Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигч тус бүрт өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг оногдоно

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Тухайлбал, Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээллийг сонсов.

Мэдээллийг тус комиссын дарга Д.Даваасүрэн хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 33 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулсан. Нийт 200 орчим хүн ийнхүү сургалтад хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн зэргээр бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг онцлов.

Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлээд байгаа бөгөөд ийнхүү жагсаалтыг нягтлан шалгаад байгаа ажээ.

Мөн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан байна.

Мөн Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа. Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид дараалуулан бичигдсэн байна.
Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргажээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын төлөөлөл оролцож явцыг нь ажигласан байна.

Categories
мэдээ нийгэм

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Малчдын улсын зөвлөгөөнд оролцогчдоор хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.26) Малын генетик нөөцийн тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар оролцов.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд “Өнөөдрийн хэлэлцүүлэг Малчдын улсын зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн малчид, малзүйн мэргэжилтнүүд, фермерүүд та бүхнийг урьж оролцуулан, хуулийн төслийг хэлэлцүүлж, санаа оноог тань тусгах зорилготой болж байна” гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав оролцогчдод хандан Малчдын улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлээд, хэлсэн үгэндээ, “Малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил үйлчилгээг хөгжүүлснээр малын чанар, ашиг шим сайжирч, дээр дурдсан эрэлт хэрэгцээг хангах боломжтой болох юм. Энэхүү хуулийн төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хүлээгдэж буй хууль” гэлээ. Тэрбээр хэлэлцүүлэгт идэвхтэй, санаачлагатай оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үнэтэй зөвлөмж өгөхийг хүссэн.

Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сувдаа Малын генетик нөөцийн тухай хуулийн төслөөр танилцуулга хийв.

Үргэлжлүүлэн оролцогчид хуулийн төслийг боловсруулсан, хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэллээ.

Оролцогчид “Ашиг шим өндөр халзан үхрийн гардан хээлтүүлэг гэж орон нутагт явагдсан ч үр дүнгүй болсон. Малзүйчид, малын мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар тийм муу болсон юмуу… Орон нутгийн хэдэн иргэнийг гардан хээлтүүлэг хийх сургалтад хамруулсан ч хийж чадаагүй. Халзан үхрийн генетик нөөцөд улсын бодлого хэрэгтэй байна”, “Хуулийн төсөлд орон нутагт мал үржүүлгэд хэн хяналт тавих вэ гэдэг асуудал бүрхэгдүү байна. Үүнд тодорхой хариулт өгнө үү”, “Монгол малыг эрлийзжүүлэхдээ бодлоготой хандах хэрэгтэй. Малын мэргэжилтнүүд малын үржлийг дагнан, тууштай явуулдаггүй, хооронд нь хольж хутгадаг. Нэг аймаг, суманд нэг л үүлдрийг дагнан үржүүлэх хэрэгтэй юм”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, нарийн мэргэжлийн залуусыг сургахгүй бол залуучууд энэ салбарт орж ирэхээ болилоо. Мал зүйчдийн нийгмийн асуудлыг орон нутагт шийдвэрлэхэд бодлого хэрэгтэй“, “Мэргэжилтнүүд бид бие даасан хуультай болох гэж байгаад баяртай байна”, “Дэлхий нийтээрээ гарал, үүсэл нь тодорхой хүнс хэрэглэхийг эрмэлзэх болсон энэ цаг үед энэ хууль гарснаар манай улсад ч энэ талаар дэвшил гарах болов уу гэж хүлээж байна” гэх зэргээр саналаа хэллээ. Мөн Малын генетик нөөцийн тухай хууль гэхийн оронд монголоороо Малын удмын сангийн тухай хууль гэж нэрлэвэл ямар вэ гэсэн саналыг гаргалаа.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн идэвхтэй оролцож, саналаа хэлсэн бүх хүмүүст талархал илэрхийлээд, хуулийн төслийг ирэх зургаадугаар сард багтаан батлуулахаар ажиллаж буйгаа хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардацгаалаа. Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүсч байсан юм. Үнэмлэхээ гардаж авсаны дараа нэр дэвшигчид дэмжигчид болон олон нийтэд хандан үг хэллээ.

Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ЭГЭЛ АРД ТҮМЭН ЯЛНА

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Тэрбээр үнэмлэхээ гардаж аваад үг хэлэв.

“Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу 3 сая иргэдийн төлөө юу гэсэн сонголт ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Гэвч Монголын эгэл ард түмэн ялна” гэв.

Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ийнхүү хэллээ. “Ардчилсан нам үе үедээ сонгуулийн бүхий л явцад шударга өрсөлдөж ирсэн. Бид хэзээ ч сонгуулийн хууль зөрчиж байгаагүй. Тиймээс бусад намыг шударга өрсөлдөхийг уриалж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгадаа амжилт, ялалтыг хүсэн ерөөе” гэв.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан Х.Баттулгад баяр хүргэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлэхдээ “Х.Баттулга танд чин сэтгэлийн баяр хүргэе. Нэр дэвшигч нөхөр минь. Монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Хэдийгээр цаг үеийн эрхээр өнгө будаг муу амьдарч байгаа ч Ерөнхийлөгчөөс мөнгө горьдохгүй. Монголын эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Бид жил гаруйн өмнө сонгууль явуулсан. Сайхан амлалт тасраагүй байна. Ингээд нэр дэвшигчдээ амжилт хүсье” гэв.

М.ЭНХБОЛД: МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД АХИЦ, ДЭВШИЛ ГАРГАХЫН ТӨЛӨӨ ЯЛАЛТ БАЙГУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үнэмлэхээ аваад ийнхүү хэллээ.

“МАН надад их итгэл найдвар, даалгавар, хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн. Би энэ сонгуульд хуулийн дагуу, шударга өрсөлдөж, ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм. Энэ удаагийн сонгууль бол Монгол орны уруудсан, доройтсон, хагарсан, хямарсан байдалд цэг тавих сонголт юм. Үүний зэрэгцээгээр Монголын ард түмний эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн шинэ замыг сонгох сонгууль болно. Энэ шинэ зам дээр гарахын тулд унах хүлэг, хүрэх зам, зорилтоо тодорхойлох ёстой. Би сайн хүлгийг үндэсний эв нэгдэл гэж харж байна. Монголчууд эвтэй байхдаа эх орноо хөгжүүлж, аж амьдралаа дээшлүүлж, тусгаар тогтнолоо улам бүр баталгаажуулж ирсэн түүхтэй. Бид эе эвдэрч явсан үедээ эрч хүч, ухаан дутаж байсан гашуун сургамжтай. Үүнийг бид ямагт санаж байх ёстой. Өнгөрсөн он жилүүдийн алдаатай бодлого, хайхрамжгүй хандлагын улмаас улс орны эдийн засаг ямар байдалд орсон бэ гэдгийг бид сайн мэдэж байгаа. Бид гаднаас дэмжлэг хүсэх, татвар нэмэх, нийгмийн халамжаа багасгах, хөрөнгө оруулалтаа бууруулах арга хэмжээг авахаас өөр аргагүй болсон. Манай ард түмэн ухаантай. Дээрх арга хэмжээний үр дүнд сайн сайхан цаг ирнэ гэдгийг ойлгож байгаа. Сайн цагийг аль болох богино хугацаанд авч ирэх, монголчуудынхаа амьдрал, ажилд нь ахиц, дэвшил гаргахын төлөө бид энэ сонгуульд ялалт байгуулах ёстой. Монголын ард түмэн 10 сарын өмнө бидэнд их итгэл хүлээлгэсэн. Энэ итгэл найдварын ард байгаа том даалгаврыг бүрэн биелүүлэхийн төлөө би өрсөлдөж байна. Бид нэгдмэл байр суурьтай, нэг улс болохын төлөө ажиллах болно.

Миний зүгээс МАХН болон АН-аас нэр дэвшиж буй хоёр эрхэмд хандаж, сонгуульд гүтгэлэггүйгээр, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан захидал бичсэн. Энэ захидлыг нэр дэвшигчид маань хүндэтгэн хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

СЕХ-ны гадна талбайд МАН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа. Нэр дэвшигч үнэмлэхээ авсныхаа дараа гишүүддээ хандаж сонгуульд ялалт байгуулж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ хэлсэн юм.

Түүнийг дэмжихээр Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар ирсэн байв.

С.ГАНБААТАР: ИЛҮҮ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ НЬ ЯЛАХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл хол замыг, удаан тууллаа. Олон доромжлол дундуур алхаж ирлээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэж үг бий. Үнэн гүйцдэг юм байна. Өнөөдөр жирийн ард иргэд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовж байна. Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлд оруулсан намуудаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа ард түмнээсээ уучлалт гуйж эхлэх ёстой. Монголын ард түмнийг лиценз, газрын наймаа, тендерийн луйврууд ядрааж байна.

Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжүүлэх Үндсэн хуулийн төсөл байгаа. Илүү мөнгө хөрөнгөтэй нь ялдагаас өөр сонгууль хийх хэрэгтэй. Илүү төлөвлөгөөтэй, сэтгэл зүрхтэй, үзэл баримтлалтай нь ялах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн дундаас сонгодог. МАХН жирийн ард түмний төлөөлөл Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох боломжийг олголоо. Намын дарга Н.Энхбаярт талархаж байна. Тэр хүний хийж, бүтээсэн олон зүйлийг би үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн ялж, Монгол босно” гэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхий сайдын мэдээллийг сонсов

УИХ-ын чуулганы өчигдөрийн үдээс хойших хуралдааны эхэнд Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөлд шинэ Засгийн газар байгуулагдан ажилласан гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд дурдав. Гэсэн ч 2017 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн байгаа нь өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүн болохыг онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийн өнөөгийн нөхцөл байдал, нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн ойрын зорилт, Монгол Улсын Засгийн газраас салбарт хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Өнөөдрийн байдлаар ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22,7 мянган хүн ажиллаж байгаа аж. 2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна. 2016 онд нийт 102,8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ. Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна. Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчимжижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5,6 мянган хүнийг ажлын байраар хангадаг байна. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өсчээ. Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд 2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгохоор бэлтгэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн үеэр хэлсэн. Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар бөгөөд 2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31,6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.

Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5,0 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авчээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8,0 мянган хүн ажиллаж, 362,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурсан байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын материал, гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. 2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740,0 мян тн, импортоор 254.0 мян тн нийт 1,0 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1,2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэх аж. Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12,0 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн96 хувь буюу 48,5 мян тонн арматурыг импороор авч байгаа аж. Харин дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьжээ.

Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илэрхийлж байгаа. Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрчээ. Энэ салбар өнөөгийн байдлаар Монгол орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн үеэр тэмдэглэн хэлсэн.

Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан.

Үүний дараа Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Д.Мурат, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гадаад улсад ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй монголчуудыг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж буйг, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бүсчилсэн хөгжлийн талаар тодорхой төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар болон импортыг орлох бүтээгдэхүүн болон экспортод гарах бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлуудын талаар тодруулсан. Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн хүрээнд банк, санхүүгийн салбарыг эрүүлжлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Үүний үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг, хүртээмж сайжирна хэмээн тооцжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргасан байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох аж. Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “21:100” үйлдвэржилтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна, энэ хүрээнд 21 аймагт 100 үйлдвэр байгуулах төлөвлөгөөтай байгааг Ерөнхий сайд тайлбарласан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Муратын тодруулсны дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва улс орны хөгжлийн чиглэлийг тодорхойлох энэхүү төслийн боловсруулалтад хариуцлагатай хандах шаардлагатайг анхааруулаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд аудит хийлгэх хүсэлт хүргүүлсэн байгаагаа дуулгасан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төсвийн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийгмийн халамжийн асуудлууд болон батлан хамгаалах салбараа хангалттай санхүүжүүлж чадахгүйд хүрээд байгаа. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарах, үндсэн чиглэл боловсруулахдаа дээрх шаардлагыг анхаарч тусгах, салбар хоорондын хамтын ажиллагааг анхаарах нь зүйтэй гэдэг санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт хариуцлагын тогтолцооны талаар санал хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газар ирэх 2018 онд макро эдийн засгийн бодлогын асуудалдаа онцгойлон анхаарч, ажлыг байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх, мөн иргэдийн орлого, амьжиргааны чанарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үзүүлэлт бүхий зорилтуудыг тусгах, энэ чиглэлээр яам харилцан уялдаатай ажиллах талаар тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Жавхлан ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлээр захиргаадалтын бус арга хэмжээ авч, бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан ажиллахыг хүслээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 80.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар Монгол Улс, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх шийдвэр эцэслэн гараагүй байсны улмаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, хойшлуулсаар байсан. Харин уг хөтөлбөр нэгэнт батлагдсан, дээрх төслийг зургаадугаар сарын 01-ний өдрөөс өмнө батлах хуулийн хугацаатай хэмээн тайлбарлаад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг оруулах горимын санал гаргав. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Цаашид эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, зохих өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулахаар холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1 байхаар тус тус төсөөлсөн байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2018-2020 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхээргүй байхаар хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг нийгмийн даатгалын шимтгэл нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн хэрэгжилтийг зогсоохгүйгээр ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, хэрэгжих хугацааг нь боломж байвал хойшлуулахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр бодлогын реформ хийх шаардлагатай гэсэн саналуудыг гаргажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Харин хүүхдээ асарч байгаа эхчүүдийн шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмж тооцох, эхийн хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааны шимтгэлийг ажил олгогч (хэрэв сайн дураар даатгуулж, жирэмсний амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн бол шимтгэлийг нь тэтгэмжийн сангаас, харин эх даатгуулаагүй бол түүний төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах) төлөх, малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчдын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил зургаан сараар тооцох, сайн дураар даатгуулагч эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний 100 хувиар тооцдох зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тэргүүтэй батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улс, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаандаа бүх түвшиндээ гүйцэтгэл сайтай ажиллавал Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих бүрэн бололцоо бий гэдэг санал хэллээ.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох хуулиуд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон болон холбогдох хуулиуд, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулиудын эцсийн найруулгыг тус тус сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.26) Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн гишүүд болон 21 аймгаас ирсэн малчид, малзүйн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийнхэн салбарын эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хуулийн төслийг боловсруулсан. Энэ удаа малчид Та бүхэнтэйгээ уулзаж, уг хуулийн талаар танилцуулж, санал бодлыг тань сонсохыг хүссэн” гэдгийг онцолж байлаа.

Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Дивангар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Уг хуулийн төсөл нь 7 бүлэг, 36 зүйлтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлсэн. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ бага тусгагдсан байсан. Тиймээс хуулийн төсөлд энэ бүхнийг залруулж, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар шинэ бүлэг нэмсэн байгаа. Өмнө нь малын эрүүл мэндийг хамгаалах, арга хэмжээ авах асуудал малын эмч, сум дүүргийн мэргэжилтний асуудал мэт байсан. Ингэснээр асуудал эзнээсээ холдсон. Харин шинэ хуулийн төсөлд малын эрүүл мэндийг хамгаалах асуудлын цөм нь малчин та бүхэн байхаар тусгалаа. Иймд малын эрүүл мэндийг хамгаалах эмчилгээ, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүхэн малчны хяналт дор байхаар болсон” гэдгийг онцлов.

Хэлэлцүүлэгт оролцсон малчдын хувьд малын эмчийн ур чадвар тааруу, сум орон нутагт байгаа мэргэжилтнүүд нь малын эрүүл мэндийг хамгаалах асуудалд хариуцлагагүй ханддаг, малын эм бэлдмэл, вакцин чанаргүй, хяналтгүй худаалагдаж байгаад ямар арга хэмжээ авахаар тусгагдсаныг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариултдаа “Мал, амьтны эрүүл мэндийг хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон харьяа лабораторийн захирлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр мал эмнэлгийн албаны шуурхай, бэлэн байдлыг хангах босоо тогтолцоотой болж байгаа юм” гэв.

Харин Дэд ажлын хэсгийн зүгээс, “Малын эмчилгээ үйлчилгээг хувийн хэвшлийнхэн буюу малын эмч нар гэрээний дагуу гүйцэтгэнэ. Тэднийг таван жил тутам улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болсон. Мөн аймаг, суманд ажиллаж байгаа Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэгжүүд босоо тогтолцоонд шилжсэнээр тэдний хариуцлагыг сайжруулсан. Түүнчлэн малчид эмчийн жорын дагуу малын эмийн сангаас эм, бэлдмэл худалдан авна. Өмнөх шигээ гар дээрээс чанаргүй эм, бэлдмэл худалдан авах, өөрсдөө дур мэдэн эм, тариа хийхийг хориглож, зөвхөн малын эмчээр үйлчлүүлэхээр тусгасан” хэмээн нэмэлт хариултыг өгч байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийн талаар санал, бодлоо хуваалцсан малчиддаа талархлаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх сургалт эхэллээ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулж эхэллээ. Сургалт 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 5 өдөр нийслэлийн Иргэний танхимд болох юм. Энэ удаагийн сургалтад нийт 300 гаруй залуучууд хамрагдаж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдсан залуучууд эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгнө. Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ойлголттой болно.

Сургалтад хамрагдсан иргэдэд нийслэлийн Аялал жуучлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгох юм. Энэ сургалтын эрэлт хэрэгцээ их, суух сонирхолтой хүмүүс олон байгаа тул цаашид сургалтыг дахин явуулахаар төлөвлөж байна. Холбогдох мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудаснаас авч, цахим шуудан ubyouthdevelopment@gmail.com хаягаар бүртгүүлнэ үү” гэлээ. Сургалтад суусан МУБИС-ын Нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Д. Цэвээндулам “Энэ сургалт нь гадаад хэлийг сонирхон судалж байгаа, хөтөч хийх хүсэл сонирхолтой оюутан залуучуудын хувьд маш их боломжийг нээж өгч байна. Эх орныхоо түүхэн дурсгалт газруудын талаар мэдээлэлтэй болохоос гадна хөтөч хүн ямар байх ёстой талаар мөн хөдөлмөрийн гэрээ хэрхэн хийх, гэх мэт чухал мэдлэгүүдийг олж авна. Бидэнд ийм боломж олгож байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газрын хамт олонд баярлалаа” гэв гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн гурван хороонд сайн үйлсийн аян зохион байгуулж байна

