Categories
мэдээ цаг-үе

Бөхөх одны гэгээ

Зохиолч, орчуулагч Х.Хангайсайханы “Бөхөх одны гэгээ” өгүүллэгийг хүргэж байна.

Амьдралдаа би тэр авгайг тийм сайхан явахыг харна гэж бодоогүй шүү. Тэгж бодохоос ч өөр аргагүй, үүр цүүрээр босоогүй айлын хаалга балбаж, хэрэгтэй юм шиг заавал онгойлгуулж ороод архины мөнгө гуйж, хэдэн төгрөг авахаас нааш албатай юм шиг гарахгүй, сөхрөн уйлан дуулан гуйдаг хүнийг тэгж бодохоос өөр яах билээ? Нүүр царай, үс зүс гэж авах юм байхгүй, шуудхан хэлэхэд эмгэн шулам шиг тэр амьтнаас сэжиглэхдээ бид мянган төгрөг өгч салахын түүс болж, хаалгаа хааж авдаг байлаа. Архичдын уудаг “найрка” гэж нэрлэх хорт шингэний үнэ болох мөнөөх мянган төгрөг салгаж авбал тэрээр тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлан, хэнийг ч болов үнсэх гэж зүтгэн, архи, тамхи үнэртсэн хошуугаа цорвойх нь бүх биеийн жихүүдэс хүргэнэ. Тийм байдалтай манайд олон өглөө, үдэш “хүч түрэмгийлэн” орж ирсэн болохоор бид түүнээс бүр залхаж гүйцсэн юм…

Тэр авгай чухам хэдийд манайд анх ингэж ирснийг би мэдэхгүй. Түүний, төрсөн дүүгээсээ өргөж авсан ганц охин болох Бүжингаа гэж тав, зургаан насны бяцхан охин манай бага охинтой хамт нийлж тоглодог болсноос л хамаг хэрэг үүдсэн билээ. Тэднийх бүр манай гудамжны эсрэг талын орон сууцны хуучин байранд амьдардаг айл. Нөхөр, ганц төрсөн хүүхэд нь хэдэн жилийн өмнө автомашины ослоор нас барсан юм гэнэ билээ. Ингэж бяцхан охин, охиныг өргөж авсан эжий хоёр амьдрах болжээ. Уг нь энэ авгай залуу зандан насандаа урлагт авьяасаа сорьж, муугүй бүжигчин байжээ. Улсын урдаа барьдаг бүжигчин урт хугацаагаар чөлөө, амралт авч урлагийн чухал ажлыг хийдүүлэх, таслах ёсгүй гэсэн хатуу журамтай байж, байгалиас заяасан төрөлхийн авьяасаа амьдралынхаа гялсхийн өнгөрөх зурвас үед чухамхүү эх орондоо зориулж, гадаад, дотоодод улсынхаа нүүр тахлаж өнгөрөөжээ. Хар багаасаа бүжиглэсэн учир дөч гараад л өндөр насны тэтгэвэртээ суусан аж. Түүнийг бас биеийн хэв галбир эвдэрнэ, энээ тэр гэсэн амь, албаны бодол, дарамтаас болж ганцаас илүү хүүхэд төрүүлж чадаагүй гэх юм билээ. Олон ч удаа үр хөндүүлж, бие болон сэтгэлийн зовлон амссан нэгэн гэж дам дуулснаа эргэн санав.

