Categories
мэдээ нийгэм

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон. Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

Улсын заан Цэдэндамбын Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар түүнд ял төлөвлөөд байгаа. Тэрбээр анхан шатны шүүхээс 11 жилийн ял аваад байсан ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа жил дамнан үргэлжилсээр өнөөдөр ийнхүү шүүх хурал нь товлогдсон байна. Хэрвээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Францад алба хааж байсан Монгол залуу усанд амиа алджээ

Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу амиа алдсан байна. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай Б гэгч байжээ.

Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11 цагийн үед сураггүй болсон байна. Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ. Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирсэн ч голын усны ширүүн эргүүлэгт завь нь хөмөрснөөс осолджээ. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орж, тэднийг гаргаж ирсэн ч удалгүй амьсгал хураасан аж.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна. Улмаар өнөөдөр талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийхээр болсон аж.

Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Эхнэр, хоёр хүүхдийн аав түүний том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ энэ долоо хоногт ийм асуудал хэлэлцэнэ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

05 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

  • Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:

  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ус, цахилгаан тоолуур, төлбөр, үйлчилгээний чанарын асуудлаарх Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 26-ны Баасан гарагт:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 16.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт:

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын пуужингийн туршилт амжилттай болжээ

Өнгөрсөн ням гарагт “Алтан гадас-2” гэдэг дунд зайн тусгалтай баллистик пуужинг амжилттай хөөргөн туршсанаа Умард Солонгос өнөө өглөө нотлон мэдэгдлээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тушаалаар пуужинг туршсан байна.

Энэ пуужин нь шумбагч хөлөг онгоцноос хөөргөн туршдаг баллистик пуужингийн шинэчилсэн хувилбар аж. Тус улс 2017 оны хоёрдугаар сард энэ төрлийн пуужинг анх удаагаа хөөргөн туршсан юм.

Умард Солонгосын мэдэгдэлд “энэхүү зэвсгийг цэргийн ажиллагаа явуулахад ашиглахад бэлэн болсон” гэжээ.

Пуужинг амжилттай хөөргөн туршсаныг Ким Жөн Ун сайшаахын сацуу түүнийг байрлуулахыг зөвшөөрсөн байна. Тэрбээр “пуужингийн туршилт 100 хувь төгс боллоо” гэжээ.

Пхенъян өчигдөр үдээс хойш баруун нутгийн Өмнөд Пёнган аймгийн Пүкчан хошуунаас холгүй орших газраас “Алтан гадас-2” пуужинг хөөргөсөн байна.

Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, энэ пуужин нь хөөргөсөн газраас 560 км-ийн өндөрт хүрч, 500 гаруй км зам туулаад Япон тэнгист унасан байна.

Үүнээс нэг долоо хоногийн өмнө Умард Солонгос том цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой баллистик пуужинг харвасан билээ.

Дахин пуужин хөөргөн туршихгүй байхыг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Умард Солонгосоос шаардсан юм.

Пуужингийн туршилттай холбогдуулан АНУ, Япон болон Өмнөд Солонгосын хүсэлтээр АЗ маргааш хаалттай хуралдаан хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны супер шагналын эзэн тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохирлоор 4 сая төгрөгийн 19 баримт тохирлоо. Энэ удаад 61174721 дугаар тодорсон бөгөөд

  • 3 орон тохирч 20 мянган төгрөгт 11265 баримт
  • 4 орон тохирч 100 мянган төгрөгт 1111 баримт
  • 5 орон тохирч 500 мянган төгрөгт 119 баримт
  • 6 орон тохирч 4 сая төгрөгт 19 баримт тохирлоо.

Энэ удаад дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд хэвлэгдэж, тавдугаар сарын 20-ны 23:59 цаг дотор бүртгэгдсэн баримтууд сугалаанд хамрагдлаа.

Супер сугалааны тохиролд 10892827 дугаар тодорсон ч тохирох дугаартай баримт бүртгэгдээгүй байна. Супер шагналд 250 сая төгрөг олгох байсан ч азтан тодроогүй тул дараагийн сард супер сугалааны шагналын сан 300 сая төгрөг болж нэмэгдлээ.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайтаар орж шалгана уу.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдын амралт энэ долоо хоногт эхэлнэ

сурагчдын амралт зурган илэрцүүдБСШУС-ын сайдын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан бөгөөд цаашид бүх хичээлийн жилд тогтвортой мөрдөхөөр болсон.

