Categories
мэдээ цаг-үе

А.Бат-Эрдэнэ: Шог зураачид бол нийгэмд инээд бэлэглэдэг шидтэнүүд

Хошин урлагийн шилдгийг тодруулах “Азтай бадарчин-2017” наадмын алтан цомын эзэн, шилдэг шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэтэй хөөрөлдлөө.


-“Азтай бадарчин” наадмын алтан цомын эзэн болсонд баяр хүргэе. Шог зургийн моринд дөрөөлөхөд хэн танд жолоо цулбуурыг нь атгуулав?

-“Азтай бадарчин” наадмыг одоогоос 26 жилийн өмнө зохион байгуулж анхны алтан цомыг нь гавьяат жүжигчин Б.Батзаяа гардаж байсан юм билээ. Энэ жил хошин шогийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг шог зураач, шилдэг хамтлаг гэсэн дөрвөн номинациар “Азтай бадарчин”-гууд тодорлоо. Анх намайг шог зурагт уруу татсан хүнийг аавыгаа гэж боддог. Цэцэрлэгт байхаас минь л “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийг цүнхэнд хийгээд өгчихдөг байв. Тэр үед аавд хот хүрээ рүү ямар нэг хуралд оролцоход том цүнх өгдөг байж. Нэгдлийн дарга хүн байсан юм л даа. Тэр цүнхэнд амьхандаа л өмч таслан ЗХУ, Вьетнамын дайн, Херлуф Бидструпын уран шог, Байды ахын 100 шог зэрэг янз бүрийн ном хийнэ. Цэцэрлэгээс ирээд хийх зүйл байх биш нөгөөхөө л эргүүлж тойруулна. Цаас, харандаа аваад Вьетнамын дайчдыг хооронд нь байлдуулж зурна. Цэцэрлэгийнхээ ахлах бүлгийн зургийн аварга нь болж байсан минь санаанаас гардаггүй юм. Тэр урам зоригоороо нэгдүгээр ангиасаа зураг зурж эхэлсэн. Зургийн уралдаан л зарлавал оролцчихсон л явна. Харин бусад хичээлдээ ёстой таг. Сургуулиа төгсөхөд жүжигчний юм уу, зургийн ангид орох сонголт миний өмнө байлаа. Багшийн дээд сургуулийн зургийн анги ирэхэд 127 хүүхдээс 123 дугаар байрт арай гэж багтан орж билээ. Харин ур чадвараараа бол дээгүүр оноо авсан. Ерөөсөө л зургийн чиглэл хөөх хувь заяатай байжээ гэж өөрийгөө боддог.

-“Азтай бадарчин”-г ямар шалгуур даван байж атгав?

-Цахим ертөнцөөр эхний шалгаруулалт явагдсан. Харин сүүлийн шатанд тайзан дээр шууд зурсан. Шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр, төрийн шагналт зохиолч, “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоо, төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Хулан, Нийслэлийн боловсрол, соёлын газрын ажилтан нарын таван хүнээс гадна үзэгчдийн дундаас хөндлөнгийн таван шүүгч томилж олонхийн саналаар ч гэх үү, миний “Инээд ба шагнал” бүтээл шалгарсан. Хүн хүнээ л ялгадаг болохоос урлаг авьяасыг ялгаварладаггүй юм байна. Шог зургийн төрөлд арваад зураач өрсөлдсөн. Бүгд л миний найз нөхөд, бийр будаг нэгтнүүд маань юм. Шог зураг ямар ч нийгэмд шударга ёс байх ёстой гэсэн сэдвийг л байнга хөнддөг. Тиймээс шагнал авахын төлөө биш жинхэнэ урлагийн төлөө шударга туурвицгааж, миний эл шагнал Монголын шог зураачдад булган сүүлтэй байх болтугай гэж ерөөе.

-Та аль нутаг усны хүн билээ?

-Би Дундговь аймгийн Хулд сумын хүн. Манай аав 1945 оны дайнд оролцож явсан юм билээ. Арын тал хангамжийн Адьяа гэхээр андахгүй. Зарим хүн таньдаг юм. Хошууч цолтой, өвчний улмаас армиас халагдсан. Хязгаарт бас үүрэг гүйцэтгэсэн хүн. Ээж маань аавтай дайнаас өмнө ханилсан юм гэсэн. Хөнгөн шингэн хүн байж билээ. 94 нас хүрээд бурхан болсон. Би хамгийн бага нь болохоор их эрх. Манай аав, ээж хоёр заставт ажиллаж байсан юм гэсэн. Ээж нэг удаа жалганд бие засч байтал шувуу шиг юм шоволзож гэнэ. Тэгэхээр нь нүдний булангаар нэг хүн байгааг заставтаа хэлж улмаар тэр тагнуулыг барьж байсан гэдэг юм. Амьд байхад нь энэ тухай сонинд нэг удаа ч болтугай яриулчих минь яав даа гэж харамсаж суух юм. Одоо харин хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Ээжтэйгээ байхад баян байсан” гэх шүлгийг уншаад өөрийн эрхгүй уйлна. Ээжийн тухай дуу сонсоход бас л эвгүй болно.

