Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үйлчилгээ үнэгүй үзүүлнэ

Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсны ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, НЗДТГазартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо НЗДТГазартай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 26-ны 09:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Монголбанк их хэмжээний алдагдалд орсон нь шалгалтаар ил болжээ

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Эхний асуудал нь Монгол банкинд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн дүгнэлт, дараагийн хэлэлцсэн асуудал нь элчин сайдуудын томилгоо аж. Монголбанкинд хийсэн шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажилласан байна.

МАН-ын бүлгийн зарим гишүүд Монголбанкны шалгалтын тайланг нууцын зэрэглэлд хамруулах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь 0,85 хувийн хүүтэй зээлийг нэлээд хэдэн аж ахуй нэгжид олгосон байна. Угтаа бол Монголбанк зээл гаргах эрх зүйн боломж байдаггүй билээ. Гэтэл хууль зөрчиж, маш бага хүүтэй олгосон зээлийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг зарим гишүүд хүссэн байна.

Үүнээс гадна Монголбанк нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ. Энэ нь манай улсын төсвийн тал орчим хувьтай тэнцэх хэмжээний тоо билээ.

Улсын төв банк нь ийм хүнд байдалд орчихсон байхад зөвхөн бүлгийн хурал дээр мэдээллээд цаашид нууцын зэрэглэлд оруулна гэдэг нь эрсдэлтэй юм. Үүнийг нууцлах гээд байгаа шалтгаан нь сонгууль дөхсөний шинж гэж зарим гишүүд дургүйцэж байгаа аж.

Ингээд бүлгийн хурал дээр Т.Аюурсайхан гишүүн тайлангаа танилцуулаад гишүүдэд мэдээлэл болгож, танилцуулга тараасан ч хурлын дараа хурааж авсан байна. Мөн нууцын зэрэглэлтэй материал тул цааш нь задруулахгүй гэдэг гарын үсгийг ч зуруулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөх замын трассын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцлаа. Тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ автозамын ажил энэ жил эхлэх юм байна. Одоо Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулснаар зам барилгын ажил эхэлнэ.

ЯАРМАГИЙН ШИНЭ , ХУУЧИН ГҮҮР ЗУРГААН ЭГНЭЭТЭЙ БОЛНО

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах ажлын явцтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж танилцаж, газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсгээс гүйцэтгэгч компанид НМХГ, НАЗХГ, НГА-тай уялдаа холбоотой ажиллаж, эдийн засгийн хямралтай цаг үед бараа мартериалын худалдан авалтыг дотоодын үйлдвэр, компаниудаас авах, тэднийг татан оруулах үүргийг өглөө.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд туссаны дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.

Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдөөд байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна

Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэг шүүх хурал эхэллээ

СӨҮЛ. /Yonhap/. Дотны найз болон туслахууд нь нэр холбогдсон авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шүүх хурал өнөө өглөө Сөүл хотод эхэллээ.

Хөх цэнхэр өнгийн костюм өмссөн, гартаа гавтай Пакийг засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд авчирсан байна. Гуравдугаар сарын 31-нд цагдан хорих төвд хоригдсоноосоо хойш тэрбээр олон нийтэд анх удаагаа харагдаж байгаа нь энэ юм.

Гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулсан билээ. Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн, Засгийн газрын нууц мэдээллүүдийг задруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 18 зүйл ангиар түүнд өнгөрсөн сард яллах дүгнэлт үйлдсэн.

Пак бол авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор шүүгдэж байгаа Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч аж. 1996-1997 онд Ерөнхийлөгч Ро Дэ У, Чон Ду Хван нар шүүгдэж байжээ.

Өнгөрсөн сарын 17-нд Пакт яллах дүгнэлт үйлдсэнээс хойших цагдан хорих зургаан сарын хугацаа дуусахаас өмнө шүүх шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Өмнөд Солонгост авлигын хэрэгт оноодог ялын дээд хэмжээ бол бүх насаар нь хорих ял юм.

Пак Гын Хэг шүүх хурал дараагийн удаад энэ долоо хоногийн пүрэв гарагт болно. Шүүх нотлох баримтуудыг нягталж, гэрчүүдээс мэдүүлэг авахын тулд долоо хоногт 2-3 удаа шүүх хурал хийхээр төлөвлөжээ.

Пакийг огцруулсантай холбоотойгоор Өмнөд Солонгост энэ сарын эхээр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон билээ. Сонгуульд 2012 онд түүнд ялагдаж байсан Мүн Жэ Ин ялсан юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33 км хурдны автозамын ажил эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33 км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч автозамын ажил эхлээд байна.

Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын уг ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо, дэмжлэг шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулах гэж байгаа тул доор дурьдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2017.05.24-нд 10.00 цагаас Хан-Уул дүүргийн Газрын албанд ирж үйл ажиллагаанд оролцохыг хүсье. Лавлах утас 11-344927, 99038500 гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын тээвэрт тасалбар түгээх машин нэвтрүүллээ

Сонгинохайрхан Зорчигч тээврийн төв буюу Драгон төвд өнөөдөр 11:00 цагт тасалбар түгээх машины /ТҮМ/ нээлтийн арга хэмжээ болно. Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөдүйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх боломжтой болох аж.

