамтын ажиллагаа шаардсан энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих гурван талт механизмыг байгуулахаар харилцан тохиролцоонд бид хүрсэн.

“Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан 32 төслийг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан зэрэг санхүүгийн байгууллага хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн корридорыг байгуулахад зөвхөн манай гурван орноор хязгаарлагдахгүй, дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын идэвхтэй оролцоо шаардлагатай бөгөөд бүс нутаг, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтойг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх талаар тохиролцсон нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй, олон улсын хөрөнгө оруулагчдад томоохон орон зайг нээж буй хэрэг юм” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам, талбайг хаасан 129 байршлыг чөлөөлнө

НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар өнөөдөр нийтийн зэмшлийн талбайд орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний болон авто замыг хаасан 129 байршлын судалгааг гаргасан. Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан зэрэг нийт 40 гаруй зам гарцыг чөлөөлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хурлын шилдэг бүтээлүүд тодорлоо

Монголбанк зурган илэрцүүдЭдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлж, олон нийтийн эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй 2017 оны эрдэм шинжилгээний бага хурал 2017/5/12-ны болж өндөрлөлөө. Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдийн чанар, оролцож буй оюутнуудын илтгэх чадвар урьд өмнөх жилүүдээс эрс дээшилсэн байгаа нь энэ удаагийн хурлын онцлог байлаа. Эрдэм шинжилгээний хурал 2 шаттай явагдсан бөгөөд хоёрдугаар шатанд оюутан, судлаачдын ангилалд тус бүр 5 бүтээл шалгарснаас доорх бүтээлүүд шагналт байрыг эзэллээ.

Судлаачдын ангилалд:

1 дүгээр байр – Оклахама мужийн их сургуулийн магистрант С.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн “Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;

2 дугаар байр – СЭЗИХ-ийн ахлах багш Д.Түвшинжаргал, эдийн засагч Д.Энхмандах нарын гүйцэтгэсэн “Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацид саад болж байна уу”;

3 дугаар байр – МУИС-ийн докторант Ч.Анхбаяр, доктор П.Оюунбилэг, Р.Энхбат нарын гүйцэтгэсэн “Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”

Оюутны ангилалд:

1 дүгээр байр – МУИС-ийн оюутан Э.Намуунаагийн гүйцэтгэсэн “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;

2 дугаар байр – МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн“Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;

3 дугаар байр – МУИС-ийн оюутан Э.Элбэгжаргалын гүйцэтгэсэн “Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээлүүдтус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд тавигдсан илтгэлийг доорх холбоосоос үзнэ үү.

Судлаачдын ангилалд шалгарсан бүтээлүүд:

1.“Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;

2.“Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацидсаад болж байна уу”;

3.“Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”;

4.“Банкны хямралыг урьдчилан таамаглах индикаторуудыг тодорхойлохнь”;

5.“МУ-ын ААНБ, өрхийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг тодорхойлохнь” сэдэвт бүтээлүүд;

Оюутны ангилалд шалгарсан бүтээлүүд:

1.“Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;

2.“Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;

3.“Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө”;

4.“Байгалийн баялагтай орнуудын мөнгө, ханшийн бодлого”;

5.“Түүхий эдийн үнийн мөнгөний бодлогод нөлөөлөх сувгийг шинжлэх нь: SVARЗАГВАР”.

Categories
мэдээ нийгэм

Модон гүүрэн дээрээс автомашин онхолджээ

Хан-Уул дүүргийн нутагт Биокомбинатын зам, Сонгинын амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” автомашин онхолдсон байна. Уг осол өнгөрсөн бямба гаригт гарсан байна. Ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ. Тэднийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн аж. Ослын шалтгааныг тогтоохоор дүүргийн цагдаа нар ажиллаж байна.