Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа “О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна. Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэрэл төрөл нэмсэн. Үхэв”, “Хууль зөөлөрсөн гэж О.Баацанхүүгийн үг нь хар тамхи тат гэсэн уриалга юм”, “О.Баацанхүү шиг хуулийг уншдаггүй ордны ховоор ам хийдэг хүмүүсийн хоморгонд автаж хэрэгт орж болохгүй шүү залуусаа, “Өмнөх хуулиар мансуурсан этгээдэд ямар ч хариуцлага тооцдоггүй өртсөн донтогч гэх ойлголт үгүй болж ял шийтгэл оноодог болсон”, “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй дээ” гэж жиргэжээ. Бүх ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрийг Баацанхүү болгон нийтийн сүлжээгээр доромжилж байгаа нь энэ. Монгол Улсын төрийн түшээ хүнийг бидний удирдагчдын нэг болсон дэд сайд Б.Цогтгэрэл ийн хэлж байгаа нь ёс суртахуунтай хэрэг үү. Төрийн шатлалаар Б.Цогтгэрэлийн шууд дарга нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн. Бусдыг ингэж доромжилсных нь төлөө уучлал гуй гэж МАН-ын бусад гишүүд нь энэ хүндээ хэлж, зөвлөдөг болов уу. Төрийн сайд хүн ийм болчимгүй зан гаргаж болохгүй. Та нар бод доо, социализмын үеийн Зам, тээврийн яамны орлогч сайд Б.Лувсан гуай тэр үеийн Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав гуайг ийм байдлаар доромжилбол яах байсан бол гэж. Улс төрийн товчооны гишүүнийг орлогч сайд хүн тухайн үеийнхээ сонин хэвлэлээр янз бүрээр доромжилсон байна гээд бодох гэхээр ухаан санаанд ч багтахгүй юм. Хэрэвзээ тийм зүйл болдог юм бол орлогч сайд Б.Лувсан гуайг шууд Шар хадны галзуугийн хурцын тасаг руу явуулах байсан биз. Тэр хүний сэтгэц нь хэвийн биш байна гэж үзээд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Харин өнөөгийн нийгэмд төрийн албан тушаал хашиж буй дэд сайд хүн ийм ёс зүйгүй авир гаргалаа. Монгол Улсын төрт ёсны тэр үеийн байдал одоо үеийнхээс ямар ч ялгаагүй. Зэрэг дэв, захирах, захирагдах, эх орныхоо төлөө зүтгэх, ард түмний өмнө хариуцлагатай байх, үлгэр жишээ үзүүлэх, төрийг хүндлэх энэ бүх ёс журам яг хэвээрээ байх ёстой. Гэтэл дэд сайд Б.Цогтгэрэл монгол төрийг ийн бүдүүлгээр доромжиллоо. Нэг ёсондоо бохирдуулж байна. Магадгүй дэд сайд Б.Цогтгэрэл үзэл бодлоо илэрхийлсэн нь ардчилал гэж бодож байж болох юм. Тэгвэл үүнд ардчилал ямар ч хамаагүй. Бид ардчиллын хүчинд аливаа асуудлыг, хүнийг ил тод шүүмжлэх эрхтэй болсон нь үнэн. Гэхдээ доромжлох эрх хэнд ч байхгүй. Ингэж ардчиллын нэр барьж доромжлохыг анархизм гэдэг. Хэрвээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай ярих гэж байгаа бол ардчиллыг гуйвуулсан хэрэг болно. Монгол төрийг ингэж бохирдуулж хүчгүйдүүлэх нь санаатай юу, эсхүл санаандгүй үйлдэл үү. Ийм хүн монгол төрд ажиллаж болох уу, үгүй юу гэдгийг томилсон улс нь эргэж хэлэлцэх цаг нь болжээ.
Month: May 2017
УИХ 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татвар “0” байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ нь машин импортлогчдын хувьд маш том дарамт болж байгаа талаар тэд мэдэгдэж байсан юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгах шийдвэр гаргаад байна. Уг асуудал болон, өчигдөр УИХ-аар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Энэ сарын эхний өдрөөс автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Тэр дундаа ард түмний хэрэглээ болсон приус автомашины татварыг нэмсэн. УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хүсэлтийг хүргүүлээд байсан. Та бүхний хүсэлт биеллээ олоод эхлэв үү?
-Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр төсвийн тодотгол батлагдсан. Бизнес тогтвортой хугацаанд явдаг. Ялангуяа автомашины бизнес төлбөр төлөх, ачих, буулгах гээд хугацаа шаардагддаг тул захиалгаа эрт өгдөг. Аж ахуйн нэгжүүд болон хувь иргэд приус болон бусад автомашиныг ачуулахаар захиалга өгчихөөд байсан. Тэд бирж дээрээс худалдан аваад Монгол руу илгээхэд 45 хоног шаардагддаг. Автомашин импортлогчид хэдэн мянган машины захиалга өгч худалдан аваад ачуулах гэсээр байтал энэ хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн нь олон хүний эрх ашгийг хөндөж, бухимдлыг төрүүлсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ялангуяа приус автомашины онцгой албан татварыг хуучин шиг нь тэглэх, приус машины татвараас олох орлогыг ямар аргаар олж болох гарцыг нь зааж өгсөн хүсэлтийг Засгийн газарт өргөн барьсан боловч хүлээж аваагүй. Приус автомашин яах аргагүй манай ард түмний унаа болсон. Монголчууд шинийг нь худалдаад авчих боломжгүй тул насжилт өндөртэй машин авч байгаа нь үнэн. Насжилт өндөр болохоор онцгой албан татвар нь улам өндөр болж байна. 10-аас дээш жилийн насжилттай бол зөвхөн онцгой татвар нь 5.8 сая төгрөгөөр нэмэгдсэн. Дээрээс нь онцгой татвараас нөөц авдаг. Тэр нь 580 мянган төгрөг байдаг. Ингээд 6.3 сая төгрөгөөр приусын татвар нэмэгдчихээр яах аргагүй хүндрэл үүснэ. Нэгдүгээрт ард түмэн эсэргүүцээд хоёрдугаарт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодорхой саналууд гаргасан. Тиймээс Засгийн газар өөрсдийн буруу шийдвэрээ засахын тулд приус болон хос тэжээлт автомашины татварыг тэглэхээр бүлгийнхээ гишүүнээр санал гаргуулаад үүнийгээ УИХ-д өргөн барихаар шийдэж байх шиг байна.
-Гэхдээ ОУВС-гийн хэлэлцээрт багтсан энэ асуудлыг шууд шийдчих амаргүй байх?
-Үүнээс нэг зүйлийг харж болно. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх шийдвэр гаргасан нь ОУВС-гийн шийдвэр биш юм байна. Яагаад гэвэл приус автомашины татварыг хөнгөлөх асуудлыг Засгийн газар оруулж ирж чадаж байна гэдэг нь ОУВС-гийн шийдвэр бус Засгийн газрын шийдвэр байж. Тэд ОУВС-гийн нэрээр ард түмний халааснаас татвар нэрээр дээрэм хийх гэж байсан юм байна.
ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. Валютын сан түүн дээр нь дүгнэлт хийгээд заримыг нь зөвшөөрөөд явж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг хасах асуудлыг ч гэсэн Засгийн газар оруулж ирсэн. Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой.
-Тийм боломж байгаа юу?
