Categories
мэдээ нийгэм

”Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тоог батлах, 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос мод бэлтгэх хэмжээг батлах, “Эхийн алдар” одонд тодорхойлох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Д.Ганхуягтай ярилцлаа.


-Хөгжлийн банкныхаа бондын 580 сая ам.долларыг манай Засгийн газар “Хуралдай” хэмээх бондоор солилоо. Япон улсаас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон гээд эдийн засаг талын зүйлс нэлээд яригдаж байна. АН-ынхан зээл авлаа гээд мөн ч их баалуулж байсан байх аа. Та эдгээр үйл явдлуудыг хэрхэн харж байна вэ?

-Бид л янз бүрээр яриад байдгаас биш жамаараа л яваа юм. Ам.доллар олдог зэс, төмрийн хүдэр, нүүрс, алт гээд дөрвөн төрлийн экспортын бүтээгдэхүүн байдаг. Манайх ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг тул зах зээлийн үнэ нь хэлбэлзэлтэй байдаг л даа. Экспортын түүхий эдийн ханш унахаар манай эдийн засаг дагаад уначихдаг. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу “Чи унагаасан, би унагаасан” гээд талцдаг юм. Гэхдээ зах зээлийн нийгэмд бүтээгдэхүүний зах зээлийн үнэ эрэлт, хэрэгцээн дээр суурилдаг. Тэр утгаараа жамаараа яваа гэсэн юм. Түүхий эдийн зах зээлийн үнийг улстөрчид шийддэггүй гэдэг нь ойлгогдож байгаа байх. Зах зээлийн нийгэмд зээл авдаггүй иргэн, аж ахуйн нэгж, улс гэж байхгүй болов уу. Зээл авах ёстой. Гэхдээ хамгийн ашигтай эргэн төлөгдөх төсөл, хөтөлбөрт мөнгөө зарцуулах шаардлагатай.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж зургаан төрлийн татварыг нэмэхээр болж байна. Зургаан төрлийн татварын нэмэгдэл нь иргэд гэхээсээ илүү чинээлэг давхаргынханд хамаарна гэж байна л даа. Эдийн засаг амаргүй байгаа үед татвар нэмэх нь хэр зөв шийдэл вэ?

-Японы талаас олгохоор болсон 850 сая ам.долларын зээл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд олгогдох юм. Японы Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны нөлөө бүхий оролцогч. Тэр утгаараа орж ирнэ. Татвар нэмэх тухайд эрх баригчид олон улсын байгууллагад иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмнэ гэж амласан бол тэрийгээ хэрэгжүүлэх байх. УИХ-д хангалттай олонхитой учир тэгж амласан байх. Гэвч эрх баригчид урсгал зардлаа танах олигтой алхам хийхгүй байгаа нь харамсалтай. Төр засаг өөрсдийнхөө урсгал зардлуудыг танах ёстой. МАН, түүнчлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй болохоор төр, засаг улмаар намуудад итгэх олон түмний итгэл улам алдардаг. Тэд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй, иргэд, аж ахуйн нэгжийг өрийн дарамтаас гаргана, өр зээлэнд баригдлаа л гээд байсан. Ачир дээрээ энэ бүгдийнхээ эсрэг явж байгааг хүн бүхэн харж байгаа байх. Энэ байдал нь “түмэн олон зүтгэ, бид тансаглая” гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Нэн тэргүүнд татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй. Ядаж л бүтцийн өөрчлөлт хийж яамдын тоог цөөлөх шаардлага бий. Олон улсын дундаж жишиг 10 яамтай байхад л болно. Дэд сайд, орлогч нар гээд зардал хэмнэвэл олон боломж байна. Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй болжээ. Тэр нь үе үеийн эрх баригчид Засгийн газар, УИХ л зөвхөн улс орныг хөгжүүлэх, түүнчлэн авч явж байгаа юм шиг ойлголтыг өгдөг. Энэ алдаагаа засмаар байна. Үнэндээ бол улс орны хөгжилд, иргэн бүрийн оролцоо, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хамгийн чухал. Өнөөдөр манай улсын ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бий болгодог. Тиймээс төр засаг энэ хувийн хэвшил, дундаж давхаргыг дэмжих бодлого, механизмаа зөв болгох цаг нь болсон.

Гадны хөрөнгө оруулалт буурлаа л гэдэг. Зах зээлийнхээ зарчмаар ашигт малтмалын зах зээлийн үнэ буурчихсан тохиолдолд тэр салбарт сайн үеийнх шиг хөрөнгө оруулалт хийхгүй л болов уу даа. Гэх мэтчилэнгийн асуудлууд бий. Улстөрчид холбогдох төрийн байгууллагынхаа судалгаанд үндэслэж ялангуяа эдийн засаг, санхүү, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлдэг байж болохгүй. Дураараа улстөржсөөр байвал тун муу уршиг гарсаар байх болно. Манайхан тухайлбал намууд дотооддоо муулалцаад сэтгэл ханамж авч байгаа ч ачир дээрээ мэдээллийн энэ зуунд дэлхийн эдийн засаг хавтгай, зах зээл дээр бүх улсууд хоорондоо өрсөлдөж байгааг анзаармаар байна. Энэ байдлаас болоод манай улсын гадаад дахь нэр хүнд унаж, зээлжих зэрэглэл буурдаг. Ингээд ирэхээр зээл авъя гэсэн ч зээлийн хүү өндөр тусдаг. Манайхан дотооддоо шийдчих зүйлсээ өөрсдөө шийдчих хэрэгтэй байна.

-Олон улсын зах зээл дээр экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэллээ. Эдийн засагт эерэг нөлөөлөл гарах л байх даа. “Эрдэнэс Таван толгой” гэхэд уурхайн аман дээрээсээ 72.5 ам.доллараар нүүрсээ борлуулж байна гээд байгаа?

-Мах комбинатын ямаа гэгчээр 400-500 тонныг л 72.5 ам.доллар ч бил үү, тэгж гэрээлсэн байх. Бодит байдал дээрээ уурхайн аман дээр 50-60 ам.доллар байгаа болов уу. Үүнийг тодруулах шаардлагатай. Хамгийн гол нь бид худалдан авагчийн өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай болсон. Ганц модны боомт хүртэлх төмөр замаа тавих, энэ боомтыг олон улсын боомт болгох, транзит тээврийн тариф зэрэг асуудлаа нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Төр засгийн зүгээс үүнийг зайлшгүй хийх үндсэн ажил нь. Баялаг нь байна, эрэлт байна, бусад нь аяндаа болно. Таван толгойн ордоос Ганц модны боомт хүртэлх төмөр зам барих төсөл нь манай төмөр замын сүлжээн дотроо хамгийн ашигтай төсөл. Тиймээс энд зээл, улмаар санхүүжүүлэгч хангалттай олдоно, өөрсдөө барьчихвал бүр сайн. Таван толгойн ордыг хөгжүүлэх ажилтай энэ төмөр зам барих ажлыг заавал уях шаардлагагүй. Иймэрхүү асуудлуудаа шийдчих хэрэгтэй л дээ.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс мэдээлэл хийж Чалкод төлөх 350 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууслаа гэсэн. Одоо бол Чалкотой үнийн тал дээр өөр байр суурь барьж, эдийн засагт илүү ашигтай хувилбараар явах ёстой болов уу гэж харагдаад байна. Таны бодол ямар байгаа бол?

