Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын 27 жилийн ой тохиож байна

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан өнөөдөр тус намын удирдлагууд Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв.

АН-ын дарга С.Эрдэнэ:“1990 оны энэ өдөр МҮЭСТО-нд АН анхдугаар их хурал хуралдаж, Монголд олон намын тогтолцоо бүхий УИХ-ын суурийг тавьсан. Тэр үед олон намын тогтолцоо гэдгийг манай иргэд төдийлөн мэддэггүй байлаа. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй улс төрийн хүчин шинээр байгуулагдаж, олон намын тогтолцоо бүхий УИХ бол Монголын амьдралд хэвийн зүйл болж тогтсон байна. АН ч үзэл баримтлал, үнэт зүйл бүхий томоохон улс төрийн хүчин болж чадлаа.

Бид саяхан шинэчлэлийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, намын даргаас эхлээд бүх шатны удирдлагуудыг шинээр сонголоо. Сонгуульд 152 мянга 800 гишүүн санал өгч, бүх шатны 17 мянга 800 албан тушаалтныг сонгосон. Цаашдаа намаа шинэчлэх ажлыг шуурхай зохион байгуулах болно” хэмээгээд гишүүд, дэмжигчиддээ ойн баярын мэнд дэвшүүлэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ЧИМЭДРЭГЗЭНГИЙН САНЖААДАМБА: МЯНГАН ХҮЧТЭНИЙ МАНЛАЙ БОЛЖ МОНГОЛ БӨХИЙН ДЭЭД ЦОЛОНД ХҮРСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа. Тэрээр “Бөхбилэгт” дэвжээ, Эрдэнэтийн “Хангарьд” клуб, “Ажнай” кропорацийн бөх юм.

-Юуны өмнө Монгол Улсын аварга цол хүртсэнд баяр хүргэе. Наадамчин олноо баясгаж, аатай одтой, эрэмгий барилдлаа. Сүүлийн арваад жилийн наадамд өөрийг тань түрүүлнэ хэмээн бөхөд хайртай монгол түмэн хүлээсэн. Энэ жил тэрхүү хүлээлт биелж, хүн бүхний баяр бахдал төрлөө, сайхан байна?

-Монголчуудын төрт ёсны их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Олон тэгш ой давхацсан үндэсний их баярт 1024 бөх зодоглож, ид хаваа гайхуулан хүчийг сорилоо. Мянган хүчтэний манлай болж, монгол үндэсний бөхийн эрхэм дээд цол, улсын аварга цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадамд арав давж түрүүлнэ гэдэг их том хүндэтгэл байдаг юм байна шүү. Миний бие аварга цолонд хүрэхсэн, төрийн наадмын түрүү бөх болохсон гэж хүсч мөрөөдөж, тэрхүү зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаас аваад хамаг л бүхнээ дайчлан зориулж ирсэн. Хүнд чинь хүсэл биелэх өдөр гэж ирдэг юм байна. Надаас дутуугүй баярлаж байгаа ард түмэндээ, төрүүлж өсгөсөн ижий аав, хань ижил, гэр бүл, ойр дотнынхоо бүх хүнд баярлаж байна. Унах, давах бүрийд минь үргэлж хамт байж ирсэн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний хүчит бөхчүүддээ, намайг бөхийн зам мөрд хөтөлсөн ачит багш, эрхэм сайхан ах нартаа, төрийн наадмын түрүү бөх болтол минь зааж сургаж, дасгалжуулж ирсэн Зэвэгийн Дүвчин багшдаа их баярлаж байна.

2002 онд Өсөхөө аваргыг ес давж түрүүлэхэд цэнгэлдэх дүүрэн цугласан олон шагшин баярлаж байсныг санаж байна. Наадмын дараа уулзсан бүхэн Өсөхөө аваргад “баярласан шүү” гэж хэлж байсан гэдэг. Энэ удаа ард түмнээ хөөрч баярлаж байгааг харах бахтай байсан. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийг алдалгүй төрийн наадамдаа олон жил сайхан барилдахыг хичээн зүтгэх болно. Энэ их итгэл, сэтгэлийг уран дайчин барилдаан, бөхийн жудаг ёс, хичээл зүтгэлээр хариулахаас өөр том хүндэтгэл юу байх билээ. Монгол Улсын аварга хэмээх алдар цолонд эзэн байхыг хичээх болно.

-Монгол бөхийн дэвжээн дээр бүтэн арван жилийн хугацаанд зогсож байж оргил цолонд хүрлээ. 2006 онд анх улсын наадамд зодоглосон санагдана?

-Тийм ээ, бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр ард түмнийхээ хамт хүртэж байна. 2006 оны улсын наадамд анх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдаж билээ. Тэрхүү наадамд мянган бөхийн тоосонд орж барилдаад нэг давж хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин Базарбидэрнаагийн Бадам-Очирт өвдөг шороодсон. Нэг сонин түүх хэлэхэд, Жигжидийн Мөнхбат аварга зүүний магнайд гарч гурвын даваанд цолоо дуудуулаад миний тахимаа өгсөн Бадам-Очир начинг амлаж өвдөг шороодож байсан. Үндсэндээ тэр жил Мөөеө аварга зодгоо тайлж байсан. Бадам-Очир начин бол Мөөеө аваргын удмын бөх. Миний бие 2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. 2006 онд Дорноговь аймгийн наадамд Ховдын И.Мөнхбаатар начингаар тав давж аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн начин цолтой улсын наадамд зодоглож байсан. 2007 онд Зэвэгийн Дүвчин багшаараа гурав даваад дөрвийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. Улсын наадамд 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргад тахим өгсөндөө бэлгэшээдэг. Тухайн үедээ аваргыг хаяж чадсангүй дээ гэж сэтгэл гонсойж л байлаа. Одоо эргээд бодоход бэлгэшээлтэй санагддаг юм.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/2016072/19site.jpg-“Цэргийн арслан Санжаадамба” гэж зарлуулаад бөхийн өргөөнд болсон барилдаануудад түрүүлээд л, Монгол туургатны ой, цагаан сарын гээд томоохон барилдаан манлайлаад, шуугиулаад л байсан. Гэвч наадмаар гурав даваад л унана. Ямар сайндаа Баянаа аварга “Энэ хүүг тав давуулчих юмсан. Тэгвэл ч дийлдэхгүй дээ” гэж байсан?

