Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврын загвар гарчээ

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дууссан билээ. ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын ихэнх нь математикийн хичээлийг сонгожээ. Мөн хүйсээр нь авч үзвэл шалгуулагчдын 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Тэдний 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байгаа ажээ. Энэ онд нийт 40388 төгсөгч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид ажээ. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш БҮТ-ийн албан ёсны цахим хуудсаас мэдэх боломжтой ажээ.

ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, 19-нийг дуустал үргэлжлэх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн даалгаврын агуулга ийнхүү гарчээ.

Тухайлбал, математикийн шалгалт 100 минут үргэлжлэх бөгөөд сонгох хэлбэрийн 36 тесттэйгээс бүтээлч хэлбэрийн дөрвөн задгай даалгавар байх юм байна. Мөн тоо тооллын 10 даалгавар нь 25 хувь, алгебрын 18 даалгавар нь 45 хувийн оноотой, геометрийн долоон даалгавар 17.5 хувь, магадлал статистикийн таван даалгавар 12.5 хувь байх аж. Харин монгол хэлний шалгалт нийт 80 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын гурван хэсэгтэй аж. Нэгдүгээр хэсэг нь 70 оноотой ялгах, онцлох чадвар сорьсон 35 даалгавартай байх ажээ. Хоёрдугаар хэсэг нь харгалзуулах чадвар сорьсон 20 оноотой дөрвөн даалгавартай. Гуравдугаар хэсэгт сонсох чадвар сорьсон 10 оноотой таван даалгавартай. Тухайлбал, эх дөрөв, өгүүлбэр, үг, бүтээвэр тус тус зургаан даалгавартай бөгөөд тус бүр 13.6 хувийн оноотой юм байна. Харин уран зохиол гурван даалгавартай, 6.8 хувийн оноотой байна. Монгол бичиг 10 даалгавартай, 22.7 хувьтай байх аж. Харин монгол хэлнйи шалгалтын хоёрдугаар хэсэг нь өгүүлбэр, даалгавар, бүтээвэр, уран зохиол монгол бичиг тус бүр нэг даалгавартай бөгөөд 2.3 хувийн оноотой байх ажээ.

Нийгмийн тухай мэдлэгийн хичээлийн шалгалт нийт 80 минут үргэлжилж нэгдүгээр хэсэгт сонгох хариулттай 80 оноотой 56 даалгавартай. Хоёрдугаар хэсэгт харгалзуулах хариулттай 20 оноотой дөрвөн даалгавартай байх аж. Энэ нь соёл ёс зүй, эдийн засаг, улс төр ардчилал, эрхзүй, олон улсын харилцаа гэсэн сэдвүүдээр тус бүр 16.5-27 оноотой байх нь.

Англи хэл мөн 80 минут үргэлжилж, 40 сонсох хариулттай, 70 оноотой байх бол хоёрдугаар хэсэг нь дөрвөн хэлбэрийн 20 онооны даалгавартай байх юм байна. Гуравдугаар хэсэгт сонсох чадвар шалгасан 20 оноотой зургаан даалгавартай байна. Ингэхдээ хэлзүй, үгийн сан, харилцан яриа, унших сонсох зэрэг тус бүр 2-24 онооны даалгавартай байх ажээ.

Орос хэлний шалгалт 80 минут үргэлжилж сонгох хэлбэрийн 40 оноотой 40 тест байх юм. Хоёрдугаар хэсэгт нь харгалзуулах хэлбэрийн 40 оноотой, дөрвөн даалгавартай, сонсох чадвар шалгасан 20 оноотой зургаан даалгавартай байна. Үүнээс хэлзүй, үгийн сан, харилцан яриа, унших, сонсох зэрэг даалгавар тус бүр нэгээс 14 оноотой байх юм байна.

Газарзүйн шалгалт мөн 80 минут үргэлжилж сонгох хэлбэрийн 50 тесттэй, бүтээлч хэлбэрийн дөрвөн задгай даалгавартай аж. Даалгаврын агуулга нь газарзүйн зураг ба судалгаа долоон оноотой, дэлхий бидний орон гэр 19 оноотой. Дэлхий ба Монголын нийгэм эдийн засаг 16 оноотой, байгаль орчин ба нийгэм 12 оноотой байх юм байна.