-78 мянган хүүхдэд олгох мөнгийг зогсоогоод түүнээс хэмнэсэн мөнгөөрөө бага орлоготой өрхүүдэд хоолны талон олгоно гэдэг санаа ОУВС-гаас өгсөн чиглэл огт биш. Энэ санаа Засгийн газраас л гарсан. Учир нь МАН орон нутагт дийлэнхэд нь засаг барьж байгаа. Тиймээс дарга нараараа дамжуулаад МАН-ыг дэмждэг болон дэмжих магадлалтай хүмүүст уг талоныг хуваарилж байгаа юм. Хүүхдийн мөнгө ямар нэгэн арын хаалгагүйгээр хүүхдэдээ очдог. Гэтэл түүнээс хэмнэсэн мөнгийг хэн нэгэн даргын шийдвэрээр хэн нэгэн Ардын намыг дэмждэг тэр айл өрхөд очихоор болж байгаад харамсч байна. ОУВС хэзээ ч ийм бүдүүлэг санаачилга гаргахгүй. Приус машины татварыг эргэн харсан шигээ бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг эргэж харах ёстой. Бензин шатахууны татварыг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Бензиний татвар нэмэгдсэн л бол бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тиймээс хугацааг нааш цааш тавих нь Засгийн газрын мэдлийн асуудал. Ялангуяа алслагдсан бүс нутагт очдог бараа бүтээгдэхүүн илүү өндөр үнэтэй болно. Энэ нь сонгуульд шууд нөлөөлнө гэж байгаа тул Ардын нам сонгуулийн маргааш бензин шатахууны татварыг нэмэхээр болж байна. Ардын нам мартдаг байж болох ч ард түмэн санах ойтой гэдгийг мартаж болохгүй.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр үдээс өмнө Их хурал баталсан. Таны хувьд хүний эрхийг хангах тал дээр анхаарах ёстой гэдгийг анхааруулж байсан. Таны гаргасан саналууд хуульд биеллээ олов уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрх зөрчсөн 10 гаруй заалт байна. Тиймээс ажлын хэсэг дээр ярилц гэдэг үүргийг бүлгээс өгсөн. 10 гаруй заалтаас дөрвийг нь гол болгож ярьсан. Дөрвөн асуудлаас хоёр дээр нь бид хүний эрх, эрх чөлөөг хангах дээр амжилт гаргасан. Нэгдүгээрт, Шүүхээс хэргийг буцаах асуудал байсан. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр шүүхээс хэргийг буцаадаггүй нэг удаа очиж асуудлаа шийдвэрлээд явдаг, хэрэв гэм буруутай нь нотлогдвол ял авах, нотлох баримтгүй бол цагаатгаад явдаг тогтолцоог бүрдүүлэхийг хүссэн. Гэтэл ажлын хэсэг дээр Дээд шүүхээс ирсэн албан бичгийн дагуу Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зарим заалтыг дордуулсан гэж үзсэн. УИХ-ын эцсийн хэлэлцүүлгээр харин энэ санал унасан. Энэ нь хүний эрхийг хангахтай холбоотой хамгийн том ялалт гэж үзэж байгаа. 1920 оноос хойш хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэдэн жил дамнан хэрэг шалгах маягаар хүнийг залхааж хэрэг хүлээлгэдэг зүйлээс бид салж чадлаа. Энэ нь хүний эрхийг хангах тал дээр хамгийн том давуу тал.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол эрүүгийн хэрэг үүсгэснээс дуусах хүрэлх бүх процесстой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа хувь хүн дээр явуулах, үүнийгээ нотлох баримтад тооцох асуудлыг хуулийн төсөлд суулгасан байсан. Байнгын хорооны гишүүд үүнийг эсэргүүцсэн тул уг хуулиас хасагдсан.
-Та чуулган дээр малын хулгайн гэмт хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж байсан даа. Яг ямар учиртай байсан юм бэ?
-Цагдан хорих байранд хүнсний аюулгүй байдал болон мансууруулах бодис хэрэглэх, худалдаалахын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай заалтыг Засгийн газраас оруулж ирсэн. Гэтэл дээрээс нь нэмээд хүн худалдаалах, хүн алах, малын хулгай зэрэг гэмт хэргийг нэмж оруулсан. Энэ нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Гэсэн ч олонх шийдвэрээ гаргаад явсан. Уг заалт нь хүний эрхийг дордуулсан гэж үзэж байгаа.
-72 цаг баривчилдаг байсныг 24 цаг болгосон ч 48 цаг байхаар баталчих шиг болсон. Ямар шалтгаанаар тийм өөрчлөлт орсон юм бол?
-72 цагийн баривчилгааг “хар баасан гариг” гэдэг л дээ. Сүүлийн гурван жилийн статистикаас харахад 5800 хүнийг хар баасан гаригт баривчилж даваа гаригт нь тэдний 80 хувийг гэм зэмгүй юм байна гээд сулласан байдаг. Баасан гаригт тухайн хүнийг баривчилчихаад бямба, ням гаригт хоёр өдөр мэдээллийн хэрэгсэл, сошиалаар тэр хүн баривчлагдлаа гээд нэр хүндийг нь зориудаар унагааж, гутаах зүйл гардаг. 72 цаг байсныг Засгийн газрын төслөөр 24 цаг болгосон байсан. Ажлын хэсэг 48 цаг болгосон шалтгаан нь холын аймгийн алслагдсан сум ч байдаг юм уу тэр газарт гэмт хэрэг үйлдсэн хүнийг төв суурин газар авч ирж, прокурорын зөвшөөрөл авч хэрэг үүсгэхэд хугацаа шаарддаг гээд зарим хуулийн байгууллагын зүгээс хүсэлт тавьсан. Тиймээс ярилцаж байгаад дундын хувилбар болох 48 цаг байхаар сонгосон. Өнгөрөгч долоо хоногт батлагдсан Эрүүгийн хууль, өнөөдөр (өчигдөр) батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүний эрхийг дээдэлсэн, 2002 оны шоронжсон хуулиас хамаагүй илүү хүний эрхийг хангасан хууль болсон гэж үзэж байгаа.
“Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй ярилцлаа.
-“Яг түүн шиг” шоуны ялагч болсонд баяр хүргэе. Анхны түрүүгээ аваад сэтгэгдэл ямар байна вэ?
-Ялагч болсондоо баяртай байна. Гэхдээ ялагч болсонд минь надаас илүү миний хүү баяртай байгаа. Хүү минь 11 настай л даа. Нэг удаа “Ааваа түрүүлбэл гурван сая төгрөг өгдөг юм байна. Хэрэв та түрүүлбэл надад унадаг дугуй авч өгөөрэй” гэсэн юм. Хүүгийн минь ерөөлөөр болсон юм байлгүй, түрүүлчихлээ. Ямартай ч шагналынхаа мөнгөөр хүүдээ унадаг дугуй авч өгсөн шүү.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлээ танилцуулаач?