-Өрсөлдөөнийг бий болгох ёстой. Зүүн Цанхиас олборлож байхад нэг кг нүүрс гарсан ч Чалкод өгөх гэрээтэй байсан. Энэ гэрээний Нүүрсний үнийг тооцох аргачлал нь манайд тийм ашигтай бус. Нэгэнт гэрээ байгуулсан учир өөрчлөх боломжгүй байсан тул баруун Цанхид гүний гааль нээж ажиллуулсан. Энэ үеэс баруун Цанхийн нүүрс үргэлж зүүн Цанхийн нүүрснээс өндөр үнэтэй борлогдож ирсэн. Шалтгаан нь худалдан авагчдыг хооронд нь өрсөлдүүлэх боломжинд байдаг. Харин шийдлийн Засгийн газрын үед баруун Цанхийн нүүрсний экспортыг түр зогсоосон гэсэн. Нүүрсэн дээр экспортын нэг цонхны бодлого маш чухал. Нэг орд дээр гурван дөрвөн компани байхад ганц худалдан авагчтай байдаг л даа. Тиймээс эцсийн дүндээ үнийн хувьд хямд тусчихаад байдаг юм. Үүнийгээ шийдэх ёстой. Мөн боомтын үнэ, уурхайн аман дээрх үнэ, угаасан нүүрсний боомт болон уурхайн аман дээрх үнэ зэрэг үнүүдээ сайн ялгах хэрэгтэй. Боомтын үнэд тээврийн зардал ордог.

-Танай намыг засаг барьж байхад нүүрсний үнэ тийм ч өндөр байсангүй. Дээр нь нам дотроо талцаад бүр балласан. Харин МАН-ынхан засгийн эрх барьснаас хойш нүүрсний үнэ өслөө ч гэдэг юм уу иймэрхүү эерэг зүйлс ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл АН-ынхан азгүй юм уу ч гэж болохоор санагдаж байгаа юм…

-Цаг хугацааны л асуудал байх. Гэхдээ хүнд үед төр, түмэн олныхоо төлөө зүтгэж, ачаа үүрнэ гэдэг чинь чухал байхгүй юу. Алт Монголдоо үлддэг болсон. Нефть боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчин тэр чигтээ бүрдчихлээ. Тусгай зөвшөөрлүүдийг хаачихсан байсан бол шударгаар олгогдоод эхэлсэн гээд олон эерэг зүйл бий. Төрийн алба халаа сэлгээтэй байдаг. Тэр дагуу л явж байна. АН-ынхан засгийн эрхэнд байхад экспортын түүхий эдийн үнэ унаад хүнд л байсан. Тиймээс уул уурхай дахь хөрөнгө оруулалт буурах нь ойлгомжтой байсан юм. Харамсалтай нь бурууг хэн нэгнээс хайгаад байсан юм шүү.

-Та намынхаа дотоод асуудалд хэр оролцож байна вэ. ҮБХ-ны сонгуульд нэр дэвшсэн үү. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гээд асуулт гараад эхэлчихэж. Таныг нам дотроо сунгаанд орно гэсэн яриа ч гарсан байна лээ?

-Ардчилсан нам гишүүн төвтэй байх шинэчлэлээ хийж байна. Ардчилсан хийгээд парламентын засаглалтай улс төрийн нам байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Энэ хүрээнд үйл ажиллагаа явж байна. Миний хувьд Архангай аймгаас ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшихээр аймагтаа очоод ирсэн. Намынхны сэтгэл хангалуун, алдаа оноогоо дүгнэсэн уулзалт болж өнгөрсөн. Ер нь Ардчилсан намын тоглоомын дүрэм ил тод байдаг. Манай намын хувьд улс төрийн намуудын шинэчлэлийн давалгааг эхлүүлж чадлаа. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа сунгаагаар гаргаж ирэх байх. Намын зарим нөхдүүд “Чи сунгаанд оролц” гэдэг зүйл ярьж л байна.

-Та тэгээд оролцох юм уу?

-Одоогоор шийдсэн зүйл алга.

-Ардчилсан нам шинэчлэлийн давалгааг эхлүүлсэн гээд байгаа нэг хэсэг нь шүүмжлээд байх юм. Танай нам үнэхээр шинэчлэгдэж чадах уу?

-Хувь зохиолоор ч гэдэг юм уу намын өмнөх дүрмийнх нь автор нь би байгаа юм. Тухайн үед Р.Гончигдорж дарга намын дарга байсан. Олон намын дүрмийг харьцуулан судалж байж гаргаж ирсэн. Хэрэгжүүлээд явсан бол арай өөр байх байсан болов уу. Найман жил Их хурлаа хийж чадалгүй, сүүлдээ ҮЗХ-ныхоо хурлыг ч хийж чадахаа байсан, тэгэхээр шийдвэр гаргах бүтцээрээ асуудлаа ярьж чадахгүй болноо доо. Намын Их хурлаар баталсан дүрмээ сайн харах ёстой. Энэ дүрмээр намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Тиймээс тэр хүн хариуцлагаа хүлээнэ. Сонгуульд оролцох аливаа шийдвэрийг олонхиороо гаргадаг ч хариуцлагаа намын дарга хүлээдэг. Гэтэл эсрэгээрээ эрх мэдэл багатай намын даргын шийдвэрт фракцуудын нөлөөлөл их ордог байсан. Тиймээс намын даргын эрх мэдлийг өндөрсгөж, өөрөө шийдвэрээ гаргаад яв гэсэн дүрмийг Их хурал баталсан. Энэ нь улс орны хэмжээнд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг хандлагатай уялдаж байгаа. 3000 хүн хуралдаж намын дотоод сонгуулийг хийе гээд шийдчихээд байхад цөөн хэдэн хүн таалагдахгүй байна гээд байх нь ч хаашаа юм.

Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн мөнгө гэх ойлголт бий. Энэ мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол авлигаас эхлээд олон зүйл дээр хүнд байна л гэж харж байна. Улс төрийн мөнгө гэдэг нь улстөрч, сонгууль, улс төрийн намтай холбоотой мөнгө санхүүжилтийг хэлээд байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд үүнийг маш сайн шийдсэн байдаг. Бид энэ чиглэлд бодлогоо гаргаад явж байгаа тул цаашид АН-ын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг зөв шийдэх болно.Бидний хувьд зүг чигээ зөв гаргаад явж байна.

-АН Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталсан ч Улсын дээд шүүхээс бүртгээгүй. Намын дүрэм боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан хүний тань хувиар яагаад ийм зүйл болов гэж асуумаар байна?

