Categories
мэдээ цаг-үе

Кисэносатогийн ялалт бол үнэндээ савыг нь хоосон буцаадаггүй монгол ёсны илэрхийлэл юм

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын нацу башёгийн банцукэг буюу сумочдын чансааг танилцууллаа. 2001 оны долдугаар сараас хойш сумочдын чансааны жагсаалтын тэргүүнд япон бөх гарч ирээгүй нь арлын орны иргэдэд битүүхэндээ хүлээлт үүсгээд байсан гэж болно. Тэдний хүлээлтийг биелүүлж Ёкозүна Кисэносато өнгөрсөн хоёр башёд ялалт байгуулснаар зүүн жигүүрийг хошуучилсан нь ийнхүү Японы ард түмнийг баярлуулж байна. Японы мэргэжлийн сумо бөх дэх монголчуудын ноёрхлыг зогсоож чадсан түүнийг япончууд баатрын ёсоор хүндэлж, шагшин магтаж байх. “Кисэносато асар том багана босголоо. Энэ багана ганхахгүй”, “Сумо бол Японы үндэсний спорт гэдгийг дахин мэдэрч эхэллээ”, “Кисэнасато бол Япон. Сумо бол Японых гэдгийг санууллаа” хэмээн монгол сумочдыг хоолойд тээглэсэн яс мэт тус улсын хэвлэл мэдээллийнхэн, олны танил эрхмүүд онцолжээ. Үнэхээр ч тийм л дээ, сумо бол Японы үндэсний спорт, олон зууны түүхтэй бахархал нь.

Тэдний ойлголтоор одоо Японд сумогийн дэвжээнээ Кисэносатогийн гарыг нугалах, түүнийг сөрж зогсч, дохёг эзэгнэх баатар алга л юм шиг байна. Гэхдээ байз, байз. Ингэж хэтийдэж, сэтгэл хөөрлөөр хандаж арай л боломгүй байна даг.

Асашёорюү аваргыг сумогоос явсан тэр мөчөөс сумо сонирхогчдын хувь 12-47 хувиар буурсан гэх судалгааг дараахан нь гаргасан байдаг. Тэр ч үнэн. Зарим башёд сумогийн ордон эзгүйрч Фукушимагийн газар хөдлөлтөд өртсөн иргэдийг сэтгэл санааг нь өргөж, баярлуулах нэрийн дор сумо үнэгүй үзүүлэх маягаар суудал дүүргэж байсан удаатай. Бас сумог сурталчлах олон төрлийн аянг орон даяараа өрнүүлж, сумо үзэх тасалбараа хямдруулж, тойргийн барилдааны үеэр үзэгчдийг татах олон тактик хэрэглэх болсон. Цаг хугацаа явахын хэрээр япончуудын дунд сумо сонирхогчдын хувь улам буурч, үндсэндээ энэ спорт мөхөл рүүгээ ойртож ирсэн. Үүнд монгол бөхчүүдийн нөлөө бий л дээ. Яагаад гэвэл башё болгонд монгол сумоч түрүүлж, гарамгай барилдааны шагналыг монгол бөх авч, шагнал, урамшуулал, нэр хүнд болгоныг монгол сумочид шүүрээд байхаар яаж ч бодсон япончуудад таатай санагдахгүй л дээ. Сүүлдээ ч Их наран улсын иргэд үүнтэй эвлэрч сумог монголчуудын түрүүлдэг наадаан мэтээр хүлээж аваад сурчихсан. Энэ мэт шалтгааны улмаас сумогийн нэр хүнд Япондоо уначихсан. Асашёорюү аваргын үед Японы энэ спорт дэлхийн дайдад гарч, хүн төрөлхтөн ийм нэг өвөрмөц спорт байдгийг мэдэж эхэлсэн. Энэ үеийг Японы мэргэжлийн сумогийн дахин мандан бадралын үе ч гэдэг. Харин одоо Японд сумо үзэж байгаа залуус үнэндээ алга. Тэдэнд сурч хөдөлмөрлөдөг монголчууд хүртэл ярьж байна, энэ тухай. “Юун сумо. Монголчууд чинь япончуудаас илүү сумо сонирхдог юм биш үү. Японы залуус сумо үзэхээ байгаад удаж байна. Энд залуус нь бэйсбол, теннис зэрэг спортыг илүүтэй үзэж барууны соёл, хөгжмөөр амьсгалж байгаа. Тэр башёг нь өвгөчүүл, спортын цөөн хорхойтнууд л үздэг. Сумогийн орднууд эзгүйрээд удаж байгаа. Бүр сумогийн ордон эзгүйрч элдэв хий үзэгдлийн оромж болсон талаар аймшгийн кино ч хийгдэж байгаа” гэж сониучирхан хэлсэн нь анхаарал татав.