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды таны багш гэдэг байх аа?

-Хулд сумаас дөрвөн ч шог зураач төрсөн байдаг юм. “Тоншуул” сэтгүүлийн хэд гэхэд л 20-иодхон хүн байдаг. Тэдний дөрөв нь манай сумаас төрсөн гэдгээр би бахархдаг. Алдарт Байды нутгийн ах төдийгүй багш минь байгаа юм. Нутгаасаа хар багаасаа гараад явчихсан. Би бол багшийнхаа буянаар “Тоншуул” сэтгүүлтэй хувь заяагаа холбосон дунд үеийн төлөөлөгч.

-Шог зураач гэдэг ер нь хэн юм бэ?

-Хошин шог урлаг нэгэн үе хаягдсан. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр улаан хивсний ёслол болж байлаа гэхэд л шог зураач дотогш орох эрхгүй байдаг байсан нь нууц биш. Эрт үед хааны хажууд байдаг алиа салбадай хааныг баясгаж, бүүр шүүмжилж байсан ч хаад алиа салбадайгаа цаазалж хороодоггүй байсан. Тэр хаад инээд гэдэг ямар ч алт эрдэнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг мэдэрсэн ухаантнууд байж. Би шог зураачдаа алиа салбадай гэж байгаа юм биш. Хамгийн гол нь нийгэмд инээд бэлэглэдэг ховорхон хүмүүс гэж өргөмжилж байгаа хэрэг.

-Хэдэн оноос хэвлэлд бүтээл чинь нийтлэгдэж эхлэв дээ?

-Би 1983 онд анхны шог зургаа “Эрүүл мэнд” сонинд өгч хэвлүүлсэн. Тэр үед оюутны сарын стипенд 200 төгрөг байсан. Улаанбаатар зочид буудлын хуйцаа зургаан төгрөгийн үнэтэй. Шог зураг маань хэвлэгдсэн чинь шагналд нь 75 төгрөг ирлээ. Хөдөөний хүүхэд мөнгөгүйдэж гачигдахын зовлонтой ч шог зураг зураад мөнгө олоод байж болох юм байна гэж оюутан байхдаа амтшиж эхлэхгүй юү. Багшийн дээдийн зургийн ангид сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж, хоёр сайхан үрийн эцэг, эх болцгоосон.

-Төгсөөд шууд л “Тоншуул” сэтгүүлийн зураач болсон уу?

-Дундговь аймгийн Гурвансайхан суманд багшилсан. Эхнэр, хүүхэд маань хотод болохоор маш их ганцаардаж гансарна. Энд ажиллаж аж төрөхдөө л урлаг бол мөнгө олох хэрэгсэл биш хүмүүний аж төрөхүйн мөн чанар, утга учир болохыг таньж мэдэрсэн.

-Яаж мэдрэв?

-Гурвансайханы номын лангуун дээр тоосонд дарагдан хэвтэж байгаа олон номон дундаас яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Оддын аялгуу” шүлгийн түүвэр, Америкийн зохиолч Жек Лондоны “Мартин Иден” романыг олж авсан минь миний амьдралыг цоо шинэ утга учиртай болгосон. Тэр их ганцаардал дунд энэ хоёр номоос би урлагийн гайхамшгийг олж харсан. Тэнд би хичээлээ заачихаад өдөр шөнөгүй зургаа зурахдаа жинхэнэ урлаг гэдэг халтуур биш юм байна гэдгийг мэдсэн.

-Тэр үед хотод ажилд орно гэдэг тэнгэрийн умдаг атгахын дайтай хэцүү байсан гэдэг. Улаанбаатарт яаж нэг орж ирэв?

