Categories
мэдээ нийгэм

Т.Цогтод 20 жилийн ял оноолоо

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хуралдаан болж дууслаа. Уг хэргийг Г.Маралмаагийн гомдлоор дахин шалгаж, хэлэлцсэн юм. Шүүхээс талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод 20 жилийн ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдууллаа.Өмнө нь Т.Цогтод 20 жилийн ял оногдуулахаар төлөвлөж байсан ч хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байсан юм. Тэгвэл шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилж, тэдний ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллажээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгоор шүүх шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан Их хуралдаа суухгүй, Их хоригийн газрыг зорилоо

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ. Харин С.Жавхлан гишүүнд хуралдаа суухаас илүү чухал ажил байгаа талаараа саяхан цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр өнөөдөр ханш нээж буйтай холбогдуулан төр, түмнээ даатгахаар монгол түмний их шүтээн Бурхан халдун хайрханыг зорих гэнэ. Түүний үгийг төр түшилцэж байгаа нөхөд нь сонсохгүй байгаа учир тэнгэрт энэ тухай айлдаж, тэрслүү этгээдүүдийг яах талаар хэлэлцэхээр мордож буй бололтой.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Санкт-Петербург хотын метронд бөмбөг тавьсан этгээдийг илрүүлжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд өчигдөр болсон дэлбэрэлтээр 14 хүн амиа алдаж, 50 орчим шархтаад байгаа билээ. Энэхүү бөмбөгийг алан хядагч нар тавьсан болохыг тогтоосон. Тэгвэл халдлага үйлдсэн этгээд Акбаржон Жалилов гэдэг бөгөөд 22 настай Киргизстан улсын иргэн болохыг тогтоожээ.

Халдлага үйлдэгч хяналтын камерт бичигдсэн улаан куртиктэй залуу юм.

Тэрбээр Санкт-Петербург хотноо 2011 оноос хойш амьдарч буй нэгэн аж. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжиж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” үзэсгэлэн нээлтээ хийв

Бурхантын хөндийн 30.000 жилийн өмнө үзэсгэлэнгийн нээлт боловШинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн музейтэй хамтарсан “Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр/2017.04.04/ морин цагт боллоо. Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн олдвор, цуглуулгаас бүрдсэн үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд юм. Энэ амьтад нь тухайн үед одоогийн Дархан хот байгаа Бурхантын хөндий орчимд амьдарч байсан Шарын гол, Хонгор сумын орчмоос олдсон олдворуудаар батлагдаж байгаа юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн иргэн Гомбын Батсүхийн олж илрүүлсэн савагт хирсний толгойн ясыг 2016 оны аравдугаар сарын 18-19-нд мэргэжлийн баг ирж, палеонтологийн тандалт хийж 30.000-10.000 жилд хамрагдахыг тогтоон улмаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сээр нуруутны лабораторид техник боловсруулалт, сэргээн засварлалт хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн музейн сан хөмрөгт дээжилсэн нь уг үзэсгэлэнд шинээр дэлгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд анхны бороо орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн шөнө 0,0-1,0 мм хур тунадас орж, зарим газарт анхны бороо орлоо. Гэвч ихэнх нутгаар цаг уурын ажиглалтын талбай буюу сумандаа 0-21 см цасан бүрхүүлтэй байна.

Харин өнөөдөр ихэнх нутгаар бороо цас холилдон орж байна. Энэ жилийн хувьд бороо оройтож орж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд ихэвчлэн гуравдугаар сарын дундуур анхны бороо орж байжээ. Тус аймгийн Цэцэрлэг болон Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ зэрэг сумуудад цас ихтэй, хаваржилт хүндэрсэн байна. Хаваржилт хүнд байгаа дээрх суманд цаашид цас, бороо нэмж орвол гарсан төл бойжиход бэрхшээл үүсэхээр байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Монгол бөхийн өргөөнд болох барилдааны тов гарчээ

Монголын бөхийн өргөөнд болох энэ сарын барилдааны хуваарь гарчээ. Ирэх баасан гаригт нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхчүүдийн барилдаантай. Мөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын баярт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан болон Сонгинохайрхан хишиг барилдаан болно.

