Categories
мэдээ нийгэм

Банк дампуурах тухай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг баривчилжээ

Монгол Улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээсэн гэмт этгээдийг баривчилжээ. 34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н одоогоор тагнуулын байгууллагад саатуулагдаад байгаа аж.

Гэмт этгээд өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүй учраас ийнхүү худал мэдээлэл цацсан байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээ.

Иргэн Н компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон ч ийнхүү 24 цаг хүрэхгүй хугацааны дотор баригджээ.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатарыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэлээ

Олны анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг дөнгөж сая СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэлээ. Тэр МАХН-ыг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй юм. Ийнхүү Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөнө. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ноос 16.00 цагт хэвлэлийн хурал хийж, мэдээлнэ.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал би хариуцлагыг нэхэх болно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өчигдөр миний гаргасан live /шууд бичлэг/ болон МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн. Бичлэг дээрээ МАХН-аас гарах байдалд намайг түлхэж байна шүү хэмээн хэлсэн юм. Би намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамааран МАХН нэр дэвшүүлэх эрх нь хадгалагдаж байгаа. Хуульч хүний хувьд би үүнийг хэлэх ёстой. Өнөө өглөө С.Ганбаатар над руу залгаж ярьсан. Ямар асуудал байгаа вэ гэхээр 2020 онд гуравдагч хүчин болж 2017 онд ялах боломж байгаа юм. Гадаад хэргийн сайд байсан Л.Эрдэнэчулууныг би дэвшүүлье гэсэн. Тэр хүн их өрийг тэглэсэн. Өнөөдөр уусгах бодлого явагдаж байна гэж яригдаж байгаа үед геополитикийн өндөр мэдлэгтэй хүнийг тавих хэрэгтэй. Гурван үеийн дипломатч энэ хүнийг Монголын Бан Ги Мүн гэж нэрлэж болно. Өдрийн сонинд Н.Энхбаяр гуай ярилцлага өгөхдөө, “Бид хүний намын хүнийг нэр дэвшүүлэхгүй, нэр дэвших хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй, шинэ цэрэг хуучин цэргийн бакаал өмсөж орж ирэх хэрэггүй дээ” гэж хэлсэн. Дараа нь МАН-ын гишүүд дарамталсан учир Л.Эрдэнэчулуун гуай өөрөө больё доо гэж надад хэлсэн.

Сонгуульд оролцоход хүн бүр шилэн данстай байх ёстой. Дэвшиж байгаа хүн өөрөө улайм цайм нам дээр мөнгө барьж ирээд явна гэдэг утгагүй. Надад бүх нотлох баримт нь байгаа. Би хүнийг гүтгэдэггүй. Аудитын байгууллагаас босго тавиад байгаа юм чинь тэр мөнгийг ол гэж хэлэхгүй яах юм гэж байгаа. Би дахиад хэлье. Дээд хэмжээ нь 10 тэрбум байж болно. Доод тал нь хэд ч байж болно. Хэд хэдэн хүмүүсийг сонгуульд мөнгөө өгөөд ор гэж хэлсэн байна лээ. Тиймээс Ц.Нарангэрэл багш больсон. Би С.Ганбаатартай олон асуудал дээр байр суурь нэгтэй байдаг. Би түүнээс “Чи дэвших гээд байгаа юм уу, мөнгө нь хаанаас гарах юм бэ, ямар дансаар шилжүүлэх гэж байгаа юм бэ” гэх мэтчилэн олон зүйлийг асуусан. Гэтэл “үгүй үгүй” гэж байгаад Бага чуулган дээр гэнэт орж ирсэн. Энэ нь МАХН-ыг аль болох зөв шударга, зарчимтай явуулъя гэдэг миний зарчимтай зөрчилдсөн юм. Тиймээс би С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжихгүй гэж хэлж байгаа. Хоёрдугаарт, өөр намын хүнийг сонгуульд дэвшүүлж болдоггүй хуультай. Эдгээр зүйлүүдээс болоод би МАХН-ын хүн дэвшиж чадахаа байчих вий гэж бодож байгаа. Мөнгөтэй хүн дэвшүүлэх гэж байгаа бол мөнгөнийх нь эх үүсвэрийг ил болгох хэрэгтэй.