-“Тоншуул” сониноос Ц.Байды багшаас захиа их ирнэ. Хүүхдийн номын зургийн том мастер С.Идэрхангай гэдэг хүнээс Боловсролын яамны “Оюун түлхүүр” сэтгүүлд зураачаар ажиллах санал албан бичгээр ирэхэд магнай хагарам баярласан. Хотод ирнэ гэдэг үнэхээр сайхан байлгүй яахав. Зуун дөчөөд мянган хувь хэвлэгддэг “Хөдөлмөр” сонинд Тангадын Мандир багш маань миний зургуудыг тэргүүн нүүрэн дээр хэвлүүлдэг байлаа. Тэгж л Монголын зургийн их урлагт орж ирсэн хувь тавиландаа би их баярладаг. Тэр үед “Оюун түлхүүр” сэтгүүл далан таван мянга, “Тоншуул” сонин далан мянган хувь хэвлэгддэг байсан. Ерэн оноос хойш хүүхдийн “Соно”, “Мөөжиг жөөжиг” сэтгүүлүүдийг нөхдийн хамт гаргаж нэг хэсэг явлаа. Амьдрал хэдий хэцүү ч би амьдралын гүнээс дандаа л аз жаргалыг хайж харж явдаг өөдрөг хүн. Цогтбаярын Жандал гэж Монголын нөхөрсөг шог зургийн их мастер өнөө хэдий үгүй ч ачийг нь мартвал түүн шиг нүгэл хаа байх билээ. Надад их урам онгод хайрласан энэ л хүмүүсийнхээ ачаар өдий зэрэгтэй явна. Шог зураг бол их зөрүүд урлаг. Тиймээс шударга сайхныг л дандаа төсөөлж явах учиртай.

-Өдий олон жилийн уран бүтээл овоо олон болоо биз?

-Их юм хийсэн. Нэгтгэж аваад шог зургийн ном гаргах юмсан гэж бодож байгаа. Гэхдээ хийсэн гэхээсээ илүүтэйгээр хийх юм их бий. Миний тэтгэвэрт гардаг гэж юу байхав. Улсад угаасаа албан ёсоор таван жил ажилласан уу, үгүй юү хүн шүү дээ. Тиймээс хийсээр, зурсаар байх болно. Цаашдаа сэтгэлгээний шог зургийг түлхүү зурна гэж бодож байгаа. “Монголын мэдээ” сонинд нэг жил орчим ажиллахдаа бараг 500-гаад зураг зурсан байж билээ. Тэгэхээр багагүй бүтээл бий болов уу. Би ер нь зохион байгуулалтгүй, юмаа цуглуулдаггүй нөхөр байгаа юм. Аа, харин хүүхдийн ном олныг хийсэн. УИХ-ын дөрвөн ч парламентыг дамжин нөхөрсөг элэглэл хийсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Ламбаатай хамтран үзэсгэлэн гаргасан. Парламентын зураач гэхээр шахуу нэг хэсэг ажилласан байх юм.

-УИХ-ын гишүүдийн зурагтай хөзөр хийсэн нь олонд бас нэлээд хүрэх шиг болсон?

-Дандаа л дарга нар зурахын оронд намайг зураач гэх нэгэн байдаг л юм. Одоо харин ард түмнээ зурж сууна.

-Зуруулах янз бүрийн захиалга их ирнэ биз. Хамгийн сонин содон захиалга юу байв?

-Японы Элчин сайд консулуудынхаа дарга нь юм билээ. Нутагтаа буцаж байгаа хүн болгоныг надаар зуруулдаг уламжлал тогтсон. Монголд ирсэн Элчин сайд болгоныг миний зургаар үддэг уламжлалтай. Монголд ирээд буцсаныг нь баталж аль болох дуртай, дурсгалтай зүйлийг нь би ч шигтгэж өгдөг. Элчин сайдууд ч өөрсдөө хүлээдэг болсон сурагтай байна. Мөн олон улсын нэртэй удирдагчдыг зурж үзсэн. Монгол зураач гэдгээ харуулж, гаргах гээд байгаа хэрэг л дээ. Тухайлбал, В.Путинд жанжин малгай өмсгөж зурсан.

-Та өөрийгөө янз бүрээр зурсан харагддаг. Энэ шувуу болгож зурсан нь ямар учиртай вэ?

-Залуучуудын холбоонд ажиллаж байхад туранхай болохоор нэг л урагшаа хамар, хоёр шанаа харагддаг учир намайг “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг байсан юм. Түүнээс үүдэлтэй зураг. Тарган галуу байгаа юм. Болоогүй ээ, тамхи зуучихсан байгаа биз.

-Таныг “шарз” буюу нөхөрсөг шогийн мастер гэдгийг хүмүүс мэднэ. Нийт хэдэн хүний хөрөг зурсан байх юм?

-Би тооцоо гаргаж бодсон чинь жирийн ардаас эхлээд алдар цуутнууд, улс төрийнхөн гээд нийт 5000 орчим хүний хөрөг зурсан байна. Нийгмийн бүх л салбарынхныг зурж. Би нийт дөрвөн парламентын гишүүдийг зурсан. Шог зураг бол нийгмийг эрүүлжүүлэх ганц зэвсэг гэдгийг манайхан хараахан ойлгохгүй байна. Гэхдээ нэг үеийг бодвол урлаг ойлгодог болох шинжтэй.