ХУВААРЬ:

  • 04.07 – 16 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан
  • 04.08 – 14 цагаас Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан
  • 04.09 – 14 цагаас “Сонгинохайрханы хишиг” Улс, аймгийн алдар цолтой Чансаа өндөр 128 бөхийн барилдаан
  • 04.16 – 14 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан
  • 04.23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан
  • 04.30 – 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.
Categories
гадаад мэдээ

Санкт-Петербург хотод болсон дэлбэрэлтэд монгол хүн өртсөн мэдээлэл бүртгэгдээгүй гэв

Санкт-Петербург хотод болсон дэлбэрэлтэд  монгол хүн өртсөн зурган илэрцүүд

ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархдсан хэрэг гарлаа.

Хэргийн газарт сэжиг бүхий өөр нэг цүнх орхисон байсан бөгөөд тэсрэх бөмбөг байсныг мэргэжлийн баг аюулгүй болгосон байна.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа бөгөөд монгол иргэд дээрх халдлагад өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болно.

Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзах ээлжит уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт хийлээ. Уулзалтад нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь иргэдэд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх цаашлаад нийслэлд хийж хэрэгжүүлж болох шинэ санал, санаачлагыг сонсч хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцах юм.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, “Ариун трейд” ХХК-ийн захирал Н.Бямбагэрэл өнөөдрийн уулзалтад ирсэн байв. Тус компани “AR” дэвшилтэд технологийг Монголд нэвтрүүлэн хөгжүүлж, хүүхэд багачуудад зориулсан ухаалаг 4D карт, үлгэрийн ном, дахин боловсруулсан цаасаар нэрийн хуудас хийдэг байна. Н.Бямбагэрэл “Бид үйлдвэр, үйлчилгээ, фото зураг болон дүрс бичлэгийн газартай. Монгол агуулгатай бэлэг дурсгалын зүйл зэрэг өв соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй. Өнөөдрийг хүртэл санхүүгийн асуудлаа өөрсдөө шийдэж ирсэн. Гэхдээ бид нийслэлээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг хүсээгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Мэдээллийн технологийн газруудтай хамтран хотын барилга байгууламжуудыг бүрэн мэдээлэлжүүлж, тухайн барилга байгууламжийн түүхэн видео гардаг зэргээр хийж болно. Улаанбаатар хотод ирсэн жуулчдад зориулсан албан ёсны газрын зураг, хөтөч байдаггүй. Энэ технологийг нэвтрүүлснээр жуулчид өөрсдийгөө мэдээ мэдээллээр хангаж Улаанбаатар хотын бүхий л барилга байгууламжийн үүх түүхийг ямар нэгэн хөтөч тайлбарлагчгүйгээр олж мэдэх боломж бий болох юм” хэмээлээ. Түүнчлэн төрийн албан хаагчдыг 100 хувь дахин боловсруулсан цаасаар хийсэн эко нэрийн хуудас ашигладаг болох уриалгыг нийслэлийн Засаг даргад гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглаад шинийг санаачлан бодит ажил болгож байгаа залуусыг нийслэл дэмжин ажиллах болно. Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Мэдээллийн технологийн газруудтай хамтраад та бүхэн төлөвлөгөөгөө боловсруулаад ажиллах хэрэгтэй. Бидний зүгээс хэрхэн ямар мэдээллээр та бүхнийг хангаж ажиллах боломж, бололцоотой талаар ярилцаж шийдвэрт хүрэх хэрэгтэй. Эко нэрийн хуудас ашиглах уриалгыг харьяа газар, агентлагуудад хүргүүлэх болно. Та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны иргэн Ш.Доржсүрэн Улаанбаатар хотыг утаагүй болгох шинжлэх ухааны үндэслэлтэй боломж, олон улсын туршлага, түүнд тулгуурлаж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцахаар ирсэн байлаа. Ш.Доржсүрэн “Улаанбаатар хотод агаарын урсгалын зураг гэж байдаггүй. Одоогийн байдлаар зөвхөн судалгааны хэмжээнд явагдаж байгааг мэргэжлийн хүмүүсээс нь тодруулсан. Энэ судалгаан дээр үндэслэж агаарын урсгалын чиг хөдөлгөөн бүх зүйл зурагдана. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын урсгалын ерөнхий төрх байдал харагдана. Бид агаарын урсгалыг хаахгүй байх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэвэл нийслэлд баригдаж байгаа барилга байгууламжийг зөв зохион байгуулалттай барих шаардлагатай. Улаанбаатарын агаар хаанаа саатаад байгаа вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд идэвхжүүлэх боломжтой” гэдгийг хэлж байлаа.

“Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч тодорхой санаанд хүрсэн үр дүнд хүрээгүй байна. Бид бүхий л арга хэмжээг авч ажиллах ёстой. Улаанбаатар хотод ачаалал маш их байна. Жил бүр шинээр яндан, авто машин болон агаар бохирдуулагч бусад эх үүсвэрүүд ихээр нэмэгдэж байна. Таны дэвшүүлж байгаа санал сонирхолтой санагдаж байна. Бидний зүгээс дэмжин ажиллана. Энэ судалгааг хийлгэх хэрэгтэй юм байна. Манай холбогдох албаны хүмүүстэй уулзаад, шаардлагатай гэвэл ажлын хэсэг байгуулаад ажиллах хэрэгтэй” хэмээн нийслэлийн Засаг дарга хэллээ.

Дараагийн иргэн СБД-ийн 5-р хороо Сөүлийн гудамжинд үйл ажиллагаа явууулдаг “Н энд Н” компанийн захирал С.Намжилсүрэн байсан юм. “2012 онд Үндсэн хуулийн гудамжны замын өргөтгөл хийгдэж, манай байгууллагын кадастар бүхий эзэмшил талбайгаас 142.2 мкв талбай хасагдаж, 16 сая төгрөгөөр бүтээгдсэн “Тэхийн шээг” бүхий ногоон байгууламжийг өөрчилж Үндсэн хуулийн гудамжнаас ордог албан ёсны зөвшөөрөл бүхий автомашины орц, гарцыг хаасан. Энэ асуудлыг шийдэж нөхөн олговрыг олгох, орц гарцыг нээж өгөхийг хүсч байна” хэмээн ярьж байв.

Нийслэлийн Засаг дарга нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газруудын удирдлагад нийтийн эзэмшлийн зам талбай, иргэн аж ахуйн нэгжийн орц гарцыг хэрхэн шийдэх боломж бий вэ гэдгийг танилцуулах үүрэг өглөө.

Түүний дараа БЗД-ийн 12-р хорооны иргэн Ө.Эрдэнэболд өөрийн санаачилсан “Гэгээн” төслийг танилцуулав. Тэрбээр гэр хорооллын хаягжилт, орон сууцны хорооллын гэрэлт хаяг болон орцны хаягжилтыг шинэчлэн лед гэрэлтүүлэгтэй шийдэл боловсруулсан аж. Энэ хаягжилтыг хийснээрээ иргэд олон нийт аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдэхээс гадна хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлнө. Цаашлаад цагдаа, түргэн гэх мэт тусгай үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс цаг алдалгүй иргэдэд хүрч ажиллах боломжтой гэх мэт олон давуу талтай. Уг төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Гэр хороололд 19 тэрбум төгрөг, байшин хороололд 2.8 тэрбум төгрөг, орцонд 3.6 тэрбум төгрөг шаардлагатай” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын хаягжилтыг өөрчилж шинэчлэх хэрэгтэй байгаа. Та бүхний төслийн өртөг маш өндөр тусч байна. Энэ төслийг эхний ээлжинд байшин хороололд хэрэгжүүлбэл боломж бололцоо бий юу гэдгийг бид судлаж үзээд эргээд холбогдох болно” хэмээв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Батболд уулзалтуудаас гарсан шийдвэр, үүрэг даалгаврыг хэрхэн яаж шийдвэрлэсэн, хаана ямар шатанд явж байгаа талаар байнга танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Алтангэрэл: Хууль гарснаар хэрэг маргаанаа Монголын арбитраар шийдвэрлүүлэх сонирхол нэмэгдэнэ

-АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХАД ЧУХАЛ АЛХАМ-

Саяхнаас хэрэгжиж эхэлсэн Арбитрын тухай хуулийн талаар арбитрч, Арбитрчдын зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Арбитрын шинэчилсэн хуульд ямар өөрчлөлт, онцлох зохицуулалт орсон байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Олон улсын эдийн засаг талаас нь харвал дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдыг татахын тулд өөрийн улсдаа аль болох таатай орчинг бий болгож өрсөлддөг. Таатай орчин гэдэгт хэрэг маргааныг шуурхай, хараат бус, мэргэжлийн өндөр түвшинд хянан шийдвэрлэх тогтолцоо буюу арбитр зүй ёсоор ордог. Сүүлийн 50 гаруй жилийн турш дэлхийн ихэнх улс орон арбитрын талаарх хууль тогтоомжийг батлах, шинэчлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх гэж идэвхтэй ажилласны үр дүнд өнөөдөр ямар нэгэн байдлаар арбитрын шүүхгүй улс орон гэж бараг үгүй болжээ. Нөгөөтэйгүүр хууль зүйн тогтолцоо талаас нь харвал дэлхийн улс орнууд хууль зүйн үйлчилгээний зах зээлийг эзлэхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Хууль зүйн үйлчилгээ ашигтай бизнес болохыг барууны орны хуулийн фирмийн ашиг орлогоос харж болно. Арбитр бол олон улсад яах аргагүй хууль зүйн үйлчилгээний чухал хэрэгсэл болохын хувьд улс орнууд энэ чиглэлээр багагүй анхаарч, бизнесийн талаас нь харж, бүтээгдэхүүнээ илүү хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадаж байна, тухайлбал Сингапур улс. Тэгэхээр энэ их өрнөлийн дунд Монгол Улс хаана явна вэ гэсэн асуудал зүй ёсоор тавигдана. Бид азидаа тивдээ биш гэхнээ ойр орчмын бүсдээ өрсөлдөж чадна. Саяхан шинэчлэн баталсан Арбитрын тухай хууль хөрөнгө оруулалтыг татах таатай орчинг бүрдүүлэхэд чухал алхам гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн. Өмнө үйлчилж байсан хууль мэдээж түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч “монголчилсон”, дотоодын арбитрын ажиллагаанд илүү хамааралтай, олон улсын зарчмуудаас зөрүүтэй ойлголтууд байсан.

Тухайлбал арбитрын ажиллагааны харьяаллын тухай ойлголт. Мөн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, түр арга хэмжээ зэргээр олон улсын арбитрын практикт хэдийнэ нэвтэрсэн арга хэрэгслийн талаарх арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээг тодорхой болгож, дэлгэрэнгүй зохицуулсан нь яах аргагүй зайлшгүй хийгдэх ёстой байсан. Тухайлбал арбитрын ажиллагааны харьяаллын тухай ойлголт.

-Монгол Улс саяхныг хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй явж ирсэн шалтгаан юу байв?

