Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн тунгаагуур эвдэрснээс хотод өмхий үнэр тархах болжээ

цэвэрлэх байгууламж зурган илэрцүүдСүүлийн үед Нийслэлийн гудамжаар бохирын эвгүй үнэр газар авч, өрөө тасалгаанд хүртэл үнэртэх болсон. Энэ үнэрийг сүүлийн үед орж ирээд байгаа хямд бензинээс болж байна уу гэсэн таамаглал ч байсан юм.

Тэгвэл энэ үнэр яг хаанаас гарах болсныг Нийслэлийн Хот тохижилтын ажилтнаас тодруулахад “Цэвэрлэх байгууламжийн тунгаагуур 7 хоногийн өмнө эвдэрсэн.

Засварын ажил хийгдэж байгаа. Маргааш гэхэд засварын ажил дуусч ашиглалтад орно. Ингэснээр үнэр арилах байх” гэлээ.

Харин энэ талаар Ус сувгийн Удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн даргаас тодруулахад “Хотын төвөөр юу үнэртээд байгааг мэдэхгүй байна. Манай байгууллагын орчимд эвгүй үнэр байнга үнэртдэг” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлжид гарсан түймрийг унтраалаа

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн Онгоцтын аманд түймэр тухай гарсан мэдээлэл өчигдрийн 14:50 цагт ирсэн.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г.Баттөгсөөр ахлуулсан 13 албан хаагч, Мярааж, Гоож аялал жуулчны бааз, 6 дугаар хорооны 70 иргэн, 14 автомашинтайгаар шуурхай ажиллаж, түймрийг унтраалаа.

Түймэр 0,8 га орчим газрыг хамарсан байсныг 16:45 цагийн орчим цурванд оруулж оройн 20:05 цагт бүрэн унтрааж Горхи тэрэлжийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өглөө гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжийн дагуу ирэх ням гарагт буюу тавдугаар сарын 21-ний өдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байгаа юм. Бүх нийтийн их,цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах аж. Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэнэ. Мөн энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу хийх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн бүлгийг идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Автомашингүй өдөр амьд хөгжмийн тоглолт болно

Амид хөгжмийн тоглолт зурган илэрцүүд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” маргааш буюу энэ сарын сарын 20-нд болно. Уг өдрийг тохиолдуулан “Play time” наадмын зохион байгуулагчдын зүгээс “Авто машингүй, амьд хөгжимтэй өдөр” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр “Play time 2017” амьд хөгжмийн наадамд оролцох шинэ залуу хамтлагууд уран бүтээлээ толилуулахаас гадна “The Lemons” хамтлаг “Unplugged in UB” цомгийн гарын үсэгтэй худалдаа явагдах юм байна. Мөн “Playtime Festival 2017” наадамд оролцох бусад хамтлагийн цомгийг хямдралтай үнээр худалдах бөгөөд наадмын “EARLY BIRD” буюу гурван өдрийн 50 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.

Өдөрлөг УИД-н зүүн урд байрлах Hi-Fi Records-н урд талбайд болно.

Categories
мэдээ спорт

Хоёр боксчин хүрэл медалийн төлөө тулалдана

ОХУ-ын Хабаровск хотод ЗХУ-ын Баатар К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн (тавдугаар сарын 16-21-нд) болж байна. Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайвангийн удирдлага дор манай улсаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням, эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчён-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, ОУХМ Л.Алтанцэцэг, 60 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар хүч үзсэнээс хоёр тамирчин маань хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.

Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзэх юм. Харин бусад нь тэмцээний эхний өдрөөс рингнээс буусан байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой”-н тайланг танилцуулсны дараа “TURQUOISE HILL”-ийн хувьцааны ханш эрс өсчээ

Монголын зэс, алтны томоохон орд болох “Оюутолгой”-н олборлолт буурч байгаа хэдий ч энэ оны нэгдүгээр улиралд тооцоолж байснаас илүү их орлого олсныг тус ордын төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill” компани энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Мэдэгдэл хийсний дараа мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш эрс өсчээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид тус компанийн нэгж хувьцааны ханш мягмар гарагт 6.2 хувиар өсөн 2.81 доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ванкуверт төвтэй “Turquoise Hill” компанийн мэдэгдсэнээр, 2016 оны сүүлийн улиралтай харьцуулахад энэ оны нэгдүгээр улиралд “Оюутолгой”-н зэс олборлолт 16.3 хувиар, алт олборлолт нь 49 хувиар буурчээ.