МАХН-ын мянга мянган дэмжигчид миний энэ бухимдсан байдлыг ойлгоно гэж найдаж байна. Төрийн босго өндөр шүү. Би УИХ-ын гишүүн нэг удаа болчихоод Ерөнхийлөгч болно гэж ярихгүй. Рио-Тинто гэдэг байгууллага ОУВС-д орлоо гээд гомдол гаргасан. Би тэр байгууллагыг өмөөрөөд байгаа юм биш. Хамгийн гол нь би Хятадын зээлэнд ороод түүнд уусчихаад байна шүү. Бид өнөөдөр орших уу, эс орших уу гэсэн байр суурин дээр байгаа энэ үед миний нэр хүнд, гишүүн байх үгүйдээ биш. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг авч явах гэж байгаа бол зангарагтай, мэдлэгтэй хүн байх ёстой гэдэг байр суурин дээрээ хатуу байсан юм” гэв.

Та намаасаа гарах уу, үгүй юү гэсэн сэтгүүлчийн асуултанд “Өчигдөр орой гурван цаг хүртэл намынхаа журмын нөхөдтэй ярьсан. Олон хүмүүстэй ярихад намаа шинэчилсэн нь дээр, аймхай хүмүүс л хариуцлагаас зугтаадаг, нам дотроосоо шинэчлэлээ хийцгээе гэсэн. Тийм учраас энэ нам Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй ороод ялагдах юм бол сүүлийн ялагдал нь байх болно. Бид хариуцлагаа нэхэж цаашаа явах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хариулж байв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

А.Цогцэцэг: Хүүхдээ цатгаж чадах хэрнээ эхийн сүү орлуулагч хэрэглэхийг хориглоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжсэн билээ. 2005 онд баталсан Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан ард иргэдэд буруу ташаа ойлголт төрөөд байгаад хариу тайлбар хэвлэлийн бага хурлыг хийлээ. Тэрээр “Эхийн сүү орлуулагчийн тухай хууль 2015 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн шинэчилсэн найруулга өнөөдөр нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль гэсэн нэртэйгээр орж байгаа. Өмнөх хууль маань өнөөдрийн цаг үед хэрэгцээ шаардлага хангахгүй байна. Нялх балчир хүүхдийн 0-6 сартай хүүхдийг хөхөөр дагнан хооллох хэрэгтэй. 0-6 сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох нь манай эрүүл мэндийн салбарын болон дэлхий нийтийн бодлого байгаа.

Эхийн сүүгээр хооллолтын түвшин 1990 онд 90 хувьтай байсан. Бид тэр үед дэлхийд жишээ болж байсан. 2005 онд 56 хувь байсан бол өнөөдөр 47 хувь байна. Хэрэв 40 хувиас доош болоод ирвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан онц байдал руу ордог. Эхийн сүүгээр хооллоогүй хүүхдүүд суулгалт, ханиад хатгаа, ходоод хоол боловсруулах эрхний хямралд хамаагүй илүү өртөмтгий байдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил короор нас барсан хүүхдүүдийн 70 гаруй хувь нь эхийн сүү орлуулагч хэрэглэдэг байсан. Хөх нь цатгаж чадахгүй байгаа хүүхдэд эмчийн заавар зөвлөмжийн дагуу эхийн сүү орлуулагч хэрэглэж болно. Харин байгаа юм” гэлээ.

Мөн эхийн сүү орлуулагч импортоор ямар ч хяналтгүй орж ирж гоо сайхны дэлгүүр, барилгын материалын дэлгүүр, зах гээд эрүүл мэндийн шаардлагад нийцээгүй газруудаар зарагдаж байгааг цэгцлэх бодлого бий гэсэн юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Авьяаслаг шведчүүд” тэмцээний финалд шалгарсан монгол охины үзүүлбэр

“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, финалын шатанд үлдээд буй алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаагийн үзүүлбэр Youtube-д тавигджээ.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон шилдэг 32 оролцогчийн тэмцээний үеэр шүүгчийн хэлсэн 30 цифрийг 30 секундэд цээжилж үзэгчид болон шүүгчдийг гайхшруулж чадсан юм. Шүүгчид түүний ой тогтоолтын чадварыг өндрөөр үнэлж баяр хүргэсэн байна.

Янжаа энэ долоо хоногийн баасан гарагт болох финалын шатны тэмцээнд оролцох эрхтэй болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хонгконгод “Цэнхэр халим”-ны эсрэг хөдөлгөөн өрнөөд байна

Хонгконгийн Амиа хорлолттой тэмцэх бүлэг онлайн орчинд тархаж байгаа аюултай тоглоомноос залуу үеийнхнийг хамгаалах тухайд иргэддээ анхааруулж уриалга гаргасан байна.