Тэгвэл, тус хуваарийн дагуу1-2-р ангийн сурагчдын зуны амралт ирэх пүрэв гаригаас, 3-5-р ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 1-нээс эхлэнэ.Харин дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн амрах аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7647 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 197 нэгж буюу 2.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна. Захиргааны зөрчил гаргасан 7240 иргэн, 32 аж ахуйн нэгжид 54.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Давхардсан тоогоор эргүүлийн 3081 чиглэлд 6162 алба хаагч ажилласан ба эргүүлийн хүн хүчийг нэмэгдүүлж ажилласнаар 2017 оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 16.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3743 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 140, зөрчлийн шинжтэй 1389 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1529 ослыг материалжуулан шалгаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, малын хулгай, зөвшөөрөлгүй мах тээвэрлэх нөхцлийг таслан зогсоох зорилгоор орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлүүдэд байрлах замын цагдаагийн 24 цагийн байнгын постуудад ОБЕГ, МХЕГ-тай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 42 зөрчил илрүүлж НМХГ-т шилжүүллээ. Энхтайваны өргөн чөлөөн дэх 48 хяналтын камераар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 16311 зөрчил илрүүлж 391.464.000 төгрөгийн торгууль оногдуулан “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын Гамгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга Д.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм халах төлөвтэй байна. Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богинын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 97, нийслэлийн Байгаль орчны газраас 10, нутгийн 15 иргэн, нийт 122 хүн, 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр 2.5 га талбайд гарсан түймрийг 3 өдөр ажиллаж унтраасан. Мөн Тэрэлжийн Өвөр горхи Онгоцтын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 13 албан хаагч, Мярааж, Гоож аялал жуулчны баазын 71 иргэн, 11 машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлагыг эзэмшүүлэх Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 11-12-ны өдөр 4 үе шаттайгаар 100 аж ахуйн нэгж байгууллага, 7 алба, 27 мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн 1358 ажилчин албан хаагчийг хамруулж амжилттай зохион байгуулсан” гэж танилцуулав.

“Өнгөрсөн хугацаанд эм биобэлдмэлийн чиглэлээр хяналт шалгалт явуулсан. Ханиад харшлын “Астма” эмнэлэг нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмчийн гар дээрээс олгож байсан, “Гэрэл” , “Орбита” нүдний эмнэлгүүд Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зэрэг зөрчил илрүүлсэн. Мөн Царам тэнгэр эм ханган нийлүүлэх байгууллагаас хугацаа дууссан эмнэлгийн хэрэгсэл болон 17 нэрийн 309 ширхэг 10.4 сая төгрөгийн үнэ бүхий бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл илрүүлж хураасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж энэ оны төсөвт тодотгол хийсэн. Мөн 5 сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг баталсан. Бид урин дулаан цаг гэлтгүй агаарын бохирдлын эсрэг ажиллах ёстой. Ялангуяа агаарын чанар, сургуулийн цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, газар чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Налайхын болон Нисэхийн хурдны замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, Сонсголонгийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг үүрэг даалгаврын холбогдох албан тушаалтнуудад өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Их дуулга”-ын цорын ганц медалийг Б.Тэмүүлэн авчирлаа

“Екатринбург-2017” олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнийн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд манай улсаас “Женко” клубийн тамирчин, “Рио-2016” наадмын тугч, залуучуудын ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Эстон Жухан Метисийг даралтаар цэвэр ялж, дараа нь Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж шилдэг наймд шалгарсан. Улмаар жингийнхээ чансааг тэргүүлэгч Румыний бөх Даниэль Натиг даралтаар цэвэр ялжээ. Б.Тэмүүлэн хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр цэвэр ялсанаар тус тэмцээнээс цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа.Тэрээр “Их дуулга”-ын гурав дахь медалиа хүртэж буй нь энэ юм.

Categories
мэдээ цаг-үе

Чингис хааныг арав гаруй жил судалсан, Дандар баатрын хуурай дүү Р.Равдандоржийнх

Р.Равдандорж дэд хурандаагийн Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талд байх гэрт нь яваад орлоо. Мань эр өдөр тутмын сонинуудаа өмнөө дэлгээд тавьчихсан сууж байв. Биднийг ирэхээс өмнөхөн гэрийнхээ ойролцоохь шуудангийн салбараас захиалсан сонинуудаа аваад уншиж байгаа нь энэ аж. Тэрбээр “Би сонин уншаад л орхичихдог юм биш. Өдөр болгон өөрийнхөө судалж байгаа зүйлийнхээ талаар ямар нэгэн нийтлэл, ярилцлага, мэдээлэл гарсан уу, үгүй юү гэдгийг хардаг юм. Хэрэв гарсан бол тэмдэглэл хөтлөөд суучихдаг. Цэрэг армийн ажлаа өгч чөлөөндөө гарснаас хойш өдөр бүр хийдэг ажил маань сонин унших болоод байна” хэмээн хуучилсан юм. Гэрийн эзэгтэй Ж.Майдаржав гуай бидэнтэй мэнд мэдэлцээд зочны өрөөндөө урив. амьдралынхаа 20 гаруй жилийг цэрэг армид зориулсан буурал дэд хурандаагийнд хууч хөөрч, өнжлөө.

