Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2017.04.12) нэгдсэн хуралдаан 55.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 25 минутад эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд явагдсан хээрийн сургуулилалтын үеэр гарсан осолтой холбогдуулан амь насаа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Түүнчлэн осолд өртөн, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа найман цэргийн албан хаагчийн эмчилгээ, эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг Эрүүл мэндийн сайдад УИХ-аас үүрэг болгосон юм. Тайван цагт дэлбэрэлт болж хүний амь нас эрсэдсэн энэ тохиолдол нь салбарын сахилга, хариуцлага сул байгаагийн илрэл хэмээн УИХ-ын дарга тэмдэглээд, осол гарах болсон шалтгаан, нөхцлийг шуурхай тогтоон, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлов. Хэлэлцэх асуудлыг баталсны дараа УИХ-ын дарга хуулийн төсөл эргүүлэн татах тухай Ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичгийг уншиж, танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа тус албан бичгээр мэдэгджээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны хоёрдугаар дүгнэлтийг сонсов. Үндсэн хуулийн цэцийн тус дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа (илтгэгч), Д.Солонго, Д.Одбаяр, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Нацагдорж оролцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон тогтоосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан дүгнэлтдээ

1. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтын 5-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн газар” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай хэмээжээ.

Үндсэн хуулийн цэцийн тус дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хоёр, гуравдугаар асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж буйг танилцуулав. Тэрбээр, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг боловсруулахад ОУВС оролцсон эсэхийг тодруулах, Хүүхдийн мөнгө олголтыг 50 хүртэл хувиар танаж, нийт хүүхдийн биш, өрхийн гэдэг тодорхойгүй нэр томъёо хэрэглэж байгаагийн зэрэгцээ сайд нарын зардлын багц 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж буйг тодруулах, тэтгэврийн насны дэлхийн жишиг Монгол Улсад нийцэх эсэхийг эргэж харах, мөн хос хөдөлгүүрт суудлын автомашинд олгодог импортын онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулснаас 375.000-5.000.000 төгрөг хүртэлх татвар ногдуулахаар болсныг залруулах, иргэдийн татварын ачааллыг нэмэгдүүлэн, үүний хамт цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг 3 жил царцааж байгаа шийдвэрийн үр нөлөөг судлах, эдийн засгийн хүндрэлтэй үед НДШ-ийг нэмэгдүүлэх нь буруу хэмээн үзсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч байна хэмээн танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурал богино хугацаанд шуурхай хэлэлцэн, батлах эсэх нь Монгол Улс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэхтэй шууд хамааралтай нөхцөл байдал үүсгэж буйг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүд ойлгож байгаа хэмээн найдаж байна гэлээ. Улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах хамгийн зөв арга зам бол ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэг, зөвлөгөөг авах, бодитой үнэлэлт дүгнэлт гаргуулах явдал мөн гэж Улсын Их Хурлын гишүүд, олон нийт үзэж байгааг мөн тэрбээр хэлсэн юм. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д “…Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно…” гэж заасныг үндэслэн гурван цагийн завсарлага өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.

Хот төлөвлөлт, дэд бүцийн хүрээнд гурван илтгэл тавигдсаны нэг нь Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батжавын “Монгол Улсын хот байгуулалтын бодит байдал” илтгэл байлаа. Түүний илтгэлд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутагт төлөвлөлт, зохион байгуулалт хийх нь зүйтэй гэсэн гол санааг хөндсөн байв. Ингэж чадвал агаар орчин, хөрсний бохирдол буурах болно гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл сэдвийн хүрээнд долоон илтгэл тавигдсан. Доктор, профессор Ц.Цэдэвдамбын “”Монгол өргөө” төсөл, “Эй Ди Ти” компанийн захирал Т.Зая “Цэвэр агаарын БАЯНБҮРД” төхөөрөмжийн талаарх танилцуулгыг хийв. Баянбүрд төхөөрөмж нь бохир агаарыг сорж ионжуулан цэвэршүүлдэг бөгөөд ойр орчмын 10 мянган ам метр талбайн агаарыг цэвэрлэх хүчин чадалтай гэнэ. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол гэрийн цахилгаан тулга” буюу уламжлалт зуухны оронд хэрэглэж болох цахилгаан төхөөрөмжийн талаар “Мөнх амар дулаан” ХХК-ийн захирал Г.Мөнхбат танилцуулсан бол устөрөгчийн генератороор түлшийг шийдэх арга замын талаар ахмад инженер И.Бодий танилцуулсан юм.

