Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автомашины зогсоолгүй үйлчилгээний газар үйлчлүүлэгчдээ алдах нь тодорхой болжээ

Манай Улаанбаатар хотод дэлгүүр хоршооноос эхлээд бараг бүхий л үйлчилгээний газар гаднаа авто зогсоолгүй гэж хэлж болно. Сохор азаар арайхийн зогсоол олдлоо гэхэд авто зогсоолын мөнгө гэж заавал төлөх хэрэгтэй болдог. Орлого оруулж худалдан авалт хийх гэж байгаа хэрнээ мөнгө хураагч нарт загнуулан барин зогсоолын мөнгө төлнө гэдэг Монголоос өөр газар ойлгоход нэн бэрх. 30 минут болов уу үгүй юү 1000 төгрөг нэхдэг олон газраас жишээгээр дурдахад “UB Mart” дэлгүүрийг нэрлэх байна. Кино театрт кино үзлээ гэхэд зогсоолд нь машинаа тавиад 1000, 1500 төгрөг төлнө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлөх дээрээ тулчихаад байна. Орон сууцны гадаа гэхэд автомашины зогсоол уу эсвэл хүүхдийн тоглоомын талбай юу гэдэг нь ч ялгагдахаа байжээ.

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж байгаа барилга байгууламж гадна, дотроо автомашины зогсоолтой байх ёстой байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангах барилга байшин үйлчилгээний газар нийслэл хотод маань хуруу дарам цөөн. Тухайлбал, III, IV хороолол их дэлгүүр, үйлчилгээний газар олонтой. Гаднаа автомашины зогсоол нэртэй боловч дийлэнхдээ худалдагч, тухайн байгууллагын ажиллагсдад хамаардаг.

Үүнийг хэдийнэ үйлчлүүлэгчид анзаарчихсан. Тиймээс машин тавих газар олддоггүй үйлчилгээний газруудаар ороод ч яахав дээ гэж ярьцгаадаг болсон. Авто зогсоолгүй, тэгсэн хэрнээ мөнгө нэхдэг газруудад аандаа үйлчлүүлэгчийн тоо нь буурч хаалгаа барихдаа тулах нь өдрөөс өдөрт тодорхой болж ирлээ.

Тиймээс барилга байгууламж барихдаа анхнаас нь автомашины зогсоолыг чухалд тавихгүй бол үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчээ алдах нь хууль болчихоод байгаа гэдгийг бодолцох цаг болжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Малын мах, сүүний чанарыг сайжруулахын тулд эрдэмтдийн оролцоо чухал

ХААИС, профессор Б.Балдангомбо

Монгол орон бол мал аж ахуйн орон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг боловч, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан сүүгээр гурван сая гаруйхан иргэдээ жилийн турш бүрэн хангаж чадахгүй байгаа нь яахын аргагүй харамсал төрүүлж байна. Сүүлийн жилүүдэд сүүн бүтээгдэхүүний өөрийн өртөг мэдэгдэхүйцээр өсч иргэдийн бухимдлыг улам бүр ихэсгэж байгаа нь манай орны хувьд байж боломгүй зүйл гэлтэй. Сүү үйлдвэрлэл бол саалийн үнээний амьд организмтой харьцаж байгаа учраас тэдгээрийн анатоми-физиологи, биологийн нэн чухал арга ажиллагаа, шаардлагыг хэр зэрэг зөв шийдвэрлэснээс үндсэндээ шууд хамаарна. Саалийн үнээг чанартай, сайн чанарын шүүст тэжээлээр бүрэн хангаж, байнгын усалгаатай байлгах нь нэн тэргүүн зэрэгт тавигдана. Мөн эрүүл ахуйн шаардалга хангасан дулаан байр, цэвэр орчинд сүүний малыг арчилж маллах хэрэгтэй. Эдгээр гол шаардлагыг хангасан нөхцөлд малын ашиг шимийг алдагдалгүй бүрэн авч чадна шүү дээ.Тэрнээс биш дан бүдүүн тэжээл өгөх ч юмуу, усаар тогтмол хангахгүй бол их сүү авах ямар ч боломжгүй гэдгийг л анхаарч шүүст тэжээлийг арвин ихээр тариалж, сүүний малыг нарийн дэг баримтлан тэжээж, тэдгээртэй зөв харьцаж, тордож чадаж л байж их сүү авах боломж бүрдэнэ. Ер нь саалийн үнээний саамд нөлөөлдөг гол хүчин зүйлд, чанартай тэжээл 35-40 хувь, үүлдэр угсаа 25-35 хувь, саальчдын арга ажиллагаа15-25 хувь, байрны бичил уур амьсгал 10-15 хувь, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны механикжуулалт 10-15 хувийн нөлөөлөлтэй гэдгийг судлаачид аль хэдийнэ батлан гаргажээ. Үүний зэрэгцээ МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүнд хүчир гар ажиллагааг иж бүрэн механикжуулж, зарим үйлдлийг автоматжуулж хүний хүчийг дээд зэргээр хэмнэж чадахгүй байгаагаас тэдгээр бүтээгдэхүүний өртөг өндөр байгаатай ч холбоотой гэж үзэхээр байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Т.Бархүү: Намайг өөрийнхөөрөө яаж дуулдгийг сонсъё гэсэн хүмүүс их болсон

“Х-Түц” продакшны жүжигчин, “Яг түүн шиг” шоуны оролцогч Т.Бархүүтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоуны ялагчаар гурван ч удаа шалгарлаа. Танд баяр хүргэе. Шоуныхаа тухай сэтгэгдлээ хуваалцаач?

-Надад “Яг түүн шиг” шоунд орох санал гуравдугаар сарын дундуур ирсэн юм. Анх орохгүй гэж бодож байсан л даа. Харин хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн минь зөвлөснөөр орохоор шийдсэн. Одоо бол орсон нь зөв болжээ гэж бодож байгаа шүү. Учир нь “Яг түүн шиг” шоу Бархүү гэх хүнийг үзэгч, олон түмэнд илүү таниулж өглөө гэж бодож байна. “Боловсрол” телевизийн хамт олон болоод гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олондоо талархсанаа илэрхийлье.

-Та өндөр өсгийт дээр муугүй бүжиглэчихэж байгаа харагдсан. Ер нь өмнө нь өндөр өсгийт дээр тайзнаа гарч байв уу?