-2008, 2010 оны наадмуудад гурав даваад унасан. Б.Ганбат арсланд хавируулаад унаж байлаа. Дараа нь нутгийн ах Д.Хишигдорж заанаар гурав даваад Д.Лхагвадорж начинд тахимаа өгч байлаа. 2009 онд бүр хоёрын даваанд аймгийн цолтой (аймгийн арслан Б.Суманчулуун) бөхөд унаж байлаа. Нэг л болж өгөхгүй байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Чимэдийн Гочоосүрэн заанаар гурав, Ж.Амартүвшин харцагаар дөрөв, Ө.Бат-Орших харцагаар тав, Б.Сангисүрэн начнаар тунаж зургаа, Ц.Содномдорж харцагаар тунаж долоо давж шууд заан болсон. Содномдорж харцага бид хоёр шууд шоо хаяад барьц сонгосон юм. Ингээд миний талаар бууж би барьцаа аваад барилдсан. Үндэсний бөхийн дүрмийн дагуу барилдаан болсон. Хүмүүс тэр барилдааныг маргаантай болсон гэж боддог байж мэднэ. Яг л дүрмийнхээ дагуу барилдаан болсон.

Ингэж л начин, харцага цолыг алгасан заан цолонд хүрч байлаа. Заан болсны дараа жилийн наадамд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж тавын даваанд Пүрэвжав харцагад хоёр хөлдөө давхар гүйлгээд унаж байсан. 2010 оны төмөр бар жилийн сар шинийн барилдаанд одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай үлдэж түрүүлж байлаа. Гурвын даваанд одоогийн арслан П.Бүрэнтөгстэй, дөрөвт Ө.Бат-Орших харцагатай гээд шилдэг бөхчүүдтэй тунаж хүч үзэж байлаа. Тэрхүү цагаан сарын барилдааны өмнөх өдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд А.Бямбажавтай үлдэж мөн л түрүүлж байсан. Гэвч жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд өвдөг шороодож шуугиан тарьсан даа (инээв).

-2013 оны наадамд тав давж шөвгөрөөд Б.Батмөнх заанд хавируулаад унасан. Бас л түрүүлнэ гэгдэж байсан наадам шүү дээ?

-Болдоггүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Аливаа юм цагаа хүлээдэг гэдэг. Би олон түүхт ой давхацсан 1024 бөхийн барилдааныг 10 давж манлайлах хувьтай байжээ. 2013 онд Сэлэнгийн өндөр Баянмөнх начнаар тав давж Төв аймгийн Б.Батмөнх зааныг зургаагийн даваанд амлаж аваад хавирах мэхэнд нь өвдөг шороодсон. Дараа жилийнх нь наадмуудад тус бүр долоо давж шөвгөрөөд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын арслангуудад тахим өгсөн. Эдгээр бөхчүүдтэй чухам ямар барилдаан болсныг наадамчин олон, бөхөө дээдэлдэг түмэн сайн мэдэж байгаа. 2014 онд Найдангийн Түвшинбаяр харцагаар тав, Завханы Бадамсүрэн начнаар зургаа, Б.Гончигдамба гарьдаар тунаж долоо давж Н.Батсуурь арслантай тунасан. Харин өнгөрөгч жил Ховд аймгийн арслан Б.Тайвангаар тав, Увс аймгийн харьяат шинэ начин Д.Энхбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангаад байсан Сэлэнгийн Б.Одгэрэлээр долоо давж их шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан.

Монгол туургатны бөхийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэндээ ихэд бэлгэшээдэг. Энэ наадам надад өөртөө итгэх итгэлийг, монгол бөхийн дээд цолонд хүрч болох юм гэх бодлыг төрүүлсэн. “Монгол туургатны бөхийн барилдаанаар чи мандчихсан шүү дээ” гэж хүмүүс хэлдэг. Тэрхүү наадам миний бөхийн зам мөрийг зөв сайхан тэгшилж өгсөн. Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх зургаан мянган бөхийн барилдаанд С.Мөнхбат аваргаар 13 давж түрүүлсэндээ баярладаг. Нэгэн том түүхийн эзэн боллоо гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

-Өнөө жилийн наадмын тухай эргээд ярилцъя. Долоогийн даваанд Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Пүрэвсайхан нараас Баасанхүүг амласан. Өнгөрөгч жилийн сар шинийн барилдаанд түүнд өвдөг шороодсон. Долоогийн давааны барилдааны тухай дурсахгүй юу?

-Шинээр харцага цолны болзол хангаад байгаа Баасанхүүг амлаад барилдчихъя гэж бодсон. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа барилдсан, хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Сар шинийн барилдаанд би унасан. Дараа нь шилдэг 12 бөхийн багийн халз барилдаанд давсан. Баасанхүүгийн барилдааныг хүмүүс сайн мэднэ. Биеэр жижгэвтэр хэрнээ уран дайчин барилдаантай. Миний хувьд золгоод барилдъя гэж бодоод зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн.

-Наймын даваанд Э.Оюунболд арслантай тунаж хүч үзсэн. Оюунболдын хувьд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж яригдаж байсан хүчтэй арслан даа?