“Нөхөр нь цэргийн дарга байсан, хүүтэйгээ автын ослоор нас барсан, тэгээд сэтгэл санаагаар унаж, гашуун нясуун ундаагаар сэтгэлээ засдаг биз дээ. Яахав зайлуул, ядарсан амьтан, хөөрхий…” хэмээн эхнэр маань нэгэнтээ түүнийг өрөвдөн ярьсан юм. Би ч бас тэгэхэд “Ядарсан биш, задарсан авгай …” гэх гэснээ “Зовлон гэдэг хэцүү, хэнд ч ялгалгүй ирдэг хорвоо. Нөхөр, хүүхдээсээ тэгж хагацсан өдий насны эмэгтэй яаж ч сэтгэл, санаагаар өөдрөг байх билээ. Хөөрхий тэгж л гунигаа тайлж, тайтгардаг биз. Гэхдээ ухаант хүмүүн гэдэг амьтан зовлон даадаг гэдэг биз дээ…” гэж гүймэгхэн бодоод өнгөрсөн билээ. Гэтэл ёстой нөгөө даврах гэгч болдог байгаа… Эхэндээ манайхаар долоо, арав хоногтоо нэг ирж, “Бэлэн архи байвал өгөөч. Гэрт хүн ирлээ. Дараа аваад өгчихье. Архи байхгүй бол шил архины мөнгө зээлдүүлээч…” гэнэ. Бид аль байсныг нь өгдөг байлаа. Эхнэр ээлжийн, би өдрийн ажилтай тул хэн манайхаас хэзээ юу авсныг тэр бүр ярилцаад байхгүй. Харин нөгөө авгай сүүлдээ бүр өдөр өнжилгүй шахам, бүр орой, өглөөгүй ирж архины тухай “асуудал” болдог боллоо. Бодоод, ярилцаад байсан чинь надаас авсан архи, мөнгөө надад, эхнэрт ч өгөөгүй, эхнэрээс авснаа бас хэнд ч өгөөгүй болж таарлаа. Нэг өглөө хар үүрээр амьтан босоогүй байхад хүн хаалга нүдэж, бүр муу юм бодогдуулахад хүргэв. Өтөл настай хөгшчүүлтэй улс бид юу эс бодох билээ. Тэгтэл мань архичин хар авгай. Шал согтуу, шүлсээ үсчүүлэн, мэндийн ч зөрөөгүй:

– Алив, нэг шил юу… Эс … Эсвэл мян… мянган төгрөг… гэж үгээ зөөн бөгцийсөн, ёстой хөсрий царайтай юм хөл дээрээ тогтож ядан байв. Миний сэжиг хүрч, уур оволзоно гэдэг жигтэйхэн, хэлэх үгээ олж ядахдаа:

– Ёстой хуцваа, чи… гээд хүчтэй түлхээд хаалгаа татлаа. Тэгтэл хаалганы цаана арай л ойчсонгүй бололтой:

– Миний дүү, чи эгчийгээ бодооч ээ. Тэгж болохгүй ш дээ, энэ чинь, Ий ий…” гээд уйлан дуугарав. Би “Муу архичин хар авгай баашилж байгаагий нь…” гэж амандаа үглээд хаалгаа янгинатал түгжсэн тул тэрбээр хаалганы савхан мод хэдэнтээ самраад нээрээ удтал енгэнэтэл уйлж байгаад чимээ тасарч билээ.

Сүүлд бодохноо тэр авгай бараг довжоон дээр сөхөрч үсээ зулгаасан санагддаг юм. Түүнээс хойш тэр манайд дахиж ирээгүй юм. Харин нэгэнтээ би гудамжны эсрэг талын хүнсний дэлгүүрээр ажил тарснаас хойш нэлээд орой ороход мань авгай таарав. Дэлгүүрт худалдагч, тэр хоёроос өөр хүнгүй шахуу байлаа. Нэг бага насны хүүхэд юу ч юм авч гарч явлаа. Авгайн хувцас, хунар, нүүр, ам гэж тааруухан. Гэхдээ тэр нэгэн өглөө ирдгийгээ бодоход арай дээр. Хувийн дэлгүүрийн худалдагч авгайгаас шил юм гуйсан бололтой. Нэлээд царайчлангуй зогсоо нь илт байлаа. Цаадах нь энэ хүний зовлон мэдэх авч ер тоосон шинжгүй:

– Хэн минь (Тийм ээ, түүний нэрийг хэн ч мэддэггүй байсан юм. Архичин хар авгай л гэнэ) явж үз. Худалдан авагчдад битгий саад бол… гэж илт хөөж, салахын түүс болж байлаа. Авгай, намайг дэлгүүрт орж очиход цочих шиг болсноо, төдөлгүй царай нь арай баясангуй болж:

