Манай улс Европын холбооны улс орнууд руу бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргаж буй талаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболдтой ярилцлаа.
-Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд ямар байдлаар хамтран ажиллах санал солилцов?
-Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан нь хоёр талын улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцох, байр сууриа илэрхийлэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох үндсэн механизм юм. Хуралдааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан, Хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн хурлыг хийснээс гадна Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг анх удаа зохион байгуулснаараа онцлог болж байна.
-Монголын бараа бүтээгдэхүүн Европын улс орнууд руу гарахад ямар хөнгөлөлт дэмжлэг үзүүлж байна вэ?
-Европын холбооны талаас Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг авах боломжийн талаар санал солилцсон. Европын холбооны худалдааны хөнгөлөлтийн “GSP+” хөтөлбөрт Монгол Улсыг үргэлжлүүлэн хамруулсанд талархал илэрхийлж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд уг хөнгөлөлтийг үр дүнтэй ашиглах талаар санал солилцлоо. Түүнчлэн Монголын экспортын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, борлуулалтын сүлжээнд нэгдэн орох, Европын холбооны зах зээлд сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн томоохон төслүүдийг сурталчлан хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр Европын холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа эрхэлсэн төрийн болон бусад байгууллагатай хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай яригдсан. Европын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Европын Комиссын энэ чиглэлийн санхүүгийн арга хэрэгсэлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн. Хамгийн чухал нь Европын стандартыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүн, энэ чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
-Монголын бараа, бүтээгдэхүүн татваргүй нэвтрэх эрхтэй болдог манай улсад олгосон хөнгөлөлтийн системийн талаарх мэдээллийг хүргэхгүй юү?
-Дэлхийн хөгжиж байгаа орнуудад худалдааны хөнгөлөлт буюу импортын тарифын хөнгөлөлтийг дангаараа олгох систем болох Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ нь Европын холбооны зах зээлд экспортлогч хөгжиж буй улсуудыг дэмжихэд зориулагдсан. Энэ нь Европын холбооны зах зээлд нэвтрэх үед бараа бүтээгдэхүүнээс тарифыг хөнгөлөх журмаар хэрэгждэг.
Монгол Улсын хувьд энэхүү хөнгөлөлтийн системд 2005 оноос эхлэн хамрагдаж байгаа бөгөөд нийт 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт эдэлж байна. GSP+ зохицуулалтын үр өгөөжийг ноолуур, ноолууран бүтээгдэхүүний худалдаа нэлээд хүртсэн. Европын холбооны улсуудын сүлжмэл хувцас ба хувцасны сүлжмэл тоног хэрэгслийн ердийн тариф 12 хувь, үхэр адууны боловсруулсан ширний ердийн тариф 6.5 хувь байдаг бөгөөд Монгол Улс Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсанаар дээрх нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортолж байна. Европын холбооны зүгээс Хөнгөлөлтийн ерөнхий системийн дүрэм журмаа 2014 онд шинэчилсэн бөгөөд шинэчлэгдсэн гол зорилго нь хамгийн хэрэгцээтэй байгаа улсууд буюу хамгийн бага хөгжсөн болон бага, бага дунд орлоготой улсуудад гаалийн тарифын хөнгөлөлтийг төвлөрүүлэх юм. Энэхүү хөнгөлөлтийн системд манай улсаас гадна Киргизстан, Армени, Пакистан, Филиппин, Кап Верд, Болив, Парагвай гэсэн нийт найман улс орон одоогийн байдлаар хамрагдаж байна.
-Манай улсын гадаад худалдааны тоо баримт, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэхгүй юү?
-Манай улс 2016 онд дэлхийн 151 улс, оронтой худалдаа хийснээс 74 улсад бараа экспортолж, 152 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8275.3 сая ам.доллар боллоо. Экспортын дүн импортын дүнгээсээ давж гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтэд экспорт 4917.3 сая ам.доллар, импорт 3357.9 сая ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн 60 орчим хувийн худалдааг БНХАУ-тай, 10 гаруй хувийг ОХУ-тай хийсэн бөгөөд Европын холбооны орнуудаас 330 сая евро бараа бүтээгдэхүүн импортолж, 67 орчим сая евро экспортлосон байна.
-Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хүрээнд манай улсаас тодорхой тоотой нэр төрлийн барааг Япон улс руу татварын тэг нөхцөлтэйгөөр экспортлох боломж өнгөрсөн жилээс эхлэн нээгдсэн. Энэ хүрээнд манайх таатай энэ нөхцөлийг хэр ашиглаж байна?
-Хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологийг нэвтрүүлэх зорилгыг тавьсан. Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг авч үзвэл жилдээ 300 орчим сая ам.доллар бөгөөд үүнд Японы импорт дийлэнх хувийг эзэлдэг. 2016 онд худалдааны эргэлт 344 сая ам.доллар болж, 2015 онтой харьцуулбал 17 хувиар өссөн. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Японы хувийн хэвшил Монголыг сонирхох сонирхол ихээхэн нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хоккайдо, Шизүока зэрэг мужийн бизнесүүд удаа дараа ирж бизнес харилцаа холбоо тогтоох арга хэмжээг зохион байгуулсан байна. Түүнчлэн Японы хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилгоор Монголын мах, чацаргана, сүү зэрэг бүтээгдэхүүний талаарх судалгааг Японы талаас хийсэн. МҮХАҮТ-аас мэдээлснээр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 80 гаруй сая ам.долларын экспортын бараа, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгосон. Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, бизнес форум, үзэсгэлэнг ирэх долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Европын холбооноос 2014-2020 оны хооронд 65 сая еврогийн буцалтгүй тусламж манай улсад үзүүлж байгаа. Энэ буцалтгүй тусламжийг юунд зарцуулж байна вэ?