-Ер нь төрийн наадамд амар хялбар даваа гэж байхгүй. Барилдаан бүхэн, даваа бүхэн хэцүү байдаг. Наймын даваанд Э.Оуюунболдтой тунах байх гэсэн бодол надад байсан л даа. Залуу арслан бол үнэхээр ирэн дээрээ байгаа бөх. Арслантай их тайван, санасан бодсоноо хийж чөлөөтэй сайхан барилдсан. Шуудхан хэлэхэд, сэтгэлдээ хүртэл барилдсан гэж хэлж болох юм. Барьц сонгооноос залуу арсланг давсан. Найм давчихаад гарьд цолны болзол хангачихаад их баярласан шүү. Цэнгэлдэхэд цугласан наадамч олон давах бүрт минь нижигнэтэл алга ташиж, урам зоригийг бадрааж байлаа.

-Есийн даваа буюу арслан цолны даваанд Г.Эрхэмбаяр аваргад амлуулж барилдсан. Аваргыг давчихаад зүүн мөрнөөс нь адис авч харагдсан. Тэр тухай “Монгол бөхийн жудаг гэж энэ дээ” хэмээн олон хүн санал сэтгэгдлээ цахим ертөнцөд бичсэн байна лээ?

-Г.Эрхэмбаяр аваргыг би их хүндэтгэдэг. Бөхийн жудаг ёс талаасаа ч, олон жил барилдсан хүч хөдөлмөрийг нь бодсон ч сайхан бөх. Хийморь лундаатай энэ сайхан аваргаар арслан цолны босго алхлаа, аварга цол хүртэхийн ерөөлийг бэлгэдэж мөрнөөс нь адис авъя гэж бодсон.

-Түрүү үзүүрт нутгийнхаа бөхтэй үлдсэн. Өнөө жил Архангай нутгийнхан гойд сайхан наадлаа?

-Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьдаар ахлуулсан “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд хийморьтой сайхан наадлаа. Начин цолтой дөрвөн бөх төрлөө. Аварга, арслан цолтон тодорлоо, Лу гүний Вандан аварга, буур хэмээх Нацагийн Жамъян аварга, Цэдэндоржийн Чимэд-Очир аварга, энэ цагийн бөхийн манлай дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр гээд монгол бөхийн түүхэнд домог болсон аваргууд энэ нутгаас төрсөн. Улсын наадмын түүхэнд Архангай нутгийн бөхчүүд түрүү үзүүрт шалгарч байсан тохиолдол ч олон байдаг юм билээ. 1920-иод оны эхээр Буур аварга, Төмөрбаатар арслан хоёр үлдэж байсан, дөчин гурван онд Архангайн Хайрхан сумын аат Лувсанжамц арслан, Цэнджавын Содов арслан хоёр үлдэж байж. Жаран хоёр онд Жалбуугийн Чойжилсүрэн, Далайн Жамц гэсэн хоёр хүчит мөн л түрүү үзүүрт шалгарч байсан түүх бий. Ийм л домог түүхтэй хүчтэнүүдийн нутгаас аваргын буухиаг залгуулсандаа баяртай байна. 16 настай байхдаа бөх болно гэж нутгаасаа гарсан. Өнөөдөр бөхийн оргил цолонд хүрлээ. Анх Дүвчин багшийнхаа “Хасар” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөх болоход минь улсын хүчит арслан Уламбаярын Мижиддорж их нөлөөлсөн. Манай эмээтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм.

Categories
xурдан-морь мэдээ

САНДАГДОРЖИЙН ООНОН ХАР

Нэгэн мянга есөн зуун ерэн долоон оны наадмын азарганы уралдааныг уяа моринд ойр байдаг хүмүүс сайн санаж байгаа. Тэр жилийн наадамд Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү зул хонгор азаргаа түрүүлүүлэх бодолтой сойжээ. Тод манлайн уяан дээр хонгор азарганаас гадна ерэн дөрвөн оны наадмын “түмэн эх” цолмон халтар, өмнөх жилийнх нь наадамд түрүүлсэн Г.Батхүүгийн толин хул, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн Есөн зүйлийн даншиг наадамд түрүүлсэн М.Зоригийн хүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Ц.Эрдэнийн хонгор зэрэг дөрвөн лут азарга сойгдсон байдаг.

Тэдгээр дөрвөн азаргыг ганцхан азаргатай уралдуулах гэж сойжээ. Зууны манлай уяачийн хараанд өртсөн тэрхүү ажнай бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, алдарт уяач Ц.Сандагдоржийн оонон хар азарга юм. Оонон харыг ерээд оны дундуур зүүн зүгээс тодорсон гойд хурдан хүлэг хэмээн зартай уяачид хийгээд морь судлаач олон нэгэн дуугаар үнэлдэг билээ. Ерөнхийдөө Х.Сүрэнхорын алдарт хээр азарганаас хойш Хэнтий нутгаас төрсөн тэнгэрийн хүлэг юм даг уу даа.

Тэрээр төрийн их баяр наадамд ганцхан удаа ирж уралдахдаа бас л шуугиан тарьсан түүхтэй. Ямар сайндаа Даваахүү уяачийн “Өндөр зул”-ыгаа түрүүлгэх “хар хайрцаг”-ны бодлогод нь өөрчлөлт оруулж, тун ихээр сандаргасан байхав дээ. “Өнөө жилийн наадамд Сандагдоржийн оонон хар ирэх юм гэнэ ээ” гэж баттай сураг сонссон тод манлай дөрвөн азаргаа дөрвөн өөр төлөвлөгөөгөөр, чанд нарийн судалгаатай бэлдсэн гэдэг шүү.

Ерэн долоон оны наадмын хуучаа дахиад сөхье. Их сунгаанд хар азарга торох юмгүй л түрүүлжээ. Даваахүү уяач тэрхүү сунгаанд өөрөө ирсэнгүй. Өнөө хэдэн лут амьтдаа ч уралдуулсангүй. Илч довтолгож, оонон харыг шинжүүлэн, нууц төлөвлөгөөгөө дахин сайтар нягталсан байгаа юм. Ингээд наадам эхэлдгээр эхэлж, Элбэг хээр, Идэр хээр тэргүүт домогт хүлгүүдийн угсаа хурдан азарганууд гараанд гарчээ. Ц.Сандагдорж уяач аавынхаа захиснаар, морины комиссынхноос гуйж байгаад машинд нь суугаад авсан байна. Хар азарганыхаа давхилыг анзаарах гэж тэр.