ТVМ (Ticket vending machine) машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх ба дотоодын төгрөгийн (₮) карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой юм байна.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсох юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд эхэлж, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох ба Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн 2 тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Засгийн газар тариалангийн талбайн хөрс хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 21-22-нд тариалангийн бүс нутгуудад ажиллав. Тэрбээр төгсгөлд нь сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Монгол Улс энэ онд 258 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс 380 мянга гаруй га талбайд үр тариа тариалах юм. Улсын хэмжээнд тариалалтын явц 70 хувьтай байгааг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

Тэрбээр, “Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын асуудлыг ярих болсон. Хөрсөө хамгаалахгүй бол үржил шим алдагдаж, цөлжилтөд орж байна. Хөрсөө тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Шинжилгээндээ тулгуурлан бордох, тордох үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байна. Газар тариалан монголчуудыг олон жил тэжээх чухал салбар. Тиймээс үр хойчдоо бүрэн бүтэн үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой. Энэ чиглэлд ч Засгийн газар анхаарлаа хандуулах болно” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.


-Газар тариалангийн салбарт боловсон хүчин дутагдаж байгаа талаар тариаланчид хэлсэн. Энэ чиглэлд Засгийн газар ямар ажил хийх вэ?

-Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-үүд тогооч, үсчин, нарийн боовчин бэлтгэж байна. Тиймээс МСҮТ-үүдийг газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхийг цаг үе шаардаж буйн илрэл. Хоёрдугаарт, залуусын хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх нь чухал. Энэ салбарт ажилласнаар тухайн хүнд ямар ашигтай вэ гэдэгт тулгуурлан залуусын сонирхол нэмэгдэнэ. Тиймээс Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргасан. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт Атрын III аяныг үргэлжлүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр тариаланчидтай уулзахад Атрын III аяны хүрээнд тодорхой дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.

-Дотоодын төмсний хэрэгцээг 100 хувь хангадаг болсон. Үүнтэй холбогдуулан импортоор орж ирж байгаа төмсөнд тодорхой хяналт тавих уу?

-Импортын бүтээгдэхүүнийг 100 хувь хориглох боломж байхгүй. Тиймээс импортын бараатай өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Үүний тулд тариаланчдын өртөг, зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар ОХУ, Украин зэрэг улсаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж оруулж ирэхээр ярьж байгаа. Тоног төхөөрөмжтэй болоод өөрийн ажлаа хөнгөлсөн тариаланч аль болох илүү талбайд ногоо тариалах боломж бүрдэх юм. Тэгэхгүйгээр бага талбайд тариалалт хийж байгаа хүмүүс бол ногоогоо аль болох өндөр үнээр борлуулах сонирхолтой байх нь тодорхой.

-Үрийн асуудалд хэрхэн анхаарах вэ. Нэг үрийг 5 жилээс дээш ашиглахаар ашиг шим нь мууддаг гэсэн асуудал яригдаж байна?

-Улаанбуудайн найдвартай үрээр тариаланчдаа хангахын тулд үрийн аж ахуйг байгуулах талаар ярилцаж байгаа. Үрийн аж ахуй байгуулах боломж бий. Хүнсний ногооны үрийн хувьд заавал эрдэм шинжилгээний газруудтай хамтарч хийх хэрэгтэй. Зөвхөн нэг аж ахуйн нэгж байгууллагад даатгаад орхиж болохгүй. Тариаланчидтай уулзахад “Урд нь өөр үр тарьдаг байсан. Энэ жил шинэ үрээр тарьсан. Ашиг шим сайн байна” гэх зэргээр ярьж байна. Шинэ үр турших ажлыг тариаланчид л хийж байна. Тиймээс шинжлэх ухааны байгууллагууд аль үр нь өгөөж өндөртэй, тэсвэртэй байна вэ гэдгийг тодорхойлдог байх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Сурагчаа хайхраагүй багшийг 240 мянган төгрөгөөр торгожээ

Холбоотой ЗурагЕрөнхий боловсролын сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөх тохиолдол ихсэх хандлагатай байгааг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Иймд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавин ажиллаж буй юм байна.

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 18-р сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байхыг илрүүлж, тус хүүхдийн ангийн багш нь түүнийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулж байсныг тогтоожээ. Улмаар тус ангийн багшид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх /240 мянган төгрөг/ хэмжээний мөнгөөр торгож, арга хэмжээ авчээ.

Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын жүжигчид Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ

Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Тус өдөрлөгөөр УДЭТ-ын уран бүтээлчид

11:00-17:00 цагийн хооронд

  • УДЭТеатрын талаар мэдээлэл танилцуулах, иргэдийн санал, хүсэлт авах, уран бүтээлчид иргэдтэй уулзах, дурсгалын зураг авахуулах

14:00-14:40 цагийн хооронд

  • УДЭТеатрын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу мэндчилгээ дэвшүүлнэ
  • Д.Нацагдорж “Миний нутаг ” шүлэг /УДЭТ-ын уран бүтээлчид/
  • Орос дууны цоморлиг /СТА Б.Нармандах/
  • Эрик Клиптон “Намрын навчис” ковер дуу /УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл/
  • “Ану хатан” жүжгийн дуу /СТА Ц.Баясгалан/
  • “Макарена” ковер, “Шөнийн Вероны эзэд” ковер дуу /Драмын 3 хамтлаг/
  • “Сарнай цэцэг” дуу /УДЭТ-ын Театр-Студын жүжигчин Ц.Жаргалсайхан/
  • “Норовын намтар” жүжгийн дуу /УДЭТ-ын жүжигчин А.Чингүн болон Матрикс хамтлаг/
  • “Чингис хаан дуу” /Драмын 4 хамтлаг/

Мөн тус театраас азтан шалгаруулж, УДЭТ-ын гарын бэлэг, тоглолтын урилгыг гардуулах юм байна.