– Манайх ам бүл тавуулаа. Би гурван хүүхэдтэй. Том охин минь 22 настай. Охин маань Америкт сэтгэл зүйч мэргэжлээр сурдаг. Нийт зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин дундах хүү маань 12, бага нь хоёр настай. Миний хувьд анх аав болж байснаас илүү 50 гарсан хойноо аав болох нь үнэхээр гайхалтай байсан шүү.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Би унаган хотын хүүхэд л дээ. Харин аав минь Завхан аймгийн Тэлмэн, ээж минь Тосонцэнгэл сумынх юм. Гэсэн ч аав, ээж минь их залуудаа хотож орж ирцгээсэн юм билээ. Миний аавыг Гэндэндарам гэдэг. Барилгын засварын нэгдсэн трестийн даргаар ажиллаж байсан, барилгын инженер мэргэжилтэй хүн л дээ. Харамсалтай нь 41-хэн насандаа хорвоог орхисон. Аав минь 1981 онд бурхан болсон юм. Монгол хүн анх удаа сансарт нисч, хүн бүхэн баярлаж байхад надад үнэхээр гунигтай, хүнд үе тохиож байлаа. Аав минь боловсролыг шүтдэг байсан юм. Тиймдээ ч биднийг үргэлж боловсролтой хүн болгохын төлөө маш их зорьдог байлаа. Намайг бага байхад л англи хэл заавал сурах ёстой гэж хэлдэг байв. Тухайн үед Д.Алтангэрэл гуайн цөөн тооны л англи хэлний толь байдаг байлаа. Гэсэн ч надад олж авчирч өгснийг нь би тодхон санадаг юм.
Харин миний ээж Аптекуудын удирдах газарт дарга, Анагаахын дундад олон жил багшилсан, эм зүйч мэргэжилтэй хүн л дээ. Одоо хэдий 80 дөхөж яваа ч эмийн сангаа ажиллуулсаар л явна. Сонирхуулахад аав, ээж минь хоёулаа машинтай байж билээ. Албаны машин байсан ч гэсэн тухайн үед нэг айлд хоёр машин байх нь тун ховор байсан юм.
-Та дунд сургуульд байхдаа “4-Иван” гэх хамтлагтай байсан гэсэн үү?
-Би 1974 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд орсон. Харин 1976 онд хоёрдугаар ангидаа “4 Иван” хамтлагийн гишүүн болж байлаа. Манай хамтлаг орос багшийнхаа зааж өгсөн ганцхан дуутай. Түүнээс өөр дуу дуулж ч байсангүй. Тэр дууг дуулахын тулд дөрвөн хүү байх ёстой байж л дээ. Яагаад ч юм намайг нэгээр нь сонгосон. Миний урлагт хөл тавих анхны алхам болсон гэж болно. Мөн өөрийнхөө удамд анхны урлагийн хүн болсон. Одоогоор дараа үеэс минь ч урлагийн хүн гарч ирээгүй л байна. Ямартай ч би “4-Иван” хамтлаг минь Монголын анхны “Boyband” болсон гэж хошигнодог юм.
Гэхдээ ээж, хоёр дүүдээ нөмөр нөөлөг болох ёстой, айлын том хүү гэдгээ их эрт ухамсарласан учраас дуу, хуур гэхээсээ илүү хичээл номондоо анхаарах хэрэгтэй байлаа. Тиймдээ ч ахлах ангидаа урьдынхаасаа ч илүү онц сурсан. Үүний үр дүнд 1984 онд Чех рүү их сургуульд сурахаар болсон доо.
-Ямар мэргэжлээр суралцав?
-Би хувцас, загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцсан. Яг үнэндээ гадагшаа явах гэсэн том мөрөөдөл минь биелсэн болохоор мэргэжил нь тийм ч чухал биш байлаа. Тэр үед барууны орон руу явна гэдэг их ховор тохиол байсан юм шүү дээ. Ах, дүү нар минь бүгд ирцгээн вагонд суулгаж өгсөн нь санаанд их тодхон. Хэдий эр хүн ч гэсэн нулимсаа нуугаад л тэднээсээ холдож билээ.
Харин оюутан байх үед минь буюу 1989 онд Чехт “Ягаан хувьсгал” болсон. Ер нь хувьсгалын салхи Польш, Чехэд анхлан сэвэлзсэн юм шүү дээ. Миний үзэл бодол ч их өөрчлөгдчихсөн байсан үе. Найзуудтайгаа хамт жагсаал, цуглаанд их идэвхтэй оролцоно. Дараа нь С.Зориг ах Чехэд ирж Монголд болох хувьсгалын талаар их ярьж өгсөн. Миний хувьд Европт сурч байгаа залуучууддаа “Ардчилал” сонинг түгээх үүрэг хүлээсэн л дээ. Тэр нь С.Зориг ахаас авсан даалгавар юм даа. Ингээд 1990 онд төгсч ирээд, ах нартайгаа хамт хувьсгалд оролцсон.
-Хувьсгалд оролцсон нь улс төрд орох шалтгаан болсон уу?
-Яг ч тийм биш л дээ. 2000 онд С.Оюун Иргэний зориг нам байгуулсан. Би багын л С.Оюуныг танина. Мөн С.Зориг ахтай ойр явсан учраас хамгийн түрүүнд энэхүү намыг дэмжих ёстой л гэж бодсон. Түүнээс би нам байгуулж, эсвэл улс төрд оръё гэж бодож, сонирхож байгаагүй. Намайг намд орооч ээ гэж хамгийн их шамдуулсан хүн бол С.Дэмбэрэл гишүүн. Харин арван жилийн дараа би С.Дэмбэрэл ахыг намдаа оруулсан юм шүү.
-Та хэдэн орноор аялсан бэ?
-Би газрын зураг тавьж байгаад тэмдэглэл хийж үзсэн л дээ. Гэтэл 106 орон байсан шүү. Яг үнэндээ би өөрөө ч итгээгүй. Үүнээс Бутан хамгийн гайхалтай нь байсан. Үнэхээр сайхан гэгээлэг хүмүүстэй. Харин Словакт явж байхдаа машинаасаа бүх ачаагаа алдчихаж билээ. Энэ нь миний аяллын хамгийн сонин тохиол болсон доо. Миний хувьд залуустаа хоёр орноор очоод үзээсэй гэж зөвлөмөөр байдаг. Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй. Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэдэгт итгэлтэй байна.
-Та яг одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Анх төгсч ирээд мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй. Бусдын л адил ганзгын наймаанд явсан. Чехээс хуучин машин Монгол руу зөөдөг байлаа. Ургамлын тос, “Classic” гэх цууг хүртэл хамгийн анх оруулж ирсэн. Ингээд л бизнесийн гараагаа эхлүүлсэн дээ. Одоо бол би маш олон ажил эрхэлж байгаа. Миний үндсэн ажил бол бизнес эрхлэх. “Irish pub”-ийг ажиллуулахын сацуу “Тэрэлж”-д багахан амралтын газартай. Мөн гаднаас цөөн тооны бараа импортолж борлуулдаг. Том бизнесмэн биш ч хүнээс гуйхгүй л гэр бүлээ авч явна. Мөн хобби болох урлаг маань бизнесийн минь нэг салбар болчихлоо. “Шар айраг” хамтлаг чамлахааргүй их орлого олдог. Дээрээс нь зар сурталчилгаанд их тоглож байна. Намайг бага байхад “Хөнгөн хөгжим, хөлбөмбөг хоёр Монголд хэзээ ч хөгжихгүй” гэж ярьдаг байсан. Гэтэл би хоёр хөгжихгүй салбарын төлөө л зүтгэсэн. Харин одоо надад үр өгөөжөө өгсөөр л байна. Ер нь хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг. Надад энэ үг үйлчилдэггүй юм шиг байгаа юм. Харин ч олон туулай хөөж байж зөвийг нь олж авдаг байх.