Биологийн хичээл нийт 80 минут үргэлжилж нэгдүгээр хэсэгт сонсох хэлбэрийн 50 тесттэй. Хоёрдугаар хэсэг нь хэрэглэх задлан шинжлэх чадварыг шалгасан дөрвөн задгай даалгавартай байх ажээ. Үүнээс амьд бие махбод 18 оноотой, биологийн төрөл зүйл 20 оноотой, амьд бие махбод ба орчин 19 оноотой.

Физикийн хичээл мөн л 80 минут үргэлжилж механик, термодинамик тус бүр есөн оноотой. Хэлбэлзэл долгион найман оноотой. Цахилгаан ба соронзон, гэрэл тус бүр найман оноо, Атом ба цөм таван оноо, орчлон ертөнц гэсэн агуулгатай тест нь гурван оноотой байх нь.

Categories
мэдээ цаг-үе

Хөвгүүд нь Аваргуудын лигт тоглох, охид нь загварын тайзанд алхах мөрөөдөлтэй 4Д ангийнхан

Хүний амьдралын гэгээн сайхан дурсамж бүхэн хүүхэд настай холбоотой байдаг биз ээ. Тэр дундаа эрдэмд шамдан суралцаж явсан нэг ангийнхан нь хэний ч сэтгэлд дотно санагддаг нь гарцаагүй. Өтөл болсон хойноо ч гэсэн ангийн хүүхдүүдээ санан дурсаж сэтгэлээ бүлээцүүлдэг хүн олон. Бие биенийхээ сэтгэлд насан туршийн дурсамж бүтээхээр хамтдаа суралцаж буй хүүхдүүдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урьсан юм. Тэд бол Ататуркийн нэрэмжит нийслэлийн тавдугаар бүрэн дунд сургуулийн 4дангийнхан. Ангийн багш нь Боловсролын тэргүүний ажилтан Ц.Нарантуяа. Тэрээр 2013 онд зургаахан настай хүүхдүүдээ хүлээж авч “А” үсэг заажээ. Тэр үед зургаан настнууд хичээлээ хийх гэж бөөн инээдэм болдог байсан гэнэ. Зарим нь хичээл орж байхад унтах цаг болж байгаа эсэхийг асуудаг, зарим нь хоол нэхэж сандаргаад их л хөгтэй байжээ. Одоо бол сурагчийн амьдралдаа дасчихсан нь мэдээж. Өөрсдөө бие дааж хичээллээд, багшийнхаа үүрэг даалгаврыг биелүүлээд сурчихаж. Өчигдөр сургууль дээр нь очиход Хүн-байгаль хичээл орж байв. Бүгд л дор бүрнээ хичээлдээ мэрийгээд гаднаас хүн орж ирж байгааг анзаарч байгаа ч шинжгүй сууцгаах ажээ. Багш нь “Манай ангийн хүүхдүүд бусдаас илүү хариуцлагатай болсон санагддаг. Багш ангид байх, үгүй тэгтлээ чухал биш. Хичээлийн цаг дээр хийх ёстойгоо л хийнэ. Ер нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна гэж байхгүй дээ” гэж байлаа. Гэхдээ мэдээж хэрэг хүүхдүүд л болсон хойно дүрсгүйтнэ. Ангийн дарга Б.Бишрэл “Манай ангийнхан их завсарлагаанаар ёстой нэг сайн сахилгагүйтэж авна. Яагаад тэгдгийг мэддэггүй ч арван минутад хамаг биеийнхээ чилээг гаргаад сайхан сахилгагүйтээд авдаг” гэлээ. Түүний хэлснээр их завсарлагаанаар нэг мөсөн сайн сахилгагүйтэж ийш тийшээ гүйчихдэг болохоор хичээлийнхээ цаг дээр элдэв зүйлд сатааралгүй анхаарлаа хандуулдаг гэнэ. Тиймээс ч 4Д ангийнхны бахархал бол нэгэн жигд байдал. Сурлага, спорт, урлагаар ер нь л бол нэгэн жигдхэн. Аль нэг хичээл, эсхүл спортын төрлөөр бусдаасаа гоц ялгардаг хүүхдүүд байдаг ч хамт олныхоо амжилтаас татаж чангаах нь үгүй. Эдний анги 49 хүүхэдтэй. Тэднээс О.Алтангадас, Д.Анхбилэг, Б.Бишрэл, Э.Болор-Од, Б.Бархас, Г.Ганбат, Б.Мөнх-Оргил, Н.Улсболд, Д.Хосбаяр, С.Эрдэнэсолонго, Б.