Чингэлтэй дүүргийн 3 хороонд сайн үйлсийн аян зохион байгуулж байнаНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо хамтран Чингэлтэй дүүргийн III хороонд сайн үйлсийн аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд тус дүүргийн 13, 14, 15 дугаар хороог дамнасан даланг цэвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм. Аяны нээлтэд АШУҮИС, АУС, Дотрын нэгдүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн, XIII хорооны ахлах эмч н.Нина болон холбооны гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

М.Оюунчимэг багш “Японы анагаахын сургуулийн оюутан 1970-аад оны сүүлчээр анх Азийн анагаахын оюутны холбоог байгуулсан. Энэ холбоо 2009 онд Монголд байгуулагдаж түүнээс хойш олон ажил зохион байгууллаа. Ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд нэг талаас эмч нөгөө талаас иргэдийн дунд гүүр болон ажилладаг байгууллага юм. Бид ирэх есдүгээр сард Монголын Анагаахын оюутнуудын анхдугаар чуулган зохион байгуулахаар зэхэж байна. Энэхүү анхдугаар чуулганаа угтан сайн үйлсийн аяныг зохион байгуулах санаачлагыг гаргаад НЗДТГ-т хандсан. Тамгын газрын захиргаанаас үйл ажиллагааг маань дэмсэний үндсэнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн III хороонд ажиллаж байна. Энэ үеэр эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, бага насны хүүхдийн цагаан хорхойн илрүүлэлт, цус багадалт илрүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлж байна” гэв.

Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн “Өнөөдрийн сайн үйлсийн ажлын хүрээнд “Илүү нь дутуугаа нөхье” аян эрүүл мэндийн үзлэгтэй цуг явагдаж байна. Өмнө нь ийм аяныг Сүхбаатар дүүргийн XVII хороонд зохион байгуулсан. Аяны хүрээнд хог цэвэрлэсэн хүмүүст бид купон олгодог. Иргэд цуглуулсан купоноороо бидний бэлтгэсэн хувцас, ном зэрэг эдэлж хэрэглэх зүйлийг авах боломжтой. Бид өнөөдөр 13-15 дугаар хороог дамнасан далангийн хогийг цэвэрлэнэ” гэлээ.

Уг аянд Орос Монголын хамтарсан III сургуулийнхэн нэгджээ. Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Даваажаргал “Илүү нь дутуугаа нөхье” аянд манай сургуулийн 11а, 11б, 11в ангийнхан нэгдэж, өөрсдийнхөө өмсч, зүүдэггүй эд хэрэгсэл, багадсан, томдсон хувцас, уншиж дууссан ном, сурах бичгийг хандивлаж байна. Бид энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байна” гэлээ.

0-5 насныхны цус багадалт, цагаан хорхойн халварыг илрүүлэх, цусанд сахар үзэх, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хөндийн эрхтэний хэт авиан бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мазок, наалдац, эсийн шинжилгээг хийхээс гадна нүдний нарийн мэргэжлийн үзлэг зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг дээрх гурван хорооны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр үзэж байна. Уг арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжилнэгэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганд хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга аа, эрхэм гишүүд ээ,

Улсын Их хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу УИх-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх ээлжит мэдээллийг хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр бэлтгэж, танилцуулга мэдээллийг эрхэм гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа манай Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байсан цаг үед манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай бид тулгарсан.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газар тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулан уг хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Оны эхний I улирлын статистик тоо мэдээллийг Үндэсний статистикийн хороо, гааль, татварын байгууллагууд эмхэтгэн гаргаж олон нийтэд танилцуулаад байна. Эдгээр статистик тоо мэдээллээс үзвэл УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн дүр зураг байна.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганд мэдээлэхээр төлөвлөж байна.

Эрхэм гишүүд ээ,

Хөнгөн үйлдвэрийн салбар ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл гэсэн 14 салбарыг хамарч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

Тэргүүлэх салбар болох ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлж байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48,8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.

Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдэж байна. 2017 онд малын гаралтай түүхий эд болох ноолуур 9,400 тн, ноос 29,000 тн, арьс шир 14 сая ширхгийг бэлтгэх урьдчилсан таамаглал байна.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээрх нөөцийн 30-60 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2017 оны эцэст үйлдвэрлэлийг 4,0 их наяд төгрөг, нийт борлуулалтыг 3,5 их наяд төгрөгт хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргаад байна.

Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.

Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Эрхэм гишүүд ээ,

Та бүхэнд хөнгөн аж үйлдвэрлэлийн тодорхой дэд салбаруудын өнөөгийн байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч мэдээлье.

Ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22,7 мянган хүн ажиллаж байна.

2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна.

2016 онд нийт 102,8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ.

Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна.

Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчимжижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5,6 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.

Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өссөн байна.

Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрчээ.

Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байна.

Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар билээ.

2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31,6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.

Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5,0 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авч байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8,0 мянган хүн ажиллаж, 362,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурчээ.

2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740,0 мян тн, импортоор 254.0 мян тн нийт 1,0 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1,2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ.

Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12,0 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн96 хувь буюу 48,5 мян тонн арматурыг импороор авч байна.

Дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж байна.

Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илтгэж байна.

Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрсэн байна.

Өнөөдөр манай орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байна.

Эрхэм гишүүд ээ,

Аливаа салбарын үйлдвэрлэлийг эхлэх, цаашид өргөтгөн хөгжүүлэхэд төрийн тууштай бодлого, дэмжлэг чухал гэдэгтэй олон хүн, үүний дотор манай эрдэмтэн судлаачид бүрэн санал нийлдэг.

Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн болон хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, бодлогын талаар тодорхой зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл, оёмол сүлжмэлийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн анхдагч болон боловсруулах аж үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дээрх салбаруудад ашиглах зорилгоор импортоор оруулан ирж байгаа машин механизм, тоног төхөөрөмж, зарим түүхий эдийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгайлсан хуулиуд УИХ-аас батлагдан гарч мөрдөгдөж байна.

Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, зарим тоног төхөөрөмжийг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран лизингээр олгох зэрэг арга хэмжээ авч байгаа нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа эхлэх, улмаар өргөтгөн хөгжүүлэхэд ихээхэн тус дэм болж байна.

Монгол Улсын Засгийн газар цаашид ч аливаа салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх болно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 үйлдвэрийг орон нутгийн онцлог, түүхий эдийн гарц, хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг үндэслэн байгуулж орон нутгийн иргэдийг нутагтаа орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн болох ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Боловсруулах үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хүний нөөцийг чадавхижуулах, ажилгүйдлийг бууруулах “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Соёмботой уулын газрыг чөлөөлчихлөө, одоо Зайсан толгойн газрыг чөлөөлөх цаг нь болсон

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Соёмботой уулын эргэн тойрны газрыг чөлөөлж чадав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Аялж уул” компани зочид буудал барихаар Соёмботой уулын газрыг нь ухаж байгаа талаарх мэдээлэл гарсан даруйд салбарын сайд тушаал гаргаж, газар эзэмших зөвшөөрөлтэй таван компанийн эрхийг цуцлах шийдвэр гаргав. Тодруулбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд иргэн Б.Төгсжаргалд олгосон “Аялж уул” компанийн 0.5 га, “Бам солоон” ХХК-д олгосон 0.7 га, иргэн С.Нэргүйд олгосон 557 м2, иргэн С.Энхтулгад олгосон 519 м2 газрын ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон юм.

БОАЖ-ын сайдаар Н.Батцэрэг ажиллаж байх хугацаандаа Богд хан ууланд олон иргэн, аж ахуйн нэгжид газар олгох шийдвэр гарсан байдаг. Н.Батцэрэг сайд “Богд хан ууланд газар зарсан байж болзошгүй. Газар өндөр үнээр бусдад худалдаалах ажлыг нь түүний хүү зохион байгуулж байсан” гэх мэдээлэл байдаг. Үүний жишээ нь Соёмботой ууланд газар олгосон асуудал юм. Газар эзэмших зөвшөөрөл нь цуцлагдсан компани, иргэд “Хууль журмын дагуу газар эзэмших ашиглах гэрчилгээ авсан. Гэвч гэнэт ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна” хэмээн БОАЖЯ, Богд хан уулын захиргаанд илэрхийлсэн байна лээ. Д.Оюунхорол сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёрт заасан хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэхь хэсэг, 38 дугаар зүйлийн гурав, 39 дүгээр зүйлийн хоёр, 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7, 38.1.2, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 366 дугаар тоот саналыг үндэслэн дээрх таван иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байсан.

Соёмботой ууланд газар эзэмшиж байгааг хүчингүй болгох шийдвэр гаргасан гол шалтгаан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7, 38.1.2 зүйл заалтыг үндэслэн гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Соёмботой уулыг Богд хааны ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэн байсан түүхтэй гэнэ. Үүнээс хойш уг толгойг Умаа хум толгой гэж нэрлэх болсон байна.

Умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан түүхэн яриа байдаг. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг Соёмбо толгой гэж нэрлэх болсон байдаг. Түүх соёлын өвийн дурсгалт газар хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргасан байна лээ. Олон нийт “Д.Оюунхорол сайд зангаргатай шийдвэр гаргаж чадлаа. Өмнө нь Богд хан ууланд олгосон газрыг ямар ч сайд цуцлах шийдвэр гаргаж байгаагүй” хэмээн ярьцгааж байна. Одоо харин Зайсан толгойн асуудлыг эхнээс нь цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Зайсан толгой Соёмботой уултай адил түүх, соёлын өвийн дурсгалт газар яах аргагүй мөн.

Алс хязгаар нутгаас хүрээнд ирсэн иргэд Богд хааны ордны морин зүгт орших энэ толгойн аманд буудаг байсан гэх яриа байдаг. Мөргөлчид өвөр Зайсанд бууж, дээдэс нь мөргөл тахилга хийж өнгөрдөг байсан учир тэр үеэс “Зайсан толгой” хэмээн нэрлэх болсон байна. Мөн Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1969 онд архитекторч А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийсэн түүхтэй. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлсэн байдаг. Цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн төв дунд гурван метрийн голчтой мөнхийн гал буюу тулга буй. Амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэджээ.

Л.Гансүх БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Зайсан толгойн газраас иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг. Түүний хууль бусаар олон арван га газар олгосон асуудлыг албаныхан одоог хүртэл авлига хээл хахуультай холбон ярьдаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд анх аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Гэвч төд удалгүй өндөр барилгууд барьж, суурьшил бий болгож, тэднийг Монголын хууль хяналтын аль ч байгууллага зогсоож, зөвшөөрлийг нь цуцалж дийлээгүй өдийг хүрсэн.

Ингэж л Монголд хууль гууль болж эрх мэдэлтэй хүмүүс эрх дураараа аашилж болдгийг Зайсангийн аманд боссон барилгууд тод харуулдаг. Гэхдээ хууль бус газрын наймааг цааш үргэлжлүүлэлгүй цэгцэлж, газар эзэмших тусгай зөвшөөрлийг цуцлах цаг нь болсон. Соёмботой уулын газрыг иргэн, аж ахуй нэгжүүдээс чөлөөлж болж байгаа юм чинь Зайсан толгойн газрыг ч ялгаагүй чөлөөлж болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөлмөрийн баатар малчин Г.Сампил гуайн цолны мялаалга боллоо

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн гавьяат малчин Г.Сампил гуайн цолны мялаалга зуны тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу өчигдөр “Корпорет” зочид буудалд боллоо. Түүнийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Гацууртын Л.Чинбат нартай хамт хүндэт цолонд хүрсэнийг эрхэм уншигчид санаж байгаа буй за. Баатрын найранд төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, СГЗ, доктор, “Монгол уламжлал” академийн тэргүүн Л.Дашням, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, гавьяат жүжигчин, нэвтрүүлэгч Г.Равдан, Монголын радиогийн сэтгүүлч гэдгээр нь хүмүүс мэддэг, цаг уурч Д.Шагдарсүрэн нарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа. Түүнчлэн Хөдөлмөрийн баатрын жаран жилийн хобби шагайн харвааны тойрмын настнууд ирж тайзан дээр уухайлсан юм. Монголынчөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан, Монголын Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвслийн тэргүүн Б.Баярмаа нар ч Г.Сампил гуайн амьдрал, тэмцлийн нэг хэсгийг илэрхийлэх мэт.

“Эртний сайхан ерөөлөөр, энэ сайхан оронд нь” хэмээн эхэлдэг Монгол найрын магнай дуу болох “Эртний сайхан” уртын дуугаар найр эхэлсэн. Олны танил уран бүтээлчид Г.Сампил гуайн цолны найрын зочдыг цэнгүүллээ. Онцолж заримаас нь дурдахад “Авьяаслаг монголчууд”нэвтрүүлгийн шилдэг оролцогчдийн нэг А.Уранбилэг энэ танхимд ч уян налархай хөдөлгөөнөөрөө гайхуулав. Гавьяат Ц.Түвшинтөгс “Цэцэн хааны нутаг”, “Аялгуут нутаг” дуугаараа ая барьсан. Тэрбээр “Хүүхэд байхдаа Г.Сампил ахтайгаа Хэнтий аймгийн намын хорооны нэг том хашаанд бүгдээрээ байлаа” гэж дурссан юм.