-Таныг “Битлз” хамтлагийн хөшөөг бариулсан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Ганцхан би биш л дээ. Олон хүний санаа, сэтгэл шингэсэн юм. Хөшөө байгуулах санааг “Битлз” хамтлагт дуртай С.Баяр, Э.Бат-Үүл, Б.Долгион гэх хүмүүс дэмжсэн. Тухайн үед хамгийн бага нь би байсан учраас хандивын ажил гэх мэт ажлуудыг амжуулах шаардлагатай болсон. Нөлөө бүхий хүмүүс хамтарч байгаа болохоор ажил ч хурдан бүтсэн дээ. “Битлз” гэдэг бидний хувьд Ливэрпүүлээс гаралтай дуучин залуус байгаагүй. Тэд бол бидний барууны ертөнцийг үзэх цонх минь байсан юм.
-СОНГОЛТГҮЙ НИСЛЭГИЙН КОМПАНИЙН ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ ХУДАЛДАН АВЧ, ХОХИРСООР БАЙХУУ-
Дэлхийд хаана ч байхгүй өндөр үнэтэй онгоцны билетээр Монголын ард түмэн БНСУ руу нисч байна. Улс хооронд нислэг үйлдэж байгаа нислэгийн компаниуд нэг удаагийн нислэгээр арваас дээш хувийн ашиг олдоггүй гэнэ. Гэтэл БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани Инчён-Улаанбаатар чиглэлд нэг удаа нислэг үйлдэхэд 19-20 хувийн ашиг олж байгааг албаны эх сурвалж онцолж байв. МИАТ “Korean Air” компани ингэж л Монголын ард түмнийг шулж байгаа аж. Мөн БНСУ-ын жуулчид энэ зун хэдэн мянгаараа манай улсад ирэх боломж бүрдээд байгаа гэнэ. Аялал жуучлалын компаниуд руу өдөрт хэдэн зуугаараа хандаж байгаа гэнэ. Гэвч онгоцны билетийн үнийг сонсоод олонх нь шууд татгалзаж байгаа аж. Засгийн газар, БОАЖЯ бусад холбогдох компаниуд жуулчдыг эх орон руугаа татах олон ажил хийж байгаа. Аюулгүй Улаанбаатар хот арга хэмжээ зохион байгуулж, хөтөч, зочид буудал, гэр амралтын бааз гээд аялахаар ирж байгаа жуулчдыг сэтгэл хангалуун байлгах томооохон ажлуудыг чадах чинээгээрээ хийж байгаа. Гэтэл нислэгийн зардал хэт өндөр байгаагаас болж жуулчид манай орныг зорин ирэхээс татгалзаж байгаа гэнэ. Нэг компанид давуу эрх олгож, Монголын ард түмнийг шулж, жуулчдыг үргээж байгаа “Korean Air” компанийн талаар сурвалжиллаа.
МИАТ, “KOREAN AIR” КОМПАНИЙН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БУЮУ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ШУЛСАН МОНОПОЛЬ ҮЙЛЧИЛГЭЭ
“МИАТ”, “Корейн Эйр” компаниуд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу олгогдсон эрх, үүргийн хүрээнд 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэнэ. “МИАТ” компани “Корейн Эйр” компанитай хамтран ажиллах гэрээгээ төрийн ордонд сүр дуулиантайгаар байгуулсан байдаг. БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн захирлуудыг төрийн ордонд хүлээн авч, тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нар хүртэл оролцож санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Санамж бичигт гарын үсэг зурах үед “Монголын агаарын тээвэрт шинэ үйлчилгээ шинээр нээгдэж байна. Олон улсын стандарт шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Монголчууд ая тухтай, таатай, аюулгүй онгоцоор нисэх нь. Хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааг өргөжүүлэхэд агаарын тээврийн салбар чухал. Эдийн засгийн том хаалга нээгдэж байна” гээд л сүртэй мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байв. Гэвч “Korean Air” компани тараа таниулж эхэлсэн байдаг. 18 жил ийн хамтран ажиллах гэрээ байгуулсан компани хамгийн өндөр билетээр Инчён-Улаанбаатарын чиглэлд нисч эхэлсэн байдаг. Тус компани ойролцоо километр зам туулсан нислэгээ маш хямд үнэтэй нисдэг мөртлөө зөвхөн Улаанбаатар-Инчён чиглэлийн нислэгээ өндөр үнэтэй буюу тусгайлан гаргасан үнээр зорчигч тээвэрлэж эхэлсэн байдаг. Бусад иргэний агаарын тээврийн компанид хямд үнээр нислэг үйлдэх боломж байдаг гэнэ. Гэвч “МИАТ” “Korean Air” компанитай 18 жилийн гэрээ байгуулсан учир өөр компани шинээр нислэг үйлдэх ямар ч боломж байхгүй юм байна. Ингэж л БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани Инчён-Улаанбаатар чиглэлд дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр нислэг хийдэг болсон байна. Зорчигчдод хямд үнэтэй агаарын тээврийн компаниар үйлчлүүлэх ямар ч сонголт байхгүй учир “Korean Air” компанийн ааш аяг, монополь байдалтай эвлэрч, өндөр үнээр зорчдог байна.
“KOREAN AIR” КОМПАНИ УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮНД АВЛИГА ӨГСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭНЭ
“Korean Air” компани Монголын агаарын тээвэрт даам гарч, дэлхийд байхгүй өндөр үнэтэй онгоцны билет шахаж байгаа цаад шалтгаан юу вэ. Энэ асуултын хариултыг холбогдох албаныхан янз бүрээр тайлбарлан хэлж байна. Гэхдээ бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж болгон ноцтой нэгэн асуудлыг бидэнд хэлж байсан юм. БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани Инчён-Улаанбаатарын чиглэлд монополь байдлаа хадгалахын тулд Монголын эрх баригчдад авлига өгсөн байж болзошгүй тухай БНСУ-ын шударга өрсөлдөөний хороо мэдэгдэж шуугиан тарьж байсан. “Korean Air” компани Монгол руу үйлддэг нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд Монголын өндөр албан тушаалтнуудын амралтын зардлыг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг гэнэ. 2010 онд “Korean Air “ компанийхан Монголын Засгийн газарт өндөр алба хашдаг арван хүнийг гэр бүлийн хамт Чежү арал дээр амраасан гэнэ. Ингэхдээ бүх зардлыг нь тус компани даасан гэж БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо мэдэгдэж байсан аж. Монголын арван гэр бүлийг амраахад “Korean Air” компани 13.5 мянган америк доллар зарцуулжээ. Үүний дараа Монголын Засгийн газар “Korean Air” компанийн талд ашигтай шийдвэр гаргаж Инчён-Улаанбаатарын чиглэлд монополь байх нөхцөл бий болгосон гэнэ. Тиймээс үүний цаана авлига хээл хахуулийн асуудал байхыг үгүйсгэхгүй гэдгийг онцолж байсан юм.
БНСУ-ЫН ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ХОРОО: “KOREAN AIR “ КОМПАНИ МАНАЙ УЛСАД ОГТ БАЙХГҮЙ ӨНДӨР ҮНЭЭР НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА
БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос УБ-Инчён-УБ чиглэлийн нислэгийн шударга бус үйл ажиллагаатай холбоотойгоор “Кореан эйр” авиа компанид хориг арга хэмжээ авна. Хэт их өндөр үнээр зорчиж байна гэх мэдээлэл 2012 онд гарч байсан. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо “Инчён-Улаанбаатар чиглэлийн нислэг нь ойролцоо зай (2,000 км)-тай Инчён-Хонгконг, Инчён-Гуанжү чиглэлээс 25 хувиар үнэтэй байна. Манай улсад огт байхгүй өндөр үнээр нислэг үйлдэж байгаа. Ийм шударга бус үйлдэлд хориг тавьж, их хэмжээний мөнгөн торгуулийн арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч дээрх асуудал тэгсхийгээд нам жим болсон.