Гэрийн эзэн Р.Равдандорж гуайн удам судрын талаар асуухад тэрбээр архангай аймгийн Лүн суманд 1942 онд айлын долоо дахь хүү болж төрсөн гэнэ. Түүнийг төрүүлсэн ээж нь айлын мал хариулж амьдралаа болгодог хүн байсан аж. 1943 онд нутгийнхан нь нийслэл рүү жин тээгээд явах үед ой хүрээгүй Р.Равдандорж хүүгээ аваад хамт явсан гэнэ. Ингээд Төв аймгийн Лүн суманд Н.Рэнцэн гэх айлд хүүгээ өргүүлж өгөөд нутаг буцсан байна. Ийнхүү түүний бага нас Төв аймгийн Лүн суманд өнгөрсөн аж. Түүнийг өргөсөн аав Н.Рэнцэн Туулын гүний хүрээнд ламын жасаанд шавилан сууж байсан гэнэ. Эрдэнэцагааны аравдугаар морьт хороонд цэрэг явсан аж. Харин ээж Л.должинсүрэн нь Төв аймгийн Лүн сумынх аж. Нутаг орондоо уран должоо гэж алдаршсан гайхалтай уран хүн байжээ. Р.Равдандорж доороо нэг охин дүүтэй байсан гэнэ. Тэрбээр “аав, ээж хоёр минь дүү бид хоёрыг өргөж авсан байдаг. Ээж, аавтай гэр бүл болоод удаагүй байхад азарган борооноор уруудсан малынхаа араас явж байгаад хэвлийд бойжиж байсан үрээ алдчихсан юм билээ. Би гэдэг хүн арван нас хүртлээ айлын ганц хүү байлаа. Ээжийн маань дүү төрөөд сар гаруйн хугацаа өнгөрсөн байхад ээж минь надад самбай хадаг өвөртлүүлээд даага унуулаад дүүгийнх рүүгээ явуулчихаж билээ. Бурхан дээр нь өвөртөлж ирсэн хадгаа тавьчихаад улаан нялзрай охин дүүгээ ааваар нь өвөртөө хийлгүүлж аваад л гэрийн зүг чавхадчихаж билээ. Өвөрт жаахан хүүхэд уйлаад би сандарсан амьтан гэртээ харьсан. Ингэж л охин дүүтэй болсон хүн дээ” хэмээн ярив.

Гэрийн эзэгтэй Ж.Майдаржав Өвөрхангай аймгийн Бүрд сумынх гэнэ. Майдаржавын аав Жамбынх түүнийг дөрвөн настай байхад Төв аймгийн Баянцогт суманд нүүж ирсэн байна. Р.Равдандорж, Ж.Майдаржав нар үеийн хүүхдүүдийн хийдэг байсан хурга, ишиг хариулах, хонь саах зэрэг ажлаар аав ээждээ тусалж хүүхэд насаа өнгөрүүлсэн гэнэ. Нас нь болоход Р.Равдандорж гуай Төв аймгийн Лүн сумын сургуульд орж сурагч болсон байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй нэг ангийн хоёр гэнэ. Долдугаар ангиа төгсөөд Төв аймгийн Гэгээрлийн хэлтсээс хуваарь авч, Худалдааны техникумд сурах болжээ. Ингэхдээ мөн л Б.Лхагвасүрэнтэй нэг ангид орсон байна. Ардын уран зохиолч тэр хоёр салж хагацахгүй үргэлж хамт явдаг байснаа, үеийнхэндээ Б.Лхагвасүрэн гуай захиа бичиж өгч, түүнийг нь хэрхэн хүргэдэг тухай хөгтэй, хөөртэй хүүхэд насны гэгээн өдрүүдээ зураглан ярьж гэрээр нэг инээд болоод авлаа.

