Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний С вирусийн нэг курс эмийг 280 мянган төгрөгөөр авах боломжтой

“Омбол” ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ.

Тус компанийн Марктенгийн албаны дарга Н.Наранзул, “Манай компани нь элэгний С, В вирусын халдварын эсрэг оргинал эм болох Харвони, Виреад эмийг ашгийн бус зорилгоор “Хүртээмж хөтөлбөрийн хүрээнд түгээдэг. Засгийн газраас саяхан баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин, иргэдийг элэгний хавдраас сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд Харвони эмийн лицензит хувилбар “Хепсинат-ЛП” эмийн үнийг хямдруулан “2+1 буюу хоёрын үнээр 3” төслийг санаачлан өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ” гэв.

Энэхүү төслийн хүрээнд эхний хоёр эмийг тус бүр 140 мянган төгрөгөөр худалдан авч хамгийн сүүлийн 3 дахь эмийг үнэгүй авах юм. Өөрөөр хэлбэл 280 мянган төгрөгөөр нэг курс эмийг хэрэглэх боломж бүрдэж буйг тэрээр хэллээ.

Монгол Улсын эмийн бүртгэлд Харвони эмийн ерөнхий нэршлийн эм болох “Хепсанит ЛП” эмийг Энэтхэг улсын Натко эмийн үйлдвэр “Омбол” компаниар дамжуулан түгээж буй юм. Энэхүү эм нь эмийн био хүртэхүйн хувьд хамгийн өндөр чанартай ерөнхий нэршлийн Энэтхэг улсад хамгийн их хэрэглэж байгаа элэгний С вирусын эсрэг эм аж.

Тус эмийг манай улсад 2016 оны есдүгээр сараас эхлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд эхний эм уусан 326 хүний шинжилгээний үр дүнгээс үзэхэд 98.7 хувийн үр дүнтэй гарчээ.

Хөтөлбөрт хамрахын тулд эмчлэгч эмчийнхээ жорыг аван “Омбол” ХХК-ийн гэрээт эмийн сангууд болон Элэг-Эмийн нэгдсэн төвөөс авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа хар заг тарьжээ

Өмнөговь аймагт Хар заг буюу “Haloxylon persicum”-ийг Монголд анх удаа үрээр нь тарьж ургууллаа.

Монгол Улс, БНСУ-ын хамтарсан “Ногоон хэрэм” төслийнхөн загийн ойн талбайдаа хар заг ургуулсан байна. Тэд ургуулсан тарьцаа тухайн орчинд өвөлжүүлэн нутагшуулах зорилгоор ойжуулсан талбай тус бүрд болон говь хээрийн зарим бүс нутагт туршилтаар тарьжээ. Хар заг нь Персийн булан, Дундад Азийн зарим нутагт ургадаг бөгөөд Монгол, Төв Азид ургадаггүй загийн нэгэн төрөл зүйл, модлог ургамал юм. “Ийм чухал ховор модыг ургуулж чадсандаа баяртай байна. Бүх л цаг үед нэгэн зорилготой байж, хамгийн гэгээлэг сайхан ажлыг сэтгэл зүгтгэл гарган хийж чаддаг хамт олондоо баярлалаа” гэж “Ногоон хэрэм” төслийн менежер Ч.Одсүрэн ярилаа.
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Ногоон хэрэм” төслийг 2007 оноос хойш тус аймаг хэрэгжүүлж байгаа бөгөөд 350 га талбайд заган ойн байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бөхийн ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулахаар болжээ

Үндэсний бөхийн ээлжит бус “Их эе”-ийг энэ сарын 28-нд хуралдуулахаар болжээ. Энэ талаар Ажлын хэсгээс мэдээллээ.

“Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 403 дугаар тогтоолыг МҮБХ хэрэгжүүлээгүй тул нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж, Ажлын хэсэг томилсон. Цэцдийн зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсгээс зохион байгуулж буй Ээлжит бус “Их Эе”-д идэвхтэй оролцохыг бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, аймгийн бөхийн холбоодод уриалж байна” гэх мэдээллийг ‘Их Эе’-ийг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд өглөө.