“KOREAN AIR” КОМПАНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛСЭНЭЭР 42 ХУВИЙН ИЛҮҮ ҮНЭТЭЙ БИЛЕТ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА
Инчён-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байгаа “Korean Air” компанийн асуудлаар нэгэн аялал жуучлалын компанийн захирал Г.Батжаргал цөөн асуултад хариулт өгсөн юм.
-“Korean Air” компанийг сонгон үйлчлүүлж байгаа зорчигч зах зээлийн үнээс өндөр үнээр тийз худалдаж авч байгаа асуудал олон жил яригдаж байна. Энэ талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр зорчиж байна шүү дээ. БНСУ-ын Засгийн газрын гишүүн Пён Че Ил 2013 оны арваннэгдүгээр сарын 3-нд нэгэн баримт дэлгэсэн. Улаанбаатар-Инчён хотуудын хооронд Монголын МИАТ, Солонгосын “Korean Air” компаниуд өөрсдийн онгоцоо нисгэдэг болсоор 14 жил өнгөрсөн. Монголын зүгээс дээрх чиглэлд зөвхөн Солонгосын “Korean Air” компанитай л гэрээ хийсэн. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь болсон монгол зорчигчид адил зайд нисэх бусад компанийн онгоцны тасалбараас дунджаар 42 хувийн илүү үнэтэй онгоцны тасалбараар үйлчлүүлж байна. Тухайлбал, Инчён хотоос 2061 километр зайд байх Хятадын Шимчон хот хүрэхэд 250 мянган вон, 2080 километр зайд байх Гуанжоу хот хүрэхэд 270 мянган вон байдаг. Гэтэл 2002 километр зайд байх Улаанбаатар хот хүрэх онгоцны тасалбар 333 мянга 300 вон байдаг. Улаанбаатар хот хүрэх чиглэлээсээ жилд дунджаар 14 тэрбум 100 сая воны ашиг олдог “Korean Air” компани , энэхүү давуу эрхээ хадгалж байхын тулд Монгол Улсын удирдах албан тушаалтнууд болон тэдний гэр бүлд үнэгүй онгоцны тасалбар бэлэглэх, Солонгос улсад үнэгүй аялуулж байсан тухай мэдээлэл өнгөрсөн 2009 онд гарч байсан удаатай. “Korean Air” компани өөр бусад хотууд руу нисэх нэг удаагийн нислэгээс дунджаар 9-3 хувийн ашиг олдог. Харин Улаанбаатар хот хүртэлх нэг удаагийн нисэх нислэгээсээ 19-29 хувийн ашиг олдог. Энэ нь шударга өрсөлдөөн биш тул үүнийг шалгаж бусад өөр компаниудыг уг чиглэлд ажиллах бололцоо олгож, үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй онгоцны тасалбараар үйлчлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан шүү дээ. Үнэхээр нэг компанид хэтэрхий их давуу эрх олгосноос болоод Монголын жирийн иргэдийн халааснаас маш их хэмжээний мөнгө БНСУ-ын агаарын тээврийн компанийн данс руу орж байна шүү дээ.
-Аялал жуучлалын компаниуд руу БНСУ-ын иргэд олноор хандах болсон гэсэн үнэн үү?
-Үнэн. БНСУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд сайнгүй байгаа. Үүнээс болоод БНСУ-ын иргэд манай улс руу аялахаар ирэх нь өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдээд байна. Өдөр шөнөгүй утасдаж байна. Өмнөх жилүүдэд Чингис хааны нутгаар гээд Өмнөд Монголын аймгуудаар явдаг байсан. Тэгвэл энэ жилээс манай улсаар хэдэн мянган жуулчин явах боломж бүрдээд байна. Жуулчдыг хүлээж авах боломж бидэнд бүрэн байна. Аялал жуучлалын компаниуд жуулчдыг сэтгэл хангалуун буцааж чадна. Гэтэл нэг толгой өвтгөсөн асуудал байна. Тэр нь билетийн үнэ хэтэрхий өндөр байна. Үүнээс болоод олон жуулчин ирэхээс татгалзаж байна. Үүнд холбогдох газрууд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Уг нь Монголын эдийн засагт маш том боломж, ашиг авчрах дүр зураг харагдаад байна шүү дээ.
-Зөвхөн нэг компани давуу эрх эдэлж байгаагаас болж суудал нь дүүрчихсэн байдаг гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ хамгийн хэцүү асуудал болоод байна. БНСУ-ын Сөүлээс Монголд ирэх билетийн захиалга урьдчлаад өгөх гэхээр суудал нь аль дээр үед дүүрчихсэн. Та хоёр сарын дараа нисэх суудал захиалах боломжтой гэсэн хариу өгч байна. Цөөхөн онгоц явдаг. Суудлын захиалгыг хэдэн сараар хийчихдэг болохоор үнэхээр асуудалтай байдаг. Уг нь хоёр талын зардал монгол төгрөгөөр 1.2 сая төгрөгийн ханштай байдаг. Хямд үнэтэй суудал байхгүй. 1.4 сая, эсвэл 1.5 сая төгрөгөөр суудал захиалах болж байна. Ингэж л нэг компанид давуу эрх өгснөөс болоод жуулчид ирэх нөхцөл огт байхгүй болж байна даа. Билет нь үнэтэй, ямар ч сонголт байхгүй зөвхөн нэг компанийн нислэг сонгож үйлчлүүлэх ёстой. Тэгсэн мөртлөө хэдэн сарын дараа нислэг хүлээх нөхцөлд хэн Монгол руу зүглэх юм бэ. Бид жуулчид хүлээж авна гээд л хөөрөөд байдаг. Үнэндээ Монголд аялагч цөөхөн ирж байгаагийн хамгийн гол асуудал нь билетийн үнэ, нислэгийн авиа компанийн хүртээмжийн асуудал шүү дээ. Мөн аяллын визээр Монголын хэдэн мянган залуус гаднын орнууд руу явдаг. Тэдний хөлс хүчээ гаргасан мөнгөний ихэнх хувь нь онгоцны билетийн үнэд л явж байна.
“Шөнийн гэрэлт гудамж” төсөл хэрэгжиж дууссаны дараа Сөүлийн
гудамж ийм болно
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх хэсгийг шөнийн гудамж болгох ажил эхлээд байна. Нийслэлээс шөнийн гудамж байгуулах төслөө “Шөнийн гэрэлт гудамж” гэж нэрлэжээ. Нэг талдаа 440 метр урт гэхээр нийтдээ 880 метр урт талбайг иж бүрэн тохижуулахаар болж. Шөнийн гудамж долоо хоног бүрийн баасан гаригт л ажиллана. Оройны 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл Сөүлийн гудамж хөл хөдөлгөөнтэй байх нь.
Энэ үеэр машины хөдөлгөөнийг хаах юм байна. Хотын дарга захирамж гаргаж соёл урлаг, аялал жуулчлалын газар, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, захирагчийн ажлын алба гээд холбогдох бүх байгууллагуудыг багтаасан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн шөнийн гудамжны тохижилтын ажлыг тавдугаар сарын хорьдоос эхлүүлэхээр төлөвлөжээ. Ирэх сарын 8-нд нээлтийг нь хийх юм байна.
Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байх төлөвлөгөөг хотоос гаргажээ. Дээгүүрээ гэрлэн таазтай байх нь. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилнэ гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан хэлж байна.