“Иргэдийн оролцоо, шийдэл” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн профессор, Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж, СХД-ийн иргэн Ж.Бямбасүрэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга Б.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар илтгэл тавилаа.

Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэж, бодит ажил болгоход аль ч шатанд хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны гишүүн Б.Найдалаа, ХАС банкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул нар илтгэлдээ дурьдаж байв.

С.Батболд: Хязгаарлалтын дэглэмийг хатуу баримтлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдрийн тавьсан илтгэлүүдээс аваад ажил хэрэг болгох санаа маш их байна. Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ дэглэмээ маш сайн барина. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын жорлонгийн асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавигдсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллах бололцоотой” гэсэн юм.

Д.Оюунхорол: Хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Олон сайхан бодит ажил болж болохуйц илтгэлүүд тавигдаж байна. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад санаа зовниж, сэтгэл гарган ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүддээ талархсанаа илэрхийлье. Энэ чиглэлээр хийх гэж буй ажил, төсөл хөтөлбөрүүдтэй БОАЖЯ хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг чухал асуудал. Агаарын бохирдолтой тэмцэх ажил нь богино хугацаанд нэг шийдлээр шийдэгдэх асуудал биш гэж бодож байна. Олон арга хэлбэрүүдийг тууштайгаар төр захиргааны байгууллагын зохицуулалт, оролцоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Бид агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг санаа зовниж явдаг гэж бодож байна. БОАЖЯ та бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа гэдгийг дахин хэлмээр байна” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн уулзалт бие биедээ мэдээлэл өгч чадсан үр ашигтай болж чадлаа. Харьяа яам, нийслэлийн удирдлагууд, төрийн болон бөрийн бус байгууллага, иргэдийг орлцуулж санал бодлыг нь сонслоо. Ууулзалтаас уулзалтын хооронд бидний ярьсан шийдэлд ахиц дэвшил гарч, бодит ажил болж байх ёстой гэж би бодож байна. Өнөөдрийн уулзалтад ирсэн та бүхэндээ талархсанаа идэрхийлье” гэлээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: Гурван саяулаа оффшорчдыг гишгэх газаргүй болгоё

Оффшорын эсрэг цуглаан өнөөдөр Сүхбатаарын талбай дээр боллоо. Энэхүү жагсаалыг өмнө нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хагас нүцгэлэн жагссан Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй эмэгтэйчүүд зохион байгуулав. Өнөөдрийн жагсаалд ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө ээжүүд монгол дээлтэйгээ оролцлоо.

Цуглаанд Ахмадын холбооны Г.Баасан оролцож үг хэллээ. Тэрээр, “Хүн болгон 14 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Гурван саяулаа оффшорчдыг гишгэх газаргүй болгоё. Бидний хайран сайхан улс маань шаахайн мөрөөр дүүрлээ. Монголчууд тогоотой хоолондоо хууртаад байна. Өнөөдөр монгол ээжүүд цуглаж байна. Ээж хүн гэдэг бүхэл бүтэн хүнийг бүтээж, төрүүлж, өсгөж, хүмүүжүүлдэг юм. Энд 94 настай буурай оффшорын эсрэг жагсахаар ирээд байна. Монгол хүн гэдэг бол монголынхоо төлөө санаа зовдог хүмүүсийг хэлдэг юм. Дэлгэцний цаана суучихаад хэн нь дийлэх вэ гэж харж суудаг хүнийг эх оронч гэдэггүй юм шүү. Бид алдаж болох юмаа бүгдийг алдлаа” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сургалтын төвд болсон ослын талаар танилцууллаа

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа.

Уг өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ-аас баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж байх үеэр байлдааны гар гранат тэсэрч, цэргийн хоёр алба хаагч амь эрсдэн, найман алба хаагч хүнд, хөнгөн шархадсан харамсалтай осол гарсан юм.

Бие бүрэлдэхүүн гар гранатын үүрэг зориулалт, тактик техникийн өгөгдөхүүний талаар холбогдох хичээлийг онолын болон дадлагын хэлбэрээр зохион байгуулж, төгсгөлд нь байлдааны гранаттай сургуулилтын бэлтгэлийг хангах үеэр тэсрэлт болжээ.

Амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байсныг ЗХЖШ-ын удирдлагууд илтгэлээ.

Шархадсан найман албан хаагч эд эрхтэний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд оруулжээ. БХЯ, ЗХЖШ-ынхан ослын газарт шуурхай ажиллаж, амь эрсэдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэдний болон шархадсан цэргийн алба хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол сайд өрхийн эмнэлгүүдэд иж бүрэн компьютер олгов

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-ын сонгуулийн 49-р тойрог буюу БЗД-ийн I, II, III, VII,XXI,XXVII дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн компьютер гардууллаа.

Д.Оюунхорол “Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах” өдөр буюу 3 дугаар сарын 30 нд ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатын хамт тойргийнхоо ӨЭМТ-үүдийн эмч, сувилагч, ажилтан албан хаагч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Энэ үер өрхийн эмнэлгүүдийн 10 гаруй жил хэрэглэсэн компьютер тоног төхөөрөмж нь хэвийн үйл ажиллагаагаа явуулах шаардлага хангахгүй байгаа тухайгаа тойргоос сонгогдсон гишүүндээ учирлаж байлаа. Энэ хүсэлтийг хүлээн авч тойргийнхоо зургаан хорооны Өрхийн эмнэлгүүдэд тус бүр нь 1.7 сая төгрөгний үнэ бүхий иж бүрэн компьютер ийнхүү олголоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хамгийн ойр байж тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй үзүүлж байдаг өрхийн эмнэлгийнхэндээ ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын усны чанарыг шалгана

Япон улсын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” -ийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын усны чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, тогтмол хянах, цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх стратегийг боловсруулах зорилгоор “Нуурын усны чанарын хяналтын хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх гурван жилийн хугацаат зөвлөх үйлчилгээний гэрээт ажлыг гуравдугаар сараас эхлэн Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Найчрал Састайнэблэ” ХХК гүйцэтгэж байна.

Усны чанарын хяналтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд цаг уурын нөхцлөөс хамааран өвөл, зун, намарын хугацаанд усны хими, нуурын усны баланс, микро-биологи, усны биологи, агаарын чанар, хөрсний гүний бохирдол, газар ашиглалтын судалгаанууд хийгдэхээр болжээ.

Мөн хээрийн судалгаанд усны хими, микро-биологийн явуулын лаборатори ажиллах бөгөөд усны түвшин, ууршилт хэмжигч, цаг уурын автомат станцуудыг нуурын эргэн тойронд суурилуулан цаг бүрийн өгөгдлийг нарийвчлан цуглуулж дүгнэлт хийх болно. Усны химийн дээжийг суурьшлын бүсэд 500м тутам, бусад бүсэд цутгал гол бүрт 0-10м, 10-20м, 20-30м –т ангилан усны дээж авагчаар авч усны гүнээс хамаарсан өөрчлөлт байгаа эсэхийг тогтооно. Усны биологийн судалгаанд нуур болон цутгал голуудын загас, усны сээр нуруугүйтэн амьтдын био-индикатор чадварт үндэслэн чанарыг тодорхойлох, зүйлийн бүрдлийг тогтоох зорилготой судалгаа хийгдэнэ. Хөрсний гүний судалгааг хийхдээ задгай болон нүхэн жорлонгийн бохир ус хөрсний гүнээр дамжин нуурын усыг бохирдуулж байж болзошгүй байшгааг харгалзан жорлон хоорондын хэвгийд жорлонгийн нүхний ижил түвшинд өрөмдлөг хийж дээжинд микро биологийн болон чанарын шинжилгээ хийх юм.

Нуур хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, нутгийн байгууллага, иргэдийн саналд үндэслэн агаарын чанарын хэмжилтийг жуулчдын ачаалал ихтэй сард Жанхайн даваа орчимд хийж үүссэн тоосжилт болон агаарын бохирдол нь нуурын ёроолын хурдсанд нөлөөлөх нөлөөллийг тогтоохоор ажиллаж байна.