-Хүний сэтгэлд хүрсэн бүтээл гэж байдаг даа?

-Олонд хүрсэн нь 76 гишүүний зурагтай хөзөр. “Гишүүдийг зурдаг зураач уу” гээд л хүмүүс угтана шүү дээ. Тэр хөзрөөр тоглохоор их сонин тоглолт болно л доо. Зарим нь “Чи болиоч. Юу гэж Гүндалайг Алтанхуягаар даруулах юм” гэх жишээтэй. Гилийн боол, цэцгийн ноён гэж ярихаасаа илүү Ц.Нямдорж, Д.Арвин гэж хөзрөө нэрлээд л тоглож байгаа харагддаг. Зарим нь хадганд боож нандигнаад авдартаа хийчихсэн байхтай таарч байсан. Би таньдаг малчиндаа хөзөр өгсөн юм. Гэтэл нэг өдөр “Дорж гэдэг юм Н.Энхбаярыг авч явчихаад авчирч өгөхгүй юм” гээд л яриад байна. Тэгсэн нөгөө хөзрийнх нь улаан хүнийг л аваад явчихсан хэрэг. Тухайн үед улаан хүнийг нь Н.Энхбаяраар, хар хүнийг нь Ц.Элбэгдоржоор зурчихсан байсан юм. Хүмүүс их сонин юманд дуртай л даа.

-Шүүмжлэлд хэр их өртөж байв?

-Шүүмжлэлт зураг дээр тийм юм их гардаг байсан. Социализмын сүүл үе л дээ. Тухайн үедээ их зөрчилдөнө. Тухайлбал, би яст мэлхий тролейбус дээр зурчихсан чинь “Монгол, Зөвлөлтийн найрамдлаар бүтсэн нийтийн тээврийн хэрэгслийг удаан гэж шүүмжилж, гаж юм зурсан байна. Ирж хурлаар ор” гэж дуудаж байлаа. Мөнхбат, бид хоёр П.Жасрай гуайг сармагчин болгоод зурчихсан чинь жаахан эсэргүүцэлтэй тулгарсан. П.Жасрай гуай харин ухаантай хүн байсан учраас биднийг аварч байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагчид тусгаар тогтнолоо магтан дуулав

Өчигдөр Сүхбаатарын талбай дээр “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншив. Тус ажиллагааг зохион байгуулсан “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа шүлэгт зориулсан цомоо Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Ц.Отгончимэгт гардууллаа. Энэ талаар тус ажиллагааг зохион байгуулагчидтай ярилцав.


БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл: БҮХ АНГИЙН СУРАГЧДАД 16 БАДАГ ШҮЛЭГ ЦЭЭЖЛҮҮЛНЭ ГЭДЭГ ҮНЭХЭЭР ТОМ АЖИЛ

-Дүүрэг энэ арга хэмжээнд хэрхэн оролцож байна?

-Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн мөрийн хөтөлбөрт “Хүүхдэд ээлтэй Баянгол дүүрэг” гэдэг дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа энэ ажлыг санаачилсан. Энэ сургууль хоёр удаа тэргүүний сургууль өргөмжлөл хүртсэн. Энэ өргөмжлөлийг хүртэхэд сурлага, хүмүүжлээс эхлээд олон шалгуурыг нийслэлээс тавьдаг. Дүүргийн хувьд өөр олон ажил зохион байгуулж байна. Жишээлбэл, “Эх орон 36”, “Эх орон 16”, “Эх орон 8” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ суулгах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой.

-Ямар хэлбэрээр энэ хөтөлбөр хэрэгжих вэ?

-Цэрэг, эх оронч хэлбэрээр. Бид 0164 дүгээр цэргийн ангитай хамтарч ажиллаж байгаа. Цэргийн ангид багаар, командаар ажиллаж сурах замаар өсвөр үеийнхэнд орчин цагийн эх оронч, өв тэгш бие бялдрын хүмүүжил олгохыг зорьж байна.

-Сурагчид үндэсний хувцсаар маш сайхан гоёсон байна. Үндэсний хувцасны өдөртэй болсон гэсэн.

-Монголын уламжлалт үндэсний баяр Цагаан сарын дараахь долоо хоногийн дөрвөн өдөр нийслэлийн сурагчид үндэсний хувцсаараа гоёдог уламжлал тогтсон.

-Энэ ажиллагаа цаашид үргэлжлэх үү?

-С.Нэргүйдаваа захирал маш гоё шилжин явах цом хийлгэсэн. Энэ цомоо Нийслэлийн боловсролын газрын дэд даргад гардуулж өгсөн. Цом нийслэлийн бүх сургууль болон аймгуудаар дамжин бүх сурагчид “Тусгаар тогтнол би чамайг тунхаглана” шүлгийг уншина.