“Цэнхэр халим” нэртэй тоглоом сүүлийн үед Хонгконгийн сошиал орчинд үзэгдэх болсноос ийм сэрэмжлүүлэг гаргахад хүрсэн байна. Олон улсын хэмжээнд гарсан хэд хэдэн амиа хорлолтын хэрэгт энэ тоглоомыг холбон шалгаж байгаа ба Хятад, Британи, Шинэ Зеланд, Франц зэрэг орнууд өсвөр насныханд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын 15 муж, хотын цагдаагийн газар “Цэнхэр халим”-ны эсрэг хориг зарласан байна. Хятадын QQ мессенжэр үйлчилгээг эзэмшдэг Tencent компани өөрийнх нь сүлжээнд үүссэн “Цэнхэр халим”-тай холбоотой байж магадгүй 12 бүлгийг шалгаж эхэлжээ.

Уг тоглоомыг бүтээгч 21 настай Оросын иргэн Филипп Будейкинийг орон нутгийн эрх баригчид баривчлаад байгаа ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан доод тал нь 16 өсвөр насны охины амиа хорлосон хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

Саяхан Хонгконгийн их сургуулийн нэгэн оюутан гурван найз нь өөрсдийгөө “халим” болсон гэж фэйсбүүк хуудсандаа мэдээлээд, өөрсдийн боолттой гарны зургийг оруулсан хэмээн анх мэдээлжээ.

Гар дээрээ халимны дүрсийг сийлэх нь уг тоглоомын даалгавруудын нэг юм байна. Дээрх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг профессор Пол Ип Сю-Фай эцэг эхчүүд, багш нар, оюутан сурагчдад өөрийн хүүхэд, сурагч, үе тэнгийнхнийхээ этгээд ааш авирыг хянаж байхыг зөвлөсөн байна. Эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдийг уг тоглоомоор тоглож байгааг нь илрүүлбэл шууд таслан зогсоохын оронд хүүхдүүдтэй ярилцаж, тулгараад байгаа асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй гэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ч бас Айн Рэнд, Айн Рэнд л гэнэ шүү

“Айн Рэнд конференс” Монголд боллоо. “Туушин” зочид буудалд болсон уг арга хэмжээнд олон хүн иржээ. Үзэгчдийн суудалд олны танилуудаас Баабар, Э.Бат-Үүл, дуучин П.Ганхүү, сэтгүүлч Ц.Оюундарь нар харагдсан. “Алтан тариа“ компанийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн уг арга хэмжээг санхүүжүүлсэн гэнэ. Тэрбээр хурал дуустал сууна лээ. П.Цэнгүүн “Хувь хүн эрх чөлөөтэй байж чөлөөтэй сонголт хийнэ шүү дээ. Чөлөөт зах зээл буюу капиталист нийгэм заавал байх ёстой. Бидэнд өнөөдөр хамгийн хэрэгтэй юм энэ л байна. Улсаар тэжээлгэж, халамжлуулах сонирхолтой хүмүүс олон. Ёс суртахуунгүй хэсэг нь хулгай хийж амьдрах гэдэг. Бялдууч загнах, дарга нарын цүнх барьж гүйж амьдралаа залгуулдаг залуус олширлоо. Бизнесмэнүүд ч зөв, ёс суртахуунтай,цэвэр бизнес хийх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал бид хөгжнө. Ингэж чадахгүй өнөөдрийнх шиг байвал хэцүүднэ” гэж товчхон тайлбарласан юм.

Айн Рэндийн философи хамгийн эрэлттэй гэж болно. Түүний номууд 23 сая хувийг аль хэдийнэ давж борлогджээ. 1991 онд Америкийн Конгрессийн номын сан болон Бүүк оф Мант клубын хамтарсан судалгаагаар Айн Рэндийн “Атлантын мөр тэнийв” роман уншигчдын хувьд Библийн дараа орох ач холбогдолтойг онцолсон удаатай. Энэхүү алдартай хүний философийн тухай яриа Туушингийн “Соёмбо” танхимд бүтэн өдөржингөө үргэлжилсэн.

Үндсэн илтгэгч нь Айн Рэнд институтийн гүйцэтгэх дарга доктор Яарон Брүк байлаа. “Айн Рэндийн рационал эгоизм” илтгэлийн төгсгөл хэсэгт танхимд орж таарав. Энэ өдөр илтгэгчид товчхон ярьсан ч сонсогчид асуулт тавьж, хариулт авахад багагүй цаг зарцууллаа. Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв” номын орчуулагч Ж.Нэргүй үг сонголтонд анхаарал хандууллаа. “Эгоист гэдэг үгийг манайхан аминч үзэл, хувиа хичээх үзэл гэх зэргээр орчуулж байгаа нь монгол уншигчдад буухгүй байна. Ухаалгаар бие даах үзэл гэх нь зөв” хэмээн оруулагч үзжээ. Харин Яарон Брүк “Англи хэлтэй ертөнцөд ч эгоизмыг сөргөөр ойлгосоор ирсэн. Толь бичигт энэ үгийг өөрийгөө бусдаас дээгүүр тавих гэж тайлбарладаг” гэлээ.