Үе үеийн хурдан буянуудын хөлс шингэсэн алтан зурхай дээрээс азарга эргэж, удаа ч үгүй шар цамцтай хүүхэд унасан хар азарга хошуу өлгөн түүчээлсэн нь алдарт оонон хар байсан ажгуу. Эзэн нь барааны газраас таньж, хамт яваа хүмүүстээ дуулган, хөөрч догдолсондоо машины цонхоор үсрэх дөхсөн нь мэдээж. Хар азарга өнгөлсөөр Алдар толгой тойрон, Айдасын хүр өөд өгсөхөд, морины комиссынхон Сандагдорж уяачид хандан “Хүүхдэдээ хэл хүргэ, азарганыхаа амыг татуул, жолоог нь арай л эрт сул тавиад байна” гэхэд, миний хар сууна ч гэж ярихгүй гэж далбайсан том нударгатай тэрлэгээ улам хөөргөн омгорхсон гэдэг.

Айдасын даваа уруудахад өнгөлж явсан хар азарган дээр Даваахүүгийн түмний эх цолмон халтар зуузай холбон ирж, нэг хэсэгтээ л “урж” өгчээ. Тэгсгээд цолмон халтар суусан байна. Хамаг байдгаа гарган, хар азарганы хурдыг жаахан сааруулж үүргээ гүйцэтгэсэн нь тэр. Удалгүй Батхүүгийн толин хул оонон хар дээр салхи адил хүүгэн ирж бас л багагүй хугацаанд хурд хуваан уралджээ. Толин хул бол бариа ойртох тусам газрыг эвхэж өгдөг, аварга амьтан л даа. Хар азарга ч тэнийтэл сайхан харайж байна гэнэ. Буянт-Ухаагийн буурал дэнжээд өгсөх мөчид толин хулын хүүхэд жолоогоо татаж, янз нь хойноос ирэх дараагийн азаргаа хүлээв гэнэ шүү. Тэр нь Өндөр гэгээний даншигт түрүүлж шуугиан дэгдээсэн Бямбашижээгийн хүрэн азарга. Төв аймгийн Эрдэнэсантын адуу шиг санагдана. Уг азаргыг Их хурлын гишүүн асан М.Зоригт мөнгө хатуу байхад таван саяар худалдан авч, хурдан адууны үнийг тогтоож байсан удаатай. Хар азаргыг араас илдэж барьсан хүрэн азарга зуузай холбон нэлээдгүй зовоосон байгаа юм.

Тэр даруйд “Дүүгийн оонон хар ч түрүүлэх нь баталгаатай боллоо” хэмээн баяр хүргэж байсан олон эргэлзэж эхэлжээ. “Энэ нэг л биш болоод явчихлаа. Даваахүү манлайн уяаны азарганууд ээлж дараалан ирж зуузай холбоод байгаа нь цаанаа учиртай” гээд сая л нэг хар авсан аж. Сандагдорж бол дотроо “Миний оонон харын өмнө өнөөдөртөө гишгэх адуу байхгүй ээ” гэсэн юм л бодож, магнай нь тэнийгээд байсан нь гарцаагүй. Зоригийн хүрэн хар азарга уралцаж байх зуур хойноос хоёр хонгор азарга зуузай холбон ширүүхэн дайрч, зул хонгор нь өнгөлснөөр тэр жилийн наадмын азарганы түрүү тодорсон гэдэг ээ. Д.Даваахүү гуай ингэж л тэр жилийн наадамд Сүрэнхорын хээр шигээ холоо түрүүлэх Хан Хэнтийн босоо хар азаргыг аман хүзүүдүүлж, зул хонгороо түрүүлгэн, толин хулыг гуравт, Баян-Өнжүүлийн Эрдэнийн хонгорыг дөрөвт, Зоригийн хүрэнг тавд давхиулсан байдаг аа.

Оонон харын төрийн наадамд уралдсан түүх ийм буюу. Хар азаргыг том жижиг бүх уралдаанд нэг л уяагаар гардан сойсон уяач нь Сандагдоржийн эцэг Цэрэндондог гуай. Тэрээр Дэлгэрхааны унаган нэгэн бөгөөд арван хэдхэн наснаасаа л морь уяж эхэлсэн юм гэнэ лээ. Оонон хар сумын наадамд бага дөрвөн насандаа айраг түрүү хүртэж байгаад хавчиг азарга аймгийнхаа далан жилийн ойд тасархай түрүүлсэн байдаг. Хар азарганы эх тал нь Дэлгэрхааны Жүнгийн адууных. Бүр дээд угшил нь Галшарын оонон харын удамд хамаардаг гэдэг. Харин эцэг тал нь төрийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Даваанэрэн начингийн алдарт халзан азарганы угшилтай аж.

Ийм л нэг хурдан буян ерээд оны сүүл үеэр моринд хайртай монгол түмний сэтгэлд хадаатай явсан даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаан Хан Хэнтий нутагт анх зохиогдоход оонон хар түрүүлж, олны баяр бахдалыг хүлээж байсан. Тэр бол ерэн долоон он юм. Төрийн наадамд ирж уралдан аман хүзүүдсэнийхээ дараахан зүүн бүсийн наадам түрүүлсэн удаатай. Үндсэндээ давхар уяагаар сойгдож, нутгийнхаа тэнгэр дор манлайлан өвгөн уяачийнхаа нулимсыг олны өмнө унагасан байдаг аа. Түмэн олон шагшиж, түрүү азаргыг бүчээд авах ахуйд Хөхийн Сүрэнхор гуай олны дундуур зүсэн орж ирээд оонон харын хөлснөөс магнайдаа хүргэн, босоо хээрээс минь хойш өвгөн ноёны нутагт босоо төрсөн хүлэг энэ мөн байна гэж сэтгэл догдлон өгүүлсэн түүх бий.

