Categories
мэдээ нийгэм

Дэнжийн мянга хүртэлх зам ашиглалтад орно

Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна. Уг замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно. Уг зам тавигдахтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан иргэдэд талархал илэрхийлж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жуковын хөшөөний урд осол гарч 6 хүн гэмтжээ

БЗД-ийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, “Жуковын хөшөөний урд замд өчигдөр “Toyota prius 20” маркийн автомашин онхолджээ.

Тус автомашины жолооч С нь амины Ssangyong istana Э жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас зорчигч 39 настай С, 30 настай С, 5 настай Э, 1 настай Г, 2 настай Э нарын 3 хүүхэд 3 том хүн гэмтжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх бямба гаригт зах, худалдааны төвүүд ажиллахгүй

зах, худалдааны төвүүд ажиллахгүй зурган илэрцүүд“Автомашингүй өдөр” ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 20-нд болно.

Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Мөн “Автомашингүй өдөр” зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО Эгийн голын УЦС-ын талаар тайлбар өгөхийг Засгийн газраас шаарджээ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороо Байгал нуурын хамгийн томоохон цутгал болох Сэлэнгэ мөрний сав газарт Эгийн голын УЦС-ыг барих төслийн үйл ажиллагаа идэвхжсэн талаар тайлбар өгөхийг Монголын Засгийн газраас шаарджээ.

Энэ тухай Олон улсын “Хил хязгааргүй голууд” экологийн эвсэл Эрхүү мужид болж буй Монголын УЦС-ын бусад төслүүдийн талаар хийж байгаа сонсголын өмнө мэдээлжээ.

Тус эвсэл ЮНЕСКО-гийн төлөөлөгчдөд хандан, Монголын Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит компанийг шинээр байгуулж байгаа явдлыг анхааралдаа авахыг уриалсан байна. Тус компани нь Эгийн голын УЦС-ыг барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар өмчлөх эрх болон бусад эрхүүдийг авчээ. 103 м өндөр далан бүхий УЦС нь 315 МВт хүчин чадалтай Монголын хамгийн том станц болох юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадад хийсэн айлчлалаараа ямар “бараа дарж” ирсэн бэ

-ХОРЬ ГАРУЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Бээжин хотноо албан ёсны айлчлал хийгээд, өнгөрсөн шөнө Улаанбаатарт ирлээ. Хятадын Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар тус улсад айлчилсан Засгийн газрын тэргүүний айлчлал хоёр улсын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хөрш орон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дуулгаад, ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирч, Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон зэрэг нааштай мэдээллүүд байгаа. Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хятад дахь айлчлалын үеэр зурагдсан хэлэлцээрийн жагсаалтыг дор хүргэе.

  • “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Мазаалай баавгайн амьдрах орчны нөхцөлийг сайжруулах” төслийг эхлүүлэх тухай солилцох захидал
  • “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих” төслийн хоёр сургууль, нэг цэцэрлэг барих тухай солилцох захидал
  • Монгол Улс, БНХАУ хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хөтөлбөр /2017-2020 он/
  • Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Махан бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх үеийн хорио цээр, хяналтын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө
  • БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүр шинээр барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Чайна Датанг” групп хамтран судалгаа хийх, хамтарч ажиллах тухай санамж бичиг
  • Монгол Улсын Өвөрхангай аймаг, Хятадын “Хай чуан” групп, Америкийн “Жарвес Монголиа” компани хооронд махны үйлдвэр байгуулах тухай санамж бичиг
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Өвөр Монголын Эрчим хүчний Олон улсын хамтын ажиллагааны компани хооронд байгуулах “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”
  • /Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох/ “Монголиан майнинг корпорэйшн” болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын гангийн үйлдвэр корпораци хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ
  • “Могул Пауэр” ХХК болон БНХАУ-ын Төрийн өмчит SPIC /State Power Investment Corporation/ Inner Mongolia Co.Ltd корпорацитай байгуулах харилцан ойлголцлын баримт бичиг
  • “Эрдэнэс стийл” ХК (Бэрэн компанитай хамтарсан) Хятадын Northern Heavy Industries Group Co.Ltd компанитай кокс гангийн үйлдвэрт хамтран ажиллах гэрээ
  • Монголын “Ганьт” групп “Жунмин Жуюой” технологийн компани хоорондын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн 19 нь дэмжвэл Eрөнхий сайдыг огцруулах заалтыг Үндсэн хуульд тусгана гэв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд Үндэсний зөвшилцлийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Зөвшилцлийг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах вэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс хоёр үе шаттай зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан” гэв.