-Тодруулах зүйл байна гэж үзсэн юм болов уу гэж харж байгаа. Их хурлаар намын дүрэмд хоёр, гуравхан өөрчлөлт орсон. Намын дүрэм иж бүрэн шинэчлэгдээгүй. Би Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Монгол Улсад өнөөгийн байдлаар улс төрийн эрх чөлөө бол байгаа гэж боддог. Улс төрийн эрх чөлөөний хувьд, Үндсэн хууль болон холбогдох хуулиудад нээлттэй, улс төрийн намын дотоод асуудалд нь оролцохгүйгээр томьёолсон байдаг шүү дээ. Үүнийг манай шүүхийнхэн анхаарч байгаа байх. Сунгаан дээр асуудал байна уу гэж хувь хүнийхээ талаас бодсон. АНУ гэхэд Ерөнхийлөгчөө сонгох гэж гурван жил үзэж байгаа биз дээ. Ардчилсан орнуудад улс төрийн эрх зүйн орчинг нээлттэй байлгадаг. Энэ жишиг манайд байгаа гэж ойлгож байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Өнөөдөр болох оффшорчдыг эсэргүүцэх жагсаалд МАХН-ынхан оролцоно гэсэн сураг сонсогдож байна?

-Төрийн бус байгууллагууд оффшор дансны эсрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Гадаадын оффшор дансанд байгаа мөнгийг татаж оруулж ирэх, тэрийг эзэмшиж буй төрийн албан тушаалтнуудыг эргүүлэн татах тухай шаардлага тавих юм билээ. Уг арга хэмжээг албан ёсоор дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Өнөөдөр эдийн засаг, улс төрийн байдал хүнд байна. Тогтолцооны шинж чанартай хямрал нүүрлэж байна шүү дээ. Яг нарийндаа яривал өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьсан болохоороо, эсхүл 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулж олонхи болсноос хамаарч хямраагүй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд тогтолцооны маш том гажуудалтай болчихож. Үүний шалтгаан нөхцөлд зөв анализ хийж хямралаас гарах бодлогоо тодорхойлох ёстой. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар байна. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшиж буй хүмүүсийн нэр дээр нийт 17.5 тэрбум ам.доллар бий. Энэ мөнгийг оруулж ирээд гадаад өрөө тэглэчих юмсан. Яагаад гэвэл оффшор дансанд байгаа мөнгөний гарал үүсэл Монгол Улсын газрын баялагтай шууд холбоотой. Оффшорт хар тамхины, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах үйл ажиллагаа гэхчилэн хууль бус мөнгөний асуудал яригддаг. Ийм газарт Монголын мөнгө яаж очсон байх вэ. Маш хялбар аргаар лиценз ашиглан олсон мөнгө л тэнд байгаа. Ер нь бол оффшор бүсэд хадгалж буй мөнгөний уг гарлыг олох хэцүү биш. Хууль, цагдаагийнхан ажиллах юм бол маш хялбархан тогтооно. Энэ бүхэн нийгмийг бухимдуулаад байна шүү дээ. Монголын бүх баялаг 200-хан гэр бүлд оччихож. Тиймээс тэмцэх гээд байна. Тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв. Иргэд тэсрэхэд бэлэн болчихлоо. Магадгүй 1990-ээд онд Европт эхэлсэн өөрчлөлт, хувьслын шуурга манайд болох гээд байна.

-Хууль санаачлаад явж байгаа. Баталчихаар хэрэгжих байлгүй дээ?

-Хуультай болно гэж аль эртнээс л ярьсан шүү дээ. С.Баярцогтын оффшортой холбогдсон тухай асуудал яригдаж байхад л хууль батална гэж байсан. Тэр нь одоо хүртэл байхгүй. Гэхдээ аргагүй шүү дээ. Энэ парламентын гишүүдийн 95 хувь нь том, жижиг бизнес эрхлэгчид. Уул уурхайн олигархиуд дотор нь байгаа. Бүгд жижиг тойрог дээр мөнгө тараагаад гараад ирсэн. Ингэх суурийг нь МАНАН тавьж, Үндсэн хуулийн Цэц хэрэгжүүлсэн. Сонгуулийн үеэр хөдөө орон нутгийн иргэд ойр хавийнхаа дэлгүүрт ямар ч өргүй болж байлаа. Ингэж л мөнгөтэй хүмүүс төрийн эрхийг гартаа авч байна. Уг нь Монголын баялаг ард түмний мэдэлд байх ёстой шүү дээ. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа Оюу толгой, Таван толгойн 51 хувиас доошгүй нь ард түмний мэдэлд байх ёстой гэдэг байсан. Ард түмний хяналтад байж гэмээнэ үр өгөөжөө хүртээнэ. Саяхан бас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдлөө. Монголын талын эзэмшилд бүрэн оруулсан нь амжилт. Гэхдээ асуудлыг УИХ хэлэлцэх ёстой байсан шүү дээ. Гэтэл ерөөсөө л бие биенийгээ нухчин дарах гэж оролдож байна. Цөөхөн монголчууд бид хоорондоо өрсөлдөөд ялалт байгуулахгүй. Бид зөвшилцлийн замаар явах ёстой. Хамтарч ажиллах хэрэгтэй байна. Элдэв хэрэгтэй, хэрэггүй асуудлаар нэгийгээ гэмтэн болгодог тогтолцоотой болчихож. Тэрийгээ хэрэгжүүлэхдээ төрийн цагдааг зэвсэг болгон ашиглаж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд юу боллоо доо. Дөрөв, таван зуун цагдаагаар бүслүүлж байгаад Н.Энхбаяр даргыг баривчлаад явсан. Үндсэндээ тэнд цагдаагийн хэрэг юу байсан юм бэ. Ингэж хагаралдуулж байгаа байхгүй юу. Баянзүрх дүүрэг дээр гэхэд тэр контор руу орохын тулд яах гэж цагдаагийн хүчийг ашиглаад байгаа юм бэ. Иргэдийг иргэдийнх нь өөдөөс тавиад байна. Ер нь улс төрийн намуудаас болж иргэд хоорондоо талцаад байдаг. Би ТББ-уудтай хамтарч судалгаа хийлээ. 22235 төрийн албан хаагчийг 2016 оны сонгуулиас хойш ажлын байрнаас нь халж, чөлөөлсөн байна. Талцаж, улстөржсөнөөс болж байгаа шүү дээ. Гэхдээ 2012 онд АН олуулаа болоод халж, сэлгэсэн нь үнэн. Энэ удаад МАН-ынхны ээлж ирж. Ингэж монгол төрийн залгамж чанарыг үгүй хийгээд байна. Нэгийгээ албан тушаалаас нь унагаж өшөөгөө авлаа гэж хүртэл ярьж байна шүү дээ.

-Яг ийм байдлаас буюу манай нам, танай нам гэдгээс болж Завханы Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаан амь насаа алдчихлаа. Төрийн ажил ингэж явж болдог юм уу?

-22 мянган албан хаагчийн ихэнх нь нам дагаж явсныхаа төлөө албан тушаалд очсон хүмүүс. Ажлын туршлагатай хүнийг өөрчлөөд оронд нь МСҮТ төгссөн нэг залууг аваачиж тавьчихаад байна. Ийм байдлыг ажлаа хийж явсан хүмүүс яаж тэвчих юм бэ. Тэсэхгүй болоод эрдэнэт хүний амь эрсэдлээ шүү дээ. Маш харамсалтай үйл явдал. Ийм асуудлыг нэн даруй таслан зогсоох ёстой. Энэ асуудлаар Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлж байгаа. Хэрэглэгчийн, монгол хүний эрхийг ингэж зөрчиж байхад бид хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. МАХН-ын гишүүн байсан хүн над дээр ирээд уулзаж байна. Намын ялгаварлан гадуурхалтаас болж Монголд амьдрах аргагүй боллоо гээд хүний эрхийн байгууллагын тодорхойлолт авсан. Ийм байдлаар эх орондоо тайван амьдрах боломжийг өгөхгүй байна.

