Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУCЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг ашиглалтад орууллаа. Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм. Та төсөвчин аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн систем бүхий аль ч төрлийн ухаалаг төхөөрөмжөөр үнэгүй татан авах боломжтой. Та доорх Apple storeболон Google play store-н лого дээр дарж татаж авч болно.
Month: April 2017
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар өнөөдөр /2017.04.04/ Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар, тус сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа Анагаахын их сургуулийн профессор Жефри С.Глен нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт Монголд ямар түвшинд байгаа талаар товч танилцуулга хийсэн юм.
Дараа нь Стэнфордын их сургуулийн харьяа Анагаахын их сургуулийн профессор Жефри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээг нээсэн талаараа гишүүдэд танилцуулга хийлээ. Тэрбээр шинээр бүтээж буй эмийг дэлхийн зах зээлд гаргахаас өмнө нэн даруй Монголд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах хүсэлтэй буйгаа гишүүдэд уламжилсан юм. Профессор Жефри С.Глены хувьд сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг судалж байгаа юм байна.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулах чиглэлд тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Монголд нийт 400 мянга орчим хүн элэгний өвчлөлтэй байна гэсэн судалгаа бий. Таны танилцуулгыг сонслоо. Маш их сонирхол татлаа. Элэгний В, Д вирусыг устгах, элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой эмийг Монголд нэвтрүүлэх ажилд бид хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд бусад асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар ярилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтсээс мэдээллээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмын дагуу Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийг хэвийн олгож байна.
2017 оны 2 дугаар сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол 3 дугаар сард нийт 460 зээлдэгчдэд 27.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олголоо.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд газрын маргаантай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 9, 10 дугаар хэсгийн 182 өрх айлын газрыг дайруулан Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зав тавих болсон тул дээрх өрх айлыг нүүлгэснээр газрын гэрчилгээгүй өрх нь нөхөн олговор хүртэхгүй, хохироход хүрч буй юм байна. Тиймээс 9, 10 дугаар хэсгийн өрх айлуудын төлөөлөл 20 гаруй иргэнийг сонсох, холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг байлцуулан талуудаас тайлбар авах, тайлбарт үндэслэн маргаантай асуудлаар шийдэлд хүрэх зорилго бүхий хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойрогт дээрх өрх айлууд харъяалагддаг бөгөөд арга мухардахдаа тойргоос сонгогдсон гишүүндээ хандаж байна хэмээн иргэд тайлбарлав.
Иргэд “2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зав тавих болсон тул газар чөлөөлөх захирамж өгсөн. Өмнө нь өөр газраар зам тавих байснаа өөрчилж, бидний газрыг дайрууллаа, энэ газар дээрээ 10 гаруй жил амьдрахдаа газрын гэрчилгээ хөөцөлдсөн ч авч чадаагүй, аж ахуйн нэгж, компаниудад бол га га-гаар нь өгдөг” гэж ярив.
Харин холбогдох байгууллагын албан тушаалтнууд ундны усны эрүүл ахуйн бүсэд байдаг учир газрын гэрчилгээ олгох боломж байдаггүйг тайлбарласан.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийг ямар ч тохиолдолд хохироолгүй, нүүлгэн шилжүүлж өөр газар суурьшуулах, бололцоотой хэсэгт нь газрын маргааныг арилгах гэхчлэн асуудлаар Улаанбаатар хотын удирдлага, Засгийн газарт хандан шийдвэр гаргуулахаа хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давсныг салбарын сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мөн ирэх өвлийн бэлтгэл ажлыг одооноос хангаж ажиллахыг салбарын сайдад даалгав.
Хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Улаанбаатар хотын удаан жилийн насжилттай, шугам хоолойны хана нимгэрч муудсан дулааны найман магистраль шугам, Дарханы төв магистраль шугам сүлжээнд гарсан гэмтлийг шуурхайн засч хэвийн горимд оруулсан байна.
Засгийн газар “Багануур”, “Шивээ овоо” компанид 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг ондоо багтаан эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосноор нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад томоохон дэмжлэг болсон байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг хөнгөлсөн юм. Засгийн газрын энэ шийдвэрийн хэрэгжилтэд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж, шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдэлжээ.
Манай улс өнөөдрийн байдлаар дотоодын эх үүсвэрүүдээс 3063,0 сая кВт.цаг, импортоор 657,0 сая кВт.цагийн эрчим хүч хэрэглэж байгаа юм.
Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг танилцууллаа
Монгол, Канадын Дугуй ширээний долдугаар уулзалт Канад улсын Оттава хотноо өнгөрсөн сард болсон юм. Уулзалтын дүнгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.
Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлсон байна. Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.04-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хэсэгчилж засварлахыг үүрэг болголоо
Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Гэвч замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн байна.
Замын эвдрэл, гэмтэл нь нүүрсний тээврийн хөдөлгөөний эрчмээс гадна нэг тэнхлэгт ногдох даацыг стандартаас хэтрүүлснээс үүдэлтэй юм. Өмнө нь энэ замаар хоногт дунджаар 150-250 тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч эрэлт нэмэгдсэнтэй холбогдон 1000 гаруй тээврийн хэрэгсэл зорчих болжээ. Хэдийгээр замын засвар, арчлалтыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа ч, Гашуунсухайт чиглэлийн буюу ачаалалтай талын зорчих хэсэгт эвдрэл, хагарал ихээр гарч, замын тэгш бус байдал алдагдсан тул засварлах зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын хөдөлгөөний бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат автозамын хэсэгчилсэн засварын ажилд хэд хэдэн компанийг зэрэг оруулж, энэ оны 10 дугаар сар гэхэд дуусгах, зам засварын үеэр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шороон замаар нэг ч тээврийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныханд үүрэг болголоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.04-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 ордоос Эрдэнэтийн овооны зэс-молибдений, Гацууртын алтны үндсэн ордуудын талбайн хил заагийг тогтоохоор өнгөрсөн сард газар дээр нь ажилласан байна.
Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг бөгөөд алтны баттай, бодитой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 км, Бороогийн алтны үндсэн ордоос 45 км-т байдаг юм.
Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд жагсаал зохион байгуулж, Монгол ардын нам, УИХ-ын дарга М.Энхболдын нэр хүндэд илтэд халдаж, ташаа мэдээллийг олон нийтэд тараасанд харамсаж байгаагаа иллэрхийлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-аас дараах мэдэгдлийг гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд тус аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар иргэдэд ташаа ойлголт төрүүлэн, илт улс төржүүлж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Аймгийн ИТХ-д нэр дэвшигч П.Мөнхжаргалын бүрэн эрхийг батламжуулахгүй байгаа мэт ойлголтыг тарааж, жагсаал зохион байгуулж байгаад харамсаж байна.
Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан хуулийн байгууллагын гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн болно. Сонгуулийн тухай хуулийн 161.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хурлаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ, Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар Хурлын бүрэн эрхэд 18.1.1.-ийн а-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал” гэж заасан нь аль нэг Намын дарга, УИХ-ын дарга аймгийн ИТХ-д сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг баталгаажуулахад оролцох эрхзүйн үндэс байхгүй юм.
Аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал нь Сонгуулийн тухай хуулийн “29 дүгээр зүйлийн 29.4,” “67 дугаар зүйлийн 67.3, 67,5” “70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.4, 70.5.13, 70.5.13, 70.5.13, 70.5.15, 70.5.18,” “76 дугаар зүйлийн 76.4 “дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай хуулийн байгууллага хэрэг үүсгэн, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 36 тоот магадлал, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 тоот магадлалаар тус тус анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль бус байна гэж шийдвэрлэн, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дахин шалгуулахаар шилжүүлэн, шалгах ажиллагаа дуусаагүй байна. Гэтэл Сүхбаатар аймгийн АН-аас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа мэтээр илт улстөржсөн, иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийг зөрчиж байгаа болно.
Эрх баригч улс төрийн хүчин хууль хяналтын байгууллагад нөлөөлж оролцдог гэсэн буруу ойлголтыг иргэдийн дунд түгээж, Улс төрийн нам болон Хууль шүүхийн байгууллагын нэр хүндэд халдаж, улс төрийн шалтгаанаар хэн нэгэн албан тушаалтанг гүтгэж, хэт улстөржсөн үйл ажиллагаа зохион байгуулж, ард түмнийг хууль зөрчсөн үйлдэлд уриалахгүй байхыг Сүхбаатар аймгийн АН-ын гишүүдэд МАН-ын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМ
2017.04.04.
Өчигдөр /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа эхлүүлсэн. Харамсалтай нь хэрэгт дуртай хэвлэлийнхэн шаваад, бүтэц хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж олгоогүй юм. Тиймээс өнөөдөр Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хурал үргэлжилсэн. Тус хурлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш бүгжээ. Ингээд эцэст нь хурлын шийдвэр гарч, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна.
ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН НЭГ САРЫН ЦАЛИНГ 4000 ДОЛЛАР БОЛГОВ
Төрийн өмчит байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэх үедээ Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан. Гэвч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллароор тогтоолоо. Ийнхүү Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдлээ.
Х.БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН САРЫН ЦАЛИНГ 25 САЯ ТӨГРӨГ БОЛГОН НЭМЛЭЭ
ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Харин өмнөх захирлын хэрэгцээнд унаж байсан машин нь жил гаруйн өмнө шинээр авсан байсныг тэд дурдсангүй.
Х.БАДАМСҮРЭНГ ТОЙРСОН ТАВАН ОРЛОГЧ, ДОЛООН ЗӨВЛӨХ!
“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг нийгмийн асуудлын хүрээнд гэх нэрийн дор элдэв тэмцээн уралдаан, цэнгүүн зохион байгуулж, баруун солгойгүй цацдаг ажлыг дээрх захирлууд хариуцах нь. Оросын тал 49 хувийг эзэмшдэг байхад “нийгмийн хариуцлагын хүрээнд” хэмээн жилд дундажаар 25 тэрбум орчим төгрөг зарцуулснаа “ах нараар” хүлээн зөвшөөрүүлдэг байв. Тэр мөнгөнөөс Эрдэнэтийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хичнээнхэн нь зарцуулсныг хэзээ ч мэдэх боломжгүй биз. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчсөн явдал юм. Х.Бадамсүрэнгийн намтар түүхийг сайн мэдэх хүмүүс “Чононд хонь хадгалууллаа” хэмээн халаглаж сууна. Ийнхүү эрх баригчид ямар ч хамаагүй аргаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмчид авч, “шахаа” хийх боломжоо бүрдүүлж авлаа.
Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонслоо.
Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобус өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон.
Нийтийн тээврээр зорчигч иргэд автобус хотын төв хэсэг рүү хүрдэг болсонд талархаж байгаа гэв. Налайхын оюутанууд автобус дамжиж суухгүй сургуульдаа хүрэхэд илүү амар болсон гэлээ.
Мөн бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн санал, гомдол ихээр ирж байсан юм. Тэгвэл Налайх дүүрэгт карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байна. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй аж. Хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.