“Turquoise Hill” компани 2017 онд “Оюутолгой”-н ил уурхайгаас өнгөрсөн оныхоос бага буюу 130-160 мянган тонн зэсийн баяжмал, 100-140 мянган унц алт олборлох төлөвтэй байна.

Олборлолт нь оргил үедээ хүрэх үед буюу 2025 он гэхэд “Оюутолгой” дэлхийн гурав дахь том зэсийн орд болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэр үед тус ордоос жилд 550 мянган тонн зэс олборлох боломжтой юм.

Хятадын хилээс холгүй орших “Оюутолгой” ордын хувьцааны 66 хувийг “Turquoise Hill” компани эзэмшдэг бол Монголын Засгийн газар үлдсэн хувийг нь эзэмшдэг. “Turquoise Hill”нь Англи-Австралийн уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто”-гийн охин компани билээ гэж МОНЦАМЭ мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Аззаяа тоглолтоо хийнэ

Сүүлийн үед уран бүтээлийн арвин ургацтай байгаа дуучин Б.Аззаяа энэ сарын 27-нд “АСА” циркт анхны бие даасан “Сүүн далай ээж” тоглолтоо хийх гэж байна. Тогтолтод түүний хит болсон “Сүүн далай ээж”, “Амин хоёр эрдэнэ” гэх мэт олон сайхан уран бүтээл нь дуулагдах нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “2016 entertainment” ажиллаж байгаа бөгөөд хамтран дуулсан уран бүтээлчид амьд хөгжмийн хамтлаг бүжигчид гэх мэт нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад дуучны маань 6 дахь клип болох “Амьдрал чамд хайртай” дууны клип тоглолтоос өмнө цацагдах юм байна. Мөн дуучин Б.Аззаяа маань үзэгчидддээ зориулж олон сюрприз бэлдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын баазаас хулгайлсан автомашиныг монгол руу гаргах гэж байжээ

ЗурагӨмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай автомашинуудыг хулгайлж, энгийн иргэдэд худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээд, тэдний дотор нэг америк цэргийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлан саатуулжээ.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Сөүл хотын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, зургаан этгээд өнгөрсөн оны 6-9 дүгээр сард АНУ-ын баазаас тус бүр нь 40-70 сая воны үнэтэй “Humvee” загварын гурван автомашиныг хулгайлсан байна.

Цагдаа нар мэдэгдэхдээ “манай улсад цэргийн зориулалттай тээврийн хэрэгсэл хулгайлж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Сэжигтнүүд эдгээр автомашиныг ашиглалтаас гарсан гэж актлаад баазаас гаргасныг илрүүллээ” гэв.

Гурван автомашины нэгийг нь Өмнөд Солонгосын 54 настай иргэн кино зураг авалтад ашиглах гэж 11 сая воноор худалдан авсан байжээ.

Харин үлдсэн хоёрыг нь Монгол ба Шри-Ланкт худалдахаар хил давуулах гэж байхад нь цагдаа нар сэжигтнүүдийг баривчилсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Лхагвасүрэнгийн Батцэнгэл: Могой хаантан

“Өдрийн сонин”-ы цахим сонинд өнөөдрөөс эхлэн үе үеийн яруу найрагчдын шүлэг, яруу найргийн мөрүүдийг уншигчдадаа улам ойртуулах үүднээс тусгай булан гарган нийтлэх боллоо. Та бүхэн шинэ төрсөн шүлэг, яруу найргаа илгээж байгаарай. Энэ удаад манай сонины яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэлийн “ХОНГОР НУТГАА САНАХУЙ”, МОГОЙ ХААНТАН” шүлгүүдийг хүргэж байна.


Тэрээр 2007 онд төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит шагналаар, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар шагнагдаж байжээ.

Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Лхагвасүрэнгийн Батцэнгэл Баянхонгор аймгийн Заг суманд 1974 онд төрсөн. Заг сумын арван жилийн сургуулийг 1992 онд төгсөж, С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын их сургууль (одоогийн “Их Монгол” дээд сургууль)-д 1994 онд элсэж, 1998 онд утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна. “Бүсгүй цэнхэр салхи” шүлгийн түүврээрээ диплом хамгаалж, шүүмжлэгч багш Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбараас “Сэтгэлийн ариун сүмдээ залбирсан найрагч” хэмээх үнэлэлт авчээ. Л.Батцэнгэл “Эх орон таймс”, “Толь”, “Өнөөдөр”, “Нийслэл таймс” сонинуудад сэтгүүлч сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг хашжээ. Тэрээр яруу найргийн “Бүсгүй цэнхэр салхи”, “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат”, “Зүрх сэтгэлээ нэгжнэм”, “Өр зүрхний хавар”, “Миний элсэн цаг” түүврүүд , сэтгүүлзүйн “Сансраар жигүүрлэсэн өдрүүд”, “Батлан хамгаалах яам-100 жилд” гэрэл зургийн цомог номууд хэвлүүлжээ. Түүний бүтээл орос, англи, япон, солонгос, хятад зэрэг хэлнээ орчуулагдаж, “Монголын уран зохиолын цоморлиг”, “Монголын мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын мөнгөн үеийн хүүрнэл зохиол”, “Монгол найргийн сувдан сондор”, “Цэрэг-эх орны яруу найраг”, “Монголын хүүхдийн уран зохиолын дээжис”, “Монгол-Солонгосын зохиолчдын бүтээлүүд”, “Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан эх орон”, “Монгол салхи”, “Их Богдын шивнээн”, “Аргагүй амраг”, “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” зэрэг антологиудад багтжээ. Л.Батцэнгэл “Хонгор нутгийн чулуу”, “Эх орон танаа”, “Эх орны дуулал”, “Боржигадай мэргэн” зэрэг яруу найргийн наадмуудын тэргүүн дэд байр эзлэн, 2010 оны бар жилийн “Хонгор нутгийн алдартан”-аар тодорсон байна. Тэрээр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болсон Монгол туургатны яруу найргийн “Эзэн хаадын яруу найрагчдын их тулаан” наадмаас мөнгөн медаль, Тайваньд төвтэй “Тогоруут уул” олон улсын яруу найргийн форумын алтан медаль хүртэж, шилдэг бүтээл туурвисны учир 2007 онд төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит шагналаар, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар тус тус шагнуулжээ. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.

ХОНГОР НУТГАА САНАХУЙ

Хааяа хааяахан сэтгэлийн минь мандалд
Харваа од шиг шүлгийн гэгээ жимлэдэг ээ.
Холын голомтны бэр шиг сэтгэл сэмрэн гэгэлзээд
Хонгор нутгаа санагалзан сэмхэн сэмхэн мэлмэрдэг ээ.

Харанхуй живрээ өвлийн намуун шөнөөр
Харзны усанд өнчин ангир гунганах шиг
Хагацахуй бэрх ээнэг тэнгэр мэт нөмрөхүйд
Хайртай ээжийнхээ элгэнд нялхынх шигээ тэврүүлмээр.

Исгэлэндээ цадсан унага эхийгээ тойрон чавхдах шиг
Их ээ алсаас эжий минь зүүдэнд ивлээд мишээдэг ээ.
Ивээн цэлмэх тэнгэрт эгшиг ихэрлэх ангир шиг
Исэргэн цэцгийн сардаа эжийдээ золгохоо мэддэг ээ.

Үе үехэн цээжий минь хөндийд
Үргэсэн адуу шиг шүлгийн туурай нижгэнэдэг ээ.
Холын голомтны хүргэн шиг сэтгэл өмрөн гансрахуйд
Хотын тэнгэр ч давчдан шүлгээр аадарлан уужирдаг аа.

МОГОЙ ХААНТАН

$ шүтээнтнүүдэд

Алмаазан нүдэнд нь хөх гал сүүмэлзэж
Алтан хайрс нь хүн чанаргүй гилтэлзэж
Алдрын титмийг тэргүүн дээрээ асаасан
Аварга могой хаан ордонд заларна.

Хайрлахыг хүссэн хүүхнүүд өмнө этгээдэд нь бөхөлзөж
Хайрст хүйтэн бэлхүүсийг нь тэврэхээр нахилзахад
Цусгүй цэвдэг биеэ мурьс жирс гулилзуулж
Цугийнх нь зүрхээр жинтүү хийж хэвтэв.

Хатан Клеопатраг үхүүлсэн хорноос ч нөлөөтэй
Харь зүгийн хүйтэн ногоон цустанд хорлогдсон
Могойн хөлөгтэй бүсгүйчүүдийн сүнс
Монголдоо төрөхгүйгээр хил давж одно.