-Багагүй зардал гарсан байх даа?

-Зорилго нь сайхан болохоор эцэг, эх нь ихээр дэмжиж байгаа юм. Хувцас бол хүүхдүүдэд байдаг гоёо учраас нэмэлт зардал биш. Харин бүх ангийн сурагчдад 16 бадаг шүлэг цээжлүүлнэ гэдэг нь үнэхээр том ажил шүү.

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан А.Өнөрмаа: ЗӨв ажлыг хийхэд эцэг, эхЧҮҮд санхҮҮ дээр гар татдаггҮй

-Яагаад энэ шүлгийг унших арга хэмжээ зохион байгуулав?

-Манай “Оюуны ундраа” сургууль цогцолбор сургууль болсны 20 жилийн ой болж байна. Ой тэмдэглэх ажлын хүрээнд 20 томоохон ажил хийнэ. Эхний ажил нь Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогнол” шүлгийг унших ажиллагаа.

-Монголд анх удаа ийм олон сурагч шүлэг унших нь сонирхолтой байна. ийм том агуулгатай шүлэг унших нь ямар ач холбогдолтой вэ?

-Олон талын ач холбогдолтой. Сонголт хийхдээ бид маш их зөвлөлдсөн. А үсгээ ч үзээгүй нэгдүгээр ангийн хүүхдүүд энэ том шүлгийг цээжиллээ шүү дээ. Бага ангийн сурагчид утга учир, үзэл санааг ойлгохоосоо илүүтэй, оюун санаа нь илүү хөгжиж байна. Хэл яриа эмх цэгцтэй болж, дарааллыг зөв олж байна. Анги хамт олны дунд хэн хамгийн сайн унших уралдаан зарлаж, өрсөлдөж байна. Хамт олны дунд эвсэг уур амьсгал бий болж байна.

Ахлах, дунд ангийнханд эх оронч үзэл санаа, аав, ээжийгээ хайрлах үзэл, ер нь эх орноо бүхэлд нь хайрлах үзэл санаа төлөвшиж байна. Энэ шүлэг өөрөө агуу их үзэл санаа. Нэгдүгээр ангийн хүүхэд 16 бадаг шүлэг цээжилнэ гэдэг бол асар том үр дүн.

-Энэ том ажлыг зохион байгуулахад хэр ажиллагаа оров?

-Бид зөвхөн дангаараа зохион байгуулаагүй. Боловсролын яам, нийслэл, дүүрэг, суургуулийн захирлууд маш их дэмжлэг үзүүлсэн. Энэ ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Бас Архангай аймгийн удирдлага бидний санаачилгыг хүлээн авч манай цомыг аймагтаа аялуулахаа мэдэгдсэн. Бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн.

-Яагаад зөвхөн архангай аймаг хүлээж авах ёстой вэ?

-А-гаар эхэлсэн аймгаас эхэлж байгаа юм. Бүх аймгаар цом аялна. Дараа нь нийслэлийн дүүргүүдээр аялна. Дараа жилийн хавар Архангай аймгийн 1206 шилдэг сурагч шүлэг уншина.

-1206 гэдэг тоо ямар учиртай вэ?

-Их Монгол Улс байгуулагдсан оныг бэлгэдсэн. Архангайн шилдэг сурагчид энэ талбай дээр ирж шүлэг уншина. Өнөөдрийн үйл ажиллагааг харсан хүүхдүүд өнөөдрөөс эхлээд шилдэг сурагч болохын тулд бэлдэж эхлэх байх. Энэ нь бас дотоодын аялал, жуулчлал, сурагч солилцооны хөтөлбөр болно.

Хөдөөгийн сурагчид Сүхбаатарын талбай дээр шүлэг уншаад зогсохгүй, нийслэл, эх орныхоо түүх, соёлын өвтэй танилцах нь маш их хүмүүжил, мэдлэгийн ач холбогдолтой.

-Цом нэлээд бэлгэдэл агуулсан харагдаж байна.

-Цом маань дөрвөн хүчтэнтэй, түмэн наст хээгээр битүү бүрсэн, оройд нь шонхор шувуу суусан, нэг талдаа Чингис хааны хөрөг, нөгөө талдаа манай сургуулийн бэлгэ тэмдэгтэй. Энэ шүлгийг бүгд мэддэг боловч бүтнээр мэддэг томчуул ховор юм байна. Харин энэ удаад хүхдүүддээ цээжлүүлэх гэж маш олон эцэг, эх шүлгийг бүтнээр нь цээжилсэн гэж байна.

-30 гаруй автобус, цагдаагийн хамгаалалт, нийт эцэг, эхчүүд оролцсон нүсэр арга хэмжээнд багагүй зардал гарсан байх даа?

