“Монголын Геологи Хайгуул 2017 чуулганд УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батхүү “Монголын геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулах боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс хөрөнгө оруулалтын орчин, Оюутолгойн гэрээ, Гачууртын орд зэрэг зарим асуултанд хариулт авсанаа хүргэе.
-Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж ямар байгаа вэ, Яамны зүгээс уг асуудалд ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах асуудал үргэлж өрсөлдөөнтэй байдаг учир бидэнд бусад улс орнуудтай өрсөлдөх шаардлага тулгардаг. Тиймээс бид хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Үүнд нэгдүгээрт, хөрөнгө оруулагчдын хувьд хууль эрхзүйн таатай орчин хамгийн чухал байдаг. Тиймээс бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, тэдэнд ээлтэй, тогтвортой хууль эрхзүйн орчныг бий болгох чиглэлд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Хоёрдугаарт, ажиллах орчныг нь бүрдүүлэхийн тулд геологийн хайгуулын талбайг шинээр олгох ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд өмнө нь олгож байсан талбайг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр зөвшөөрөл олгох зорилт тавьсан. Цаашид ч хайгуулын талбайн хэмжээг нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Улмаар хайгуулын салбар сэргэж, хөгжсөнөөр дараа дараагийн Оюутолгой, Тавантолгой шиг томоохон ордууд нээгдэж Монгол орны эдийн засаг сэргэх боломж бүрдэх юм.
-Хөрөнгө оруулагчдад ээлтэй, таатай хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн тулд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, “урт нэртэй хууль”-иудад тусгагдсан заалтуудад тухайлсан ямар өөрчлөлтүүд оруулах вэ?
-Бид өмнө нь алдаатай буруу шийдвэр гаргасны тод жишээ бол Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах тухай болон “урт нэртэй” хуулиуд юм. Төр залгамж чанараа хадгалж явах ёстой учраас нэгэнт батлагдсан хуулиудыг шууд цуцалж, өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй. Гэсэн ч бид өмнөх алдаандаа дүгнэлт хийж засч сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа.
“Урт нэртэй хууль”-ийн тухайд түүнийг дагаж мөрдөх журмыг сайжруулахын тулд манай яам болон бусад яам, агентлагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Харин Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хуульд зохицуулалт хийсэн. Мөн Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах тухай хуулийг Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар зохицуулаад өдгөө дагаж мөрдөж байна.
-Манай геологи хайгуулын салбарт гадны хичнээн орон хөрөнгө оруулагчаар ажиллаж байгаа вэ?
-Өдгөө геологи хайгуулын салбарт Канад, Австрали, АНУ-аас эхлээд БНХАУ, БНСУ, ХБНГУ, Япон зэрэг 20 гаруй орны компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
-Гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хууль эрхзүйн орчныг сайжруулж байгаатай уялдан шинээр орж ирж буй гадны хөрөнгө оруулагчдын тухайд ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Бидний хувьд хөрөнгө оруулагч нь аль улсын иргэн байх нь чухал биш, бүгдэд нээлттэй зарчим баримталж байгаа. Тиймээс манай оронд хөрөнгө оруулахыг хүссэн хэнийг ч бид хүлээж авна. Саяхан Канадын Торонтод болсон PDAC чуулганы үеэр Монголын эдийн засгийн чуулганыг Африкийн төлөөлөгчид сонирхож байсан. Магадгүй тэд бидний туршлагыг судлах зорилготой байсан байх. Гэхдээ Өмнөд Африк зэрэг санхүүгийн боломжтой томоохон орнууд Монгол оронд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа эсэхийг үгүйсгэх аргагүй юм.
-Сүүлийн үед УУХҮЯ гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ямар гэрээ байгуулсан бэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Алт-2 хөтөлбөрийн хүрээнд, Торонтод болсон PDAC чуулганы үеэр Канадын хөрөнгө оруулалттай Step Gold компанитай санамж бичигт гарын үсэг зурлаа. Тэд манай алтны салбарт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Мөн 10 гаруй жилийн хугацаанд яригдсан Канад улстай хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан амлах тухай хэлэлцээрийг байгууллаа. Уг хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан хөрөнгө оруулсан тохиолдолд хэн нэгнийхээ эрх ашгийг хамгаалах юм. Бид өмнөх Засгийн газрынхаа алдааг шүүмжлэх нь зохимжгүй ч дурдахгүй байхын аргагүй жишээний нэг бол Хан ресурс билээ. Тухайн лицензыг нь хурааж авсан Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд ялагдсан. Бид зарим удирдлагуудыг нь шүүхэд татаж хариуцлага хүлээлгэсэн байдаг. Тиймээс Хан ресурс компанийн жишээг давтахгүйн тулд Канад улстай байгуулсан хэлэлцээрийн дагуу бид төр засгийн алдаатай шийдвэрүүдээс хөрөнгө оруулагчдыг хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Канад улсад хөрөнгө оруулалт хийсэн манай хөрөнгө оруулагчдын эрх ашиг мөн адил хамгаалагдана гэсэн үг.
-Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй болсон тухайгаа гадаад зах зээлд хэрхэн таниулан сурталчилж байгаа вэ?
-Үнэндээ яг энэ тал дээр учир дутагдалтай зүйл бий. Торонтод болсон хайгуулын салбарын хамгийн том чуулган болох PDAC-д манай улс оролцсон нь хамгийн том сурталчилгаа болсон. Цаашид Монгол Улсыг сурталчилах нэгдсэн брэнд бий болгох санаачлага нь Засгийн газрын бодлого болж, Ерөнхий сайд тус ажлыг ахлаж ажиллаж байгаа. Тиймээс уг ажил тун удахгүй олон нийтэд танилцуулагдах болов уу.
-Та УУХҮЯ-ыг төлөөлж чуулганд оролцож байна. Тиймээс зарим зүйлийг тодруулая. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудал байна. Уг нь тус гэрээний хэрэгжилт болоод хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгах ажлын хэсэг нэгдсэн санал дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсан байдаг. Тухайлбал, Оюутолгойгоос гарсан баяжмалаас олсон орлого манай банкуудаар дамжилгүй шууд гадаад зах зээлд эргэлддэг. Уг нь манай банкуудаар дамжихад л гүйлгээний шимтгэл нь манайд орж ирэх болно. Энэ асуудал ч дээрх санал дүгнэлтэнд тусгагдсан байдаг. Гэтэл тус санал дүгнэлт гурван Засгийн газрыг дамнасан ч дорвитой ажил хийгдсэнгүй. Тиймээс одоогийн Засгийн газар тус асуудалд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг бид сүүлийн 10 жилийн турш ярьж байгаа. Төр залгамж чанараа хадгалж өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг үргэлжлүүлэн авч явах ёстой. Мөн өмнө нь хийсэн аливаа гэрээ хэлцлийг засч залруулан боломжийнх нь хэмжээнд үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй. Тиймээс Оюутолгойн гэрээний асуудал дээр эрхзүй болон санхүүгийн тал дээр хоёр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тун удахгүй тодорхой үр дүн гарах болов уу. Гэхдээ гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу харилцагч талууд үүрэг хүлээсэн. Тиймээс бид өмнөх алдаагаа засч залруулна. Тэр дундаа Монгол орны язгуур эрх ашгийг хамгаалах чиглэлийг барьж ажиллаж байна. Удахгүй үр дүн гарах болов уу.
-2006 оноос хойш яригдаж байгаа алтны Гачууртын ордын тухайд Засгийн газар ямар бодлого баримталж байгаа вэ. Тус ордыг хэзээнээс ашиглах вэ?
-Популистууд, эх орончид, ТББ-уудын тодорхой хэмжээний нөлөөгөөр тус ордын үйл ажиллагаа зогссон нарийн төвөгтэй асуудал гэдгийг бүгд мэдэж байгаа. Өмнөх Засгийн газрын байгуулсан гэрээ хэлцлийг бид тодорхой түвшинд засч залруулж байна. Одоогоор манай яам тус ордыг хэрэгжүүлэх Сентерра гоулд компанид орд ашиглах гэрээний төслийг боловсруулж өгсөн. Манай ажлын хэсгийнхэн тун удахгүй Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тус компанид өгнө. Улмаар хоёр тал хэлэлцээр хийнэ. Бид уг төслийг энэ онд эхлүүлж оны эцэст үр дүнг нь харах ёстой гэсэн зорилгын дагуу ажиллаж байна.
-Засгийн газрын зүгээс гэрээ хэлцлийн тал дээр ажиллаж байгаа юм байна. Харин яг ажиллах гээд очиход орон нутгийнхан болоод хууль бусаар алт олборлож байгаа хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардаг. Уг асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Гачууртын орд төдийгүй агуулга өндөртэй, сонирхол татсан том хэмжээний ордуудад орон нутгийнхан болоод хууль бусаар олборлогчдын зүгээс байнга эсэргүүцэлтэй тулгардаг. Уг асуудлыг зөвхөн төрийн хүчээр шийдэхгүй, бид бүхэн хамтдаа шийдвэрлэх ёстой. Төрийн зүгээс орон нутгийн засаг захиргаатай ойлголцож шийдэлд хүрнэ. Харин орон нутгийнхан болоод эсэргүүцэж байгаа хүмүүст уг ордыг ашигласнаар гарах эдийн засгийн үр өгөөжийг таниулах ажлыг төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллаж байж шийдэлд хүрнэ. Тиймээс ард иргэдэд геологи уул уурхайн салбарын ач холбогдолыг ойлгуулах тал дээр мэргэжлийн холбоод ажиллах уриалга гаргаж болох юм.
Эх сурвалж: www.investor.mn