Олон жилийн турш ноёлж, аархаж, шилдэг нь байж чадсан Хакүхо тэргүүтэй монгол бөхчүүдийн өвдгийг шороодуулж, дохё дээрээс түлхэж гаргаж чадсан болохоор Кисэносатог үнэхээр бяртай, чадалтай, хараатай байна гэж итгэе. Гэвч өнгөрсөн башёгийн барилдааныг эргээд харахад бодож үзмээр зүйл бас байна аа, байна. Кисэносато өмнөх башёгийн үеэр мөрөндөө бэртэл авч эмч нар түүнд бүтэн сар дэглэм барих заавар өгснийг спорт сонирхогчид санаж байгаа байх. Тэрээр 13 дахь өдөр Харумафүжид унахдаа мөрөндөө бага зэргийн бэртэл авсан ч сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хоёр барилдахдаа хоёуланд нь ялалт байгуулчихсан юм. Мөрөндөө бэртэлтэй байсан ч хүчтэй ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, Эзэн хааныхаа цомыг өргөсөн нь түүнийг япончуудад үндэсний баатар мэт л болгочихсон. Гэтэл Тэрүнофүжи болон манай бусад сумочид үнэндээ Кисэносатод уначих залуус мөн үү. Олон жил тасралтгүй харанхуйг гэрэлтүүлж чадсан манай сумочдын дэвшил, хөгжил, бахархал, ялалт гэнэт л ул мөргүй болж балартана гэж байх уу. Манай сумочид ямар нэг шалтгаан тоочиж башёгоос хөндийрч эсвэл унаж ойчиж, яагаад ч юм Кисэносатод боломж олгочихсон. Үүнийг сумо сонирхогчид хүртэл ярьж гомдоллосон. Тэгтэл манай сумочид Японы Сумогийн холбоотой ярьсан тохироо бий гэдгийг ярьсан байх юм. Ямар тохироо вэ гээд сонирхож, та нар хэдэн иен авчихав гэж хачирхан асуусан нэгэнд “Ямар юмных нь мөнгө төгрөг вэ. Энэ уначихаад байгаа спортыг чинь босгох, нэр төрийг нь сэргээх үүрэг бидэнд бий шүү дээ. Муу ч үгүй бид энэ улсын Эзэн хааны гялалзсан сайхан цомыг сүүлийн хэдэн жил өргөсөн улсууд болохоор зовох үед нь туслах ёстой. Энэ чинь нэг ёсондоо савыг нь хоосон буцаадаггүй монгол ёс шүү дээ” гэж хариулсан байх юм. Манай сумочид түрүүлэх байсан башё, бооцоонд авах байсан иен, өргөх байсан цомоо хойш тавиад сумог эргэн сэргээхэд Сумогийн холбоотой хамтарч чадаж. Энэ бол монгол эрсийн уужуу сэтгэлээс гарах л ухаан. Түүнээс биш Кисэносатог барахгүй болчихоод, эсвэл Сумогийн холбоондоо хавчигдаад байгаа юм ер байхгүй. Одоо Японы мэргэжлийн сумогийн доод зиндаануудад ааг бяр нь ид бялхаж, учраагаа хийстэл түлхэж, дохёг нэг гараараа алгадаад байрнаас нь ховхолчих тийм тэнхээтэй залуус яралзаж байна даг. Тэр дундаа Монгол эрсийн эрийн гурван наадмын манлай болох үндэсний бөхөд аварга, арслан, гарьд, заан цол хүртэж байсан аатай эрчүүлийн үр удам болсон жинхэнэ таримал авьяастай, таримал бөхчүүд тэр зиндаануудад нь бэлтгэгдээд дээд зиндаанд гарч ирэх цаг нь тулчихаад байна даг. Ж.Мөнхбат аваргын хүү Хакүхо М.Даваажаргал, Д.Долгорсүрэн зааны хүү Асашёорюү Д.Дагвадорж, Л.Бадарч начны хүү Асасэкирюү Б.Дашням,Ж.Алтангадас начны хүү Токитэнкү А.Хүчитбаатар, Л.Эрхбаяр начны хүү Араваши Э.Дөлгөөн нарын шилдэг сумочдын араас заан З.Дүвчин, Д.Амгаа, Ч.Батзориг зэрэг манай манлай сайхан бөхчүүдийн хүүхдүүд тэнд ид хав нь гүйцээд дээд зиндаанд гарч ирэх гээд уяа сойлго нь гүйцсэн хурдан ажнай шиг уяан дээрээ дүүхэлзэж байна. Ийм байхад юу гээд л манай шилдгүүд мөр нь гэмтчихсэн хүүд унаж өгөөд л, түрүүлүүлээд байв гэж. Үнэхээр монгол ухаан, савыг нь хоосон буцаадаггүй заншлаа дагаад л тэд маань хоёр башёд биеэ барьж ухаан заагаад л Кисэносатог түрүүлүүлээд байгаа юм шүү дээ. Монгол ухаан уран чиг, бас сайхан чиг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

SAPIENS

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Ювал Ной Харарийн бичсэн “Sapiens: Хүмүүн төрөлхтний товч цадиг” хэмээх ном хэвлэгдээд 2-3 жилийн дотор гуч гаруй хэлээр орчуулагджээ. Ийм амжилт номын ертөнцөд ховор тохиолддог. Энэ номынхоо тухай уншсан цуврал лекцийг нь 100 мянган хүн сонссон гэсэн. Хувьслын явцад буй болсон Хомо хэмээх сул дорой амьтан түүхийн явцад Дэлхийг эзэгнэгч Бурханы хэмжээнд, Дэлхийг сүйтгэгч ороолонгийн зэрэгт хүрсэн намтрыг тэрээр туурвижээ. Харари зүгээр нэг намтар бичээгүй, ер бусын авьяаслаг зохиогч, гайхалтай шооч егөөч, уран тайлбарлагч, гярхай ажиглагч нэгэн тул бүтээл нь билиг танхай, онц сонирхолтой. Тэрээр бүтээлээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ерөнхий биологи, дарвинизм, ерөнхий генетик, молекуляр биологи, органик хими, физик, биохими, цаг уур, түүх, газар зүй зэрэг шинжлэх ухааны олон салбарын судалгаа шинжилгээнд тулгуурлан эдгээр ухааны цаад мөн чанар, судлахууныг ердийн уншигчид ойлгохуйц хялбарчлан тайлбарласан нь энэ номын сонирхолтой болж чадсан нэг нууц бөлгөө.

