Categories
мэдээ цаг-үе

Л.Данзанноров: Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт хэрэглэнэ

Монгол өмгөөлөл” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч Л.Данзанноровтой шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Долдугаар сарын1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн хуулийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Шоронжсон хууль хэвээрээ гарлаа, хүний эрхийг дордууллаа гээд янз бүрийн л тайлбар гарч байна. Таны байр суурь ямар байгаа бол?

-Эрүүгийн хууль бол хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхол, нийгмийг гэмт халдлагаас хамгаалахад хамгийн гол нөлөө үзүүлэх суурь хууль. Энэ ч утгаараа нийтийн анхаарлыг ихээхэн татаж хүмүүс янз бүрийн байдлаар байр суурь илэрхийлж байна. Удахгүй мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулсан, одоогийн мөрдөж байгаа хуулиас илүү хатуу хууль болсон гэдэгтэй би огт санал нийлэхгүй. Хуульд хүний эрхийн талаасаа ахиц дэвшил авчирсан зарчмын шинжтэй зохицуулалтууд олон тусгагдсан.

-Дэвшилттэй зохицуулалтууд орсон гэдгээ илүү тодруулаач. Үзэл баримтлалын хувьд хамгийн чухал зохицуулалт нь юу вэ?

-Хамгийн гол нь шинэ Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого уян хатан болж чадсан. Өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэргүүдэд оногдуулах ял сонголттой болсон. Ингэснээр шүүхээс хүний гэм бурууд яг тохирсон ялыг сонгон хэрэглэх, гэм буруу ял шийтгэлийн тэнцвэртэй байх, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой боллоо. Одоо дагаж мөрдөж байгаа, 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх боломж хязгаарлагдмал, зарим түгээмэл үйлдэгддэг хэрэгт ямар ч сонголтгүйгээр хорих ял оногдуулах зохицуулалттай байсан нь “шоронжуулсан” гэж хэлэгдэх шалтгааныг нөхцөлдүүлсэн байх талтай. Тухайлбал, бусдын биед хүнд гэмтэл учруулах, мөн зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг зэрэг харьцангуй түгээмэл үйлдэгддэг хэргүүдэд өөр төрлийн ялын сонголтгүй, зөвхөн хорих ялтай л байсан. Ялын сонголтгүй ийм л байдлаас хорих ял биечлэн эдэлж байгаа хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Сүүлийн жилүүдийн дунджаар жилд 7000 гаруй хүн хорих ялаар шийтгэгддэг гэсэн судалгаа байдаг. Мөн хорих ялаар шийтгэгдээд суллагдсан хүмүүсийн бараг тал хувь нь эргээд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Эндээс үзэхэд хорих ялын үр нөлөө тийм ч сайнгүй байгаа нь харагдана л даа. Хоригдол ихэсч байгаа нь шүүгч нар хатуу шийтгээд байгаадаа биш, гарч байгаа хэргийн байдал онц ноцтой байдагтаа ч биш. Харин тусгай ангид заасан тодорхой хэргүүдэд оногдуулах ялын сонголтгүйгээс ихээхэн хамааралтай юм.

Иймд заавал хорьж шийтгэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжийг хуульчилж, шинэ төрлийн ялыг хуульд тусгаж өгсөн нь яах аргагүй томоохон дэвшил. Дараагийн гол зүйл нь ялын дээд болон доод хэмжээний хоорондын зай ихэссэн. Өмнө нь 5-8 жилийн ял оногдуулах ялтай зүйл анги байлаа гэхэд 2-8 жилийн ял оногдуулахаар болсон байх жишээтэй. Ингэхээр гэм бурууд нь тохирсон шийтгэлийг, шударгаар оногдуулах боломж илүү бүрдэнэ л гэсэн үг. Хуульд тусгагдсан чухал зохицуулалтын нэг нь өсвөр насны буюу 14-18 настай хүнд оногдуулах ялын бодлогыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн одоогийнхоос өөрөөр авч үзсэн явдал. Шинэ хуулиар өсвөр насны хүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд оногдуулах ялаас хоёр дахин багасгахаар тусгасан.

