Categories
мэдээ улс-төр

Монгол, Венесуэлийн Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Феликс Рамон нар 2017 оны 5 дугаар сарын 16-нд хоёр улсын ГХЯ-д хооронд улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

Тус баримт бичгийг байгуулснаар талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт болон хүний хөгжлийн асуудлаар зөвлөлдөж ярилцах боломж нээгдэж байгаа юм.

Мөн Гадаад хэргийн дэд сайд нар хоёр улсын харилцааны талаар санал солилцож, Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны салбар чиглэлүүдийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа харилцан нотлов.

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иван Зерпа Гуэрэро нар байлцав.

Categories
мэдээ улс-төр

О.Магнай: МАН-ын найман концессийн талаар Цэцэд хандана

Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүн өчигдөр Ардчилсан намд концессийн хуулийн хэрэгжилт, концессийн гэрээнүүдтэй танилцсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлжээ.

Энэ талаар Ардчилсан намын гишүүн О.Магнай “Найман концессийн гэрээний асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар МАН ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаснаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүн бидэнд авчирч өгсөн.

Авчирч өгөхдөө улс орон даяар хулгай зэлгий цагаандаа гарлаа гэдэг тайлбарыг хэлсэн. МАН-ын 65 гишүүн дотор ганц нэг эх орноо бодсон хүн байдагт бид баяртай байна.

Концессийн гэрээтэй холбоотой МАН-ын өөрсдийнх нь дүгнэлтийн талаар мэдээлэл өгмөөр байна. Найман концессийн гэрээний нийт төсөвт өртөг нь 807 тэрбум төгрөгийн асуудал байгаа.

Хамгийн гол нь 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо Ж.Эрдэнбатын Засгийн газар таван сарын дараа өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй гэдэг нэрийн дор дахин барих, шилжүүлэх концессийн гэрээ байгуулах боломжийг бий болгожээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2016 оны 37-р тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх концессийн гэрээг өөрсдөө хориглосон боловч Оюу Толгой Цагаан суварга буюу МАК-тай холбоотой концессийг байгуулах зөвшөөрлийг өөрсдөө өгсөн байна.

Мөн концессийн гэрээнүүдийг бүгдийг нь цэвэр америк доллараар хийхээр тусгасан.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Төв банкны тухай хуулиар бүх гэрээ монгол төгрөгөөр хийгдэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл бүх эрсдлээ хамгаалж, америк доллараар гэрээ хийхээр болж.

Энэ бүх концессийн гэрээгээр 2020 онд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр хулгай хийх гэж байна. Тэгэхээр энэ байж боломгүй зүйл.

2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 16-р тогтоол гарсны дараа МАК-аас бусад гэрээг байгуулсан. Харин МАК-тай уг тогтоол гарахаас өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Тэгэхээр өнөөдөр Засгийн газар Ж.Эрдэнэбат гэдэг хүний Засгийн газар биш МАК гэх хувийн компанийн Засгийн газар байгуулагдсаны баталгаа энэ.

Бид үүнийг зүгээр хараад суухгүй, холбогдох байгууллагуудад хандана. Бид Үндсэн Хуулийн Цэцээс эхлэн асуудалд хандана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлуудад ОД олголоо

Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо. Үүнд, “Бэст вестерн пример Туушин” зочид буудалд /☆☆☆☆☆/ таван од, “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од, “H9” /hotel nine/ зочид буудал /☆☆☆/ гурван од, “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов. Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм.

Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн олгодог байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт санал хүргүүллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичигтэй танилцаж, дараах санал хүргүүлэв.

Санал хүргүүлэх тухай албан бичигт “Танай 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 4805 дугаар албан бичигтэй танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч дараах санал хүргүүлснийг үүгээр уламжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуулийг дээдлэх ёсыг хангах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэрийн зарчмын хүрээнд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг томилох, энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
  • Шинээр Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр болох;
  • Улсын Их Хурлын ээлжит бус сонгуулийг зарлах тухай Ерөнхий сайд саналаа өргөн мэдүүлбэл Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
  • Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байх;
  • Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргасан бол энэ тухай Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх.

Энэхүү санал, төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх зарчмыг хатуу баримтлах нь зүйтэй” хэмээжээ.

Categories
гадаад мэдээ

Зэвсэг барьсан, сансрын өмсгөлтэй харь гаригийн дайчин НАСА-гийн дуранд өртжээ

NASA сансар судлалын агентлагийн эрдэмтэд улаан нүдэн Ангараг гариг дээрээс энэхүү зургийг авчээ. Эрдэмтэд энэ зургаа тайлбарлахдаа гартаа зэвсэг барьсан, сансрын өмсгөлтэй харь гаригийн дайчин гэж тайлбарласан байна.

“Народные новости” хэвлэлд эрдэмтэн Евгений Убийко “Ангараг гариг дээр үнэхээр янз бүрийн байгууламжийн үлдэгдэл, элдэв дүрс байдаг. Тэр ч бүү хэл дэлхий дээр байдаг шиг байгууламжууд байна. Тэгэхээр тэнд ямар нэгэн амьдрал байж болох юм. Тэндэхийн гадарга ч өөрчлөгдсөөр байна шүү дээ” хэмээн ярьжээ.