-Та түрүүн зөвшилцөл хэрэгтэй гэлээ. Хэдэн жилийн өмнө МАН, МАХН хоёр нэгдэх тухай асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Одоо уг асуудал сөхөгдөж байгаа юу?

-Сая ийм санал ирж байна лээ.

-МАН-аас уу?

-Тийм. Ард түмэн, олон нийтийн хүсэлт байгаа тул хамтран ажиллая гэсэн.

-Ямар хариу өгөв?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юм уу, эдийн засаг хүндэрсэн байгаа үед ийм санал ирж болно л доо. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, монгол хүн эх орондоо жаргалтай сайхан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хамтарч ажиллаж болно. Үндсэндээ МАН, АН-д үзэл бодлын том ялгаа байхгүй.

-МАН-ын тавьсан саналын дагуу танай нам хамтарч ажиллах уу?

-Би шууд хэлчихье. Мэдээж өнөөгийн нөхцөлд энэ боломжгүй зүйл. Яагаад гээч. Өнөөдөр олигархиуд, луйварчид, эх орноо худалдсан нөхдүүдээс салаагүй байхад ард түмний эрх ашгийг илүүтэй хамгаалж буй МАХН-ын хувьд ийм алхам хийж болохгүй. Гэхдээ энэ бол манай намын гишүүдийн ярилцаж гаргасан шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ийм байр суурьтай байна. Бусад маань ч ойролцоо үзэл бодолтой байгаа байх.

-Нэгэнт МАН хамтран ажиллах санал тавьсан юм бол тэрийг нь зөвшөөрөөд Н.Энхбаяр даргыгаа сонгуульд нэр дэвшүүлэхээр тохиролцож болохгүй юу?

-Н.Энхбаяр дарга яагаад тохиролцож байж нэр дэвших ёстой гэж. Тэр хүн хэнээс, ямар авлига авсан юм бэ. Тийм зүйл байгаа юм уу. Ах дүү нар нь “Өргөө” зочид буудалд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэр нь одоо орон нутгийн өмч хэвээрээ байгаа. Талбайн хажуу талын газар ч ялгаагүй Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй. Гэмт хэрэг байхгүй. Монгол Улсын эрүүгийн хуульд байхгүй зүйл. Тийм болохоор цагаатах болно.

-Хэзээ цагаатна гэж?

-Цаг хугацааны л асуудал. Тэртээ тэргүй цагаатгах өдөр бий болно. Ял аваад, ялаа эдлээд, уучлагдаад дууссан. Ялтайд тооцох хугацаа гэж зүйл яриад байдаг. Тэр асуудлыг хуулиар шийдээд дуусчихсан.

-Танай намынхан ялтайд тооцох хугацаа дууссан гэдэг ч хуулийн байгууллага болоогүй гэж шийдээд өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй биз дээ?

-Хууль бус үйл ажиллагаа байхгүй юу. Эрх мэдэлтэй улс төрийн хүчнийхэн эрх мэдэлгүй байгаа өрсөлдөгчөөсөө айсандаа хийж буй ажил шүү дээ. Дахиад ийм үйлдэл хийж магадгүй. Х.Тэмүүжин гишүүн нэг удаа хэлсэн биз дээ. Н.Энхбаяр төрийн алба хашихад саад байхгүй гэж. Гэтэл цаанаас нь шахалт үзүүлээд дахиж тийм зүйл ярих хэрэггүй гэсэн байх. Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарсан шүү дээ. Саяхан бас Улсын Дээд шүүхээр орж “Ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх цагдаагийн бичгээр сонгуульд оролцуулаагүй нь буруу байна гэдгийг тогтоосон шийдвэр гарлаа. Ерөөсөө тодорхой шүү дээ. Чамайг харсаар байтал эмэгтэй хүн байхад чинь эрэгтэй гэж ярьж, хэлсээр байгаад эмэгтэй хүн биш гэсэн бичиг хийгээд байвал яах вэ. Тэрэн шиг гэмт хэргийн тухай асуудал огт байхгүй. Яахав Н.Энхбаяр даргыг гэмт хэрэгт холбогдуулаад улс төрөөс ангид байлгах сонирхол бүлэглэлд бий. Гэхдээ энэ бол гарц биш. Монголын ард түмний таван хүн тутмын гурав нь, гурван хүний хоёр нь Н.Энхбаярыг хүсэж байгаа.

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавьбал Монголын ард түмэн эсэргүүцнэ.

-Тэгвэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших нь гэж ойлгож болох нь ээ?

-Дэвшинэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий.

-Гэхдээ л сонгуулийн өмнө нэр дэвшинэ гэж байгаад сонгууль дөхөхөөр болиулчихдаг биз дээ?

-Тэгж хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй байхгүй юу. Айж суухаа болиод өрсөлдөх хэрэгтэй. Зөвшилцөөд ажиллах хэрэгтэй. Зөвшилцөл гэдэг бол хэлмэгдүүлсэн нь уучлал гуйгаад, хэлмэгдсэн нь гоморхолгүй ажиллах ёстой. Түүнээс өөр гарц Монгол Улсад байхгүй.

-Эдийн засаг хүнд байна. УИХ-ын дарга Япон улсад айлчлах үеэрээ 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирч байх шиг байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө ингэж өр нэмэгдүүлж байгааг хэрхэн харж байна вэ?

-Чингис бонд, Самурай бондын зээл оруулж ирэх үед би УИХ-ын гадна байсан. Тэр үед бондын мөнгийг хэн авсан гэж. МАН, АН-ын хэдэн олигархи хуваагаад авсан биз дээ. Одоо өрөө төлөх үед ганц Н.Батбаярыгаа бариад яадаг юм. Бүгдээрээ төлөх хэрэгтэй. Шоронд суулгаад ч яахав дээ. Мөнгө идсэн нь үнэн бол төлүүлнэ биз. Тэгэхгүйгээр та нарын цалингийн татварыг нэмэгдүүлж өр барагдуулна гээд ОУВС-гийн өмнө сууж байгаа нь ичгэвэртэй. Ард түмэн ч зөвшөөрөхгүй. Одоо харин улс орны хөгжлийн бодлогод чиглэсэн зээл авч болно.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх хэрэгтэй болж байна. Ингэж ард түмний нуруун дээр ачаалал үүрүүлэхээс өөр арга алга уу?

-Боломжоо сайн судлах хэрэгтэй. Бизнесийн орчин, аж ахуй эрхлэх орчинг сайжруулж өгөх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хоёр улсын хил дээр байгаа чөлөөт бүсийг ашиглахгүй байгаа. Үүнийгээ сэргээгээд монгол үйлдвэрлэлээ дэмжиж болно. Дээрээс нь төрийн албаны бүтэц данхар хэвээрээ л байна. Тэр дэд сайдуудаар яах гээд байгаа юм бэ. Би хоёр ч давхар дээлтэй ажиллаж болоод л байсан. Хоногт 20 цаг ажиллахдаа эрүүл мэндийн салбарыг давхар хариуцаад явсан. Засгийн газрын ордны хашааг хар л даа. Дүүрэн “Ланд круйзер”, “Лексус” машин зогсож байна. Улаанбаатар хотод ийм өндөр үнэтэй, шатахуун их иддэг унаагаар яах гээд байгаа юм бэ.