Эл номыг орчуулах хорхой уншсан цагаасаа л надад төрсөн. Хэд хэдэн хэл дээрх орчуулгыг цуглуулж үзээд хэбрайгаар л биш бол англи шигээ сайн нь үгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Урьд нь би Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх”-ийг орчуулахдаа зохиогчийн егөө, шоглол, наргиа, хурц хэллэг, үгийн цаадах далд санааг хэвээр гаргаж ирэх гэж ихэд махарч билээ. Sapiens-ыг орчуулахдаа яг ингэж махарч үгэн доторх үгийн цаад санааг олох гэж нэлээд хичээж явлаа. Монгол хэлээр буулгаж хэвлүүлэхээр зохиогчоос худалдан авах зөвшөөрөл хүсчихээд байтал “Илүү нөхцөл санал болгосон Монголын өөр хэвлэлийн газарт орчуулгын эрхийг өгсөн болно. “Homo Deus” гэсэн дараагийн номын эрхийг санал болгож байна. Амжилт хүсье” гэсэн хариу иржээ. Ингээд би орчуулгаа зогсоолоо. Ихэд харамсаж буй боловч мөнөөх илүү нөхцөл өгсөн хэвлэлийн газрын орчуулагчид амжилт хүсье. Уг номыг рекламдах үүднээс өөрийн орчуулж байсан хэсгээс өчүүхнийг нь сонирхуулж байна. Энэ ном хэвлэгдэхээр бүгдээрээ уншихыг хичээгээрэй. Үнэхээр сонирхолтой бүтээл. Аугаа сэтгэлгээ гэж үүнийг л хэлэх байх.

ХААНААС НЬ Ч ХАРСАН – АМЬТАН

Эхлээд орчлонгийн тулгын гурван чулуу тавигдлаа. Тэр нь Матери, Энерги, Цаг хугацаа гурав. Одоогоос 13,5 тэрбум жилийн өмнө Их Тэсрэлт болж матери, энерги, цаг хугацаа, орчлон үүссэн аж. Орчлонгийн тулгын чулуу тавигдаж голомт бадарсан энэхүү суурь үзэгдлийн явцыг Физикийн ухаан судална. Физикийг бодис зүй гэх нь ч бий.

Орчлон өрхөө татаж үүдээ нээснээс хойших 300 мянган жилийн туршид матери, энерги хоёр нь хоорондоо сүлрэн маш нарийн бүтэцтэй атом төрүүлж, атом нь молекул бүтээжээ. Атом, молекулын харилцан үйлчлэлийг химийн ухаан судалдаг. Химийг Хувилахуйн ухаан гэх нь ч бий.

Ингэж байсаар 3,8 тэрбум жилийн өмнө Дэлхий хэмээх гариг дээр молекулууд хоорондоо холбогдон холбогдсоор, нэг мэдэхэд маш нарийн төвөгтэй нэгдэл үүсгээдхэж. Тэрийг нь бид организм гэж нэрлэдэг. Организмуудын оршихуй буюу органик амьдралын түүхийг Биологийн ухаан судалдаг. Биологийг Амин судлал гэж нэрлэх нь бий.

Организмууд хөгжөөд л байлаа. Барагцаагаар 70 мянган жилийн өмнө Homo sa­piens хэмээх зүйлд хамаарах амьтан өвөр хоорондоо бүр нарийн бүтэц холбоо байгуулсныг бид соёл гэж нэрлэдэг. Энэхүү хүний соёлын цаашдын хувь заяаг Түүхийн ухаан судалдаг.

Хүний түүх гурван том (томоор барахгүй аугаа) хувьсгалыг дамжсан гэж үздэг. Хүмүүс бид ердөө далаадхан мянган жилийн өмнөөс л юмны учрыг олж, танин мэдэж эхэлсэн аж. Таниад л мэдээд л явж байгаад 12 мянган жилийн өмнөхөн л хөдөө аж ахуйд хувьсгал хийж, хөгжлийнхөө явцыг хурдасгаж эхэлжээ. Уртаашаа 500-гаадхан жилийн настай Шинжлэх ухааны хувьсгал нь өнгөрсөн бүх түүхэнд цэг тавьж, өөр цоо шинэ түүхийн эхийг нээх бололцоо өглөө. Юм юмны учрыг олж явсаар танин мэдэж эхэлсэн ба хөдөө аж ахуйдаа хувьсгал хийж дөнгөсөн, улмаар шинжлэх ухаантай болж чадсан энэ гурван хувьсгал нь хүнийг өөрийг нь болоод хүний гараар бусад амьд ертөнцийг яаж хувьсган нөлөөлсөн түүхийг энэ номд өгүүлэх юм.