Учир нар математикаар бусдыгаа тэргүүлнэ. Нэг ёсондоо тооны хичээлд толгой цохидог хүүхдүүд. Тэгвэл Г.Анхцэцэг, М.Агиймаа, М.Ану-Үржин, У.Жаргалмаа, Д.Мөнгөнсарнай, Д.Мишээл, Б.Номиндэлгэр, М.Шинэбилэг, М.Шинэгэрэл нар монгол хэлний мундагчуул. Тэд хэл, уран зохиолынхоо хичээлд бусдаасаа арай илүү шамддаг гэсэн. Магадгүй тэдэн дундаас ирээдүйн алдартай сэтгүүлч, зохиолч, хэл шинжлэлийн эрдэмтэд төрөн гарах биз. Харин спортоор анги хамт олноо манлайлдаг нь Б.Сүхбат, Л.Тэргэл, Б.Тэмүүлэн, М.Тэмүүлэн, Г.Чинхүслэн, Б.Энэрэлт-Од, У.Эрдэнэбадрах, Э.Эрдэнэ-Очир, Б.Батмандах, Н.Жамц, Д.Нандинцэцэг нар. Тэд ихэнх нь хөлбөмбөг, сагсан бөмбөгт сонирхолтой. Аливаа уралдаан тэмцээнд ангийнхнаа манлайлан оролцож бусдынхаа итгэл найдварыг тээнэ. Өнгөрсөн намар болсон сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцож паралель анги болон тавдугаар ангийн хөвгүүдийг ядах юмгүй хожжээ. Харин хэсгийн аваргын төлөө өөрсдөөсөө хоёр насаар ах буюу зургадугаар ангийнхантай ана мана үзэлцээд хожигдсон гэсэн. Урлагаар гэвэл А.Ананда, Ө.Мишээл, Б.Маралмаа, Э.Номин-Эрдэнэ, Г.Нандин-Эрдэнэ, Б.Номингоо, Г.Оюу-номин, О.Төгөлдөр, Б.Хүслэн, Б.Ялгуун, Г.Мөнхжин нар тэргүүлдэг юм байна. Эд дуулж, бүжиглээд урлагийн үзлэгт санаа зовох зүйлгүй болгочихдог гэсэн. Бас О.Өнөболд морин хуурдаад Н.Санчир ерөөл хэлчихнэ. Тэдэнтэй зэрэгцээд У.Цэнгэлмаа, Т.Оюунгэрэл хоёр уран нугарчихдаг гээд бодохоор урлагийн бүхий л номер гарах боломжтой харагдаж байгаа юм. Эдний сургууль Хүүхдийн урлан бүтээх төвтэй ойрхон болохоор янз бүрийн дугуйланд явдаг хүүхэд олонтой. Н.Анужин, Х.Мөнгөнбагана, Э.Болор-Од гурав жигтэйхэн гоё зурдаг бол О.Маргад зохион бүтээх авьяастай. Бие даан тэмцээн уралдаанд оролцсон түүх гэвэл зөндөө. Ангийн дарга Б.Бишрэл л гэхэд өчигдөр биднийг очиход алтан медаль зүүчихсэн сууж байна. Тэрээр Монголын оюун ухааны академиас зохион байгуулсан “Түргэн бодолтын IV тэмцээн”-д оролцоод түрүүлжээ. Мөн Б.Учирын гаргасан амжилтуудыг бичээд барахааргүй юм билээ. Ангийнхан нь түүнийг “Манай ангийн гавал” гэж байна лээ. Бүх л төрлийн хичээлдээ онц сурч сургууль, дүүрэг, нийслэл, улсын олимпиадаас медальтай ирдэг гэсэн. Мөн Э.Болор-Од байна. Тоо, монгол хэлнийхээ хичээлээр ангийнхнаа тэргүүлдэг. Энэ жил дүүргийнхээ математикийн олимпиадад оролцоод IV байр эзэлсэн байна. Б.Ялгууны тухайд Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд явж олон амжилт гаргаж байгаа юм билээ. Бүр өөрийн гэсэн хамтлагтай болчихоод уран бүтээлээ эхлүүлсэн гэнэ. Ийм л төрөл бүрийн авьяастай хүүхдүүд нэг ангид суралцаж байна. Ангиараа тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаж байсан түүх ч олон. Өчигдөр л гэхэд сургуулийнхаа дуу хөгжмийн тэмцээнээс зохион байгуулсан бишгүүр хөгжмийн тэмцээнд оролцоод дүнгээ хүлээж байна гээд догдолчихсон байна лээ. Тэд энэ удаагийн тэмцээнд “Зун цаг”, “Хөгжилтэй хоёр галуу” дуунуудыг бишгүүр хөгжмөөр тоглосон тухайгаа сонирхуулаад хөгжимдөж үзүүлэв. Завсраар нь дуугаа бас дуулах юм.