Төв аймгийн Лүн сум. 1952 он. Зүүн гар талаас Р.Равдандорж аавын хамт

ЦЭРГИЙН ХҮН БОЛСОН ТҮҮХ БУЮУ АЛАГ МОРЬТ Л.ДАНДАР БААТРЫН ДҮҮ БОЛСОН НЬ

Р.Равдандорж Худалдааны сургууль төгсөх жилээ буюу 1962 онд ангийнхаа 17 хүүхдийн хамт цэрэгт татагдаж, Улиастайн цэргийн ангид алба хаахаар очсон байна. Сургуулиас шууд цэрэгт татагдаж ирсэн залуусыг офицерийн курст суулгасан гэнэ. Ингэж л амьралынхаа цэл залуу насаа цэрэг армид зориулсэн эгэл жирийн түүх эхэлжээ. Будаг нь ханхалсан гэдэг шиг шинэхэн офицер салаан дарга болж, үе тэнгийнхээ залуусыг удирдаж эхэлжээ. Тэр үед цэрэгт ирсэн залуусын бие бялдар гайхмаар байсан гэдгийг Р.Равдандорж дэд хурандаа онцлон ярив. 90 киллограммаар савласан нүүрсийг тэр үеийн ихэнх цэрэг хоёроор нь үүрээд явчихдаг байжээ. Р.Равдандорж салаан даргаар ажиллаад удаагүй байхдаа 1966 онд салаа нь Бүх армийн тэргүүний салаагаар шалгарч байсан гэнэ. Тэргүүний салаагаар шалгараад удаагүй байхад нь түүнийг Дорнод аймгийн цэргийн ангид хуваарилжээ. Ингээд Дорнодын цэргийн ангид очоод удаагүй байтал ангийн захирагч дуудсан гэнэ. “Улаанбаатар хотоос БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн, УГЗ Б.Равсал, зураач н.Батмөнх нар ирнэ. Халхын голын дайны 30 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажилд таныг томилж байна. Л.Дандар баатар тэргүүтэй хүмүүстэй хамт дайн болсон газраар яваад ир” гэсэн үүрэг өгсөн. Ингээд л БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэнтэй ойр дотно танилцаж байсан түүхтэй. Түүний санаанаас Л.Дандар, Д.Нянтайсүрэн баатруудтай дайн байлдаан болсон газраар арав гаруй хоног явсан нь огт гардаггүй гэнэ. “Газ 63” машинаар Мэнэнгийн их талыг туулж, Халхын голд очжээ. Баянхошууны заставаас бүгд морь унаад хэдэн цэрэг дагуулаад дайн байлдаан болсон талбараар явцгааж. Р.Равдандорж БНМАУын хоёр баатар, алдарт зураачийн аюулгүй байдлыг хангаж явсан байна. Шөнө үдэш болохоор авч яваа цэргүүдээ манаанд гаргах гэхээр Л.Дандар баатар “Биднийг хэн алдаг юм. Цэргүүдийг манаанд гаргах хэрэггүй” гээд л эргүүлээд буулгачихдаг байна. Гэсэн ч Р.Равдандорж байрлаж байгаа майхных нь хойно цэргүүдийг манаанд нууцаар гаргадаг байсан гэнэ. Дайн байлдаан болсон газраар явж Л.Дандар, Д.Нянтайсүрэн баатар “Би энд тэгж явсан. Энэ газарт тийм тулалдаан болсон. Тэр цэрэг яг ингэж зогсоод байлдаж байсан” гэх мэт өөрсдийнхөө санаж байгаа зүйлсийг зураач нарт ярьдаг. Хамт яваа зураачид хэлсэн ярьсныг нь хар зургаар тэмдэглэж аваад явсан байна. БаянӨлгий аймгаас төрсөн БНМАУын баатар М.Икейгийн амьсгал хураасан газарт очоод Л.Дандар баатар уйлж байсан гэнэ. Р.Равдандорж цэргийнхээ ангиас баатруудад зориулж авдар архи авч явсан аж. Тэр нь ч оносон гэнэ. Л.Дандар баатар “Равдандорж оо, чи намайг гранат гэж хэлэхээр надад архи гаргаж өгнө шүү” гэж хэлжээ. Л.Дандар баатрыг гранат гэж хэлэхээр Р.Равдандорж гуай шилтэй архины үйсэн бөглөөг мулт цохиж, архи аяганд хийж өгөхөөр өнөөх нь их дуртай. Олон зуун цэрэг эрийн сүнс нь амирласан талд яваа болоод ч тэр үү, гранат гэж хэлэх бүртээ шүүрс алддаг байсныг нь ч мартаагүйгээ ярьсан юм. Л.Дандар баатар тэгж явахдаа Улсын төв номын сангаас Халх голын 100 мянга орчим газар орны нэр орсон нарийвчилсан маш нууц газрын зураг авч явсан байна. Түүнийгээ Р.Равдондоржид өгч офицер ширэн цүнхэнд хийж үүрүүлсэн байна. Гэтэл эмээлийнхээ бүүргэнд хийж яваад нөгөөх газрын зургийг нь хаячихсан гэнэ. Бүгд хоёр өдрийн турш хайгаад олж чадаагүй байна. Р.Равдандорж ч сэтгэл санаагаар унаж хамт явсан хүмүүс нь сандралдаж эхэлсэн гэнэ. Тэгтэл Л.Дандар баатар “Энэ их өвсөн дундаас олохооргүй боллоо. Эрэхээ больё” гэсэн ч Р.Равдондорж нөгөө хэдийгээ унтаа хойгуур хаясан газар руугаа ганцаар явж эрж гарсан байна. Хэчнээн эрсэн ч, бараг өвс бүрийг сөхсөн ч олдоогүй тул буцахаар эргэж явтал мориных нь хамарт өвсөн дунд нэг юм тээглэх шиг болж. Буугаад үзвэл хайсан зураг нь хуйлаатайгаа байж. Ингээд хаяснаа олсон хүн хамаг хурдаараа явж очвол Л.Дандар баатар түүнийг тэвэрч аваад “Одтой, хийморьтой залуу” гээд л их баяр хөөр болсон гэнэ. Хэд хоноод өндөр үүрэг хариуцлагатай тэдний аялал дууссан байна. Түүнээс хойш Л.Дандар баатар энд тэнд таарахаар сүйд болж, анхных нь охин төрөх үед шөлний эр хонь хүртэл өгч байсан гэнэ.