-Бид энэ төслөө эцэг, эхчүүдэд танилцуулсан. Эцэг, эхчүүд өөрсдөө маш их талархалтайгаар хүлээж авсан. Тийм учраас санхүүжилтийн асуудлыг эцэг, эхчүүд өөрсдөө л шийдсэн. Аль болох бага зардал гаргасан байх. Жишээлбэл, олон гоё малгай өмссөн сурагчид байгаа биз. Энэ бүхнийг эцэг, эхчүүд зургийн дэвтэрний цаас ашиглаад, хуулга наагаад хийчихсэн байна. Та нар анзаарсан бол сурагчид Монголын газрын зураг хэлбэрээр зогссон. Түүн дотроо аймаг болгоноор хувцас нь өөр байгаа. Буриад, казах, торгууд гээд. Энэ бүхэн эцэг, эхчүүдийн сэтгэл байхгүй юу. Мөн замын цагдаагийнхан маш их тусалсан.

Х.БАТТӨГС

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давхиж яваа “Найман хөлтэй морь”

Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-I

НЭГ. ЗА ХӨ, ХУУРААД БАЙГААРАЙ…

Бид төсөөлөх дуртай ч эргэцүүлэх дургүй. Мэдээллийг даган шуурах дуртай ч анализ хийх сонирхолгүй гэсэн үг. Муухайдаа ч биш юм. Малаа дагасан нүүдэлч амьдрал нь мөнхийн ганцаардал, уйдаа дагуулна. Тийм болохоор олны амаар дамжин, хүн хүний фантаазаар баяжиж ирсэн цуу яриа, үлгэр домогт юу яасны эргэлзэх, харин ч тийм юм дуулгасанд баясна. Ид шид шингэсэн, сэтгэл хөдөлгөм байхын хэрээр баяр хөөр авчирна.

Ийм учраас нүүдэлчин хүн нэгэндээ барих хамгийн том бэлэг бол гоёор хэлэхэд сонин мэдээ, яг үнэндээ цуурхал. Ямар ч шинэ цуурхалгүйгээр айлд очих, хүнтэй уулзах нь ичгэвтэр хэрэг болно.

Учир иймээс, монголчууд “Сайн байна уу” гэж мэнд мэдээд, араас нь “сонин сайхан юу байна” гэж асуудаг. Орчин үед “Юу байна” болтлоо товчлогдож, англи хэлтний ертөнцийн “Хайя” –тай зэрэгцэж ирсэн хэллэгийн гарвал энэ болой.

Өнгөн талаасаа “Сонин сайхан юу байна” гэдэг нь сонин бөгөөд сайхан ( сонирхол татам эерэг мэдээлэл гэж ойлгогдохоор) мэдээг хүсч байгаа мэт боловч хэрэг дээрээ “бүлтрээд байгаарай” гэсэн утга.

Сайхан цуурхал сонсгох нь зочиндоо барих бэлэг. Сүртэй, дуулиантай цуурхал бэлгэнд авсан (сонссон) нөгөөх нь түүний үнэн худалд эргэлзэх ёсгүй. Жишээ нь, “Зүүн голоор найман хөлтэй морь явж байсан гэнэ. Ирэх жил зуд болж мал барагдахын цондон” гэсэн үнэ цэнэтэй цуурхал хүлээн авсан хүн түүндээ эргэлзвэл цааш нь ярих юмгүй болно. Иймэрхүү хандлагыг өвөг дээдэс “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх” хэмээн сэрэмжлүүлж ирсэн билээ. Хэрвээ, амьтан хүний чихийг дэлдийлгэнгээ өөрийгөө тоолгох учиртай цуурхлыг “Морь яагаад ч найман хөлтэй байх учиргүй. Тийм гажигтай амтан төрлөө ч гэсэн цас ороход нөлөөлөхгүй” болтол эргэцүүлэн бодож болохгүй. Тэгэхээр эргэцүүлэх, мэдээлэлд анализ хийх нь харин ч хортой байгаа биз дээ.

Иймээс, үнэн худлыг эргэцүүлэн бодохын оронд шинэ санаа фантаазаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь, “Найм, найм. Нийтдээ 16 хөлтэй морь (бараг л битүү туурайтай аалз) баруун, зүүн хоёр голоор явж гэнэ ээ. Энэ өвөл зуд болж, хойтон зун дайн гарна гэнээ. Гарцаагүй гэнэ” болгон баяжуулах учиртай. Ингэж байж л уг мэдээг дуулаагүй болон дуулсан байсан улсыг гайхшруулна.

Анализ хийх, эргэцүүлэх дуртай хүн байсан байх л даа. Тийм нэгийгээ “Хүний үгэнд итгэдэггүй”, үгүйсгэх үзэлтэй негилист этгээдийн хэмжээнд хэмээн гадуурхаж таарна.