-Cher-ийн дүрийг бүтээхийн тулд биеийнхээ ихэнх хэсгийг гаргасан хувцас, трико өмсч, өндөр өсгийт дээр бүжиглэх шаардлагатай болсон. Яахав, өмнө нь тайзан дээр ганц, хоёр удаа л өндөр өсгийттэй гарч байсан ч арван сантиметрийн өндөртэйг бол хэзээ ч өмсөж байгаагүй. Гэхдээ нэвтрүүлгийн зүгээс яг миний хөлд тохирсон гутал урлаж өгсөн учраас хавьгүй дээр байсан. Тухайн дугаарыг эргээд үзэхээр өөрийгөө яаж ингэж бүжиглэж бас ширээн дээр үсэрч гарсан байна аа гэж бодсон шүү. Яг ч ширээн дээр гарна гэж тооцоолоогүй байсан л даа. Тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө л гарсан байх. Харин манай Мээдээ ирж түшиж авснаар ширээнээс их эвтэйхэн буусан. Ирж түшээгүй байсан бол унаж, бэртэх ч байсан юм бил үү. Ямар ч байсан гоо зүйн хувьд тун таагүй харагдах байсан биз (инээв). Мээдээдээ маш их баярлаж байгаа шүү. Гэхдээ Cher хатагтайн дүрээс илүү гурван хүний дүр, онцлог, хоолой зэргийг нэг тайзан дээр дөрвөн минутад багтааж гаргана гэдэг амаргүй байсан. Тэр бол тав дахь дугаар буюу Парисын дарь эхийн сүмийн Notre Dame юм. Энэ дүр хамгийн их хөлс хүч, ажиллагаа шаардсан. Гэхдээ түүний ард гарсандаа болоод энэхүү дүрд тоглосондоо баяртай байгаа. Миний хувьд мюзикль хийн тоглох юмсан гэсэн хүсэлтэй болсон доо.

– Таныг анх жүжигчин биш дуучин болох гэж байсан гэж сонссон юм байна. Ер нь энэхүү шоу ч тэр дуулах авьястайг тань улам батлах шиг боллоо?

-Тийм шүү. Анх дуучин болох бодолтой байсан ч жүжигчний ангид шалгалт өгчихсөн юм. Ямартай ч энэ шоунд орсноор хүмүүсээс урмын үг маш их сонсож байна. Тэр дундаа “Чамайг ингэж дуулна гэж төсөөлж байгаагүй. Цаашид дуулаарай. Мөн энэхүү шоунд оролцсонд баярлалаа. Өөр жанр, чиглэлээр хүчээ сориод үзээрэй” гэсэн сэтгэгдэл, санал их ирж байгаа. Тэр дундаа сэтгэлгээний кино, драм зэрэгт тоглоочээ гэсэн ч хүмүүс байна. Яг үнэндээ миний хүсэж, мөрөөддөг зүйл бол тэр л дээ. Би амьдралтай их ойрхон, гэр бүлийн ч юм уу, сэтгэхүйн драмд тоглохыг, бүр чадвал өөрөө хийх юмсан ч гэж боддог юм. Юутай ч энэ сайхан үзэгчдийн санал, сэтгэгдлийг цаашдын уран бүтээлдээ тусгаж илүү их хичээх болно гэсэн урам, зориг дүүрэн л алхаж байна даа.

-Харин цаашдаа дуулж, уран бүтээл хийх бодол бий юү?

-Одоохондоо эхлүүлсэн зүйл байхгүй байна л даа. Гэхдээ энэ жилдээ багтаагаад уран бүтээл хийвэл зүйтэй байх гэсэн бодол төрж байна. Намайг яг өөрийнхөөрөө яаж дуулдаг юм бэ гэдгийг сонсъё ч гэсэн хүмүүс байгаа. Ер нь болохгүй зүйл байхгүй шүү дээ.

-Дараагийн дугаарт мөн л эмэгтэй хүний дүр бүтээхээр болсон. Бэлтгэл ажилдаа орчихсон уу?

– Ер нь анзаараад байхад эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрийг бүтээхэд үзэгчид их дуртай байдаг юм шиг. Эрэгтэй хүнийг хөх, бөгс элдэв гоёл, чимэглэлтэй байгаагаар харахад илүү сонирхолтой байдаг байх нь л дээ. Би дараагийн дугаарт Miley Cyruc-ийн дүрийг бүтээж “Wrecking ball” дууг дуулах юм. Дуучин нь бөмбөлгөн дээр нүцгэн суун дуулдаг. Мөн л үзэгчид “Та нүцгэлнэ биз дээ, ямар хувцас өмсөх гэж байна” л гээд байгаа. Миний хувьд нүцгэлэх хэцүү, нүцгэлэхгүй байх хэцүү л болоод байна. Нүцгэлнэ гэхээр арай ч болохгүй л байгаад байна. Гэхдээ бодсон юм байгаа.

-“Яг түүн шиг” шоуны оролцогчид бусад өрсөлдөгчдөдөө гурван оноо өгдөг. Энэ онооны хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Оролцогчид нэг нэгнээ хэрхэн дүгнэж байгааг үзэгчид харж байгаа учраас төдийлөн санаа зовдоггүй. Хамгийн гол нь үзэгчид тэр бүхнийг дүгнэж, цэгнэж байгаа шүү дээ. Миний хувьд тухайн дугаарт хэн хамгийн мундаг нь байсан бэ гэдгийг үнэн шударгаар дүгнэж, түүнд оноогоо өгнө гэсэн чиг шугамыг баримталдаг. Бидэнд нэвтрүүлгийн зүгээс ч гэсэн тийм л шаардлагын дагуу оноо өгөх эрх олгосон. Түүнээс хэн нэгний хатгаасаар эсвэл атаархсандаа өөр хүнд өгье гэсэн бодол байдаггүй. Ер нь аливаа юм шударга байхдаа л гоё шүү дээ. Яахав, манай бусад оролцогчид өөрсдийнхөө сайн гэж бодож байгаад л өгч байгаа байх.

-Таны бодлоор хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?

-Яг тэр л миний хүчтэй өрсөлдөгч гэж бодож болохгүй юм билээ. Барьцгүй юм байна. Бүгд л мундаг байгаа. Тэгэхээр цаашдаа би зөвхөн тэрнээс л айж байна гэсэн эмээлт байхгүй болсон. Ер нь эд маань юу хийх гээд байна гэсэн айдастай болоод байна шүү. Гэхдээ яалт ч үгүй Гантогоо маань мундаг байгаа. Гэсэн ч өрсөлдөгчдөдөө анхаарал хандуулахаас илүү өөрийнхөө үзүүлбэрт цаг зав гаргаж, судалгаа хийхээр зорьж байна даа.

-Тав дахь үзүүлбэрийг тань таны хань ирж үзсэн байсан. Ер нь танд заавар зөвлөгөө хэр их өгдөг вэ?

-Би гэр бүлийнхнийгээ шоунд ирүүлэхийг хүсдэггүй л дээ. Гэхдээ Парисын дарь эхийн сүмийг бүтээхэд миний хань надад хэлэлгүйгээр ирчихсэн байсан. Учир нь миний бүтээсэн дүрүүдээс энэ дүр л Одноод хамгийн их таалагдсан юм билээ. Гэсэн ч надад мэдэгдэхгүйгээр нуугдаж ороод сууж байсан. Түүнээс миний оноонд нөлөөлөх гэж ирээгүй гэдгийг мөн хэлэх байна. Харин миний хувьд ирчихсэн байгааг нь мэдсэн бол ичимхий юм болохоор, биеэ бариад илүү их сандрах байсан болов уу. Эхнэрийнхээ өмнө жүжиглэнэ гэдэг амаргүй шүү дээ. Яахав, хамт жүжиглэнэ гэдэг өөр л дөө.

Мэдээж хамгийн гол дэмжиж, заавар зөвлөгөө өгч байгаа хүн нь манай гэр бүлийн хүн байлгүй яахав. Үзүүлбэрүүдийнхээ дууны сонголтыг Одноотойгоо л ярилцаж шийддэг шүү.

