Categories
мэдээ улс-төр

​Монголбанк 3.7 их наяд төгрөгийг орон сууцны зээлийн хөтөлбөрт гацаажээ

Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв. Шалгалтын дүнд хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ: Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3.7 их наяд төгрөг нь орон сууцны зээлийн хөтөлбөрт байгаа юм. Үлдсэн 1 их наяд гаруй төгрөг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах зээлд байгаа юм. Монголбанкны шалгалтын дүнд шатахуун импортлогч 14 компанид 226,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Энэ зээлийг ихэнх аж ахуй нэгж зориулалтын бус зүйлд зарцуулсан. 2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ тогтмол буурсан. Тиймээс манай ажлын хэсэг шатахууны компаниудад зээл олгох шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Мөн Арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмж, 3,8 хувийн хүүтэй зээлийг шатахуун импортлогч компаниудад олгосон гэлээ.

Танилцуулгыг хийсний дараа Байнгын хорооны гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбар өгсөн юм.

Н.Баяртсайхан: Ажлын хэсэг Монголбанкинд хийсэн тайлангаа бидэнтэй ярилцаагүй. Бид өнөөдөр Байнгын хороон дээр орж ирээд, та бүхэнтэй хамт сонсож байна. Тиймээс албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтийг авч байж хариулах боломжтой болно. Аль ч улсад төв банкны хараат бус байдлыг хүндэтгэдэг. Төв банкны бүрэн эрхийг хуулиар тогтоосон байдаг. Энэ бүгдийг Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороо харгалзаж үзэхийг хүсэж байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

​Б.Пүрэвдорж: 57 тэрбумыг танай намын хамгийн том компани авчихсан байна шүү дээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв.

Энэ үеэр Б.Пүрэвдорж гишүүн ийнхүү хэллээ. “Ардын нам Хөгжлийн банкаар асар их улстөржсөн. АН л будилуулаад хаячихлаа гэсэн чинь шалгалтын эцсийн дүнг харахад Хөгжлийн банкны 16 хөтөлбөрийн ихэнхийг Ардын намынхан авчихсан байсан шүү дээ. Та нар тэгээд гурав нольдуулаа биз дээ. Та нар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг улстөржүүлж байна. Би дөнгөж сая энэ жагсаалтыг харахад миний мэдэх зөндөө олон улстөрчдийн хамаатан садны компани байна. 57 тэрбум төгрөг танай хамгийн том компани чинь авчихсан байна шүү дээ. Нууц учраас би нэрийг нь хэлэхгүй. Гэхдээ авчихсан байна. Ардын намын гишүүд баланд дурласан зөгий шиг, баасанд дурласан батгана шиг юм. Хямд эх үүсвэртэй зээл гэхээр дандаа Ардын намын гишүүд, дарга, сайд нар нь очоод холбогдчихсон байх юм. Энэ мэдээллийг тараахгүй гэж байна. Яагаад тараахгүй гэхээр энд байгаа компаниуд миний харсанаар нэлээд олонхи нь танай намын компаниуд байна шүү дээ. Гишүүдийн, ах дүү нарын чинь компаниуд байна шүү дээ. Үүнийгээ олон нийтэд зарлаж, нууцаас гаргах хэрэгтэй. Монгол банк хамтарсан удирдлагатай байсан. 2012-2016 онд хамтарч засаг барьсан. Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр бараг дөрвөн жил одоогийн УИХ-ын гишүүн ажилласан. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг улстөржүүлээд амжилт олно гэвэл эндүүрэл. Хариуцлагаа хамтдаа хүлээнэ, ярина” гэлээ.