-Гэм буруутан нь ялаа аваад явдаг, хохирогч нь хоосон хоцордог байдал түгээмэл байдаг. Шинэ Эрүүгийн хуулиар хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэхэд ямар нэгэн дэвшил гарах болов уу?

-Энэ асуудал дээр ахиц гарна гэж би үзэж байгаа. Учир нь гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хохирол нөхөн төлсөн эсэхийг харгалзан, ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэх нөхцлийг заасан. Хэрэгт холбогдсон хүмүүст учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснөөр ялаа багасгуулах, зарим хөнгөн хэрэгт холбогдсон тохиолдолд ял хариуцлагаас чөлөөлөгдөх боломж ч байгаа. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оно гдуулах, ялаас чөлөөлөх, мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хуульд шинээр тусгаж өгсөн. Гэм буруугийн асуудлаараа маргаагүй тохиолдолд тухайн хүн хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол зарим хөнгөн хэрэгт хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх, тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжийг хуульд нээсэн. Мөн хорих ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээнээс багасгаж ял оногдуулах боломжийг хуульчилсан. Одоо мөрдөгдөж байгаа хуульд хүнд болон онц хүнд хэрэгт холбогдсон хүн хохирлоо нөхөн төлсөн эсэхээс үл хамааран хорих ялаа биечлэн эдэлдэг байсан учир хэрэгт холбогдсон хүмүүс төлсөн ч, төлөөгүй ч ялгаагүй гэсэн байдлаар хандах түгээмэл байсан. Нэгэнт хэргийн газар дээр нь илрүүлэн баривчилсан тохиолдолд гэм буруугаа хүлээгээд, хохирлоо нөхөн төлөөд, ял шийтгэлээ багасгуулах боломжийг ашиглахыг хэн ч бодох байх л даа. Ийм тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь ч илүү хялбаршуулж, цаг хугацаанд хэмнэлттэйгээр шийдвэрлэж, шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ачааллыг бууруулах талаар өнөөдөр (өчигдөр) батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хуулинд тусгайлсан зохицуулалт орсон. Хохирол нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болохоос гадна ялыг тэнсэн харгалзахад харгалзан үзэх нөхцөл болно. Энэ зохицуулалтууд одоо мөрдөж байгаа хуульд ч байгаа.

-Шинэ хуулиар ямар төрлийн ялыг шинээр тусгаж өгсөн бэ. Зорчих эрхийг хязгаарлах ял өмнө нь манай хуульд байсан уу. Хилийн хориг тавьж, гадаад улсад зорчихыг хориглох тухай зохицуулалт уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ял цоо шинээр нэмж тусгагдсан. Агуулга нь эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин байгаа газраасаа явахыг, мөн тодорхой нэрлэн заасан газруудад очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг үүргийг хүлээлгэнэ гэсэн үг л дээ. Энэ ялын хэрэгжилтэд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хяналт тавина. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдлыг харгалзаж, ял шийтгэгдсэн этгээд бусдад аюул эрсдэл учруулж болзошгүй гэж үзвэл тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох талаар ч шийдвэртээ тусгаж болохоор зохицуулсан. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг хохирогч эхнэртэй нь уулзуулахгүй байх гэх мэтээр тухайлан заах боломжтой. Энэ ялыг биелүүлээгүй бол ялыг нь хорих ялаар сольж, чангаруулан өөрчлөхөөр зохицуулагдаж байгаа. Ялын хэрэгжилтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, технологийн дэвшлийг ашиглан электрон гав зэргийн тусламжтайгаар хяналтаа тогтоох байх. Харин таны асуултад дурдагдсан гадаад улсад зорчихыг тодорхой хугацаагаар тодорхой шалтгаанаар хориглох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгддэг ажиллагаа учир шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулдаг ялаас ялгаатай л даа. Ялын төрлүүдийг нэмсэн талаар ярилаа. Төрөл нэмэгдсэнээс гадна зарим ялын төрөл Эрүүгийн хуулиас бүрмөсөн хасагдсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль мөрдөгдөж эхлэх долдугаар сарын 1-ний өдрөөс баривчлах, цаазаар авах ялуудыг шүүх оногдуулахгүй.

