Categories
мэдээ нийгэм

Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдийг шүүх хурал хойшлов

Шүүх танхимд амиа хорлохыг завдсан зурган илэрцүүд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхимд хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан шүүгдэгч Б-д холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр боллоо. Түүний биеийн байдал дээрдсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.

Улмаар шүүх хурлыг ирэх сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан байна. Учир нь шүүгдэгч Б нь 461 дүгээр ангид хүргүүлсэн яллах дүгнэлтээ гардан авахгүй гэсэн байсан тул хуулинд заасан 72 цаг хүрээгүй гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшлогджээ. Харин өнөөдрийн шүүх хурал дээр яллах дүгнэлтээ гардан авсан байна.

Яллагдагч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Мөн дээр нь нэмэгдээд 245.1 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах хэргээр өнөөдөр шүүгдсэн юм. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Хэргийг сануулбал, Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. Тэрбээр шүүх хурлын үеэр “Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.23/ хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд:

-Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;

-даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн,

-ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн ажиллахаар хуульчилсан юм.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан билээ.

Үүний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгажээ.

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг нэр дэвшүүлсэн байна.

Харин Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэгдагва нарыг ажиллуулахаар талууд санал болгожээ.

УИХ-ын тогтоолын төсөлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зөвлөлийн дэд даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэлийг томилохоор тусгасан аж.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг, М.Билэгт нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо иргэн хүнд ашигтай, хүртээмжтэй биш байна гэсэн шүүмжлэл байнга гардаг гээд энэ тогтолцоог өөрчлөх ямар ажлуудыг хийх вэ хэмээн тодруулсан.

Нэр дэвшигч Д.Дэмбэрэл, 2016 онд УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн даатгалыг бие даасан тогтолцоотой байхаар хуульчилсан хэмээгээд Үндэсний зөвлөлийн түвшинд энэхүү даатгалыг хамгийн үр ашигтай ажиллуулахын төлөө ажиллана гэлээ. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санг даатгуулагчдад ашигтайгаар зүй зохистой ашиглан, улс төржилтгүйгээр биеэ даан тогтвортой ажиллах тогтолцоог бүрдүүлж ажиллана гэж хэлсэн.

Нэр дэвшигчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж чадаж байгаа эмнэлгүүдэд даатгалын мөнгийг шилжүүлдэг болох, даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагын ажлыг үнэлж дүгнэдэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хоёр чухал хуулийг өнгөрсөн УИХ-аар баталсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа. Тиймээс Байнгын хорооны тогтоолыг баталж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон гэлээ. Тэрбээр, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг түргэсгэх үүрэг Зөвлөлийн гишүүдэд ногдож байгааг дурдаад Эрүүл мэндийн даатгал төлж байгаа атлаа тусламж үйлчилгээний мөнгийг иргэд халааснаасаа гаргадаг гажиг тогтолцоог цаг алдалгүй засч ажиллахыг хүслээ.

Дээрх тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдын улсын зөвлөгөөн болно

Малчдын улсын зөвлөгөөн зурган илэрцүүдХХААХҮЯ-наас тавдугаар сарын 26, 27-нд Малчдын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулна. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцох юм байна.

Зөвлөгөөнөөр,

  • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
  • Монгол мал үндэсний хөтөлбөр,
  • Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
  • Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,
  • Мал, амьтны эрүүл мэнд тухай,
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
  • Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал,
  • Мал төллөлтийн явц, төл бойжилт,
  • 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.

Мөн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 6-нд эхэлнэ

Сонгууль зурган илэрцүүдМонголын Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 6-нд эхэлнэ.

Сонгуулийн нэгдсэн хуулинд, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” хэмээн заасан.

Хуулийн энэхүү хугацаа нь зургадугаар сарын 6-ны өдөр таарч байгаа бол дуусах хугацаа нь 25-ны өдрийн 00 цагаар өндөрлөх юм.

Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болно. Харин хилийн чанадад байгаа иргэд ирэх сарын 10-11-ны өдрүүдэд саналаа өгөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-аас 30 жилийн хугацаатай 500 сая ам.долларын зээл авахыг дэмжив

БНСУ-ын Засгийн газраас 30 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах Зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос дэмжлээ.

Тус байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр ирүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын /БНСУ/ Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж.

Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уг ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх юм байна.

Хуралдаанд оролцсон гишүүд Зээлийн ерөнхий хэлэлцээртэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүдийн хувьд өмнө нь авсан 105.6 сая ам.долларын зээлийг ямар төслүүдэд зарцуулсныг лавлаж, үлдсэн төслүүдийг хэрэгжүүлэхгүй удааширсны шалтгааныг тодруулж байлаа. Мөн өмнө нь авсан зээлээ дуусгаагүй байж дахин зээл авах шаардлага бий эсэхийг асууж байв. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа “2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар Үндэсний оношлогоо эмчилгээний төв, хот хоорондын нийтийн тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэг таван төслийн 105.6 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээр байгуулсан. Харин үлдсэн 190 сая ам. долларын зээлийг эрх зүйн шинэчлэлийн багц, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн төсөлд зарцуулахаар тусгасан байсан. БНСУ-ын тал төслүүд үндэслэл муутай байна үзсэн учраас ажил удааширсан тал бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийж байгаа болохоор яг ямар төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх асуудал тодорхой бус байна” гэж хариулав.

