Categories
мэдээ нийгэм

Үнс, цемент холин “Мен гао” нэртэй хуурамч цемент “үйлдвэрлэж”байжээ

 “Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав

НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, “Мен гао” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулсан билээ. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна. Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “БНХАУ-аас импортоор оруулж ирдэг “Мен гао” үйлдвэрийн цементийг Монгол Улсад 2016 оны долоодугаар сараас хойш оруулж ирэхээ больсон. Гэтэл уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсан зөрчил илэрсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ”Би Эй Ди Эм Жи” ХХК-ийн хашаанд 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент авчран хооронд нь хольж “Мен гао” нэрийн уутанд хийж борлуулж байсан зөрчлийг илрүүллээ.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Даваасүрэнгийн хашаанд үнстэй хольсон цементийг савлаж байсныг илрүүлж тогтоосон. Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан бүтээн байгуулалтад цемент маш ихээр ашиглагддаг. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд “Мен гао” уутанд савлагдсан цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эмч , багш нарын цалингийн зээлийн хүү буурлаа

Эмч, багш нар цалингийн зээлийн хүү буурсан талаар өнөөдөр ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Манай улсад 91 мянган эмч, багш ажилладаг гэх статистик мэдээлэл бий. Ийнхүү нийгмийн үйлчлэгч хэмээгддэг эмч, багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй болгон бууруулж, хураамжийн шимтгэлгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэйгээр авдаг. Мөн арилжааны банкны зээлийн нөхцөлийн дагуу цалингийн зээл анх авах, зээлийн нөхцөл өөрчлөх болон гэрээ сунгах үед зээлийн дүнгийн нэг хувийн ШИМТГЭЛ төлдөг юм. Тэгвэл тус ажлыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 18 хувь болгон бууруулж, шимтгэл болон өргөдлийн хураамжийг тэглэнэ. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтанд санхүүгийн бодит дэмжлэг болох юм. Түүнчлэн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавих бөгөөд цалингийн зээлийн дүн нь зээлдэгчийн зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрвээ зургаан сарын цалингаас өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэр, нөхцлийн дагуу хуучин олгож байсан журмаараа зээл олгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин импорлогчид УИХ-аас даргаас хуулиа эргэн харахыг хүсэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмсэн. Тэгвэл энэхүү нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ нь авто машин худалдаачдыг хохироож байна гэж иргэд худалдаачид ‘’Иргэнээ сонсох 1111 төв’’-д ханджээ.

‘’Иргэнээ сонсох 1111’’ төвөөс өнөөдөр Автомашины онцгой албан татвар нэмсэнтэй холбогдуулан сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус төвийн тэргүүн М. Хүдэрбаатар хэлэхдээ ‘’Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ- аас баталсан татварын нэмэгдэл авто машин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт болсон. Энэ тавдугаар сард авто машины импортын татварыг нэмэгдүүлэх хууль нь эдгээр олон гэр бүлийг орлогоггүй, ирээдүйгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон. Энэхүү шийдвэр гарснаас хойш гааль дээр олон 400-500 гаруй машин гацаж иргэдийг хохироож байна. Иймд бид энэ хуулиа дахин харна уу хэмээн УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байна. Тавдугаар сарын 22-ны өдрийн дотор тодорхой хариуг өгөхийг хүсч байна” хэмээсэн юм. Мөн Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.

Б.УЯНГА

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын кино урлагийн “Cinema Awards” ёслолын ажиллагаа өнөөдөр болно

Cinema Awards зурган илэрцүүд

Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Корпорейт Конвеншн Центрт болох гэж байна. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөхөөр болжээ.

Кино наадамд 2016 онд бүтээгдсэн 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулж тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар 12 кино шилдэг уран бүтээлд шалгарч үлдээд байгаа аж. Тодруулбал “Өртөө”, “Бүү март”, “Ээж” УСК, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, “Үргээлэг-2”, “Шүүдэр дундуур”, “Аз жаргал”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Өвлийн тууж”, “6 дахь хүсэл” зэрэг кино багтжээ.