-МАХН-ын зүгээс Үндсэн хуулийг шинээр боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан гэсэн. Хэрхэн шинэчилсэн юм бэ?

-Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, монгол хүн төвтэй шинэ Үндсэн хууль боловсруулж өргөн барьсан. Монголын том хуульчид, эдийн засагчид, төр засгийн мэргэжилтнүүд, төр засгийн ахмад зүтгэлтнүүд хамтран ажилласан. Гол үзэл санаа нь монгол хүнийг төрийн төв болгосон. Мал биш, монгол хүнээ төрийн хамгаалалтад авмаар байна. Ажил, бизнес эрхлэхэд нь аливаа нэгэн байдлаар хязгаарлалт тавихгүй.

-УИХ-аас байгуулагдсан Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсэгтэй хамтраад явсан нь дээргүй юү?

-Хамтраад явж болно. Хүн төвтэй монгол төрийн концепцтэй болох Үндсэн хуулийн шинэчлэл боловсруулсан газар алга. Одоо бол хамтарч ажиллана. Энэ тал дээр хамтрах саналаа бүгдэд нь тавьсан. Өнөөдрийн байдлаар шинэ Үндсэн хуулийн талаар ард түмнийхээ саналыг аваад эхэлчихсэн.


Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн инженер, математикчид оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг бүх төрлийн олимпиадын хоёрын даваа өчигдөр эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит нийслэлийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах олимпиад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль дээр зохион байгуулагдсан юм. Олимпиад хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргах бөгөөд нийслэлийн 50 гаруй сургуулийн 700 шахам сурагч, 100 гаруй багш оролцож байна. Энэ жилийн хувьд Монголын математикийн олимпиадын хорооноос бодлогыг боловсруулж, засалт, дүгнэлтийг хариуцан ажиллаж байгаа ажээ. Өчигдөр V-XII ангийн сурагчид, бага, дунд ангийн багш нар эхний өдрийн бодолтоо хийсэн юм.

О.Наранчимэг: ЭНГИЙНЭЭС НАРИЙН РУУ ГЭСЭН ЗАРЧМААР МАТЕМАТИКИЙГ ОЙЛГУУЛДАГ

Энэ үеэр улсын математикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Орчлон” сургуулийн багш О.Наранчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр, “Улсын олимпиадад анх 2004 онд оролцож байлаа. Тухайн үед юу ч мэдэхгүй ороод шууд хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш есөн жил медальгүй, тусгай байр эзэлж байгаад 2012 онд алт, 2013 онд мөнгө, 2014 онд алтан медаль хүртэж байлаа. Энэ жил гурван бодлого ирснээс сая хоёрыг нь л бодлоо. Өнөөдрийн дүнгээ харж байгаад маргааш хэдэн бодлого бүтэн бодож, хэдэн бодлого хагас бодох вэ гэдэг тактикаа боловсруулна” гэсэн юм. Түүнээс математикийн хичээлийн сайхан нь юундаа байдаг вэ гэхэд “Математик бол өнгөрснөө үгүйсгэдэггүй, харьцангуй тогтвортой шинжлэх ухаан гэдгээрээ давуу талтай. Миний хувьд бага ангийн багш болохоор математикийг аль болох амархан, гоё хичээл гэж сурагчдад ойлгуулахыг хичээдэг. Заримдаа тоглоомын аргаар заадаг. Бодлогоо таних аргад сургачихсан байхад хүүхэд аяндаа математикт дуртай болдог. Дунд ангийн сурагчдад бол энгийнээс нарийн руу гэсэн зарчмаар явдаг. Амархан бодлого өгч бодуулсаар, өөртөө итгэлтэй болоод ирэхээр нь арай хүнд бодлого өгдөг. Нэг төрлийн бодлогыг олон дахин бодуулахаар би чадаж байна гэж боддог. Тэгэхээр нь жаахан өөрчлөөд өгөх жишээтэй. Ингэж явсаар байгаад сурагчид нэг мэдэхэд хүнд бодлогыг ч боддог болчихдог” гэж ярилаа.

Эхний өдөр дунд ангийн сурагчид дөрвөн бодлогыг 150-180 минутад боддог бол ахлах ангийн сурагчид, багш нар хоёр өдөр тус бүр 270 минутад гурван бодлого бодож эцсийн дүнгээ сонсдог байна. Ингээд өнгөрсөн жилийн математикийн улсын олимпиадад анги дэвшин оролцож аварга болсон нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Батмэндээс өнөөдрийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Б.Батмэнд: МАТЕМАТИКИЙГ БОДОЖ БАЙГАА АРГА НЬ УРАН НАРИЙН БАЙХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ТААШААЛ АВДАГ

Тэрбээр “Би математикийн олимпиадад хоёрдугаар ангиасаа оролцож эхэлсэн. Намайг жаахан байхад ах маань математикийн олимпиадын аварга болж байсан. Ахаараа бахархаж, хичээгээд байвал медаль авдаг юм байна гэж бодож эхэлсэн. Ах минь одоо Америкт Google компанид программ хангамжийн инженерээр ажилладаг. Тийм болохоор би ирээдүйд сайхан амьдрахын тулд өдөрт тогтмол зургаан цаг математикаа давтдаг” гэсэн юм. Түүнээс математикаар хичээллэхийн юу нь сайхан бэ гэхэд “Математикийг бодож байгаа арга нь хэр уран гоё байна гэдгээс хамаараад маш их таашаал авдаг. Бага ангидаа нийслэлээс гурван удаа мөнгөн медаль авч байсан. Монголын математикч бүхэн олон улсын IMO олимпиадад амжилттай оролцохыг хүсдэг. Би ч мөн адил тэр олимпиадаас алтан медаль авахын тулд мэрийж байгаа” гэж ярилаа.

Дашрамд сонирхуулахад, энэ жилийн математикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт доктор Д.Шагдар багшийн нэрэмжит болж зохион байгуулагдах ажээ.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНД 560 ГАРУЙ БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнхандын анх санаачлан зохион байгуулсан техник технологийн олимпиадын хоёрын даваа 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилээс тус олимпиадыг МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуужав, Н.Батбаяр нарын нэрэмжит болгож буйгаараа онцлогтой юм. Техник технологийн олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид техник спорт, зураг урлал, дизайн гэсэн гурван төрлөөр ур ухаанаа уралдууллаа.