-Таныг нэгэн шинэ кинон дээр ажиллаж байгаа гэж дуулсан. Хэзээ нээлтээ хийх вэ?

-Ирэх есдүгээр сард “Алтан өндөг” хэмээх инээдмийн жанрын киноныхоо нээлтийг хийнэ. Энэхүү кинонд МУГЖ Лхагвасүрэн, Дэмидбаатар, Одончимэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Эрхэмбаяр болон Өмнөд Монголын алдарт дуучин Халин болон миний бие тоглосон. Түүнээс гадна Өмнөд Монгол болоод Монголын жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглосон байгаа. Киноны зураг авалт гадаадад хийгдсэн. Ер нь чих халууцуулахгүй л уран бүтээл болсон гэж бодож байгаа шүү. Ямар ч байсан киноны найруулагч, уран бүтээлчдийн дунд хүлээлт үүсгэчихсэн гэхэд хилсдэхгүй байх. Мөн нэг нууцаасаа задлахад энэхүү киноныхоо гол дууг өөрөө дуулчихъя гэсэн бодол байгаа шүү. Энэ дуугаараа эхлэлээ тавьчихвал болохгүй зүйл байхгүй л болов уу.

-“Х-Түц” продакшн шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Манай продакшн одоогоор амралттай байна. Гэхдээ миний хань болоод Онон ах гэх мэт цөөн хэдэн хүн драмын маш хүнд сэдэвтэй киноны зохиол дээр ажилласан. Энэ кино маань маш гайхалтай, сайн зохиол болсон гэж бодож байна. Энэ мэтчилэн чанартай кино хийхээр манай хамт олон ханцуй шамлан орсон. Чадвал хоёр ч кино хийе гэсэн төлөвлөгөөтэй. Мөн намар гэхэд инээдмийн жүжиг тавих эсвэл бүр шинэ зүйл хийх зэргээ ярилцаж байна. Ер нь байнгын л шинэлэг, содон зүйл хийхээр эрэл хайгуул хийж байна даа.

-Ингэхэд таны гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Миний ээж сайн дурын уран сайханч хүн л дээ. Ээж минь төрөл бүрийн хөгжим тоглоно, сайхан дуулна. Ер нь намайг хөгжмийн боловсролтой болоход ээж минь нөлөөлсөн. Үргэлж дуу зааж, дуулж өгдөг байсан. Мөн намайг жүжигчин болоход хамгийн их дэмжиж, баярлаж байсан хүн бол миний ээж юм. Гэхдээ би бүр төрөлхийн авьяастай хүмүүсийг бодвол ухаанаараа урлагт ханддаг. Тэгэхээр мэдрэмжээрээ гэсэн үг шүү дээ.

Би эхээс тавуулаа. Дөрвөн ахтай. Миний яг дээд талын ах ардын хөгжимчин хүн байдаг. Гэхдээ гэрээсээ урлагаараа явсан нь ганцхан би л байна.

-Олон хүү төрсөн учир танд Бархүү гэсэн нэр хайрласан юм болов уу?

-Миний том ахыг Баттулга гэдэг бол удаахууд нь Тодхүү, Батхүү, Басхүү гэсэн нэртэй. Намайг Басхүү ахтай андуураад бар жилтэй гэж бодсон юм шиг байгаа юм. Яахав, олон хүүтэй болоод жил, усыг нь андуурч л дээ. Тэгээд л Бархүү гэж нэрлэсэн юм билээ. Түүнээс би чинь тахиа жилтэй хүн шүү дээ. Хэрэв тахиа жилтэйг нь мэдсэн бол Тахиахүү эсвэл дахиад л хүү гэж нэрлэх байсан болов уу. Бар жилтэй гэж андуурсан нь болсон байгаа биз (инээв).


Categories
мэдээ цаг-үе

Б.Ганбат: Гурван хэмжээст технологи эмчийн харааны ачааллыг 70 хувь бууруулдаг

Photonic West Олон улсын хурал дээр зүүн гар талаас Мөнх-Учрал, Багш Ким Намын хамт. 2015 он

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Б.Ганбаттай ярилцлаа.


-Таныг одоо байгаа 3D дэлгэцээс илүү нимгэн дэлгэцийг хэрхэн хийх талаар судалгааны ажил хийж байгаа гэж сонслоо. Энэ тухайгаа дэлгэрүүлээч?

-Энэ судалгааны ажлыг манай тэнхимийн Д.Номин-Эрдэнэ багш гардан хийж байгаа. Бид хоёр цэгэн гэрэлт дэлгэц дээр төвлөрч ажиллаж байна. Бидний судалгааны ажлын гол зорилго бол 3D дэлгэцийн харагдах өнцөг, нягтаршлыг сайжруулахад оршиж байгаа юм. Энэ технологийг амьдралд өргөн хэрэглэж чадахгүй байна гэдэг бол сайжруулах зүйлс байна гэсэн үг. Эдгээрийг сайжруулах олон арга бий ч, үйлдвэрлэлд хямд, хялбар аргыг л нэвтрүүлдэг. Манай арга бусдаас юугаараа давуу юм гэвэл уламжлалт бүтэц дээр ард байдаг гэрлийн тоог нэмж өгсөн юм. Давхар дэлгэц, линз ашиглаж болох ч ингэх тусам өртөг нь ихэснэ. Нягтшил гэдэг бол цэгэн хэмжээ хоорондын зайгаар илэрхийлэгдэг. Хоёр цэгийн хоорондох зай бага байвал тод сайн зураг харагддаг. Нэмэлт гэрлийн үүсгүүр тавьснаар цэгэн гэрэл хоорондох зайг гурав дахин багасгасан. Ингэснээр нэг мм хэмжээтэй гэрэл үүсгэгч ашигласан үед зай нь 0.33 мм болж бараг хоёр хэмжээст дэлгэцийн үзүүлэлт рүү дөхөж байгаа.

-Харагдах өнцгийг сайжруулахад юуг голчлон анхаарч, шинэчлэл хийсэн бэ?

-Харагдах өнцгийг сайжруулах патентаа бид өнгөрсөн намар авсан. Анх энэ санаа 2010 онд төрсөн ч санхүүжилт байхгүй учраас хэрэгжүүлж чадахгүй байсан. Улмаар өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны төслөөр туршилтад хэрэгтэй тоног төхөөрөмж авснаар шинэ санаагаа туршилтаар батлаад байна. Эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр бэлтгэж явуулсан. Шүүмжлэгчдээс эерэг хариу авсан болохоор хэвлэгдэх байх гэж хүлээж байна.

-3D дэлгэцийг сайжруулах нь хүмүүсийн амьдралд ямар ахиц дэвшлийг авчрах вэ?

-Хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа 3D дэлгэц буюу стерео дэлгэц нь нүдний шил ашигладаг. Энэ нь хүний хоёр нүд өөр зураг хардаг дээр тулгуурладаг юм. Гэтэл хүн болгоны хараа ижил биш, харааны гажиг зэргээс болоод зарим хүн үзэж чаддаггүй тохиолдол ч бий. Хүүхэд, том хүн хоёрын нүд хоорондын зай өөр байдаг учраас ижил зүйлийг харсан ч өөр өөр мэдрэмж авдаг. Харин энэ технологийг амьдралд нэвтрүүлснээр бүх дүрсийг нүдний шилгүйгээр, аль ч өнцгөөс бодитоор харах боломж бүрдэх юм. Ерөнхийдөө стерео дэлгэц зөвхөн хэвтээ тэнхлэгийн дагуу гурван хэмжээсээр хардаг. Харин бидний хөгжүүлж байгаа “Нийлмэл дүрсэн дэлгэц” босоо, хэвтээ аль ч тэнхлэгийн дагуу 3D харах боломжтой.