Мөн:

  • Шилдэг эрэгтэй туслах дүр,
  • Шилдэг нүүр будалт,
  • Шилдэг дууны найруулагч,
  • Шилдэг зохиол,
  • Шилдэг эмэгтэй туслах дүр ,
  • Шилдэг зураач,
  • Шилдэг хөгжмийн зохиолч,
  • Шилдэг хувцас дизайн,
  • Шилдэг найруулагч,
  • Шилдэг зураглаач,
  • Залуу үед үлгэр дууриал болсон бүтээл,
  • Шилдэг эмэгтэй гол дүр
  • Шилдэг эрэгтэй гол дүр,
  • Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг 14 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөх юм байна.

“Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Ёслолын арга хэмжээний улаан хивсний ёслол маргааш 16:30 цагт эхлэж, шагнал гардуулах ёслол 18:00 цагт эхлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар гурван “хашир бурхи” ийнхүү өгүүлэв

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 орчим хоног үлдээд байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж.

Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг бууруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын “хашир бурхи” гурван гишүүн саналаа хэлснийг дор уламжилж байна.

Ц.НЯМДОРЖ: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ХААНА Ч БАЙДАГГҮЙ ЖИШИГ

Ц.Нямдорж гишүүн: Сая Засгийн газрын илтгэлийг сонсоод байхад Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гээд байна л даа. Амжих юм уу. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэж байдаг. Тэр хуулиар маш хүнд даваа давахаар байдаг. Сонгууль дөхчихсөн. Яаж амжих юм бэ. 21 хоногийн дотор ийм том асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг олон нийтэд ойлгуулаад, том сонгуультай хамт санал асуулга явуулаад, амжих уу.

Би хоёр үндэслэлээр харамсч байна. Нэгдүгээрт ноднин УИХ-ын сонгууль явуулах гэж байхад бас Ард нийтийн санал асуулгын хуулиар оролдож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж баахан давхиад, бүтэлгүйтсэн. Энэ жил дахиад энэ. Нэг алдаж болдог л доо. Хоёр алдах харамсалтай. Тэр тусмаа надад нэг юм таалагдахгүй байгаа юм, шулуухан байя, би. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх асуудлаар Засгийн газар нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сурталчилгаа, судалгаа хийх ажил зохион байгуулаад, одоо хуулийн хугацааг 25 хоногоор багасгаад явж байгаа нь ёс зүйн хувь зохисгүй шүү дээ. Би та нарт хэлж л байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь Засгийн газрын хийдэг ажил биш ээ. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хуулиа л биелүүл. Үндсэн хуулийн асуудал огт өөр субьектийн ажил, Ерөнхийлөгч, УИХ гээд. Одоо дахиад хугацааг нь урагшаа татах юм оруулаад ирж байна л даа. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл энэ чинь бүр хаана ч байдаггүй жишиг тогтох гэж байна л даа. Үндсэн хууль нь УИХ-аар батлагдсан байдаг. Нэг жижигхэн өөрчлөлт оруулахын тулд ард нийтээс санал асуудаг. Одоо ингээд санал асуулга хийвэл цаашдаа ямар жишиг тогтох гэж байна гэхээр оруулах өөрчлөлт болгон нь ард нийтийн санал асуулгаар шийдэгддэг. Парламент нь гар хүрэх эрх байхгүй. Угаасаа Үндсэн хуульд парламент энийг өөрчилнө гээд биччихсэн байдаг юм л даа. 57-оос дээш бол. Нэг удаа өөрчлөлт оруулсан шүү дээ. Миний хамгийн их болгоомжилж байгаа юм бол буруу жишиг тогтох. Аминд тулсан ганц асуудлаар жишээ нь засаглалын хэлбэр солих уу үгүй юу гэдэг дээр санал асуулга явуулж болж л байгаа юм. Түүнээс биш Төрийн албаны зөвлөл юм уу, Аудитийн байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, баг, хорооны Засаг дарга нарыг томилох гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чинь ард нийтийн санал асуулгаар шийддэг асуудал биш шүү дээ. Хүсвэл энэ 76 хүн сууж байгаад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад баг хороодын Засаг даргын томилгооны асуудлыг шийдэж болж л байгаа байхгүй юу. Мөнгө л яриад байх юм. Ямар ч мөнгөгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх эрх нь энэ 76-д бий.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Ц.Нямдорж гишүүний асуултанд ийнхүү хариулав. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулж болно гэж Ард нийтийн санал асуулгын хуулинд заасан байдаг. УИХ, Засгийн газарт аль алин дээр нь ажлын хэсэг байгуулагдаад, тав зургаан сар ажилласан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг парламентад суудалтай намууд ойлголцоод УИХ-аас баталсан зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу Монголын өнцөг булан бүрээс ард түмний төлөөлөл болсон 1500 хүн ирээд, тэрний төлөөлөл болсон 750 хүн нь зөвлөлдөх санал асуулга хийгээд хуулийн дагуу явж байгаа асуудал.

