Categories
мэдээ цаг-үе

Б.Ангирмаа: Монголд продюсер маш их дутагдаж байгаа. Байлаа ч тэдний нүд хараа дутаж байна

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаатай ярилцлаа.


-Та хоёр ч шинэ цомгоо өлгийдөн авчээ. Цомогт тань ямар уран бүтээлүүд багтсан бол?

-“Өнгө аяс” болон “Удахгүй…” гэсэн хоёр ч цомог гаргалаа. Цомогт багтсан бүх дууг бүгдийг нь өөрөө дуулсан. “Өнгө аяс” цомогт миний бага насандаа зохиож байсан, дуулах дуртай дуунууд багтсан. “Чиний харцанд”, “Тайздаа би хайртай”, “Тал нутаг”, “Чагная”, “Бороо” зэрэг нийт 12 дуунаас бүтсэн. Харин “Удахгүй…” цомогтоо орчин цагийн хэмнэлтэй таван дуу оруулж өгсөн. Энэ цомгийг “Ocean grey” продакшнтай хамтарч хийсэн юм. Ер нь эхний цомог дахь дуунууд уянгын гэж хэлж болохоор бол удаахь нь хэмнэлтэй, хөдөлгөөнтэй, бүжиглэж болохоор дуунуудтай. Цомгоо хоёр оны зааг дээр бичүүлж бэлэн болгочихоод Германд хэвлүүлсэн. Мөн “Ирмүүн” студид цомгийнхоо зураг авалтыг хийлгэсэн.

-Та хамгийн сүүлийн цомгоо 17 жилийн өмнө гаргажээ. Энэ хугацаанд уран бүтээл гэхээсээ илүү продюсерийнхоо ажилд төвлөрөв үү?

-Миний хувьд 1998 онд “68”, 1999 онд “My love songs”, хамгийн сүүлд буюу 2000 онд “Angel” гэсэн цомог гаргаж байлаа. Харин түүнээс хойш нэг ч цомог гаргаагүй. Тэгэхээр миний “Өнгө аяс”, “Удахгүй…” цомгууд 17 жилийн дараа гарсан байна. Энэ хугацаанд би хувийн уран бүтээл, цомгийн ажил гэхээс илүү “Киви” хамтлаг болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Энэ хугацаанд тун завгүй байжээ гэж ойлгож болох юм. Ямартай ч одоогоор хоёр цомгийнхоо ард гарчихсан байгаадаа тун таатай байна. Миний хувьд цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлэхээр зэхэж байгаа. Үүнээс таван дууныхаа клипийг хийхээр ажилдаа орчихсон.

-Тоглолт хийх төлөвлөгөө бий юү. Мэдээж үзэгч, сонсогчдын хувьд тоглолт хийх болов уу гэсэн битүүхэн хүлээлт байгаа байх?

-Мэдээж тоглолт хийх бодолтой байгаа. Гэхдээ энэ жил эсвэл ирэх жил хийх үү гэдэгтээ эргэлзээд байна л даа. Хэзээ хийх тухайгаа бодоод л явна. Санаж явбал бүтнэ гэдэгчлэн удахгүй тоглолтын сураг дуулдах байх гэдэгт итгэлтэй байна.

-Хамгийн анх тайзнаа гарч байсан үеэ дурсаач?

-“Ая дууны жигүүр” гээд уралдаанд оролцсон минь миний анхны тайз болсон л доо. Туранхай, жижигхэн, маш их сандарчихсан тийм л охин зориг гаргаад л тайзнаа гарч байсан санагдаж байна. Тэрхүү тэмцээнийхээ гуравдугаар байрт орж байсан шүү. Түүнээс хойш дуунуудаа улам их зохиож “Бороо”, “Намайг Ангирмаа гэдэг” гэсэн тоглолтуудаа хийж байлаа.

-Гэр бүлийнхэн тань таныг урлагийн хүн болно гэхэд хэр их дэмждэг байв?

-Миний гэр бүлийнхэн намайг ёстой л хоёр гараа өргөн дэмжиж ирсэн шүү. Ямар сайндаа л төгөлдөр хуур авч өгөхөв дээ. Гэр бүлийнхэн минь урлагийн мэдрэмжтэйн дээр надад байгалиас багахан авьяас заяасан болов уу. Энэ бүхэн намайг багаасаа л чамлахааргүй хэдэн дуу зохиоход нөлөөлсөн гэж боддог. Мөн зургаан настайдаа л дөрвөн мөрт бичдэг байлаа. Түүнээс хойш зогсолтгүй л хөдөлмөрлөж, уран бүтээлийн олз, омог дүүрэн явна.

