Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” өчигдөр болж, энэ хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцэж “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр сонгогдсон юм гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Үндэсний бөхийн холбоог тэргүүлэгч Р.Нямдорж, Д.Данзан нарын хүмүүс Бөхийн өргөөнд өнөөдөр хэвлэлийн хурал зарлан, дээрх мэдээллийг няцаав.
Тэд Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нарын хүмүүс МҮБХ-ны ээлжит бус их эе нэртэй цуглаан хийсэн гэж мэдэгдээд үүнтэй холбогдуулан дараахь мэдээллийг хийсэн юм.
-Энэ цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү 4-5 хүн тасралтгүй ээлжлэн ярьж, нэг нь айлган сүрдүүлэх, өөр нэг нь аргадан гуйж, гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй ятгасан боловч 10 аваргаас 7 нь, 15 арслангаас 11 нь, 9 гарьдаас 7 нь, 25 заанаас 19 нь, 40 харцагаас 30 нь, 179 начингаас 163 нь энэ цуглааныг хууль бус гэж очоогүй байна. Энэ нь аваргуудын 70 хувь, арслангуудын 73 хувь, гарьдын 78 хувь нь, заануудын 76 хувь, харцагуудын 75 хувь, начингуудын 90 хувь оролцоогүй гэсэн үг. Ийм цуглааныг МҮБХ-ны Их эе гэж үзэж болох уу?
-А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх нарын таван хүний гурван шатны шүүхээр зөв нь тогтоогдсон гэж яриад байгаа Цэцдийн зөвлөлийн хурал нь хуурамч ирц бүрдүүлсэн үндэслэлээр Монгол улсын эрүүгийн хуулийн 253.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, тэр нь тогтоогдсон, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа юм. Хуулийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хийсэн цуглаан нь хууль зөрчсөн тул холбогдох хууль дүрмийн дагуу хүчингүй болно.
-МҮБХ-ноос 2016 оны 12-р сард гаргасан мэдэгдэлд “МҮБХ 2017 оны 2-р улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон, улмаар МҮБХ-ны ээлжит их эеийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, шинэ удирдлага сонгон ажиллуулах болно” гэж зарласан. Одоо 2-р улирал дуусаагүй байна. Энэ зургадугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаар Ээлжит их эеийн товыг тогтооно. Ээлжит их эе дүрмийн дагуу дөрвөн жилийн үечлэлтэй хуралддаг. Энэ жишгээр 2018 он гарангуут ээлжит хурлаа хийнэ. Энэ нь наадам, зуны амралт дууссанаас хойш 4-5 сарын дотор багтаж хуралдана гэсэн үг. Иймээс тэд юунд яарч байгаа нь тодорхой.
-Дээрх нөхөд 2002 онд хуралдсан 4-р их эеэр МҮБХ-ны удирдлагыг булаан авах хуйвалдаан зохион байгуулж ажиллаад ялагдсан юм. тэгээд гурван шатны шүүхээр явж “тэргүүнийг сонгох сонгууль явагдсан нь тогтоогдохгүй байна” гэсэн шийдвэр гаргуулсан. Тэр шийдвэр нь үнэнд нийцээгүй. Иймээс энэ асуудлыг бид дахин хөндөнө, үнэнийг тогтоолгоно гэв.
Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж: Бөхийн өргөө ашиглалтад оронгуут 2002 оноос Х.Баянмөнх, Ж.Ганболд зэрэг хүмүүс энэ өргөөг авах гэж улайран тэмцэж эхэлсэн. Одоо бол Ү.Хүрэлбатар, М.Хүдэрбаатар нар тэмцээд байна. Эдгээр хүмүүс хууль бус “Их эе” хурал хийж, бөхийн холбоог авна гэвэл үгүй. Үүнийг нь хүчингүй болгоно. Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат, Ж.Ганболд нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй. Би хувьдаа МҮБХ-ны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна. Оюуны хөгжил, сэтгэл зүрхний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ганболд нарт би ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүй ижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид нэг нутгийн хүмүүс” гэж ярьсан юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.