– Оо, Дамдин дүү минь. Сайн уу? Танайхан сайн уу?.. гэж зориг муутайхан мэнд мэдэв. Дэлгүүрийн худалдагч бид хоёр луу ээлжлэн нэлээд сүрхий харснаа:

– За, сонин л юм байна. Архичин авгай, албан хаагч, дарга залуу хоёр танил байдаг… гэж нэг бодлын үнэнхүү гайхаж, нөгөө бодлын ёжилж хэлэв. Би ч энэ хоёр хүнийг аль алиныг нь сайн мэдэх тул:

– Үгүй яахав даа, энэ хүнийг танихгүй хүн манай энэ хороонд байхгүй байх аа. Бас намайг ч танихгүй хүн байхгүй. Олны танил л хүмүүс байгаа биз… гэж бас нэг бодлын бяцхан заль гаргаж, нөгөө бодлын үнэнийг хэлэв. Авгай, хэдийвээр цагаандаа гарсан архичин ч гэсэн хулмалзаж байнаа. Би дэлгүүрт мах, ногооны үнэ сонирхож бараг зүгээр шахуу орсон тул юу авах билээ. Хэдэн хором саатаад гарав. Гэтэл авгай ч миний хойноос дагаад гараад ирлээ шүү. Тэгснээ нэг л зориг муутайхан:

– Үгүй, эгч нь… гээд надаас харц дальдрав. Би ч “Нүүр өгөхгүй дээ…” гэж бодсон авч, яагаад ч юм сэтгэлийг нь нэг ч болов засах санаатай:

– Таныг юм хүртэхгүй байгаа гэсэн яалаа? гэвэл авгай муухан инээмсэглэх аядаад:

– Харин, одоо, би… гэж хэдэн эв хавгүй үг хэлэв. Би түүний нүүр лүү эгцлэн харж:

– Таны нүүр царай чинь гайгүй байна, одоо цаашдаа ингээд явбал бүр сайн болно шүү дээ гэвэл, авгай царайчлангуй инээмсэглээд:

– Дамдин… Эгчдээ ганц мянган төгрөг өгчих, тэгэх үү? гэж түгдрэлгүй асуув. Би ч энэ удаад сэтгэл нэг л уярч, өөрийн эрхгүй, гар минь энгэрийн халаас руу явлаа. Энэ мөчид авгайн нүүр чухамхүү баяраар яаж гийснийг үгээр хэлэх аргагүй. Би халаасаа тэмтрэн байж мянган төгрөг гаргаж өгөхдөө:

– Эгч минь, одоо, ганц муу охиноо бод л доо. Бас биеэ бод. Таны биеийг төмрөөр хийгээгүй шүү дээ гэвэл, авгай мянган төгрөгийг нэг л яаралгүй авч, нэгэнтээ шүүрс алдаад:

– Их баярлалаа, дүү минь. Эгч нь тэгнээ… гээд цааш эргэв. Би ч гудамж хөндлөн гарлаа. Тэр өдрөөс хойш хэдэн сар өнгөрч, авгай ч, түүний өргөмөл охин ч харагдахгүй байсныг би огт анзаарахгүй явжээ. Нэгэнтээ охин минь “Бүжингаа” гэж ярихын улмаас би “Харин тэд яасан бэ?” гэж гэрийнхнээсээ асуув. Охин минь “Бүжингаагийн ээж нь архи уугаад болохгүй болохоор Бүжингаа гомдоод, уурлаад өөрийн төрсөн ээж, аав хоёр дээрээ оччихсон. Ирэхгүй гэсэн. Тэр архичин ээж нь хойноос нь очиж авчрах гээд чадахгүй байгаа. Одоо тэр архичин ээж нь ч энэ гэртээ байхгүй” гэж ярив. Эхнэр ч хажуунаас нь “Тэд энд байхаа больсон гэнэлээ. Бүжингаа, нялх охин тэр архичин авгайн хажууд яаж байх вэ дээ. Төрүүлсэн эх, эцэг нь аваа биз…” гэснээр бидний яриа дахин тэдний тухайд гараагүй уджээ.