Эргээд бодоход гэр бүлийнхэн минь надад ямар дуу сонсох ёстой вэ гэдгийг хүртэл зааж өгч байсан. Мөн энэ хүн шиг дуучин бол, хөгжим зохио гэх мэтээр үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг байлаа. Ээж, аав хоёрынхоо үгээр явсаар л өдий зэрэгтэй явна даа. Тэр хоёр минь миний уран бүтээлтэй салшгүй холбоотой.

-Та ээж, аавыгаа хамгийн их баярлуулж байсан мөчөөсөө хуваалцаач?

-Хамгийн анх телевизээр гарч ээж, аавыгаа баярлуулж байсан юм байна. “Миний охин телевизээр гарч байна” гээд л жигтэйхэн баярлаж билээ. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэг л дээ. Харин дараа нь анхны цомгоо гаргаж баярлуулсан даа. Мөн багадаа төгөлдөр хуур оролдож сураад, дуу зохиож эхлэхэд урмын үгээр мялааж байсан. Энэ мэтчилэн миний анхны гэсэн бүх зүйлд баярлаж, улам хөгжүүлэхийн төлөө хичээдэг байв. Ер нь хүний эцэг, эх гэдэг үр хүүхдээ хөдөлмөрч, аливаад оролдлоготой бүтээлч байх тусам улам л хурцалж, илүүг хийх урам зориг өгдөг гэдэгтэй санал нийлдэг шүү.

-Таны ахыг хөгжмийн зохиолч, МУУГЗ Б.Долгион гэдгийг мэдэхгүй хүн ховор болов уу. Мэдээж уран бүтээлийн тал дээр ахын хувиар заавар, зөвлөгөө өгнө биз?

-Нандин нандин зөвлөгөө өгөлгүй яахав. Ямар дуу сонсох, дуулах ёстой талаар маш их зөвлөнө. Уран бүтээлч гэлтгүй хувь хүн талаасаа биеэ яаж авч явах, хүнтэй боловсон харьцах, даруу төлөв байх, өөртөө итгэлтэй, дайчин хөдөлмөрч байх гээд л сайн сайхан бүхнийг Долгион ах л зааж, сургаж байлаа. Би Долгион ахаараа маш их бахархдаг. Одоог хүртэл хөдөлмөрлөөд цэнхэр дэлгэцээрээ үзэгч олонтойгоо уулзаж байгаад нь бахархахгүй байхын аргагүй. Ах минь зөв бодол, хандлагатай хүн учраас их зүйлсийг суралцдаг даа.

-Та гэр бүл зохиосон уу. Гэр бүл зохиох тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Би гэр бүл зохиогоогүй. Одоогоор бол ганц бие байгаа. Гэхдээ зохиох хэмжээнд бол явж байсан. Мэдээж үерхэж, нөхөрлөх зүйл байлгүй яахав.

-Та “Киви” хамтлагтай хамтран ажиллаж байгаа юу?

-Одоо бол би өөрийнхөө уран бүтээлд анхаарлаа хандуулаад байгаа. Мөн “Nar¬ure sound” студид багшилдаг учраас зав, зай тун бага олдох юм. Харин “Киви” хамтлагийн гишүүд ээж болцгоочихсон, нялх хүүхдүүдтэй байгаа учраас уран бүтээлдээ хараахан орж чадахгүй байгаа. Хүүхдүүд нь эхлээд өсөг л дөө. Тэр үед л бид уран бүтээлдээ шаргуу орох хэрэгтэй. Гэхдээ ямартай ч ирэх намраас уран бүтээлийн ажилдаа орж, тоглолт хийх байх.

-“Киви” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн ороод ямар төлөвлөгөөгөөр ажиллах вэ. Дууны сонголт, төрөл жанр зэрэгт өөрчлөлт орох болов уу?

-Ер нь бид заавал энэ чиглэлээр дуулъя гэсэн зүйл байдаггүй. Тухайн үед ярилцаж байгаад л дуулах дуугаа сонгодог. Ер нь ярилцаж байгаад болчихдог доо. Түүнээс айхтар төлөвлөгөө гаргаж ажилладаггүй.