1998 онд эртний нийслэл Хархоринд Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд” наадам анх удаагаа зохиогдсон билээ. Газар газрын шигшмэл хурдан хүлгүүд нэгэн дор цуглаж, хурд, хүчээ сорьсон тэрхүү уралдаанд Сандагдоржийн хар азарга Хан Хэнтий нутгаасаа ирсэн байв.

Орхон голын хөвөөнд Монголын зартай уяачид асар майхнаа зоон, уяа цэрэв татаж, түмэн эхүүдээ сойсон нь мэдээж. Тэдгээр ажнай хүлгүүдийн дунд хар азарга аргагүй нэг ялгарч байж. Зурсан, зорсон юм шиг уяан дээрээ живхрэн байсан ажгуу. Ер нь хар азаргыг биеийн ерөнхий хийц сайтай, толгой уран, дахиад ховор л төрөх ганган сайхан ажнай байсныг нүдээр үзсэн хүмүүс бахархан өгүүлдэг юм аа. Давхил нь бол ч намар оройн тэнгэрт салхины аясаар нүүж яваа үүл шиг л газрыг ууж өгдөг байсан гэдэг шүү.

Анхны “Их хурд”-д Хэнтийн аймгийн Дархан сумын уугуул, алдарт уяач У.Буяндэлгэрийн жинст хонгор азарга түрүүлсэн. Уг азарга өвгөн ноёны наадамд аман хүзүүдсэн юм. Оонон харын ард давхисан гэсэн үг. “Их хурд”-ын азарганы аман хүзүүнд Сүхбаатарын Уул баянгийн Шагдарын хул, гуравт Төв аймгийн Лүнгийн О.Жамьяндоржийн буурал духт хүрэн, дөрөвт манлай уяач Г.Батхүүгийн толин хул, тавд Ц.Сандагдоржийн хар азаргууд давхиж, аргагүй л хурдан буянууд гэдгээ нотлон харуулсан билээ. Их насанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, Ш.Лхүндэвийн хонгор магнайлан, аман хүзүүнд манлай уяач Г.Батчулууны төрийн наадмын түмэн эх болж байсан зээрд халзан, гуравт мөн манлай уяач Партизаны гэгдэх Цоогийн Доржсүрэнгийн аварга хээр давхин олон түмнийг баярлуулж байсан нь саяхан даа.

Ямар ч наадамд явна, хүүгийнхээ дэргэд байж өмөг түшиг болдог Цэрэндондог уяач оонон харынхаа алтан тэлүүр магнайг илбэнгээ “Монголын шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөхөд айрагдлаа. Өвгөн ноёны хишиг хүртсэн өндөр заяат адуу гэдгээ моринд хайртай монгол түмэндээ харууллаа. Чамаас үүнийг л хүсч байсан. Одоо л миний сэтгэл амарч, энэ олон жил хүлэг морьдын тоосонд явсныхаа хэргийг бүтээлээ” гэж дуу алдсан байдаг шүү. Уяач эзэндээ бурхнаас заяагдсан хэмээн гарцаагүй ойлгогдохоор хүлэг гэдэг тийм л үнэ цэнтэй хийгээд нэгэн насных нь баяр баясгалан, хайр харуусал, утга төгөлдөр амьдрал нь болдог буюу.

Энэ цагийн лидер уяачдын дурсамж дурдатгал, яриа хөөрөөнд ямар нэгэн байдлаар дурсагдаж, мөн ч сайхан буян байсан шүү хэмээн хайрлагддаг, өвгөн ноёны нутгаас тодорсон гойд хурдан хүлгийн тухай цухас өгүүлэхэд ийм байна. Дундговийн Эрдэнэдалайн Гомбо-Очирын саарал, Завханы Дөрвөлжингийн Туяагийн халиун, Увсын Өндөрхангайн Дамдингийн хээр, Сэлэнгийн Зүүнхараагийн Ганбаатарын манхан халзан тэргүүт их морьд хийгээд Сандагдоржийн хар азарга шиг идэрхэн ажнайнууд хөдөөнөөс ирж, төрийн наадамд бяр заан уралдан, тод манлай уяачдын зүрхэнд шар ус хуруулах болтугай гэх ерөөлийг өргөе.

Categories
мэдээ нийгэм

Визийн зөвшөөрлийн хариуг мессежээр илгээдэг боллоо

17776576_1381512821913194_2116593381_oХууль зүй, дотоод хэргийн салбар 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрейшн” зорилтыг дэвшүүлж, боломжит үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхээр ажиллаж байна.

Энэ удаад иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо. Тодруулбал, визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байгаа юм. Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Эхний удаад зөвхөн “Юнител” болон “Мобиком”ын хэрэгчдэд мессэж илгээж байгаа бол цаашид бүх үүрэн телефоны хэрэглэгчдийг хамруулах юм.

Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 93141010 дугаарын утсаар тодруулах боломжтой.

Categories
xурдан-морь мэдээ

​“ХОС ШАРГА”-ЫН ЭЗЭН

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны ах дүү хоёр шарга ажнайд зориулсан “Хос шарга” хэмээх дуу зохиогдсон даруйдаа л хит болсон билээ. Уг дууны шүлгийг туурвисан эрхмийг энэ удаа “Өдрийн зочин”-доо урьсан юм. Түүнийг Даш-Очирын Агваан гэнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул нэгэн. Аав нь сумынхаа агентаар ажиллаж байсан, морь уядаг, хурдан хүлэг шинждэг, шүлэг зохиол ч тэрлэчихдэг юм юмтай буурал байжээ. Сум орон нутгийнхаа наадамд ч айраг, түрүү багагүй хүртэж байсан гэдэг. Зочин маань эцгийнхээ гэрээсийг биелүүлснээ ийн хуучилсан юм.