Эдний ангийнхан 9-10 насны хүүхдүүд. Тиймээс тоглоом наадмаас ангид байна гэж үгүй. Хөвгүүд нь бөөнөөрөө нийлж аваад хөлбөмбөг тоглоно. Тавдугаар сургууль бусад сургуульд тэр бүр байдаггүй хөлбөмбөгийн маш гоё талбайтай болохоор сурагч хөвгүүд энэ спортод илүүтэй дурлана. Хөвгүүд хичээлээ тарахаар ёс юм шиг талбайд гарч 30 минут тоглочихоод харьдаг ажээ. Бүр ангиасаа баг гаргачихаж. Заримдаа ангиараа хоёр хуваагдаж байгаад тоглочихно. Эсхүл өөр ангийнхантай өрсөлдөнө. Хожих бүртээ өөрсдөөрөө бахархаж урамшдаг болжээ. Одоо бол хөвгүүд ирээдүйгээ Аваргуудын лигт оролцож байгаагаар төсөөлдөг гэсэн. Бүгдээрээ биш юмаа гэхэд ганц нэг хүүхэд дэлхийн лигийн тэмцээнд оролцоод тоглож байх магадлал өндөр гэж ярина лээ. Харин охид чөлөөт цагаараа хайч, чулуу, даавуу гэж тоглоно. Бас хичээлээ тарахаар сургуулийнхаа гадна талбайд чертадаж тоглож байгаад гэр гэр рүүгээ явдаг гэж байлаа.

Дөрвийн “Д” ангийнхны ирээдүйн мөрөөдлийн талаар хэсэг ярилцав. Хөвгүүд бол алдартай хөлбөмбөгчин болох тухай ярьж байв. Бас барилгын инженер, цагдаа, компанийн захирал болно гэж байлаа. Гэтэл нэг нь дундуур орж ирээд “Улстөрч болох хоёр, гурван хүүхэд байгаа. Гэхдээ нэрийг нь хэлээд яахав” гэдэг юм даа. Хэвлүүхэн ярьж байгааг нь сонсоод инээдээ барьж дийлэхгүй шахам болов. Яагаад нэрийг нь хэлэхгүй гэж хэмээн асуухад ичсэн бололтой цаашаа гүйгээд явчихна лээ. Харин охидын тухайд бага насны ихэнх охидын мөрөөддөг шиг загвар өмсөгч болохыг хүсдэг ажээ. Загвар өмсөгч болоод урт тайзан дээр гоё хувцастай алхана гэж ичингүйрэн ярьж байв. Мөн багш, эмч, зураач, жүжигчин, дуучин, эстрадын од болох мөрөөдөлтэй хүүхдүүд ч байсан. Ирээдүйн мөрөөдлөө бодит болгохоор эрдэмд хамтдаа шамдаж буй 4Д ангийнхны амжилтын түүхээс хуваалцахад ийм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжингээс ямар “бараа дарж” ирнэ гэж бид хүлээх ёстой вэ