-Одоогоор “Камертон”, “Номин талст” шиг сонсогчдыг байлдан дагуулсан эрэгтэй хамтлаг дуучид цөөрсөн юм шиг санагддаг. Таны хувьд “Киви” хамтлаг шиг тэсрэлт хийсэн эрэгтэй дуучдын хамтлаг байгуулах бодолтой байдаг уу?

-“Киви” бол цор ганц. Цор ганц л байх ёстой. “Киви”-г дуурайж өөр ямар нэгэн хамтлаг байгуулах бодол байхгүй. Яахав, зарим тохиолдолд шинэ, залуу дуучдын уран бүтээлд тусалдаг. Түүнээс яг хамтарсан зүйл бол байхгүй. Эрэгтэй хамтлаг дуучдын хувьд мэдээж цус сэлбэлт хэрэгтэй. Одоо дуулах сонирхолтой залууст зориулсан уралдаан тэмцээн их болдог болсон байна. Үүгээр дамжуулж залуучууд өөрсдөө гарч ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхний дэмжлэг, санхүүжилт чухал үүрэгтэй байдаг. Багш нарын ч дэмжлэг чухал л даа. Миний харж байгаагаар Монголд продюсер маш их дутагдаж байгаа. Байлаа ч тэдний нүд хараа дутаж байна. Авьяаслаг залуучуудыг сонгож, шалгаруулж гаргаж ирэх хэрэгтэй л дээ.

-Та багаасаа ямар хамтлаг дуучдын уран бүтээлийг илүүтэй сонсдог байв?

-Би Долгион ахын хамтлаг болох “Инээмсэглэл”-ийн дуунуудад маш их дуртай. Хоолойны тембр, хоршилт, дууны сонголт зэрэг үнэхээр таалагддаг. Би “Инээмсэглэл”-ээр хүмүүжсэн хүн юм шүү дээ. Харин гадны уран бүтээлчдээс гэвэл гоё, сайхан дуунуудыг бүгдийг нь сонсдог. Ер нь миний хувьд гоё үгтэй, гэгээлэг, тэмүүлэлтэй дуунууд дуулах бас сонсох таатай санагддаг. Бүтэлгүй, мөнх бус хайрыг өгүүлсэн дуу сонсох дургүй. Мөн алаан, хядаан цус, нөж болсон сөрөг энергитэй кино үзэж чаддаггүй.

-Та мэргэжлийн хүний хувьд Монголын хамгийн сайн дуучнаар хэнийг нэрлэх вэ?

-Би Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн фен л дээ. Бас маш сайн найзууд. 1993 оноос эхлэн найзалж байна. Сараатай ажиллахад үнэхээр урамтай. Дууг ойлгож, мэдэрч дуулдаг. Бас хоолойд нь дуртай. Их гоё тослог. Надад их гоё нандин сонсогддог юм. Тиймдээ ч Сараадаа дуу зохиож өгөх дуртай. Хоолойны хүч чадал гэхээсээ илүү хүний чихэнд наалдаж сонсогдох нь чухал байдаг. Би тийм хоолойнд дуртай хүний нэг л дээ. Түүнээс орилоод, хашгираад байх нь таатай биш. Гэхдээ ер нь манай монголчууд үнэхээр авьаяслаг, маш мэдрэмжтэй хүмүүс. Сайхан дууг сайн дуулдаг дуучин ард түмэн шүү дээ. Үг, аялгуу нь нийцсэн сайхан дуунууд олон бий гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ нь надад маш сайхан санагддаг даа.

-“Nature sound” студид багшилж байгаа тухайгаа та дээр дурдсан. Ер нь шавь нартаа ихэвчлэн юу гэж зааж зөвлөдөг вэ?

-Залуучууд дуулж л байх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр сайн дуучин болох зэрэг нь өөрөөс нь маш их шалтгаална. Чармайлттай, хөдөлмөрч байж чадвал сайн дуучин л болно. Үүнд бол эргэлзэхгүй байна. Тэгэхээр үүнийг л шавь нартаа хэлдэг.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох

Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох. Гэхдээ ямар хүнээ экспортлох вэ гэдэг дээр цензур тавигдана. Ялангуяа чөлөөт болон жүдо бөх, боксын тамирчдаа дэлхийн зах зээлд гаргаж мөнгө болгох боломж бий. Мөн сүмо, самбо, дүрэмгүй тулаан, цэрэг арми гэх мэтээр тэмцэх чадвар шаардсан аль болох хүчний салбарын хүмүүсийг экспортлох, хөрөнгөтөн орнуудад хөлслүүлэх ажлыг монголчууд ганц сайн хийж чадна.