“Аав минь нас өндөр болсон хойноо надад нэг зүйлийг аминчлан захилаа. Тэр нь юу байв аа гэхээр нутгийн адууныхаа цусыг сэлбэх. Хонгор нутгийн минь адуу нэг л давжаараад байх шиг санагдах юм Миний хүү адууныхаа цусыг сэлбэвэл аав нь мөн их баярлах байна аа гэж тэр нэг намрын хүйтэн бороотой зэврүүхэн үдэш галын нөмөрт дулаацан суухдаа хэлж билээ. Ингээд би чинь аавынхаа амьдад захиасыг нь биелүүлэх гэж тухайн үед хуримтлуулсан багагүй хэдхэн төгрөгөө өвөртлөөд зүүн аймгуудыг зорьсон доо” гэв.

Мань хүн Хэнтийн Галшар болоод Сүхбаатар аймгийн сумдаар явж, азарган үрээ худалдаж авчээ. Тэр нь 1999 оны наадмын дараахан аж. Баянхонгорчууд Ламын гэгээнийхээ ойг тэмдэглэн, даншиг наадам хийж байхад Агваан 57 азарган үрээ нутагтаа аваачиж, ус голын олон түмэндээ өгчээ. Дараа нь 83 азарган үрээ мөн л нутагтаа аваачсан байгаа юм. Ингэж хонгор нутгийн адууны цус сэлбэгдэж, “Агвааны угшил” гэсэн нэр хүртэл гараад авсан байна. Нас өндөр болсон эцэг нь тэгэхэд ёстой нэг хөхин баясч, “Одоо л нэг миний сэтгэл амарлаа” гэсэн гэдэг. “Аавыгаа тэгж л нэг баярлуулсан хүн дээ, би. Эцэг хүний ухаан гэдэг мөн чиг холыг хардаг юм шүү” хэмээн утга төгөлдөр яриа үүсгэх ажгуу. “Баянхонгортодоо ахынх нь угшлын морьд ид давхиж байна даа” гэж омогших нь цаанаа л бахархалтай.

Д.Агваан 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер механикийн ангийг дүүргэсэн байна. Тэгээд Дарханд хуваарилагдсан аж. Үндсэндээ ажил амьдралын гараагаа найрамдлын хот гэгддэг Дарханаас эхэлжээ.

Ерээд оны эхээр Эрдэнэт хот руу шилжин, “Тахь” нэртэй компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан гэдэг. Энэ тухайгаа “Чехээс хүнсний бараа оруулж ирэн бизнесээ эхэлж байлаа” гэж өгүүлэх ажгуу. Ерэн дөрөв, таван оны үед их хотын айл болжээ. “Дэнжийн 1000”-д лангуу ажиллуулж байгаад одоогийн “Бөмбөгөр” худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхэлж эхэлсэн гэнэ. Бөмбөгөр гэж өөрийн төрөлх сумаараа нэрлэжээ. Бас сонин юм шүү. “Бөмбөгөр” худалдааны төв, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар ийн нэрлэгдсэнийг, Агваан гэж залуу анх байгуулж байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй билээ. “Бөмбөгөрийг байгуулаад ашиг орлоготой болж, хүмүүс ч оволзоод эхэлтэл газраа бусдад алдсан даа” гээд тэр тухай тодорхой зүйл ярьсангүй.

Бөмбөгөрийнхөө дараа “Улаанбаатар палас”-ын урд тал, Кёкүшюү цамхгийн дэргэд “Хөх бүрд” гэсэн худалдааны төв нээжээ. Төрсөн газрынхаа нэрээр тийн нэрлэсэн байна. Одоо бол “Орхон” нэртэй худалдааны төв болсныг манайхан мэднэ болов уу. Мань хүн ингэж л бужигнуулж явсан байгаа юм. Өдгөө тэрээр “Вилмар” нэртэй барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна.

Олон ч айл, албан байгууллагыг орон сууцтай болгож, гал голомтыг нь бадруулсныг дурдвал барагдахгүй ээ.

Уран бүтээлчийнх нь тухайд, олны хайртай дуу хэрхэн бүтсэн түүхээс сөхвөл сонирхолтой байх нь мэдээж. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун жилийн ойгоор эзэн Чингэсийн тухай нэгэн дууны шүлэг бичжээ. Тэгээд нутгийн ах, Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд үзүүлсэн байна. Со гавьяат өнөө дууных нь шүлгийг үзээд “Тэнгэр заяа” гэсэн нэр өгч сэтгэл огшоосон сайхан мөрүүдээс дууны дундуур би өөрийн хоолойгоор уншина гэжээ. Түүндээ ч хүрсэн гэдэг.

Харин “Хос шарга” дуу хэрхэн бүтсэн тухай одоо тосч өгүүлье. 2007 онд юм гэнэ. Дотных нь анд нөхөр Э.Эрдэнэчулуун нь тод манлай уяачийн болзол хангаж, цолныхоо мялаалгад хүрэлцэн ирэх урилга хүргүүлжээ. Найздаа ямар бэлэг барих тухай бодсоноо ерөөсөө л нэг сайхан бүтээлтэй очъё гээд “Хос шарга” нэртэй шүлэг бичсэн аж. Уг шүлгээ уншихуйд Э.Эрдэнэчулуун манлайгаас аваад, Д.Даваахүү, Д.Онон нарын сэтгэл хөдөлж, эрсдэж хальсан хайран шарга аа гэсэн мөр бадагт дээрх хэлхгэр уяачид нулимсаа арчсан гэдэг шүү. Дараахан нь уг шүлэгт Н.Баасандорж гэх хонгор нутгийн залуу ая данг нь зохируулан тааруулж, өөрөө дуулснаар ард түмний хайртай бүтээл болсон аж.

