УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг дагалдуулан нийт найман хуулийн төсөл, УИХ-ын гурван тогтоолын төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Сангийн сайд илтгэлдээ, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдлаа.
Тэрбээр, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцоллоо.
Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Онцгой албан татварын хуулиар шатахууны онцгой албан татварын дээд, доод хязгаарыг УИХ баталж, баталсан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох эрхтэй байдаг. Өнгөрсөн оны сүүлч болон он гарсаар гадаад зах зээл дээр түүхий газрын тосны үнэ өсөж, гадаад валютын ханш хэт их хэлбэлзэлтэй байснаас шалтгаалан шатахууны үнэ огцом өсөх эрсдэл бий болсон. Үүнийг Засгийн газар тухай бүр зохицуулж, шатахууны онцгой албан татварыг гурван удаа бууруулсан. Энэхүү бууруулсан шатахууны онцгой татварын сүүлийн хоёр удаагийн бууралтыг 2017 оны 7 дугаар сарын 01 болон 10 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар буцаан ногдуулахаар тооцсон. Засгийн газраас шатахууны онцгой татварыг үе шаттай буцаан тавихдаа импортоор орж ирж буй шатахууны хилийн үнэтэй уялдуулан аль болох жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилтыг тавихаар болжээ.
Б.Чойжилсүрэн сайд танилцуулгадаа хувь хүний орлогын түвшнээс хамааруулж шатлал тогтоон, 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэнтэй уялдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тооцсон байна. Монгол Улсын нийт ажиллагсдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 800.0 гаруй мянган төгрөг байна. Бидний сонгосон эхний босго бол 1.5 сая төгрөгийн цалин бөгөөд одоогийн дундаж цалингаас хоёр дахин их дүн юм. Иймд 1.5 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хөдөлмөр эрхлэгчид болох нийт ажиллагсдын 95 хувийг доод шатлалд буюу 10 хувиар хэвээр үлдээж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2006 онд шинэчлэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 84.0 мянган төгрөг байсан. Тэр үеэс хойш нэмэгдсээр өнөөдөр 240.0 мянган төгрөг болж өссөн байна. Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөнгөлөгдөх татварыг 84.0 мянган төгрөгөөс 240.0 мянган төгрөг болгох ажлыг үе шаттайгаар хийхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ арга хэмжээ нь татвар ногдох орлогыг нэмэгдүүлэх биш эсрэгээр нь бууруулах алхам болно гэдгийг онцолж байв.
Түүнчлэн тэрбээр, автомашин эзэмшигчийн жил болгон төлдөг татвар, төлбөрийг нэмэгдүүлэлгүйгээр зөвхөн импортоор орж ирж буй суудлын автомашины нэг удаагийн шинжтэй татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг боловсруулаад байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулан ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тооцлоо. Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан болно. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн татвар ногдуулахаар заасан байдаг бөгөөд энэхүү татварын хэрэгжих хугацааг есөн сараар урагшлуулж энэ оноос хэрэгжүүлэхээр тооцлоо. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд буюу 30 хүртэл хувьд хүргэхээр тооцсон. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, согтууруулах ундаа, тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг 2018 онд 10 хувь, 2019, 2020 онуудад тус бүр таван хувиар нэмэгдүүлэхээр тусгасан гэж байв.
Тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн хэмжээг нийт таван пунктээр гурван жилд үе шаттай нэмэгдүүлэх аж. Тухайлбал, ажил олгогч болон ажилтан тус бүр төлөх шимтгэлийн хэмжээг 2018-2020 онд жил бүр 0.5-аас нэг пунктээр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Манай улсын тэтгэврийн сан олон жил алдагдалтай явж ирсэн. Алдагдлыг нь улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн бүрдүүлсэн орлогоос нөхсөөр байгаа. Иймд Тэтгэврийн сан зардлаа бүрэн санхүүжүүлдэг болохын тулд одоогийн 14 хувийн шимтгэлийг 20-22 хувь болгон нэмэгдүүлэх тооцоог гаргасан байна. Гэвч ингэж нэмэх нь ажил олгогч даатгуулагчийн хувьд хэтэрхий хүнд ачаа болно. Иймд шимтгэлийг огцом биш харин ирэх жилүүдэд аажмаар нэмэгдүүлснээр бизнест учрах дарамт харьцангуй багасах боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.