Харин өнгөрсөн хаврын нэгэн нарлаг, тогтуун өдрийг би одоо ч сайн санаж байна. Тэр өдөр тохиолдсон үйл явдлын тухайд би гэрийнхэндээ бүр баяр хөөр болгон ярьж билээ. Дөрвөн сарын сүүлчээр юмдаг. Намайг хотын төв номын сангийн буудал дээр буутал, нүдний буланд нэг л танил эмэгтэй өртлөө. Лавлан харвал нөгөө архичин хар авгай аж. Юу вэ, ёстой төрөл арилжсан мэт байв. Хөх торгон дээл, нарийхан шар дурдан бүс, өндөр өсгийтэй, урт түрийтэй сүүлийн үеийн загварын хар гутал… түүнд зохисон гэдэг жигтэйхэн. Үс, гэзгээ ч засуулсан, нүүр амаа будсан нь гайхалтай. Тавь гарсан настай авгай гэхэд хорин тавт шиг харагдсан шүү. Би бүр уулга алдан мэндэлсэн гээч. Харин авгай над руу үнэнхүү баяртай харж, сэтгэлээсээ инээж, мэндэлснээ:

– Эгч нь тун яарч явна!.. гээд зөрж одов. Тэр хаашаа ч юм үнэнхүү яарч явсан юм. Дахин над руу эргэж ч хараагүй. Харин би түүнийг холдон, олны урсгалд далд орон ортол зогсон харж билээ. Тэр, тэгэхэд ёстой хорин насандаа Улсын дуурь бүжгийн театрт бүжиглэж байсан шигээ төсөөлөгдсөн шүү. Яг тийм л бүжигчин гоолиг бүсгүй явсан байх. Цагтаа тэр одоогийн хэллэгээр бол ёстой “Од” байсан буй заа. Од гэснээс “Бөхөх одны гэгээ дэндүү хурц байдаг” гэж би нэгэнтээ номноос уншсан ч бил үү, эсвэл хэн нэгнээс сонссон санагдана. Энэ бүхнийг өгүүлэхийн учир гэвэл, тэр хүнийг нас баржээ гэж өнөөдөр манай гэрт яриа болж байгаатай холбоотой юм шүү дээ, хөөрхий!..a