Г.Сампил гуай айлын долоо дахь хүүхэд гэнэ. Түүний ах Авирмэдийн шүлгийг нь зохиосон “Уянга цагаан хуруу”дууг ардын дууч Д.Бурмаа эгшиглүүлсэн.

Хэнтий аймгийн Ардчилсан намынхан энд бас зочилж, 1937 онд мэндэлсэн Г.Сампил гуай цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд түүчээлэгчдийн нэг байж, Хан-Хэнтийн ардчилагчдын эгнээнд явсаныг, залуустаа үг хэл, үйл хөдлөлөөрөө үлгэрлэж ирсэнийг нь онцоллоо.

Хөдөлмөрийн баатар Г.Сампил гуайн нутаглаж байгаа газар хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн төрсөн нутаг гэнэ. Тэрбээр “Миний унасан газраас Монгол Улсын баатар төрлөө гэж билгэшээн баярлаж байна. Манай нутаг бол Монголын нууц товчоонд Хэрлэнгийнхөдөө арал гэж дурдагдсан. Хүмүүс бүгд мэддэг, алдартай газар. Чингис богдын маань нутаглаж байсан газраас баатар байтугай төрөх ёстой гэж бодож байна. Г.Сампил гуай минь урт удаан наслаарай. Малчдын ёс суртахуун, Монголын хөгжлийн үндэс гэж боддог шүү” гэлээ, тэр.

Өвгөнд баяр хүргэхээр ирсэн малчдаа төлөөлж, Архангай аймгийнгавьяат малчин О.Дорж“Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн малчид энэ оройн гал халуун мэндчилгээ дэвшүүлье. Малчин хүн мянган мэргэжилтэй гэдэг ч Г.Сампил гуай 1100 мэргэжилтэй хүн шүү. Малчин бидэнд энэ хүний сургаал үлдэнэ. Монголын уламжлалт мал аж ахуй, ёс заншлын талаар ном бүтээж өгөхийг хүсч байна” гэв.

Г.Сампил гуай бол 4000 гаруй малтай, малаа уламжлалт аргаар маллаж, өлчир омог, хэвшлийг бий болгосон малчин билээ.

Монголын радиогоор овоглогддог А.Шагдарсүрэн гуай “Ямааг ад үзэж байхад Г.Сампил гуай хурал дээр ямаагаа ч өсгөнө, яамаа ч шүүмжлэнэ гэж миний анхаарлыг татсан” хэмээн хуучлав. Тэрбээр Хөдөлмөрийн баатрыг Хэрлэнгийн хөдөө арлыг хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл санаа нэгдсэн эх оронч хүн” гэнэ.

Хөдөлмөрийн баатрын гэргий О.Бадамтай хэдхэн үг сольж амжлаа.

-Хөдөлмөрийн баатар хүний эхнэр бараг л хөдөлмөрийн баатар гэж Л.Дашням гуай тодорхойлсон. Таны өглөөнөөс авахуулаад орой хүртэл хийдэг ажлыг жагсаавал урт болох байх?

-Ер нь малчин хүнд амралт гэж байдаггүй шүү дээ. Өглөө босоод орой болтал малаа маллана. Орой малаа хотлуулж байж л амардаг шүү дээ. Тийм л байдаг даа хөдөө.

-Та 11 хүүхэд төрүүлсэн, энэ олон хүүхэд өсгөх, мал маллах ажлыг яаж зэрэгцүүлж байв?

-Яахав дээ, ажлынхаа завсар чөлөөгөөр хүүхдэдээ хоол ундыг нь өгнө. Зогсоо чөлөөгүй хөдөлдөг, сууж тухтай юм идэх гэж байгаагүй. Цай байсан ч босоогоороо залгилчихаад, хоол байсан ч хэд халбагдчихаад босон суун явдаг үе байсан. Ажлаа дуусч байж аяга хоол идвэл идээд идэхгүй бол унтдаг байж.

-Г.Сампил гуайг Хөдөлмөрийн баатар болсоныг дуулахад юу бодогдож байв?

-Хачин их баярлалгүй яах вэ. Бид хоёрын хөдөлмөрийг засаг үнэллээ. Аль алиных нь хөдөлмөр орж байгаа л даа. Заавар зөвлөгөөг нь ч яахав өвгөн маань өгч байгаа, хийдэг гол үүрэг нь хоёр хүүхэд бид гуравт л ирнэ шүү дээ.(инээв) Иймэрхүү янзтай л байдаг шүү дээ.

-Мэдээж алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой байх, өөр одон тэмдэг байдаг уу?

-Өөр одон тэмдэг гэхээр юм байхгүй дээ байхгүй гэв.

Г.Сампил гуайн Хөдөлмөрийн баатар цолны найр сайхан боллоо.