Нэгэнтээ эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэргээ, эргэлт буцалтгүйгээр их спортод хөл тавсан эрхмүүдээ ингэж л сайн сайхан амьдралтай нь залгуулах хэрэгтэй санагдана. Аль ч оронд очсон манай спортынхныг булаацалдаад авах учраас зах зээл бэлэн. Эргээд энд үлдсэн хэддээ олсон хэдээсээ илүүчлэх байдлаар нэгийн ард нэлээд хэдэн хүний амьдрал тэгшрээд ирэх болов уу. Вальютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэдэг улс эх орны эдийн засагт ч тустай. Ингэж шинэ жишиг, шинэ имиж тогтоох хэрэгтэй байна. Мөнгөгүйн гачланд байсан тэд юм юмны захад хүрч тэмцээн уралдаанд оролцоод ирэхээрээ тив дэлхийг донсолгосон амьд домог ч болох юм бил үү. Тамирчны амжилт түмний нүдэн дээр ил байдаг учраас өөр улсын нэр дээрээс боссон ч ард нь Монгол гэдэг нэр л цуурайтдагийг бид олонтаа харж байгаа.

Хүн хүчээ экспортлох жишгийн зах зухаас дурдвал, цэрэг армийн талбарт Коморын арал Франц хоорондын жишээ байна. Анх 1831 онд Луи хаан улсаа хамгаалахын тулд хөлсний цэргүүдээс бүрдсэн легионы анги байгуулсан нь одоо ч олон улсад зэвсэгт мөргөлдөөнийг дарах, энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж дэлхийд Францын эрх ашгийг хамгаалж байгаа. Коморын аралд хөвгүүн төрөхөд Францын легионд ажлын байр нь бэлэн байдаг гэх хэлц яриа хүртэл тэр хавьд тархсан. Өнөө цагт францчууд 130 гаруй орны шилдэг эрчүүдээр улсынхаа эрх ашгийг хамгаалуулж байна. Монголын 50 гаруй цэрэг эр ч Францын төлөө амиа үл хайрлан тэмцэхээр тангараг өргөсөн байдаг. Зургаан мянган ам.долларын цалинтай болохоор бусдын нутгийг, бусдын эхнэр хүүхдийг хамгаалах үүрэг хүлээж байгаа юм. Бас цэрэг армийнхаа хүчийг зарж хөрөнгөжсөн орны тоонд Швейцарь зүй ёсоор орно. Энэ бизнес нь XIV зуунаас эхлэлтэй бөгөөд Швейцарийн ихэнх эрчүүд хөлсний цэрэг, үлдсэн нь дээрэмчид байсан гэдэг. Цаг хугацааны эрхээр бусдын хөрөнгийг хамгаалагч болж өнөөдрийн имижээ бүрдүүлсэн байна.

Энэтхэгийн кинонд гардаг, кино од сайхан бүсгүйчүүд нь бүгд л ойролцоохь орнуудаас гэрээгээр ирдгийг хүмүүс гадарлах байх. Ажиллах хүчний импортлогчдын талбарт Өмнөд Солонгосын жишээг монголчууд сайн мэднэ. Дээр нь Кувэйтийн иргэд 1980 он гэхэд хар бор ажил хийхээ больчихсон байсан. Бас Европын улс хооронд хөлбөмбөгийн тамирчид адуу мал шиг зарагдаж байдгийг ч бид ярьдаг. Челсигээс зарагдсан, мөнгө дагасан тамирчдын төлөөлөл Жош Макикран, Тибо Куртуа, Сэм Хатчинсон, Гаэль Какута гээд олон арав бий. Өөр улсын нэр дээр тоглосон гээд тэд буруудаагүй. Уруудаж, доройтсон юм ч байхгүй бүгд л шилдэг мэргэн бууч, оны шилдэг тамирчин болон мандсан байдаг. Олимпийн хошой алтан медальт Усайн Болтоос хойш Ямайкийн иргэдийн гүйлгээ эрс нэмэгдсэн гэх юм билээ. Энэ мэтээр нялуун, нялзрай ард түмэнтэй улс орнууд олон байгаа учраас ийм бизнес дэлхийн зах зээлд баттай хадгалагдаж, тэнхээ, тэсвэр сайтай хүний эрэлт их байгаа.