Энэ зураг сүлжээгээр хурдацтай тарсны дараа интернетийн зарим хэрэглэгч “Зүгээр л фотошоп ашиглан зурсан зураг” гэсэн хүмүүс ч бас байсан юм. Гэсэн ч энэхүү зураг олны анхаарлыг татсаар байна.

Categories
мэдээ спорт

Монголын жудочид “Их дуулга”-д оролцохоор ОХУ-ыг зорино

Жудо бөх зурган илэрцүүдЖудо бөхийн ‘’Их дуулга’’ тэмцээн энэ жил ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулагдах билээ. Тус тэмцээнд оролцохоор манай улсаас Монголын жудо бөхийн Үндэсний шигшээ баг ирэх 20-нд явхаар бэлтгэл хангагдаад байна.

Энэ удаад Хашбаатарын Цагаанбаатар, Чимэд-Ёндонгийн Болдбаатар ахлагчтай эрэгтэй эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцохоор болсон байна.

Багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй:

60 кг-д Ганбатын Болдбаатар /МУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн аварга/

Дашдаваагийн Амартүвшин /МУ-ын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/

66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг/Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт/, Довдонгийн Алтансүх /Азийн аварга, ОУХМ/

73 кг-д Ёндонпэрэнлэйгийн Басхүү /ОУХМ/, Бат-Эрдэний Пүрэвдаваа /ОУХМ/

81 кг-д Батмөнхийн Алтансүх /ОУХМ/, Баянмөнхийн Гаажадамба /ОУХМ/

90 кг-д Дэлгэрийн Цэрэнням /ОУХМ/

+100 кг-д Баттулга Тэмүүлэн /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ/

Эмэгтэй:

48 кг-д Баттамирын Хорлоо /ОУХМ/

Энх-Амгалангийн Уртнасан /ОУХМ/

52 кг-д Адьяасамбуугийн Цолмон /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/, Ганболдын Ганцэцэг /ОУХМ/

57-д Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ/, Батсүхийн Алтанцэцэг /ОУХМ/

63-д Цэнд-Аюушийн Цэрэннадмид /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/, Баярбатын Баасанжаргал /ОУХМ/

70-д Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ/, Баттулгын Хонгорзул /ОУХМ/ нар багтаж байна.

Энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж Манлай баатрын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэнэ

Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Манлай баатрын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ.

Тодруулбал Их аварга Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжавд Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Д.Лхамжав нь өдгөө Дархан хотод нийтийн байранд аж төрж байна. Түүний хэрхэн амьдарч буй бичлэгийг үзээд их аварга Д.Дагвадорж “Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай” хэмээжээ.

Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь 100 жилийн өмнө манжийн дарлалыг эсэргүүцэн босч, Монголыг нэгтгэх их үйлсэд амь бие хайрлалгүй зүтгэж явсан эх оронч билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-нд дугуйн парад болно

Энэ сарын 20-ны өдрийн 14:00 цагт Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр “Дугуйн парад” зохион байгуулахаар болжээ. Тус парадын зорилго нь Улаанбаатар хотод унадаг дугуйн зам бий болгоход орших аж.

Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгүүдийг бүтээж байсан болэнэ жил “НЭМЬЕ” гэсэн уриа үг бүтээх юм байна. Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй аж. Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчин оролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Өмнөх парламент Эрүү, Зөрчлийн хуулийг процессын хуулиудтай нь хамт баталж өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч эцсийн найруулгыг нь сонсч эцэслэн батлаагүй, эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэгжүүлэх боломжгүй гэдэг шалтгаанаар сонгуулийн дараа УИХ хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Гэхдээ эрх баригчид өмнөх парламентын үед батлагдсан эдгээр хуульд өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхээр Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийхээ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ Эрүүгийн хуулийг баталсан бол дөнгөж сая Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Хуурайшилт ихэссэнээс нэн аюултай зэрэглэлд хүрчээ

Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан. Уг албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа билээ.

Мөн ОБЕГ-аас “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тэгвэл 2017 он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 53 удаа, нийт 59 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38802,5 гай ой, 26842,5 га хээр, нийт 65645 га талбай түймэрт өртсөн байна.

Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн тоо таван тохиолдлоор буурсан, түймэрт өртөж шатсан га талбай эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Дээрх 59 удаагийн гал түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1048 албан хаагч, 111 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 10 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 2182 иргэн, 261 автомашин, 31 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.

Түүнчлэн 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 градус давж халсны улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгуудаар хуурайшилт ихэсч, аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрээд байна.

Иймд: Хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.

Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

  • Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:

Иргэнийг 1000-50.000 төгрөгөөр,

Албан тушаалтныг 30.000-60.000 төгрөгөөр,

Байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

  • Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:

– Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240.000 төгрөг/

– Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож хариуцлага хүлээлгэдэг журамтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.