Д.Агвааных хоёр охинтой гэнэ. Том охин Халиун нь Орост суралцаж байгаа бол бага охин Хулан энэ жил аравдугаар ангиа дүүргэсэн байна. Гэргий Ц.Ганцэцэгтэйгээ буудлагын спортын тамирчин байхдаа танилцсан гэдэг. Ингэхэд “Хос шарга”-ын эзэн маань буудлагын спортын мастер юм билээ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын дэлхийн шилдэг тамирчидтай хамт уг спортод хөл тавьж байсан гэдэг ээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2017.04.07/ 9 цаг 35 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалав.

Байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уг тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өмнөх жилүүдэд олон удаа яригдаж, төслийн хувилбарууд ч өргөн баригдаж, ажлын хэсгүүд гарч ажиллан тодорхой саналууд боловсруулж байсан. Энэ удаа ч Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж тодорхой хугацаанд ажиллуулж байгаа, түүнчлэн улс төрийн зарим нам төсөл боловсруулсны зэрэгцээ иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт ч зарим саналууд гаргаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа зэргийг үндэслэн тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг санаачлан боловсруулсан гэдгийг хэллээ.

Тогтоолын төсөлд Зөвлөлдөх санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах, санал асуулгын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ. Мөн зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвүүдийг тогтоолын хавсралтад заасан байна.

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу анх удаа зохион байгуулах гэж буй энэхүү санал асуулгаар нэгд, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хангах, хоёрт, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, гуравт, улс төрөөс хараат бус, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, дөрөвт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, тавд, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд 12 асуудлыг тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах, Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд зааж өгөх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох /Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүдээс бүрдэнэ/, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах зэрэг асуудлыг тусгажээ. Мөн Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох асуудлаар санал асуулга явуулахаар заажээ. Түүнчлэн төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлын хүрээнд улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид хараат бус, бие даасан байгууллага болгож зохион байгуулах асуудлыг санал асуулгын нэг гол сэдэв байхаар тусгажээ.

Түүнчлэн төрийн эрх барих байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлыг нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангахаар нэг сэдэв болгож оруулсан байна.

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг Гадаад хэргийн сайд асан дипломатч Ц.Гомбосүрэн, Соёл урлаг хөгжүүлэх төрийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Үндсэн хууль судлаач, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ц.Сарантуяа, Монфемнет үндэсний сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчиглэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их Хурлын депутат асан Д.Чойжамц, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар уг тогтоолын төсөлд тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох үүднээс зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар заажээ. Мөн Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэх хуулийн заалттай.

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байх, санал асуулгын эхний шатанд Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно. Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авахаар заажээ. Харин Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авах бөгөөд энэ шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулахаар зааж өгчээ. Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, санал худалдан авахыг хуулиар хориглосон байна.

-Зөвлөлдөх зөвлөл нь зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй ажиллах юм. Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжжийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий тусгай комиссыг Улсын Их Хурлаас байгуулж, өргөн барьсан төслийг зохих хуулийн дагуу хэлэлцэж батална гэж үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд л асуудал яригдана, түүнээс цааш халих асуудал байхгүй гэдгийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодотголоо.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, О.Содбилэг, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат, Б.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Б.Ундармаа, Н.Цэрэнбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүнээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг нэрийг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тогтоолын төслийн хавсралтын 5 дахь хэсэгт шүүх засаглал, хууль хяналтын байгууллага нь хараат бус, улс төрөөс ангид байхад чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгөх, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар явуулах, хугацааг эргэж нягтлах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн хавсралтын 6 дахь сэдвийн “шатлал бүхий” гэсэн хэсгийг хасах санал гаргасан нь дэмжигдлээ. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөл дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Оффшорын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.04.07/ хуралдаанаараа Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хуралдан:

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд офшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох.
  • Дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч, түүний хамт амьдарч буй гэр бүлийн өмнө нь офшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон эсхүл сонгогдсон өдрөөс хойш зургаан сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах.
  • Дээр дурдсан албан тушаалтан түүний хамт амьдардаг гэр бүлийн гишүүн офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албан чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолд хамаарахгүй байх.
  • Офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох.
  • Хуульд заасан хориглолтыг зөрчих, урьдчилан мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байх нь уг албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болох зэргийг хуулийн төсөлд тусгах гэсэн санал, дүгнэлт гаргасан болохыг танилцуулаа.