Илтгэгч эгоизм буюу би-гээ бодох үзлийг үргэлжлүүлэн тайлбарлаж “Айн Рэнд ёс зүйн хоёр сонголт бий гэж үзсэн. Нэгдүгээрт бусдын төлөө амьдрах, өөрийгөө золиослох, хоёрдугаарт өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах. Гэтэл хоёр дахь нь буруу гэж нийтээрээ үзсэн. Хувиа бодох гэдгийг өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг яаж ч болно гэдэг буруу үзлээс ялгаж ойлгох хэрэгтэй. Хувь хүн өөрийгөө дээдлэх, өөрийнхөөрөө амьдрах гэдэг үүднээс ойлгох учиртай” гэв.

Худлаа ярих, хулгай хийх, бусдад зүй бусаар хандах буруу гэдгийг ялгаж салгах учиртай гэсэн.

Нэг залуу ийнхүү асуулаа. “Миний түрийвчинд доллар байна. Түүн дээр “Бид бурханд итгэдэг” гэж бичсэн байдаг. Америкчуудын хамгийн их итгэдэг Есүс амиа огоорогч хүн. Гэтэл Айн Рэнд бусдын төлөө өөрийгөө золиослохыг дэмждэггүй. Энэ зөрчилтэй санагдаж байгаа” хэмээн тэр хэллээ.

“Айн Рэнд Христосын шашны олон зүйлд шүүмжлэлтэй хандаж байсан. Өөрөө хийгээгүй нүглийнхээ төлөө зовж шанална гэдэг ёс суртахуунгүй зүйл гэж үзсэн. Бурхан өөрийн хүүг аймшигтайгаар зовоохдоо муу учраас биш сайн учраас шийтгэнэ гэдэг бодохын аргагүй зүйл гэж Яарон тайлбарлав. “Би ч Есүс Христийг шүтдэггүй. Уг шашны номонд ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хүний амьдралыг зааж сургадаг. Харин бид бол номлодоггүй. Учир шалтгааныг ухамсартайгаар, логиктойгоор ухаарах учиртай” гэлээ.

Дуучин, улс төрч, “Яг түүн шиг” шоуны оролцогч П.Ганхүүд бас асуулт байлаа. Тэрбээр “Сонгууль болж байна, хоёр нэр дэвшигч гарсан” гэж ирээд л халть улстөржөөд авлаа.

Яарон хариулахдаа “Хар тамхи хэрэглэж, залуугаараа үхэж, амьдралаа сүйтгэсэн улсууд рок попод байдаг. Хувь хүн өөрийгөө дээдлэнэ гэдгийг өөрийгөө устгана гэж ойлгож болохгүй. Нэр дэвшигчид хоёулаа худлаа ярьдаг, хулгай хийдэг. Авах юмгүй бол тэд гэртээ сууж байсан нь дээр. Эерэг зүйл байсан цагт л сонголт хийх ёстой. Америкт ч социалист үзэлтэй улс төрчид бий. Хана барьж байгуулах гэдэг ч юм уу худлаа ярьдаг. Дональд Трамп мэдэхгүйдээ худлаа ярьж байгаа юм биш. Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт үзэл бодлоо өөрчилдөг улстөрчид байна. Би түүнд саналаа өгөөгүй” гэв.