Санал хэлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Ч.Улаан “Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж байна. Гэхдээ өмнөх төслүүдээ эргэн харж, “үндэслэл муутай” гэсэн төслүүдийг буцаан татаж, бэлэн байгаа төслүүдээ оруулах асуудлыг хөөцөлдөх шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа “500 сая ам долларын зээл авахдаа өрийн менежментээ зөв хийх шаардлагатай”, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “500 сая ам доллар гэдэг 1,2 их наяд төгрөг. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд шинэ хөрөнгө оруулалт, обьект барих асуудал тусгагдаагүй. Иймд энэхүү зээлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зарцуулах шаардлагатай” гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжиж, байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт морь уналга, сургалтын төв байгуулна

“Монгол наадам” цогцолборт ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дуусчээ. Өнгөрсөн жил цанын бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн. 2 сарын хугацаанд 30 мянга гаруй иргэн цанын баазаар үйлчлүүлжээ. “Монгол наадам” цогцолборын дарга Н.Батсүмбэрэл өнөөгийн тавьж байгаа гол зорилго бол жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах хэмээлээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Цаашид хүй долоон худагт “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө”, Морь уналга, сургалтын төв” зэргийг байгуулна. “Монгол наадам” цогцолборын удирдлагууд эхний баяр наадмынхаа ард гарсаны дараа хотын удирдлагуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хэтийн зорилтуудаа танилцуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Найман хөлтэй хоёр толгойтой тугал гарчээ

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн малчны сарлагаас найман хөлтэй, хоёр толгой, хоёр бөгстэй тугал гарчээ.Малын эмч нар үнээнд хагалгаа хийж, тугалыг гаргаж авсан байна. Улмаар төрөлхийн гажигтай энэхүү тугал гараад удалгүй үхсэн аж.

Чухам яагаад гажигтай гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэхдээ малын эмч нар “Энэ төрлийн гажиг нь төрөл ойртох эсвэл ураг бүрэлдэх үеийн эсийн хуваагдлын явцад хуваагдаж чадаагүй ургууд ингэж гарах нь их байдаг” гэж тайлбарлалаа.

Дээрх хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, лаборант Ч.Бадамханд нар хийжээ. Энэ хавар мал эмнэлгийн албаныхан зургаан удаагийн кесарево хагалгаа хийсэн бөгөөд өмнөх таван хагалгаагаар эрүүл тугал гаргаж авсан байна.

Categories
мэдээ спорт

С.Мияарагчаа Вашингтон хотын “Sport Judo” клубт багшлахаар болжээ

Монголын шилдэг жүдоч, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Мияарагчаа Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдарч байна. Тэрбээр Вашингтон хот дахь “Sport Judo” клубт багшлахаар болсон тухайгаа фэйсбүүк хуудаснаа хуваалцжээ.

Олимп, Дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир мөн Америкийн нэгдсэн улсад очоод байгаа.

Ийнхүү жүдо бөхийн нэгэн цаг үеийг тодорхойлж, дэлхийн шилдэг бөхийн тоонд багтаж асан алдарт тамирчид хилийн чанадад ур чадвар, бөхийн эрдмээ үнэлүүлэн, дасгалжуулагчаар уригдах болжээ.


Categories
мэдээ нийгэм

Соёмботой уулын хормойноос сэндийлээд эхэлжээ

Соёмботой уул хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн уул Туул голын урдхан талд налайж байдаг. Богд уулын хот руу харсан энгэрийг өмчлөөд дуусч байгаа баячуудад одоо энэ уулыг ухаж, сэндийлэх л үлдсэн бололтой.

Газрын наймаачид Соёмботой уулыг ухаж байна гэх мэдээлэл өчигдрөөс цахим ертөнцөд цацагдсан.

Төрийн соёмбоо тэргүүнд нь залсан энэ уул газрын наймаачдын гараар орчихгүй тэсч байсан ч сонгуулийн дуулианаар далимдуулан ухаад эхэлчихсэн бололтой. Тэгвэл энэ талаар албаны хүмүүс үгүйсгэсэн мэдээлэл өгсөн бөгөөд газар эзэмших эрхтэй иргэн газраа тэгшилж байгаа гэсэн мэдээлэл өгчээ. Сая гаруй хүн амтай метрополис хотын урд талд түмний нүдэн дээр дүнхийж байдаг Богд уулын хөндөгдөөгүй ганц газар болох Соёмботой уулыг минь бүтэн үлдээч өгөөч хотын дарга аа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ирэх сард Ерөнхийлөгч Казахстан, Ерөнхий Сайд ОХУ-г зорино

ГХЯ-ны ээлжит “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцсон юм. Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстан улсад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ хэмээн тэр мэдээлсэн юм.

Тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцоно.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний урилгаар Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм байна. Петербургийн олон улсын эдийн засгийн форум ирэх сарын 1-3-ны хооронд болох ажээ.