Categories
гадаад мэдээ

​Венесуэлийн экс Ерөнхийлөгч Уго Чавесийн гэрийг шатаажээ

Венесуэль улсад эдийн засгийн хямрал газар авч, тус улсыг удирдаж байсан экс Ерөнхийлөгч Уго Чавесийн төрөлх гэрийг шатаах дээрээ тулсан байна. Өчигдөр цагдаа нар 19 настай оюутныг хөнөөсний дараа ард иргэд хилэгнэн гудамжид гарч түүний гэрийг шатаажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Венесуэлийн парламент улс оронд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг зарлаж, гадаадын тусламжийн сувгийг нээхийг уриалсан юм. Улс төрийн хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямралд хүргэж, инфляц хэдэн зуун хувиар нэмэгдэж, гол хэрэглээний бараа ховордож үнэ нь тэнгэрт хаджээ. Сөрөг хүчнийхэн энэ хямралд Ерөнхийлөгч Мадурогийн харалган бодлого буруутай хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн пүрэв гаригт бүх нийтээр амарна

Жил бүрийн зургадугаар сарын 1-нийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах болгон тэмдэглэдэг билээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдөр бүх нийтээр амрахаар заасан учир ирэх долоо хоногийн пүрэв гаригт амарна. Энэ өдөрт зориулж, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Төв талбайд нэгдсэн арга хэмжээтэй.

Categories
мэдээ улс-төр

Түлэнхийн төвийг барихад зориулж, кувейтүүд 8 сая ам.доллар өгөхөөр болов

Түлэнхийн төвийн шинэ барилгыг Кувейт улсын буцалтгүй тусламжаар барих гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна. 1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг 2011 онд акталж, шинээр барилга барихаар болсон боловч санхүүжилтийн асуудлаас болж гацаад байсан билээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Кувейт Улсын Эль-Кувейт хотод болжээ. Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер оролцсон байна. Нийт 10 сая ам.долларын өртөгтэй барилгын 8 сая ам.долларыг ийнхүү Кувейт улсаас буцалтгүй тусламж болгон олгохоор болжээ. Түлэнхийн төв 2018 онд нээгдэх юм байна.

Categories
мэдээ спорт

​Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Азийн аваргад зодоглоно

-2020 онд ААШТ-ыг Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ-

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Хонконгт очоод байна. Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Хонконгт жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тивийн аваргад 28 орны 244 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын тэргүүтэй жүдочид зодоглоно. Дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байгаа юм. Мөн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 2020 оны тэмцээнийг Монгол Улс өөрийн орондоо зохион байгуулах эрхийг авчээ.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэй
• 60 кг – Ж.Амарболд
• 66 кг -Г.Хэрлэн
• 73 кг – Г.Одбаяр
• 81 кг – Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар
• 90 кг – Г.Алтанбагана
• 100 кг – Л.Отгонбаатар, Б.Жанчивдорж
• +100 кг – Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
• 48 кг – М.Уранцэцэг
• 52 кг – Л.Сосорбарам, Ч.Аззаяа
• 57 кг – Д.Сумъяа, Ц.Хулан
• 63 кг – Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг
• 70 кг – Б.Хулан
• +78 кг – Б.Мөнхтуяа тус тус барилдана. /Зарим тамирчид багийн тэмцээнд оролцоно./

Categories
мэдээ нийгэм

​ДЭМБ-ын ерөнхий захирлаар Африкаас нэр дэвшигч тодорлоо ​

Дэлхийн эрүүл мэндийн 70-р чуулганаас ДЭМБ-ыг ирэх дөрвөн жилд удирдах шинэ ерөнхий захирлыг сонголоо. 2017 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др.Саниа Ништар нар өрсөлдөж, ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхийн саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо. Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч, ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон анхны тохиолдол боллоо.
2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др.Тедрос Гебрейсусийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-ын ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан юм.

Тедрос Гебрейсус нь:

  • 2012 оны арваннэгдүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
  • 2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
  • 2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
  • 2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
  • 2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
  • 2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Соёмботой уулыг ухаж байсан компанийн газрын зөвшөөрлийг цуцалжээ

Соёмботой уулыг ухсан асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ. Яамнаас хууль бусаар газар ухсан иргэний газрын зөвшөөрлийг нь цуцалсан гэв.