-2003 онд батлагдсан Арбитрын хууль өмнөхөөсөө шат ахисан, тухайн үедээ томоохон өөрчлөлт болж чадсан. Хэрэглэх хүрээ нь хязгаарлагдмал, арбитрын ажиллагаанд НҮБ-ын Загвар хуулиас гажсан, эсвэл огт тусгагдаагүй зүйл, хэм хэмжээ нэлээд байсан учир тус хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгээгүй байсан хэрэг. Харин 2017 оны нэгдүгээр сард батлагдсан Арбитрын тухай хууль нь Загвар хуульд нийцсэн буюу хуулийн тодорхой шалгууруудыг үндэсний хуульдаа бий болгож чадсан гэдэг утгаар Монгол Улс дээрх жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ. Дэлхийн 100 гаруй улс орон НҮБ-ын Загвар хуулийг нутагшуулсан байдаг тул Монгол Улс одоо тэдгээр улстай ижил стандартыг мөрдөж байна гэсэн үг. Олон улсад мөрдөж байгаа арбитрын ажиллагааны хэм хэмжээг нутагшуулснаар хөрөнгө оруулагчдад хэрэг маргаанаа шийдүүлэх илүү ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой хэрэгсэл бий боллоо. Энэхүү өөрчлөлтийг хийхдээ НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арилжааны арбитрын загвар хуулиас эх авч, өөрийн хуулиа илүү боловсронгуй болгосон хэрэг.

-Хууль хэрэгжиж эхэлснээр Арбитрын хэрэг маргаан дээр урьд өмнөхөөс өөр ямар өөрчлөлт орох вэ. Манай улсад, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсэх вэ?

-Монгол Улс болон дэлхийн 150 гаруй улс орон Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцид нэгдэн орсон. Ингэснээр дэлхийн ихэнх улс оронд Монголын арбитрын шийдвэр хүлээн зөвшөөрөгдөж, биелэгдэх ёстой. Нэгэнт Арбитрын хууль тогтоомж олон улсын стандартад нийцэж байгаа тул түүний олон улсын хэрэглээ өргөжих буюу олон улсын арбитрын хэрэг маргаанд чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Нэн ялангуяа үндэсний компаниудад гадны компаниудтай бизнесийн гэрээ байгуулахад арбитрын ажиллагааны харьяаллын хувьд, хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэх арбитрын байгууллагын хувьд Монголыг сонгоход нь ихээхэн ач холбогдолтой болно. Ихэнх тохиолдолд гадны компаниуд гуравдагч орны хуулийг, арбитрын байгууллагыг сонгох гэдэг. Гэтэл гэрээний гүйцэтгэх газар Монгол Улс байх нөхцөлд Монголын компанийн хувьд заавал холын, сайн таньж мэдэхгүй улсын хууль эрх зүй, шүүх, арбитрын байгууллагыг сонгох болдог нь одоо өөрчлөгдөх боломжтой. Хэрэг маргааныг таньж мэдэхгүй улсад, тэндхийн иргэний болон арбитрын процессын хуулиар шийдвэрлүүлэх нь дотоодын компанийн хувьд олон эрсдэл, тодорхойгүй байдал, зардал чирэгдэл бий болгодог нь тодорхой.

Нөгөөтэйгүүр манай хууль, арбитрын байгууллагыг сонгох нь гадны компанийн хувьд бэрхшээлтэй байдаг. Учир нь манай хууль тогтоомж хэр тодорхой, тогтвортой, олон улсын жишигт нийцсэн, эсхүл арбитрын байгууллага, тогтолцоо хэр хөгжсөн, арбитрчийн ур чадвар, хараат бус байдал, хуралдаан явуулах газрын ложистик гэх зэрэгт олон асуудалд бүрэн дүүрэн итгэж чадахгүй байх нь олонтаа. Энэ чиглэлээр цаашид харин онцгой анхаарах ёстой.

-Манай улсын Арбитрын шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад улс орноос ямар ялгаатай байна вэ?