Санал асуулгын зардалд гучаад тэрбум төгрөг гарах юм байна. Эдийн засаг хүндрэлтэй үед хэмнэж, “Нэг сумаар хоёр туулай буудах” байдлаар зохицуулчихъя гэдэг үндэслэлээр үүнийг оруулж ирсэн. Цаг хугацаа тулчихсан тул ард нийтийн санал асуулгын 65 гэдэг хугацааг өөрчлөхөөр оруулж ирсэн. Засгийн газар энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ цаг хугацаанд амжих бүрэн боломжтой байна гэж өргөн барьсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлт хийлээ гэхэд 2020-2021 оноос хэрэгжиж эхлэх юм. Энэ Засгийн газрын үед эрх мэдлээ нэмэгдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Цаашдаа Монгол Улс парламентын засаглалтай юм бол дэлхий нийтийн чиг хандлага, жишигт нийцүүлэх, засаглалыг хуваарилах зарчимд үүсээд байгаа алдаа оноог засч залруулж явах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Олон жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг бид ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр нөгөө ард түмний яриад байгаа дордуулсан долоон өөрчлөлтийг сайжруулах заалтууд ч орж ирсэн. Энэ бол зөвлөлдөх санал асуулгын үеэр ч ард түмний ярьж хүсч байсан зүйлийн нэг юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДАХ ЁСТОЙ

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал олон жил яригдлаа. Хоёр ч удаа комисс гараад, өөрчлөлт оруулах шаардлагатай гээд өмнөх парламентийн үед дүгнэлт гаргасан байгаа. Энэ дагуу Зөвлөлдөх санал асуулгын хууль гараад, яг цаг хугацааны хүчин зүйлээр нэг ч хоног алдаагүй яваад ирсэн. Ажлын хэсэг ямар үүрэг авсан гэхээр Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг үндэслэж, тэр хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруул гээд 26 хүнтэй бас улстөрийн дөрвөн намын төлөөлөл нэмж оролцоод 30 хүн, дээр нь дэд хэсэг эрдэмтэн, судлаачид их олон хүн хамтарч ямар ч байсан нэг төсөлтэй болоод авсан. Энэ төсөлдөө Ерөнхийлөгч, ҮАБЗ, Хүний эрхийн комисс, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг авчихсан. Үйл явц явж байна. Ард нийтийн санал асуулгад “Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар” бол гурав дахь шатандаа явж байгаа юм уу даа. УИХ хоёр хэлэлцэх ёстой, ард нийтийн санал асуулганд оруулаад гаргах ёстой, ҮХЦ-ээс санал авах ёстой. Ингээд долоон шат дамжна. Дунд нь иргэд, улс төрийн намууд, олон нийтийн санаа бодлыг тухай бүр нь авна.

Бид ямар байр суурь баримталж байгааг хоёрхон үгээр хэлье. Өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй, шинжлэх ухаанчаар хандах ёстой гэдэг зарчим баримталж эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцуулж байгаа. Аль нэг улс төрийн хүчин, хэн нэг улстөрчийн эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж үзэж байна. Хүмүүсийн санаа оноо их байна. Зөвхөн өнөөдөр нэг хүний яриаг 30 минут сонсчихоод гарч ирж байна. Энэ бол Үндсэн хуулийн оршлыг өөрчилье, сүлдийг өөрчилье гэдэг санал. Бид хуультай номтой. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль хэрэгжиж байна. Хүрээ хязгаараа тогтъё. 30 хувь. Тэр дотроос эхний ээлжинд юуг нь өөрчлөх юм бэ гэдгийг олон удаагийн олон жил яригдсан хэлэлцүүлэг, эрдэмтэн судлаачдын дүгнэлт саналыг үндэслэж байгаад хэдэн юман дээр гарч байгаа юм. Иймэрхүү байдалтай явж байна. Түүнээс биш дур зоргын өөрчлөлт байж таарахгүй. Цаашид ч өргөн олон нийтээр хэлэлцүүлэх асуудал яригдана. Цаг хугацаа орно. Гэхдээ өнөөдрийн орж ирж байгаа төсөл цааш цаашдаа бүх л төрлийн сонгуулийн үеэр давхар санал асуулга явуулах боломжийг нээх учраас Засгийн газраас энэ төсөл орж ирсэн гэж бодож байна. Гурван хандлага бий . Нэг хэсэг нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилье гээд дайраад байгаа. Нөгөө хэсэг нь өөрчлөлт оруулах шаардлагагүй, энэ маш сайн хууль гэж байгаа. Гурав дахь хэсэг нь тодорхой хүрээнд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа.