Categories
мэдээ цаг-үе

Ангиараа хар тамхи татаж мансуурсан тохиолдол бүртгэгджээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ хэрээс хэтэрчээ. Эцэг, эхийн хараа хяналтаас хэдийнэ гарч, цагдаа нар хар тамхи хэрэглэж мансуурч байгаа охид, хөвгүүдийн нарийвчилсан судалгааг дүүрэг, хороо болгон дээр гаргасан гэнэ. Сурагчид найзуудаараа нийлж сургуулийнхаа ойр хавийн орон сууцны орц, хонгилд, дээвэр дээр гарч мансууруулах төрлийн бодис хэрэглэх болсон байна. Мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь манай орны ихэнх нутгаар ургадаг зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурдаг болжээ. Харин 20 орчим хувь нь ахуйн хэрэглээний газ, цавуу, гутлын тос, шатахуун зэргийг үнэрлэж мансуурч байгаа гэнэ. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь ICE буюу мөс хэрэглэж байгаа баян айлын хүүхдүүд аж. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэж мансуурдаг бүлэглэл бараг ерөнхий боловсролын сургууль бүрт байдаг болсон гэнэ. Тэд бие биенийгээ хар тамхинд уруу татаж байнгын хэрэглэгч болгодог байна. Бидэнд Сүхбаатар дүүргийн VII, VIII хорооны нутаг дэвсгэр угсармал есөн давхар байшингийн орцонд сурагчид мансуурдаг гэх мэдээлэл ирсэн юм. Энэ талаар сурвалжлахаар XI хороололд очлоо. Байрны жижүүрүүдтэй уулзаж өсвөр насны хүүхдүүдийн мансуурлын талаар асууж тодруулав. Тэд “Манай энэ хавийн сургуулийн сурагчид орцонд зогсох их сонирхолтой байдаг. Байнга л орцноос орц руу хөөгдөж явдаг. Ихэвчлэн есөн давхарт гарчихдаг. Хоолой гашуун оргиулсан зүйл татсан хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан. Манай энэ хавиар нэг прокурор эмэгтэй охиноо хайгаад байнга явдаг. Охин нь ангийнхаа хэдэн хүүхэдтэй нийлээд байнга зэрлэг өвс татаж мансуурдаг гэсэн” хэмээн ярьж байв.

Мөн Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан гэнэ. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Дээрх газруудын угсармал байрны оршин суугчид гэрээсээ орж гарахдаа ихэвчлэн цахилгаан шат ашигладаг. Харин шат нь цахилгаан шатны хажууд хаалгаар гардаг. Өөрөөр хэлбэл, тусгаарласан байдалтай байдаг. Мөн гэрэл байхгүй, байнга харанхуй байдаг гэнэ. Үүнийг сурагчид ашиглаж, ангиараа мансуурдаг байна.

Ахуйн хий (газ) үнэрлэн мансуурч байсан хүүхдүүдийн нэг нь нас барсан харамсалтай хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарч байсан. Мөн өвс татаж байгаад мансуурсан ерөнхий боловсролын сургуулийн арав гаруй сурагч цагдаа нарт баригдсан билээ. Мөн Хан-Уул дүүрэгт ч мансуурсан хүүхдүүд баригдаж байсан. Энэ мэт ахуйн хэрэглээний газ, хар тамхины төрлийн ургамал, бодис хэрэглэж мансуурах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бидний үр хойч ирээдүй болсон хүүхдүүдийг цагаан тахал хэмээн нэрлэгддэг хар тамхины бараан сүүдэр хэдийнэ нөмрөн авчээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас авсан мэдээллээр ерөнхий боловсролын сургуулийн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа сурагчдыг гурав хувааж байгаа. Ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурдаг 8-15 насныхан, зэрлэг олсны ургамал татаж байгаа 12-18 насныхан, мөн зах зээлд өндөр үнээр зарагддаг мөс буюу үйлчилгээ өндөртэй хар тамхи хэрэглэж байгаа хүүхдүүд хэмээн ангилж, шалгадаг гэнэ. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх хэлтэст сүүлийн гурван жилийн байдлаар иргэд, байгууллагаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй 199 гомдол, мэдээлэл ирүүлсэн байдаг аж. Тодруулбал, 2015 онд 78, 2016 онд 94, энэ оны нэгдүгээр улиралд 27 гомдол, мэдээлэл хүлээн ирүүлсэн байна.