“Өдрийн сонин”-ы 2017.05.12-ны Баасан гаригийн №107 (5674) дугаараас авч нийтлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдрөөс эхлэн 15-ныг хүртэл анх удаа БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Бээжин хотноо болох “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм. Айлчлалынхаа үеэр Хятадын дарга Си Жиньпинд бараалхана. Мөн тус улсын Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийх тухай айлчлалын албан ёсны хөтөлбөрт дурджээ.

Өнгөрсөн өвөл Монголд зочилсон Далай ламын айлчлалаас болж урд хөрштэй харилцаа хүйтэрсэн үед Ерөнхий сайд айлчилж байгаа нь онцлох асуудал мөн. Урд хөршийн удирдагчид Монголын Ерөнхий сайдад хэрхэн хандах бол гэдгийг гадны хөрөнгө оруулагчид, олон улсын судлаачид анзаарч байгаа нь тодорхой. Хамгийн ойрын хөрш Монголдоо хятадууд юу өгөхнөв, ямар боломж олгохнов гэж дэлхий харж байгаа гэдгийг хэлэх байна. Дэлхийн хэмжээний эрдэс баялгийн нөөцтэй Монголын их хээр тал, говь манхныг, дэргэд нь байгаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг, зах зээлийг дэлхийн улс орнууд үргэлж харж анзаарч байлгүй яах юм бэ. Тэр дундаа Ерөнхий сайдынх нь айлчлалыг. Монголдоо царай өгөөгүй байж бидэнд юм өгөх үү гэсэн утгатай нийтлэлүүд барууны хэвлэлүүдэд гарч байсан юм шүү дээ.

Монголын Ерөнхий сайдын айлчлах цаг хугацаа өнөөдөр яг мөн. Дэлхийн бүх улс Хятадад бараагаа зарах гээд уралдаж байна. Орос хаа байсан Кузбассын нүүрсийг төмөр замаараа тээвэрлээд Хятадад өгч эхэллээ. Орос Хятадын хил дээр нарийн төмөр зам тавьчихсан нүүрс нь чанарын өндөр түвшинд, үнэ нь хямд байна. Дээр нь Далай ламын айлчлалын түвэг бэрхшээл хэвээрээ байна. Ийм хүнд цаг үед Ж.Эрдэнэбат элгээ тэврээд эх орондоо суугаад байж болохгүй. Очъё, оролцъё, уулзъя, ойлголцъё, болохоосоо болохгүйг нь хүртэл явъя гэсэн бодол нөхөрт байх шиг байна. Энэ бол их сайн чанар. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайдыг УИХ-ын дарга М.Энхболдын aйлчлалын хүрээнд яригдсан хоёр хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 4.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээлийн асуудлыг шийдэхээр явж байна гэж бодохгүй байгаа. Айлчлалын гол бодлого, зорилго энэ биш байх. Тэрбээр урд хөршид байх 48 цагийн хугацаандаа Монголоос зарагддаг уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөрхөн үнээр зарах, том төслүүдээ хөдөлгөх тухай л ярилцах болов уу. Ер нь бол Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол хамрагдах нь тодорхой. Монгол Улс бүх нөхцөлийг нь хүлээн авсан болохоор эргэлзэх хэрэггүй юм. Тэгэхээр 5.5 тэрбум доллар Монголд орж ирнэ гэсэн үг. Энэ мөнгө бол манайд хангалттай. Хангалттай өр зээл гэж ч болно. Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум доллараар Монголын эдийн засгийг боломжийн хөдөлгөсөн. 5.5 тэрбум доллараар хэд дахин илүү хөдөлгөнө биз дээ. Ийм байхад Хятадаас 4.2 тэрбум долларын зээл нэмж авахгүй л дээ. Тэнэг л хүмүүс төрийн толгойд суучихаагүй бол. Тийм болохоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ямар “бараа дарж” ирэх нь их сонин байгаа юм. Эхний удаад тэрээр нүүрсээ, төмрийн хүдрээ урд хөршийн зах зээлд боломжийн үнээр зарах асуудлыг шийдэх байх. Удаад нь урд хөрш рүү цахилгаан экспортлох алхмыг хийх байх. Яагаад гэвэл хятадууд нүүрснээс илүүтэй эрчим хүч дээр илүү эрх ашгийн сонирхолтой байгаа нь сүүлийн үед их мэдрэгдэх болсон. Үндсэндээ бол энэ бүх асуудал 2010 оноос хойш гацалтын байдалд орсон шүү дээ. М.Энхсайханы сүүлд барьж, хэрэгжүүлэх гэж оролдож байсан эрдэс баялаг, эрчим хүч дээр барьж байсан бодлого тун сайн санагддаг. Үүнийг л Ж.Эрдэнэбатын Засгийн газар улам сайжруулаад явбал бэлэн загвар юм.