Н.ЭНХБОЛД: УС БУЛИНГАРТУУЛЖ БАЙГААД ДУНДААС НЬ ЮМ ХОЖИХ СОНИРХОЛ БАЙНА

Н.Энхболд гишүүн: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулаад санал асуулга товлох хугацааг богиносгоё гэсэн асуудал ярьж байгаа юм л даа. Яг энэ асуудлаар байнгын хороон дээр ч гишүүдэд эргэлзээ байсан. Богино хугацаанд амжих уу гээд. Бодоод үзэхэд олон жил яригдаж шигшчихсэн цөөхөн асуудлын хүрээнд болох гээд байгаа юм. Сайндаа гурав дөрвөн асуудал л гарна. Өнөөдрийн яриаг сонсоод байхад зөвхөн хугацааны тухай асуудал биш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу, яах вэ гэж олон жил ярьсан юмаа хүмүүс дахиад л яриад эхэллээ. Түүх давтагдах юм шиг байна. Бүгдээрээ сүртэй эхэлдэг юм. Энэ УИХ л түүхэн үүргээ гүйцэтгэж болохгүй байгаа хариуцлагын тогтолцоо, шийдвэр гаргадаг механизмаа боловсронгуй болгохгүй бол улс орон маань болохгүй байна гээд сүүлийн гурван УИХ дараалан ярьсан юм. Одоо бол тэр нь хэрэггүй шахуу юм зарим хүн ярьж байна л даа. Ер нь энэ санал асуулга дотор хэдхэн юм байгаа шүү дээ. Яаж энэ УИХ-ыг хариуцлагатай болгох вэ, яаж Засгийн газрыг хариуцлагатай болгох вэ, үүн дотроо нөгөө давхар дээлийн асуудал, яамаа дураараа нэмж хасч, төрийн албаа бужигнуулдаг асуудал, хэн ямар шийдвэр гаргасаныхаа төлөө хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгааг ойлгомжтой болгох, ерөөсөө юм хийлгээгүй хүмүүс яаж хариуцлага хүлээхийг болж өгвөл тодотгосон гурав дөрөвхөн юм бий. Ард түмэн олон жил ярьсан. Үүнийг өөрчлөхгүй байна. Энэнээс болоод УИХ гэж хэрэг алга, Ерөнхийлөгч, Засгийн газар гэж хэрэг алга гэдгийг өөрчлөх гэсэн юм. Одоо бодоод байхад хариуцлагаас зугтаж, хариуцлагагүй байхдаа дуртай байгаа юм байна. Өөрчлөхгүй бол тодорхой бус юмандаа өмнө нь олон жил явж ирсэн шигээ ус булингартуулж байгаад дундаас нь юм хождог сонирхол байна гэж дүгнэхээс өөр аргагүй болж байна. Саяын миний хэлсэн хэдэн асуудал л бий. Өөр дахин дахин бодоод гаргаж ирэх асуудал байхгүй л дээ. Ард түмний олон жил ярьсан асуудлыг багцлаад та нар энийг дэмжих үү гээд явна. Энэ нэг тиймэрхүү тал руугаа орж байна даа. Бид энэ асуудлыг нэг алхам урагш хөдөлгөсөн. Тэр 1750 хүнийг доромжилж болохгүй. Янз бүрийн хүмүүс ирсэн. Яг л ард түмнийг төлөөлсөн жижигхэн хэсэг байсан. Тэднийг муу хүмүүс ирээд, буруу шийдвэр гаргаад явлаа гэж болохгүй. Бүүр чадахгүй байлаа гэхэд Засгийн газар замаас нь татаад авчих асуудал. Түүнээс биш энийг тойруулаад хариуцлагагүй байдлаа хэвээр нь үлдээх, баталгаажуулах гэдэг юм аа дахин дахин ярьж хэрэггүй байх аа гэв.

