Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулган өчигдөр зохион байгуулагдаж Монгол Улсын хууль эрх зүйн орчин, хүндрэл, алдаа дутагдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Хуульч эрдэмтэд чууллаа. Хууль эрх зүйн орчны талаар эрдэмтэд юу ярьж байна. Та ямар асуудал дэвшүүлэв?
-Хуульч эрдэмтэд хуран цугларч, Монгол төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгохыг ярилцаж, шүүн хэлэлцэж байсан анхны тохиолдол. Би энэ чуулганд “Монголын хуульчдын үүрэг, хариуцлага” гэсэн илтгэлийг тавилаа. Сүүлийн 30 шахам жилийн Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, эрхзүйн нөхцөл байдалд задлан шинжилгээ хийснээ илтгэлдээ тусгасан. Монголыг ширүүн урсгалтай мөрөнд хөвж буй завь гэж үзвэл өндөр эрэгтэй хүрхрээ рүү холбирч унах байдалд хүрсэн байна гэж үзээд байгаа юм. Бидний яриад байсан зах зээл, ардчилал, хүний эрх, эрхзүйт төр, чөлөөт сонгууль энэ бүхэн учир дутагдалтай байна. Барууныхны байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудыг хямд өртөг бүхий түшиц газар болгон хувиргах, шинэ колончлолын бодлогын золиос нь бид болчихож. Дээрээс нь Монгол төрийн бодлогын гол үзэл баримтлал бол мөнгө. Ямар ч аргаар хамаагүй, зальдаж, цөлмөх, байгуулагдсан засаг төр нь ч ард иргэдээ тонон дээрэмдэх хэлбэр рүү орчихож. Хуульчлалаа гадна талаас дэндүү ихээр хуулбарласан. Тийм учраас Монгол орныг хүнд хэцүү байдлаас гаргах шинжлэх ухааны үндэслэлтэй гарц нь Монгол язгуур үндэстэй, Монголын хөрсөнд нутагшсан үзэл санааны бодлогыг бий болгож түүнийг тууштай хэрэгжүүлэх явдал. Ингэснээр эх орноо хөгжил дэвшлийн замд ойрмогхон хугацаанд оруулах гол үндэслэл юм гэсэн дүгнэлтийг хийсэн.
Яагаад гэвэл бидний өвөг дээдэс хууль гэж цаасан дээр хараар бичсэн, үг үсгээр хөөцөлддөг зүйл биш шударга ёс, эр зориг, нигүүлсэнгүй сэтгэл, үнэн, нэр хүнд, үүрэг хариуцлага, жудаг юм байна гэж үздэг байсан. Чингис хаан 800 гаруй жилийн өмнө хуулийн амин сүнсийг ингэж тодорхойлоод үүгээрээ нэгэн үе монголчууд төдийгүй, дэлхий дахиныг засан төвхнүүлж байсан тэр арга ухааныг судалж Монгол төрийн бодлогод оруулах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл бид буцаад буурин дээрээ очно гэж ярьдаг шигээ хийх нь монголчуудын хөгжил, цэцэглэлтийг хангах амин үзэл гэсэн дүгнэлтийг илтгэлдээ шигтгэсэн.
-Яаралтай өөрчлөх ёстой, хүн ардад хамгийн их төвөг учруулж байгаа хуулийг нэрлэж, ярьж байна уу?
-Сүүлийн үед барууны хуулиар өөрийн үндэстнийхээ өв уламжлалыг үгүйсгэж, учир утгагүй хуулан хэрэглэснээс болоод Монголын эрх зүйн тогтолцоо ганхаж суларлаа. Энэ юунаас болсон бэ гэхээр долдугаар сарын 1-ээс дагаж мөрдөх Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх Процессийн тухай хууль бүхэлдээ Монголын эрх зүйн өв уламжлал, нэгэнт тогтсон, хүн бүхэнд мэдээжийн болсон тогтолцоог нураах байдал руу оруулчихлаа. Энэ алдааг түргэн засахгүй бол эрх зүйн хүнд байдалд орно гэсэн асуудлыг нэлээд ярилаа.
-Ямар учраас эрхзүйн тогтолцоог сулруулж байгаа хэрэг вэ?
-Монголын нийгэм, эгэл жирийн иргэд хуулиараа хамгаалалттай байх ёстой. Олон түмэн үүнд гарцаагүй хохирно. Тэр битгий хэл Монголын хуульчид, эрдэмтэд хүртэл энэ хуулийг тайлбарлаж, ойлгох ажлыг явуулж чадахгүй. Яагаад гэвэл шинжлэх ухааны үндэсгүй, өөрийнхөө хөрс сууринаас дэндүү хол болсон.
-Долдугаар сарын 1-ээс өмнө эдгээр хуулийг өөрчлөх ёстой гэж үү?
-Болж өгвөл хэрэгжиж эхлэхээс нь өмнө УИХ-аар оруулж засч сайжруулах ёстой. Гэвч долдугаар сарын 1-ээс хэрэгжээд явах байх. Хэрэгжсэнээр Монголын эрхзүйн тогтолцоо бүхэлдээ учир нь олдохгүй байдал руу орно. Хэсэг хугацааны дараа УИХ үүнийгээ засч сайжруулах байх гэж эрдэмтний хувьд дүгнэж байгаа.