Хүний түүхийг эхлүүлэн судлах баримжаа болдог тэр цагаас хавьгүй өмнө ч хүмүүс оршин байжээ. Орчин үеийн чи бидэнтэй төстэй амьтад 2,5 сая жилийн өмнө анхлан буй болсон гэж үздэг. Гэхдээ тэд маань хорвоогийн орон зайг хамтдаа дүүргэсэн, тэрбумаар яригдах тоо толгойтой бусад амьтан, амьд организмаас төдий ялгагдах юмгүйгээр олон үеийг туулжээ.

Хэдүүлээ цаг хугацааны аялал хийж сая сая жилийн тэртээх Зүүн Африкт зочиллоо гэж бодъё. Бид юу үзэх байсан бэ? Нялх нялзрайгаа тэвэрч халамжлах эхчүүдээс эхлээд, “чихгүй толгой” оргин шаварт хутгалдах хэнэггүй багачууд харагдана. Бас “Аавын цээж” оргисон харчуул хөшилдөөд л, ядарсан хөгшчүүл нь амьтны хөлд үрэгдчихгүйн тулд дайжисхийж үзэгдэнэ. Үнэн пээдгэр нэг амьтан эмс охидод гайхуулж ядан түхэлзээд л, тэдний шалиг үгийг чихнийхээ гадуур өнгөрөөж сурсан буурь суурьтай хүүхнүүд нь тоомсоргүй царайлна. Ийм л дүр зураг тодорно доо. Эртний энэ хүмүүс тоглон наадаж, хайрлаж чаддаг байсан ч, тэдний дунд эгэл гэхийн аргагүй нандин учир шалтгаантай холбоо харилцаа буй болсон ч, оройлох эрх мэдлийн төлөө үзэж тарж, чухал байр суурийн хойноос тэмцэлддэг байсан ч мөн чанар нь одоогийн мич, шимпанзе, зааныхаас ялгагдах юмгүй ажгуу. Тэдэнд амьтнаас ялгагдах юу ч байсангүй тул амьтан л байлаа. Хэрвээ энэ амьтанд “Үр удам чинь Саран дээр гишгэнэ, атомыг задална, удамшлын код тайлна, цаг хугацааны лит зохионо” гэж хэлбэл үнэмших байтугай, юу хэлээд байгааг нь ч гадарлахгүй. Ерөөсөө эртний хүмүүсийн тухай эрэгцүүлэхдээ бид нэг зүйл дээр ойлголцох ёстой. Тэр юу вэ гэвэл, эртний тэр хүмүүс ердийн л нэг зүйл амьтан байсан учир эргэн тойрондоо үзүүлэх нөлөө нь өнөөгийн горилл, цох хорхой, нялцгай биетээс илүү байгаагүй юм шүү.

Биологичид организмыг төрөл, зүйл гэхчилэнгээр ангилдаг. Нэг зүйлд (species) хамаарах амьтад хоорондоо эвцсэнээр нэгийгээ хээлтүүлж цааш үржих чадвар бүхий үр төл гаргадаг. Морь ба илжиг нь нийтлэг ойрын өвөгтэй, цөөн биш шинжээрээ төстэй боловч хоорондоо эвцэлдэх сонирхол байдаггүй. Тэднийг зориудаар эвцэлдүүлбэл дундаас нь луус төрдөг авч тэр нь цааш үржих чадваргүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр адуу ба илжиг нь өөр өөр зүйлд хамаардаг амьтад юм. Гэтэл хоточ банхар ба гэрийн хав нь хэдийгээр хоорондоо төс багатай ч гэсэн маш дуртайгаар эвцэлддэг. Гарсан гөлөг нь ч гэсэн цааш өөр ямар ч үүлдрийн нохойтой эвцэлдэн гөлөг төрүүлэх чадвартай. Энэ нь хоточ банхар ба гэрийн хав нь нохой гэсэн нэг зүйлд хамаардаг гэсэн үг.

Нэг өвөг дээдэстэй зүйлийг нэг төрөл (genus) гэнэ. Арслан, бар, ирвэс, үчимбэр зэрэг нь Panthera гэх төрөлд хамаарах өөр өөр зүйлүүд. Биологичид амьд организмыг латин давхар нэрээр адисладгийн эхнийх нь төрлийг, дараагийнх нь зүйлийг тодорхойлно. Жишээ нь, арсланг – Panthera leo гэдэг нь ийм учиртай, Pan­thera нь төрөл, leo нь зүйл. Тэгэхээр – Homo sapiens, гэсэн энэ номын нэрийн учир sapiens нь зүйл (оюунт) төрөл нь Homo (хүн) гэдгийг уншигч та шууд ойлгож байгаа байх.