-Европын холбооноос Монгол Улсад 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд олгож буй 65 сая еврог орлогыг тогтвортой хөгжилд зарцуулах сайн засаглалыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд зарцуулахаар тогтсон. Энэ хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Европын стандарт, норм, хэм хэмжээг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нутагшуулах зорилтын хүрээнд “Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж, стандартыг тогтооход шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд ажиллалаа.
-Цаашид Европын улс орнууд руу бараа бүтээгдэхүүн гаргахдаа юунд анхаарах нь зүйтэй гэж харагдаж байна?
-Европын холбооны хөнгөлөлтийн системийн үр өгөөжийг цаашид дотоодын аж ахуйн нэгжүүдэд сайтар таниулан сурталчлах шаардлагатай гэж үзэж байна. Үүний сацуу хамгийн чухал болоод байгаа асуудал бол тарифын бус хориг саад, импортоор гарч буй бараа бүтээгдэхүүний стандарт буюу чанар, зэрэглэл болоод байна. Энэ чиглэлээр Европын холбооны зүгээс Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.
-Саяын хуралдаанаар бараа бүтээгдэхүүний бүртгэгдсэн системийг бий болгох нь гадны зах зээлд бараа бүтээгдэхүүн гаргахад маш чухал хэрэгтэй гэж хэлж байсан. Үүнд манай улс бүртгэгдсэнээр ямар давуу талууд үүсэх вэ?
-REX буюу Бүртгэгдсэн экспортлогчийн систем нь Европын холбооны улсуудад гарал үүслийг эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгон баталдаг байсныг орлох шинэ систем. Энэ системийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэн. REX системийг нэвтрүүлснээр 2017 оноос эхлэн экспортлогчид бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн талаар өөрсдөө мэдэгдэл гаргаж, түүнийгээ батлах үүрэг хүлээх юм. Экспортын бүрдүүлэлтийн дараахь хяналт шалгалтыг хөнгөвчлөх үүднээс экспортлогч нь гарал үүслийн улсынхаа эрх бүхий байгууллагад цахим бүртгэлтэй байх шаардлагатай. Тухайн бүртгэгдсэн мэдээллийг тус эрх бүхий байгууллага нь Европын комисст тухай бүр илгээнэ. Европын комисст бүртгэгдсэн экспортлогчдын төвлөрсөн мэдээллийн сан байх бөгөөд аж ахуйн нэгжүүд ханган нийлүүлэгчийнхээ талаарх мэдээллийг нягтлах зорилгоор нээлттэй ашиглах боломжтой байх юм. Монгол Улсын хувьд дээр дурьдсанчлан GSP+ хөнгөлөлттэй нөхцөлөөр Европын холбооны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой бөгөөд энэ нь бараг бүх төрлийн Монголын гарал үүсэлтэй барааг гаалийн татваргүйгээр Европын холбооны зах зээлд нийлүүлэх боломжтой гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар тус нөхцлөөс хамгийн их ашиг тус хүртсэн бараа нь ноолууран бүтээгдэхүүн байгаа бөгөөд цаашид эдгээр экспортын бараа, бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэхийг Европын холбооны зүгээс уриалж байгаа болно. Иймд цаашид бүртгэлийн ажлын ачаалал улам нэмэгдэх магадлалтай.
Манай улсын хувьд тус системийн хэрэгжүүлж эхлэхийн өмнө аж ахуйн нэгж өөрийн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг гэрчилж байсан туршлага байхгүй тул хууль, эрх зүйн зохицуулалтыг нь боловсруулан гаргах, экспортлогчдыг бүртгэх эрх бүхий байгууллага тодорхой болсны дараа экспортлогчдод зориулан мэдээлэл өгөх арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг авах шаардлагатай юм.
-Европын холбоо Монголд төлөөлөгчийн газраа нээх тухай таатай мэдээлэл саяын хуралдаанаар дуулдсан. Хэзээ нээгдэх гэж байна?
-Европын холбооны тал дипломат төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо нээхээр бэлтгэлээ базаан ажиллаж байна. Манайд Европын холбооны бүрэн эрхт төлөөлөл бий болсноор хоёр талын харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, манай улсын нэр хүнд олон улсад өсөх зэрэг чухал ач холбогдолтой юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад манай улс экспортын бүтээгдэхүүний тоогоо дорвитой нэмэгдүүлж чадахгүй байгаагийн цаад шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Манай экспортын гол бүтээгдэхүүн болох эрдэс бүтээгдэхүүн, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт нь манай экспортын болон төсвийн орлого, нийт эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаад зах зээлийг өргөжүүлэх нь Засгийн газрын хувьд тэргүүлэх зорилтын нэг юм. Экспортод чиглэсэн үйдвэрлэлийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны түнш орнуудын зах зээлд нэвтрэхэд учирч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, хилийн чанадад Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин болон бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, “Монгол брэнд” бий болгох зэргээр экспортыг дэмжихэд чиглэсэн бодлого, стратегийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн оролцоо бүхий “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн “Монгол экспорт” хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна.
Б.ДОЛЗОДМАА