-Дараагийн анхаарал татаж байгаа нэг асуудал нь Үндсэн хуулийг өөрчлөх эсэх санал асуулга явна. Энэ талаар хуульчид юу хэлж байна. Та ямар байр суурьтай байгаа юм?
-Ихэнх эрдэмтэд “Яаравчлах шаардлагагүй” гэсэн байр суурьтай байх шиг. Эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх шинжлэх ухааны баттай үндэслэл байгаа гэдгээ тогтоох, шинжлэн судлах шаардлагатай гэж үзэж байна.
-Санал асуулгын дүн ямар гарахаас эцэг хуульд гарах хүрэх эсэхээ шийдэх байх?
-Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт Монголын төрийг дампуу байдалд оруулж, үндсэндээ самарсан. Эрдэмтэд, судлаачид “болохгүй” гэж үзээд Цэцээр оруулж хүчингүй болгуулсан ч дохио санамжийг аваагүй. Явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Үүнээс гарах гарц хайхдаа бас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим заалтыг харсан. Таван яамны нэрийг заавал Үндсэн хуульд нэрлэнэ гэх мэтээр байна. Үндсэн хуулиар ингэж оролдож болохгүй. Тэртээ тэргүй бичих гээд, нэрлэх гээд байгаа таван яамыг ямар ч засаг гарсан үгүй хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэр тавын нэг нь байхгүй бол төр байхгүй гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумих юм яригдаж байгаа?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэгийн шинжтэй, Монголын ард түмэнд онц үүрэг гүйцэтгэхгүй гэж үзээд байна. Би үүнийг буруу гэж үздэг. Яагаад гэвэл Монголын ард түмний хөгжихийн үндсийн үндэс нь эв нэгдэл. Асар их талцаж, хагаралдлаа. Олон нам гарлаа. Түүнийг дагасан ахмад, залуу, эмэгтэйчүүдийн байгууллага бий боллоо. Түүхэнд Монгол Улс Цагаан хэрэмээс Байгаль нуур, Хянганы нурууны хооронд ихээхэн том газар нутаг дээр байсан. Жишээ нь 1911 онд Монгол орон 150 хошуутай байж. Одоо 330 гаруй сумтай. Ингэж жижиглэснээс болж материаллаг, оюуны бүх хүчээ алдахаас гадна сумын нутгийн зөвлөлтэй болж 330 хуваагдаж байх шиг. Тэгэхээр монголчуудыг эв нэгдэлтэй болгоход Ерөнхийлөгчийн баримтлах бодлого маш чухал. Зөв бодлого боловсруулаад түүнийгээ УИХ, Засгийн газраараа хэлэлцүүлээд монголчуудыг нэгтгэдэг байх хэрэгтэй. Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчдийг томилж байна. Улсын Ерөнхий прокурор түүний орлогчдыг томилдог. Энд шүүгчдийг маш шударга, прокуроруудыг улс орны язгуур эрх ашгийн төлөө зүтгэдэг хүмүүсээр бүрдүүлж, томилоод эхлэхэд энэ бүхэн цэгцэндээ орно. Үүнийг Ерөнхийлөгч л хийж чадна.
-Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь засаглалын эрх мэдлийг булаацалдаж, улам талцал хагарал руу түлхээд байгаа юм биш үү?
-Хэлэлцээд ирэхээр үлдээх ёстой, хумих ёстой эрхүүд нь ялгарна. Ерөнхийлөгч болсон хүний хувийн зан чанараас бүх зүйл хамаараад байгаа харагддаг. Шуналгүй хүн хөрөнгө мөнгө рүү орохгүй. УИХ нь улсын сан хөмрөгийг шударгаар, зөв зарцуулж байна уу гэдэгт нь хяналт тавиад болохгүй бол шалгуулаад явдаг болох ёстой. Мэдээж Ерөнхийлөгчийн эдлэх эрхийг хасч болох ч ард түмний эв нэгдлийг хангах боломжоор бүрэн хангаж өгөх учиртай. Тийм учраас Ерөнхийлөгч гэдэг бол монгол төрийг засан тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг субьект гэдгийг анхаарч Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх ёстой.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яригдаад больсон. Гишүүдийн тоог нэмэх нь зөв гэдгийг судлаачид хэлэх болсон?
-Зарим талаараа зөв. Гэхдээ олон цөөндөө асуудал байгаа юм биш. Эрх баригч намууд, улс төрд гол үүрэг гүйцэтгэгч намуудын удирдлагуудын боловсон хүчнээ шилж сонгодог арга нь мөнгө. Үүнээс болоод сонгуульд зарцуулсан санхүүгийнхээ шархыг нөхөх, аятайхан амьдарчих хөрөнгөө босгох гэж тэнд цуглаад байна. Гэтэл УИХ-ын гишүүн гэдэг нь өөрийн хувийн ашиг сонирхлыг огоороод эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэдэг, ачааны хүндийг үүрдэг хүмүүс байх ёстой.
-Үндсэн хуулийн Цэцэд хяналтын байгууллага бий болгох тухай яриа гарсан. Та судлав уу?
-Одоогийн Үндсэн хуульд Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг механизм нь Цэц. Цэцийн дэргэд дахиж тийм давхардсан тогтолцоо бий болгож огт болохгүй. Яваандаа Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн Шүүх болгон өөрчлөх ганцхан асуудлыг л хөндөх хэрэгтэй.