-Хэрэг хянан шийдвэрлэх журмын хувьд олон улсад НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн комиссын Арбитрын дүрмийг эсхүл аль нэг олон улсын арбитрын байгууллагын дүрмийг сонгоод хэрэглээд явчихдаг. Манай улсын хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын болон үндэсний арбитр нь НҮБ-ын дээрх дүрэмд тулгуурлан боловсруулсан Хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу арбитрын ажиллагааг явуулдгаараа олон улсын жишгээс хол зөрөхгүй ч басхүү Арбитрын шинэ хуульд нийцүүлэн шинэчлэх, илүү боловсронгуй болгох шаардлага бий. Тухайлбал, олон улсын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглагдах Олон улсын барын холбооноос гаргасан чухал зааварчилгаа бүхий баримт бичгүүд байдаг. Эдгээр нь нотлох баримт бүрдүүлэх, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, мөн арбитрчийн болон өмгөөлөгчийн ёс зүйн талаар чухал эх сурвалж болдгийн хувьд цаашид олон улсын арбитрын ажиллагаанд түлхүү хэрэглэх тал дээр анхаарах шаардлагатай.

-Арбитр шүүхээс юугаараа ялгаатай болон давуу талтай вэ?

-Арбитр шүүх хоёрын ялгаа нь гэвэл арбитр бол хараат бус, шуурхай, нарийн мэргэшсэн хэрэг маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд арбитраас гарах шийдвэр нь шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэх учиртай. Арбитрын процесс илүү уян хатан, талуудын чөлөөт байдал онцгой байр суурь эзэлдэг. Хэргийг яаж, хэзээ, хэн шийдэх зэрэг олон асуудлаар талууд тохиролцож, журмаа өөрсдөө тодорхойлох боломжтой. Арбитрчид илүү олон талт мэргэжилтэй, туршлагатай, хэргийг иж бүрэн, цаг гаргаж, нарийн шинжилж хянан шийдвэрлэдэг, хэргийн нууцлалыг хадгалдаг учир томоохон хэлцэл гэрээ хийдэг компаниудад ихээхэн давуу талтай байдаг. Зардлын хувьд ч олон шат дамжлагагүй, хэргийг нэг дор төвлөрүүлж шийддэг тул хямд тусдаг талтай. Гадны компаниудын хувьд дотоодын шүүхтэй зууралдах сонирхол төдийлөн байдаггүй. Тэр тусмаа хөгжил буурай орны шүүхэд итгэж чаддаггүй. Тиймээс маргаан гарвал шүүхээр бус харин арбитраар шийдвэрлүүлэх хүсэл илүү түгээмэл байдаг, үүнийгээ ч гэрээндээ тусгадаг. Арбитр нь арилжааны болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрөлтэй байдаг. Хөрөнгө оруулалтын арбитрын маргаанд нь нэг талаас төр, нөгөө талаас компани байдаг. Олон улсын практикт хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх нь хүлээн зөвшөөрөгдсөн, маш түгээмэл болсон. Улс орнууд хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд дотоодын шүүхээсээ татгалзаж, олон улсын арбитрыг сонгодог нь нийтлэг.

-Хэрэв аливаа хэрэг маргааныг Монгол Улсад Арбитрын шүүхээр шийдүүлэх болж байгаа бол Арбитрын хэргийг шийдвэрлэх ямар статустай ямар газрууд шинээр байгуулагдах вэ?