Уг нь Homo sapiens нь мэдээж тодорхой нэгэн төрөлд хамаардаг байх учиртай. Гэтэл энэ “нууц”-ыг (үнэнийг) зориудаар зөрүүдлэн хав дарж байжээ. Энэ нь хүн өөрийгөө дөвийлгэн үзэхтэй холбоотой. Тэднийхээр Homo sapiens нь ах дүү, төрөл садан байхгүй, хамгийн гол нь удам судар үгүй учир бусад бүх амьтнаас шал ондоо, төрөл дотроо өнчин (онцгой) нэгэн гэж үздэг байв. Энэ бол том төөрөгдөл билээ. Чамд таалагдсан эсэхээс үл хамаараад бид чинь дээд бичний төрөлд хамаарах олон зүйлийн нэг гэдэг нь үнэн юмаа. Өдгөө оршин буй бидний ойрын зүйлүүд бол шимпанзе, горилл, орангутан, гиббон. Энэ дундаа шимпанзе гуай бол бүр ойрын садан төрөл, хамаатан болж таарч байна. Зургаан сая жилийн өмнө нэгэн зүйл сармагчингаас төрсөн ихэр охин нь хоёр айлын бэр (хоёр зүйл) болон удам салаалжээ. Нэг нь өдгөө амьдарч буй шимпанзегийнхан, нөгөө нь бидний нэн эртний эмээ юм.

ТҮҮХ ЯРЬДАГ АРАГ ЯС

Homo sapiens нууцаа удаан хадгалсан. Бид зэрлэг хамаатантай төдийгүй дээхнэ үедээ зэрлэг төрсөн ах дүүтэй байсан. Би өөрсөндөө л “хүн” гэдэг нэр өгсөн болохоос “хүн” гэсэн төрөл нь дотроо нэлээд хэдэн зүйлтэй байжээ. Homo хэмээх хүний төрлийн анхны зүйл болох Australopithecus гэх амьтан 2,5 сая жилийн өмнө Зүүн Африкт буй болжээ. Хоёр сая жилийн өмнө энэ эртний хүмүүсийн дотроос “эрэгтэй эмэгтэй олон ард” эх нутгаа орхин Умард Африк, Европ, Ази руу цагаачиллаа. Цас мөстэй Хойд Европт хүйтэн, Индонезийн бөгчим ширэнгэд халуун. Газар газар руу нүүсэн хүмүүс цаг уураа даган өөрчлөгдөж, үр дүнд нь янз бүрийн шинэ зүйл үүсчээ. Хожим нь биологичид тэдэнд тус тусад нь гоё латин нэр хайрласан.

Европ болон Баруун Азид Homo neanderthalen­sis (Неандэр хөндийн хүн гэж нутгаар нь нэрлэсэн хэрэг) амьдрах болсныг ердийнхөөр неандэрталь хүн гэдэг. Орчин үеийн хүнийг бодвол илүү булчин шөрмөслөг неандэртальчууд мөстлөгийн үеийн Европын хүйтэн нөхцөлд илүүтэй дасан зохицжээ. Гэтэл Ява арлын Homo soloensis (Соло хөндийн хүн буюу Соло нутгийнхан гэмээр ч юм уу) дулаан орчинд илүү зохицсон. Индонезийн нэгэн жижиг арал болох Флорэс-т амьдарч байсан хүмүүсийг киноны дүр болох хоббитуудтай адилтгадаг. Нэг метр хүрэхгүй өндөртэй, ердөө 25 кг жинтэй боловч жадаар зэвсэглэсэн тэдний эр зоригийг дутуу үнэлэмгүй. Тэр үеийн заан жижиг байсан нь үнэн л дээ, гэхдээ тэд заан агначихдаг байв. Азийн өргөн уудам нутагт Homo erectus (босоо хүн буюу зогсож чаддаг) тархсан. 1,5 сая жил оршсон тэд хүний зүйлүүдээс хамгийн удаан амьдарсан нь.

2010 онд Сибирийн Денесовын агуйгаас чулуужсан сарвуу олсон нь бидний бас нэг мартагдсан ах дүүгийнх байлаа. Генетик дүн шинжилгээгээр энэ хуруу урьд нь мэдэгдэж байгаагүй хүний төрлийн бас нэг зүйлийнх болох нь батлагдаж Homo denisova (Денисов хүн) гэсэн нэр авав. Өөр цаг уурт газар орон, аралд бидний ах дүүгийн яс үлдэц цаашид хичнээн олдохыг таашгүй!

Европ, Ази, Зүүн Африкт байсан эдгээр зүйлүүд цааш хувьсалд орон их өөрчлөгдсөн. Хүний төрөлд багтах зүйлүүд улам олон зүйл болон салбарлажээ. Үүний дотор Homo rudolfensis (Рудольф нуурын хүн), Homo ergaster (ажилч хүн) гэх мэтээр явсаар бидний бардмаар Homo sapi­ens (оюунт хүн) гэж нэрлэсэн зүйл буй болжээ.

Хүний зарим зүйл биерхүү, зарим нь давжаа. Эдэн дунд зоригт анчид ч бий, жимс, мөөг гарамгай түүгчид ч бий. Зарим нь ганц аралд амьдарч байхад зарим нь бүтэн тив эзэгнэж байх жишээтэй. Гэлээ ч бүгдээрээ Homo төрөлд хамаарна, нэг үгээр бол цөмөөрөө Хүн.