Хөгжилтэй, хөрөнгөтэй орнуудын хүүхнүүд нь битгий хэл эрчүүд нь хүртэл энхрий зөөлөн, эелдэг булбарай болчихдог учраас ийм зах зээл бий болж. Төрсөн цагаасаа эхлээд хэрүүл зодооноос ангид, ёс суртахууны өндөр хэм хэмжүүр дунд өсч өндийдөг болохоор тэр биз. Тэдэнд цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэх тухай ойлголт байдаг эсэхийг бодох ч хэрэггүй. Нударга зөрүүлэх нь бүү хэл хүний өөдөөс ч муухай харж үзэлгүй хүмүүжиж байгаа хүмүүс яаж хатуу ширүүнийг мэдэх билээ. Мэдээж хүн л юм хойно хүчний спортыг сонирхож, амжилт олж алдар нэрд хүрэхийг мөрөөднө. Гэхдээ төрсөн цагаасаа хахир хатуутай нүүр тулж үзээгүй цагаан гартнууд спортын хүнд бэрхийг бүү хэл дасгалжуулагчийнхаа хатуу үгийн пянг даахгүй шантардаг. Тулааны талбар, бөхийн дэвжээнд гараад бидэн шиг хүмүүстэй таарчихвал хоёрхон удаагийн халахыг тэсэж чадалгүй бууж өгдөг. Ийм ард түмэнтэй орон олон байгаа.

Харин монголчууд ямар билээ. Монгол хүний амьдралын өдөр бүр нь тэсвэр хатуужил, тэмцэл шаардаж байдаг. Ядаж л цаг уур нь эрс тэс. Тэгээд ч барилдаж, ноцолдохыг цэнгэл жаргал гэж ойлгож өсдөг улс. Дээр нь төр засаг нь ард түмнээ хөрвийн аргаар хүн болгож байгаа. Хаврын хахир өдрүүдэд хурга, ишгэнд эхийнх нь хоосон дэлэнг нудчуулахаас өөр ямар ч нэмэлт тэжээлгүй бойжуулахыг хөрвийн арга гэдэг. Яг тэрэн шиг хүйтэн сэтгэл гаргаж хувийн өмч дээрэмдэж, татвар чангалсаар байдаг төртэй. Ийм орны иргэд хахир хатуу юуг ч даван туулж чадна. Ялангуяа манай хүүхнүүд. Эхний бэрхшээлтэй нүүр тулахад ажралгүй давчихдаг бол хоёр дахиас нь бүр жавхаажаад ирдэг. Гурав дахь саад бэрхшээлийг бүүр гар хурууныхаа үзүүрээр хөнгөхөн даваад гарчихна. Япончуудын хийсэн судалгаа байна. Монгол эмэгтэйтэй харилцахад хамгийн төвөгтэй гэсэн.

Эндээс дүгнэхэд монгол эмэгтэйчүүд спортын ертөнцөд цахиур хагалах нь тодорхой байгаа юм. Эрчүүдийн хувьд халирч шантраад хүнд бэрхийн өмнө өвдөг нугарч бор дарсанд шунах тал бий. Гэхдээ хасах 10 хэмийн хүйтэнд хатгалгаа тусдаг цагаан гартнуудын дэргэд цасаар цээжээ угаагаад зогсч байдаг жавхаатай улс. Хар нялхаасаа халангар эцгийнхээ оронд унага, даага татахаас эхлээд, эр, эмгүй эмнэг хангалтай ноцолдож, нүүр нүдгүй балбах цасан шуурга, хасах 40 хэмийн хүйтэнтэй тэмцэж байдаг болохоор арга байхгүй тэсвэр хатуужлын туйл болдог. Ийм хол ялгаатай учраас монголчууд бид хатуу ширүүнийг мэдэлгүй яах вэ. Хасах 10 хэмийн хүйтэн гэдэг манайхны наранд биеэ шарах хэмжээний дулаан бол цагаан гартнуудын цамцаа давхарлаж өмсдөг тэсгим хүйтэн юм.