АЯЛАХАД ГАЗРЫН ЗУРАГ ХЭРЭГТЭЙ ШИГ АМЬДРАЛД ЧИГЛҮҮЛЭГЧ ХЭРЭГТЭЙ

Холоос ирсэн дараагийн илтгэгч Карл Барни Като институтийн ТУЗ-ийн гишүүн. Тэрбээр “Загварт хөтлөгдсөн ирээдүйн амьдралаа төсөөл” сэдвээр ярьсан юм. “Би бол индивидуалист ( хувь хүнийг дээдлэх үзэлтэн). Гэхдээ энэ зөвхөн надад хамаатай биш. Миний компанид 2000 хүн ажилладаг. Энэ хүмүүсийн тусламжгүйгээр миний ажил бүтэхгүй. Тэгэхээр бусад хүмүүсийн хамтын ажиллагаанаас миний амьдрал хамаарна. Би хүмүүстэй харьцахдаа таашаал авдаг. Найз нөхөддөө санаа тавьдаг. Надад найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд бий. Хувь хүнийг дээдлэх үзэл болон өөрийгөө хүндэтгэх үзэл ялгаатай. Аялахад газрын зураг хэрэгтэй байдаг шиг амьдралд чиглүүлэгч хэрэгтэй. Миний газрын зураг, чиглүүлэгч нь Айн Рэнд болсон юм. Амьдралын утга учрыг ухаж, бизнест амжилт олоход энэ хүний үзэл санаа тусалсан. Бусдын төлөө өөрийгөө золиослох нь буруу тухай өмнө нь ярьсан. Миний хувьд баян байх нь муу гэсэн үзэл бодолтой явсан. Энэ бол буруу. Энэ үзэл бодлоо өөрчлөөд, гурван жилийн дараа би саятан болсон. Үзэл санаа маш хүчтэй. Буруу үзэл бодлоосоо ангижирч, зөв үзэл бодолтой болох нь бидний амьдралд чухал нөлөөтэй. Би 17 настай үеэ дурсая. Тэгэхэд Англид амьдарч байлаа. Тэр үедээ амьдралынхаа тухай анх удаа нухацтай бодсон юм. Англиас Австрали хүртэл хоёр залуу машинаар аялах тухай мэдээлэл сонинд гарсан юм. 1959 онд хар, цагаан зурагттай, интернэт байгаагүй. Тэд Болгариар дамжих ёстой болно. Болгар тэгэхэд коммунист орон байв.“Ус гатлана, өвдвөл яах юм” гэж найзууд маань эсэргүүцсэн. Харин би ийм аялал боломжтой гэж үзээд, аялагч хоёр залуутай холбоо барьсан юм даа. Европ, Азиар дамжин, Энэтхэгээс Австрали хүртэл 5000 км газар усан онгоцоор явахаар төлөвлөжээ. Анх удаа тэгэхэд би олон асуудлыг эрэгцүүлж бодлоо. Миний амьдрал өөрчлөгдсөн. 15000 км газрыг 150 доллартай туулах хэрэгтэй болсон юм. Гэтэл би тэгэхэд 100 км-ээс илүү аялаж үзээгүй байлаа. Үүнээс хойш би ирээдүйгээ төсөөлж боддог болсон юм. Бид бодсоноор оюун ухаан маань маргааш хаашаа явахыг шийддэг. Бодож сэтгэхэд заавал цаг гаргаж байгаарай.

Хэдэн сар аяласны дараа нэг найзын маань ээж өвдөж, нөгөө найз маань гэрлэх болсон тул би ганцаараа үүргэвч үүрээд, аялалаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Энэ үеэс л миний индивидуализм эхэлсэн юм. Үүргэвч үүрээд Европ, Азиар аяласан. Аялах явцдаа Болгар, Түрк, Югаслав, Иран, Пакистан, Энэтхэгээр явсан. Айлд, зочид буудалд хаа сайгүй хоноглож явлаа. Нэг удаа бүр цагдаагийн газарт ч зочилж үзсэн. Ингэж явахад маань сэтгэн бодох чадвар маань хамгийн их тусалсан.

Мөрөөдлийнхөө жагсаалтыг гаргаж байлаа. Олон мөрөөдөл маань биелэсэн. Бизнесийн хувьд юуг олж мэдсэн гэхээр бид хувийн амьдрал, бизнесийнхээ талаар хангалттай бодож, төсөөлдөггүй нь эмгэнэл. Би өглөө босоод өдрийнхөө хийх ажлыг төлөвлөдөг. Бодож сэтгэх гэдэг нь хийх ажлынхаа үр дүн, бодит боломж юу вэ гэх мэтээр өөртөө олон асуулт тавихыг хэлдэг. “Сэтгэн бодох чадвар хүний гол үнэт зүйл” гэж Айн Рэнд хэлсэн шүү дээ. Миний мөрөөдөлд Айн Рэнд, найз нөхөд, романтизм бий. Мөрөөдөл төсөөллөө гаргаад, зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Э.Бат-Үүл энэ үеэр ярианд оролцоод авлаа. “АНУ-ын залуусын дунд социалист үзэл газар аваад байгааг та юу гэж үзэж байна. Та рациональ сэтгэдэг байхын тулд эгоист байр суурин дээр очсон байх ёстой. Хувиа боддоггүй хүмүүс улстөрчдөд ховсдуулдаг. Шударга ёс, ард түмэн, эх орон гэдэг үгнийхээ утгыг ч мэддэггүй улстөрчид эдгээр үгсийг гайхамшигтай хэрэглэдэг” гэж тэр хэлсэн юм.