ҮХЭЛ ДАГУУЛСАН МАНСУУРАЛ БУЮУ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗ

Ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд газ үнэрлэж байгаад 12 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн X хороонд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас барсан хэрэг гарсан. Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж, нэг нь таталт өгөн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан билээ. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтэж байсан. Чингэлтэй дүүргийн X хороонд оршин суух 15 настай Д гэх хүү газ үнэрлэж байгаад хордон, нас барсан юм. Хүүгийн ойр хавийн оршин суугчид түүнийг газ үнэрлэх дуртай байсныг гэрчилж байв. Тэрээр, хамгийн сүүлд “wax” гэсэн бичигтэй газыг их хэмжээгээр хэрэглэсэн нь түүнийг үхэлд хүргэсэн. Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрны подвальд 13-14 насны таван хүүхэд 250 граммын савтай ягаан өнгийн мансууруулах төрлийн бодис үнэртэж байгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан. Налайх дүүргийн II хорооны 52 дугаар байрны нэгдүгээр давхарт 15 настай О нарын дөрвөн эрэгтэй хүүхэд 0.5 литрийн савлагаатай ахуйн хэрэглээний хийг үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. Тэд газ, цавуу, бусад химийн бодис үнэрлэж мансуурсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр долоон хүүхэд газ үнэрлэж, мансуурч байгаад баригдсан хэрэг гарсан. Тэд 62 дугаар дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг байсан юм. Баянгол дүүрэг, III, IV хорооллын эцэст байрладаг “Хангай” зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртөн, түлэгдэж ГССҮТ-д хүргэгдсэн билээ. Энэ мэт ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад амь насаа алдсан, цагдаа нарт баригдсан, СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлдэг хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Ахуйн хэрэглээний газыг ихэвчлэн өсвөр насны хөвгүүд үнэрлэж мансуурдаг байна. Шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг аж. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг хор нөлөөтэй. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог учир амьсгал боогдож, үхэлд хүргэдэг аюултай гэдгийг хүүхдүүд огт мэдэхгүй байгаа юм.

МАНСУУРСАН ХҮҮХДҮҮД ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН НОЦТОЙ ХЭРЭГ

Олны анхаарлыг татаж, нийгэмд томоохон цочроо өгсөн хэрэг бол мансуурагч хүүхдүүд 20 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь шатаасан хэрэг гарч нийгмийг айдаст автуулж байсан. 16 настай У, Г нар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай бүсгүйг хөнөөж, цогцсыг нь шатаасан ноцтой хэрэгт яллагдагчаар татагдан, шүүхээс 16 жилийн ял сонссон юм. Хүүхдүүд цавуу үнэрлэж мансуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахайн сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр гурван шатны шүүхээс 16 жилийн хорих ял ногдуулсан юм. Энэ мэт хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад гэмт хэрэг үйлдсэн, нэгнийгээ зодож хүнд гэмтэл учруулсан 26 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

АНГУУЧДЫН ЗОЛИОС БУЮУ КАННАБИС ТАТАЖ МАНСУУРАХ АХЛАХ АНГИЙНХАН

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид дунд олсны төрлийн каннабис гэх мансууруулах төрлийн ургамал худалдаалдаг, худалдан авч, татаж мансуурдаг сүлжээ бүхий гэмт хэрэг ид “давалгаалж” эхэлжээ. Бүр нэг ангийн хүүхдүүд тэр чигтээ мансууруулах төрлийн өвс татаж, мансуурсан тохиолдол гарсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Мансууруулах төрлийн ургамал түүж, бэлтгэдэг, түүнийг нь борлуулдаг сүлжээ бүхий гэмт хэрэгтнүүд бий болсон. Тэд сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ангуучлах болжээ. Ангуучид эхлээд нэг сурагчид хар тамхи үнэ төлбөргүй өгч татуулдаг. Ингээд байнгын хэрэглэгч болгосныхоо дараа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж хар тамхи хэрэглүүлэх арга зам зааж өгдөг. Эхэлж уруу татагдсан нэг нь “Хар тамхи хэрэглэж үзсэн. Үнэхээр гоё юм байна лээ” гэж бусдадаа ярьдаг. Бусад нь сонирхож, хар тамхи сүлжээ гэмт хэрэгтнүүдээс хямд үнээр худалдаж авч татдаг гэнэ. Ингээд байнгын хэрэглэгчтэй болдог аж. Үүнийхээ дараа үеийнх нь охидод хар тамхи татах далд сурталчилгаа хийдэг” болсон байна гэсэн юм. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр ангуучид хар тамхи, мансууруулах төрлийн үйлчилгээтэй эм бэлдмэлийг хүүхэд залууст эхлээд ус, ундаанд хийж өгдөг байна. Үүний дараа хар тамхинд оруулдаг гэнэ. Энэ мэт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хар тамхинд уруу татдаг бүлэглэлийг цагдаа нар шалгаж эхэлсэн гэнэ. Ангуучдаас гаралтай хар тамхины хэрэглээ ингэж л ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан дунд “давалгаалж” эхэлжээ.

