Categories
мэдээ нийгэм

Сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас халсан гэв

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 10 сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн тухай ЕБС-ийн захирлууд мэдээлэл хийлээ. Ерөнхий боловсролын 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж буйгаа хуралд оролцогчид хэлэв.

Тухайлбал, СХД-ийн есдүгээр сургуулийн захирал асан А.Батжаргал “Миний хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд ажлаас халагдсан. Бага ангийн 14 кабинетад эцэг, эхийн хандив тусламжаар 2015-2016 оны хичээлийн жилд 14 телевизор авахуулж тавьсан. Үүгээр шалтаглаж намайг ажлаас халсан. Боловсролын тухай хуулинд багш мэргэжилтэн багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл миний оронд томилогдсон хүн 1997 онд боловсролын сургууль төгсөөд түүнээс хойш 20 гаруй жил багшаар ажиллаагүй хүн тавигдсан байгаа” хэмээв.

Мөн ХУД-ийн 18 дугаар сургуулийн захирал асан А.Чинбат: Би дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан нь спорт заалаа түрээсэлдэг гэсэн нотлогдоогүй баримтгүйгээр ажлаас халсан. Ажлаас чөлөөлөх захирамжуудыг харахад дандаа 2012 оноос хойш томилогдсон хүмүүс байсан. Боловсролын байгууллагын ажилчдыг хоморголон халж байгаа нь улс төрийн явуулгатай гэж үзэж байна. Гэтэл бидэн дотор улс төрийн агуулгатай буюу намын харьяалалтай хүн нэг ч байхгүй. 2012 оноос хойш томилогдсоноороо бид хэлмэгдэж байна.” гэв

Categories
мэдээ нийгэм

Зуслан бүр хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй болно

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зуны улиралд ажилладаг 80 гаруй зуслан байдаг бөгөөд үүнээс хүүхдийн амралт, чөлөөт цагийн 60, Олон Улсын хүүхдийн нэг, амралт сувиллын гурав, халамжийн тав, хөдөлмөр амралтын хоёр, гадаад хэлний сургалттай гурав, эко боловсролын хоёр, спорт аяллын дөрвөн зуслан үйл ажиллагаа явуулж байна.

Зусланд амрах хүүхдийн тоо 2008-2010 оныг хүртэлх хугацаанд өссөн ба 2014 онд хүүхдийн тоо тогтмолжиж, эцэг эхчүүдийн зусланд хандах хандлага сайжирсан байна.

Гэвч сүүлийн жилүүдэд зусланд зохиогдох хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн агуулга, зорилго тодорхой бус нь зуслангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, зогсоох эрсдэлд хүргэдэг тохиолдол бий.

Иймд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4- д “Хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг өмчийн хэлбэр харгалзахгүй санхүүжүүлэх журам батлах” тухай заалт тусжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5. дахь зорилтод Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ хэмээн туссан. Тиймээс зуслангийн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.

Уг хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэх, амьдрах ур чадварт сургахад чиглэсэн байх бөгөөд зуслан бүр өөр өөрийн онцлогийг харуулсан хөгжлийн хөтөлбөртэй байж хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн тэднийг зөв амьдрах арга дадалд сургахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж.

Categories
мэдээ спорт

Ширээний теннисний ДАШТ өнөөдөр эхэлнэ

Олон улсын ширээний теннисийн холбооны ганцаарчилсан ДАШТ өнөөдөр орой Монголын цагаар 18:00 цагаас Германы Дюссельдорф хотноо эхэлнэ. Германы ширээний теннисийн холбоо болон Лиэбхэр брэнд хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд 106 орны 630 тамирчин 8 өдрийн турш мэдрэмж, хурдаа сорино. Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн нийт таван төрлөөр зохиогдох уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй төрөлд спортын мастер Б.Билэгт Австри Суданы тамирчидтай, дэд мастер Ч.Эрдэнбаяр Хорват Литвиийн тамирчидтай, дэд мастер Ж.Мөнхзориг Словен Ираны тамирчидтай тус тус нэг бүсэд орсон бол эмэгтэй тамирчдаа төлөөлж явсан спортын мастер Б.Должинзуу Швед Камероны теннисчидтэй, дэд мастер М.Ундрам Колумб Косовагийн тамирчидтай учраа таарчээ. Багийн ахлах дасгалжуулагчаар С.Галбадрах ажиллаж байгаа бөгөөд манай шигшээ багийн гол зорилго бүсээсээ гарах зорилготой байгаа юм. Энэ удаагийн ДАШТ-нд Хятадын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм. Тэдний гол өрсөлдөгчдөөр талбайн эзэн Германы шигшээ баг болон Японы шигшээ багууд нэрлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

БХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр” болж байна. Энэ өдөр “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаа юм. БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгж, харьяа байгууллагууд бүтэц зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийхийн сацуу тэдний сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлт хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах аж. “Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Өдөрлөг 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын хилийн боомтууд хоёр өдөр амарна. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр, 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын хуулийн дагуу “Эх үрсийн баяр”-ын амралт тохиож байгаатай холбоотойгоор боомтууд ажиллахгүй юм. БНХАУ-ын хувьд ч зургадугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Боомтууд амрах үеэр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ авлаа

Холбоотой ЗурагЯпоны мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацу башё Осака хотноо өндөрлөж Ёкозүна Хакүхо М. Даваажаргал 38 дахь түрүүгээ авлаа.

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга сүүлийн өдөр 1036 дахь даваагаа авч мэргэжлийн сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн амжилтыг ахиулан түрүүлэв.

Хакүхо аварга Нацу башёгийн 14 дэх өдөр нутгийн бөх Озэки Терүнофүжитэй Г.Ган-Эрдэнэтэй барилдсан. Хоёр бөх 13 удаагаа таарч барилдахад аварга ес дэх удаагаа давснаар түрүүлэх болзлоо хангасан юм.

Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Ёкозүна Харүмафүжиг ёрикири мэхээр давж 15 дахь даваагаа авлаа. Түүний хувьд Нацү башед найм дахь удаагаа түрүүлж байгаа юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Мээдээ шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна

“Яг түүн шиг-2” шоуны энэ долоо хоногийн ялагчаар дуучин Г.Мэнд-Амар тодорлоо. Энэ дугаар дээр тэрээр өөрийн санасандаа хүрч өөрийгөө эрс өөрчилснийхөө шагналыг хүртэж чадлаа. Тэрбээр “Rammstein”хамтлагийн “Du Hast” дууг дуулж, рок хэмнэлээр бишрүүлээд авсан билээ. Шүүгч болон бусад өрсөлдөгч нараа алмайруулсан түүний хувьд яалт ч үгүй энэ үдшийн ялагч болсон юм.

Тэрбээр 45 оноогоор ялагч болсон бол энэхүү шоуны хамгийн хүчтэй өрсөлдөгч Т.Бархүү 39 оноогоор удаалж, дахин эрэгтэй дүрд хувирсан төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами 28 оноогоор удаалсан. Энэ дугаарт С.Гантогоо 23, Г.Ганхүү 20, Б.Халиун 19, А.Хишигдалай 18, Б.Ариуцэцэг 15 оноог авсан.