Үүний дараа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд оруулахаар бэлтгэж байгаа өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл хийж эхлээд байна. Тухайлбал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн дунд “Зөвхөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх биш нийт 76 гишүүний 4-ний 1 буюу 19 гишүүн дэмжсэн тохиолдолд Eрөнхий сайдыг огцруулах, “9 яамны нэрийг Үндсэн хуульд нэр заан оруулж, Засгийн газарт 3-4 яам үлдээх”, “Баг, хороодын Засаг даргыг Сум, дүүргийн Засаг томилно” гэх зэрэг санал орж байгаа аж.

Зөвшилцөлд мөн УИХ-ын гишүүн Б.Хаянхярваа, Н.Энхболд, Я.Содбаатар нар болон улс төрийн намуудын дарга, удирдлагууд оролцож байна. Одоо улс төрийн намын дарга, удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар саналаа хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Дамба-Очир гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр согтуу суув уу?

Төрийн чухал хууль, шийдвэр гарч байдаг чуулганы танхимд согтуу орж ирээд зогсохгүй, үг хэлж ард түмнийг доромжлох нь сүүлийн үед ихэслээ. Үүний нэг жишээ УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Байнгын хорооны хуралдаан дээр согтуу сууж буй бичлэгийг хүргэж байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдэхүйц хэл ам нь ээдэрч, нүд нь дальдчин, аниатай шахуу согтуу үг хэлж байгаа энэ бичлэг нь цацагдсаны дараа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тайлбар хийсэн. Тэрбээр, “Шөнө 10.00 цаг өнгөрчихсөн байсан. Тэр өдөр миний хувьд даралт ихдээд бие өвдөөд хэцүү байсан. Тэгээд унтах гээд даралтны эм уучихсан байсан. Гэтэл маргааш чуулганаар хэлэлцэх асуудал учраас яаралтай ир гэж дуудсан. Тэгээд л ирсэн юм. Хүмүүс намайг таны хэл ам ээдрээд нэг л биш байна гэж хэлж байсан. Тэгээд үгээ хэлээд гараад явсан. Би уугаад гүйгээд байдаггүй. Тэр өдөр бие өвдсөн байсан” гэх утгатай тайлбар хийсэн юм.

Саяхан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа чуулганы танхимд согтуу байсан тухай шуугиан дэгдэж байсан бол энэ удаад Д.Дамба-Очир гишүүн согтуурхав бололтой. Энэ мэт монгол төрийн ажлыг согтуу удирддаг улстөрчид хууль батална гэдэг ёс зүйн наад захын хэм хэмжүүрийг зөрчиж буй хэрэг биш гэж үү.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

“PLAYTIME 2017” наадам 16 дахь жилдээ Монгол шилтгээнд болно

PLAYTIME 2017 зурган илэрцүүд

2002 онд анх үүсэн байгуулагдаж байсан амьд хөгжмийн наадам “PLAYTIME 2017” энэ жил 16 дахь жилдээ ирэх сарын 07, 08, 09-нд Монгол шилтгээнд болно.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Тэгвэл наадмын тасалбар маргаашаас эхлэн “hi-fi records”-д зарагдаж эхлэх аж.

Энэ жилийн амьд хөгжмийн наадмын тайзнаа 11 шинэ залуу хамтлаг, дуучин ая дуугаа өргөнө.