Тамирчдын дутагдалд орчихсон орнууд хамгийн супер, мундгуудыг чинь авъя гэдэггүй. Монголчууд ч хүссэнийг нь өгөхгүй. Ядаж дөрөв, тавдугаар байр бүр адаглаад улс орных нь нэрийг гаргачих тамирчин, байгаа хэдэд нь зааж чиглүүлээд өгөх дасгалжуулагч л гуйдаг юм билээ. Тэр дундаа чөлөөт, жүдо, боксын эмэгтэй тамирчид эрэлт ихтэй дуулддаг.

Манайхаас гадагшлах урсгал ч эхэлсэн нь сүүлийн жилүүдэд хангалттай харагдаж байгаа. Риогийн олимпод Казахстаны далбааг өргөж хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг хамгийн сүүлийн жишээ нь. Г.Отгонцэцэг энэ нүүдлийг хийснээрээ алдаагүй гэдэг нь Казахстаны Засгийн газраас хүрэл медальтнууддаа 75 мянган ам.доллар, нэг өрөө байр өгнө гэж зарлаж байснаас харж болно. Д.Мөнхбаяр 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн нь Германы спорт гар бууны төрлийн анхны медаль болж байв. Монголд буудлагын талбай, буу, сум олдохгүйн зовлонг гэтэлж Германд очсон түүхтэй нь энэ. Түүнээс гадна гавьяат Д.Баттулга дасгалжуулагчдаас хамгийн түрүүнд гадны оронд хүрч Малайзын жүдочдын бэлтгэлийг хангаж байв. Түүний араас 1992 оны Барселонагийн олимпод оролцож явсан Д.Маралгэрэл мөн явсан. Чөлөөтийн Гансүх, гавьяат тамирчин Х.Болдбаатар нар Өмнөд Монголд мөн дасгалжуулж байгаа сурагтай байна. Ази, Европын орнууд Канадад хүртэл манай тамирчдаас оччихсон цагаан гартнуудад хатуу ширүүн, хүнд бэрхийг даван туулах арга замыг зааж сургаж эхэлсэн гэсэн. Гаднынхан монголчуудын туйлбартай, үнэнч занд хамгийн их дуртай байдаг. Очсон газраа эрчүүд охид хүүхнүүд рүү нь хараа бэлчээхээс илүү асуудал тарьдаггүйтэй холбоотой юм байна.

Хар ажлын талбарт хэдийнэ монголчууд гарчихсан ажил нугалах чадвар, арга барилаараа Солонгосын хойгт гайхуулж яваа. Африк, Арабын орнуудаас Монголын энхийг сахиулагчдын тэсвэр хатуужлын талаар онц сайн мэдээ тасралтгүй ирж байна. Энэ жимийг таслалгүй имиж болгож чадвал их юм дагуулна. Явж сайхан амьдар гэж байгаа болохоос эргэж битгий ирээрэй гэж байгаа юм биш.

Л.МӨнхтӨр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг шүгэл үлээдэг нь ямар учиртай вэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн,
захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага,
ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдийн сонин” даваа гаригийн дугаарынхаа эхний нүүрт уламжлал ёсоор
“Танайд өнжье”буланг нийтэлж байна. Энэ удаад Д.Нацагдоржийн шагналт зохиолч,
доктор, МУИС-ийн багш До.Цэнджавынд өнжсөн юм. Мөн эхний нүүрээс УИХ-ын гишүүн,
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг унших
боломжтой.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт нийтлэлч С.Батмөнхийн “С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид
нэр дэвшүүлж гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг шүгэл үлээдэг нь ямар учиртай
вэ” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн 6-р нүүрнээс УИХ-ын баасан аригийн чуулганы хуралдаанаар
ямар ямар асуудлуудыг хэлэлцэж баталсан талаар уншиж мэдээрэй.

Ховд, Говь-Алтай аймгуудад 200 гаруй бөхөн агнасан хэрэг гарчээ. Энэ
тухай баримт, үйл явдлын 7-р нүүрнээс унших боломжтой.

Саяхан Монголын кино урлагийн шилдүүдийг шагаруулах “Cinema awards” наадам болж өнгөрсөн билээ. Шилдэг эмэгтэй гол дүрийн
шагнал хүртсэн Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайтай хийсэн сайхан
ярилцлагыг 11-р нүүрнээс уншиж сонирхоорой.