Тус яамны Тусгай хамгаалалтын газрын дарга нь хэлэхдээ “Зайсангийн 14-р хорооны эцэст Үндэсний их сургууль, Универсаль политекникийн коллежийн гурван га газрыг цуцалсан талаар оюутнууд жагсаж, энэ байдлыг эсэргүүцэж байсан. Тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж өмчлүүлдэггүй. Тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулдаг. Түүнээс биш их, дээд сургууль барих эрхзүйн зохицуулалт байхгүй. Эдгээр компаниуд эко сургууль барина гэж ярьж байгаа. 2001 онд 40.1 га-г энэ газарт олгосон байдаг. Нийслэлтэй ярьж байгаад 3 тэрбумаар нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд аялал жуулчлалын зам харгуйг тохижуулах ажил хийгдсэн. Энэ тушаал тавдугаар сарын 16-нд гарсан.
Дараагийн асуудал бол Соёмботой уулыг ухаад байна гэсэн асуудал. Энэ нь 2016 онд Н.Батцэрэг сайдын үед таван иргэнд олгосон газар байгаа. Эдгээр нь ТҮЦ компаниудаар шилжээд очсон байдаг. Энэ газрыг өчигдөр тушаал гаргаад цуцалсан. Үүнийг өнөөдөр хэвлэлээр зарлана. Үүнтэй холбоотой газар ухсан компаний удирдлагуудтай уулзсан. Тэд энэ газрыг хэвийн байдалд буцаж оруулъя гэсэн. Бид шүүхийн тогтоол шийдвэр гарвал тэр дагуу арга хэмжээ авна. Тэнд угаалгын газар барьсан байсан” гэж ярьсан юм.
Ингээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Та бүхэн ухахаас нь өмнө болиулж болоогүй юм уу?
-Иргэн Төгсжаргал газар ашиглах гэрчилгээтэй байсан. Энэ газрыг нэг, хоёр хоногийн дотор л ухчихсан байна лээ. Бид тэгээд өчигдөр болиулсан. Өнөөдрөөс эхлээд тэр иргэн газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байгаа. Тусгай хамгаалалтын бүс 41.7 мянган га байдаг. Энэ газар нь хязгаарлалтын бүсэд ордог.
-Ямар зориулалтаар юу барих гэж байсан юм бол?
-Аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн давхар зочид буудал барих гэж байсан. Барилгынхаа зөвшөөрлийг дээд байгууллагаас бас аваагүй байсан. Хуулинд газар ашиглах эрхийг хэн нэгэнд бүтнээр болон хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Тэр Төгсжаргал гэдэг иргэн тэр хүн шилжүүлээгүй байсан. Тэр хүн зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан нь зөвтгөх шалтгаан болж байгаа.
-Энэ мэтчилэн зөрчил гаргах аж ахуй нэгж дахин гарвал яах вэ?
-Богд уулыг дагаад 2000 аж ахуй нэгж зөвшөөрөл авсан байдаг. Бид зөрчилтэй үйл ажиллагаа гаргахаас сэргийлэн бүх талаар арга хэмжээ аван ашиглаж байна. Цаашдаа шийдвэртэйгээр газар чөлөөлөх ажлыг хийх болно гэдгийг хэлмээр байна.
О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

ОУВС-гаас орж ирэх мөнгөөр өрөө бууруулна гэв

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаарх Сангийн сайдын мэдээллийг сонссон байна. Монгол Улс концессын гэрээ хийж эхэлснээс хойш нийт 1,9 их наяд төгрөгийн гэрээ хийжээ. Гэвч бүтээн байгуулалтын өртөг, компанийн ашиг гэх мэтийн хяналт сул байна гэж Байнгын хорооны гишүүд шүүмжилсэн аж.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хөрөнгийг хэрхэн зарцуулах” талаар тодруулжээ. Түүний асуултад Сангийн яамны мэргэжлтэн хариулахдаа “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөөр өрөө бууруулж, өрийн тогтвортой байдлыг бий болгоно. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Энэ мөнгөн дүнгийн 2 тэрбум ам.доллараар юанийн своп хэлэлцээр сунгана. Үлдсэн 3,5 тэрбум ам.доллар дотоодын Засгийн газрын үнэт цаас солих, төсвийн алдагдлыг нөхөх зэрэгт зарцуулна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Элчин сайдуудын томилгоог хэлэлцэх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух Элчин сайдаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь улсад суух Элчин сайдаар, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Элчин сайдаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилохыг Засгийн газар тус тус дэмжин, УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.