Categories
мэдээ цаг-үе

Сангийн аж ахуйн салдаггүй хэд

Төв аймгийн Жаргалантын арван жилийг 1983 онд төгссөн охид хөвгүүд манай булангийн зочид. Уг нь эдний төгсөлт дөрвөн бүлэгтэй. Гэхдээ өнөөг хүртэл “а”, “б”, “в”, “г” гэж ялгарахгүйгээр биенээ гэсээр яваа нэг ангийнхан. Дундаа “нэг ангийнхан” гэсэн групптэй. Эмнэлэгт хэвтсэн, дотнын хүнээ алдсан гээд зовлон тохиолдсон нэгнийгээ мартана гэж үгүй. Ямар сайндаа л саяхан хагалгаанд орсон ангийн охиноо бөөнөөрөө эргэж очоод “Гранд мед” эмнэлгийнхнийг гайхашруулахав дээ. Цэцэгмааг нь эмчилсэн эмч нар “Та нар тэгээд үнэхээр нэг ангийнхан юм уу. Бүлэг ялгарахгүй ийм дотно хэрэг үү” гэж ирээд гайхацгааж. 1983 оны арвынхан “Нэг ангийнхан” групп дээрээ өдөр тутмын амьдралаа хүүрнэн өгүүлэх нь холгүй юм болдог гэнэ. Асуудал гарсан нэгэндээ сэтгэлээрээ цуглуулсан таван төгрөгөө бариад очдог халуун сэтгэлтэй 1983 оны төгсөлтийнхөн сургуультайгаа холбоотой ямар ч арга хэмжээнд бөөнөөрөө шуугиад очдогоо ярив. Цэцэгмаа, Гантогоо, Норовжав, Алиманцэцэг дөрөв ангийнхнаа төлөөлж ирсэн юм. Тэдэнд “а”, “б” гэж бүлгэрхэх юм үнэндээ алга. Цэцэрлэгээсээ хамт байсан жаалууд нэгдүгээр ангид хамтдаа орж, нэгээсээ дөрөв, таваасаа найм, наймаасаа аравт дэвшицгээсэн ч найзуудын дотно харилцаатай ижилдэцгээж. Сангийн аж ахуйн хүүхдүүд болсон хойно хөдөлмөр зуслан, тариа, ногооны талбай, жимсний сад, саалийн ферм гээд хавар, зун, намаргүй ангиараа элдэв ажилд дайчлагдана. Давжаа алим, чацаргана, лууван, байцаа, төмс гээд хураагаагүй жимс ногоо үгүй гэнэ. Хавар, намрын хөөртэй өдрүүд тэднийг нэг анги мэт ижилсүүлсэн бололтой. Цэцэгмаа “Лууван хураавал луувангаа иднэ, арай л төмс идээгүй байх” гэж хошигнож байна. Хавар хичээл тарангуут жимс, ундааны цехэд ажиллаж ном, дүрэмт хувцасны мөнгөө олдог хүүхэд зөндөө байж. 800 үнээний фермд ажилласан өдрүүдээ дурсахдаа охид инээд алдаад жигтэйхэн. Майханд багшийнхаа хүүхдийг харж хоноод буханд дайруулах дөхсөн Оюунбилэг, чихэнд нь хорхой орсон Баярмагнайгийн чихэнд сүүлний тос халааж хийгээд царцааж хөглөсөн Чукагийн паян гээд охидын дурсамж дуусах шинжгүй. Алимаа Тогоо хоёр үнээ сааж, Баярмаа Бямбажав хоёр хоол хийдэг байсан л гэнэ, Гантогоо Алимаа хоёр загсаасан өрмөө алдчихаад сандарсан л гэнэ, хулгайд алдсан өрөм, талхыг нь адуу манасан хөвгүүд туучихдаг байсныг тээр сүүлд мэдсэн л гэнэ. Тэртээх өдрүүдийг өнгөтэй будагтай нь санаад дуу шуутай байна гэж.

Саалийн фермийн хөгжилтэй өдрүүдийг залгаад дээс, резин, сагс тоглож, тэшүүрээр гулгаж өнгөрөөсөн сумын төвийн хөөртэй өдрүүдийн дурсамж үргэлжлэв. Цэцэгмаагаар тэшүүр заалгаад сүүлд улсад гэж яригдах тамирчин болсон Тэгшжаргал, хагассайн бүрд болдог сургуулийн бүжгийг цагаан парчикаа толийтол индүүдээд хүлээдэг байсан охид, вальсаар гайхуулдаг Гэрэлчимэг, Бямбатогтох, Гантулга, Энхжаргал, Цэрмаа, Эвлэлийн үүрийн хурлын өмнө гитардарж “венсремос” дуулдаг улс төрийн дууны хамтлагийнхан, онц сурлагатнуудад очдог өвлийн өвөөгийн алим, иштэй чихэр, нар хамба, баавгайтай чихэрхэн багтдаг бэлгийг хоног тоолон хүлээдэг байсан ахлах ангийнхан, Жаргалант тойрсон сумдаас ирсэн өөр зуураа амь гэж жигтэйхэн дотуур байрны хэд… 1983 оны төгсөгчдийн тухай дурсамж хэдэн ч цаг өрнөж мэдэхээр юм. Цуглаж суусан дөрөв сурлагаараа үеийнхнээсээ онцгойрсон Энхбаяр, Мөнх-Уул, Өрнөхбаатар, Баярмаа, Алиманцэцэг, Оюунтунгалаг, Түмэндалай, Алтаннавч, Баярмаа, Баасанжав, Түдэвваанчиг, Мөнхжаргал, Баярмагнай, Байгальмаа Лхагвадулам, Аюурзана, Эрдэнэцэцэгийгээ дурсав. Онц сурлагатнуудын нэг Норовжав “Хүн үлдээгээд байна, манайхан гомдох вий дээ” гэж байна.