Харин МҮБХ-ны зүгээс энэ тухайд албан ёсоор тайлбар хийгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Бөмбөгөр ногоон”-ыхны түүхийг өгүүлсэн ном бүтээжээ

“Бөмбөгөр ногооны Б.Мушгиа’’, ‘’ Алтан үе- Бөмбөгөр ногооныхон’’ нэртэй хоёр шинэ номын нээлт өнөөдөр Монголын театрын музейд боллоо. Эдгээр номыг ‘’Бадрангуй урлаг’’ ТББ-ынхан эрхлэн гаргажээ.

Бөмбөгөр ногоон, Бөмбөгөр ногооныхон гэдэг нэршил Монголын түүхнээ бичигдсэн тэр цаг хугацаа бол өнгөрсөн ХХ зууны хориод оны сүүлч үед хамаардаг. Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театр 1927 оны долдугаар сарын 9-нд үзвэрийн нээлтээ хийсэн түүхтэй. Тэгвэл энэхүү театрын түүх баримтыг эмхэтгэн сэтгүүлч Н.Нарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар ном бүтээжээ. Уг номын дизайнераар Х.Номингэрэл ажиллаж, гэрэл зургийг Т.Чимгээ авсан байна.

Уг номын нээлтэд Монголын алтан үеийн нэр хүндтэй найруулагч, жүжигчид хүрэлцэн ирсэн юм.

‘’Бөмбөгөр ногоон” театраас салахгүй жүжиг үзэж, дараа нь тэнд ажиллаж байсан хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн Батмөнхийн Мушгиа. Бөмбөгөр ногоон театрын анхдагчид болох алдартнуудаас номын дуу сонсож, дараа нь өөрөө мөрөөдлийн театртаа туслах найруулагчаар ажиллаж, урлагт зүтгэсэн тавь гаруй жилийнхээ замналыг хүүрнэсэн ‘’Бөмбөгөр ногооны Б.Мушгиа ‘’ номыг нь сэтгүүлч Д.Отгонбаяр эмхэтгэжээ.

Б. Мушгиа ‘’Бөмбөгөр ногоон театрыг хөл дээр нь босгож, нээж байсан агуу улсуудтай арав гаруй жил хамтран ажилласан. Ийм учраас би өөрийгөө алтан үеийн хүн гэж хэлэх сонирхолгүй. Харин алтан үеийнхний үргэлжлэл болж явсан хүн гэж үздэг. Өнөөдөр олон хүн цуглаад ийм сайхан үйл ажиллагаа болж байгаад баяртай байна. Би театрт ороогүй байсан бол ийм сайхан хувь тавиланг амсахгүй байсан. Театрын буян, ахмад үеийнхний надад үлдээсэн мэдлэг, туршлага, дадлага энэ бүхний буян гэж хэлмээр байна. Энэ бол намтарчилсан ном, гэхдээ би ямар улсуудтай ажиллаж байсан бэ гэдгээ илүүтэй харуулахыг зорьсон. Мөн мэдээж хэрэг уламжлалгүй шинэчлэл гэж байх биш бидний туулж өнгөрүүлсэн зам, давсан даваа өнөөдрийн уран бүтээлчдийн замнал болох ёстой гэж би ойлгодог’’ хэмээлээ.

Номыг бүтээгчдийн нэг сэтгүүлч Н.Сарангэрэл ‘’Бөмбөгөр ногоон театраас одоогийн манай алтан үеийнхэн төрөн гарсан. Таван эмэгтэй нийлээд, энэ номыг хийлээ. Сэтгүүл зүйн бүтээлүүд дийлэнхи нь байгаа ч энэ номын гол шигтгээ нь түүхч С.Туяагийн бичсэн Бөмбөгөр ногооны түүх байгаа юм. Өнөөдрийн энэхүү нээлтийг нь хийж байгаа ном бол бидний цуврал номын арав, арваннэгдэх бүтээл болж байгаа юм” гэв.