-Гурван хэмжээст дэлгэцийг хүмүүс “Аватар” киногоор маш сайн мэддэг болсон. Өнөөдөр 3D-гүй бараа бүтээгдэхүүн ч гэж байхгүй болж. Гурван хэмжээст дэлгэцийг аль салбарт, хэрхэн ашиглах нь тохиромжтой вэ?

-Ерөнхийдөө 3D загварчлалыг дэлхий нийт цэрэг дайны болон эмнэлгийн салбарт өргөн ашигладаг. Тухайлбал, эмч нар дурангийн хагалгаа хийхэд 3D камер, дэлгэц ашигласнаар эмчийн харааны ачаалал 70 хувь хүртэл буурдаг. Ингэснээр эмчийн хагалгаанд зарцуулах цаг ихэсч, бүх анхаарлаа хандуулан ажиллах боломж бүрдэх юм. Мөн уул уурхайн хүнд машины жолоодлогын дадлагад өргөн ашиглаж болно. Хүнд машин механизм барих гээд очсон хүмүүсийг шууд машин бариулаад онхолдуулж болохгүй. Бодит юм шиг 3D загвар дотор суулгаад бариулж үзээд туршлагатай болсон хойно бариулдаг. Цаашлаад тоглоомын дизайн гаргах, реклам сурталчилгаа, энтертайнмент чиглэлд ашиглах гэх мэтээр гурван хэмжээст технологийн хэрэгцээ нэмэгдсээр байна.

-Цаашлаад зурагт дэлгэцийн салбарт ямар ахиц дэвшил гарч, хүн төрөлхтнийг гайхуулах бол?

– Ер нь бол өнөөдөр лабораторийн орчинд манай тоног төхөөрөмжөөр хамгийн томдоо 3х3 см хэмжээтэй жижигхэн дэлгэц хийж байна. Яваандаа 2D шиг том том 3D дэлгэцүүд өдөр тутмын амьдралд нэвтэрч хүмүүс түүнээс орон зайн мэдрэмж автал хөгжүүлэх ёстой. Монголчууд шинэ нээлт, огт хүний санаанд оромгүй зүйлс зохион бүтээхийг хүсээд, хүлээгээд байдаг. Гэтэл хүн төрөлхтөн гар утсыг зохион бүтээчихлээ гээд зүгээр суугаад байсан бол өнөөдөр Galaxy S2 гэх мэтчилэн S8 хүртэл утас гарч ирэхгүй байсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл гар утсыг бага багаар судалж, хөгжүүлсээр байгаад өнөөдөр ийм түвшинд хүргэсэн шүү дээ. Түүнтэй адил судалгааны ажил гэдэг бол байгаа зүйлийг хөгжүүлэх юм. Судалгааны ажил бүрт шинэ нээлт, санаа байдаг. Тэр нь явсаар байгаад том ахиц дэвшлийг авчирдаг. Өнөөгийн залууст нэг сайхан санаа төрөөд интернэт рүү ортол тэр зүйл байж байдаг. Тэгэхээр л байдаг юм байна гээд санаагаа орхидог. Тэгж болохгүй. Дэлхий ертөнц дээр байгаа бүх л зүйлсийг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байдаг. Тухайлбал, одоо ажиллаж байгаа пуужингуудын зардлыг яаж бууруулах вэ гээд л шинэ санаа, судалгааны ажил байж болно. Одоо байгаа юмыг судлаад ямар дутагдал байгааг нь судалж олоод түүнийгээ сайжруулсан шинэ санаа гаргаж ирэх нь өнөөгийн судалгааны ажил. Түүнээс биш өнгөрсөн олон зуун жилүүдэд хийгдсэн шиг том том нээлт хийх хэцүү.

-Танай сургууль дээр хүмүүсийн амьдралд хэрэгтэй өөр ямар судалгааны ажлууд хийгдэж байна вэ?

-Дээхнэ үед Монголд академи л судалгаа хийдэг гэж боддог байсан. Гэтэл их сургуулиудын хийдэг нэг том ажил бол судалгаа. Манай МУИС судалгааны их сургууль болох зорилго тавьсан. Энэ ч үүднээс судалгааны төслийг өөрөөсөө санхүүжүүлдэг болж жилдээ 800 сая төгрөгөөр судалгааны төслүүдээ санхүүжүүлдэг болсон. Энэ нь багш нарыг судалгааны ажил хийхэд идэвхжүүлж өгч байна. Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх болон патент авах нөхцөлтэйгөөр олон шат дамжлагагүйгээр төслөө авна. Ингэж судалгаа хийснээр шинэ мэдлэгийг бий болгож, оюутнууддаа өгөхөөс гадна их сургуулийн багш нар судалгааны бүтээлээ патент болгоод оюуны өмч болгож зарах боломжтой юм. Үүний тод жишээ болж Ж.Батхүү багш “Зуу наслаарай цай”-ны патентыг худалдаж “Моннис” компанид шилжүүлсэн явдал юм.

Мөн МУИС дээр өнөөдөр олон сонирхолтой судалгааны ажил хийгдэж байна. Тухайлбал, манай хэл шинжлэлийн төвийнхөн команд биелүүлдэг гар утасны аппликейшн, компьютертой яриад шатар тоглодог программууд хийсэн байгаа. А.Энхбаяр багш Занабазарын дүрсийн моделийг гэрлээр сканердаж, 3D хувилбарыг бий болгож байна. Гэрлээр сканердахад сүүдэр талыг яаж бүтэн болгож харуулах вэ гэдэг асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэсэн. Ирээдүйд эм гэдэг генийн түвшинд очно. Энэ талаар А.Баярбаатар багш судалгаа хийж байна. Тодруулбал, хүний генийн моделийг харж байгаад тэр өвчинд тохирсон эмийг зохиож өгөх юм. Энэ мэт олон сонирхолтой ажил хийгдэж үр дүн нь гараад байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунболор: Аливаа донгийн цаана ямар нэг асуудал нуугдаж байдаг

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Д.Чулуунболортой ярилцлаа.


-Дон гэж юуг хэлээд байна вэ?

-Хэрэгцээний онол гэж байдаг л даа. Хүнд зайлшгүй шаардлагатай дөрвөн төрлийн хэрэгцээ бий.Бие махбодын, нийгмийн, сэтгэлзүй, оюун санааны гэсэн хэрэгцээ байна. Эдгээр хэрэгцээ аль аль нь хангагдаж байж хүн бие махбодын хувьд ч сэтгэцийн хувьд ч эрүүл байна. Зөв зүй тогтолтой явж байна гэж хэлж болно.Гэтэл бодит байдал дээр дээрх хэрэгцээний аль нэг нь дутагдалд орсноос болж тэнцвэртэй, тогтвортой байдал алдагдаж зан үйлийн өөрчлөлтүүд гарч эхэлдэг.Үүний нэг нь донтолт. Донтолт гэдэг нэг төрлийн эмгэг, өвчин юм.