Нийтэд тархсан нэг төөрөгдөл байдаг нь юу вэ гэхээр ийм юм. Хүний бүх зүйлүүд нэг нэгнээсээ урган гарсан, эргэстэрээс эрэгтус, эрэгтусаас неандэрталь, неандэрталиас бид гэсэн дараалалтай гэсэн төөрөгдөл байдгийг бид санах ёстой. Дэлхий дээр тодорхой цаг хугацаанд зөвхөн нэг зүйл хүн байсан, эртний бүх хүмүүс бол орчин үеийн хүний өвөг дээдэс юм гэсэн шугамчилсан ойлголт бол айхавтар эндүүрэл. Үнэндээ бол бараг хоёр сая жилийн турш, одоогоос 10 мянган жилийн өмнөх хүртэл хүний нэлээд хэдэн зүйл зэрэгцэн амьдарч байжээ. Боломжгүй гэж хэн хэлэх юм бэ? Одоо ч гэсэн үнэг, баавгай, гахайн олон өөр зүйл зэрэгцэн амьдарч байна шүү дээ. Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр дор хаяхад зургаан өөр зүйлийн хүн амьдарч байж. Хүний олон зүйлүүд зэрэгцэн байсан эртний явдлыг гэхээсээ харин ч ганц өнчин зүйл оршин байгаа өнөөгийн явдлыг гаж үзэгдэл гэх хэрэгтэй. Гаж явдал дандаа л хардлага төрүүлдэг хойно доо.

ТОМДСОН ЭРХТНИЙ АШИГ ХИЙГЭЭД ТӨЛӨӨС

Хүний олон зүйл хоорондоо зөндөө ялгаатай боловч нийтлэг нэг төрх нь тод ажиглагддаг. Хүнийг бусад амьтадтай жишихэд их биетэйгээ харьцаа алдагдсан том тархи нь илэрхий ялгардаг. 60 кг жин татах хөхтөн амьтан ердөө 200 шоо см тархитай байхад мөн тийм жинтэй хүн 1200 – 1400 шоо см тархитай байх жишээний. Ерөөсөө ч 2,5 сая жилийн өмнөх хүний тархи хичнээн жижигхэн гээд жишээ нь ирвэсийнхтэй харьцуулахад хавьгүй том. Хувьслын явцын дүнд энэхүү зөрүүд харьцаа улам л нэмэгдээд байсан байх юм. Яагаад хувьсал хүний зөвхөн тархийг онилоод байсны учрыг олох гэж толгойгоо гашилгах хэрэг байна уу гэж асууж магадгүй. Бид өөрсдийн сэтгэх чадвараар бахархаж, тархи том байх тусмаа илүү оюунлаг гэж хөөрдөг. Хэрэв энэ нь маргах аргагүй үнэн юм бол яагаад муур хувьслын дүнд тоо боддог зулзага төрүүлэхгүй байгаа юм бэ? Бүхий л амьтны ертөнц дотор яагаад ганцхан Homo нар л ийм нарийн бүтэц бүхий сэтгэдэг аппараттай юм бэ?

Үнэн хэрэгтээ тархи том байх тусам биеийн үлдсэн хэсэгт лай учруулдаг. Үгүйдээ л ийм том гавлыг тээж явна гэдэг амар хэрэг биш. Том тархийг тэжээлээр хангана гэдэг бүр ч хэцүү. Homo sapiens-ын биеийн жингийн 2-3 хувийг тархи эзэлдэг боловч нийт зарцуулж буй энергийн 25 хувийг залгина. Маниусаас бусад хүн дүрстний тархи биеийн эрчмийнхээ найман хувьд л ханана. Эртний хүмүүсийн тархи томорч “үнэн гавал амьтан” болсныхоо хариуд их юм төлсөн. Идшээ хайхад илүү их цаг зарцуулах болсон. Мөн булчингийн ажиллагаа нь их суларсан гэж байгаа. Хүмүүс булчин шөрмөсөндөө очих ёстой энергиэ мэдрэлийн эс рүүгээ хандуулах үзэгдлийг улс орны жишээн дээр харах гээд үзье. Жишээлэхэд, Засгийн газар нь армидаа очих мөнгөө боловсрол руугаа хийгээд байгаа маягаар төсөөлж болох. Энэ бол шугуй ширэнгэд амьдрах сайн бодлого биш л дээ. Маргалдах дээрээ тулбал шимпанзе хүнийг барахгүй ч, маажилцвал эрхбиш дийлэх биз. Тархитангууд үе өнгөрөх тутам улам том тархитай хойч үе үлдээж байсан нь яамай. Тархи хэрхэн биеийн хүч чадлаас хумслан өөрөө томров? Альбэрт Эйнштэйний эрин үед ийм асуулт тавих нь гэнэн байж магадгүй. Учир нь Эйнштэйн гэдэг бол өнөө үеийн үзэгдэл. Хоёр сая жилийн туршид хүний тархин дахь мэдрэлийн сүлжээ өсөн бойжиж, улам нарийн бүтэцтэй болсноор цахиур хутга, үзүүртэй мунаараа бахархаж эхлээ биз. Тогосны ямар ч хэрэггүй урт сүүл, бугын толгой дээрх төвөг болсон эвэр “ямар юмандаа хэрэг болно гэж ургаа бол” гэдгээс ч хүний тархины хөгжил хувьсал нь илүү гайхмаар үзэгдэл. Ёстой, чөтгөр бүү мэд гээч л байх.