Илтгэгчид тавих асуулт надад ч байлаа. “Та өөрийнхөөрөө амьдралаа, бизнесээ төлөвлөөд явж байхад Засгийн газар, гэнэт хууль тогтоомжоо өөрчлөөд таны мөрөөдөл биелэх боломжгүй болоод байвал яах вэ. Монголд бизнес эрхлэгчид цөхрөх нь их байдаг. Үүнийг яаж даван туулах вэ.

Та либериаль удирдагч. Таны компанид мөрдөгддөг өвөрмөц хэв маяг байдаг уу, та ажилтанууддаа бусдаас илүү эрх чөлөө олгодог уу?

-Засгийн газар төр гэдэг Америкт ч асуудал. Миний амьдралыг хүндрүүлдэг зүйл Засгийн газраас гаргаж байгаа олон хууль журам. Үүнийг даван туулдаг. Хүмүүстэй хамтарч ажиллаж, бодож сэтгээд, гарц олоод явдаг. Бууж өгч болохгүй. Хэцүү байна гээд бууж өгвөл Засгийн газар ялах болно. Би компанийн ажилтнуудынхаа бодож сэтгэх, шинэ санал санаачилга гаргах чадварыг нь хөхиүлэн дэмждэг. “Энэ асуудлыг бодъё” гэж байнга хэлдэг. Олон хүний дундаас санамсаргүй хүн сайхан санаа хэлэх үе бий. Тэр нь шийдэл болох нь байдаг. Би залуу байхдаа бүх зүйлийг мэддэг юм шиг санагддаг байлаа. Амьдрах тусам улам л бага мэддэг гэдгээ ойлгох болсон гэв.

Танхимаас бас ийм нэг асуулт сонсогдлоо. “Та бага насны хүүхдийн хүмүүжлийн талаар ярьсан. Багаар ажиллах гэдэг монголчуудын хувьд чухал. Бие дааж амьдрахаас гадна хэдэн наснаас нь багаар ажиллах чадварт сургах тохиромжтой вэ” гэнэ. Монтессори сургалтын үед өөр өөр насны хүүхдүүд нэг ангид байдаг. Эхлээд хүүхдүүд хичээлийн танхимд орж ирээд, дор дороо биеэ барьцгаан суудаг бол удалгүй бие биенээ мэдээд эхлэхээрээ хамтраад тоглодог. Насаар ахмад хүүхэд нь бусаддаа багшлаад эхэлнэ. Бие даасан байна гэдэг нь бусад хүүхдэд ч бас хүндэтгэлтэй хандах гэж ойлгож болно.

ЭРХ ЧӨЛӨӨ ХҮНИЙ МӨН ЧАНАР

“Урлаг ба Айн Рэнд” сэдвээр ярьсан төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам “Сайтар эрэгцүүл”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” зэрэг Айн Рэндийн жүжгүүдийг тавьсан. Д.Сосорбарам яриагаа эхлэхдээ “Энэ танхимд цугласан залуус хэн нэгний цүнхийг барьж гүйхгүй, би хэн бэ гэдгээ мэдэхээр энд ирж, илтгэл сонсч байгаад талархаж байна” гэсэн юм. Тэрбээр Айн Рэндийн зохиолуудыг уншаад юуг мэдэрч, жүжгүүдийг нь хэрхэн тавьсанаа ярьсан. Бас дундуур нь хууч яриагаар хачирлахаа мартаагүй.“Түрүүн хүмүүсийг ярьж байхад Баабар бид хоёр амиа бодох, хувиа хичээх гэдэг үгнээс манайхан сэжиглэдэг юм байна. Өөрөө өөрийнхөөрөө байх, бие дааж амьдрах тухай юм ш дээ гэж ярьж суулаа. Бид социализмын үед гэртээ хонда мотортой, амьжиргаатай хүнийг дотуур тамиртай гээд муулдаг байлаа. Энэ чинь хамтач үзлийн гай. Өөртөө хайртай хүн бусдыг хайрладаг болохоос биш өөрийгөө ч хайрладаггүй байж бусдыг хайрлана гэж үгүй. Хүн бол өгүүлэгдэхүүн биш өгөгдөхүүн гэж Айн Рэнд хэлсэн. Байгалиас заяасан хувийн эрх ашиг нь байх ёстой. Эрх чөлөө гэдэг хүний гол мөн чанар. Урлаг төгс төгөлдөр дүрийг дүрсэлж харуулдаг. Үзэж байгаа хүн юугаа авах нь өөрийнх нь хэрэг ” хэмээн Со гавьяат айлдлаа.