О.Батжаргал: СУРАГЧИД ЯМАР БҮТЭЭЛ ХИЙЖ, ЯАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ТЭВЧЭЭР ГАРГАЖ БАЙГААГ АНХААРЧ, ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ БОДДОГ

Энэ удаагийн олимпиадад усан техник загварын төрлөөр хоёр сурагч, авто загвараар нэг хүүхэд бэлтгэн оруулж буй Ган зам хорьдугаар сургуулийн багш О.Батжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр, “Миний хувьд 2004 онд их сургууль төгсөөд энэ сургуульд багшилж эхэлсэн. 2005 оноос олимпиадад оролцож байна. Бэлдсэн шавь нар маань чамгүй амжилт гаргаж байгаа. Усан техник загварыг сонирхож, тэр чиглэлээр хүүхдүүд бэлтгэдэг. Техник спортын чиглэлээр хүүхдүүд бэлтгэнэ гэдэг бол улс оронд маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэж боддог. Энэ жил нэгдүгээр шатанд дөрвөн төрлөөр таван хүүхэд оролцож, тавуулаа хоёрдугаар шатанд оролцох эрх авсан. Гэвч өнөөдөр хувийн шалтгааны улмаас хоёр хүүхэд орж чадахааргүй болчихоод байна. Хүүхдүүдийн бүтээлүүдийг харж байхад деталь эд ангиуддаа их анхаарсан, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж чаджээ. Миний хувьд техник технологийн олимпиадын улсын аваргад нэг удаа тусгай байр, нэг удаа есдүгээр байр эзэлж байсан. Шавь нараа бэлтгээд өөрөө оролцоход хүндрэлтэй байдаг. Улс орны ирээдүй болсон инженер техникийн боловсрол эзэмшиж байгаа сурагчид ямар бүтээл хийж, юу хүсч мөрөөдөж, яаж хөдөлмөрлөж, тэвчээр гаргаж байгааг холбогдох албаны хүмүүс анхаарч, дэмжээсэй гэж боддог” гэв. Түүнээс энэ жилийн олимпиадад өгөгдсөн даалгавар урьд жилүүдийнхтэй харьцуулахад ямар байсан талаар тодруулахад “Усан загварын хувьд 1945 оны дайнд оролцож явсан ЗХУ-аас 500 ширхэг үйлдвэрлэгдэж Герман улс руу шилжсэн торпет Г-5 байлдааны сөнөөгч онгоцны загварыг хийж байна. Ер нь бол их хүнд загвар. Автомашин дээр бартаат замын хаан гэгддэг ГАЗ-66 машин өгөгдсөн. Тэмцээний үеэр техникийн саатал, хүүхдийн өөрийн ур чадвараас шалтгаалаад алдаа дутагдал гардаг. Гэхдээ сурагчдын ур чадвар жилээс жилд сайжирч байна” гэлээ.

Мянганбаяр: УРАН НИСЛЭГ БУЮУ F2B ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙГАА ТУЛ НИСГЭГЧИЙН УР ЧАДВАРААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

Усан загварын ангилалд онгоцоо шалгуулаад гарч ирсэн Сонгинохайрхан дүүргийн XII сургуулийн есдүгээр ангийн сурагч Даваасүрэнгээс сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Техник технологийн олимпиадад усан загварын төрөлд зургадугаар ангиасаа хойш орсон. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь ганцаарчилж дүнг нь хэлж өгч байна. Зураг, их бие дээр бага оноо авч, гүйцэтгэл дээр 70 хувийн оноо авлаа. Усан онгоцоо бэлэн болгох гэж хоёр, гурав хоног нойргүй хоносон. Мотор их биетэйгээ нийлээд 400-500 мянган төгрөгийн зардал гарсан” гэв. Түүний дараа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн XI ангийн сурагч Мянганбаяр онгоцоо цэцэрлэгт хүрээлэнд хөөргөхөөр явж байхтай таарлаа. Тэрбээр энэ спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил нийслэлд гуравдугаар байр эзэлжээ. Түүнээс энэ жилийн даалгаврын талаар тодруулахад “Уран нислэг буюу F2B төрлөөр өрсөлдөж байна. Тийм болохоор нисгэгчийн ур чадвараас их зүйл шалтгаална. Онгоцоо зохион бүтээх гэж гурван сар хөдөлмөрлөсөн. Ингэж их хөдөлмөрлөсөн ч зарим хүүхдүүд онгоцоо нисгэх үедээ алдаа гаргаж чанга унагах тохиолдол байдаг. Чанга унагах юм бол мотор нь эвдэрч их хохирол амсдаг” гэж ярьсан юм.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн “илрүүлсэн” С.Зоригийн хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч нь тов тодорхой байсан

Сүүлийн үед Монголын нийгмийн хамгийн гол дуулиан шуугиан нь С.Зоригийн хэрэг болоод байгаа. Одоогоос 19 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Монголын нийгмийг тэр чигт нь цочирдуулсан энэхүү аймшигт аллагыг иргэн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар бүлэглэн үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тэднийг анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн. Саяхан давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хорь шахам жил олон түмний анхаарлын төвд байсаар ирсэн дуулиант хэргийн талаар зарим улстөрчид байр сууриа илэрхийлж, үгээ хэлж байна. Тэдний нэг нь Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Монголын прокурорт бүхий л насаараа ажиллаж ирсэн тэрээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд айхтар уурлаж, ундууцсан ярилцлага өгч байгаа харагдсан.

Тодруулбал, “Яахлаарааа захиалагч нь тогтоогдоогүй байхад гүйцэтгэгчид нь тогтоогддог юм. Яахлаараа шүүх хурлыг хаалттай хийдэг юм. Цорын ганц гэрч болох Булганыг яагаад шүүх хуралд оруулдаггүй юм. Яагаад шүүхийн шийдвэрийн өмнөөс прокурорууд хэрэгт оролцож телевизээр мэдэгдэл, тайлбар хийдэг юм. Ерөнхийлөгч яахаараа хэргийн тодорхой зарим хэсгийг ил болгох шийдвэр гаргаж байгаа юм. Энэ бол сэжигтэй” гээд жигтэйхэн эгдүүцсэн байдалтай прокуроруудаа загнаж байна лээ. Нямдоржийн ингэж уурлаж бухимдах нь зөв л дөө. Прокуроруудаас ам асууж, тэднийг буруутган загнаж зандрах нь аргагүй. Яагаад ингэж хэлэв гэхээр, 2004 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг “илрүүлчихэж” байсан юм.

С.Зоригийн хэргийг захиалагч нь тухайн үед МҮАН-ын дарга байсан М.Энхсайхан, зохион байгуулагч нь мөн тухайн үед “Центр пойнт”-ын хэргээр шоронд сууж байсан “Цагаан шонхор”-ын Энхтайван, харин гүйцэтгэгч нь энэ байна гээд Д.Энхбатыг Францаас хулгай хийгээд аваад ирсэн. Ингэж С.Зоригийн хэргийг Ц.Нямдорж “илрүүлээд” нийгэмд зарлахад бэлэн болоод байсан. 2004 он гэдэг бол одоогийн Монголын ардын нам буюу тэр цагийн МАХН-ын Монголын төрд эз дийлсэн үе нь байлаа. 2000-2004 онд хуучин “Ху”-гийн нөхдүүд Их хурлын 76 суудлын 72-ыг нь авч жинхэнэ ноёлж байсан цаг. Намын дарга байсан Намбарын Энхбаярын хаанчлалын жинхэнэ оргил он жилүүд тэр байв. Энхбаярын Засгийн газрын Хууль зүйн сайд нь одоогийн Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Мань эр 2000 оны үнэмлэхүй ялалтаа 2004 оны Их хурлын ээлжит сонгуулиар дахин баталгаажуулах гэж С.Зоригийн хэрэг “илэрсэн” хэмээх шоуг Монголын нийгэмд бий болгож, улс төрийн ээлжит жүжгээ тавихаар бэлтгэж байсан.