-Эдгээр ялуудыг хассан шалтгаан юу юм бол?

-Баривчлах ял бол тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах агуулгатай. Хэмжээ нь богино, мөн ганцааранг нь байлгаж байгаагаас бус хорих ялтай үндсэндээ ижил. Тэгэхээр яг энэ байдлаар хэрэгжүүлэх нь үр нөлөө багатай байна гэж үзсэн болов уу. Тэгээд ч энэ төрлийн ялыг шүүхээс оногдуулаад байх нь практикт тийм ч түгээмэл биш. Харин цаазаар авах ялыг халсан тухайд наад зах нь л Үндсэн хуульдаа бид хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг эрхэм зорилго болгосон, бас хүний амьд явах эрхийг баталгаажуулсан улс. Монгол Улс олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргийнхээ хүрээнд ч Эрүүгийн хуулиас хасах шаардлага бий болсон гээд олон шалтгаан байдаг. Тэгээд ч шүүгчийн алдаатай шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Алдаатай шийдвэрийн уршгаар цаазын ялыг оноогоод, гүйцэтгэсэн тохиолдолд хэзээ ч засаж залруулах боломж байдаггүй.

-Хуулийн этгээдэд оногдуулах ялын асуудлаар нийгэмд маш зөрүүтэй ойлголт, байр суурь байна. Олон аж ахуйн нэгжийг татан буулгах, дарамт учруулах хууль болж байна гэх хүмүүс ч байна л даа?

-Хуулийн этгээдэд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудал яах аргагүй шинэ хуульд орсон, үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд хэрэглэгдэхээр зохицуулагдсан. Өмнө батлагдсан шинэчилсэн найруулгад ашигт малтмал хууль бусаар хайх олборлох, монополь тогтоох, байгалийн тэнцэл алдагдуулах, үнэт цаасны хууль бус арилжаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, терроризмыг санхүүжүүлэх гээд 60 орчим зүйл хэсэгт оногдуулахаар заасан байсан нь саяын нэмэлт өөрчлөлтөөр 10 гаруйг нь хассан. Гэхдээ аж ахуйн нэгж болгоныг л гэмт хэрэгт татаад, татан буулгаад, тусгай зөвшөөрлийг цуцлаад байна гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт л хэрэглэхээр зохицуулсан байгаа. Харин энд нэг зүйл нэмж хэлэхэд хуулийн этгээдийг шийтгээд шийдвэр гаргасан албан тушаалтан ял завших зүйл гарах вий гэсэн болгоомжлол байдаг юм шиг байна лээ. Хувь хүнд хариуцлага хүлээлгэсэн нь, хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

-Торгуулийн нэгж гэх шинэ ойлголт бий болсон байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар зохицуулсан байсан. Торгуулийн хэмжээг хүмүүсийн орлоготой уялдуулан зохицуулдаг байсан өмнөх хувилбар нь зөв байсан юм биш үү?

-Энд зарчмын чухал асуудал хөндөгддөг юм. Аливаа гэм буруутай хүнд ялыг зөвхөн эрүүгийн хуулиар оногдуулдаг. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван байгууллагын төлөөллөөс бүрддэг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоолоор баталдаг. Дээрх Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөгдөх бүрт Эрүүгийн хууль “дам байдлаар” өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад гэмт хэргийн ангилал, торгуулийн хэмжээ зэрэг нь өөрчлөгдөхөд хүрдэг. Иймд торгуулийн нэгж гэх ойлголтыг Эрүүгийн хуульд шинээр оруулсан. Инфляци, мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсвэл торгуулийн нэгжийг төгрөгтэй дүйцүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгтээ тухай бүр өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой болсон. Торгуулийн нэг нэгж нь 2015 оны хуулиар 2000 төгрөгтэй тэнцүү байхаар зохицуулсан байсныг улс орны нийгэм эдийн засгийн байдал, өрхийн амжиргааны түвшин зэргийг харгалзан 1000 төгрөгтэй тэнцүү байхаар хоёр дахин бууруулж тогтоосон. Ингэснээр Эрүүгийн хууль дахь торгуулийн хэмжээ нь торгох ял оногдуулж болохоор заасан зүйл анги болгон дээр сая батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр хоёр дахин буурсан гэсэн үг.

-Одоо шинэ хуулиар торгуулийн ялын доод, дээд хэмжээ хэд болсон бэ. Хувь хүн, хуулийн этгээдэд хэмжээний хувьд ялгаатай байх нь ойлгомжтой байх?

-Хүнд ногдуулах торгуулийн хэмжээ нь 100 мянгаас 40 сая хүртэл төгрөг байгаа. Бусдын биед хүнд хохирол санаатай учруулах, мөн сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн хоёр хэрэгт л дөчин сая хүртэл төгрөгөөр торгох ял тусгагдсан. Хуулийн этгээдийн хувьд ганцхан хэрэгт буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэсэн, ашигласан гэмт хэрэгт 400 сая хүртэл төгрөгөөр торгох зохицуулалт орсон. Энэ нь хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ.

-Шинэ Эрүүгийн хуулиар давтан, ялтай байдал онц аюултай гэмт хэрэгтэн гээд нэршлүүд байхгүй болсон гэл үү?

-Тийм ээ. Энэ ойлголтууд шинэ хуулиас хасагдсан нь дараах шалтгаантай. Хүн үйлдсэн нэг гэмт хэрэгтээ нэг удаа л ял шийтгэгдэх ёстой. Гэтэл үйлдсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдлээд дууссан хойно нь, дараагийн, өөр үйлдлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ өмнө шийдвэрлэгдсэн хэргийг дахин сөхөж, өмнөх үйлдлээр нь ялыг хүндрүүлдэг, хүний эрх зүйн байдлыг илтэд дордуулдаг хандлагаа энэ удаад өөрчилсөн нь зөв гэж би хуульчийн хувьд үзэж байгаа. Манай хуульд л давтан гэмт хэрэг, ялтай байдал зэрэг ойлголтууд амь бөхтэй оршсоор ирсэн. Бусад оронд энэ ойлголт үндсэндээ байхгүй болсон. Энд хэд хэдэн гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг ойлголтыг салгаж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд үйлдсэн бүх хэрэгтээ тус бүрт нь ял шийтгэгдэнэ. Шинэ батлагдсан хуулиас хасагдаад байгаа давтан үйлдэх гэсэн ойлголт бол ял шийтгэлээ эдэлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өмнөх үйлдлийг нь харгалзан ялыг хүндрүүлэхгүй л гэсэн үг. Жишээ хэлье. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар өмнө нь булаах хэрэгт шийтгүүлсэн хүн хүний 250 мянган төгрөг хулгайлаад баригдсан тохиолдолд өмнө нь шийтгэлтэй байсан гэдгээрээ доод тал нь 10 жилээр хорих ял шийтгүүлэхээр байгаа. 250 мянган төгрөгийн хохирлыг хүний 10 жилийн эрх чөлөөтэй дүйцүүлэх аргагүй биз дээ. Энэ бол өмнөх хуулийн гажуудлын нэг жишээ. Ялтай байдал гэх ойлголт 2002 оны хуульд хэргийн ангиллаас хамааран ял эдэлж дууссанаас хойш тодорхой хугацааны туршид тооцогддог байсан. Үүнийг шинэ хуулиас хассан.

-Эрүүгийн хуулиас эх орноосоо урвах заалтыг авсан байна гэдэг шүүмжлэл нэлээд гарлаа. Үнэхээр тэр заалтыг авчихсан юм уу?

-Эх орноосоо урвах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг маш ноцтой хэрэг. Энэ заалт шинээр мөрдөгдөх Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа. Хасагдсан зүйл байхгүй.


Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Жижиг нисэх онгоцыг эрүүл мэндийн түргэн тусламжийн чиглэлээр ашиглана

Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 92 жил, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Уг ойг угтан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн анги салбарууд, ОБЕГ болон ИНЕГ, авиа компаниудын хамтарсан жагсаал зохион байгуулав.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц юм. Тиймээс агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцож төрийн бодлогоор дэмжиж байгааг ЗТХ-ийн сайд Д.Ганбат жагсаалын үеэр онцлов.

Тэрбээр, “Ачаа, зорчигч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг дагаад агаарын тээвэрлэгч компаниуд агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутагт төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу нисэхийн салбарын үнэ тарифыг бууруулах, жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээны чиглэлээр ашиглах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нөөц нисэх онгоцны буудал байгуулах, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Ингэснээр агаарын хөлгийн найдвартай ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, нислэгийн тоо, үйлчилгээний соёл, хүрээгээ тэлж чадна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

Жагсаалын дараа шүхрийн буулт, урлагын тоглолт болон нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад шагнал гардуулав. Баярын арга хэмжээ улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

“Мазаалай цом” бартаат замын уралдаан ирэх сарын эхээр болно

Мазаалай хамгаалах үйлсэд бүх нийтийн оролцоог хангах зорилго бүхий “Мазаалай цом 2017” бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 03-04-нд болно.

Морингийн даваанд гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээн дөрвөн төрлөөр болох юм. Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал буюу ТR1 болон utv ангилалын уралдаан болно. Харин хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал буюу ТR3, Truck ангилал буюу том оврын автомашины уралдаан болох аж.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine village” хотхон, “Ardeca Lubricants”, “Татах Хүч Моторс” компани оролцож байна. Мөн “Зөв Монгол” ТББ болон ЦЕГ хамтран зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

БХЯ-ны хамт олон М.Номин-Эрдэнэд зургаан сая төгрөг хандивлав

БХЯ-ны хамт олон хүндийн өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэд зургаан сая төгрөгийн хандив өглөө.

М.Номин-Эрдэнэ нь өнгөрсөн намар хүнд түлэгдэж, БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт 65 сая төгрөгийн хагалгаанд орох шаардлагатай болжээ. Түүний аав дэд хурандаа Мөнхжанцан Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм. Тиймээс хамт олон нь М.Номин-Эрдэнэд туслахаар шийдвэрлэж нэг өдрийн цалин буюу нийт зургаан сая төгрөг хандивласныг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсан байна. Мөн Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, Хүндийг өргөлтийн холбоо гишүүд 1.1 сая төгрөг хандивлажээ. М.Номин-Эрдэнэ туслахаар Хүндийн өргөлтийн шигшээ багийн хамт олон өдөр бүр 20-23 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандивын аян өрнүүлж байгаа юм.

М.Номин-Эрдэнэ охинд туслах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд ээж Д.Мөнхчимэгийн Хаан банзин дахь 5071320523, Худалдаа хөгжлийн банкин дахь 451038475 ХХБ дансанд хандив өргөж болох аж.

Categories
мэдээ нийгэм

12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцов

12 дугаар ангийн математик зурган илэрцүүд2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг төгсч байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг энэ сарын 22-30-нд зохион байгуулж байна.

Математикийн хичээлийн шалгалтыг уржигдар авсан ч хүчингүй болгожээ. Учир нь шалгалтын материалыг урьдчилан задалсан зөрчил гаргасан байна. Энэ талаар Боловсролын Үнэлгээний газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, “Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.

Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.

Гэтэл энэ сарын 25-нд зохион байгуулсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.

Иймд тус өдөр авсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож, энэ сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эх үрсийн баяраар хаана юу үзэх вэ?

Хүүхдийн баяр зурган илэрцүүд

Хүүхдийн баярын урлаг, соёлын үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр

06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Хүүхэлдэйн театр

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

Гэгээнтэн кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр

  • Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино /
  • Карибын тэнгисийн дээрэмчид
  • Спарк /Хүүхэлдэй кино/
  • Галактикийн хамгаалагчид -2
  • Харийнхан

Тэнгис кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Өргөө кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Монголын хүүхдийн ордон

06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 31-нд 9:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 30-нд 14:00 цагт Аса циркэд Шилдэг өнгө продакшнтай хамтран Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

05 дугаар сарын 26-нааc 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна

Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон нийслэлийн Соёл урлагын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай” гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх зургаан төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ. Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг найруулж буй УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж “амилуулна”. Энэ нь 2017 оны хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас Шадар сайд У.Хүрэлсүхийг Манлайлагч төрийн түшээгээр өргөмжиллөө

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож буй билээ. Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж буй тус чуулганд 189 орны төрийн болон Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 7000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Дэлхийн улс орнууд Гамшгийн асуудлаар нэгдсэн байдлаар зөвлөлдөхөөр цугласан энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг НҮБ-ын “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн байна. Уг өргөмжлөлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер гардуулжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөнөөр Монгол Улс нь Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл хэмээн НҮБ-ын удирдлага онцлон тэмдэглэлээ.

Энэхүү хүндэт өргөмжлөлийг Монгол Улсын Шадар сайдад гардуулах ёслолын үеэр Роберт Глассер хэлэхдээ, “Ноён У.Хүрэлсүх нь өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжилж байна.

2018 онд Улаанбаатар хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын даргын хувьд Шадар сайд У.Хүрэлсүх үндэсний хэмжээнд хуримтлуулсан арвин туршлагаа Азийн бүсийн болон олон улсын түвшинд хуваалцах, НҮБ-аас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд дэлхийн бусад улс орны шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон байна.

Өргөмжлөл гардуулах ёслолын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Миний бие гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнд гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Энэхүү өргөмжлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-аас өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Мөн манай онцгой байдлын албаны олон мянган аврагч, албан хаагчдын эр зориг, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн шагнал юм” гэв.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын чуулга уулзалт юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зөвлөмж хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН болон МАХН-наас нэр дэвшигчдэд СЕХ-ноос зөвлөмж хүргүүлжээ.

Монгол Улсын Сонгуулийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дээдэлж оролцох, Сурталчилгааны хугацаанд хуулиар хориглосон аливаа үйлдэл, үйл ажиллагаа гаргахгүй байх зэргийг зөвлөмжид тусгасан байна. Мөн сонгуульд оролцсон зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд гаргаж ирүүлэхийг зөвлөжээ.

Уг зөвлөмжийг өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуульд өрсөлдөж буй намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Бригадын генерал Т.Бадрал хоёр талт уулзалтуудад оролцов

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 5 дугаар чуулган Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж 180 гаруй улс орны 5000 орчим төлөөлөгч хуран чуулж байна.

Чуулганы үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Япон Улсын Кобе хотноо төвтэй Азийн гамшгийн аюулыг бууруулах төвийн гүйцэтгэх захирал хатагтай Кёоко Кондо, Тайландын Вант Улсын Бангкок хотноо төвтэй Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал ноён Ханс Гуттман нартай тус тус уулзаж Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьж, санал солилцлоо.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллага Азийн гамшгийн аюулыг бууруулах төвийн дэмжлэгээр тус төвийн гамшгийн эрсдэлийг бууруулах судалгааны “Зочин судлаач” хөтөлбөрт албан хаагчдыг оролцуулж, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2013 онд байгуулж, олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.