НЭГ АНГИ, БҮР СУРГУУЛИЙН ХЭД ХЭДЭН АНГИЙН СУРАГЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИДЭНД ИРСЭН

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авсан юм.


-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан байна лээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд хар тамхи хэрэглэх нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна. Бид 1999 онд анх хар тамхи хэрэглэж мансуурч байгаа хүүхдүүдийн судалгаа гаргаж байлаа. Тэр үед 45 хүүхэд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байна гэх тоо гарч байсан. Тэгвэл 2001 онд таван байгууллага хамтарч дахин судалгаа хийж байлаа. Хоёр жилийн хугацаанд нийт 52 хүүхэд хар тамхи хэрэглэж байгааг тогтоож байсан. Гэтэл 2016 онд дээрх тоо хэд дахин нэмэгдээд байна. Зөвхөн манай нийгэмлэгээр гэхэд өдөрт 2-5 хүүхэд эцэг, эхийн хамт ирж байна. Бүгд хар тамхи хэрэглэж байнга мансуурдаг болсон хүүхдүүд. Ирж байгаа хүүхдүүдийн хувьд мансууруулах үйлчилгээтэй ургамлаас гадна өндөр үнээр борлогддог хар тамхи татаж үзсэн байдаг.

-Танай нийгэмлэгт хандсан гурван ч хүүхэд ангиараа хар тамхи татаж үзсэн гэх ноцтой мэдээлэл өгсөн гэсэн үү?

-Тийм ээ. Нэг хүүхэд бидэнд хандсан. Бид хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг нь хийж, хэнтэй хаана хар тамхи хэрэглээд байгаа талаар ярилцдаг. Гэтэл тэр хүүхэд “Манай ангийн бүх хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн. Манай найзууд бүгд мансуурдаг” гэж ярьсан. Гэтэл дахиад өөр сургуулийн ахлах ангийн сурагч “Манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ хавтгайрсан. Байнга хар тамхи хэрэглэж байна” гэж ярьсан. Энэ бүгдийг нэртэй, сургуультай нь гаргах гэхээр бөөн асуудал гарч байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд мансууруулах төрлийн бодис хэрэглэх асуудал ямар түвшинд хүрчихсэн байгааг эндээс шууд харж болохоор байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулмаар байна. Энэ талаар сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай байна. Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залууст судалгаа хийж үзсэн. Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон гэв.

ӨНГӨРСӨН ОНД ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 115 ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийг сүүлийн гурван жилээр авч үзэхэд 2015 онд 79 хэрэг 201 гэмт үйлдэлд 169 хүн, 2016 онд 109 хэрэг 250 гэмт үйлдэлд 224 хүн, 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 30 хэрэгт 75 хүн холбогдуулан шалгасан байна. 2016 онд шинээр нийт 378 үйлдэлтэй 313 хүнд холбогдох 139 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр 235 үйлдэлтэй 200 хүнд холбогдох 81 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтайгаар 25 үйлдэлтэй 19 хүнд холбогдох 13 хэргийг прокурорт шилжүүлэн, 41 үйлдэлтэй 41 хүнд холбогдох 21 хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 291 хүнд холбогдох 254 үйлдэлтэй 115 хэргийг шийдвэрлэжээ. Дээрх шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс 138 хүнд холбогдох 74 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс торгох ялаар гурав, баривчлах ялаар 34, нэг жил хорих ялаар 42, 1-3 хүртэл жил хорих ялаар 33, 3-5 жил хүртэл хорих ялаар нэг, 5-8 жил хүртэл хорих ялаар гурав, 10-15 жил хүртэл хорих ялаар 22 хүн шийтгэгдсэн нь өмнөх онтой харьцуулбал 32 хэргээр буюу 76.1 хувиар, ял шийтгүүлэгдчийн тоо 62 хүнээр буюу 81.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