-Хамгийн түгээмэл болон ховор донтолтын хэлбэрүүдээс дурдахгүй юу?

-Хүнд зайлшгүй шаардлагатай 500 гаруй хэрэгцээ бий гэсэн судалгаа байна. Донтолт дотроо маш олон төрөл. Зан үйлийн холбоотой юу, эмгэгтэй холбоотой юу гэдгээрээ ялгаатай. Архинд донтох, тамхинд донтох нь сэтгэцийн эмгэгтэй холбоотой дон юм. Согтууруулах ундааг бид базаад архи гэдэг үгээр төлөөлүүлээд байна ш дээ.Тэрнээс биш архи гэдэг үгийн дор бүх төрлийн цагаан архи, шар айраг, вино төдийгүй айрагны дон хүртэл орно.Манайд л согтууруулах ундаа гэсэн ерөнхий нэрээр явдаг болохоос бусад оронд шар айраг, вино, цагаан архины дон гэж тусгайлан авч үздэг.Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 1987-2013 оны хооронд хийсэн судалгааг харахад архинд донтох иргэдийн тоо 40 гаруй хувиар нэмэгдсэн байсан. Үүнээс хойш тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Манайд хандсан үйлчлүүлэгчдийн 80 орчим хувийг архи, тамхинд донтсон хүмүүс эзэлж байна.

-Айраг их уухыг донтолтын хэлбэрт авч үздэг гэж үү?

-Намрын айраг 25 градус хүртэл исдэг. Тэгвэл хэдэн градустай ундааг хэдий хэмжээний уух нь бүгд стандарттай. Ер нь донтолт дангаараа байдаггүй. Өөр донтой хавсарна. Тамхины донтой ч юм уу хавсарна.Монгол Улсын хуульд хоёр градус буюу алкоголиос дээш алкогол агуулсан бол согтууруулах ундаанд тооцно гэсэн байдаг. Тэгэхээр намрын айраг цаг үетэйгээ эсвэл исгэж буй зүйлтэйгээ холбоотой юм уу, 25 градус хүртэл исдэг. Тиймээс хүн ямар төрлийн зүйлийг яаж, ямар хэмжээгээр хэрэглэхээ өөрсдөө бодох хэрэгтэй.Цагаан архи 30 мл, шар айраг 280 мл, дарс 120 мл зэрэг нэг удаагийн уух тун гэж бий.Хүн нэг удаадаа хэрэглэхдээ хоёроос илүүгүй стандартыг л хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ энэ хэмжээнээс хэтэрвэл харилцаанд өөрчлөлт орж хяналтаа алдана, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гээд өөрчлөлтүүд гарч ирдэг.Тиймээс онолын хувьд бол намрын айргийг нэг удаад 120 мл уух ёстой. Үүнээс их уугаад хүмүүс согтоод байна шүү дээ. Хувийн онцлог чанар байна. Монголжуу шар арьстай хүмүүсийн биед алкогол задалдаг пермент бага агуулагддаг. Харин европ хүнийх 4-5 дахин илүү байдаг. Тийм учраас монгол хүн гаднаас орж ирж буй согтууруулах ундааг задлах, шингээх чадвар муу байдаг нь донтох хэлбэрийн эмгэг үүсгэх гол хүчин зүйл болдог.Тэгэхээр эд ууж байхад би яагаад болохгүй гэх байдлаар хандаж болохгүй нь.

-Сэтгэцэд нөлөөлөх бодис буюу хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүс танай Наркологийн эмнэлэгт хэр ханддаг вэ?

-Архинд донтох эмгэгээс гадна сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын дон биднийг түгшээж байна. Янз бүрийн мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг болж. Энэхүү сэтгэцэд нөлөөтэй бодис хүний биед хамгийн хор нөлөөтэй. Эрүүл мэндээс гадна энэ төрлийн бодисоо маш өндөр үнээр худалдаж авдаг учраас мөнгө олохын тулд хулгай хийх, хүн алахаас буцахгүй байдалд хүрч гэмт хэрэг үйлддэг. Хэдий хугацаагаар яаж хэрэглэж байгаагаас шалтгаалаад эрүүл биегүй болсон байдаг.Эдгэрэлт маш муу. Таван хувь ч хүрдэггүй. Эмчлүүлэх хүсэл сонирхолтой, донтох эмгэгтэй болсон юм байна, зайлшгүй эрүүл мэндээ бодох хэрэгтэй болсон гэдгийг ойлгох нь маш чухал. Тэр чинээгээр эмчилгээний үр дүн сайн гарна. Тэрнээс биш өөрөө дургүй, албадлага, шахалтаар эмчилгээ хийлгэх юм бол ямар ч үр дүнгүй. Эмчилгээг оюун санаа, сэтгэл зүй гээд цогцоор нь хийнэ. Үзлэг, оношилгоо хийж ямар эмчилгээ хийх үү гэдгээ тогтооно. Тогтвортой байдалд орохын тулд маш удаан хугацаа зарцуулагддаг. Эмнэлэгт хандах тал дээр бол хаалттай. Хуулиараа хориотой зүйл учраас сэтгэцэд нөлөөлөх бодист донтсон хүмүүс хэзээ ч эмчид ханддаггүй. Хүнд хэлдэггүй.Үнэхээр хүнд шатандаа орсон үедээ л эмнэлэгт ханддаг.Зарим нь эмнэлэгт хандахгүй явсаар байгаад амиа алддаг. Өдөр болгон толгой дараалаад ирээд байхгүй.Эмнэлэг гэхээсээ илүүтэй Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээ хамгаалъя гэх нийгэмлэгт ханддаг байгаа юм. Эмээх айдастай учраас тэр болгон эмнэлэгт хандахгүй л дээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд болохоор хар тамхи тээвэрлэсэн, хэрэглэсэн, санамсаргүй байдлаар хилээр авч гарахыг завдсан зэрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн сэтгэцийн эмгэгийг тодруулахын тулд зайлшгүй бүртгэж шинжилгээ авдаг учраас өссөн тоог харж болох юм билээ.

-Тэгвэл ховор тохиолддог, хүмүүс тэр болгон мэддэггүй донтолтын хэлбэр бий юү?

-Мөрийтэй тоглоом, интернэт тоглоомонд донтох, ухаалаг утас, компьютер, зурагтад донтох зэрэг зан үйлийн өөрчлөлттэй холбоотой маш олон донтолтууд байна. Шатаахын дон, хулгай хийхийн дон зэрэг сэтгэцийн эмгэгтэй холбоотой донтолтууд эзлэх хувь бол харьцангуй бага. Юм шатаахын донг ховор тохиолдол гэж хэлж болно. Ер нь нийгмийн хөгжлөөс хамааралтай хүний санаанд оромгүй донгууд илрэх тохиолдол бий.

-Сүүлийн үед бараг хүн болгон ухаалаг утаснаас ямар нэг байдлаар хамааралтай боллоо. Энэ нь бас нэгэн төрлийн дон гэх юм. Утас удаан хугацаагаар ашиглахыг дон гэж ойлгож болох уу?