Түүнчлэн эдгээр өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсан байна. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 3 санал, дагалдах хуулийн төслийн талаарх 1 саналыг тус тус бэлтгэн томьёолсон байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хуулийн төслийн зарим заалтын талаар тодрууллаа. Тухайлбал, хуулийн төсөлд ХАСМ гаргадаг албан тушаалтан, түүний хамт амьдарч буй гэр бүлийнхэн гээд хуулийн үйлчлэлийн хүрээг хумьсан нь ямар үндэслэлтэй болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан асуулаа.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХАСМ гаргадаг 39.800 албан тушаалтан байдаг ба тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахаар болвол нэлээд өргөн хүрээтэй болж, хуулийн хэрэгжилтэд хүндрэл үүсэх магадлалтай хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Түүнчлэн бусад улс орны энэ төрлийн эрх зүйн зохицуулалтыг судалсны үндсэн дээр Ажлын хэсэг уг шийдвэрийг гаргажээ. Хуулийн төсөлд офшор бүс хэмээх ойлголтыг Засгийн газар тодорхойлоно гэж заасан байгаа, тэгвэл нийтийн алба хашиж буй албан тушаалтнуудыг тодорхой эрхүүдийг хуулиар хязгаарлах энэ хязгаарлалт чухам ямар улс орнуудад үйлчлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар тодрууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд “гадаад улсад” гэсэн заалт байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад үүнийг “офшор бүс” хэмээн илүү тодорхой болгохоор ярилцаж, өөрчилсөн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлав. Хуулийн төслийн 10.1.3 дахь заалтад “…офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр Засгийн газар тогтоож байх…” хэмээн тусгасан байна. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд ОУВС, ОУХАН зэрэг 3-4 байгууллага нийт 15 шалгуур үзүүлэлтийг үндэслэн жил бүр офшор бүсийн жагсаалтыг гаргадаг аж. Урьдчилсан байдлаар 42 улс энэ жагсаалтад бичигдэхээр байгаа бөгөөд жагсаалт жил бүр өөрчлөгддөг тул Монгол Улс ийм жагсаалтыг хуульдаа тодорхой заах боломжгүй. Тиймээс Засгийн газар холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн жил бүр тогтоож байхаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ОУВС-аас гаргасан офшор бүсийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, энэ хуулийн төслийн гол зорилго бол эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг нуусан, татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлүүдийг илрүүлэх, хязгаарлах гэдгийг анхаарах ёстой гэдгийг тодотгож байлаа. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө, мөнгийг нуусан үйлдэл нь илэрсэн тохиолдолд ногдуулах хариуцлагыг чангаттгасан эсэхийг лавлав. Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдвол шууд тус хөрөнгийг хураан авдаг зохицуулалттай бол хэлэлцэж буй төслөөр нэмж эрүүгийн хариуцлага тооцох талаар тусгасан хэмээн Ажлын хэсэг хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэ хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны тоог цөөрүүлж, тэдгээрт хамаарах хүрээг нь өргөтгөх байдлаар шууд 300 гаруй албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хуулийн үйлчлэлд хамруулах нь илүү үр дүнтэй гэдэг саналыг хэлж байлаа. Харин Ажлын хэсэг уг саналыг ярилцаж үзсэн ба санхүү, төсвийн эрх мэдэл бүхий нийтийн албаны 300 албан тушаалтныг хуулиар тодорхойлсон тохиолдолд үүний цаана авлигалд өртөх эрсдэл бүхий бүх шатны шүүгч, газрын албаны албан тушаалтан, түшмэд, гаалийн байгууллага зэрэг албан тушаалтан хуулийн үйчлэлд хамаарахгүй болох тул ХАСМ гаргадаг нийтийн албаны бүх албан тушаалтнуудыг хамруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарласан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, иргэдийн нэрлэж буй Монгол Улсаас офшор данс эзэмшигчдийн талаар болон офшор дансанд байршуулсан мөнгөний хэмжээ нь бодитой эсэх, мөн хэлэлцэж буй хуулийн төсөл нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх чөлөө, хүний эрхийг хангахад нийцэж буй эсэхийг асуулаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал, одоогийн байдлаар Монгол Улс нь офшор бүсээс албан ёсны мэдээ, баримт авах эрх зүйн орчин бүрдээгүй тул тоо, нэр дурдах боломжгүй гэж хариулт өгсөн юм. Харин нийтийн албанд албан тушаал хаших сонирхолтой иргэн, хувь хүний тодорхой эрхүүдийг хэлэлцэж буй хуулийн төслөөр хязгаарлахаар тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарласан.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдаан зарлалаа

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Энэ удаагийн уралдаанд судлаачид болон их, дээд сургуулийн багш нар “Газрын харилцааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр, их дээд сургуулийн оюутнууд “Хөрсний бохирдол, газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр оролцох юм.

Эссэ, илтгэлд тавигдах шаардлага:

-Өгөгдсөн сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тандан судалсан байх,

-Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хувилбаруудыг дэвшүүлсэн байх

-Гадаад орны туршлага, хууль тогтоомжийг судлан харьцуулалт хийсэн байх

-Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх

-Дэвшүүлж буй саналын нийгэм, эдийн засаг, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг тооцсон байх

-Ашигласан ном, зохиол бүтээл,, судалгааны эх сурвалжийг тодорхой дурдсан байх

-Эссэ, илтгэл нь 8-аас доошгүй хуудастай байх ба компьютерийн Word программыг ашиглан Arial фонтын 12 хэмжээгээр, мөр хооронд 1.5-ын зайтайгаар бичигдсэн байх

-Илтгэлийн цаасан дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичиж ирүүлэх

-Илтгэлийг файл хэлбэрээр CD-нд хуулж, бичмэлийн хамтаар ирүүлнэ.

Уралдаанд оролцох эссэ, илтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 12 цаг хүртэл Засгийн газрын XII байр, ГЗБГЗЗГ-ын 105 тоот өрөөнд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260785 дугаараас авч болно.

Нийт албан хаагчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Аудитын газраас таван чиглэлээр шалгалт явуулна

Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж. Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцууллаа.

Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул “Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн эсэх дээр аудитын дүгнэлт гаргана. Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг иргэдэд өндөр үнээр борлуулсан, зөвшөөрөлгүй газруудад байршуулсан эсэх талаар дүгнэлт гаргана. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг нягтлан шалгах болно. Үүнээс гадна нийслэлийн Газрын албанаас төрийн байгууллагын хэрэгцээнд газар олгосон асуудал хуулийн хүрээнд явагдаж чадсан уу гэдгийг шалгаж дүгнэлт гаргана. Тав дахь асуудал нь Авто замын хөгжлийн газарт хийгдсэн зарим төсөл, арга хэмжээг хуулийн дагуу явуулсан эсэхийг шалгаж аудитын дүгнэлт гаргана” хэмээлээ. Мөн тэрбээр “Шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулна. Үүнээс гадна байгууллагын нууцын хэмжээнд авагдсан бүх материалыг төрийн аудитын байгууллага ижил түвшинд хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ ханган биелүүлж ажиллах болно” гэдгийг тодотгож байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Related imageНийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Мөн дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар нэг сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.

Дашрамд 2015 онд дүүрэгт болсон хурдан морины уралдаанд хүүхэд унаж, эрүүл мэндээрээ хохирсон гашуун сургамж бий. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг хувьд ийнхүү хаврын уралдааныг хорьж, хүүхдийн эрхийг бүх талаар дээдэлж ажиллахыг шат шатны удирдлагуудад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сануулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.