-Олон улсын жишигт нийцсэн хууль гарснаар хэрэг маргаанаа Монголын арбитраар шийдвэрлүүлэх сонирхол нэмэгдэнэ. Энэ сонирхол гэхдээ шүүх, арбитрын байгууллагуудын хөгжил, хараат бус байдал, ур чадвартай шууд хамааралтай. Хичнээн сайн хууль байлаа гээд хэргийг шийдэх сайн арбитрчгүй, хэргийг авч явах захиргааны бүтэц, тогтолцоо нь муу бол хууль хоосон цаас төдий л болж хоцорно. Нэн ялангуяа олон улсын арбитрын хэргийн менежмэнтийг авч явахад хүндрэлүүд гардаг. Жишээ нь, англи хэлтэй арбитрч цөөн, хуралдааныг англи хэлээр явуулах, захиргааны туслах ажилтны ур чадвар, шүүх хурал явуулах байр сав олон улсын стандартад нийцсэн эсэх гэх мэт олон асуудал бий. Юутай ч нэгэнт эрх зүйн орчин бүрдсэн тул одоо манай үйл ажиллагаа явуулж буй арбитрын байгууллагууд илүү том сорилтыг угтаж бэлтгэлээ базаах нь зүйтэй. Арбитрчдын хувьд зөвхөн дотоодын маргаанаар бус олон улсын арбитрын процессын талаар мэдлэгтэй, нэр хүндтэй, барилга ч юм уу, уул уурхай ч юм уу тодорхой салбараар мэргэшсэн, ур чадвартай хүмүүсийг бэлдэх, дэмжиж ажиллах нь чухал.

-Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүх дээр хариуцагчаар тогтоогдсон нийт хичнээн тохиолдол гарсан байдаг билээ. Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй?

-Миний хувьд Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2005-2012 онуудад ажилласан. Тэр үед “Алстом Пауэр”, “Алтан Дорнод Монгол” гэсэн хоёр гадаадын компанитай холбоотой хэрэг маргаанд Засгийн газрыг төлөөлж ажиллаж байлаа. Тэр хоёроос гадна “Хан ресурс”-ын болон Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой Хятадын компанийн маргаанууд сүүлд нэмэгдсэн байсан. Одоо нэг нь ч шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа байх.

-Засгийн газрыг хариуцагчаар татсан тохиолдол шинээр гарлаа гэхэд шинэчилсэн хууль батлагдсанаар өмнөхөөсөө ямар давуу талтай байх вэ?

-Өмнө хэлсэнчлэн, арбитрын ажиллагаа хоёр төрөл байдаг нь арилжааны арбитр болон хөрөнгө оруулалтын буюу төрийн оролцоотой хэрэг маргаан. Хөрөнгө оруулалтын маргааны хэрэг хянан шийдвэрлэх журам нь арилжааны арбитрын журамтай ижил төстэй ч ялгаатай талууд бий. Тухайлбал, төр, нийтийн ашиг сонирхолтой холбоотой гэдэг утгаар арбитрын ажиллагааны нууцлал арилжааны арбитраас арай өөр, нээлттэй талдаа. Хөрөнгө оруулалтын маргаанд хэрэглэх хуулийн хувьд олон улсын гэрээ конвенцийг эх сурвалж болгодог онцлогтой. Эдгээр гэрээ конвенцид тухайлбал, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талт гэрээнүүд багтах бөгөөд тус гэрээнд хөрөнгө оруулалтын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай заалтууд байдаг. Тухайн улсад хөрөнгө орууллаа гэхэд төрийн байгууллага болох шүүхэд нь итгэдэггүй байх нь түгээмэл. Иймээс хүссэн ч, эс хүссэн ч хөрөнгө оруулалтын маргааны хувьд арбитр шүүхээс илүү зохимжтой арга хэрэгсэл хэвээр байх нь. Арбитрын шинэ хууль нь хөрөнгө оруулалтын хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх, нотлох баримт бүрдүүлэх, түр арга хэмжээ авах гэх зэргээр шүүхтэй холбогдох олон тохиолдолд олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн, тодорхой эрх зүйн орчинг бүрдүүлж өгч байгаагаараа өмнөхөөсөө дэвшилттэй гэдгийг дурдах хэрэгтэй.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: ОУВС-гийн 440 сая долларын халхавчин дор 5.5 тэрбум долларын өр тавих гэж байна