Эдгээр
болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн
дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний
төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний
төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин
борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы
өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Долгорын Нямаа: Аав дайн хоёр

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Долгорын Нямааг энэ удаад онцлон яруу найргийнхаа буланд урилаа. Тэрбээр анх төрсөн нутаг Дундговьдоо бага эмчээр томилогджээ. Ажиллаж байх хугацаандаа өөрийн явах ёстой замыг тодорхойлж Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуульд орохоор буцалтгүй шийджээ. Тэрээр хөдөө нутгаас уйгагүй хөөцөлдсөний эцэст шалгуур өндөртэй босгыг нь давж алтан Москваг үзэж байсан азтай дурсамжаа “Тэнгэрийн хаяа” номондоо оруулжээ. Түүнтэй хамт хүүхдийн зохиолч Д.Гармаа сурч байсан аж. Тэдний хөгжилтэй адал явдлууд болон амьдралд нь тохиолдсон дурсамж тэмдэглүүдийг энэ номноос унших боломжтой юм.

Д.Нямааг төрийн шагналд нэр дэвшээд байсан үед би тодорхой хүмүүсээс хоёр дурсамж олж сонссон. Олон жилийн өмнө Москвад элчин сайдын яамны ХЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байсан О.Цэвэгдорж гэдэг хүнд Зөвлөлтийн нэрт зохиолч, сэтгүүлч К.Симонов “Дайны тухайд танай Нямаагийн “Аав дайн хоёр” шиг шүлгийг манай нэг ч яруу найрагч бичээгүй шүү” гэж ярьжээ. /Тэнгэрийн хаяа номноос/

ААВ ДАЙН ХОЁР

Аавыг минь

Дайн аваад явсан

Аав минь

Дайныг аваад явсан

Аав ч ирэхгүй

Дайн ч ирэхгүй

Аав дайн хоёр

Аль алиныгаа

Амьд үлдээгээгүй /1965 он/

ШӨНИЙН
ТАЛД АДУУ ЯНЦГААНА

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдрана

Алс замын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн заадас

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдарна

Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана

ТАЛЫН
ШУВУУДЫН ӨНДГӨНД СҮҮДРЭЭ БҮҮ ХҮРГЭЭРЭЙ

Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй

Ташуурын сүүдэр шүргэх төдийд үрээ тэд голдог гэнэ

Хээрийн салхины хөл дор

Хэдхэн өндөг хоцордог гэнэ

Тэнгэрт нисэх тавилангүй

Тэндээ яг төгсдөг гэнэ

Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжлийн утас тасардаг гэнэ

Баян талын ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ

Сүр хүчит хүн танаа хүсэх минь

Сүүдрээ хямгадаж яваарай

Тайван нар тэнгэрт налайж

Тал нутагт шувууд жиргэг.

Categories
мэдээ нийгэм

Зуслан, ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна

Зуслан, ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна зурган илэрцүүдЯг одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамж дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байгаа аж. Бүх нийтийн их, цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах юм байна.

Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх ажээ. Энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу хийх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн бүлгийг идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 74.5 хувьтай байна

Мал төллөлт зурган илэрцүүд

Нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу 19.5 сая хээлтэгч төллөсөн байна. Тодруулбал, 19.2 сая төл төллөж, гарсан төлийн 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс 50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 900.0 мянгаар нэмэгдлээ.

Мал хорогдлын хувьд улсын хэмжээнд 459.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.75 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ өдөр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариан талбайд очиж, хаврын тариалалтын явцтай танилцана. Харин маргааш буюу тавдугаар сарын 22-ны даваа гаригт Булган, Орхон аймагт ажиллаж, хоршоо болон ногоочдын бүлгийн тариаланчидтай уулзаж, төмс, хүнсний ногоо болон үр тарианы тариалалтын явцтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томоохон голууд үертэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэжээ.

Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшин 10-30 см давсан байна. Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийн хараа хяналтгүйгээр гол усны дагууд явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцох бүртгэл дууслаа

сонгууль зурган илэрцүүд2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хилийн чанадад байгаа Монгол улсын иргэд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Үүний дагуу энэ сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж аваад дуусчээ.

Гадаадад байгаа иргэдийн илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад хүргэх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоомжийн төлөвлөгөөг баталжээ.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

05 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
“Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ус, цахилгаан тоолуур, төлбөр, үйлчилгээний чанарын асуудлаарх Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 26-ны Баасан гарагт:

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 16.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан;
Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.05.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

05 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Бусад.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал

Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.05.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан;
Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээлэл;
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт:

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл”;
“Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар”.