Үдээс хойш “Капитализм бол амьдрах чадвартай эдийн засгийн ганц систем” сэдвээр аанай л Яарон Брүк ярив. Тэрбээр яриагаа эхлэхдээ “Хүмүүс үдийн хоолны дараа нойр нь хүрч байх ёстой байтал бүгдээрээ байж байгаад гайхаж байна” хэмээн хошигносон. Яарон “Итгэл үнэмшлээрээ явахад зогсоох саад болох хүч юу байж болох вэ” хэмээн асуугаад өөрөө түүндээ “Хүч, буу” хэмээн хариуллаа. “Толгойд буу тулгаад, энийг хий гэвэл бодох ч хэрэг байхгүй болно. Бодож сэтгэхийн дайсан бол хүч хэрэглэх явдал. Юу ч хийж болохгүй, тушаал дагахаас өөр аргагүйд хүрнэ. Галилео Галилей дэлхий нарыг тойрдог гэж хэлснийхээ төлөө гэрийн хорионд орж байсан. Харин ч тэр азтай байсан. Үнэнийг хэлснийхээ төлөө олон эрдэмтэн амь насаа алдсан шүү дээ. Эрх мэдлээр далайлгаж, хүч хэрэглэх нь бодож сэтгэхийн дайсан. Засгийн газар алуурчид, хулгайч луйварчдаас биднийг хамгаалах үүрэгтэй. Үүнээс өөр зорилго Засгийн газарт байх ёсгүй. Биднийг тайван орхих учиртай. Засгийн газар өөрийгөө хязгаарлаж байх ёстой. Төрийн оролцоо бага байвал хүмүүс бүтээж, хүн болгонд хэрэгтэй, ашиг тустай зүйлийг бий болгож байдаг. Эрх чөлөө байгаа цагт бидэнд боломж байна. Боломж байгаа цагт хүн бүтээж байдаг. Бүтээхийн тулд бодож сэтгэх хэрэгтэй. Бусдад таалагдахгүй байсан ч хамаагүй өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй байх учиртай. Эрх чөлөөний үзэл баримтлалыг хэрэгжүүлж байж улс орон хөгжнө. Бизнесмэнүүдээр юу дуртайг нь хийлгэвэл хуурна, луйвардана гэсэн болгоомжлол байдаг. Бизнесийнхэн хэрэглэгчдээ алдахыг хүсэхгүй, дахин дахин үйлчлүүлээсэй гэж ажилладаг шүү дээ. Капитализмыг, эрх чөлөөгөө хамгаалахын тулд бид хүмүүсийнхээ үзэл хандлагыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн тэр ярив.

Дараа нь сонсогчдын асуулт үерлэсэн. Сониуч асуулт тавьчихлаа. “Монголчууд социализм гэж юу болохыг мэднэ. “Олон түмнийхээ буянаар олон сайхан хүүхэдтэй боллоо” гэж ярьдаг нийгэмд амьдарч байсан улсууд шүү дээ. Ийм улсууд нийтийн тусын тулд бус өөрийнхөө эрхээр амьдрахын үнэ цэнийг мэднэ. Гэсэн ч өнөөдөр АНУ-д төрийн зохицуулалт газар авч байна. Социалист сэтгэлгээ түгж байна. Ямар ч үзэл санаа мандан бадарч, унтрах үе байдаг. Магадгүй Хятад, Монгол зэрэг социалист байсан Азийн орнуудад Айн Рэндийг илүү ойлгож, Америкт хүлээж авахаа байх ирээдүй ирж болох уу. Та энэ талаар юу хэлэх вэ гэхэд маань Яарон эмоцтой хариуллаа.

-Айн Рэндийн үзэл санаа анх бий болсон газар нь Америк. Энд хамгийн их тохирно. Хувь хүний эрх чөлөө, үзэл хандлагыг хамгийн их дээдэлдэг газар байсан. Гэхдээ одоо Америк сэтгэгчдэд таатай бус нийгэм болж байна. Сэтгэгч, бүтээгч улсуудынхаа эсрэг үзэл хандлага нь Америкийн хөгжлийг сааруулж байна. Арван жилийн өмнө бол би Монголд зуун хүний өмнө зогсоод ярьж байна гэж төсөөлөхгүй байсан. Би Токиод, Украйн, Польшид очсон. Болгарт Айн Рэндийн бүх номыг орчуулчихсан байна лээ. Хэн ч өмнө нь тэгж төсөөлөөгүй. Герман, Францад бол Айн Рэндийн үзэл санаа нутагшихгүй. Ази шинэ нийгэм. Ази Өрнөдийн философийг нухацтай хүлээж аваагүй. Гэхдээ энд хоосон орон зай бий. Ази эрэл хайгуул хийж байна. Өрнөдийн философи, капитализм бол та бүхний хувьд харьцангуй шинэ зүйл. Буддизм бусад шашинтай харьцуулахад чөлөөтэй. Энэ бүхнийг сайжруулвал Азид магадгүй гэж бодож байна. Гэхдээ одоохондоо энэ тухай хэлэхэд эрт. Монгол жаахан хүйтэн цаг агаартай л юм даа гэнэ.