Бүлэг ялгахгүй ижилдэх болсонд багш нар нь ч нөлөөлжээ. “б”, “в”-г дааж авсан орос хэлний Хонсол, математикийн Цэрэнпил хоёр гэр бүл гэнэ. Паралель анги дааж авсан гэр бүлийн хоёр уралдаан тэмцээний үеэр ангийнхнаасаа болж өөр зуураа цагаан маргаан дэгдээдэг байж. Шавь нар нь багш нараа магтана гэж жигтэйхэн юм. Зун ангиараа багшийндаа очдогоо баахан ярив. Цэрэнпил багшийнхаа гэрт хүүхдүүд нь юм шиг л хонож өнжицгөөдөг нэг ангийнхан сургуулийнхаа 30 жилийн ойгоор хоёр багшийгаа дагуулаад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялжээ. Монголоороо аялчихаад Бээжин явсан аж. Мөн л ангиараа, гурван багштайгаа хамт. “А”-гийн Эрдэнэчимэг багшийн нөхөр нь тухайн үед хичээлийн эрхлэгчээр ажиллаж байж. Хичээлийн эрхлэгч байсан Самбуу багшийгаа дотночилдог нь ийм учиртай юм байна. Биологийн Насанхүү, математикийн Цэрэнбалжир, физикийн Жадамбаа гээд багш нарын тухай нандин дурсамж хөврөв. Дэгжин ганган, математикийг ой тойнд буутал хачин энгийн заадаг гэж Цэрэнбалжир багшийгаа магтаж байна. Физикийн Жадамбаа багшийг сургуулиараа Жа гэж хүндэтгэн дууддаг байсан гэнэ. Дотуур байрыг давхар хариуцдаг Жабагшийгаа Норовжав “Багш биднийг өглөө эртээ гэгч уулан дээр гарч билетээ унш гээд сэрээнэ. Одоо эргээд дурсах нь ээ уулан дээр дээл нөмрөөд хичээлээ уншиж суусан тэр мөч их гоё санагддаг. Үнэхээр хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг хүн байж билээ” гэж дурсав.

1983 оны төгсөлтийнхөн өөрсдийгөө шилжилтийн үеийг хэцүү туулсан гэж тодорхойлов. Гадаад дотоодод эрдэм номын мөр хөөгөөд дөнгөж ажилд орох цагт нь ерээд он залгасан гэнэ. Цэцэгмаа “Би хойно сургууль төгссөн юм. Төгсөөд иртэл ардчилал залгасан л даа. Яаман дээрээ очоод томилолтоо авна гэж бодож явсан ч огт өөр орчин угтсан. Цагийн байдал бусгаа, яамныхан бараг биднийг ад үзээстэй. Битгий ирээсэй гэж бодож байсан байх” гэж байна. Нэгдүгээр эмнэлэгт арга зүйчээр ажилладаг Гантогоо “Бид чинь хуваарь авахдаа хүртэл хүйсээрээ хэлмэгдсэн” гээд мушилзав. Тэр үед математикийн багшийн таван хуваарь ирлээ гэхэд гурав нь хүү, хоёр нь охин гэх мэтээр хүйсээр нь өгч байж. Сурлагаараа дээгүүр жагссан сурагчдын ихэнх нь охид байсан гэнэ. Охид хүйсийн хуваарилалтаас болоод өөрөөсөө муухан сурдаг хөвгүүнийг урдуураа оруулахаас аргагүйд хүрч байжээ. Эдний төгсөлтийнхөн инженерүүд олонтой юм байна. Норовжав холбооны инженер, Мөнх-Эрдэнэ барилгын зөвлөх инженер гээд жагсаавал олон хүний нэр гарах бололтой. Хөдөө аж ахуйн дээдийн хуваарийг нэлээд олон нь авчээ. Эдний анги гурван эмчтэй. Оюунтунгалаг, Аюурзана Булгамаа нар эмч мэргэжил сонгожээ. Булгамаа нь Польшид мэргэжлээрээ ажилладаг юм байна. Сургуулиа төгсөөд л нэгдүгээр эмнэлэгт эмийн санчаар орсон Байгальмаа нь өнөө ч тэндээ ажилладаг гэж ангийн охид ам нийлүүлэв. Гавьяа шагнал гэвэл салбарын тэргүүн олонтой анги юм. Хөдөлмөрийн хүндэт медальтнууд ч нэлээд хэд бий гэнэ. Охид ангийнхаа Болдбаатарыг “Алтан гадас”-тай гэцгээв.