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж төсвийн тодотголоор ажлын хэсэг байгуулсан тухайгаа мэдээлэв. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нарын хүмүүс оролцов.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өнөөдрийн хуралдаанаар ОУВС-гийн нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдлыг дүгнэлт гаргах ажлын хэсгийг гаргалаа. Мэдээж дүгнэлт бодитой байх ёстой. ОУВС-гийн нөхцөлийг биелүүлэхдээ зардлаа ерөөсөө хасаагүй, иргэдээс авах татвараа нэмсэн байна. Бид эрх баригчдаас иргэдийнхээ бодит амьдралыг харсан шийдвэр гаргах байхаа гэж бодож байна. Хэрвээ ингэж чадахгүй ОУВС-гийн 440 сая долларын халхавчин дор 5.5 тэрбум долларын өр тавих асуудал байвал АН зөвшөөрөхгүй.

Ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ, татвар нэмэхээс өөр гарц байхгүй болчихсон юм биш үү?

-Ажлын хэсгийг би ахалж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа болон Я.Санжмятав нар орсон байгаа. Ардчилсан намын үед эдийн засаг ямар байсан бэ гэдгийг ард түмэн мэдэхийн дээдээр мэдсэн. Тэр үед нэг тонн нүүрсний үнэ 30 доллар хүрч байлаа. Нэг тонн зэсний үнэ 3000 долларт хэлбэлзэж байлаа. Өнөөдөр бодит байдал өөрчлөгдсөн. Дэлхийд уул уурхай монголын эдийн засагт ашигтайгаар эргэж байгаа. Тэр үед 30 доллар байсан нүүрсний үнэ одоо 150 доллар руу дөхөж байна. Тэр үед 3000 байсан зэсийн үнэ өнөөдөр 6000 руу дөхөж байна.

Монголд мөнгө орж ирж байгаа. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт оролцох нь зөв үү буруу юу гэдгийг бид ярилцах ёстой.

Ард түмнийг бүсээ чангал гэчихээд өөрсдөө яагаад төсвийн зардлаа хасахгүй байгаа юм бэ?

-Бид энэ тал дээр асуулгаа гаргаж тавих ёстой гэж бодож байгаа. Ерөнхий сайд төр л бүсээ чангалахаас биш ард түмэн бүсээ чангалахгүй гэж ярьсан. Гэтэл эсрэгээр явчихлаа шүү дээ гэдгийг сануулах ёстой. Тиймээс тодорхой асуудлыг гаргаж тавина гэсэн бодолтой байна. Төсвийн зардал ерөнхийлөн захирагч нар дээр нэмэгдсэн байгаа. Бид үүнийг тоо баримтаар нь гаргаж тавина. Ямар сайдууд дээр яаж нэмэгдсэн талаар тал талаас нь шинжилж үзнэ. Зайлшгүй нэмэх ёстой зардал байсан уу гэдгийг харна.

Ж.Батзандан: Эрх баригчид төсвийн тодотгол хийхдээ зардлын хэмжээг өсгөхгүй гэж хэлсэн. Гэтэл бидний өмнө байгаа тодотголын төслөөр Ерөнхий сайд 2 сая 512 сая төгрөгөөр төсвөө нэмэгдүүлж орж ирсэн байна. ЗГ-ын Хэрэг эрхлэх газар 1 тэрбум 275 сая төгрөгөөр, Зам тээвэр хөгжлийн сайд 160 тэрбум төгрөгөөр, БОАЖ-ын сайд нэг тэрбумаар төсвөө нэмэгдүүлсэн гэх мэтчилэн төсвөө нэмэгдүүлж оруулж ирснийг бид ойлгохгүй байгаа. Засгийн газар зардлаа бууруулж төсвөө хэмнэх бүрэн боломж байгаа. Гэтэл ард түмний халаас руу гараа дүрж байгаад бид харамсч байна. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлж төсвийн тодотголыг оруулж ирж байгаа. Удахгүй онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Энэ бүхнээ засах ёстой. Мөн хүүхдийн мөнгийг ялгавартай өгч байгаа. Энэ бүхнийг бид залруулах болно.

О.ӨНӨР