Хүний биеийн бас нэг онцлог шинж бол босоо явдал… Хүн босоо явдаг нь олон давуу талтай ч мундахгүй сөрөг үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Босоо явах болсноор аарцаг нь хавчиг болжээ. Харин нярайн толгой асар том. Ийм учраас төрөлтөөс болж нас барах магадлал нэн ихэсч буй хэрэг. Ингэхээр хүүхдийн гавал төдийлөн томроогүй бөгөөд харьцангуй зөөлөн байх үед нь төрүүлбэл эндэгдэх магадлал багасч, олон үр төл гаргах бололцоо нэмэгдэнэ. Чухам үүнээс болоод байгалийн шалгарлын үр дүнд хүн хүүхдээ дутуу төрүүлэх болжээ. Ийнхүү бид бусад хөхтөнтэй харьцуулахад амьдралын олон систем нь гүйцэд төлжөөгүй нялзрай үр төл төрүүлэх болсон юм. Унага төрөнгүүтээ л гүйж харайх чадвартай, ганц сар болсон муурын зулзага эхээсээ салж өөрийгөө хооллоод явах хэмжээнд очдог. Гэтэл хүний хүүхэд болохлоор гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх гэж томчуудын хараан дор мөн ч олон жилийг өнгөрөөдөг шүү дээ…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй” ярилцлага лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонины гуравдугаар нүүрний нийтлэл олон түмний дуу хоолой болж, үргэлж нийгэмд шуугиан тарьж байдаг билээ. Тэгвэл энэ удаад Баабарын “Либэриа-Кон аморэ? нийтлэлийг онцлон хүргэж байна.

Өнөөдрийн дугаарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатартай хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар маргаж, бужигнаад нэмэргүй. Ойлголцох хэрэгтэй” ярилцлага үйл явдлын 7-р нүүрт нийтлэгдлээ. Тэрээр “…29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэл мэддэг байх ёстой. Харамсалтай нь уг сургуулийг төгссөн хүүхдүүд бичгийн чадвар их муу, амны хайрцгаар аливаа зүйлийг уншиж, ойлгох хэмжээнд төгсч байна. Энэ нь Боловсролын яам болон тухайн сургуулиас хамаарч байна даа…” хэмээн ярьжээ.

С.Молор-Эрдэнэ: Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй ярилцлага 13-р нүүрт нийтлэгдлээ. Тэрээр “Магтан бахархдаг Чингис хаан нь эх орондоо юу ч бүтээгээгүй, Ром, Хятад, Оросын хаад яадаг байсан бэ гэхээр дайнд мордлоо, хөрөнгө мөнгө цуглуулж ирээд улс орноо хөгжүүлдэг. Гэтэл Чингисийн баатрууд хаачсан нь бүү мэд. Тэгээд л яваад өгсөн. Тэндээ үлдчихсэн…” хэмээн ярьсан байна.

Олон нийтийн сүлжээнд хувийнхаа мэдээллийг тавих нь ямар аюул дагуулах талаар та өнөөдрийн дугаараас уншаарай. Энэ талаар сэтгэл судлаачийн зөвлөгөө ч багтсан байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарьтай ярилцсаныг улс төрийн 5-р нүүрээс уншаарай.

Дуучин Б.Маралжингоотой хийсэн “Тоглолтдоо “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзүүлнэ” сонирхолтой ярилцлага Өдрийн сонины лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Худалдаа хөгжлийн банк хэвийн ажиллаж байгаа талаар Монголбанк мэдээлэл хийв

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр хуурамч цахим хаяг нээж, “Сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн мэдээлэлд Монголбанкнаас тайлбар хийлээ.

Тус банкны зүгээс “Олон нийтийн цахим сүлжээгээр “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана. Монголбанк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн” хэмээн худал мэдээллийг тараасан байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголбанк нь арилжааны банкны активын ангилал, зохистой ажиллагаанд хяналт шалгалт тавьж явдаг. Иймээс Худалдаа Хөгжлийн банк нь 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгааг үүгээр мэдэгдэж байна. Хуурамч нэр хаягаар тараасан, үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн цахим сүлжээнд түгээхгүй байх, иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүллээ

МАХН-ын Бага хурал УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Тус нам Н.Энхбаярын дараа хэнийг дэвшүүлэх вэ гэдэг олны анхаарлыг татаж байсан юм. Тэгвэл Бага хурлын гишүүдийн 65 хувийн саналаар С.Ганбаатар нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн тэрээр өнөөдөр хурлын үеэр тус намд элссэн байна.

Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Ингэснээр МАХН өнөөдөр 24.00 цагаас өмнө дараагийн нэр дэвшигчээ тодруулж, бүртгүүлэх шаардлагатай болоод байсан юм.

Тэгвэл тус шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Би С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшихийг эсэргүүцэж байна. МАХН 114 мянган гишүүд дэмжигчтэй. Энэ том намыг дээд боловсролтой эсэх нь ч тодорхойгүй хүн төлөөлж болохгүй. Би МАХН-ыг төлөөлж УИХ-д байгаа ганц суудлын гишүүн нь. Би УИХ-ын гишүүнийхээ албан бичгийг маргааш Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, С.Ганбаатарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлнэ. Намайг намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын одоогийн удирдлагууд түлхэж байна” гэлээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Ерөнхий сайдын гэргийн талаарх мэдээлэл хятадын цахим ертөнцөд хандалт өндөртэй байжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Бээжин хотноо албан ёсны айлчлал хийгээд, өнгөрсөн шөнө эх орондоо ирсэн.