Түүнээс хүмүүс есөн шидийн юм асуулаа. Та мөнгөний төлөө ажилладаг уу, эсвэл таны хобби юу л гэнэ. “Би бизнес хийсэн бол ахиу мөнгө олж магадгүй. Гэхдээ энэ үзэл санааг хүмүүст хүргэхдээ таашаал авдаг. Мөнгө гэдэг миний бий болгосон үнэ цэнийн хэмжүүр юм гэж Яарон хариулсан. Түүнчлэн дэлхийн олон орон популизм, авторитар дэглэм рүү гулсан орж байна. Улс төрчидтэй тэмцэхэд цагаа үрнэ. Эхлээд хүмүүсээ, нийгмээ өөрчлөх хэрэгтэй. Айн Рэндийн үзэл санаа эх сурвалж нь зөв, сайн философи. Гэхдээ ямар ч үзэл санаа түгээхэд зам товчилж, цаг хугацааг хэмнэж болдоггүй. Хугацаа шаардлагатай. Боловсрол боловсрол боловсрол хамгийн чухал. Өнөөдөр Америкт ч төгс капитализм байхгүй, хосолмол эдийн засагтай. Эрх чөлөө байгаа ч төрийн оролцоо их байна. Харин капитализмын олон хувилбар бий. Хувь хүний эрх чөлөө бага байхад төрийн оролцоо их байна. Капитализм хүн бүрт эрх чөлөө олгодог систем. Коммунист байх эрхийг нь ч олгоно гэж тэр хэлсэн юм.

Нэг залуу эмэгтэй бусдад тусламж хэрэгтэй байгааг хараад суух хэцүү гэсэн юм л даа. Харин илтгэгч бусдад туслах шалтгаан хэрэгтэй гэлээ. Сайн хүн зовж байхад туслахыг хүсч болно. Надад илүү мөнгө байвал тусална. Харин энэ мөнгө хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд хэрэгтэй бол “Уучлаарай” гэнэ. Өөрийгөө золиослохгүйгээр бусдад тусалж чадахаар бол тусална гэсэн шүү.

Categories
гадаад мэдээ

Японы гүнж хэргэм зэргээ алдахад хүрчээ

Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако их сургуулийнхаа ангийн залуутай гэрлэхээр болсныг эзэн хааны ордны захиргаа өчигдөр зарласан байна.

Тэр хоёр хоёулаа 25 настай бөгөөд найз залуу Комуро ньТокиогийн Хитоцубаши их сургуулийг дүүргэсэн, хуулийн компанид ажилладаг Кэй Комуро гэгч юм байна. Эзэн хааны дөрвөн ач, зээ нараас анх удаа гэрлэх гэж байгаа нь Мако аж.

Таван жилийн өмнө хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро гүнжид гэрлэх санал тавьсан байна. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг.

Тиймээс Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн язгууртнуудын тоо 18 болж буурах ба эмэгтэйчүүдийн тоо 13 болох юм. Ийм маягаар хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрсөөр байгаа тул эмэгтэйчүүд нь энгийн хүнтэй гэрлэхэд язгуур хэргэмээ алддаггүй, өөрийн ургийн салбарыг үүсгэдэг байх хуулийн төслийг гол сөрөг хүчин болох Ардчилсан нам дэвшүүлээд байгаа юм байна.

Гэвч эрх баригч Либерал Ардчилсан нам энэ саналд дуртай биш байгаа гэнэ. Гүнж Мако нь 2010 оноос Токиогийн Олон улсын Христийн Их сургуульд урлагийн чиглэлээр суралцсанаараа их сургуульд сурсан хааны гэр бүлийн анхны гишүүн болжээ.

Макогийн 22 настай дүү, гүнж Како эгчтэйгээ ижил сургуульд суралцаж байгаа. Харин 10 настай эрэгтэй дүү, ханхүү Хисахито нь түүний үеийнхнээс цорын ганц эрэгтэй язгууртан болж байна. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь ханхүү Нарухито, хоёрдугаар хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь гурав дахь хүн юм.

Categories
мэдээ улс-төр

СЕХ 16:00 цагт мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн.

СЕХ-ны Ажлын хэсэгМАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Хуульд заагдсан хугацааны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ-ноос өнөөдөр 16:00 цагт нийтэд мэдээлнэ.