2017 оны эхний гурван сарын байдлаар шинээр 61 үйлдэлтэй 50 хүнд холбогдох 25 хэрэг, урьд оны үлдэгдэл 46 үйлдэлтэй 38 хүнд холбогдох 17 хэрэг гэх мэт нийт 164 үйлдэлтэй 133 хүнд холбогдох 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр 60 үйлдэлтэй 51 хүнд холбогдох 22 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтайгаар долоон үйлдэлтэй долоон хүнд холбогдох гурван хэргийг прокурорт шилжүүлж, 16 үйлдэлтэй 14 хүнд холбогдох долоон хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 79 үйлдэлтэй 68 хүнд холбогдох 32 хэргийг шийдвэрлэсэн байна. Дээрх шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс 21 хүнд холбогдох 10 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс баривчлах ялаар хоёр, нэг жил хорих ялаар ес, 1-3 хүртэл жил хорих ялаар хоёр, 3-5 жил хүртэл хорих ялаар хоёр, 5-8 жил хүртэл хорих ялаар тав, 10-15 жил хүртэл хорих ялаар нэг хүнийг шийтгэжээ.

70 гаруй мянган залуус хар тамхи хэрэглэж байна гэх судалгааг Цагдаа, төрийн бус байгууллага, Мансуурлын эсрэг үндэсний төвөөс гаргасан байдаг. Монголын олон мянган залуус хар тамхинд мансуурч, үхэл рүү “тэмүүлэх” болсон нь урлаг соёлын одууд хар тамхи хэрэглэх болсонтой нэг талаар холбоотой. Хар тамхи хэрэглэж байгаа дуучдыг нийгэм даяар үзэн ядаж, хэн ч биш болгохын оронд үндэсний баатар мэт өргөмжилдөг байдал манайд бий. Жишээ нь, зарим дууучин бараг ийм үйлдлээрээ олонд танил болж байх жишээтэй. Мөн хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг дуучид ял завшаад өнгөрсөн тохиолдол хэд хэд бий. Үүнээс үүдэн хүүхэд залуучуудын дунд хар тамхи хэрэглэх гоё юм байна. Хэрэглээд баригдлаа гэхэд тэр дуучин шиг ялгүй өнгөрөх юм байна. Хар тамхи хэрэглэсэн ч гэсэн дуугаа дуулаад, тоглолт хийгээд, телевизийн нэвтрүүлэгт ороод яваад байж болох юм байна гэсэн ойлголтыг төрүүлдэг байхыг үгүйсгэх аргагүй.

Хар тамхи байнга хэрэглэж байгаа хүнд амьдрал гэж байхгүй. Зөвхөн үхэл хүлээж байдаг гэдгийг хэн ч ярихгүй байсаар өдий хүрч байгаа билээ. Төр засаг хар тамхи хэрэглэж, мансуурдаг, худалдан борлуулж, залуусыг уруу татаж байгаа дуучдад хатуу хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл, сэргээш хэрэглэсэн тамирчинг хэдэн жилээр тэмцээн уралдаанд орохыг нь хориглодог шиг жинхэнэ мансуурагч, хар тамхинд донтогчдыг хатуу чанга шийтгэдэг болох хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан, бусдыг уруу татсан дуучид, урлагийнхныг дахин тайзан дээр гаргахгүй, олон нийтэд зориулсан уран бүтээл хийх эрхийг нь хэдэн жилээр хасдаг болох хэрэгтэй. Мөн хар тамхи хэрэглээд баригдаж байсан урлаг соёлын төлөөллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ярилцлага авч сурталчлахгүй байх хэрэгтэй. Хэрэв тэднийг оруулбал тухайн телевизийг торгож, хар тамхи мансууруулах бодисны хэрэглээний эсрэг үйл ажиллагаанд торгуулийн мөнгийг нь зарцуулдаг болмоор байгаа юм. Ийм аргаар залуус, олон нийтэд тэднийг хар тамхи хэрэглээд хэн ч биш болж байгааг харуулах төрийн хатуу бодлого манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй байна.