Мөн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд ‘’Өнөөдөр би маш их баяртай байна. Аливаа улс орон хөгжинө гэдэг үндэстэнтэй маш их холбоотой байдаг. Театрын түүхийг бүтээхэд хувь нэмэр оруулах хоёр ч ном шинээр гарч байгаад баяртай байна. Залуучууд маань нийлж, манай шинэ үеийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөн түүхийг онол, шинжлэх ухааны үүднээс нарийн гаргасан байна гэж ойлгосон. Энэ номоор дамжуулан театрын тухай маш өргөн мэдлэг залуучуудад маань хуримтлагдана гэж найдаж байна. Би Дуурийн театрт өсч өндийсөн хүн. Гэхдээ Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байсан ахмадуудын хормойноос зүүгдэж хүн болсон болохоор энэхүү театрыг маш их хүндэлдэг” гэж ярилаа.

‘’Алтан үе – Бөмбөгөр ногооныхон’’ ном мөн л сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нарын хамтын бүтээл. ‘’Бөмбөгөр ногоон’’-той холбоотой урьд өмнө төдийлөн олны сонорт хүрч, хэвлэлд гарч байгаагүй олон сонирхолтой баримтыг түүхч С. Туяа сурвалжлан олж, тухайн цаг үеийн нөхцөл ард түмний оюуны хэрэгцээтэй хэрхэн уялдаж байсан гэдэг талаас түүхийг нь өгүүлснээрээ судлаачийн хувьд хувьд үнэ цэнэтэй бүтээл болсон гэж мэргэжлийнхэн дүгнэжээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

“Нээлттэй засгийн түншлэл”-ийн форумыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан нийслэл, орон нутгийн удирдах албан тушаалтнууд энэ сарын 15-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсад айлчиллаа.

Тэд Монгол Улс болон БНАСШлУ-ын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

Мөн айлчлалын хүрээнд тус улсын Парламент, Орон нутаг, засаг захиргааны яам, Гадаад хэргийн яам, Мэдээллийн харилцаа холбоо, технологийн агентлагийн удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзав.

Энэ үеэр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Монгол Улс “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн хоёр дахь хөтөлбөрөө баталж тодорхой амжилтад хүрч, багагүй туршлага хуримтлуулсны хувьд бүс нутгийн форумыг эх орондоо зохиох хүсэлтэй байна” гэлээ.

Орон нутгийн удирдлага, засаг захиргааны сайд Файсзер Мастафа “Монгол Улс бол бидний ойрын нөхөр. Бид бие биеэсээ олон зүйлийг суралцаж чадна гэж бодож байна. Хоёр орны Засгийн газрын түвшинд орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан хамтарч ажиллах боломжтой. Иргэд болон хотууд хооронд шууд харилцаа тогтоож туршлагаа солилцож болно” гэлээ.

“Нээлттэй засгийн түншлэл” нь засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг харгалзах замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилготой дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилгын байгууллага юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхтайвны, Чингисийн өргөн чөлөөнд замын заадас, засвар, нөхөөсний ажил хийж байна

Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар, нөхөөсний 17, заадасны 9 нийт 26 ажлаас 25 ажлын гэрээг байгуулж, ажлаа эхлүүлээд байна. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн тулд 22.00-06.00 цагийн хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар, нөхөөсний ажил 85 хувьтай, Доржийн гудамж, Нарны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ажилчны гудамж, Тээврийн товчооны гудамж, Энэбишийн гудамж, Баруун турууны замд заадас засвар, нөхөөсний ажил хийгдэж байна. Нийт урсгал засварын ажлыг ирэх сарын 2-нд дуусгах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ман-ын бүлэг Монголбанкны шалгалтын дүнг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монголбанкинд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаран 2012-2016 оны Төвбанкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон билээ. Тэгвэл уг ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, өнөөдөр бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлж байгаа юм байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн нарын гишүүд багтсан юм.