-Нэг хэсэг бид PC тоглоомын газар хүүхдүүд хонож тоглож донтож байна гэж их анхааруулдаг байсан.Тэгвэл өнөөдөр энэ байдал арай өөр хэлбэрт орж гэртээ тоглож, гар утсанд том, багагүй донтож байна. Гар утас хүрээлэн буй орчноос тийм чухал уу, үгүй юү гэдэг асуулт тулгамдаж байна.Ухаалаг утсанд донтсон өсвөр насныхан хичээлээ таслах, үе тэнгийнхнээсээ харилцаагаа таслах, зан авир өөрчлөгдөх, элдэв гэмт хэрэгт орооцолдох зэрэг сөрөг нөлөөлөл их ажиглагдах болсон. Томчууд найзтайгаа хэдэн минут ярихын тулд бага насны хүүхдэдээ утсаа өгч тоглоом, дуу тавьж өгөх байдал маш түгээмэл. Гар утасны туяа маш их хортой. Томчууд ч гэсэн ухаалаг утсанд донтсоноос болж ажилдаа явахгүй халагдах, гэр бүлдээ хүйтэн хөндий харилцаатай болох, айх, сэтгэн бодох чадвар нь буурах гээд янз бүрийн сөрөг нөлөө илэрдэг. Амьдралын чухал асуудлаас нь илүү нэгдүгээрт утас орж ирж байна шүү дээ.Дэлгэцийн дон гээд байгаа.Сэлфидэж өөрийнхөө төгс дүр төрхийг гаргаж авахын тулд янз бүрийн байрлалаар зургаа дарах. Тэр нь таалагдахгүй бол эцэстээ өөрийгөө голох, сэтгэл гутралд орох, бухимдах, бусдыг үзэн ядах зэрэг юу ч хийж болзошгүй байдал руу түлхдэг. Зурагтын дон байна.Гэр бүлдээ анхаардаггүй, гэрээ цэвэрлэдэггүй, ээж, аавтайгаа ярих сэтгэлээ нээх гэсэн асуудлыг сонсдоггүй.Аливаа юмны хэм хэмжээ хязгаар хэтэрсэн тохиолдолд дон болдог, эмгэг үүсдэг.Ялангуяа дээрх тохиолдлууд амьдралын хэвшилтэй холбоотой юм.

-Хамгийн эрсдэлтэй нь хайрын дон гэж сонссон.Хайрлах, дурлах нь хүний сэтгэл зүйтэй бүрэн холбоотой биз дээ?

-Хайрын донг бие хүний эмгэг талаас нь авч үзнэ л дээ. Би хэн бэ гэдгээ таних нь чухал. Өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл сонирхол, амьдралын мөрөөдөлтэй хүн аливаа зүйлд сатаарах нь бага. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд шат дараатайгаар тэмцэж байдаг. Харин өөрийгөө таньж мэдээгүй хүн бол аливаа зүйлд хөтлөгдөхөд амархан. Ялангуяа өсвөр насныхны дунд нэг хүнтэй үерхэж байгаад салаагүй байж дараагийн хүнтэй уулзах зэрэг тохиолдол байж болно.Хайрын дон гэж ярьдаг л даа.Хэн нэгэнд ухаангүй дурлаж араас нь хэдэн хоног гүйх, хайраа ямар нэг эрсдэлтэй байдлаар илэрхийлэх байдал цөөнгүй. Магадгүй хэн нэгэнд дурлаж бүтэлгүйтсэнээс болж амиа хорлох дээрээ тулна. Донгуудаас хамгийн эрсдэлтэй нь хайрын дон гэж үздэг. Сэтгэл зүйн хувьд их хөнгөн хийсвэр байдаг учраас ямар ч алхам хийж мэднэ. Гэхдээ тийм хүүхдийг эрсдэлт бүлгийн хүүхэд гэж тооцно.

-Яагаад?

-Энэ төрлийн хүүхдийг таньж ажиллах хэрэгтэй. Тийм хүүхдэд ингэж болно, тэгж болохгүй гэсэн дэнс хэрэгтэй байна. Хүүхдийн гэр бүл, амьдралыг судлах ёстой. Тэр хүүхэд оюун санааны, сэтгэл зүйн байнгын хүчирхийлэлд өртдөг үү, дарамтад байдаг уу, хэрэгцээ хангагдаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй.Ямарваа нэг хэрэгцээ дутагдсаны үндсэн дээр тэр хэрэгцээгээ нөхөхийн тулд өөр зүйлээр орлуулах, сатаарах байдал ажиглагддаг. Үүнээсээ таашаал авдаг байж болно. Гэр бүлд нь хайр энэрэл дутагддаг бол өөр хэн нэгнээр хайрлуулахыг хүсдэг.Үүнийгээ буруу илэрхийлдэг.Ер нь ямар ч донгийн цаана ямар нэг асуудал нуугдаж байдаг. Түүнийг олж илрүүлэх, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Тэгж байж урьдчилан сэргийлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Сэхээтэн, оюунлаг хүмүүс нь хар тамхи хэрэглээд эхэлбэл улс орон мөхдөг түүх бий

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулахчиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож дууслаа.

Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, энэ асуудлыг анхаардаг агентлаг, яам, сайд, дарга нараас хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал дээр зовоож байгаа зүйл бол хандлага байгаа. Жилээс жилд хэрэглэгчдийн тоо өсч байна. Хил гааль ийм чөлөөтэй болчихсон үед цаашдаа нэмэгдэнэ. Сэхээтэн, оюунлаг хүмүүс нь үүнийг хэрэглээд эхэлбэл улс орон мөхдөг түүх байна. Тиймээс энэ тэмцэлд зарчмын байр суурь барьж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Улстөрчдийн хүүхдүүд гэмт хэрэгт орооцолдсон, амиа хорлосон гэх юм. Үнэн ч юм уу худлаа ч юм уу. Хар тамхи гэр бүл, найз нөхдийн харьцааг сүйтгэж байна. Тиймээс хар тамхитай тэмцэх тэмцлийг бага дээр нь дарах ёстой. Хөрш орнуудаас голчлон дамжиж орж ирж байгаа байх. Энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Шөнийн цагаар ажилладаг баар цэнгээний газрууд үүнийг даамжруулаад байх шиг байна. Энэ байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа хөшүүрэг байгаа юу.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Зөөвөрлөөд байгаа хар тамхи хоёр хөршөөр л орж ирж байгаа. 80 орчим хувь нь урд хөршөөс, үлдсэн хувь нь ОХУ-аас орж ирж байгаа. Гурван жилийн өмнө Солонгосоос дамжин өнгөрөх явдал байсан. Хөрш улсуудтай хэрхэн харьцаж байна вэ гэсэн асуудал дээр Хөх хоттой хамтарч ажиллаж байгаа. Тодорхой хугацаанд мэдээ, мэдээллээ солилцдог. Мөн тэдний мэдээлэл дээр үндэслэн хар тамхи зөөвөрлөж байгаа бүлэглэлүүдийг тогтоож илрүүлэх хамтын ажиллагаа явагдаж байгаа.