Ямар сайндаа намынхаа бүлгийн хурал дээр Нямдорж “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намыг үсгүй хусна. Даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэж даналзсан байдаг. Энэ бүх үйл явц, Зоригийн хэрэг гэх жүжгийн талаар тухайн үед “Өдрийн сонин” эрэн сурвалжлах материал бэлдэж, Монголын ард түмэн, уншигч олондоо хүргэхээр ажиллаж байсан юм. Бүр нарийн тодруулбал, “Ц.Нямдорж: Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэсэн гарчигтай шуугиантай материал гарахад бэлэн болсон байсан.

Яг тэр үед “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Жамбалын Мягмарсүрэнг Тагнуулын ерөнхий газрын дарга дуудаж, дарамт шахалт үзүүлсэн байдаг. Тагнуулын ерөнхий газрын дарга, Ж.Мягмарсүрэн эрхлэгчид “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Үүнийг танай сонин үгүйсгэж, элдвээр бичих гэж байна. Ер нь танай сонин засаг төрийн явуулж байгаа юм бүхнийг үгүйсгэж, харлуулж, гутааж харагдах юм. С.Зоригийн хэргийг үгүйсгэсэн нийтлэлээ одоо зогсоо. Чи үхэл гэж ямар аймшигтай юм байдгийг мэднэ биз дээ. Танай ах чинь саяхан үхээ биз дээ” гэж хэлсэн байдаг. Ингэж дарамтлан хэлснийх нь хариуд манай сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “С.Зоригийн хэрэг илэрч байгаа гэж дуулаагүй. Харин Зоригийн хэрэг илэрлээ гэсэн жүжгийн зохиол бичигдээд дуусч байгаа гэж дуулсан. Хэрвээ бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол сонинд юу гарах гэж байгааг мэддэг, тэр материалынх нь төлөө дарамталдаг, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж айлган сүрдүүлэхийг хүлээж авахгүй. Харин сонинд хэвлэгдэж гарсан материалын буруу зөвийг нь шүүхээр тогтоодгийг мэднэ. С.Зоригийн хэргийн тухай энэ нийтлэлээ “Өдрийн сонин” гаргана” гэж өөдөөс нь хэлсэн.

“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Б.Цэнддоо, Ш.Сүхбаатар, нийтлэлч Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат, Шаабар нарын Монголын нэртэй нийтлэлч, сэтгүүлчдийг бүгдийг нь тухайн үед тагнуулынхан дуудаж, ээлж дараалан дарамталж, мөрдөн мөшгиж, “Бичиж байгаа нийтлэл, сурвалжлагаа одоо зогсоо. Хэнээс хаанаас энэ нууц мэдээллийг олж авав” гэж сэтгүүлчдийн ёс зүйд бүдүүлгээр халдаж байсан. Орон шоронд хийнэ гэж хүртэл айлган сүрдүүлэх нь наад захын асуудал байсан.

Гэвч “Өдрийн сонин” тагнуул, хууль шүүхийнхний дарамтаас хулчийлгүйгээр, зөвхөн үнэнийг мэдээлэх хэвлэлийн үндсэн үүргийнхээ дагуу С.Зоригийн хэрэг гэх жүжгийн тухай эрэн сурвалжилсан материалаа цувралаар нийтэлж, Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан. Үнэнийг нь гаргаж тавьсан уг цуврал нийтлэл олон хүнд итгэл төрүүлж, урам зориг өгч, “үсгүй хусагдана” гэж Нямдоржийн басамжилж байсан Ардчилсан нам 2004 оны Их хурлын ээлжит сонгуульд 36 суудал, мөн бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү нарын Ардчилсан намын гурван гишүүнтэйгээ нийлээд 39 суудал авсан юм. “Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь харнаа” гэж зануулж, С.Зоригийн хэргийн захиалагчаар тодорч байсан М.Энхсайхан намаа удирдан сонгуульд оролцож, өөрөө мөн төрийн түшээ болж байсан түүхтэй.

Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг тэгж “илрүүлж” байсан Ц.Нямдорж өнөөдөр ингэж эгдүүцэн уурлалгүй ч яахав. Үнэхээр Нямдоржид тухайн үед С.Зоригийн хэргийг нийгэмд зарлах л дутуу байсан. Захиалагч, гүйцэтгэгч, зохион байгуулагч нь тов тодорхой байсан. “Өдрийн сонин” ийм дайны олон хатуу бэрх даваатай тулгарч байж Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өөрийн байр суурийг итгэл төгс эзэлсэн юм. Олон жилийн энэ бүх туршлага, анхнаас нь эрэн сурвалжлах дуулиант материал бэлдэж, уншигчдадаа хүргэж ирсний хувьд С.Зоригийн хэрэгтэй холбоотой сүүл үеийн мэдээлэл үнэмшилтэй санагдаад байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон уг хэрэгтэй холбогдуулж хэвлэл мэдээллээр ар араасаа залгуулан ярилцлага өгч, тайлбар мэдэгдэл хийж байгаа прокуроруудын үг үнэмшилтэй, ханатай санагдаад байгаа. Гэхдээ тэдний мэдээлэл дотор гэнэн юмнууд бас бий.

“Энэ хэргийг дөрвөн хүн үйлдсэн. Түүний нэг нь Б.Отгонбаатар. Тэд бие биеэ таньдаг, ойролцоо амьдардаг хүмүүс. Чимгээгийн нөхөр Бямбасүрэн нь Цэвэлмаатай эгч дүүсийн хүүхдүүд. Харин Цэвэлмаа нь Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээж. Т.Содномдаржаагийн хувьд энэ хүмүүстэй төрөл биш ч хашаанд нь хамт амьдарч байсан юм билээ. Хэрэг илрүүлэх олон арга байдаг. Тухайлбал, энэ хүмүүсийг хэрэг гарсан газрын ойролцоо аваачаад тухайн хэрэг гарсан байрыг ол гэхэд төвөггүйхэн яваад олж байсан. Т.Содномдаржаа гэхэд байрыг олоод орц нь довжоогүй байсан гэдгийг хэлсэн. Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан “Хан хараацай” зочид буудалд очиж хоносон байдаг. Тухайн үед буудалд ажиллаж байсан эмэгтэй Чимгээг гэрэл зургаар нь таньсан. Дараа нь шүүх хурал дээр нүүрэлдүүлэхэд “Хувилаад тавьчихаагүй л юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүй мөн байна” гэж мэдүүлсэн” гэж Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал хэлсэн. Буудалд ажиллаж байсан эмэгтэй ганц шөнө харчихаад Чимгээг дараа нь зургаар нь шууд танина гэдэг арай л гэнэн сонсогдоод байгаа. Мөн байрны засвар ч гэсэн бас л гэнэн. Наад байранд чинь засвар хийсэн шүү гэж өмнө нь нэг удаа сануулж хэлээд л болоо биз дээ.

“Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар бид дөрөв Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Хоол идсэний дараа Отгонбаатар гарч яваад Чимгээ, Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Бид тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж Амгаланбаатар мэдүүлснийг прокурор мэдэгдсэн. Б.Булган бол цорын ганц гэрч. Түүнийг шүүх хуралд оролцуулаагүй нь буруу гэж Нямдорж хэлсэн. Тэгвэл үүний хариу болгож Б.Булган гэрч биш гэдгийг олон түмэнд нотлохын тулд прокурор цуг тамхи татаж, мах идсэн хэмээн хэлсэн байлгүй дээ. Захиалагчийг нь зарлахад л улс төр орчихгүй бол энэ бүгд бараг үнэн байх. Гэвч цаг хугацаа харуулах биз дээ. Зохиомол зохиомол гэхэд Монголын шүүх арай ч ингэж зохиохгүй байх. Бид өмнө ч тэгж бичиж байсан. Одоо ч тийм байр суурьтай байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийн тавцанд эрчүүд л тоглодог юм гэж үү?” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Стандарт” банкинд өгөх 51 сая ам.долларыг Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нараар төлүүлье” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрээс хүлээн авна уу.

Л.Болд гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нь зөв шийдэл болно хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Д.Тогтохсүрэн гишүүн “Татвараас шалтгаалж, шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэсэн байна.

“Баримт, үзэл бодол” нүүрээс “Дэлхийн тавцанд эрчүүд л тоглодог юм гэж үү?” нийтлэлийг хүлээн аваарай.

2017 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийсэн тухай сурвалжлагыг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Дэлхийн мэдээ” Өмнөд Солонгос баллистик пуужин туршсан тухай онцолжээ.

АХБ-наас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв-2017” тайлангийн талаар мэдээлэл хийлээ. Тэд энэ онд болон ирэх жил Монголын эдийн засаг өсөлттэй байна гэжээ.

“Өд, бэх” нүүрт соёлын гавьяат зүтгэлтэн С.Лочингийн шинэ уран бүтээлээс хүргэжээ. Тэрбээр “Даланбаяр, Уламбаяр хоёрын тууж” хэмээх үлгэр зохиожээ.

Жефри С.Глентэй хийсэн ярилцлагыг “Өөрөөс нь…” нүүрээс хүлээн аваарай. Элэгний С вирусийг устгах эм зохион бүтээсэн тэрбээр дараагийн шатны шинэ эмчилгээгээ Монголд нэвтрүүлэхийг хүсч байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

29-р тусгай сургуулийн багш нар дохионы хэлний мэдлэг, чадвар муу гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар асуудал хөндөгдөөд хэд хонож байна. Тэгвэл уг асуудлаар БСШУСЯ, НИТХ дахь МАН-ын бүлгээс анхаарал хандуулан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ажлын хэсгийн дүгнэлтийг тус сургуулийн багш, сурагчдад уншиж танилцуулсан байна.

Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өнөөдөр тус сургуулийн багш сурагчдад танилцууллаа. Маргааш бид хэвлэлийн бага хурлаар дамжуулан энэ гаргасан дүгнэлтээ олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулна. Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудлууд бүгд ямар нэгэн үндэслэлтэй, бодитой гэдэг нь гарсан.

Багш нарын хувьд дохионы хэлний мэдлэг, чадвар муу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай яамны зүгээс дахин “Ажил сайжруулах” ажлын хэсэг байгуулаад богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг өөрчилж, хэрэгжүүлж чадах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэжээ.

Мөн багш нарын ёсзүйн тал дээр яамнаас онцгой анхаарч ажиллахаа энэ үеэр хэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг боллоо

УИХ-ын 2017 оны Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэхдээ өнөөгийн эрх баригч намд шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, “Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуучирсан хууль энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Миний санаачилсан хуулийн төсөл эргэж буцаад батлагдахгүй байсаар удлаа. Уг санаачлагатай танилцаад Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай “Энэ хуулиар ирэх өөрчлөлт бол 1990 оноос ардчилсан хувьсгалын ач холбогдлоос дутахгүй” гэж хэлж байсан. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.

Чадвартай Засгийн газар л улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чадвартай Засаг л хариуцлагатай байдаг. Засгийн газар бол эрсдэлтэй ажил хийдэг бүтэц, бүрэлдэхүүн юм. Харин Монголд байдал өөрөөр явж ирлээ. Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг онцлогтой болоод удлаа…” гэсэн юм. Энэхүү үгийг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал онцлон өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“БӨМБӨГӨР” худалдааны төвийн замын хайсанд цацруулагч суурилууллаа

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба цацруулагч хийж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилууллаа. Өмнө байсан цацруулагч нь мэдээлэх чадвараа алдсан тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэн ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгах, цаашлаад урьдчилан сэргийлж чадах юм.

Уг цацруулагчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох 32-н тойргоос хойш мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу нэмж суурилуулахаар төлөвлөж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны манга зураач Япон улстай хамтран ажиллахаар боллоо

Хүүхэд багачуудын унших дуртай “Бумбардай” зурагт номын зохиолч, Монгол манга зураач Н.Эрдэнэбаяр Японы “Wedge Holdings” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр Blue Sky зочид буудалд болсон юм.

Н.Эрдэнэбаярын “Бумбардай” цуврал нь 2015 онд Японы Гадаад яамнаас зохион байгуулдаг “Олон Услын Манга Авардс”-аас “ГранПри” шагналыг хүртсэн юм. 2004 оноос манга зураг зурж эхэлсэн бөгөөд 2005 онд “300 хүнтэй Тайжууд” номоороо анхны гараагаа эхэлж байжээ. Үүний дараа 2011 онд түүний бүтээсэн “Бонго” хүүхэлдэйн дүр нь олонд танигдаж, хүүхэд багачуудын хайртай дүр болсон юм. Түүний бүтээл Монголын нүүдэлчин угсааны аж амьдрал болоод түүх, үндэсний бахархал, зан заншлыг хойч үедээ өвлүүлж, дэлхий нийтэд таниулах зорилгыг шингээсэн байдгаараа онцлогтой.

Wedge Holdings компанийн ерөнхий захирал Коношита Тацуяа: “Манай компанийн хувьд 30 жилийн турш контентийн үйл ажиллагаа явуулж байна. Азийн зургаан улсад энэ төрлийн хамтын ажиллагааг хийнэ.

Энэхүү гэрээ бол олон улсын уран бүтээлчидтэй хийж буй анхны гэрээ гэж хэлж болно.

Бид маш олон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр улсад бид Н.Эрдэнбаярыг алдаршуулах болно. Н.Эрдэнэбаярын бүтээл Ази тивийн хоёр тэрбум хүний зүрх сэтгэлийг татна гэдэгт итгэлтэй байна.

Н.Эрдэнэбаярыг бүтээлээ зарж борлуулах гэхээс илүү өөрийн зүрх сэтгэлдээ байгаа авьяасыг гаргаасай гэж хүсэж байна. Бүтээл гэдэг бол зөвхөн мөнгө биш хүсэл эрмэлзэл юм. Энэхүү гэрээ түүнийг уран бүтээлээ сайн хийхэд л зориулагдах болно” хэмээв.