Сангийн аж ахуйн сургуульд тохой нийлүүлснээсээ хойш өнөөг хүртэл биенээ гэсээр яваа энэ ангийнхан ойрын өдрүүдэд дахиад л цуглаад эхэлж. Сумынхаа 90 жилийн ойд тус дэм болох гэж ойрхон уулзангаа яриа хөөрөө өрнүүлэхээр товложээ. Бүгдээрээ жирийн л сайхан амьдралтай, зарим нь ач зээгээ харж халамжилж яваа 1983 оны арвынхан өнгөрсөн жилээс шинэ жилээ хамтдаа угтдаг болж. Ёолкоо ирэх жилээс уламжлал болгох санаатай байгаа гэнэ.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ спорт

”Дөрвөн уулын хишиг” барилдаан маргааш болно

Заалны бөх зурган илэрцүүд“Дөрвөн уулын хишиг” барилдааны 2017 оны эхнийх болох “Сонгинохайрханы хишиг” барилдаан маргааш болно.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах юм. Энэхүү Дөрвөн уулын хишиг барилдааныг монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох барилдаан хэмээн тодорхойлдог байна.

Categories
мэдээ нийгэм

Хаяигт халдвараас сэргийлье

Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжиж халддаг гурван төрлийн өвчин бүртгэгдэж байгаа юм.

Хачигт риккетсиоз өвчин:

Риккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд 5 дугаар сарын эхээр эзэн амьтаддаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын сүүлчээс 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хачигт хазуулсан хүн бүр риккетсиозоор өвчлөхгүй. Зөвхөн риккетси гэдэг нянгаар халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд хүн хачигт риккетсиоз өвчнөөр өвчилнө. 2014 оны 4 дүгээр сарын 2-15-ны хооронд бэлчээрийн хачигт хазуулсан нийт 69 хүн халдвартын эмчид хандаж, эмчийн үзлэгт хамрагдан, зөвлөгөө авсан байна.

Хачигт хазуулсан хүмүүст хазуулснаас хойш 2-10 хоногийн дараа халуурах, биеэр гүвдрүүт тууралт гарах, хачиг хазсан газарт үрэвсч шархлах, ойролцоох тунгалгийн булчирхай томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч, зарим өвчтөн гэрээр эмчийн хяналтанд эмчлэгдэж байгаа ба зарим нь хачигт риккетсиор өвчилж, халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хачигт риккетсиоз нь манай улсад 2005 онд анх оношлогдсон. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр уг өвчний 28-114 тохиолдол бүртгэгддсэн байна.

Хачигт боррелиоз:

Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн хачгаар дамждаг. Хачигт боррелиоз нь спирохетын төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг, ойн хачиг аль аль нь өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлэх боломжтой.

Энэ хачгийг тээгчид нь чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид болно. Хачигт хазуулсанаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх, төв мэдрэлийн системийн талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учран, тахир татуу болж болзошгүй. Өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл шинж тэмдэг амархан арилж, эмчилгээний үр дүн сайн байдаг. Хачигт боррелиоз нь манай улсад 2003 онд анх оношлогдсон ба сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр хачигт боррелиоз өвчний 9-38 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хачигт энцефалит:

Хачигт энцефалитнь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвсэлээр илэрдэг. Уг өвчнийг хүнд дамжуулагч нь дээр дурьдсан хачигт боррелиоз өвчний дамжуулагч болох 2 зүйлийн хачиг байдаг. Эдгээр хачгууд нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна. Мөн энэ халдварын байгалийн голомттой газарт оршин суугчид өвчлөх нь элбэг байдаг. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байдгааг судлаачид тогтоосон. Энэ хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчлэн амьдарч байдаг.

Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн 10 жилд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулах, халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү уух үед хүн халдварлах бөгөөд хүнээс хүнд халдвар дамжихгүй. Хивэгчид, шувуу, жижиг мэрэгчид, махчин амьтад, адуу, нохой энэ халдвараар өвчилдөг. Халдвар авсан хүмүүсийн 80%нь цусаар буюу уг вирусээр халдварлагдсан хачигнь хүн, амьтадын цус сорох үедээ вирусыг цусанд дамжуулдаг бол 20%ньхоол боловсруулах замаархалдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах, цуснаас халдваравдаг.

Хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1. Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.

2. Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах

3. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях

4. Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх

5. Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах

6. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.

7. Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах

8. Ямаа, үхрийн түүхий сүүуухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Туркийн гранпри: Д.Отгондалай алтан медаль хүртлээ

Тайландын нийслэл Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн эдгээр өдрүүдэд болж буй.

Тэгвэл дөнгөж сая тус тэмцээний 60 кг-д тулалдсан Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Отгондалай алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх тулаанаа Бангкокын боксчин Сомча Вонгсувантай хийсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна

Шороон болон цасан шуурга шуурна зурган илэрцүүдЦаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Маргааш буюу энэ сарын 9-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 10-11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 11-12-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон байгууламжийг арчилж байна

Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм.

Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлан хашлаганы хог навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна.

Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Олимп, Нарны зам, Их Монгол зэрэг гудамжнуудын зүлэгт талбай болон мод, бут, сөөгний титэм салааг нийт 8 машин ашиглан угааж байна.

Одоогоор Сөүлийн гудамж, Засгийн Газрын Ордны 2 тал, Цэрэндоржийн гудамжинд нийт 147ш улиас модонд цэвэрлэгээний огтлол, хэлбэржүүлэлтийн ажил хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгост гэрээгээр ажиллах хүмүүс даваа гаригт шалгалтаа өгнө

БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас буюу даваа гарагт эхэлнэ.

Уг шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй тул заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулав. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах аж.Шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь ирнэ. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй.

Дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна. Шалгалтын бүртгэлд эхэнд, сүүлд хамрагдсан эсэхээс үл шалтгаалж, таны шалгалт өгөх хуваарь гарсан учраас бүртгэлийн дугаарын кодоороо хэдний өдөр шалгалт өгөхөөр хуваарьт орж вэ гэдгээ нягтлах шаардлагатай. Харин солонгос хэлний шалгалтын дүн эхний ээлжийнх нь ирэх тавдугаар сарын 10-наас гарах аж

Categories
мэдээ нийгэм

ОУ-ын бурхны шашинтнуудын өдөр болж байна

гандан зурган илэрцүүдӨнөөдөр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр тохиож буйтай холбогдуулан ёслол, айлтгалууд хийж байна. 2014 оны 12 дугаар сард Япон улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган”-ы VI уулзалтаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхаглажээ. Улмаар 2015 оноос жил бүр энэ өдрийг буддын шашин сүсэглэдэг дэлхийн 41 орны хамтаар Монгол Улсын буддын шашинтнууд тэмдэглэсээр ирсэн билээ.

Өнөөдөр 11:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Мигжэд Жанрайсигийн өмнөх талбайд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдсан байна. Айлтгалын дараа Д.Чойжамц тэргүүтэй зочид төлөөлөгчид Мигжэд Жанрайсиг бурханд хадаг, зул сэлт тахил өргөжээ. Сүсэгтэн олныхоо хамт лам хуврагууд төр түмний их шүтээн, Мигжэд Жанрайсиг бурханд Мандал өргөж, сүсэгтэн олондоо зориулан Гавсүм, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жинлавцогзол, аравдугаар Богдын нүржин солдэв зэрэг номуудыг хурж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны компаниуд алдагдалтай ажиллажээ

Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниуд жил бүр тайлангаа гаргадаг. Эдгээр тайланг нэгтгэж жилийн эцсийн байдлаар гаргажээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар 18 компани ашигтай ажиллаж 29 компани алдагдалтай ажилласан байна.

Үнэт цаасны компаниудын активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 33,5 тэрбум төгрөг буюу 56 орчим хувиар, эзэмшигчдийн өмч 12.9 тэрбум төгрөг буюу 23 орчим хувиар өссөн боловч компаниудын өр төлбөрийн хэмжээ ес дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.