Хил орчмын байгууллагуудтай хамтарч байна. Эхний ээлжинд мэдээ, мэдээлэл солилцох тал дээр л ажиллаж байна. Боловсон хүчнийг сургах асуудал хамтын ажиллагаан дээр явагдаж байгаа. Диско баарны эздийн зүгээс мэдээлэл ирээд байдаггүй. Хар тамхинаас үүдээд хүний биед ямар өөрчлөлт орох, гэмт хэрэгт орооцолдож болох тал дээр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: Хар тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд Колумбын хөтөлбөрийг барья гэсэн бодлого баримталж байгаа. Ялангуяа боловсролын системд сурч байгаа өсвөр насны хүүхдүүдийн хувьд мансууруулах бодистой тэмцэх хичээлийн программыг оруулаад явахаар тооцсон байгаа. Колумбын хөтөлбөрт орчихвол 16 багц урьдчилан сэргийлэх янз бүрийн чиглэлээр байгууллагуудын ажилчдад сургалтууд явуулах зэрэг ажлууд хийгдээд явна. Сэтгэхүйтэй ажиллавал таван хувь л эдгэрдэг өвчин. Тиймээс урьдчилан сэргийлэх л чухал.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Өмнө нь баячуудын хүүхэд ихэвчлэн хэрэглэдэг. Ял авсан ч тэнсэн аваад гараад ирдэг байсан. Үүнийг өөрчилж байгаа. Үнэхээр гэмшээд илчилсэн хүн байвал ялыг хөнгөлөх бодлогыг оруулж өгсөн. Ер нь бол уян хатан, цаашид дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээг авсан. Бидний ярьж байгаа санал бодол маань ирэх долоо хоногт шийдэгдэнэ. Мөн энэ тал дээр зарцуулах мөнгө хөрөнгөний хэмжээ тодорхой болох байх. Цаашдаа ДОХ гэдэг зүйлийг ярьсаар байгаад жигшүүлсэн шиг хар тамхийг ч бүх нийтээрээ хамтран жигшүүлэх байх гэж найдаж байна гэв.

Үүний дараа Засгийн газарт асуулга тавьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ: Миний тавьсан асуулгын хариуг ингэж судалж, хэлэлцүүлэг хийж байгаад талархаж байна. Энэ бол ноцтой асуудал. 2016 онд 48, одоогийн байдлаар 51 тохиолдол бүртгэгдээд байна. Тоо баримтаас харахад цаашид ч өсөх хандлагатай байна. Хуучин энэ гэмт хэрэг 10-15 жилийн ялтай байсан. Өмнө нь кг хар тамхи бэлдэж, хадгалсан бол 10 жилийн ял өгдөг байсан. Энэ хуулиар таван жил болжээ гэж байв.

Асуулгын хариуг сонссоноор өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Насны хишгийг зургадугаар сарын 25-наас олгоно

Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгож эхэлсэн.

Сар шинийн баярын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөжээ.

2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: 2010 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байгаа юм.

Хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өгч байна. Асуулгатай холбогдуулан гишүүд асуулга тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Мансууруулах бодис дэлхий нийтийн анхааралд байдаг том асуудал. Манай улс хар тамхийг зөөвөрлөгч, тээвэрлэгч орны тоонд багтдаг байсан. Одоо хэрэглэгч орны тоонд орсон гэж байгаа нь харамсалтай мэдээ байна. Мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ өсвөр үе, залуу насны хүүхдүүдэд тархаж байгаа нь бидний сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Тэгэхээр манай улс 2007 онд дэлхий нийтийн гаргасан хууль тогтоомж, гэрээнд өөрийн улсын адил нэгдэн орно гэж гарын үсэг зурсан байдаг.

Гадны улс орнуудад урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх ажлыг сайн хийдэг юм билээ. Энэ талаар гадны улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ, хил дээр ганц нохойноос өөр тоног төхөөрөмж байна уу. Допинг, хар тамхийг илрүүлэх улсын лаборатори манайд байдаггүй. Үүнийг бий болгох судалгаа, зорилт байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай улсад нэг хүндрэлтэй зүйл байдаг нь хар тамхи худалдаж, борлуулсан этгээдэд оногдуулах ял шийтгэл бага байна. Тиймээс танай улсад ялтан шилжүүлэх боломж муу байна гэж ярьдаг. Тэгэхээр сая батлагдсан Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн учир энэ тал дээр тодорхой арга хэмжээ авах бололцоотой болно. Сүүлийн 2010 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарч байгаа. Үүнд 18-25 насны залуус илүү хэрэглэгч болж байна гэсэн тоо биднийг түгшээж байгаа.

Хар тамхины хор нөлөөг өсвөр насныханд таниулах, сурталчлах, ухамсарлуулах үйл ажиллагааг хийж, зорилтоо тодорхойлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрэмжлүүлэх, болгоомжлуулах гэхээсээ илүү шохоорхох, сонирхох чиглэл рүү нь сенсаацлах явдал гарч байна. Болгоомжлуулах байтал тэр сургуулийн хүүхдүүд ангиараа хэрэглэжээ гэсэн мэдээ явахаар бид бас хоцорчихсон юм биш байгаа гэж сонирхох хандлага үүсч байна.

Цагдаагийн байгууллагад энэ талаар судалгаа хийгдсэн байдаг. Бодит байдал дээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 1100 хүний бүртгэл байдаг. Нэг хүний ард таван хүн байдаг гэвэл 5-6 мянган хүн гэж бид тооцоолж байгаа. Гэтэл жар, далан мянган хүн хэрэглэдэг, дунд сургуулийн анги болгон хэрэглэж байна гээд шуугиад байхаар хүүхдүүд “бид хоцорчихсон юм биш байгаа” гэж бодох эрсдэлд оруулж байна.

Тоног төхөөрөмж, лабораторийн хувьд хүндрэлтэй байгаа. Хил дээр рентген төхөөрөмж тавихаас гадна оруулж ирэхдээ бараандаа нуух, биедээ тээх асуудлууд байгаа. Биедээ тээсэн тохиолдолд рентген туяагаар илэрдэг. Ачаа бараандаа нуусан бол нэлээн нарийн тоног төхөөрөмж хэрэглэхээс аргагүй болдог. Гэтэл аль аль нь манайд хангалттай биш.