ГЭР БҮЛ БОЛСОН ТҮҮХ

Р.Равдандорж гуайнх таван охинтой. Одоо 13 зээ, дөрвөн зээнцэртэй өнөр өтгөн айл болсон. Түүний гэргий Ж.Майдаржав гуай Авто тээврийн техникумыг автын жолооч мэргэжлээр төгссөн нэгэн. Монголын анхны цөөн хэдэн эмэгтэй жолоочийн нэг. Түргэн тусламжийн тэрэг, “Газ 63”, “Москвич” гээд л түүнд барьж үзээгүй машин ховор гэнэ. Мөн Батлан хамгаалахын их сургуульд Контроль механикаар ажиллаж байсан гэнэ. Гэрийн эздийн анх танилцаж байсан түүх их сонин гэнэ. Р.Равдандорж цэргийн албанд ажиллаж байхдаа Архангай аймгийн Өгийнуур сумаас цэргийн ангийн мал тууж нийслэл рүү явсан байна. Тэр үед аавынх нь Баянцогт суманд нутаглаж байсан аж. Замаараа аавындаа очих үед саахалт айл Жамбынд үе тэнгийн охин байсан нь Ж.Майдаржав гэнэ. Тэр үеэс ирээдүйн гэргийдээ захиа бичдэг байсан боловч огт хариу ирж байгаагүй гэнэ. Ингээд хоёр жилийн дараа Авто тээврийн техникумд суралцахаар очих үед нь яваад очиж гэнэ. Гэтэл үсээ хоёр салаа самнасан, улаан хацартай охин сургуулийнхаа хаалгаар гарч ирснээ ичээд эргээд гүйчихжээ. Тэгсэн ангийнх нь хүү түүнийг тэвэрч өргөөд эргүүлэн Р.Равдандоржтой уулзуулж өгчээ. Ингэж л тэдний хамтын амьдрал, хайр сэтгэлийн холбоо эхэлсэн гэгээн түүхтэй ажээ. Том охин Р.Нарангэрэл нь 1967 онд төрж, анхныхаа хүүхдийг хамтдаа өлгийдөн авч байжээ. Харин хоёр дахь охин Р.Наранцацрал 1969 онд, Р.Болормаа 1980 онд төрсөн бол дөрөв дэх охин Р.Нарантуяа 1974 онд төрсөн байна. Харин хамгийн бага нь 1979 онд төржээ. Охид нь дээд боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ ажиллаж хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байгаа гэнэ.

ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ЯПОНЧУУДТАЙ ГУРВАН ЖИЛ ХАЙЖЭЭ