Categories
мэдээ утга-зоxиол

“Сонгодог хөгжмийн түүх”

Сэтгүүлч Р.Оюунжаргал, төгөлдөр хуурч М.Цогбадрах нарын хамтарсан бүтээл “Сонгодог хөгжим” хүүхэд залууст зориулсан лавлах ном уншигч таны гар дээр очиж байна. Энэхүү номд XVII зууны үеийн Европын урлагийн хөгжлийн илэрхийлэл болсон Италийн суут хөгжмийн зохиолч А.Виваль-дигаас эхлээд XX зууны алдарт Д.Шостакович хүртэл 32 суу билэгт хөгжмийн зохиолчийн намтар, уран бүтээлийг багтаажээ. Мөн дэлхийн сонгодог хөгжим буюу өрнөдийн хөгжмийн урлагийн хөгжлийн үе шатууд, изм-үүдийн талаарх ойлголтыг тайлбарлах үүднээс төлөөлөл болох хөгжмийн зохиолчдын тухай мэдээллүүдийг оруулсан байна. “Сонгодог хөгжимтэй танилцах гэдэг бол Европын түүх, хөгжилтэй танилцана гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл ном маань зөвхөн сонгодог хөгжмийн гэлтгүй XVII-XX зууны Европын улс үндэстэн, эзэнт гүрнүүд, тэдний нийгэм журмын байдал, соёл урлаг, ахуйн тухай цухас ойлголт өгөх бүтээл болсон болов уу” хэмээн зохиогчид номынхоо өмнөтгөлд онцолжээ.

Манайхан хүүхэд, залуусаа “мэдлэг боловсролтой, хүмүүжилтэй зөв хүн” болгох гэж хичээдэг. Тэгвэл хүүхэд залуусын хүмүүжил, хэтийн төлөвшилд хөгжим хамгийн чухал нөлөөтэй гэдэг. “Сонгодог хөгжмийн түүх” ном танай хүүхэд, гэр бүлд танин мэдэхүйн болоод хүмүүжлийн энэ орон зайг хангалттай нөхөж өгөх нь ээ. Энэ номд орсон өрнөдийн суут хөгжмийн зохиолчид өнөөдөр хүн төрөлхтний оюун санааны хөгжилд ямархуу нөлөө үзүүлж буйг “Сонгодог хөгжмийн түүх” танд өгүүлнэ. Мөн тэдний амьдралын сонирхолтой бөгөөд гунигтай түүх, алдарт бүтээлүүдээ хэрхэн туурвисан талаар уншиж болох юм. “Сонгодог хөгжим” ном “Интерном”, хөгжмийн “Эгшиглэн” дэлгүүрт борлуулагдаж байгаа аж.

Д.ТУЯА

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхины хэрэг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн зарим заалтад шүүмжлэлтай хандаж байгаагаа илэрхийлэв. “Эрүүгийн хуульд 40 орчим заалтыг өөрчилсөн гэсэн. Тэгсэн хэрнээ гол өөрчлөлтүүдийг оруулаагүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн байна. Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 гэсэн заалтаар энэ төрлийн гэмт хэргийг шийтгэж байсан бол одоо 20. 7 гэсэн заалтаар зохицуулах болж байна. Өмнө нь “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис” гэдэг байсан бол одоо зөвхөн “бодис” болж эм бэлдмэл нь байхгүй болсон. Мөн “Борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан” тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуульд доод ял 10 жил оноодог байсныг таван жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг. Энэ мэт ноцтой өөрчлөлтүүд орсон” гэлээ.

Мөн “Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болсон. Хуулиар зөвшөөрсөн мөнгө олдог гурван аймшигтай бизнес байдаг. Энэ бол архи, тамхи, эм. Үүнд хатуу хяналт хэрэгтэй. Хуулиар зөвшөөрөөгүй ч асар их ашиг орлоготой, үр дагавартай, аюултай зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Аль ч улсад хар тамхины ялаа ингэж зөөллөсөн түүх байхгүй. Өмнөх хууль ч хар тамхины хэрэгт хатуу байгаагүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг гурав дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсч байна. Үүнийг хэлэлцэж эхлэхэд би эсэргүүцэж, байнгын хорооноос гарахаа ч илэрхийлж байсан. Гэтэл сая бараг хуралдаанаас намайг хөөж байсан. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхи, эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амьтанд анх удаа амжилттай туршжээ

Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н. Баасанжаваар урдирдуулсан туршилтын мэс заслыг цаашид ч үргэлжлүүлэх аж.

Дашрамд мэдээлэхэд дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон, бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна.

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг зургаан удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй нэг хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.