Энэ бүгд дээр нэмж Монголын эрх ашигт нийцсэн нэг том асуудал байгаа нь БНХАУ-ын Засгийн газрын “Нэг бүс нэг зам” санаачилга юм. “Нэг бүс нэг зам” нь авто зам, төмөр зам болон далайн тээврийн чиглэлд хөрөнгө оруулснаар Ази-Европ тивийг худалдааны дэд бүтцээр холбох үндсэн үзэл санаа, зорилготой юм. Нөгөө талаас “Нэг бүс-Нэг зам”-ыг дэлхийн эрх мэдлийн хүчийг өөрчилж, шинэ стандарт журамлалтыг авчрах гэсэн Бээжингийн оролдлого гэж үзэх судлаачид ч бий. Уг санаачилга Хятадын компаниудыг гадаад зах зээл дээр улам хүчирхэгжих, Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг улам өргөтгөх зорилготой гэж үзэж байгаа. Ямар нь ч байсан монголчуудад хамаагүй. Бид тэдний бодлогод өчүүхэн ч нөлөө үзүүлж чадахгүйгээс хойш. Зүгээр л энэхүү “Бүс ба зам” гэсэн аварга төсөлд ямар сэжмээр холбогдож, ямар ашиг авах вэ гэдэг л чухал. Ийм цаг үед бид мөрөөрөө, ухаалаг байх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний амьдралд Далай лам чухал уу, долоон тэрбум доллар чухал уу гэдгийг эрүүл саруул оюун ухаанаар харах ёстой.