1990 онд чөлөөндөө гараад удаагүй байх үед нь Гурван гол төслийн хүрээнд япончууд Чингис хааны онгоныг манай улсын эрдэмтдийн хамт хайх ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Монгол, Японы 80 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцсон гэдэг. Тэрбээр арын албаны даргаар ажиллаж, чөлөөндөө гарсан найзуудынхаа хамт ажиллаж байсан гэнэ. Эрлийн багийнхан эхлээд Бурхан халдун ууланд хайж эхэлсэн байна. С.Бадамхатан доктор тэргүүтэй монголчууд Чингис хааны онгоныг хайхад дургүй байсан гэдэг. Бүр хоорондоо “Их хааны онгон олдох юм бол япончуудаар ухуулахгүй шүү. Бурхан Халдун уул мөнх цэвдэгтэй учир ухаж төнхөлгүй газар дээр нь хамгаална” гэж ярилцдаг байсан гэнэ. Ингэж л Р.Равдандорж их хааны тухай судалгааны ажлаа эхлүүлж байжээ. Чингис хаантай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл бүрийг тэмдэглэн авдаг болсон байна. 1990 оноос хойш 12 жил зөвхөн Чингис хааны тухайн бичсэн мэдээ материалыг цуглуулж, 124 зузаан дэвтэр дүүргэж, 900 гаруй бал дуусгасан гэнэ. Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн болж, 2002 онд Нүүдлийн соёл иргэншлийн академийн “Номч мэргэн” академич цол хүртэж байсан гэнэ. Чингис хааны талаарх судалгааныхаа тэмдэглэл бүхий дэвтрийг ШУАийн Археологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна. Түүний Чингис хааны тухай бичсэн тэмдэглэлийг ШУАийн нэрт эрдэмтэд болох Д.Цэвээндорж, Б.Цогтбаатар, Б.БадмаОюу нар “Чингис хааны талаарх маш үнэтэй зүйл болсон байна. Чингис хааны талаар шинээр судалж байгаа эрдэмтдэд маш чухал өв болжээ” хэмээн үнэлсэн байна. Ингээд Монголын Археологийн хүрээлэнгийн хүндэт гишүүн цол тэмдгээр түүнийг шагнаж байж.

БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн, УГЗ Б.Равсал, зураач н.Батмөнх
нарын хамт. 1967 он. Халх гол

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНТАЙ ХОЛБООТОЙ БҮХ МАТЕРИАЛЫГ 2012 ОНООС ХОЙШ СУДАЛЖ, ЦУГЛУУЛЖЭЭ

Р.Равдандорж гуай өдөр бүр судалгааны ажилтай явдаг болжээ. Халхын голын 90 жилийн ойг угтаж, Халхын голын дайны тухай мэдээ материалыг архив, сонин хэвлэл, ном товхимлоос цуглуулах их ажлыг хийж байгаа гэнэ. Одоогоор томоохон 28 хавтас материал болоод байгаа аж. Түүнийгээ ном болгон гаргахаар завгүй сууж байгаа гэсэн. Тэрбээр 2012 оноос эхлэн Цэргийн төв архиваас эхлээд олон архивын газарт сууж өдөр бүр Халхын голын дайнтай холбоотой бүх зүйлийг тэмдэглэн авч байгаа гэсэн. Халхын голын дайны материал судалгааны ажлаас өмнөхөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын талаар гаргасан 28 хавтас бүхий 20082017 он хүртэлх Монголын өдөр тутмын сонинуудад гарсан ярилцлага, мэдээ, материал, нийтлэлийг архивлан хайчилбар хийж авсан байна. Түүнийгээ Н.Энхбаярт өгсөн гэнэ. Мөн олимп дэлхийн хос медальт МУГТ С.Батцэцэгийн тухай сонинд гарсан сурвалжлага, мэдээ, ярилцлага бүхий эмхэтгэлийн цуглуулгыг бэлэн болгожээ. Ирэх шинэ жилээр олимп, дэлхийн хос медальтанд гардуулан өгөхөөр зэхэж байгаа гэсэн. Залуу идэр насаа армид хоёргүй сэтгэлээр зориулсан тэрбээр чөлөөнд сууснаасаа хойш эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өөрийгөө бүтэн зориулсан нь энэ. Түүний нэг ч өдрийг сонин хэвлэл, тэмдэглэл, унших номгүйгээр төсөөлөхөөргүй аж.

Гэрийн эзэгтэй ид, уу гэсэн зочломтгүй нэгэн юм. Харин Р.Равдандорж гуай өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсийн талаар яриа дэлгэн суув. Зээ нарынх нь инээд хөөр цалгисан, элэг бүтэн сайхан гэр бүл ажээ, Р.Равдандорж гуайнх. Тэд манай зурагчнаар зургаа авахуулахдаа “Бид жил бүр төв талбай дээр очиж хамтдаа зургаа авахуулдаг уламжлалтай байсан. 20 гаруй жил Сүхбаатарын талбай дээр очиж зургаа авахуулж байлаа. Сүүлийн хоёр жил авахуулсангүй. Хөгшин настай хүмүүс хүүхдүүдээсээ ичдэг болдог юм байна. Гэхдээ бидний хувьд бол үнэ цэнэтэй сайхан зүйл” хэмээн ярьж байсан. Мөн “Хар багын найз Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн, Москва хотод цэрэг улс төрийн академийг хамтдаа дүүргэсэн Ч.Жамсран нартаа үргэлж талархаж явдаг юм даа, өвгөн би” гэв. Нар хэдийнэ баруун тийш хэвийсэн байхад тэдний гэрээс гарсан юм. Нэг зүйлийн араас уйгагүй явдаг. Түүнийхээ ард нь гарч чаддаг хүн байна даа гэж Р.Равдандорж гуайн талаар бодож явлаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбаяр: Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах нь Эрүүгийн шинэ хуулийн чухал ололт

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийг баталсан билээ. Уг хуулийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-аар Эрүүгийн хуулийг баталлаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл хэлж байлаа. Эрүүгийн хууль хүний эрхийг зөрчсөн ч гэж байна. Таныхаар Эрүүгийн шинэ хууль ямархуу онцлогтой бол?