Эцэст нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд нь шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн танилцуулгад БНХАУ-аас МУИС-д суралцаж буй 191 оюутан оролцов

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран гадаад оюутнуудад мэдээлэл өгөх хуулийн танилцуулгын цагийг томоохон их дээд сургуулиудад зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад тавдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын их сургуулийн хурлын зааланд зохион байгууллаа. Тус мэдээллийн цагт БНХАУ-аас Монгол Улсын их сургуульд суралцаж буй 191, Хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа 14 оюутны төлөөллүүд оролцов. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гадаадын иргэн, харьяатын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн н.Гарьд нар сургалтын визээр олон удаа хилээр нэвтрэх боломж, ар гэрийнхэн, найз нөхөд, танилуудаа Монголд урих талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Дараагийн хуулийн танилцуулгын цагийг АШУИС, СУИС зэрэг сургуульд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Найман настай хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс заслыг амжилттай хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.Уг хүүхэд нь 2016 оны аравдугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шийдвэр гаргасан бөгөөд 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр УГТЭмнэлэг дээр дээрхи 3 эмнэлгийн эмч, сувилагч нарын хамтарсан баг Б хүүд цайрсан болорыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг амжилттай хийлээ. Мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байсан тул эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Ганцхан “Өгий нуур”-т байдаг усны шонхор шувуу Энэтхэг рүү дүрвэжээ

Засгийн газраас Ганга, өгий нуурын хамгаалах шийдвэрийг гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд энэ сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор А/126 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийлээ. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Х.Ганбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, “Өгий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал н. Мөнхсайхан, Өгий нуурын сумын Засаг дарга Л.Алтангэрэл, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Гидроком байгууламж ХХК-ийн захирал Г.Чулуун, ШУТИС-ийн багш доктор Т.Улаанбаатар, Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор С.Гомбобаатар болон яамнаас гаргасан ажлын хэсгийн бусад гишүүн оролцсон юм.

Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг л зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа аж.

Л.АЛТАНГЭРЭЛ: ӨГИЙ НУУРЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ОЛОН УЛСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Өгий нуурын сумын Засаг дарга энэ үеэр “Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл нөлөөлж ган, зуд, цөлжилт, шар шороон шуурга байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, Гадаргын усны тэжээлийн хомсдол, ууршилт явагдаж нуурын усны түвшин багасаж гаралтгүй болж экосистем алдагдаж хөрс, ус бохирдох, ургамал бүрхэвч доройтож олон салаа зам гарч нүүдлийн шувууд болон ан амьтдын үржих орчин хязгаарлагдаж усны оролт багасаж гаралтгүй болоод байна. Өгийнуурын экосистемийг хадгалахын тулд 2006 оны 4-р сарын 27-ны өдрийн Сумын ИТХ-ын тогтоолоор Орон нутгийн хамгаалалтанд авч Өгийнуурыг хамгаалалтын 3 бүсэд хувааж бүсийн журмыг батлан хэрэгжүүлж байна.Өгийнуур сум нь цөлжилтийг сааруулах, хөрсний доройтлоос хамгаалах зорилгоор Солонгос улсын хөрөнгө оруулалттай Ногоон Ази Төрийн Бус Байгууллагатай хамтран 50 га газрыг хашиж, 2015, 2016 онуудад 70000 ширхэг мод тарьж ногоон төгөл байгуулсан. Өгийнуурын эрэгт “Өгий сан” ТББ хамтарч 1000 ш модыг тарьж цаашид Өгийнуурын эргэн тойронд тухайн орчинд амьдрах чадвартай мод бут сөөгийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Өгий нууранд жилд дундажаар нийт 9000 орчим жуулчид ирдэгээс 8000 нь дотоодын жуулчин, 1000 орчим гадаадын жуулчид ирж амарч байна. Өгийнуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа 4 жуулчны бааз, 18-21 эко гэрүүд үйл ажиллагаа явуулж байна.Өгийнуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор “Өгий сан” ТББ, Өгийнуур сумын ЗДТГ хамтран нуурны оролтыг сайжруулах үүднээс Хөгшин Орхон голын оролтыг нэмэгдүүлж гаралттай болгох суваг татах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