Сонирхуулж хэлэхэд 45 дугаар сургуулийн өмнөх налуу хэсэгт 600 хүний суудал засч эхэлжээ. Арваад хоногийн дараа суудлууд бэлэн болох гэнэ. Зуны дулаахан орой энэ суудалд тухалсан хүмүүс замын эсрэг талд буюу “Браухауз”-ийн ханан дээр суурилуулсан том дэлгэцээр хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан зүйлсийг үзэж сонирхох юм байна.
“Шөнийн гэрэлт гудамж” байгуулах ажлын хүрээнд ногоон байгууламжийн сэлгэлт, нөхөн сэргээлтийн ажил ч хийгдэж байна. Энд явган замын ажил эхэлжээ. Энэ хавийн ТҮЦ-үүдийг шилжүүлэх юм билээ. Зам дагуух ТҮЦ-үүдийг шилжүүлснээр шөнийн гудамж илүү өргөн талбайг хамрах боломжтой болжээ.
Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас шөнийн гудамжны зургийн даалгавруудыг гаргасан байна. Ерөнхий хэрэгжүүлэгч бөгөөд хяналт тавих, зохион байгуулах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгажээ.
Сөүлийн гудамж
Сөүлийн гудамжийг шөнийн гудамж болгох шийдвэрийг нарийн тооцож төлөвлөж байж гаргасан гэнэ. Тэр хавийн байрууд худалдааны төв, баар, ресторан гэх мэт үйлчилгээний байгууллагын зориулалтаар баригдсан учраас Сөүлийн гудамжийг сонгожээ. Дашрамд мэдээлэхэд Сансарын Баянцээл хавийн баар цэнгээний газруудыг ойрын хугацаанд хаах бололтой. Оршин суугчдаас амар тайван байдал алдагдуулсан гэх гомдол байнга ирэх болсон учраас тэр хавийн баар, цэнгээний газрууд дээр нийслэлээс анхаарал хандуулаад эхэлчихэж. Нийслэлийн залууст чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг олгосон шөнийн гудамж байгуулагдсаны дараа Сансар хавийг оршин суугчдыг санааг амраасан шийдвэр гарах юм байна. Сөүлийн гудамжны авто замын зорчих хэсэгт худалдааны асрууд барихаар болжээ. Ойр орчмын аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилготой компаниудад “Шөнийн гэрэлт гудамж”-инд ажиллах боломж байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанд шар айраг, ундаа ус, тоглоом үйлдвэрлэдэг компаниуд эхнээсээ хандаж эхэлжээ. Нийслэлээс шөнийн гудамжинд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг зах ажиллуулж, замбараагүй байдал үүсгэх бодолгүй байгаа аж. Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан “Авто замын хэсэгт ажиллах асруудад бүтээгдэхүүнээ зарах эрхийг дурын компаниудад өгөхгүй. Учиргүй гутал хувцас зараад эхэлбэл шөнийн гэрэлт гудамж гэсэн төслийн утга алдагдана. Гадны хотуудын шөнийн гудамж шиг чөлөөтэй зорчиж, дуртай юмаа авч иддэг орчныг л бүрдүүлэхийг хүсч байна ” гэж ярилаа. Шөнийн гэрэлт гудамж төсөлд ойр орчмынх нь аж ахуйн нэгж байгууллагыг ч татаж оролцуулах гэнэ. Нийслэлээс гудамжийг хамтарч тохижуулъя гэсэн албан тоот хүргүүлээд эхэлжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Нийслэлийн цагдаагийн газрын дарга Эрдэнэболд хурандаа ажиллаж байгаа юм байна. Шөнийн гудамжинд баасан гаригийн орой цагдаа нар ямар зохион байгуулалттайгаар яаж ажиллахыг ярьж байгаа аж. Мэргэжлийн хяналтынхан ч онцгой үүрэгтэй ажиллах гэнэ. Мэргэжлийн хяналтынхны хувьд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй байх гэх мэт иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг хүлээжээ. Энэ төсөлд анхаарал хандуулах албан тушаалтнуудад дүүргийн удирдлагууд ч багтсан байна.
Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрууд энэ төсөлд голлох үүрэгтэй оролцох юм байна. Шөнийн гэрэлт гудам төслийн хүрээнд тайз засч эхэлжээ. Тусгайлан зассан тайзан дээр залуу хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон баасан гаригийн үдэш бүр нийслэлийн залууст бэлэг барих нь.
Циркийн уулзвараас Наран плаза хүртэл үргэлжлэх шөнийн гудамж зүүн тийшээ Драмын театр, баруун тийшээ “Өгөөж чихэр боов” буюу баруун дөрвөн замын уулзвар хүртэл сунах боломжтой аж. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл хотын захиргаанаас шөнийн гудамжийг сунган шийдвэр гаргахаар төлөвлөчихөж. Тэгэхээр шөнийн гудамжны төв хэсгийг тохижуулах ажил ид өрнөж байна гэсэн үг.
Одоогоор шөнийн гудамжны тохижилтод хэчнээн төгрөг зарцуулах нь тодорхой бус байна. Гудамжны нээлтийг хийхдээ хэчнээн төгрөг зарцуулснаа тайлагнахаар төлөвлөжээ.
Хүн гэдэг амьтны хийж болох хийгээд хийж болохгүй зүйлс хязгаартай. Үүнийг хүний нийгэм өөр, өөрийн хэмжүүрээ тавьж зохицуулаад явчихдаг. Гэхдээ ерөнхий хэм хэмжээнээс өөр аль нам, аль засаглалын үед болно, болохгүй гэсэн хэм хэмжээс бас байна аа, ялангуяа Монголд. Ухаандаа 2012-2016 онд АН эрх барьж байхад болж байсан зүйлс 2016-2020 оны МАН-ын засаглалын үед болохгүйгийн жагсаалтад орж, цаашилбал гэмт хэрэгт тооцогдоод явж байгааг харж байна. Харах юу байхав, гэрч нь болж цаашлаад туршилтын туулайнууд нь болоод явж байна даа. Нэг хэсэг хоёр нам хамтарч засаг барьж байхдаа АН-ынхны санаачилгаар арванхоёрдугаар сарын 10-ныг Ардчилсан хувьсгалын өдөр болгон тэмдэглэлт өдрийн тоонд оруулахад зөрүүлээд МАН-ынхны санаачилснаар гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгож албажуулж байлаа. Хүүхэд аятай нэг нэгтэйгээ барьцдаг энэ зан одоо ч үргэлжилсээр. Сүүлдээ болдог байсан юм нь хуулиар болохгүй болчихоор олон болох, болохгүйн дунд энгийн иргэд бид чинь төөрч ч байх шиг. Хуучин наяад оноос, дараахан 2001 оноос зуны цагийн хуваарьт шилждэг байсан үе нэг хэсэг мартагдаж, хүний биологийн цаг нарыг хүчээр өөрчилж байгаа нь буруу гээд зогсоосон байсан бол 2015 оноос Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын шийдвэрээр дахин урагшлуулж, ухраадаг болсон. Эдийн засаг амаргүй байгаа үед байгалийн нарыг ашиглаж, ажлаа амжуулж ихийг бүтээх хэрэгтэй гэж тайлбарлаад зуны цагийн хуваарьт шилжээд явж байсан бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар өөрчлөхгүй гэлээ. Засаг төр шийдвэрээ гаргалгүй л яахав, гэхдээ бид чинь ямар тоглоом биш дээ. Дасч эхэлмэр болоод тас. Ямар сайндаа өнөө жил зарим гар утасны операторуудын тохиргоо өнгөрсөн жилийнхээрээ ажиллаж, цаг өөрчлөгдөж хүмүүс баахан будилж мунгинав. Энэ бол хамгийн энгийн жишээ. Бидний хийдэг байгаад хийх эрхгүй болсон зүйлсийн жагсаалтыг гаргана гэвэл дуусахгүй янзтай.