-Эрүүгийн хууль материаллаг хууль. Ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ, тэрэнд ямар шийтгэл ногдуулах вэ гэдгийг л зохицуулдаг. Монголын төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо Эрүүгийн хуулиар дамжуулан тодорхойлж байгаа. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хоёр гол онцлогтой. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг эрс чангалсан. Үндсэндээ энэ төрлийн гэмт хэрэгтэй хайр найргүй тэмцэнэ гэдгийг шинэ Засгийн газар, УИХ хэлж өглөө.

-Яаж?

-Одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж улсад хохирол учруулсан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс дээш хохирол шаарддаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга гээд тооцохоор 12 сая төгрөгөөс дээш хохиролтой гэмт үйлдлийг л гэмт хэрэгт тооцдог, тэр хэмжээнд хохирол учруулаагүй бол гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Харин шинэ Эрүүгийн хуулиар татвар төлөгчдийн, улсын мөнгөнөөс нэг төгрөг ч байсан хулгай хийсэн бол хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр болж байна. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлт дээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэж мэдэгдсэн. Энэ үг Эрүүгийн хуулиар дамжин биеллээ олж байна. Өөрөөр хэлбэл, шинэ УИХ-аас албан тушаалаа ямар нэгэн байдлаар өчүүхэн төдий ч гэсэн урвуулан ашигласан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болголоо. Ингэснээр МаН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг чангатгах бодлого бодит биелэл болж байна. Шинэ УИХ, Засгийн газар авлигачидтай тэмцэнэ гэдгээ зарлаж байгааг онцгойлон хэлмээр байна.

Хоёрдугаарт, уг Эрүүгийн хуулийн онцлог бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тал дээр дэвшил гарсан. Хаашдаа би хорих ял шийтгэгдэх юм чинь эрх нь хөндөгдсөн иргэний хохирлыг барагдуулахгүй байсан ч яадаг юм гэдэг байдлаар асуудалд хандаж гэмт хэргийн хохирол их хэмжээгээр барагддаггүй байсан. Тухайн иргэн хохироод үлддэг. Хөнгөн гэмт хэрэг дээр шүүхээс гэм буруутай нь нотлогдох юм бол тодорхой хугацаа олгох хүсэлт тавьж хохирлоо барагдуулах юм бол хорих ялыг нь багасгах, тэнсэх уян хатан зохицуулалтыг оруулж ирсэн. Хэрэв тухайн иргэн хохирлоо барагдуулахгүй бол илүү чанга ял авах юм байна, хохирлыг барагдуулбал хөнгөн ял шийтгэл авах юм шүү гэдгийг шинэ Эрүүгийн хуульд бичиж өгсөн учраас зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр илүү ахиц гарах байх. Шүүхийн шийдвэртэй хэргүүдийн хохирол барагдуулсан байдал нь 20 хувь л байдаг. Энэ байдлыг залруулах нь Эрүүгийн хуулийн бас нэг чухал ололт.

-М.Билэгт гишүүн чуулган дээр иргэн хүний учруулсан хохирол 300 мянган төгрөгөөс дээш байвал эрүү үүсгэнэ гэчихээд төрийн албан хаагчид 10 сая төгрөгөөс дээш ямар нэгэн асуудал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байна гэж шүүмжилсэн. Үүнээс харахад иргэдэд халтай, төрийн албан хаагчдыг дэмжсэн хууль болчихсон юм биш үү?

-Түрүүн би хэллээ. Одоогийн хуулийг урвуугаар нь ойлгоод ярьсан байх. Таны хэлсэнчлэн иргэдийн хувьд бусдын зүйлсийг хулгайлах, эд хөрөнгийг үрэгдүүлэх, устгах энэ төрлийн гэмт хэрэгт 300 мянган төгрөгийн босго тавьж өгсөн. 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө устгасан бол Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Харин албан тушаалтан эрх мэдлээ урвуулан нэг төгрөгийн хохирол учруулсан л бол бүгд Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. 10 саяын босго улсын төсвийн хулгай дээр байхгүй. Эсрэгээрээ албан тушаалтнуудад илүү чанга, хатуу шаардлага тавьсан.

-Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөлд албан тушаалаа урвуулан ашиглавал тийм хариуцлага хүлээлгэнэ гээд заагаад өгсөн байсан ч ажлын хэсэг дээр үлэмж хэмжээ гээд оруулаад өгчихсөн. Үнэмлэхүй хэмжээ гэдэг нь яг хэд юм бэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхдээ таны асуусанчлан албан тушаалын гэмт хэрэгт хохирлын хэмжээг оруулж ирээгүй. УИХ ч гэсэн Засгийн газраас оруулж ирсэнчлэн хохирлын хэмжээг тавилгүй баталсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж, чуулганы хуралдаан дээр мөн Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой аюул учирлаа гэдгийг хэлж байсан. Эх орноосоо урвах заалтыг авчихсан гээд байсан?

-О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан байна гэдэг зүйл ярьсан байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах зүйл ангид дайны байдлын үед дайсны талд элссэн, хамтарч ажилласан, Монгол Улсад тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн гадаадын тусгай албанд элссэн, хамтарч ажилласан, улсын нууц задруулсан үйлдлийг бүгдийг нь нэг гэмт хэрэгт багтаан бичсэн байдаг. Өнгөрсөн парламент 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа үүнийг дөрвөн гэмт хэрэг болгон салгаж баталсан. Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт, тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгон тус тусад нь ял шийтгэлийн бодлогыг нь сулруулалгүй улам чангалсан. Тухайлбал, гадаадын тусгай албадтай хамтарч ажилласан иргэнийг бүх насаар нь хорих, тагнуул хийсэн хэрэгт 20 жилийн ял ногдуулах байдлаар 2015 онд баталсан байсан. Шинэ Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үндэсний аюулгүй байдлын эсрэг энэ бүлэг гэмт хэргийг огт хөндөөгүй. О.Баасанхүү гишүүн 2015 онд батлагдсан хууль дээр хоёр жил зургаан сарын дараа энэ асуудлыг гэнэт харчихсан юм шиг яриад байгаа юм. Уг нь харсан бол өмнөх парламентын үед ярих ёстой байсан байхгүй юу. Энэ Засгийн газар, Их хуралтай ямар ч хамаагүй. Хоёрдугаарт, эх орноосоо урвах үйлдэлд О.Баасанхүү гишүүн зөвхөн дайны байдлын үед хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэдэг зүйлийг мөн ярьсан байна лээ. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Албан ёсоор аль нэг улс бусад улсад дайн зарладаг. Энэ тохиолдолд нөгөө тал нь дайсан гэдэг ойлголтод багтдаг. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болдоггүй.

-О.Баасанхүү гишүүнийхээр бол энхийн цагт дайсан гээд аль нэг орны нэр оруул гэсэн ойлголтыг өг гээд байгаа юм уу?

-Энхийн цагт дайсан гэдэг ойлголтыг оруулж ирье гэхэд та яг аль улсыг оруулж ирэх юм. Та яг аль улсыг дайсан улс гэж хэл гэж хэлээд байгаа юм бэ гээд О.Баасанхүү гишүүнээс асуусан. Хэлэхгүй байна лээ. Энхийн цагт аль нэг улс нь өөр нэг улсыг дайсан гээд шууд зарлаад явах нь ямар үр дагавар авч ирэх вэ. Хоёр орны дипломат харилцаа, олон улсын жишиг талдаа ч ийм ойлголт байдаггүй. Тэгэхээр энэ асуудлыг энхийн цагт тухайн этгээд гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан юм уу, улсын нууц задалсан уу гэдэг чинь дээр хэлсэнчлэн тус тусын зүйл заалтаар явна. Гадаадын тагнуулын байгууллагад ажилласан бол 25 жилийн ялаа авна. Тагнуул хийвэл 20 жилийн ял шийтгэгдэнэ. Хариуцлага нь энэ Эрүүгийн хуульд байгаа. Эх орноосоо урвасан гэдэг гэмт хэргийн заалтыг аваад хаячихсан зүйл байхгүй. Өрөөсгөл ойлголт. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больчихлоо гэдэг зүйл ярьж байгаа нь хариуцлагатай хууль тогтоогчийн амнаас гарч байгаа үг. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух вэ. Улсын нүд, чих болсон тагнуулын байгууллага юу хийгээд сууж байх вэ. Үүн дээр эрх бүхий байгууллагууд дуугараасай гэж бодож байна. Нийтийн дунд ийм ташаа мэдээлэл түгээж байгаад үнэнийг хэлэхэд хэлэх үг алга. Хэлэх гэхээр хууль тогтоогчийн өмнөөс чанга дуугарсан болчих гээд, дуугүй байгаад байхаар ард түмэн нээрээ тэгчихсэн юм болов уу гээд эргэлзээд болдоггүй.