Нийгмийн даатгалын тогтолцоогоо үндсээр нь засварлах, шинэчлэхгүй бол нийгмийн даатгалын “системийн” шинжтэй хямрал зайлшгүй нүүрлэхээр байна. Иймд хүндрэлийг давах бодитой, олон улсад жишиг болсон саналыг төсвийн тодотголоор оруулж, шийдвэрлүүлэх зарчмын бөгөөд зоримог санал гаргаж буйг зөвөөр ойлгохыг Сангийн сайд хүсч байлаа.
Мөн тэрбээр, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ. Иймд дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн дундаж наслалт цаашид үргэлжлэн нэмэгдэх хандлагатай уялдуулан тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх, ахмад настай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг урамшуулан дэмжих, шимтгэл төлөх хувь хэмжээг авч буй тэтгэврийн хэмжээтэй уялдуулж шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоонд шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн хэмжээ ба тэтгэврийн насны зохистой тэнцвэр хангагдаагүй байгааг сайжруулах зорилгоор тэтгэврийн насыг хүн амын насжилттай уялдуулан аажмаар нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2037 онд 65-д хүргэхээр тусгасан гэж байлаа.
Түүнчлэн цалингийн хэмжээг 2017-2018 онуудад одоогийн түвшинд царцаан, 2019 он дуустал эрүүл мэнд, боловсрол, цагдаа, ОБЕГ-ын салбарт хоёр хүн ажлаас чөлөөлөгдсөн бол нэг хүн зөрүүлж томилох, харин бусад салбаруудад нөхөн томилгоо хийхгүй гурван жил тэвчинэ. Түүнчлэн шинээр төсөвт нэмэлт ачаалал үүсгэх хууль тогтоомж батлахгүй байх, шинээр батлагдсан зарим хууль тогтоомжийг хүчингүй болгох, хэрэгжилтийг хойшлуулах, батлагдсан төсөв, орон тоонд багтаан бүтцийн өөрчлөлт, дахин хуваарилалт хэлбэрээр хэрэгжүүлэхээр тооцсоныг дурдав.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, 2019 онд нөхөж олгохгүй байх болон Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулах болон зарим хөтөлбөрүүдийг нэгтгэж, зорилтот бүлгийн хамрах хүрээг оновчтой болгох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөлөө. Мөн нийгмийн халамжийн төрлийг нэгтгэж, зорилтот бүлэгт чиглүүлж үе шаттайгаар зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд анхаарч, хөтөлбөр хэрэгжих хугацаанд эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд эн тэргүүнд анхаарна. Хөтөлбөрийн хүрээнд одоо олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй. “Насны хишиг” хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг Б.Чойжилсүрэн сайд онцоллоо.
Тэрбээр, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдсан Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтыг улсын төсөвт шилжүүлэх, 2018 оноос эхлэн Хөгжлийн банкны Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг зогсоохоор тогтов. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зохистой харьцааг хангах зорилгоор хөтөлбөр хэрэгжих хугацаанд үндсэн тэнцлийн ашигтай аймгуудаас Улсын төсөвт төвлөрүүлэх хувь хэмжээг өөрчлөх түр зуурын арга хэмжээ авна. Сангийн яам, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сумдын орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн нийт 154 суманд 7.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгох зэрэг арга хэмжээг тусгасныг дурдав.
Сангийн сайд танилцуулгадаа Засгийн газар байгуулагдсан цагаасаа эдийн засгийн уналтыг зогсооход чиглэсэн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засгийн уналтыг зогсоож чадлаа. Тухайлбал, 2017 оны 02 дугаар сарын байдлаар дотоодын үйлдвэрлэл 50 хувиар өсч, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо гурван хувиар буурсан. Цаашид 2017 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн эдийн засагт сэргэлт ажиглагдахаар байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувиар тус тус өсөхөөр байгааг онцолсон юм.
УИХ-аас хэлэлцэн баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргаж байгаа бодлогын шийдвэрүүд, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ бүхэн нь харилцан уялдаатай, цогцоор хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт тулгарч байгаа хүндрэлтэй байдлыг даван туулж, эдийн засгийг тогтворжуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.
Улсын Их Хурлын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар болон Ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ-ий/ 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.