Хүүхдүүд маань төрөөс мөнгө авдаг байлаа. Монгол Улсын иргэн болсныхоо хувьд 18 нас хүртлээ сар бүр “цалин” хүртдэг байв. АН-ынхны сонгуулийн уриа болж гарч ирсэн ч гэсэн хүүхдүүддээ мөнгө өгдөг энэ уламжлал эдийн засаг ямар ч хэцүү үед, засаг аль ч талдаа очсон харин ч нэг хэрэгжээд явж байсан юм. Харин эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-аас өнгөрсөн есдүгээр сарын 7-нд 38 дугаар тогтоол гаргаснаар бүх хүүхдүүд сар бүр мөнгө авах эрхгүй болов. Амьжиргааны түвшнээс нь шалтгаалан хоёр өөр хугацаанд хүүхдийн мөнгийг олгоно гэж сүрхий тайлбарлаж байсан ч бүгд худлаа болсон. Босго оноог нь давсан цөөхөн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөгөө авч, ихэнх нь 2019 онд мөнгөө нөхөн авна гэж бодож байсан бол молиго үмхсэн. Төр нь нөхөж өгнө гэж амлаад, хүүхдүүдээ луйвардсан энэ хэрэг түүх болон үлдэнэ биз. Сүүлдээ авахаас аргагүй гэж шалгуурыг давсан жаалууд ч авах боломжгүй боллоо. Овоо тогтвортой урт удаан үргэлжилж ирсэн хүүхдийн мөнгө энэ цаг үед устаж үгүй болов. Бидний хүүхдүүд энэ улсын ирээдүйн иргэн болж байгаагийнхаа хувьд урам хүлээж авдаг байсан 20 мянган төгрөгөө нэхэх эрхгүй болов. Бас айлууд өрхийн амьжиргааны түвшингээ тодорхойлуулахаар болсон бөгөөд индүү, угаалгын машинтай айлууд подхийсэн амьжиргаатай айлуудад тооцогдож эхэллээ. Нэг талаасаа улсынхаа шалгалтад ороод амьжиргаа өндөрт тооцогдсондоо баярламаар ч юм шиг, нөгөө талаас идэж уух, амьдралын түвшин маань нэмэгдэх бус муудаад байгаад гайхшрах ч шиг. Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд иргэдэд олгодог тусламжид нөлөөлдөг энэхүү судалгаанд 600 мянга гаруй өрх хамрагдсан гэх бөгөөд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулсан дуулдаж байсан. Хэдийгээр бодит амьдрал дээрдээгүй ч бичиг цаасан дээр дээрдсэн нь амны билгээс ашдын билэг гэдэг монголчуудад маань таалагдах байх гэж найдахаас. Хүүхэдтэй холбоотой бас нэг зүйл бий. Бага насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд цэцэрлэг олдохгүйгээс ажил эрхэлж чаддаггүй. Тиймээс өөр нэг хүүхдээ асарч байгаа ээж хүүхэд асрах үйлчилгээ үзүүлбэл түүнд нь өөрийнхөө нялхыг үлдээгээд ажил эрхлэх боломж гарч байлаа. Хоёулаа гэр гэртээ хүүхдээ хараад ажилгүй сууснаас нэг нь ажиллаж, нөгөө нь түүнд хөлс өгнө гэсэн үг л дээ. Тэгэх боломж бас энэ үед хаагдсан билээ.
МАН засаглах болсоор маниус хийж болохгүй зүйл зөндөө, зөндөө. Приус унах боломжгүй болсон. Ард түмний унаа гэгддэг Приус буюу хос хөдөлгүүрт унааг шатахуун хэмнэх, байгаль орчиндоо ээлтэй хандах үүднээс монголчууд сонгох болсон. Үүнийг дэмжиж татварыг тэглэдэг байсныг зогсоолоо. 50 хувийн татвар гаргаж ирснээр өнөөх хэмнэлттэй хүлгийн үнэ нэмэгдэж ард олон авч унахад амаргүй болов. Татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн улс төрийн хүчин долоогийн долоон татварыг гаргаж ирсэн. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлийг илүүтэй төлж, халаасанд орж байгаа нь нэмэгдээгүй ч гарах нь өссөн байх жишээтэй. Хувь хүний орлогын албан татвар ч шатлалтай нэмэгдэх болсон. Тамхи, согтууруулах ундааны татвар нэмэгдсэнийг хамаагүй гэлээ гэхэд шатахууны онцгой албан татвар нэмэгдлээ. Долдугаар сарын 1-нээс нэмэгдэж, дахиад аравдугаар сараас нэмэгдэнэ гэж байгаа. Шатахууны үнэ өсөхөд Монголд бүх зүйлийн үнэ өсдөг.
Бас юуг хийх эрхгүй болсон бэ гэвэл хадгаламжинд мөнгө хадгалах эрхгүй болсон. Хадгаламжийн хүүгээс татвар аваад ирэхээр хэн хуримтлал үүсгэхийг бодох билээ. Банкууд ч, эдийн засагчид ч хуримтлал хэрэгтэй, өнгөрсөн он жилүүдэд иргэн бүр хуримтлал цуглуулж байсан бол одоогийнх шиг хэцүү байдалд орохгүй гэдэг. Гэхдээ өнөөдрийн идэх хоолноосоо хумслан байж хадгаламжинд хийлээ гээд дэд сайдуудыг тэжээх татвар болж очно гэхээр гонсойх хүмүүс олон байгаа болов уу.
Өнгөрсөн дөрвөн жилд ам.долларын үнийг хаданд гаргасан гээд л байсан өнгөрсөн есдүгээр сард 2272 төгрөг хүрэхэд хэвлэлүүд түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж байсан ам.доллар хэдийнэ 2700 гараад явсан удаатай. Таван толгойн нүүрсээ гадаад зах зээл нь өсөөд байхад бага үнээр борлуулж байна.
Бид юуг хийх эрхгүй болсон бэ, ингэхэд. Лав 60 хүрээд тэтгэвэрт гарах боломжгүй боллоо. Дахиад таван жил буюу 1825 өдөр зүтгэж байж төрд татуулж байсан тэтгэврээ авах эрхтэй болно. Гэхдээ монгол хүний дундаж наслалтыг харахаар гадны хөгшид шиг тэтгэврээ аваад дэлхийгээр аялах гэдэг худлаа байх.