Ч.ЭРДЭНЭТУЯА: ХҮН, МАЛЫН ТӨВЛӨРЛӨӨС БОЛЖ НУУРЫН АН АМЬТАН ДАЙЖИЖ БАЙГАА

Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа ярихдаа “Өгий нуур онцгой хамгаалалтын, хамгаалалтын, аялал жуулчлалын 3 бүстэй. Дэлхийн 100 гаруй орны хамтарсан IBA байгууллагаас сонгосон жишгээр Нүүдлийн шувуудад чухал газарт тооцогдсон байгаа. Ази номхон далайн бүс нутгийг хамарсан нүүдлийн шувуудыг хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжиж буй Галуу нугасны хувьд Олон улсын ач холбогдолтой газар юм. Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байна” гэлээ.

Г.ЧУЛУУН: ӨГИЙ НУУРИЙН УСЫГ ТЭЖЭЭХ 3 ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН

Гидроком байгууламж ХХК-ийн захирал

Сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, хуурайшилт, Хархорины сувгийн уснаас тэжээгдэхээ болисон зэргээс шалтгаалаад Хөгшин Орхон голын урсац зарим үед тасарч нуур тэжээгдэлгүй болдог байна. Тиймээс Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх 3 хувилбараар нуурыг тэжээх боломжтой гэж үзэж байна.

  • Нэгдүгээрт Хархорин сумын төвийн хойноос Хөгшин Орхон голруу чиглэсэн хуучин голдрилыг сэргээж урсацтай болгох
  • Хоёрдугаарт Одоо байгаа услалтын системийн гол суваг болон аж ахуйн сувгийн урсацыг нэмэгдүүлж Хөгшин Орхон голын усны хэмжээг нэмэгдүүлэх
  • Гуравдугаарт Өгийнуур сумын орчмоос Орхон голоос Хөгшин Орхон голруу 15-16 км шороон суваг байгуулж Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Т.УЛААНБААТАР: НУУРЫН УСНЫ 30 ОРЧИМ ХУВЬ НЬ ХӨХ НОГООН ЗАМАГТАЙ БОЛСОН

ШУТИС-ийн багш доктор

Тайванийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаагаар нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон гэдэг дүгнэлт гарсан. Замаг тодорхой хэмжээгээр нуур, цөөрөмд байх ёстой ч ихэсвэл аюултай. Өгий нуурын хувьд замаг ихтэйд тооцогдож байна. Нутгийнхны ярьж байгаа шиг хогноос болж хөрс бохирдож, хөрснөөс болж нуурын ус бохирдож байна. Үүнээс ньболоод янз бүрийн нян бактери илэрч байна. Тиймээс хогны асуудлыг шийдэхийн тулд хог хаясан иргэд, аж ахуйн нэгжүүдийн төрийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарлах аргаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын жишээ шүү дээ, энэ бол.