Дугаар бүрийг ялагч болсон оролцогч тодорхой хэмжээний мөнгөн шагнал авдаг. Тэгвэл IX дугаарын шилдэг нь байсан Г.Мэнд-Амар таван сая төгрөгийн эзэн болжээ. Тэрбээр шүүгч тус бүрээс боломжит 12 оноог авсан төдийгүй өрсөлдөгч нараасаа гурван оноог өөрийн болгосон. Шилдэг нь байж чадсан Г.Мэнд-Амар шагнал авах торгон мөчдөө нэгэн мэдээг дуулгалаа. Тэрбээр шагналын мөнгөөрөө Нялхсын сувилалд памперс авч өгөхөөс гадна, мөн нэг сая төгрөгийг Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг өгч, хүмүүнлэгийн үйлст нэгдэж байгаагаа хэлсэн юм. Мөн дугаарын бүрийн хамгийн хүчтэй оролцогч, энэ удаа аман хүзүүнд орсон Т.Бархүү түүнтэй хамтран хүмүүнлэгийн үйлсэд нэгдэнэ гэдгээ амалсан. Ийнхүү дугаар бүрт шинэ дүр бүтээж буй авьяаслаг оролцогчид дараагийн дүрдээ бэлдсээр. Одоо тэдэнд финалын шалгаруулалтад хэрхэн бэлдэх л үлдлээ. Харин бид ямар дүрийг харах л үлдлээ. “Яг л түүн шиг II” шоу үргэлжилсээр.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхай эрхлэгчдэд сургалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, нөхөрлөлийн гишүүд хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхийг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил хийлээ.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, ахлах референт З.Өнөржаргал, ХЭҮК-ын Архангай аймаг дахь ажилтан Ж.Очирбат нар Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр сумдад 2017 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ажиллаж, аймаг сумдын төр захиргааны байгууллагын ажилтнууд багийн нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад зориулан “Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Мөн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчид болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд зориулан “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг оролдсон иргэнийг аварчээ

Өнөө өглөө нэгэн иргэн байшин дээрээс үсэрч амиа хорлохыг завдлаа. Тодруулбал, Нийслэлийн СХД-ийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын VIII байрны дээврээс иргэн үсэрч амиа хорлохоор завдсаныг Нийслэийн Онцгой байдлын газрын зургаан аврагч шуурхай ажиллаж аварсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өглөөний 06.30 цагт согтуу иргэн байрны дээвэр дээр гарчихсан байсан бөгөөд байрны гадаа салхилж байсан ахмадууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Онцгой байдлын аврагчид иргэнийг тайвшруулахаар хоёр цаг гаруй ярилцсан ч хүлээж авахгүй, уйлсаар байсан ч эцэст нь тайвшруулж эсэн мэнд буулган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд байгаа аж. Энэ талаар Аврах ангийн эх сурвалжаас тодруулахад “Дөнгөж сая буулгасан болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Иргэн согтуу байсан” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Их Эе”-ийн гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулж, шинэ тэргүүнээ сонгосон талаарх хэвлэлийн хурал Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас болно.

Тэгвэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус “Их Эе” хурал болсонтой холбогдуулан одоогийн Үндэсний бөхийн холбооноос мөн мэдээлэл хийхээр болжээ. МҮБХ-ны өнөөгийн тэргүүнээр Р.Нямдорж, дэд тэргүүнээр Д.Данзан нар ажиллаж байгаа бөгөөд тус холбооноос 15.00 цагаас Бөхийн өргөөнд мэдээллийг өгөх аж.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус ”Их Эе” хурал өнгөрөгч арванхоёрдугаар сард хуралдана гэж байсан юм. Тухайн үед дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд “Их Эе” хуралдахаар болсныг хэлж, одоогийн тэргүүн Д.Нямдоржийг ажлаа өгөхийг шаардаж байсан. Мөн Д.Нямдорж арванхоёрдугаар сард хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдэгдлийг хийж байсан юм. “Д.Данзан бид хоёр холбоогоо олон жил удирдлаа. Одоо залуу үедээ халаагаа өгөх цаг нь болсон. 2017 онд багтаан ажлаа хүлээлгэж өгнө. Ойрын хугацаанд Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, “Их эе”-ийн товыг тогтооно.” гэж байсан билээ.

Тэгвэл “Их Эе”-ийг хуралдуулах болсон Ажлын хэсэг өчигдөр буюу тавдугаар сарын 28-д хурлаа хийжээ. Энэхүү хурлаар Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон юм. Мөн Ажлын хэсгээс хурал болохын өмнө ‘Үнэнийн мөрөөр’ гэсэн баримтат нэвтрүүлэгийг бэлтгэж, одоогийн тэргүүн Р.Нямдоржийн талаарх ноцтой гэх мэдээллийг гаргасан юм.

Сонирхуулахад, Р.Нямдорж 1991 оноос хойш МҮБХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.