Үр хүүхдүүдээ ипотекийн зээлээр ч болов тусад нь гаргах гэдэг асуудалтай болсон. Өмнөх Засгийн үед шинээр 86 мянга, нийтдээ 120 мянган иргэн ипотекийн зээлээр орон байрны асуудлаа шийдсэн гэгдэж байсан бол энэ боломж хаагдсан. Энэ зээлийг хаагаагүй гээд байгаа ч ипотекийн зээл, нөгөө найман хувийн зээлээр сүүлийн нэг жил байр савтай болсон хүн ойр хавьд чинь байна уу. Үгүй л болов уу. Нөгөө сайн хашаа, сайн оюутан, сайн малчин гээд олон сайн хөтөлбөрүүд бүгд алга болсон. Уг нь аль тэр намын санаачилсан нь иргэдэд нэг их хамаатай биш байгаа юм л даа. Хэн хэрэгжүүлж байна, үнэхээр хэрэгтэй байна уу гэдэг л чухал. Хашаагаа инженерийн дэд бүтэцтэй болгож тохижуулахад хөнгөлөлттэй зээл аваад, тав тухтай амьдарна гэж бодож байсан хүмүүс байсан байх, сайн малчин гээд малчдад жилийн 10 хувийн хүүтэй зээлийг санал болгож байлаа. Тэр чигээрээ банкны зээлээр амьдрал ахуйгаа авч явдаг тэдэнд том боломж байсан. Харин одоо тэр хүү 30 хувь болсон. Өөрөөр хэлбэл, малчид хямд хүүтэй зээл авах эрхгүй болж таарсан. Оюутнууд төлбөрөө зээлээр төлдөг сайн оюутан хөтөлбөр сураггүй, тэр ч байтугай сарын 70 мянган төгрөг ч байхгүй болсон. Зүгээр ч мөнгийг нь хасаад зогсохгүй сурдаггүй, ажилгүй гээд цоллох нь яана гээч. Энэ мэтээр үргэлжилбэл жагсаалт дуусахгүй янзтай. Чингисийн болсон талбай буцаад хуучин нэрээрээ, сүүлдээ Чингис гэж амнаасаа үг унагаж болох ч юм уу, үгүй ч юм уу. Ээжүүд хөхний сүүгээ яах ёстой ч юм бүү мэд. Бас гарцаар гардаггүй нөхөд, гудамжинд сарьж зогсдог амьтаст торгууль шийтгэл чангарч байгаа. Ер нь өөрчлөлтүүд олон болж байна аа. Мэдэж байгаа нь бий байх, мэдэхгүй яваа нь байгаа байлгүй. Та минь цаана чинь олон зүйл өөрчлөгдөж байгаа шүү. Бидний хийж болдог байгаад хийх ёсгүй болсон зүйл зөндөө байгаа билээ. Уншиж судлаарай. Тэгэхгүй хуучнаараа ганхаж явбал гэмт хэрэгтэн болно шүү гэж сайн санасандаа зөвлөж байна.
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, гарлаа. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
“Өдрийн сурвалжлага” булан Хүүхдийн паркт гайхамшигт долоо хоног эхлэх гэж байгаа тухай онцолжээ. Хүүхдийн баяраар үрсээ гоёхоор зэхэж буй уншигчид маань энэ сурвалжлагаас Бөмбөгөр болон Хүүхдийн их дэлгүүрийн хувцасны үнэ ханшийг сонирхож, тоглоомын үнэ ханшийг мэдэж авах боломжтой.
Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, 5,5 тэрбум ам.доллар орж ирэхээр болсон тухай тэргүүн нүүрт мөн онцолжээ.
“Баримт үзэл бодол” нүүрт Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын сайн, муу талыг дэнсэлжээ.
“Улс төр” нүүрт Чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томилсон тухай мэдээлжээ. Гишүүд юуг хэлж сануулж, хэнд хатуу хандаж, нэр дэвшигчид хэрхэн хариулт өгсөн талаар эндээс уншаарай.
Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболдын хүү Анарын утсанд заналхийлсэн мессеж ирсэн тул хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болжээ.
“Баримт, үйл явдал” нүүрт Хятад эмэгтэй гурван хүүхэд дагуулж явсаныг цагдаагийнхан саатуулсан тухай мэдээлжээ.
“Түүхийн жимээр” буланд “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Х.Лхагвасүрэнтэй ярилцжээ. Тэрбээр “Чингис хаан даян дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан агуу их бүтээн байгуулагч” хэмээн ярьжээ.
“Наадам айсуй” буланд Д.Мягмар заан “Хадаа аваргатай барилдсан тэр жилийн наадам үнэн сайхан” хэмээн хуучилсан байна.
“Сав шим” нүүрт Хамгаалал дутсан хадран загасны тухай өгүүлжээ.
“Нэг ангийнхан” буланд Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүйн ангийг 2002 онд төгссөн “Амь нэгтэй” нэг ангийнхны тухай өгүүлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу Баянгол дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй “Гандан Хүрээ гудамж” төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах юм. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд”Гандангийн бүс нутаг бол Улаанбаатар хотын хамгийн онцлог газруудын нэг. Нийслэлийн Засаг дарга болсноосоо хойш миний бие Гандан орчмыг хэрхэн яаж ая тухтай болгох вэ, хэрхэн Монголын соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болгох вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулж ирсэн. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ гудамж маань Улаанбаатар хотын шашин, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжих юм. Энэ ажлыг эхлүүлэхэд оршин сугчид болон газар зохион байгуулалтын ажилд хүндрэлтэй тал бий. Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч Нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг. Тиймээс бид иргэдийн санаачилга дээр тулгуурлаж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.” хэмээлээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатархэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэ хүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орно гэсэн үг юм.
“Гандан Хүрээ гудамж” төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар Захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ.
Тус ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа өнөөдөр (2017.05.25) УИХ-ын даргад гардууллаа.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:
1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
6.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зургаадугаар сарын 5-наас эхлэн нийт ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад 9-р сард УИХ-д төслийг албан ёсоор өргөн барих юм байна.
Төсөл хүргүүлэх тухай албан тоотод Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар гарын үсэг зуржээ.
ЭМЯ-ны удирдлагууд гурван багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэж буй.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллалаа.
Тэрээр тус эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, иргэд үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах зэрэг Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж буй ажил үйлчилгээтэй танилцахаас гадна улсын хэмжээнд үзүүлж буй зүрх, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон Тархины харвалт, Зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал зэрэг улсын хэмжээнд үзүүлж буй лавлагаа тусламж үйлчигээтэй танилцан цаашид анхаарах чиглэл өглөө.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус эмнэлгээс улсын хэмжээнд үзүүлж буй өндөр өртөгтэй зүрх, мэдрэл зэрэг 15 үйл ажиллагаатай танилцаж, зүрхний нээлттэй мэс засалд оролцсон юм.
Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгахад анхаарч эмчилгээ, оношлогоондоо 12-13 шинэ арга технологийг шинээр амжилттай нэвтрүүлжээ. Тухайлбал: зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг Монгол Улсдаа анх нутагшуулан, 64 хүнд энэ тусламжийг үзүүлээд байна. Мөн тархины судсан дотуурх мэс заслын тусламжийн олон аргыг нэвтрүүлэн гадаад улсад явах урсгалыг багасгаж ЭМСайдын гадаад оронд эмчилгээ оношилгоонд илгээх 39 төрлийн өвчний жагсаалтаас гурван өвчнийг хасуулах саналыг гаргаад байна.
Тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн мэс заслын шинэ арга технологиор хийгдэж буй мэс заслууд нь гадаад орнуудад чамгүй өндөр өртөгөөр хийгддэг байхад тус эмнэлэгт ЭМДаатгалын сангаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд эх орондоо бага зардлаар зүрх, мэдрэлийн өндөр өртөгтэй мэс заслыг хийлгэх боломж бүрдсэн байна. Тухайлбал: Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаад оронд дунджаар 20-40 мянган америк долларын өртөгтэй байдаг бол Монголдоо 7-8 сая төгрөг төлж эмчлүүлж байна. Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаад оронд 100 мянган америк доллараас дээш өртөгтэй хийлгэдэг бол тус эмнэлэгт эмчлүүлж буй иргэд дундажаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлсөнөөр иргэдэд эдийн засгийн хувьд асар их дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.