Хятадын Засгийн газраас гаргасан төсөл хэрэгжүүлэх маршрутыг харвал энэ их бүтээн байгуулалт Монгол Улсыг тойрон өрнөхөөр ч байгаа юм шиг. Гэсэн ч Монгол-Орос-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгохоор ярьж байгаа нь энэхүү том төсөлтэй холбогдох шижим гэж болно. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах яриа хэлэлцээ сүүлийн хоёр жил буюу 2014, 2015 онд зохиогдсон Монгол-Орос-Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын болон хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яригддаг гол сэдвийн нэг болоод байгаа.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах нь мөнхийн хөрш манай гурвын аль алины эрх ашигт нийцэж буйг л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярих ёстой. Том харж, том ярьж, харилцан ашигтайг нь хувь, хувьсгалын яриа хөөрөөгөөр ойлгуулж байж л бид энэхүү эдийн засгийн коридорт орно. Ерөнхий сайд маань ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хувьд харьцангуй буурай хөгжилтэй, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай, зах хязгаар бүс нутгууд маань энэхүү эдийн засгийн коридорт хамрагдах юм байна гэдгийг эхнээс нь ач холбогдол өгч, цаг алдалгүй ярилцаж баймаар байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын хувьд Өмнөд Монголыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж буйгаа албан ёсоор мэдэгдчихсэн байгаа. ОХУ-ын хувьд дэлхийн байгалийн баялгийн 25 хувийг агуулж байдаг Сибир нь хөгжлийн хамгийн буурай хязгаар байсаар байгааг бас ярьсаар байгаа. Энэхүү “Бүс ба зам” төсөлд эдийн засгийн зургаан том коридор байгуулахаар байгаагийн нэг нь Хятад-Монгол-Оросыг холбосон төмөр зам, авто замын коридор байгаа юм. Энэхүү коридор дотор бидний төдийлөн анзаарахгүй байгаа, эсвэл анзаарахыг хүсэхгүй байгаа нэг боломж бий. Тэр нь Лондон-Хятадыг холбосон төмөр замын транзит байна. Манай улсын урд хилийн цаахнуур явчихаж байгаа. Энэхүү Европтой Хятадыг холбосон төмөр зам нь Замын-Үүдээс ердөө 400 км-ийн зайд байгаа (ерөнхий зургийг харна уу). Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэхүү 400-хан км-т байгаа Бээжин-Лондонгийн төмөр замтай холбогдох асуудлыг анхаарлынхаа төвд аваасай. “Өдрийн сонин” энэ асуудлаар урьд нь бичиж байсан. Цаашид ч бичих болно. Биднээс хол сонсогдох Европ тив рүү Замын-Үүдийнхээ вокзал дээрээс суугаад 400 км яваад л Лондон хүрэх олон улсын төмөр замын сүлжээнд орчихно гэсэн үг. Бид нэг их том төсөл, том мөнгө ярьж сүржигнэлгүй ердөө 400-хан км-ийн дэд бүтцийн асуудлыг шийдээд л эдийн засгийн ийм том интеграцид нэгдлээ гэсэн үг. Ингэж чадах юм бол Монгол их олон улс оронтой айлсан буулаа гэсэн үг. Хятадаас гадна 50 улс уг “Бүс болон зам”-д багтаж байгаа юм. Азид гэхэд Филиппин, Вьетнам, Камбож, Тайланд, Малайз, Сингапур, Бруней, Индонези, Мьянмар, Непал, Бангладеш, Энэтхэг, Пакистан, Шри-Ланк, Монгол, Молдав, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Иран, Кувейт, Бахрейн, АНЭУ, Катар, Саудын Араб, Израйль, Хонгконг, Тайвань багтах бол Европын цөөнгүй орнууд орж байгаа. Африкаас гэхэд л Кени, Судан, Египет… гээд нэлээн улс орнууд энэхүү “Нэг бүс-Нэг зам”-д нэгдэх юм.

Одоо болох “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцож байгаа юм билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр үг хэлэх юм гэсэн. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ярьснаар бол айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна. Төмөр замын коридор байгуулах, урд хойд хил дээр барих төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх талаар шийдвэр гаргах. “Бүс ба зам” санаачилгад албан ёсоор нэгдэх талаар ч багтаж байгаа” гэсэн нь их л зөв сонсогдож байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалаас монголчууд хожих ёстой. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хөрш орныхоо дэмжлэгийг авч, зөв бодлогоор ашиглаж, эдийн засгийн хүндрэлээ даван туулах нь чухал байгаа учраас нэн тэргүүнд Хятадтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ч гацаанд орсон томоохон төслүүдээ хөдөлгөж, Таван толгойгоо эргэлтэд оруулан, ажлын байраа нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээнэ л гэж харж байна. Эдийн засаг сэргэнэ гэдэг бол угтаа өрхийн эдийн засаг сэргэхийг л хэлнэ. Тийм болохоор захын нэг наймаачин хүртэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжингээс ямар “бараа дарж” ирэх бол хэмээн ярьж, харж, хүлээж сууна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“МОНГОЛЧУУДЫГ ШУЛЖ, ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭСЭН “КОREAN AIR”-ИЙН МОНОПОЛЬ АЖИЛЛАГАА” эрэн сурвалжилсан нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой хийсэн “Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой” ярилцлага нийтлэгдлээ.

