УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг амаргүй цаг үеэ туулж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд Монгол Улсад хөрөнгө оруулалт, валют зайлшгүй шаардлагатай тийм л эмзэг цаг үедээ явна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих байсан ч УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаас болоод хойшилсон ч Их хурал даруйхан арга хэмжээ авлаа. Хөрөнгө оруулагчдын мөнгө Монголоор дамжихгүй боллоо. Одоо ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихэд асуудалгүй болсон гэж ойлгож болох уу?
-Бидний өмнө ядуугийн зовлон гэдэг шиг хүндрэл тулгарчихаад байна. Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Валютын нөөцөө сайжруулах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж байж Монгол Улс цаашаа явна. Нэн тэргүүнд УИХ, Засгийн газрын түвшиндээ ОУВС-тай гэрээгээ хийгээд явахаас өөр ямар ч сонголт үлдсэнгүй. ОУВС-гийн зүгээс төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн сахилга баттай болох хэрэгтэй гэж байгаа юм. Ингэж чадвал 2018-2019 онд манай эдийн засаг сэргэнэ. Хэл ам дагуулсан УИХ-ын тогтоол чинь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлье, гадагшаа гарч буй валютыг Монгол Улсын банкаар дамждаг нөхцөлийг бий болгоё л гэсэн хэрэг. Харамсалтай нь гадны байгууллагууд үргэлж бидний эсрэг зогсч ирсэн. Сая болж өнгөрсөн процессыг харж байхад ч гэсэн тодорхой хэмжээнд лобби орж бидэнд ийм шаардлага тавьсан.
Байнгын хороо болон бүлгийн хурал дээр энэ талаар бид нэлээд нухацтай ярьсан. Угаасаа хүнд байсэн эдийн засгийг улам хүнд болгох нөхцөл бий болж байна. Ерөнхий сайд “Олон улсын гэрээнд энэ хамаарахгүй” гэдэг хариуг ОУВС-д өгсөн ч “Баталгаатай хариу биш байна” гэсэн. Эцэст нь УИХ-ын тогтоолын төслийг цуцлаад цаашаа явъя гэсэн шийдэлд хүрсэн л дээ. Өнөө маргаашдаа эдийн засгаа босгохгүй бол эрэлхэг хүн болж сөрж зогссоноор бид цаашаа алхаж чадахгүй. Яахав ээ, өнөөдрийн нөхцөл байдлаа бодоод буулт хийлээ. Хамгийн гол нь нэг алхъя, ОУВС-гийн дэмжлэгийг авъя гэж байгаа юм. Эдийн засаг сэргэх нь Монгол Улсад хэрэгтэй.
-УИХ-ын уг тогтоолоор өөр ямар нэгэн саад байхгүй гэж ойлгож болно биз дээ?
-Хэрэв дахин иймэрхүү зүйл гарч ирвэл “Энэ ОУВС чинь дарамталдаг валютын сан байна” гэдгийг нь хэлээд өөрийн замаар явахаас өөр гарц байхгүй. Үүнээс цааш шаардлага тавих юм бол улаан зурааснаас хэтэрсэн явдал болно. Дахин ийм зүйл гарвал Их хурал хатуу байр суурь барина.
-Татваруудын нэмэгдэл иргэдийн дунд өндрөө авч байна. ОУВС-гийн хөтөлбөр Монголд гурван жил хэрэгжинэ. Монголын газар нутаг дээр бид хэдэн зуун жил амьдарна гэж байна л даа?
-Сонгуулийн өмнө улс орны байдал хүнд байна. Бид улс орноо босгоно гэдэг амлалт өгч сонгуульд оролцсон. Засгийн газраас оруулж ирсэн анхны мөрийн хөтөлбөр дээр татвар нэмэх асуудлыг оруулж ирэхдээ нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын зүгээс бодлогын арга хэмжээ авч байж иргэддээ ойлгуулаад явъя гэдэг үүднээс хүндхэн мөрийн хөтөлбөр оруулж ирсэн л дээ. Манай бүлгийн гишүүд дөнгөж Их хуралд орж ирээд байсан тул хөөрсөн сэтгэлээр бүлэг дээр унагачихсан. Харин миний хувьд эсрэгээрээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байсан. Би өмнө нь яаманд ажиллаж байсан хүний хувьд нөхцөл байдал хүндрэхэд гарах арга замыг нь бодитоор харах ёстой гэдэг байр суурьтай байлаа. Ямар ч байсан ард түмэн маань ойлгох болов уу гэж бодож байна. Ингэж байж улсаараа бид цаашаа алхах юм. Ингэхгүй гэвэл нэг зогссон байрнаасаа урагшаа ганц ч алхахгүй. Эдийн засаг улам хүндэрнэ, мөнгөний эргэлт зогсоно. Эргэлт байхгүй болчихоор валютын ханш дээшээ л явна. Ам.долларын ханшийг тогтвортой барих нь валютын нөөцөөс шууд хамааралтай. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 5.5 тэрбум ам.долларын ихэнх нь валютын нөөцийн санг бий болгоход чиглэгдэнэ. Тэгж байж валютын ханшийг барьж, эдийн засаг хөдөлгөөнд орно.
Орон нутагт явж байхад иргэдийн зүгээс улстөрчид л үүнийг шийдэх ёстой гээд бухимдаж байна. Аргагүй юм. Ард түмэн бидэнд бүх итгэлээ өгсөн. Тиймээс ард түмний бухимдаж байгааг буруутгах аргагүй. Бүх зүйлээ тайлбарлаад явж угаасаа амжихгүй. Тиймээс богино хугацаанд урагшаа хараад сэлээд гарахаас өөр замгүй. Тэгэхгүй бол бид живэх гээд байна.
-УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Уг хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх юм биш үү. Үүнийгээ дагаад Хятадын банк орж ирнэ гэж байна?
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн гол шалтгаан нь төсвийн зүйлс төсвөөсөө санхүүжиж, Хөрөнгө оруулалтын банкин дээр байгаа мөнгийг зөвхөн тэр банк захиран зарцуул. Харин тухайн мөнгийг ямар бизнес рүү оруулах чиглэлийг засаг нь гаргаж байхаар хуульд нь суулгаж өгсөн. Импортын барааг цөөлж, экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжих, дотоодын бизнесийг өргөжүүлэх чиглэл рүү явуулахаар хуульчилсан.
Намайг Зам тээвэр, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад Хөгжлийн банкны захирал нь Солонгос хүн байсан. Бид зам, барилга, шугам сүлжээний хэд хэдэн төсөл солонгос захиралд аваачиж өгөхөд хэл амаа ололцож чадаагүй. Яасан гэхээр Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх, үйлдвэр, үйлчилгээний зээлийг олгоно гэсэн байр сууриндаа солонгос захирал хатуу зогссон. “Энэ Засгийн газрын бодлогын хүрээнд хийгдэж байгаа” гэж хэлээд байхад “Засгийн газрын бодлого байж болно. Гэхдээ энэ мөнгө чинь эргэлддэг байх ёстой” гээд 2012 он хүртэл халгаагаагүй. Харин АН засгийн эрхэнд гараад өнөө захирал солигдож шинэ захирал томилогдсон. Одоо нөгөө захирал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Тухайн үед АН-ын Засгийн газар нь зээл өг гээд лүндэн буулгаад явсан. Гэтэл тэр зээлийнх нь талаас илүү нь эргэн төлөгдөх боломжгүй болсон. Тиймээс бид хуулийг нь баталж өгөөд, эдийн засгийн эргэлтэд ордог төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр хуульд тусгасан.
Та мөн гадны банкуудын асуудлыг хөндлөө. Бидний зүгээс гадны банкийг хөрөнгө оруулалт дэмжсэн чиглэлээр оруулж ирээчээ гэж байгаа юм. Монгол Улсын банкуудын актив хадгаламжийн мөнгөн дээр л эргэж байдаг. Хадгаламжийн хүү өндөр байгаа тул үүн дээрээ зээлийн хүү нэмчихээр иргэдэд өндөр хүүтэй зээл очиж таараад байгаа юм. Хадгаламжийн хүүг буулгачихаар бас л хэдэн хүн гомдол гаргаад явах байх. Тиймээс гаднаас банк орж ирэх юм бол тодорхой хэмжээний хөрөнгийг өөрсдөдөө суулга. Тэрийгээ зээлээр өг. Бага хүүтэй зээл нь эргэлдээд ирэх юм бол хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү дагаад бууна.
-Газар барьцаалж зээл олгоод гадны банк зээлээ төлж чадахгүй бол тэр газар банкны өмч болно энэ тэр гэх юм. Тэгж айгаад байх зүйлгүй юм уу?
-Айгаад байх зүйл байхгүй. Өнөөдөр гадны банкууд манайд орж ирье гээд дугаарлаад байгаа юм уу, үгүй шүү дээ. “Bank of China” орж ирэх хүсэлтээ аль эрт тавьсан юм билээ. Одоо орж ирье гээд байгаа нь хаана байна. Банкныхан гадны ямар ч банк орж ирэхэд нээлттэй гээд байгаа. Бид гадны банк оруулж ирж байж олон улсын хэмжээнд хөдөлдөг зах зээлийг бий болно. Тэгэхгүй бол бид хоёр орны дунд ямар улс байгаа нь мэдэгдэхгүй өдийг хүртэл явлаа. Банкны салбар бизнесийн ертөнцөд маш том орон зайг эзэлдэг. Тиймээс үүн рүү зайлшгүй орох ёстой.
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ. ОУВС, гадны банк гэхээсээ илүү үүнийгээ түшиглэх боломж хэр байгаа бол. Өвөл танаас ярилцлага авч байхад ноос, ноолуурын салбарыг 500 тэрбум төгрөгөөр дэмжээд өгвөл эдийн засагт ихээхэн нэмэр болно гэж ярьж байсан даа. Тэр юу болов?
-Нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж байгаа болохоор эдийн засагт эерэг хандлага гарах нь гарцаагүй. Гэхдээ Монгол Улс өргүй байсан бол нааштай байх байлаа. Ирэх онд гэхэд бид нэг их наяд гаруй төгрөгийг бондын эргэн төлөлтөд зарцуулна. Бид өртэй байгаа болохоор түүхий эдийн үнэ өссөн ч хуримтлал үүсгэж чадахгүй. Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад эдийн засгийн бааз сууриа бэхжүүлээд явах юм бол ирэх хоёр жилдээ эдийн засаг хэвийн байдалдаа орно гэж харж байгаа.
Ноолуурын салбарт гэхэд 100 мянган төгрөгөөр нэг кг ноолуур авч байсан бол буурсаар байгаад 70 мянган төгрөгт хүрлээ. Бас л хятадуудын тоглоом явж байна. Дэлхий хэмжээнд ноолуурын зах зээлийн 50 хувийг Хятад, 40 хувийг Монгол хангадаг. Том тоглогчийн хувьд ноолуураа өөрсдөө авч, өөрсдөө боловсруулж, том зах зээл рүүгээ өөрсдөө гаргадаг болох гарцаа олох нь чухал. Хамгийн том зах зээл болох Зүүн өмнөд Ази, европынхонтой уулзах хэрэгтэй. Ерөнхий сайд удахгүй Хятадад айлчилна. Энэ хүрээнд ярих зүйлийнх нь нэг сэдэв энэ байх ёстой. “Буга намнадаг нь манайд байна Булга зүүдэг нь танайд байна” гэдэг шиг тохиролцоогоо хийгээд явдаг болох шаардлагатай. Хийсвэр тоогоор 2.5 их наяд төгрөг ноолуурын салбараас орж ирнэ гэдгийг салбарынхан нь хэлээд байгаа. Ийм том зах зээлээ л бид бариад авах хэрэгтэй. Гурван сая монгол хүний зах зээл гэхээсээ илүүтэй хилээ давж алхсан бодлого барих шаардлагатай.
-Хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй байгаа нь Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой юм шиг. Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулсных нь дараа ноолуурын үнэ навс уналаа гэж ярьж байна. Хөдөө аж ахуйн биржийн хувьцааг гадны хэдэн компани худалдан авсан гэдэг яриа байх юм. Үүнтэй холбоотой юм болов уу?
-Суурь тогтолцоо нь бий болж чадаагүйн улмаас Хөдөө аж ахуйн бирж хөгжиж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн бирж зайлшгүй байх ёстой. Манайхан ерөнхий тогтолцоогоо засч чадахгүй байж байгаад шинэ зүйл байгуулдаг. Ноос, ноолуур, мах, арьс, ширийг нь хүлээж авдаг тогтолцоо нь юу билээ. Үнэндээ бид ченжээс цааш гарч чадахгүй байгаа. Үүнийгээ хийж чадаагүй байж бирж гээд данхайсан том толгой авч ирээд тавьчихдаг. Бирж рүү нөгөө бүтээгдэхүүн нь очилгүй наана нь эргэлддэг. Гэтэл хуульдаа бид биржээр дамжаагүй бол гадагшаа худалдаалахгүй гэдэг том заалт хийчихсэн. Түүхий эд нь гараас гар дамжин явдаг. Гадагш нь гаргая гэхээр хуулиар хаалт тавьчихсан. Түүхий эдээ гаргахын тулд тэдэн тонн ноос, тэдэн тонн арьс, шир танайхаар дамжсан гэсэн бичиг хийгээд өгөөч гэхээр “Тэгвэл мөнгө өг” гэдэг. Тэгээд гарын үсэг зуруулсан цаас барьж очоод хилээр гаргадаг. Гаалийнхан хүртэл мэдэж байгаа. Манайхан хөгжсөн орны системийг хуульдаа шууд суулгачихдаг. Амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй байдаг л даа. Энэ утгаараа бирж яригдаад байдаг. Нэг хэсэгтээ энэ биржийг бүр татан буулгачихмаар байгаа юм. Тэнд зүгээр л цаасан дээр юм бичээд мөнгө идээд сууж байна.
-Одоо татан буулгана гэхээр эсэргүүцэлтэй л тулгарах байх даа?
-Тэгэх л байх. Татан буулга эсвэл яаралтай доод системийг нь бий болгох хэрэгтэй. Мал аж ахуйн салбар хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь малын өвчлөлтэй холбоотой. УИХ-аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль орж ирж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсгийг нь би ахалсан. Австрали, Шинэ Зеландын төрийн байгууллагуудтай уулзлаа. Олон улсын мал эмнэлгээс тавьж буй зарчим нь нэг газар малын өвчин гарлаа гээд улаан гэрэл асангуут тухайн газрыг хязгаарлан арга хэмжээ авдаг бүтэц нь өөрөө зөв байх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл төрийн бүтэц нь зөв байх ёстой юм. Манай малчдын зүгээс мал эмнэлгийг төрийн босоо удирдлагатай болгох шаардлагатай гэдэг. Өнөөдөр аймагт байгаа хувийн мал эмнэлгийг сумын Засаг дарга шууд тушаал өгөөд ажиллуулах боломжгүй. Зүгээр л гэрээний үндсэн дээр ажилладаг. Суманд өвчин гарлаа гэхэд арга хэмжээ аваад хариуцлага тооцох боломжгүй байдаг, учир нь хувийн эмнэлэг болохоор тэр. Уг нь хэн нэгний толгой руу “тоншиж” байх ёстой байдаг. Хүн эмнэлэг дээр эмч нар эрүүл мэндийн манаанд зогсож байдаг бол малын эрүүл мэндийн манаанд зогсдог хүн байх ёстой байхгүй юу. Гаднаас өвчтэй мал оруулахгүй манаж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, вакцинд нь хяналт хийж байх ёстой. Болохоо байсан үед дээшээ мэдээлэл өгөхөд бэлэн байх ёстой. Засаг даргын өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Одоогоор бол хувийн мал эмнэлэг дээр хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Монгол Улсад 1000 гаруй хувийн мал эмнэлэг байдаг судалгаа бий. Бид хариуцлага үүрүүлдэг системийг бий болгох юм. ХХААХҮЯ-наасаа эхлээд эрүүл мэндийн асуудал нь явсаар сум, баг хүртлээ хариуцлагатай болох хэрэгтэй.
Гадныхан “Танай мал шүлхийтэй байгаа цагт олон улсын зах зээлд борлогдохгүй” гээд шууд хэлж байна. Гэтэл бид энд малаа хэдэн саяар нь зарна гэж сэтгэлийн хөөрлөөр яриад сууж байдаг. Үндсэн хуульдаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн ганц мундаг заалтаас өөр үндсэндээ малд эзэн алга.
-Энэ хууль батлагдчихвал нөхцөл байдал дээрдэнэ л гэж үзээд байгаа юмаа даа?
-Наанадаж суманд чихийг нь мушгиж байдаг нэг хүнтэй болно. Одоо бол хэний ч чихийг мушгиж чадахгүй байгаа. Энэ мэтчилэн хийх зүйлс их байна.
-Автозамын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бил үү. Уг хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ?
-Хамгийн гол нь чанарын асуудал. Монгол Улс 5000 гаруй км хатуу хучилттай автозамтай болчихоод байна. Энэ хүрээнд чанар, ашиглалтын зардлыг бий болгож зам арчлалтын асуудалдаа анхаарахгүй бол болохгүй болчихсон. Нэг маргаантай асуудал байгаа нь автомашины онцгой албан татвараас орж буй мөнгөний 20 хувиас доошгүйг зам арчлалт дээр нэмье гэдэг заалт л даа. Намайг яаманд ажиллаж байхад зам арчлалтад хамгийн сүүлд 19 тэрбум төгрөгийг зам дээр тавьж байсан. Уг нь нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг юм. 2012 оноос хойш зам шинээр баригдаж км нь нэмэгдсэн ч зам арчлалтын мөнгө нь 10 тэрбум төгрөг болж буурсан. Автомашины онцгой албан татвараас жилд 80 тэрбум төгрөг олдог гэсэн. Үүний 20 хувь гэвэл 18 тэрбум төгрөг болно. 2012 оны 19 тэрбумдаа хүртэл хүрэхгүй байгаа л даа. Гэхдээ баталгаатай хувийг нь заагаад өгчихье гээд оруулж ирсэн. Хоёрдугаарт, замын чанартай холбоотойгоор зам барьсан компани нэг жил хариуцах байсан бол хоёр жил болгож байна. Мөн автозам тавьж буй компанийг хөндлөнгөөс хянадаг хяналтын компанийг хоёр жилийн баталгаат засвар дээр хариуцлага хүлээхээр заасан. Зам барьсан компани хоёр жилийн дотор эвдрэл гарвал өөрийн хөрөнгөөр засах асуудлаа чанд барих ёстой.