Газар ашиглалтын судалгааг Хатгал тосгон, Ханх сумын газар ашиглалт нь Усны тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгын тухай хуулийн заалтуудтай ямар түвшинд нийцэж байгааг судлан, цаашид гэрээт ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана. Усны чанарын хяналтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлээх гэрээт ажил дуусах үед цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх байгууллагыг боловсон хүчний чадавхи дээр нь үндэслэн сонгож хөтөлбөрийг хүлээлгэн өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

Олон тооны бурхан тахил, судар хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн хоёр автомашинд ачсан, баримт бичгийн бүрдэлгүй 1,700 ширхэг гүйлсний модыг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад ХХАА-н сайдын 2015 оны А-90 тоот тушаалын хавсралтын Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй илэрсэн тул тээврийн хэрэгслийг саатуулжээ.

Түүнчлэн жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авч, цацаг далавчтан илэрсэн төмсийг гүний хяналтад шилжүүлэн, албан шаардлага өгөв.

Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах төсвийн танилцуулга, Үндэсний сурын харваачдад улсын цол олгохоор өргөн мэдүүлэх тухай,төрийн хүндэтгэлийн концерт, үүрэг чиглэл өгөх гэсэн дарааллаар явагдсан юм.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. Дээрх төсвийн зардлыг хэлэлцээд, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхээр болов.

Мөн Үндэсний сурын цолны болзол хангасан Дархан мэргэн цолоор 6 хүн, Даяар дуурсах мэргэн цолоор 2 хүн, Даян мэргэн цолоор 8 хүн, Гарамгай харваач цолоор 23 нэр бүхий хүмүүсийг цол олгуулахаар Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Харин Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болов. Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадам зохион байгуулах комиссын гишүүдэд хандаж салбар хороодын дарга нар хариуцсан ажлаа сайтар хянах, нягт зохион байгуулах, Аж ахуйн чиглэлийн ажлыг газар дээр нь очиж танилцаж, бэлтгэл хангуулахыг үүрэг болголоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Твиттер хөтлөгчдийн анхааралд

Манай сонины “Хэлэх эрхийн индэр” гэж булан бий. Энэ булангаар дамжуулж иргэд өөрсдийн үзэл бодлоо ямар нэгэн цензургүйгээр чөлөөтэй илэрхийлдэг. Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд төдийгүй яам, агентлагийн дарга нарт үгээ дайж болно. Заавал төрийн албаныхан гэлтгүй найз нөхөд, ах дүү гээд ер хэнд ч болов үгээ хэлсээр дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд “Хэлэх эрхийн индэр”-ээр дамжуулан үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хүний тоо мянга хол давжээ. Цаана нь дахиад олон зуун хүний хүсэлт бий. Сониныхон дундаас ингэж уншигчдадаа зай, талбай гаргаж өгдөг газар магадгүй манайх ганцаараа байх. Тиймээс уншигчид боломжоо алдалгүй ашигладаг юм. Бас “Хэлэх эрхийн индэр”-ээр дамжуулсан үг бүр эзэндээ хүрдэг. Яагаад гэвэл манай сонин Монгол орны өнцөг булан бүрт хүрч байгаа. Ерөнхийлөгч ажлынхаа өрөөнд “Өдрийн сонин”-ы шинэхэн дугаарыг гарчиглаж байхтай зэрэгцэн малчны хотонд манай сонины хуудсыг эргүүлж байдаг юм. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн мэргэдээс эхлээд жирийн иргэд ч гэсэн “Хэлэх эрхийн индэр”-т хандаж байна. Бид энэхүү буланд оролцох хүмүүсийг сониныхоо “Асуух эрхийн танхим”-д хүлээж авдаг. Хүн асуух танхимтай, хэлэх индэртэй байна гэдэг ардчилсан нийгмийн хамгийн том давуу тал. Бид хэнээс ч хараат бус байдлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байвал ардчилсан нийгэмд амьдарч буйн баталгаа болно. Харин манай сониноор дамжуулан үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн хариуцлагыг бид хүлээдэг. Хоёр долоо хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн Э.Алтанзаяа “Халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж Монголд оруулж худалдаалаад байдаг юм биш биз” гэж ярьжээ. Харин үүнийг твиттерийнхэн шүүрч аваад янз бүрээр л бичиж байна. Гэхдээ ихэнх нь сөргөөр хүлээж авчээ. “Өдрийн сониныхон минь ийм зүйл ч бичих гэж дээ. Архийг монголчууд бас бодлогоор худалддаг гэх гээ юү. Энэ хүүхэн ийм гажиг юм бичив үү, эсхүл сэтгүүлч бичив үү. Өөр бичих сэдэв олдоогүй юм байх даа” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлжээ. Цахим ертөнц, тэр дундаа эрхэм твиттерчдийн дургүйг хүргэсэн бол уучлаарай. Бид “Хэлэх эрхийн индэр”-т үгээ хэлэхээр ирсэн уншигчдадаа нээлттэй байдаг. Ганц шаардлага бий. Тэр нь хүн муулахгүй байх. Аливаа нэгэн баримт нотолгоогүйгээр хэн нэгэн рүү дайрч давшилсан, элдэв муухайгаар хараасан зүйл нийтлэхийг бодлогоор хориглодог. Бусад нь нээлттэй. Тиймээс хүний хэлэх эрхээ эдэлж буй эрхэд жаахан соёлтой зангаар болгоомжтой хандаж баймаар байна шүү.


Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол, удахгүй зохион байгуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2017.04.12/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр тус Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн зарим гишүүд оролцов.

Хэвлэлийн хурлын эхэнд Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа болон зөвлөлдөх санал асуулгын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж, Улсын Их Хурлын тогтоол баталлаа. Энэ тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөл эхний хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг сонгосон байна. Мөн Үндэсний статистикийн хорооны боловсруулсан нэг дэх шатны санал асуулгын асуултыг баталсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг байгуулах, ажлын төлөвлөгөөг батлахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу тус Байнгын хороо ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өмнөх жилүүдэд олон удаа яригдаж, төслийн хувилбарууд ч өргөн баригдаж, ажлын хэсгүүд гарч ажиллан тодорхой саналууд боловсруулж байсан. Энэ удаа ч Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж тодорхой хугацаанд ажиллуулж байгаа, түүнчлэн улс төрийн зарим нам төсөл боловсруулсны зэрэгцээ иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт ч зарим саналууд гаргаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа зэргийг үндэслэн Улсын Их Хурлаас энэхүү тогтоолыг баталсан.

Нөгөө талаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох үүднээс зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар заасан байгаа. Мөн зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэх хуулийн зохицуулалттай.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулах гэж байна гэдгийг тэрбээр онцолсон юм.

Зөвлөлдөх санал асуулга нь 2 үе шаттай явагдах бөгөөд өнөөдрөөс буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цагаас орон даяар санал асуулгын 1 дүгээр үе шат эхлэх юм байна.

Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны судалгааг орон даяар явуулах бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг сонгоод байгаа аж.

Зөвлөлдөх санал асуулгы 2 дахь шатанд Үндэсний статистикийн хороо нэг дэх шатанд оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгож 2 дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад ирэх иргэдийг сонгох юм байна. Эдгээр сонгогдсон иргэд 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд хэлэлцүүлэгт оролцоно.

Ингэхдээ зөвлөлдөх уулзалтад оролцогчдыг 15-аас илүүгүй хүнтэйгээр жижиг бүлэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгож, тухайн бүлгийн оролцогчдод мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Төрийн ордон болох зөвлөлдөх уулзалтаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан үндсэн 6 сэдвийн хүрээнд хамаарах асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд:

Зөвлөлдөх санал асуулгын сэдэв

1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах:

1.1.Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох;

1.2.Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах;

1.3.Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах.

2.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох:

2.1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох. (Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдээс бүрдэнэ);

2.2.Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах.

3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх:

3.1.Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох;

3.2.Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх;

3.3.Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах.

4.Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх:

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх;

4.2.Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох.

5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах:

5.1.Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох;

5.2.Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;

5.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох.

6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах.

Ингэхдээ дээрх үндсэн 6 сэдвийн хүрээнд тэнцвэртэй мэдээллийг иргэдэд өгөх үүрэг бүхий тухайн асуудлаар мэргэшсэн, туршлагатай экспертүүдийг сонгож ажиллуулах юм байна.

Зөвлөлдөх санал асуулгын дараа Үндэсний статистикийн хороо 2 шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын дүнгийн тайлан гаргаж, 5 дугаар сарын 04-ны өдрийн дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах агаад Зөвлөлдөх зөвлөл 5 дугаар сарын 05-ны дотор зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд танилцуулах аж.

Харин Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэсэн зөвлөмжийг харгалзан үзэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд мэдээлнэ. Зөвлөлдөх санал асуулгыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгаж шийдвэрлэх юм.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.