Түүний хэлэлцээрийн талаар эерэг үр дүн нэлээд байгаагийн зэрэгцээ биеэ авч явах байдлынх нь талаар жиргээчид ихэд онцолж байна. Цахим хэрэглэгчид аль хэдийн түүний эхнэр Н.Тунгалагыг Ши Жин Пин даргын эхнэртэй харьцуулаад авчээ. Энэхүү мэдээлэл манай улсын жиргээчдээс гадна хятад улсын снэп чатад өнөөдрийн хамгийн их хандалттай мэдээний тоонд оржээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

ЗурагБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр “Эргүүл-5” хэсэгчилсэн арга хэмжээг 2, 4, 5, 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулав.

Арга хэмжээний хүрээнд Дарь-Эх, Монел, Сэлбийн гудамжинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгт 86 алба хаагч үүрэг гүйцэтгэж хулгайн хоёр гэмт хэргийг илрүүлж, 1200 тээврийн хэрэгслийг шалгаж ажилласан байна.
Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамжинд оршин суух иргэн О-гийн болон дөрөвдүгээр хороо нутаг дэвсгэр Цэргийн хотхонд оршин суух Н-ийн гэрээс эд зүйл хулгайлан авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.

Гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх тохиолдол нь өдрийн цагаар буюу иргэдийг гэр орноо эзэнгүй орхисон үед гардаг. Иймд иргэдийг гэр, орон сууцаа эргэх, айл, хөршдөө захих, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөршийн холбоог байгуулан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын талбайд МАХН-ын дэмжигчдийн суулт тав дахь өдрөө үргэлжилж байна

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэвшүүлэх боломжгүй гэж СЕХ-ноос мэдээлсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн МАХН-ын дэмжигч ахмадууд Тусгаар тогтнолын талбайд тав дахь өдрөө майхан барин хонон өнжин суулт хийж байна. Нийтдээ 40 гаруй хүн энэ суултанд оролцож байгаа аж. Цагдаа, эргүүлийнхэн хөөж туухгүй байгаа ч шөнө оройгүй байнга эргүүл хийж байгаа талаар өндөр настнууд ярьж байлаа. Тэд өөрсдийн сайн дураар, хэний ч шахалт дарамтгүйгээр энэхүү үйл ажиллагааг явуулж буйгаа онцолсон юм.

Сүхбаатар дүүргийн өндөр настан Б.Бат-Эрдэнэ: Энд 40-өөд эмээ, өвөө нар үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө, өөрсдийн хүсэлтээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр ирж тэмцэж байна. Одоо энд майхан бариад тав хонолоо. Уг нь бол М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарын гурван хүн сонгуульд нэрээ дэвшүүлж байхад нэгийг нь сугалж үлдээж байна. Бидний гол зорилго бол хэн гарах нь чухал биш. Гурвуулаа цуг нэр дэвшээд шударгаар өрсөлдөөсэй л гэж хүсч байна. Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулаад авч явсан цагаас л бидний дургүй хүрч, тэмцэл эхэлсэн. Тэр хүн энэ сонгуульд оролцоод өшөө хорсол авах бодол ерөөсөө байхгүй. Өмнө нь хэрэгжүүлээгүй ажлаа гүйцээе л гэж бодож байгаа. Бид үхэхээсээ өмнө үр хүүхдээ ямар ч өргүй л үлдээмээр байна. Тийм учраас л тэмцэж байна. Би урьд нь Эрчим хүчинд 30-аад жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Социализмын үеийг бид дамжаад ирсэн. Улс төрийн товчооны есөн гишүүн, хоёр орлогч дарга Монгол Улсыг бүрэн аваад явж байсан. Одоо гэтэл 76 гишүүн авч явж чадахгүй байна.

Манай нам яг одоо хуралдаж байна. Хуульч С.Нарангэрэл, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар гурван хүнийг дэвшүүлэхээр яригдаж байгаа. С.Ганбаатарын хувьд манай намыг маш сайн дэмжин оролцож байгаа. Удахгүй 18-нд талбай дээр том жагсаал цуглаан зохион байгуулна. Манай намын дэмжигчид орон нутгаас бүгд оролцохоор ирнэ гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Инженерийн дэд бүтцээр хангагдсан жишиг гэр хороолол байгуулжээ

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаныхан оролцсон юм. Уулзалтыг нээж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжид уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж, үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм шүү” хэмээлээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна, агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна, гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ, гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол 48.75 хувиар буурна, 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ гэх зэрэг эерэг талтай аж. Түүнчлэн “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэж, өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах бөгөөд иргэд эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баасан гаригт бороо орж, цаг агаар сэрүүснэ

Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр илүү халах төлөвтэй байна. Ойрийн хоёр хоногийн цаг агаарын байдлыг авч үзэхэд бороо орохгүй, салхи секундэд 5-10 метр хүрч, шороон шуурга шуурна. Энэ байдал энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 19-нөөс салхины хурд нэмэгдэж, шороон шуурга шуурч хурд тунадас орно. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй.

УЛААНБААТАРТ: Маргааш буюу лхагва гарагт өдөртөө 32 хэмийн дулаан, шөнөдөө 14 хэм байна. 19нд агаарын хэм буурч үүлэрхэг байна. Мөн сарын сүүлчээр хур тунадас орно.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно.

Төвийн аймгуудын нутгаар: 18-19нд нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-18нд ихэнх нутгаар хална.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 17-20-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 18-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Цаашдаа бага зэрэг сэрүүснэ.

Б.УЯНГА