Өдрийн сонины Улс төрийн албаны дарга Э.Энэрэлийн “Бид юуг хийж болохгүй вэ?” нийтлэл баасан гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэрээр “Хүн гэдэг амьтны хийж болох хийгээд хийж болохгүй зүйлс хязгаартай. Үүнийг хүний нийгэм өөр, өөрийн хэмжүүрээ тавьж зохицуулаад явчихдаг. Гэхдээ ерөнхий хэм хэмжээнээс өөр аль нам, аль засаглалын үед болно, болохгүй гэсэн хэм хэмжээс бас байна аа, ялангуяа Монголд” хэмээн нийтлэлээ эхлүүлжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Монголчуудыг шулж, жуулчдыг үргээсэн “Коrean Air”-ийн монополь ажиллагаа” эрэн сурвалжилсан нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд “…Улс хооронд нислэг үйлдэж байгаа нислэгийн компаниуд нэг удаагийн нислэгээр арваас дээш хувийн ашиг олдоггүй гэнэ. Гэтэл БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Коrean Air” компани Инчён-Улаанбаатар чиглэлд нэг удаа нислэг үйлдэхэд 19-20 хувийн ашиг олж байгааг албаны эх сурвалж онцолж байна…” хэмээн бичжээ.

“Уран бүтээлч”-ийн 12-р нүүрт “Яг түүн шиг шоу”-ны өнгөрсөн долоо хоногийн ялагч болсон Г.Ганхүүтэй хийсэн ажил, амьдралын сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт нийслэлийн аль хэсэгт автомашингүй, зам чөлөөтэй байх вэ

Нийтээр биеийн тамир, спортыг дэмжих үүднээс энэ бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тавдугаар сарын 20-ны өдөр болох “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 08:00-17:00 цагийн хооронд Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамжуудыг автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаана.

Энэ өдөр эдгээр гудамж, замаар зорчдог нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно.

Нийтийн тээвэр хотын төв болон урдуураа Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлийн тээврүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын бус газар барилгын хог асгасан иргэнийг Цагдаагийн байгууллагад шилжүүллээ

Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав. Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болголоо. Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УНЧ 92-91 улсын дугаартай портер машинтай иргэн барилгын хог асгаж байсныг Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов. Мөн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” захын цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн савтай байсныг байгууллагын удирдлагад биечлэн танилцуулж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэнэмэл иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмай хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 16 хорооны орон гэргүй иргэд хамрагдсан бөгөөд эхний ээлжид 65 том хүн, 42 хүүхдийг өдрийн хоолоор дайлж, хувцасаар хангаж, халуун усанд оруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулав.

Өдөрлөгийн зорилго нь зорилтот бүлгийн иргэдийн ихэнх нь бичиг баримтгүйн улмаас эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авч чаддаггүй тул эрүүл мэндийн үзлэгт хамруулж ямарваа нэг өвчний эх үүсвэрийг эрт илрүүлэн эмчлүүлэх мөн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэхэд оршиж байна. Цаашид энэхүү өдөрлөг нь дүүргийн зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулж үргэлжлэн зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сард болно

БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 3-4-ий хооронд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Аялал бүхэн аз жаргалтай” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Цар хүрээний хувьд Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгын аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын аутбаунд компани, авиа компани, олон улсын билет борлуулалтын төв, их дээд сургууль, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид, төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой. Тиймээс ирэх сард Сүхбаатарын талбайд болох уг үзэсгэлэнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид та бүхнийг өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлан, хамтарч ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд хөрөнгө оруулалт хийх хүсэлт тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцлаа.

“Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Төсөл хэрэгжсэнээр өмнө болон зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангана, орон нутагт ажлын байр бий болно зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон байна.

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болголоо. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтөй байхаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлэхэд дэмжлэг болно хэмээн найдаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ хуулиар Залуучуудын хөгжлийг дэмжих санг байгуулах юм. Ингэснээр залуучуудаа цогцоор нь дэмжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Манай улсын хүн амын 40 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг байна.

“Монгол Улсын хүн амын насны хувьд хамгийн тааламжтай үе өнөөдөр ирээд байгаа. Цаашдаа 10-15 жилийн дараа хүн амын насны хувьд хүндрэх талдаа орно” гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр онцолж байлаа.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг баталлаа. Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

Мөн залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгалаа. Үүнд:

  • Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
  • Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
  • Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
  • Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
  • Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/
  • Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
  • Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,
  • Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

Түүнчлэн хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно.