Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар талбайн хоёр талын автозамын хөдөлгөөнийг хаана

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3,000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.

ХААГДАХ ЗАМУУД:

Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм

Дахин шалгалтууд өнөөдрөөс эхэлнэ

Дахин шалгалт зурган илэрцүүд

Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн улсын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах ‘ДАХИН ШАЛГАЛТ’-ын хуваарийг дараах байдлаар гаргасан байна.

Тавдугаар анги

  • Монгол хэл: 2017 оны тавдугаар сарын 29 өдөр 12:00 цагт
  • Математик: 2017 оны тавдугаар сарын 30 өдөр 12:00 цагт
  • Байгаль шинжлэл: 2017 оны тавдугаар сарын 31 өдөр 12:00 цагт

Есдүгээр анги

  • Монгол хэл: 2017 оны тавдугаар сарын 31 өдөр 10:00 цагт
  • Математик: 2017 оны зургадугаар сарын 2 өдөр 10:00 цагт
  • Байгалийн ухаан: 2017 оны зургадугаар сарын 5 өдөр 10:00 цагт
  • Нийгмийн ухаан: 2017 оны зургадугаар сарын 6 өдөр 10:00 цагт

12 дугаар анги

  • Монгол хэл: 2017 оны тавдугаар сарын 31 өдөр 11:00 цагт
  • Сонгосон агуулгын хичээл: 2017 оны зургадугаар сарын 2 өдөр 11:00 цагт
  • Гадаад хэл: 2017 оны зургадугаар сарын 5 өдөр 11:00 цагт
  • Математик: 2017 оны зургадугаар сарын 6 өдөр 10:00 цагт

Улсын шалгалт үргэлжлэх хугацаа

  • Тавдугаар ангийн шалгалт бүр 60 минут
  • Есдүгээр ангийн шалгалт бүр 80 минут
  • 12 дугаар ангийн шалгалт бүр 100 минут байх юм.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын уулзалтад оролцохоор Казахстаныг зорино

Зургаадугаар сарын 8-нд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ээлжилт уулзалт болно. Уг уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан улсыг ирэх сарын эхээр зорино.

Манай улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад 2004 онд элссэн бөгөөд ажиглагч гишүүний статустай.

2001 онд байгуулагдсан тус байгууллагад ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан улсууд гишүүнчлэлтэй байдаг. Энэ жил Казахстан улс ШХАБ-ыг даргалж байна.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана. Хуралдааны хуваарийг танилцуулж байна.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Харин Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болно.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас “Г” танхимд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.

Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ.

Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой юм.

Categories
мэдээ спорт

Багийн төрөлд манай жүдочид мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ААШТ-ий багийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэй баг аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын багтай таарч 3:2-оор хожигдлоо. -66кг-д ОУХМ Г.Хэрлэн гурван вазари үнэлгээгээр хожиж яваад барилдааны төгсгөлд боох мэхэнд орж цэвэр хожигдсон.

-73кг-д Г.Одбаяр дэлхийн аварга Ан Чангримд вазари үнэлгээгээр хожигдсонбол 81кг-д Н.Дагвасүрэн багтаа эхний ялалтыг авсан. Г.Алтанбагана өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж яваад гар хөшсөн хэмээн шүүгч эсрэг талд ялалт өгснөөр Монголын баг тивийн аваргад түрүүлэх найдваргүй болсон.

+100 кг-д олимпын хос медальт Н.Түвшинбаяр аварга Ким Сангвинийг даралтаар цэвэр ялжбагтаа хоёр дахь ялалтыг авчирсан юм. Хүрэл медалийг Япон, Ираны эрэгтэй баг хүртлээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл нийгмийн төлөө жагсана гэвэл 300 хүн, эрүүл биеийн төлөө гүйнэ гэхэд 30.000 хүн

Өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт нийслэл хотноо “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулсан. Уг өдөрлөгийн үеэр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн уламжлал ёсоороо болсон юм. Энэхүү гүйлтэд 30 мянган хүн оролцуулах тооцоо гарган Нийслэлийн биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн биеийн тамирын хороодод оролцогчдын бүртгэлийг цахимаар явуулжээ. Гэвч тэмцээнд оролцогчдын бүртгэл даруй 30 мянгад хүрч, албан ёсны номер мандатыг нэмж хэвлэсэн байна. Энэ удаагийн марафонд 36 мянга 800 оролцогч сайн дураараа бүртгүүлж өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гүйсэн байна.

Монгол Улсын нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгаж буй ОУХМ, гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тэргүүтэй шилдгүүдтэйгээ найман настай балчраас наян настай буурлаа хүртэл бүгд гүйцгээсэн нь хүн бүр өөртөө хийсэн хөрөнгө оруулалт байв. Далан хэдэн настай буурлууд гараанаас гараад залуучуудын ижил барианд орж буйг харсан үзэгчид, олон түмэнд баяр бахдал төрөх нь мэдээж. Монголчууд ийнхүү эрүүл саруул бие, амьдралын зөв дадал, хэвшлийн төлөө 30 хэдэн мянгаараа гүйж, нийслэл хотынхөө төв хэсэгт багтаж ядталаа цугласан нь нийгэмд шинэ үзэгдлийг бий болгосон юм.

Соёлт хүн төрөлхтний эрүүл амьдралын гол мөрдлөг нь бүх нийтээрээ гүйхэд оршдог. Амралтын өдрүүд, аливаа баяр ёслолын хамгийн гол арга хэмжээ нь мэдээж гүйлтийн тэмцээн. Тал бүрээсээ цуглаад баяр хөөртэйгээр марафондоно. Манайхан ийм хэвшил рүү орж байгаа нь үзэгдэл гэж хэлэхээс аргагүйд хүргэж байна. Эрүүл биеийн төлөө ийм олуул сэтгэлийн дуудлагаар цуглалаа. Харин эрүүл нийгмийн төлөө гэх жагсаал цуглаанд хэдэн хүн ирдэг билээ. Өнгөрсөн өвөл утааны эсрэг ээж аавуудын жагсаал гэж болсон. Зөвхөн утааны эсрэг гэлтгүй оффшорчдын эсрэг, Халхгол сумын газар нутгийг аврах халуун эх орончдын, Японы империалистуудаар эмнэлэг бариулахгүй гэх тэмцэгчдийн, за тэгээд Оюу толгойгоос аваад уул уурхайг эсэргүүцэгчдийн гээд олон ч жагсаал цуглаан болсон доо, тэр бүгдийг тоочиж барахгүй. “Эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ балбаж, цагаан хөөс сахруулсан эх орончдыг олон түмэн уухайлан дэмжиж цуглахаа больсон нь хачирхалтай. Их сайндаа л 300 хүн цуглах болсон.

Энэхүү дүр зураг дөнгөж саяхан болсон марафон гүйлтийн тэмцээнээс маш тодорхой харагдаж, уншигдлаа л даа. 30 хэдэн мянгаараа цуглан гүйж байгаа ард түмнээс 300-гаадхан хүн л жагсаалд оролцож байна гэдэг юу гэсэн үг бэ. Нэг л их ард түмнээ өрөвдөж, эвийлж хайрласан, эх орноо өмгөөлж хамгаалсан сүр дуулиант жагсаал цуглааны цаана цөөхөн хэдхэн популист улстөрчдийн эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлдээн, алаан хядаан байдгийг ард түмэн яс махандаа тултал ойлгожээ. Улс төрийн нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээ шахаанд оруулахын тулд энгийн гэмгүй иргэдийг турхирч, таван халтар цаасаар хуурч, аман дээрээ ард түмнээ гэх боловч, ачир дээрээ зөвхөн өөрсдийгөө бодсон, өнгө мөнгөний төлөөх дайныг олон түмэн амссаар өдий хүрэв. Монголчууд бид сүүлийн 30 шахам жил гудамж талбайдаа жагслаа. Өөр хоорондоо хэмхэлдэж, яс булаалдсан ноход шиг уралцаж төрийнхөө өөдөөс буу шагайж, гранат дэлбэлж хуульгүй юм шиг аашлан авирлаж дайрлаа. Үр дүн нь юу байв. Таван сайхан залуу буудуулж газарт булагдав. Өөр ямар чиг үр дүн гарсангүй. Харин энэ бүхний шанд 20, 30 жилээр дархлагдсан юм шиг популистуудыг Монгол төрийнхөө сэнтийд залав шив дээ.

Өвлийн тэсгим хүйтнээр ч, хаврын хавсарга салхитайд ч эрүүл нийгмийн төлөө гэж ард түмнээ турхирч босгосон дарга нар яг үнэндээ өнгөрөгч он жилүүдэд ард түмнээ бодсон уу. Өнөөдөр улс орон минь өр ширэндээ баригдаж, өт хорхойндоо идэгдэж, олон түмний амьдрал улам л уруудаж, цөөн хэдэн баячууд Монголыг залгин, дундаж давхарга гэх ойлголт үгүй болж нийтээрээ ядуу гуйланчлалыг амсаж байна. Хорин хэдэн жилийн түүхтэй үй түмэн жагсаал цуглаан жаахан ч гэсэн эрүүл саруул байж, үнэнч шударгын төлөө явсан бол Монголын нийгэм өнөөдөр шиг сэхээнд орчихсон, эдийн засаг нь элгээрээ харуулдчихсан байхгүй нь мэдээж. Хэдхээн популист улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчид, гэр бүл ах дүү, амраг садангийнх нь хүмүүсийн ахуй амьдрал дээшлээд энгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаад буй нь эмгэнэл.

Тэгэхээр Монголын ард түмэн улстөрчид болоод тэдний гар хөл болсон нөхдийн өмнөөс жагсч, уриа лоозон болж төрийн алтан соёмбыг дэвслэх ямар ч хэрэггүй гэдгийг ойлгосон байна. Ард түмэн нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болжээ. Өдөр тутмын сонин хэвлэл тогтмол уншиж, телевизийн олон суваг үзэж байгаа. Тухайлбал, “Өдрийн сонин”-д Баабар, Цэнддоо юу гэж бичсэнийг анзаарч, Энэрэл, Хашчулуун, Мөнгөндалайн улс төрийн нийтлэлүүдээс ямархан прогноз өрнөхийг тэд нэгд нэгэнгүй уншиж байна. Эдийн засагч, стратеги судлаачдын ярианд дүн шинжилгээ хийж, олон улсын тойм мэдээллийг анхаарч байна.

Улс төр, эдийн засаг, олон улсын ийм өргөн мэдээлэлтэй байгаа ард нийт тухайн жагсаалын зорилгыг хэдийнэ ойлгочихсон, хэн хэн зохион байгуулж байгаа, хэн ард нь чимээгүйхэн санхүүжүүлж байгаа гэдгийг нэгд нэгэнгүй мэдчихэж байна. Сүүлийн үед жагсаалд залуучууд идэвхигүй хандах боллоо гэх зохион байгуулалттай мэдээлэл гарч байсан. Монголын эх орончдын жагсаалд тэтгэврийн хэдэн хөгшид очихоос өөр хүн тоож очихоо больсон нь үнэн. Хуучин шиг таван халтар цаасанд хууртахаа больж, ард түмэн тийм л хэрсүү болжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн улс төрийн идэвхи илт сэргэсэн нь өнгөрсөн жилийн Их хурлын болон орон нутгийн сонгуулиар батлагдсан.

Тэд эрх баригчдад зүгээр нэг доромжлуулж суухыг хүсэхгүй байна. Нам эвсэл фракцуудын эрх мэдлийн төлөөх улайрсан дайралтад бамбай нь болж хий дэмий жагсахын оронд сонгуулиар зайлуулах нь илүү үр дүн-тэйг мэдэж байна. Тиймийн учир залуучууд болон олон нийт идэвхигүйдээ, мэдэхгүйдээ, завгүйдээ жагсаалд оролцохгүй байгаа зүйл огтоос биш юм. Улстөрчдийн албан тушаалын төлөөх олны өмнө дэглэсэн жүжгийн цаад утга санааг нэвт шувт анзаарах болжээ. Ард түмэн ийм өргөн мэдлэг мэдээлэлтэй, улс төрийн соёлтой болсныг эрх баригч эрх дархтнууд харин анзаарч байгаа болов уу. Улс төрчдийн зохион байгуулсан эрүүл нийгмийн жагсаалд 300-гаад хүн, ардаа ямар ч улс төргүй зөвхөн таны эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болох гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн цуглаж байгаа нь үнэндээ ийм учиртай.

Categories
мэдээ цаг-үе

“Цэвдэг жаран”-ы нууцыг тайлсан зохиолчийнх

Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавынд өнжлөө. Д.Нацагдоржийн шагналт зохиолч, МУИС-ийн доктор энэ эрхмийнх дөрөвдүгээр хорооллын эцэст хуучны гурван өрөө байранд даруухан аж төрж байна. Биднийг баасан гаригийн өглөөний 09.00 цагтай уралдан хаалганых нь хонхыг дарахад Цэнджав доктор хаалгаа тайлж өглөө. Эзэгтэй шүдний эмчид цаг авсан учир өглөө эртлэн гарчээ. Гэрийн эзэн таваглаж бэлдсэн самар, чихэр, сүүтэй цай тэргүүтнийг өмнө дэлгэлээ. Эзэгтэй хичээнгүйлэн захиж бэлдэж үлдээсэн нь илт. До.Цэнджав докторынх сүүлийн үеийн сонин хачнаар дүүрэн байгаа нь гэрийн эзний өмнөө дэлгэсэн гар бичмэлээс илхэн. “Цэвдэг жаран” гэсэн гарчигтай зузаан гэгчийн эх бичмэл хорхой хүргэнэ.

Цэнджав доктор америкт ажилладаг охиныдоо очиж зээгээ харах далимдаа романаа гүйцээгээд иржээ. Үнэн хэрэгтээ гэрийн эзэгтэй Тэгшжаргал зээ хүүтэйгээ өдрийг гангар гунгар хийсэн шигээ өнгөрөөж, гэрийн эзэн зохиолоо бичсэн шигээ бүтэн улирлыг барж. Шөнийн арван хоёр хүрэх энүүхэнд, үүрийн дөрөв, тав гэж босох нь наахны хэрэг байсан гэнэ. До.Цэнджав доктор эхнэрийнхээ аягалж өгсөн мөнгөн аягатай сүү амтагдсан цайг оочлонгоо “Зохиолч хүн болж өгвөл орчноо өөрчлөх хэрэгтэй юм билээ. Довон дээрээ аж төрөөд байхаар сэтгэлгээний хувьд сэтгэл нь ханасан, эх орноо санах сэтгэлгүй, халгисан улс л байдаг юм байна. Эх орноо санаж шаналж байх үеийн сэтгэлгээ үнэхээр мундаг. Японы дэлхийд гэж яригддаг Мураками гэхэд л том зохиолуудаа Америкт очиж хийдэг нь цаанаа ийм учиртай юм билээ шүү” гэж байна. “Энэ цаг үеийн амьд байгаа зохиолчдоос хамгийн агуу нь Мураками гэх юм. Яг юу нь агуу байна аа” гэхэд ”Над шиг жар гарсан хүн өөрийгөө дөвийлгөөд яах ч билээ. Муракамигийн дүрийн сэтгэл зүй, мэдрэмж нь гайхалтай. Түүнээс бусдаар Мураками онцгой санагдаагүй. Манай зохиолчид мундаг. Гэхдээ англи хэлгүй гэсэн том зовлон, саад бидэнд байна” гэсэн тоомжиргүй хариу өгөөд нөгөө өрөө рүүгээ алхлаа.

Зочны өрөөний нэг хана “Юань улсын судар”-аас эхлээд хайрлаж харамлам номоор дүүрэн, жижиг өрөө нь тэр чигтээ номонд умбасан энэ гэрт өдрийн хугасыг өнгөрөөхөд цаанаа л нэг сэтгэлд дулаан мэдрэмж төрнө. Америкаас жин тан болж ирсэн “Цэвдэг жаран”-ы тухай хууч өрнүүлмээр оргиод болдоггүй. Хэдэнтээ асуусны эцэст бэлэн болсон бичмэлээ дэлгэнгээ “Гучаад оны хэлмэгдлийн тухай роман л даа. Маш эгзэгтэй үе байсан. Дотроо баруун зүүн гээд хуваагдчихсан. Коментерний бодлого хүчээ авчихсан. Монголоо яаж чирч гарах вэ гэсэн эх орончдын сэтгэл өдөр, шөнийг ялгалгүй чилсэн тийм л хэцүү бэрх үе. Нэг талд Хятад булаах гээд, нөгөө зүгт оросууд өөр бодолтой. Лидерүүдийн зөрчил газар авчихсан. Чойбалсан, Амар, Гэндэн, Дэмидийн тухай энэ романд гарна. Чойбалсангийн хувьд 1921 оны хувьсгалд ямар мөртэйг нь монголчууд мэднэ. 1940 он хүртэлх мөр нь бараан шүү. 30 гаруй мянган хүний аминд хүрсэн гэх гашуун үнэн бий. Улстөрийн лидерүүд, лам нар, алтан ургийнхан гээд нийгмийн элит хэсгийг хүйс тэмтэрсэн” гэж байна. “Х.Чойбалсан үнэхээр муу хүн үү, эсвэл цаг үеэсээ шалтгаалаад яах аргагүй байдалд орсон хүн үү” гэж тодруулахад “Оронд нь хэн ч байсан тэгэхээр юм билээ. Мань эр хамгийн сүүлд хувьсгал эхлүүлсэн долоогийнхоо Лосол, Догсом хоёрыг баривчлаад бодож эхэлж байгаа юм. Мөр зэрэгцэн хувьсгал хийж явсан нөхдийнх нь сүүлч наадам болохын өмнөх өдөр өөрийнх нь тушаалаар баривчлагдана гэдэг бэрх л дээ. Тэр үед, нэг л биш боллоо гэдгээ ухаардаг. Нөхдөө гараараа дуусгасны учир юунд байна, ямартай ч тусгаар тогтнолоо аварч гарлаа, одоо цаашид тэвчихгүй ээ, шударгаар үзнэ гэсэн Чойбалсангийн бодол ухаарлаар миний роман төгсөнө. Эмгэнэлтэй ч төрийн роман учраас гэрэлтэй, гийж төгсөх учиртай. Чойбалсан ухаарч байгаагаар төгсөнө гэдэг цаанаа ийм учиртай” гэж ярилаа.

Цэнджав доктор романаа бичих гэж арав гаруй жил судалгаа хийжээ. Чойбалсангийн үеийнхэнтэй уулзсан уулзалт тоогоо алдсан гэж байна. Сүүлд гэхэд Чойбалсангийн нарийн бичгийн дарга Шагдарсүрэн гуайтай хууч хөөрчээ. Жанжны дэргэд арав гаруй жил байсан Шагдарсүрэн гуайгаас нарийн ширийн зүйлс их сонссон гэнэ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Бямбаагаас өнөөгийн бидний мэдэх нь байтугай гадарлах ч үгүй нууцуудыг сонсчээ. Ер нь манай түүхчдийн тэр бүр орж судалж чадаагүй нууцуудыг мэдэж авсан юм байна.

“Нууц гэдэг үг сэтгүүлчдийн хувьд загатнасан газар маажих шиг болдог шидтэй эд. Ганцханыг нь жишээ болгож яриач” гэлээ. Зохиолынхоо эх хувийг дэлгэнгээ ганц нэг хуудсаар эргүүлж суусан До.Цэнджав доктор “Чойбалсан 1928 он, гучаад оны үед Орост байгаад чимээгүй болчихсон. Намтрыг нь бичигчид энд очоод зогсчихдог. Тэр нууцыг би мэдэж авсан юм. Лхүмбийн хэрэгт хүчээр хэлмэгдүүлж, нэлээд нарийн шалгаж, байцааж, тамлаж байгаад гар хөлөө болгосон байдаг юм. Бараг КГБ-д элсүүлсэн. Тэгээд ухамсрын шанаа өгсөн. Яг өөрийн хүн болгосон гэсэн үг. Энэ цаг үеийн тухай түүхчид таамаг л дэвшүүлдэг. Чойбалсан хойд хөршид авгайтайгаа, туслахтайгаа очсон юм билээ. Туслахынх нь яриаг сонсох нь ээ жанжин өглөө эртээ гэгч гараад орой нь маш баргар царайтай ирдэг байж. Ирэхгүй өдөр ч цөөнгүй. Амралт, сувиллаар явж байж яагаад ингэж барайж ирдэг юм бэ гэж асуухаар нэг их уртаар санаа алдаж, та нарт хэлж болохгүй юм байна аа, болохгүй юмтай зууралдчихлаа гэдэг байж” хэмээн хэлээд урдаа байгаа мөнгөн аягатай цайг удаанаар оочлов. Сталиныг алгадаж явсан гэх Пэлжидийн Гэндэн хэмээх хөдөөх эрийг сонирхмоор санагдаад “Гэндэн Ерөнхий сайдын талаар хүмүүсийн мэдэхгүй хэр мэдээлэл цуглуулсан бол. Аль муугаар нь хэлэх хүмүүс ч байдаг. Сайнаар хэлэх жишээ ч цөөнгүй дуулддаг” гэж сониучирхлаа. Цэнджав докторын нүд сэргэснээ “Гэндэн их тод гарна шүү. Ер нь аливаа улс төрийн зүтгэлтэн хоёр талтай. Сайн, муу аль нь ч бий. Гэндэнгийн хувьд боловсрол муутай, хөдөөний задгай хар ухаантай, амьдрал мэддэг, сайн ярьдаг тийм л хүн. 1924 онд ирж хуралд оролцоод л өөрийгөө таниулчихсан” гээд эх бичмэлийнхээ хуудсыг шалмаг гэгч нь эргүүллээ. Гэндэнгийн үгийг сонсч суусан Ерөнхий сайд Цэрэндорж “Амьдрал мэддэг хүн Бага хурлын дарга байх хэрэгтэй. Арвайхээрийн хазгар нөхөр саруул ухаантай хүн шиг санагдлаа. Тал талаас нь дэмжихэд малчин хүн дарга болж яагаад болохгүй билээ” гэж л дээ. Цаадуул нь “Бичиг үсэг тааруу юм билээ” гэж болгоомжлоход Ерөнхий сайд Цэрэндорж тэргүүтнүүд “Бичиг үсгийг сурна шүү дээ” гээд зүтгүүлж. Ингээд л XX зууны эхэн үеийн Ерөнхий сайд нарын нэг түүхийн тавцнаа гарч иржээ. “Гэхдээ Гэндэн бичиг үсэг сураагүй явсаар дууссан даа” гэсэн зохиолчийн үг чихний хажуугаар өнгөрсөнгүй.

“Гэндэн Сталиныг үнэхээр алгадсан болов” уу гэсэн сониуч асуулт өнөө хэр түүх судлаачдын дунд бий. До.Цэнджаваас энэ талаар асуухад “Ер нь их зоригтой хүн. Сталиныг арай ч алгадаагүй юм билээ. Согтоод яаж ч магадгүй хүн байсныг нь мэдэх, гадарлах хүмүүс нь үгүйсгэдэггүй. Гэндэн Сталины үгэнд ер ордоггүй байсан. Лам нараа устга гэхээр үгүй гэчихнэ. Цаанаас чинь Япон орж ирэх гээд байна, алийг нь дагах гэж байгаагаа хэл, дайсныг дагавал туслахгүй шүү гэхээр нь бас дуугарахгүй. Дотор бодолтой хүн л дээ. Япон бол түшиж болох орон гэдгийг харчихсан байсан юм билээ. Хоёр улсын хоорондын л маргаан, манайх оролцох албагүй гэсэн улстөрийн хатуу бодлоготойгоо хэлчихсэн. Согтохоороо оросуудаа тувт шүүмжилнэ. Сталиныг хуцан хамарт гэнэ. Хуцан хамартаас айхгүй гэж онгирно. Сталины зориуд зохион байгуулсан хүлээн авалт дээр их согтсон байдаг юм. Сталин “Чи муу Чингисийн гөлөг” гэнгүүт “Гүржийн бух шүү дээ чи” гэж. Маргасан, боссон, заамдсан, босонгуут нь шкаф шиг улс дор нь хэмхчих шахаад бариад авалгүй хаачихав. Өөрөө өөрийгөө л алсан хүн” гэж хэлээд санаа алдаж байна.

Гэрийн эзэн “Зохиол бичихийн 80 хувь нь баримт цуглуулах. Зохионо гэж яриад байгаатай би санал нийлдэггүй. Зүй нь туурвигч гэж ярих учиртай. Дээшээ хараад зохиодог байдал явахаа өнгөрсөн. Баримтат уран сайхны роман энэ цагт хөгжиж байна” гэж ярилаа.

Удам судрын тухай хуучаар бидний яриа үргэлжиллээ. До.Цэнджав доктор “ Бид чинь их урагшаа хөөвөл Батмөнх Даян хаан, Гэрсэнзийн удам юм билээ. Угсаа залгамжилсан цагаан ясны тайж улс л даа. Ээжийн аавын аав Мэндбаяр туслагч гэж байсан. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны туслагч. Хошуу ноёны дараагийн хүн гэсэн үг. Жинхэнэ тамгыг нь барьдаг, хэргийг нь нийлдэг мундаг алба. Улиастайн амбаны газар хэрэг нийлнэ, эр төөлнө. Эрчүүдийг нас шүдээр нь ялгаж цэрэгт явах гэх мэт ажилд хариуцахыг эр төөлнө хэмээдэг. Манжийн үеийн зүтгэлтэн гэсэн үг. Манай говийнхон даруухан. Богдод баахан хандив өргөөд бэйл, бэйс, гүн, чин ван болно гэсэн хүсэлгүй. Нэлээд догшиндуу хүн байж. Үүдээр нь морьтой хүн өнгөрдөггүй. Өнгөрвөл эмээлийг нь хуулж аваад мянга мөргүүлнэ. Манжийн үеийн ёс л доо. Ёсоо л дагаж байгаа хэрэг. Түүний хүү нь Цэдэв тайж. Жинхэнэ даруу номын хүн байж. Ерөнхий бичээч. Хачин гоё бичнэ. Гар бичмэл нь бий. Дараагийнх нь Чоймбол аграмба. Гавж хүн ч байлаа. Миний ээжийн удамд жирийн хар хүн нэг л байж” хэмээн ярилаа. Ээжийнх нь талын ах дүү зургааг хэлмэгдүүлэлтийн үед цаазаар авч байсан гэнэ. Одоогоор нэг гэрийн ах дүү зургааг цаазаар авсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Ах дүү зургуул тайж, лам байсан нь эдний гэр бүлд асар уй гашууг авчирчээ. До.Цэнджав гуай ааваараа бол Со жанжны удмын хүн юм билээ. Аавынх нь өвөг Манжийн үед урд талын хилийг хамгаалж байж. Аав, ээж нь амьдралын эрхээр тусдаа аж төрсөн учраас ээжээрээ овогложээ.

Гэрийн эзэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүхийг нутгийнхаа түүхч өвгөн Дондовтой хамтран бичиж эхэлсэнээ сонирхуулав. Тэрээр Америк яваад улам дурлах болсон араб кофегоо чанаж өгөх зуураа “Түүх багаддаггүй. Бага түүх, бага хүн гэж үгүй. Ямар ч хүн мөр гаргаж байгаа л бол өөрийн гэсэн түүхтэй. Бид тоомсоргүйгээр том том түүх ярих дуртай. Их Монгол энэ тэр гээд мэдэх мэдэхгүй юм хичнээн ихийг ярьдаг билээ. Эхлээд хошуудын түүхээ сайн мэдэх хэрэгтэй гэж боддог. Хаа очиж түүхийн эрдэмтдийн сайхан залгамж гарч ирсэнд олзуурхаж суудаг. Чулуун, Дэлгэржаргал, Содбилэг гээд мундаг залуус олон байна. Том түүхч бага орноо авардаг юм билээ. Хятад, Солонгос, Тайвань, Японы хооронд Сенкаку гээд нэг арлын маргаан болсон доо. Тэгэхэд түүхчид нь л хоорондоо маргаж байх жишээний. Манай түүхчид оюун санааны ийм байлдаанд бэлэн байх ёстой” гэж ярилаа.

Гэрийн эзэн чанасан кофегоо аягалах зуураа “Зарим солиотой нөхөд Чингис хаан гэж хэн юм, бэлтгэгдсэн арми гэж байгаагүй, яалаа гэж хэдэн мянганы түүхтэй Европын бэлтгэгдсэн армийг ялдаг юм гэдэг. Сүүлд Оросын нэг солиотой түүхч тэгж хэлсэн шүү” гэж байна. Тэгэхээр нь философич Молор-Эрдэнийн Чингисийн талаар хэлсэн үг дээр ямар байр суурьтай явааг нь сонирхмоор санагдаад тодруулж асуутал “Молор-Эрдэнийн хэлсэн үгний 30-40 хувийг нь үнэн гэж боддог байсан ч сүүлийн үед нэг л биш болсон. Бас юу гэчихэв ээ” гээд нүдээ томруулав. Молор-Эрдэнийн сүүлд хэлсэн байр суурийг нэг бүрчлэн тайлбарлатал дургүйцээд жигтэйхэн. “Нэг удаа архив үзээгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхөр Германы хоцрогдсон философийг уншиж ирээд галзуурч байгаа нь тэр л дээ. Шизофрений философи гэж хүртэл бий. шүү дээ. Нэр хаягаа ч зөв хэлж чадахгүй яваад нь голох сэтгэл төрдөг. Ар Монголын түүх гэж яриад байдаг. Ар Монгол гэдэг чинь өнгөрсөн зууны арваад оны нэр томьёо. Тэрийгээ ч ялгахгүйгээр түүх ярина гэдэг эмгэнэл. Хамаг хүнийг доромжилж дууслаа. Ийм балай амьтдаар Монголын оюун санааг доромжлуулаад дуугүй сууж болохгүй. Ямар азаар “Монголын нууц товчоо” үлдэж, Карпини, Рубрук дэлхийд тэр цагийн түүхийг бичиж үлдээсэн юм бэ. Ийм мундаг хүмүүс Их Монгол Улсын түүхийг цагаан дээр хараар бичиж үлдээгээгүй бол Молор-Эрдэнэ мэтийн нөхөд алах нь л дээ. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг. Баабарыг муу хэлснийг нь лав тод санаж байна. Баабарын хувьд ийм амьтантай яриад яахав дээ л гэж бодож суугаа байх. Баабар шиг уншсан, тав зургаан хэлээр мэдэрдэг хүн ийм хүнтэй ярихгүй л дээ. Гэхдээ нэг том аюул бийг мартаж болохгүй. Юу ч мэдэхгүй залууст Молор-Эрдэнэ мэтийн үг хөөргөн сайхан санагдаж байгаа” гэж ярилаа.

Удам дамжсан, 200 жилийн түүхтэй эд зүйлс

Гэрийн эзэн Дундговь аймгийн Гурвансайхан сумынх аж. Сумын номын сан нь өөрийнх нь нэрэмжит гэнэ. Намраас сургууль орохоор номынхоо талыг нь сургуулийнхаа номын санд хандивлахаар болж. Эдний жижиг, том өрөө номоор дүүрсэнээс гадна лагерийнх нь байшин номын өргөө гэж хэлэхээр болчихсон гэнэ. Эхнэртээ цаасан хайрцаг захисан гэж ярилаа. Цаасан хайрцагнууд бэлэн болонгуут номоо бэлдэж эхэлнэ гээд жигтэйхэн догдлолтой сууж байна. Сумынхаа номын санд өгөхөөр бэлдсэн номуудаас “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн гурван боть анхаарал татна. Гэрийн эзэн “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн хариуцлагатай редактораар ажиллажээ. Хөл гишгэх зайгүй шахам ном өрсөн жижиг өрөөний номын тавиур дээр тавьсан яст мэлхийн хэлбэртэй чулуу сонирхол татаад болдоггүй. Учрыг нь асуутал “Төрсөн гэрийн минь буурин дээр энэ чулуу байсан. Мэлхий хэлбэртэй болохоор хүмүүс их сонирхдог юм. Нүцгэн талд ийм чулуу байна гэдэг гайхам шүү. Чулуу гэдэг байгалийн эд эс. Байгаль чулуугаа харамлана. Гуйж аргадаж байж авсан” гэж хэлээд нэгэн хөгжилтэй хэрнээ сургамжтай түүх ярив. Цэнджав доктор уржнан Өмнөд Монголын оюутнуудтай Хэнтийгээр явжээ. Дадалын ойролцоо явж байгаад амрахаар түр буудаллатал хачин гоё чулуудтай газар таарч. Урд зүгийн залуус өнөө чулуудыг булаалдан түүхэд гэрийн эзэн “Чулуу бүхэн амьтай. Хамаагүй авбал амьтай чинь яригдана шүү” гэж хэлээд болиулсан гэнэ. Цэнджав доктор төрсөн гэрийнхээ бууринаас олсон мэлхий дүрст чулууг илэнгээ “Буриадын хамба Аюушжав гэж хүн бий. Оросын Ерөнхийлөгч Путины Буддын шашны зөвлөх. Тэр хүн, танайхан Туул гол багаслаа, машинаа угааж байна гэж ярих юм. Лам нар чинь номхон даруу хүлцэнгүй байна. Би бол шууд очоод л зогсооно. Энд машин угаах юм бол удмынхан чинь сүйрнэ шүү гээд л дархалчихна гэж байгаа юм. Санах л үг. Ер хэзээнээсээ л байгалийг тахиж, шүтүүлж бишрүүлж, айлгаж байж хамгаалж ирсэн” гэж ярилаа.

Зохиолчийн хувийн тамга

Эднийд өвгөөс өвлөж ирсэн хэд хэдэн нандин эд байна. Чулуунаасаа сийлбэртэй шүрэн толгойтой хөөргийг нь эд мэддэг хүмүүс 200 гаруй жилийн настай гэж оношилжээ. Хуучны мөнгөн хэт хутга ч тэр үеийнх ажээ. Хятад ваар, зэс домбо бас өвгөөс нь өвлөгдөж иржээ. Гурван удаа хөрөнгөө хураалгаад үлдсэн эд зүйл гэж гэрийн эзэн тайлбарлав. Цэнджав докторын зоосны цуглуулга ч сонирхолтой санагдав. Хамгийн эртнийх нь 1796 оны Америкийн нэгдсэн улсын мөнгөн зоос ажээ. 1873, 1915 гээд эртний зооснууд олноороо байна. Өдгөө цагийнх бол зүсэн бүрээрээ.

Хоол унд, кофе цайгаар үйлчлэнгээ дуугүйхэн инээмсэглэн суух гэрийн эзэгтэй Тэгшжаргал Америк руу өвгөнтэйгөө явж, зээгээ асраад иржээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Энхжаргал нь “Форбес”-ийг Монголд оруулж иржээ. Америкт арваад жил суралцсан охиноо аав нь “Монголдоо ир” гэсээр ирүүлжээ. Энхжаргал одоо Харвардын төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Хоёр дахь охин Болорцэцэг нь Америкт амьдардаг аж. Отгонхүү Оюутбилэг нь “ХААН” банкинд инженер хийдэг юм байна. Өвөө, эмээгийн амины зээ Гүнбилиг “Сант” сургуульд сурдаг аж. Төгөлдөр хуур тоглодог, шүлэг уншдаг, үлгэр зохиодог гэж ирээд яривал тал талын авьяастай мундаг эр юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Саруул: “Дэггүй Лиз” нь хошин балет учир жүжиглэлт маш их шаарддаг

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Францын алдарт хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын “Дэггүй Лиз” бүжгэн жүжгийг үзэгчдэдээ тун удахгүй хүргэхээр зэхжээ. Ингээд энэхүү бүжгэн жүжгийн Лизийн дүрийг бүтээх МУСТА, балетчин Б.Саруултай ярилцлаа.


-“Дэггүй Лиз” гэх балет тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Энэхүү бүжгэн жүжиг ямар онцлогтой бүтээл вэ?

-Энэ сарын 27-28-ны өдрүүдэд “Дэггүй Лиз” гэх шинэ бүтээл маань үзэгчдэд хүрэхээр бэлэн болоод байна. Фердинанд Херольдын дэлхийд алдартай “Дэггүй Лиз” хэмээх бүжгэн жүжиг нь хошин балет гэдгээрээ онцлог л доо. Хошин балет учир балетчдаас жүжиглэлт шаардаж байгаа. Ерөнхийдөө энэхүү балет нь тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизийгээ хөрөнгө чинээтэй айлын хүүтэй суулгахаар тохирсноор эхэлдэг. Лиз охин өөртэй нь суулгахаар тохирсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа хамт амьдрахыг мөрөөднө. Симона хатагтай Лиз охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөдөг юм. Сонирхуулахад Лизийн ээжийн дүрийг эрэгтэй хүн бүтээдэг. Ингэснээрээ тус балетийн хошин байдлыг илүү илтгэх болов уу. Дэлхийд алдартай бүхий л театруудад хэдийнэ тоглогдсон энэхүү алдартай балетийг манай балетмейстер Ц.Чинзориг дэглэж, найруулсан. Тэрээр ОХУ-ын ГИДС-ийн сургуулийг төгссөн, авьяаслаг балетмейстер юм.

Ямартай ч УДБЭТ-ын уран бүтээлчид жил бүр нэг шинэ уран бүтээл үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Энэ жилийн хувьд “Дэггүй Лиз”-ээр урын сангаа баяжууллаа. Харин 2016 онд дөрвөн балетмейстерийн “Дөрвөн өнгө” хэмээх балетыг толилуулсан.

-Харин таны хувьд уран бүтээлийн олз омог хэр байна вэ?

-Энэ жил уран бүтээлийн олз, омог арвинтай сайхан жил байна. Олон жил мөрөөдсөн дүрдээ тоглосон. Энэ нь “Дон Кихот” балетын Китрийн дүр л дээ. Мөн МУСТА, А.Өлзий-Оршихын тайлан тоглолт болсон. Энэхүү тоглолтод “Кармен сюит” жүжгийг бүрэн эхээр нь тоглолоо. Миний хувьд Кармены дүрийг бүтээсэн нь мөн л азтай тохиол болсон гэж болно. Мөн шинэхэн тавигдаж буй “Дэггүй Лиз”-ийн гол дүрд тоглосон гээд уран бүтээлийн хур ихтэй сайхан байна. Ирэх жил театрын маань 55 жилийн ой тохионо. Ойн хүрээнд олон сайхан уран бүтээл тавигдана байх. Тэр бүрт л үзэгчидтэйгээ уулзана гэдэгт итгэлтэй байна.

-Балетийг бүхий л бүжгийн ноён оргил нь гэлцдэг. Харин таны бодлоор?

-Монголын балетчдын өвөг эцэг болох Б.Жамьяндагва гуай “Балет бол тэнгэрлэг урлаг юм. Тэнгэр лүү тэмүүлсээр байгаад өлмий дээрээ бүждэг болсон” хэмээсэн байдаг. Миний хувьд ч үүнтэй санал нийлдэг. Балет бол элит, сонгодог урлаг. Тиймдээ ч энэ гайхамшигтэй урлагаас мэдрэх, ойлгох зүйл маш их бий.

-Балетчин болсноорооо бусдаас юугаараа онцлог, давуу байдаг юм бол?

-Балетийн урлагаас авч болох сайн талууд олон л доо. Балетиар ихэвчлэн 10-11 настайгаасаа л хичээллэж эхэлдэг. Энэ үеэс л маш их тэсвэр, хатуужилтай болж эхэлнэ. Мөн хувийн зохион байгуулалт, бие даах чадварыг сайтар эзэмшдэг. Түүнчлэн балетийн бүжгийн хөдөлгөөн бүр нь маш нарийн байдаг. Хэдий энгийн хүн харахад хялбар мэт боловч тэрхүү хөдөлгөөнийг нь зөв хийхийн тулд ухаан, мэдрэмж шаардаж байдаг юм. Иймийн тулд өдөр бүр, олон цагаар тууштай бэлтгэл хийх хэрэгтэй.

Балетийн бүжигчин гоо зүйн талаасаа ч төгс, төгөлдөр болдог. Балет нь бүр XVII зуунаас л бие даасан урлаг болон хөгжсөн учраас бүрэн хэмжээнд судлагдчихсан. Энэ хөдөлгөөн биеийн энэ хэсгийг хөгжүүлнэ гэх мэтээр. Тиймдээ ч балетийн бүжгийн хөдөлгөөн бүр нь бие галбирыг төгс хөгжихөд чиглэгдэж байдаг.

-Таны хувьд алтан үеийн уран бүтээлчдээс хэнээс нь үлгэр дуурайл авч байв. Мэдээж хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчид цөөнгүй байгаа байх?

-Алтан үеийнхэн гэгдэх ахмад уран бүтээлчдээсээ үе, үеийн балетчид суралцаж, үлгэр дуурайл авч явах ёстой. Энэ зам мөрөөр явж, туршлагажиж ирсэн тэр л хүмүүсээс бид суралцаж, шинэ залуу үедээ уламжилж явах үүрэгтэй. Суралцах зүйл бол маш их байдаг. Өнөөдрийг хүртэл театртаа үнэнчээр зүтгэсээр байгаа ардын жүжигчин О.Ганбаатар, Батгэрэл гэх сайхан хүмүүсийн үгийг дуулж яваадаа маш их баяртай байдаг. Ер нь манай үе үеийн балетчид маань өөрийн гэсэн онцлог, дотоод ертөнцтэй хүмүүс. Бүгд л дахин давтагдашгүй гэж хэлмээр байна.

Үүнээс МУГЖ Г.Цолмон эгчийгээ би онцолно. Яг л залуухан бүжигчин шиг гал цогтой, хөдөлгөөн бүхэн нь нүд булаамаар байгаа нь бахархахгүй байхын аргагүй. Бие галбир, бүжиглэлт зэрэг нь яг л хэвээрээ байгаа нь түүний хөдөлмөрч зан, хичээл зүтгэл ямар вэ гэдгийг илтгэх байх. Тиймээс Г.Цолмон эгчээсээ суралцах зүйл маш их байдаг даа.

-Таныг Ю.Оюуны удирдлаган дор хичээллэж байсан гэж сонссон юм байна. Энэ тухай яриач?

-Би Хөгжим бүжгийн коллежийн балетийн ангид тэнцээд Зууны манлай бүжигчин Ю.Оюун багшийн бэлтгэлд нэг явсан юм. Энэ миний хувьд мартагдашгүй, сайхан тохиол болсон л доо. Харин дараа нь МУСГЗ Н.Энхтуяа багшийнхаа шавь нь болсон. Н.Энхтуяа багшаасаа бүхий л зүйлийг сурч мэдсэн. Багшдаа үргэлж баярлаж, талархаж явдаг юм.

2007 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн. Харин сургуулиа төгсчихөөд УДБЭТ-т гоцлол бүжигчнээр орсон юм. Гоцлол бүжигчин болчихоод “Хунт нуур” бүжгийн хар, цагаан хунгийн дүрийг бүтээх хүндхэн даалгавар авч байлаа. Балетын хамгийн хэцүү дүр гэгддэг хар, цагаан хунгийн дүрийг бүтээхэд мэдээж амаргүй даваа байсан шүү. Ямартай ч багш нарынхаа зааж зөвлөснийг хэрэгжүүлж зорьсондоо хүрсэн дээ.

-Та Монголын балетийн хөгжлийг хэр хэмжээнд яваа гэж боддог вэ?

-Манайх байнгын үйл, ажиллагаатай Азийн цөөн тооны театрын нэг. Харин балетчдын хөгжлийн хувьд дэлхийн түвшинтэй эн тэнцүүхэн яваа гэж хэлнэ. Үүний жишээ болсон олон сайн бүжигчин дэлхийн тайзнаа амжилт, бүтээл дүүрэн явааг та бүхэн мэдэх байх. Яахав улс орны хөгжил, нийгмээс шалтгаалаад дутагдах, гачигдах зүйлс гардаг л даа. Гэсэн ч урьд урьдныхаасаа илүү дээрдэж байгааг үгүйсгэж болохгүй. Алхам, алхмаар л бид урагшилсаар байна. Ер нь аливаа зүйлийг болох талаас нь харах нь зүйтэй гэж боддог. Ийм тийм зүйл дутуу гуцуу гээд л байвал хүний хэрэгцээ, шаардлага дуусахгүй шүү дээ. Ямартай ч цаашдаа улам сайн хөгжиж уран бүтээлчид минь ч тэр үргэлж дэлхийтэй хөл зэрэгцэн алхаасай гэж хүсэх байна.

-Мэргэжлийн балетийн бүжигчид нэгдэн “Номадик балет” продакшныг байгуулсан. Таны хувьд ч гэсэн тус продакшнд харьяалагддаг шүү дээ. Продакшны хамт олон шинэ, содон уран бүтээл туурвиж байна уу?

– “Номадик балет” продакшны хамт олноос Эх үрсийн баярыг угтаж “Цасан гоо” балетаа хүргэхээр зэхэж байна. Мөн зуны гурван сардаа багтаан хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах төлөвлөгөөтэй. Цаашид ч үзэгчдэдээ хүргэх шинэ уран бүтээлийн санаа, сэдэл гарчихсан байгаа. Энэ мэтчлэн уран бүтээлээ туурвисаар байх болно.


Categories
мэдээ цаг-үе

Ховд, Говь-алтай аймагт 200 гаруй бөхөн агнасан хэрэг гарчээ

-СҮҮЛИЙН 10 ГАРУЙ ЖИЛД 200 БӨХӨН АГНАСАН ХЭРЭГ ГАРСАН Ч ИЛРҮҮЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА-

Ховд, Говь-Алтай аймагт цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, хар сүүлт, тарвага агнах хууль бус ангийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Дээрх хоёр аймгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Байгаль орчны газар зэрэг төрийн байгууллагынхан хөдөө орон нутагт хяналт шалгалт төдийлөн хийхгүй байгаагаас үүдэн хууль бус ангийн гэмт хэрэг илрүүлэлт тааруу байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв. Говь-Алтай аймагт дэлхийд нэн ховор амьтны нэг монгол бөхөн хууль бусаар агнасан ноцтой хэрэг өнгөрсөн жилүүдэд байнга шахуу гарсан байна. Тухайлбал, Хөхморьт суманд 2011 оны арваннэгдүгээр сард 12 бөхөн хууль бусаар агнасан хэрэг гарсан байдаг. Дээрх хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс одоо хүртэл илрүүлж чадаагүй байгаа. Төгрөг суманд мөн л долоон бөхөн агнасан ноцтой хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Хууль бус анчид монгол бөхөн агнаад эврийг нь аваад зугтаасан байна. Энэ хэргийг ч мөн одоо хүртэл илрүүлж чадаагүй байгаа аж. Түүнчлэн Хөхморьт сумын нутагт 37 бөхөн агнасан хэрэг 2013 онд гарсан байна. Т.Нямдорж, С.Төмөржаргал нар хууль бус ангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ. Аймгийн шүүхээс тэдэнд гурван жил, арван сар хорих ял ногдуулсан байна. Мөн 37 бөхөн агнасан хэрэгт экологи, эдийн засгийн үнэлгээгээр 48 сая төгрөгийн хохирол гарсан байна. Үүнээс гэмт хэрэгтнүүд 19 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлжээ. Хууль бус анчид мөрдөн байцаалтын шатанд “БНХАУ-ын иргэд килограмм эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар захиалга өгсөн” гэж хэлсэн байдаг.