Гадны байгууллагуудтай хамтарч ажиллах асуудал дээр бид Интерпол, Хятад улсын Нийгмийн аюулаас хамгаалах яам, Солонгос зэрэг улсуудтай хамтрах чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал Солонгосын Ерөнхий прокурорын Мансууруулах бодистой тэмцэх албаныхан өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн. Нийтдээ 337 сая воны санхүүжилттэй төслийг ойрын үед эхлүүлэхээр болсон байгаа. Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яаманд лабораторийн талын, гэмт хэргийг илрүүлэх тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олгооч гэсэн санал тавьсан байгаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс бидэнд тодорхой дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яг хар тамхи гэдгийг НҮБ-аар тодорхойлсон байдаг. Сэтгэцэд нөлөөлөх бодис янз бүр байдаг. Сэтгэцэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэх мэт. Түүнээс хамаараад ял шийтгэл янз бүр байдаг. Гэтэл таны энэ хуулийн бодлогын орж байгаа зүйл дээр хар тамхитай холбоотой заалт, санкц алга. Та үүнтэй санал нийлэх үү. Худалдан борлуулсан бол 2-8 жил цаад тал нь 12 жил гэж байна. Хуучин 2002 оны хуулин дээр хэд байсан юм бэ. Одоо хэд болгочихоод байгаа юм бэ. Үүн дээр маш тодорхой хариулж өгөөч Хууль зүйн сайд аа. Ер нь хар тамхи ургамлын гаралтай, химийн гаралтай гэж хоёр янз байдаг. Мансууруулдаг ургамал гэж юуг хэлээд байгааг би бас ойлгохгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай О.Баасанхүү гишүүн маань мушгихдаа, мурихдаа, гөрдөхдөө сайн л даа. Бас л мушгиж, гөрддөгөөрөө л хандаж байна. Хар тамхи гэж бичээгүй болохоор энэ хууль чинь хар тамхи хэрэглэхийг өршөөчихсөн, ялын бодлогыг хөнгөлчихсөн гэж хэлэх гээд байх шиг байна. Битгий тэгж мушгиж бай л даа та. НҮБ-ын мансуурах тухай конвенцед Монгол Улс 1990 онд элссэн. Сэтгэцэд нөлөөлөх тухай конвенцед 1999 онд нэгдсэн. Хууль бус хэрэглээтэй тэмцэх конвенцид 2001 онд нэгдсэн. Олон улсын нэр томъёо нь хар тамхи биш мансууруулах бодис гэж байдаг. 2002 онд баталсан хуулинд ч энэ нэр томъёо байгаа. Энэ хуулинд үйлдэл, шинж тэмдгээр нь маш нарийн зүйлчлээд өгсөн байгаа. Дээрээс нь үйлдэлд нь тохирох ялыг дотор нь зааглаад өгсөн байгаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлага Шилэн дансны хууль хэрэгжүүлэхдээ хойрго

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Уг арга хэмжээнд Сангийн яам, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж уулзалтыг нээж хэлэхдээ “Өнөөдөр бид энд хоёр зүйлийн талаар хэлэлцэнэ. Нэгд, Орон нутгийн хөгжлийн сангийн өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар, хоёрт, Шилэн дансны хуулийн 2016 оны хэрэгжилтийн талаар ярилцана.

Энэ хоёр ажил хоёулаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулагдаж, өргөн баригдаж, батлагдан хэрэгжсэн. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, ийнхүү нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах бодлого 2009 оноос хэрэгжсэн. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны мөрийн хөтөлбөрийн гол хэсэг байсан. 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн хуульд өөрчлөлт орж энэ хууль батлагдсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн гол зарчим нь аймаг, сум, баг, хороо, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, хөгжлийн индекс зэрэг үзүүлэлтэд тулгуурлаж хөрөнгө хуваарилдаг. Дарга нарын үзэгний үзүүрээс үл хамаарсан хуваарилалтын тогтолцоо хамгийн зөв байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 1998 онд Ерөнхий сайд байхад ярилцаж байсан. Түүнийг ингэж сүүлд ажил хэрэг болгосон.

Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг тодорхой болгохын тулд НӨАТ-ын 15 хувь, ашигт малтмалын нөөцийн албан татварын 5 хувийг оруулж байхаар тусгасан. Хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн.

Эхний жилдээ 2013 онд 190 орчим тэрбум төгрөгийг аймгаас сум руу хуваарилсан. Үүнээс өмнө аймгуудад ихдээ нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт аймгийн өөрийн хөрөнгөөр хийгддэг байсан. Суманд хөрөнгө оруулалтын эх үүсвэр байгаагүй.

2013 онд аймгуудад 8-9 тэрбум төгрөг, 3000 хүн амтай дундаж суманд 400-500 сая төгрөгийн хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд хэрхэн зарцуулахад иргэдийн оролцоог хангахаар хуульд тусгасан.

Сүүлийн дөрвөн жилээр авч үзэхэд 2013-2016 онд нийт 609 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байдаг. Үүгээр 18600 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн байна. Эндээс байгаль орчны чиглэлийн 2300 үйл ажиллагаа, аймаг, сумдын төвийн тохижилтод 2200 орчим арга хэмжээ хэрэгжсэн. Халуун усны 1377 газрыг шинээр байгуулж, засч сэлбэсэн. Шинээр байгуулсан, зассан цэцэрлэгийн тоо 700 гаруй болсон. Улсын хэмжээгээр 700 гаруй худаг шинээр гаргасан. Гэрэлтүүлгийн 600 орчим төсөл хэрэгжсэн. Эдгээр нь иргэдийн өөрсдийн шийдвэрээр хэрэгжсэн тул зайлшгүй шийдэх асуудлуудад түлхүү анхаарсан. Энэ нь хамгийн зөв хувилбар болсон.

Сүүлийн дөрвөн жилд аймаг, сумын төвүүд, хөдөө орон нутгийн амьдрал огт өөр болсон. Өнгө зассан. Аймгийн төвийн дийлэнх нь хот шиг болсон. Хот руу хөдөөнөөс шилжих биш, хотоос хөдөө рүү шилжих хүмүүсийн тоо анх удаа 50-60 хувь нэмэгдсэн. 2014 он хүртэл жилд 20 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирдэг байсан. Тэгэхэд 2015,2016 онд энэ тоо хоёр дахин багасч, 10-аад мянган хүн болж буурсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг орон нутгийн иргэд, компаниуд гүйцэтгэж орлоготой болж байгаа. Худалдан авалт хийгдэж орон нутагтаа орж байгаа татвар нь нэмэгддэг. Татвар нэмэгдэхээр сургууль, эмнэлгийн санхүүжилт саатахгүй хэвийн болдог. Үүгээрээ аймаг, орон нутгийн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг.

Иргэд асуудлаа өөрсдөө шийддэг энэ хувилбарыг хамгийн сайн хувилбар гэж үзэж байгаа ч судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь мэдээлэл муу байгааг шүүмжилсэн байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хуулийг санаачилж, батлуулж, хэрэгжүүлсэн. Энэ хуулийн төсөл хоёр жил УИХ -д саатсан. Нэг удаа буцаж байсан. УИХ-аар батлагдаж хэрэгжээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байна. Шилэн дансны хуулийн нэг гол ач холбогдол нь урьд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд л хяналт тавьж, өөрөө өөрийгөө хянадаг байсан бол Шилэн дансны хууль гарснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих шинэ соёл, боломжийг нээж өгсөн” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албаны хүмүүс үг хэллээ.

Орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны хууль нийт ард иргэдэд хамгийн хэрэгтэй хууль болсон ч харамсалтай нь сүүлийн үед төсвийн байдлаас болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хумигдаж, 2016 онд болсон УИХ-ын сонгуулийн дараагаас Шилэн дансны хуулийн хэрэгжилт 70 хувьтай болж буурсныг тэд хэлж байлаа. Тухайлбал, нийслэлд Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа ч Нийслэл дээр дүүргүүдээсээ тааруухан хэрэгжүүлж байгааг жишээ болгож байв.






Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр”-өөр хүүхдүүдийн дунд шохойн зургийн уралдаан болно

“Автомашингүй өдөр”-өөр хүүхдүүдийн дунд шохойн зургийн уралдаан болно“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Шохойн зургийн уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.