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайдын нэрийг барьж, хуурамч хаягнаас мэдээлэл тараасныг цагдаагийн газар шалгаж байна

Өчигдөр Сангийн сайдын нэртэй Б.Чойжилсүрэн Сангий сайд гэх фэйсбүүк хаягнаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн гарчигтай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэхүү мэдээлэлд:

“Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн. Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай. Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хааллтай хуралдаан дээр хэлсэн үгнээс… 2017.05.15” гэсэн байв.

Мэдээллийн мөрөөр Сангийн яам, ХХБ-ны хэвлэлийн албатай холбогдоход бид тийм мэдээлэл цацаагүй, хуурамч хаягнаас бидний нэрийг ашиглаж, ташаа мэдээлэл тараасан байна гэв. Тус мэдээлэл өчигдөр 17:00 цагийн үед тараагдсан бөгөөд хуурамч хаяг 34 мянган дагагчтай 340 хүн энэ мэдээллийг цааш нь түгээсэн байна.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын таван багц төслийг хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа” семинарыг өнөөдөр эцэслэн хэлэлцлээ. Эцсийн тайлангийн төслийн семинарт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага, холбогдох яам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Семинарыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Азийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагыг төлөөлж ноён Брайн Капати нар үг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч нээж хэлсэн үгэндээ “Азийн хотуудын хөгжлийн санаачлага (АХХС) байгууллагын техник туслалцаагаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа”-ны эцсийн тайлангийн семинарт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тус судалгааг 2016 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд явцын тайлангийн семинарыг хоёр удаа зохион байгуулан, та бүгдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Техник туслалцаа нь Улаанбаатар хотын гэр хорооллууд дахь хамгаалан сэргээж болохуйц соёлын өвүүдийг тодорхойлох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломжийг судлах зорилготой юм. Санал болгож буй төслийн хүрээнд Улаанбаатар хотын хувьд ач холбогдол бүхий хэд хэдэн соёлын өв, дурсгалыг хамгаалах ажлын зэрэгцээ тэдгээрийн ойр орчмын гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг хамтад нь авч үзэж байгаагаараа онцлогтой. Энэ аргачлалын хувьд хотынхоо түүхийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар гэр хорооллын бүсэд аялал жуулчлал болон эдийн засгийн боломжийг бий болгоно гэдгээрээ чухал юм. Энэхүү ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн “Ай Пи Ий Глобал” компанийн ажилтнууд, төслийн зөвлөхүүдэд талархал илэрхийлье. Азийн Хотуудын Хөгжлийн Санаачлага байгууллагын гол үүсгэн байгуулагч болох Азийн хөгжлийн банкинд талархал илэрхийлье. Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа гүйцэтгэх, төслийг хэрэгжүүлэх санхүүжилт босгоход Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн санхүүжилтийн түнш байгууллагууд цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

Төслийн оролцогч талуудтай хийсэн уулзалт болон техникийн дүн шинжилгээний үр дүнд дараах 5 багц дэд төслийг тодорхойлон хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд,

-Ботаникийн цэцэрлэгээс Дарь эхийн сүм хүртэлх корридор

-Гандантэгчинлэн хийд, гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, Гэсэр сүм, Тасганы овоо

-Дамбадаржаалин хийдийн цогцолбор ба орон нутгийг хөгжүүлэх

-Хамбын овоо, Гүнжийн нүдэн нуур, тоосгоны үйлдвэр

-Баянхошуу хийд, түүний орчмын газар хамрагдсан байна.

Эдгээр 5 байршлын 3-т нь хуучны түүхт сүм хийд болон эргэн тойрны орчинг хотжилтын цогц хүрээнд сайжруулалт хийх бөгөөд төслүүдийн орчмын гэр хороололд суурь дэд бүтцийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон олон нийтийн зүгээс тавьж буй зорилт хүчин чармайлттай бүрэн уялдааг бий болгоно гэж холбогдох албаныхан хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.