Энэ утгаараа, цуурхах, үнэмшимгүй мэдээлэл тараах , солилцох зэрэг нь нүүдэлчдийн “шоу”, нийтийн зугаа цэнгэлийн нэг хэсэг байжээ. Одоо ч нутаг нутагт худал хэлдгээрээ алдаршиж, хүндлэгдсэн, домог болсон хүмүүс байсаар л байгаа.

Яагаад худал яриад болоод байсан юм бэ гэсэн асуулт гарна. Нэгдүгээрт, иргэншиж хотшоогүй, бие биеэсээ хамаарал багатай малчин нүүдэлчдийн амьдралд мэдээллийн үүрэг роль бага байсан. Ядаж л буруу цуурхлаас болж олон нийтийн үймээн самуун дэгдэх боломжгүй. Ганц ганцаараа, сайндаа л хот айлаараа талын нэг тарсан улс үймэхийн тулд нэг дороо цугларах хэрэгтэй болно биз дээ. Нэг дороо цугларах гэхээр эзгүй үлдсэн малыг нь боохой зооглоно. “Монголын их амар амгалан”-гийн нэг шалтгаан болгосон “нөхөр чоно”-д тээнк юү, айн?

Ер нь ганц ширхэг хүн эзгүй хээр “нийгмийн эмх замбараагүй байдал” үүсгэж байгааг нэг төсөөлөх гээд үз дээ.

Хоёрдугаарт, цуурах, фантаазлах орон зай өөрийн хил хязгаартай. Үнэмшимгүй юмыг л улам үнэмшилгүй болгох ёстойгоос биш, бодитой зүйлтэй тэрийгээ хутгаж болохгүй. Жишээ нь адуу малын сураг, чимээтэй холбоотой мэдээлэл дээр дээр фантааз хийвэл тоглоом хатуудна.

ХОЁР. ХУУРТАХАА БОЛИВОЛ ЖАРГАХАА БОЛИНО

ХХ зууны дундуур монголчууд иргэншин хотшиж ирлээ. Амьдрал нь бие биенээсээ хамааралтай, тэр хэрээрээ мэдээллээс хамаатай болоод ирэв. Ийм орчинд худлаа ярих, цуурхах аюултай. Одоо, цуурхлаар яриагаа чимж, чихээ мялаадаг үе өнгөрөх учиртай.

Гэтэл тухайн тогтоц болох социалист нийгэм ба түүний үзэл суртал нь “үндэсний цуурхал зүй”-г томоохон дэвэргэгч, спонсор болон хувирав.

Тэд ард түмэндээ “Лам ноёд, ихэс дээдэс нь ард түмнээ сорон мөлжиж байгаа тухай, баячууд хамаг хөрөнгийг нь эзэмшсэн учраас үлдсэн хэсэг нь ядуу байгаа тухай, хөрөнгөтөн орнууд биднийг үхээсэй гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа тухай, тухай, тухай…” шинэ домог зохиож өглөө. Улмаар домгийг улам хөгжүүлэх үүрэг хүлээлгэв.

Ямар чадахгүйн зовлон байх биш, өнөө “найман хөлтэй” морины явдлыг баяжуулаад явчихад ядаж цөхөх юм алга. Морийг нь хөрөнгөтөн, англи америк болгож шинэчлэхэд худлаа гэх хүн гарахгүйн дээр төрөөс сайшаалгана. Социалист (соцреалист ч гэдэг) урлаг соёл энэ хөрсөн дээр соёолсон.

Ингэж явсаар 1990-ээд оноос хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд шилжлээ. Тогтоц өөрчлөгдсөн ч уламжлал өөрчлөгдсөнгүй. Намуудын үзэл суртлын арга барил нь мөнөөх социалист дэглэмийн домог зохиох уламжлалаар явна. Идсэн уусан, хулгайлсан, офшоорт нуусан “найман хөлтэй морь” зохион тал дүүрэн бэлчээнэ.

Олон түмний сэтгэхүй ч гэсэн жирийн морь биш, “найман наймын жаран дөрвөн хөлт”-ийг хүлээгээстэй. Тийм учраас л “17 тэрбум доллар хулгайлаад сейфэндээ нуужээ” гээд гөрдөхөд хүлээж авна, учир нь энэ бол хөл нэмж болох морь.