С.ГОМБОБААТАР: ШУВУУНЫ ҮРЖЛИЙН ҮЕ БУЮУ 5-9 САРД ЗАГАСЧЛАЛЫГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ

Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор

Нуурын баруун хэсэгт шувууд их ирдэг. Нүүдлийн шувуудаас эхлээд дэлхийд ховорхонд тооцогдох шувууд маань сүүлийн үед дайжих болсон шалтгаан нь мэдээж хүний хөл их байгаагаас болсон. Жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж байна. Монголдоо ганцхан Өгий нуурт л байдаг шувуу. Гэтэл энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байна. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг тогтоосон. Энэ мэтчилэнгээр хүний нөлөөнөөс болж ховор шувууд маань “дүрвэж” байна. Үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нуурын баруун талыг хашаалахаас эхлээд шувуудад зориулалтын амьдрах орчин бий болгох ёстой.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Д.Батсайхан итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радевт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНБУ-ын Ерөнхийлөгч Румен Радев Элчин сайд Д.Батсайханыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Румен Радевт уламжилж, Монгол, Болгарын уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Румен Радев илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Итгэмжлэх жуух бичиг барихад БНБУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга И.Христов, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Кръстин, Гадаад хэргийн дэд сайд Т.Стоянов зэрэг албаны хүмүүс байлцав.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: 40 жилийн нөөцтэй “Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын асуудлыг УИХ дэмжих боломжгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Харин гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй, хууль санаачлагачдаа буцлаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат: Өнөөдөр энд хэлэлцүүлэг хийх гэхээр Ц.Дашдорж сайдаас өөр хүн алга. Хөгжих, хаах тухай асуудал өөр. О.Баасанхүү гишүүн нэг зүйл оруулахад шууд үсэргэдэг. Эрдэнэтийн удирдлагууд алга байна хэмээлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Энэ асуудал чинь удаа дараа хойшилсон. Хэлэлцэх асуудалд дөрөв дэх удаагаа орж байна” хэмээн хариулсан юм. Ингээд гишүүд байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн үед татвараар маш их шахаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин маш бага. Боловсон хүчнүүдээ маш их алдаж байгаа. Эрдэнэт үйлдвэр 60-70 жилийн дараа уул уурхайн сургалтын бааз болох байх гэсэн бодолтой байдаг. Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр барих боломжтой. Эрдэнэтээс УИХ-д сууж байгаа гишүүний хувьд О.Баасанхүү гишүүнийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Эрдэнэтийн хаалтын тухай гэхээд хүмүүс шүүмжилж байдаг. Гэтэл дэлхийн жишиг дээр өнөөдөр харахад байгалийн баялаг барагдана, малын буян нэмэгдэнэ гэдэг. Байгалийн баялаг дээр суурилсан үйлдвэр хэзээ нэгэн цагт хаагдана. Тийм учраас менежментээ оруулж ир гэдэг үүргийг Засгийн газарт өгөөд байгаа юм. Үндсэн хуулийг хэлэлцэхэд Д.Дамба-Очир гишүүн зөв ярилаа. Эрдэнэт хотын төлөвлөгөө гэж алга. Менежментийг бүх уул уурхай дээр тавь. “Оюутолгой” дээр бид суурилаагүй. Хотын хоёр дахь үйлдвэр байгуулах төлөвлөгөө рүү оруулъя. 100 жилийн өмнөөс төлөвлөе гэж хараад байгаа юм.

УУХҮЯ-ны сайд Ц.Дашдорж:

-О.Баасанхүү гишүүний оруулж ирсэн асуудал хөндөх ёстой асуудлын нэг. Гэхдээ ганцхан Эрдэнэтийн асуудлаар тогтоол гаргах нь учир дутагдалтай. Хаалт хийх уурхайн асуулдыг нэг агуулга дор хуульчилж өгөх нь зүйтэй. Хаалтын асуудал ярихад эрт байна. Саяхан нэг уурхай нээсэн. Тэр нь 2050 он хүртэл ажиллах нөөц бололцоотой. Харин хууль гарснаар бусад уурхай дагасан ажилчдын эрх ашгийг хангах бололцоо бүрдэж байна.

Эцсийн найруулга сонсохын өмнө О.Баасанхүү “Би Үндсэн хуулийн цэцэд хандана. Хүний өмнөөс кноп дараад миний саналыг хүчингүй болголоо. Энд өнөөдөр 45 гишүүн байсан. УИХ-ын гишүүн зөвхөн өөрийнхөө өмнөөс кноп дарах ёстой. Бүгдээрээ ҮХЦ дээр уулзнаа” хэмээн хууль санаачлагч О.Баасанхүү мэдэгдлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Гишүүд энэ тогтоолын төслийг дэмжээгүй учир дэгийн дагуу хууль санаачлагчид буцааж, эцсийн найруулга сонсох заалттай. Тиймээс би эцсийн найруулгыг уншлаа. Тэгээд ч 40 жилийн нөөцтэй үйлдвэрийн хаалтын асуудлыг УИХ дэмжих боломжгүй” хэмээлээ.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудал үүгээр дууслаа. Үдээс хойш 15.00 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуулгын хариуг сонсох юм.

О.ӨНӨР