Өнгөрсөн хавар монгол бөхөнгийн сүрэг халдварт мялзан төст өвчнөөр хэдэн мянгаараа сүйрсэн. Энэ үеэр Хөхморьт сумын Байгаль орчны байцаагчийн хүүхэд болох Э тус сумын Засаг даргын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа монгол бөхөнгийн 78 хос эвэр авч яваад цагдаа нарт баригдсан хэрэг гарсан. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд цоохор ирвэс агнасан цөөнгүй хэрэг гарсан. Цагдаа нар хэд хэдийг илрүүлээд байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бугат халиун” зоогийн газарт Хулдбаатар гэгч цоохор ирвэсийн арьс бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харьяат Чулуунбаатар ирвэсийн хоёр ширхэг арьс хууль бусаар хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд баригдсан байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч цоохор ирвэсийн арьс худалдаалахаар авч явах үед нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн.

Мөн Говь-Алтай аймгаас ирвэсийн арьс, эд эрхтнийг машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан бүлэг залуусыг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байдаг. Эдгээр цоохор ирвэсийг дандаа Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс агнасан гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болжээ.

ЧАНДМАНЬ СУМАНД СҮҮЛИЙН АРАВ ГАРУЙ ЖИЛД182 БӨХӨН АГНАЖЭЭ

Ховд аймагт 2015 оноос 2017 оны эхний улирлын байдлаар хууль бус антай холбоотой ердөө есөн хэрэг бүртгэгдсэн байх юм. Үүнийг нэг талаас нь харвал хууль бус ан эрс буурсан сайн үзүүлэлт мэт харагдах байх. Гэвч нөгөө талаас хууль бус ан хийж байгаа гэмт хэрэгтнүүдийг цагдаа, хууль хяналтынхан илрүүлж, араас нь цаг, хөдөлмөр гарган хөөцөлдөхгүй байгаатай шууд холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бус анчдыг илрүүлж чадахгүй байгаа учраас ийм статистик мэдээлэлтэй сууж байгаа гэсэн үг. Учир нь 2013 оноос өмнөх арав гаруй жилд хууль бус ан хийж болохгүй, баригдсан, үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд өндөр торгууль төлж, хорих ялаар шийтгүүлэх тухай сурталчилж, ухуулаад ч хэргийн гаралт буураагүй байдаг. Хараа хяналт чанга үед намжаагүй хууль бус ан хяналтгүй болох тусам буурч, бараг гарахгүйтэй адил хэмжээнд хүртэл “зогсоно” гэж байхгүй. Харин ч далд хэлбэрт орж, дураараа дургих дүр зураг тодхон. Хамгийн гол нь тэднийг илрүүлэх ажиллагаа зогсож, араас нь хөөцөлдөж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоогч байхгүйгээс л хэргийн тоо эрс буурсан мэт үзүүлэлт гарч буй юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр “Ирвэс-3” багийнхан хууль бус ангийн гэмт хэргийг нутгийн иргэдтэй хамтран илрүүлдэг, тэдний нууц мэдээллийг үндэслэн хэргийн халуун мөрөөр орж, мөшгин үйлдэл дээр нь гарддаг, хууль бус анчдыг хянадаг байсан байгаа юм. Жил гаруйн өмнө Ховд аймгийн Чандмань суманд хулгайн анчид 13 бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд эврийг нь тайрч аваад Чандмань сумаас холгүйхэн байх худагт бөхөнгийн сэг зэмийг хийж, цагдаа нараар тохуурхсан хэрэг гарч байв. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх хэргийг цагдаа нар илрүүлж чадаагүй л байна. Мөн 2014 онд тус сумын Жаргалант багийн нутаг Дөргөн нуурын баруун хөвөөнд зургаан тооны бөхөн агнасан хэрэг гарсан байна. Дээрх хэрэг мөн л илрээгүй байгаа аж. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр сүүлийн арав гаруй жилийн турш зөвхөн Дөргөний хүрэн талд нийтдээ182 бөхөн агнасан хэрэг гарсан байх юм. 2006 онд 54 бөхөн агнасан ноцтой хэрэг Ховд аймгийн Чандмань суманд гарсан. Сумын төвөөс БНХАУ руу хөдлөхөөр зэхэж байсан Г.Алтангэрэлийн УБМ 92-39 дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины запас дугуйнд 54 бөхөнгийн 108 хос эвэр нуусныг “Ирвэс-3” шуурхай багийнхан илрүүлжээ. Г.Алтангэрэлийн эдгээр эврийг хил давуулж худалдах гэж бэлтгэснийг шалгаж тогтоосон байна. Шалгах явцад тус сумын харьяат Д.Баянбаатар, Д.Цогоо, Д.Мөнхчулуун нарын 13 хүн уг хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогджээ. Тэдний дунд өмнө нь бөхөнгийн эвэр хууль бусаар хил давуулсны улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн ч байсан юм байна лээ. Хулгайн анчдын “ТОЗ-8” маркийн дөрвөн буу, бөхөнгийн 108 эврийг хурааж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. 54 бөхөн агнасан этгээдүүд байгаль орчинд 216 сая төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл тэд хэргээс ял зэмгүй мултарч, хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал гарсан байна. 2008 оны гуравдугаар сарын 20-22-ны хооронд Ус тогтдог, Ширээгийн оргидог худаг орчмын нутагт зургаан бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд мөн л эврийг аваад явсан байсан. 2008 оны аравдугаар сарын 17-20-ны хооронд Ус тогтдогоос хойхнуур хоёр, Дэнгийн шилийн оргидог худгийн орчимд (энэ нь Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар) гурав, бүгд таван бөхөн буудуулсан байсан. Мөн л хууль бус анчид нь баригдаагүй гэнэ. Чандмань сумын Талын булаг гэх газарт зургаан тооны бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг мөрдөн шалгах ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Загдсүрэн гэгч хулан агнасан, Үенч сумын нутагт аргаль агнасан, 2015 онд Мянгад суманд Намжилдорж, Сонинбазар нар тэх агнасан, Алтай суманд Барлаг багийн нутаг дэвсгэрт хулан агнасан, Буянт суманд зэрлэг гахай агнасан хэргүүд ч гарсан байна. Энэ мэт Ховд, Говь-Алтай аймагт хууль бус ангийн гэмт хэрэг буурахгүй байгааг эх сурвалж онцолж байсан юм.

БӨХӨНГИЙН СҮРЭГ ЦУСАН ХАЛДВАРТ ӨВЧИНД НЭРВЭГДЭЖ ЭХЭЛЖЭЭ

Өнгөрсөн жил бог малаас монгол бөхөнд гоц халдварт мялзан төст өвчин халдварлаж 11 мянган бөхөнгөөс одоо дөрвөн мянга гаруй бөхөн үлдээд байгаа. Халдварт өвчин тусч дархлаа нь суларсан бөхөнгийн сүрэгт цусан халдварт өвчний нян илэрч, эхнээсээ үхэж эхэлсэн гэдгийг Ховд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хэлж байв.