Харин араас нь “сейфэнд ийм мөнгө багтах бололцоогүй” гэж тайлбарлаад нэмэргүй. Олон түмэн ч уурлана, яагаад гэвэл сэтгэл догдлуулсан, айлд ороод ярих юмтай болгосон, хэдэн ч хөл нэмээд бусдыг гайхшруулж болох “морь”-ных нь хөлийг тайрах оролдлого гэж харна. Өөрөө хэлбэл, масс өөрөө гуйвсан мэдээлэлдээ дуртай. Тэр нь алга болчихвол аз жаргалынхаа тодорхой хэсгийг алдчихмаар ч юм шиг төсөөлөгдөөд байгаа юм. Зохиомол, илүү сүр оруулсан мэдээлэл буюу цуурхал амь бөхтэй байдгийн нэг учир нэг талаасаа энэ.

Найман хөлтэй улс төр ба намуудын ч буруу биш, бас тэд тэнэг биш. Учир нь нам сонгуульд ялах эсэх л чухал болохоос биш, “найман хөлтэй мориор түрүүлсэн үү, эсвэл дөрвөн хөлтэй бодит морь унаад хоцорсон уу” гэдэг сонин биш…

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Ардын үг” ба Ардын уур нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч таны гарт очлоо. Тэргүүн нүүрт Үндэсний статистикийн хорооноос 2017 оны эхний улирлын статистик үзүүлэлтүүдийг танилцуулсан тухай мэдээлжээ.

“Таван толгойн дэлбэрэлтэд Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх үү гэсэн асуултанд хариулсангүй”. Айлын гурван хүүхэд хоолонд хордож, нэг нь амиа алдсан тухай мөн энэ нүүрт мэдээлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Б.Цэнддоогийн “Ардын үг”ба Ардын уурын тухай эргэцүүлжээ. Ямар ч байсан манайд “Ажил авах хүн биш” харин “Ажлаа өгөх хүн” тайлан тавьж тооцоогоо бодуулдаг улс төрийн практик бий болж байна. Муу юм яавч биш гэж “Ардын үг” ба ардын уурыг дэнсэлсэн нийтлэлч дүгнэжээ.

“Улс төр” нүүрээс БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн төрийн айлчлалын үр дагаврын тухай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Уламбаяртай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Си Жиньпиний айлчлал шинэ үеийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийн хандлагыг тодорхойллоо гэж тэр дүгнэжээ.

“Дэлхийн мэдээ” ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон нарын уулзалтыг онцолжээ. Венесуэльчүүд Ерөнхийлөгчийнхөө машин руу чулуу нүүлгэсэн гэнэ шүү.

Мартаар хагас нүцгэн эсэргүүцэл илэрхийлсэн эмэгтэйчүүд энэ удаа Сүхбаатарын талбайд оффшорын эсрэг жагссан тухай “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.

“Өөрөөс нь …” нүүрээс Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяатай хийсэн ярилцлагыг сонирхно уу. “Миний хуучин дуунууд бриллиант болж эхэлж байна” гэж тэр хэлжээ. Тэрбээр бас СУИС-ыг дүүргэлгүй орхисон юм байна. Одоо харин дутуу шалгалтуудаа өгч, дипломоо авахаар хөөцөлдөж байгаа гэнэ. СУИС-ийнхан мэдээж алдартай дуучинд хатуурхахгүй байлгүй дээ.

“Гэргий” нүүрт Морин хуурын чуулгын ёочин хөгжимчин Б.Алтантуулын яриаг хүлээн аваарай. Тэрбээр тус чуулгыг үүсгэн байгуулсан Ц.Батчулуун агсны гэргий. “Морин хуурын чуулгыг ханийнхаа нэрэмжит болгох санал гаргана” гэж тэр ярьжээ.

“Багш” нүүрээс Монголын оюун ухааны академийн багш, дасгалжуулагч, Олон улсын мастер Б.Баасандоржтой хийсэн ярилцлагыг уншаарай. Б.Баасандорж “Ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна” гэж зөвлөжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцов. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй, тул Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 20 гаруй санал тус бүрээр санал хураалт явууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нарын гаргасан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэснийг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн саналыг дэмжээгүй. Уг саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч, хуралдаанд оролцсон гишүүд энэхүү заалтыг хэвээр үлдээв.

Харин “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Гадны хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг тухайлбал, Оюу толгой, Тамсагийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх болон борлуулалтын мөнгийг заавал Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах” гэсэн Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Тэтгэврийн нас нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр танилцуулж байх, шаардлагатай бол авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж УИХ-д оруулж байхыг тус Байнгын хороонд даалгах” заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь дэмжлээ.

Хуралдааны үеэр хүүхдийн мөнгийг 40 хувьд олгох гэснийг нийт хүүхдүүдийн гэж ойлгох уу, нийт өрхийн хүүхдүүд гэж ойлгох уу гэдэгт тайлбар өгөхийг гишүүд хүсэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Намайг баруун аймгуудаар албан томилолтой байх хугацаанд Засгийн газраас ОУВС-тай уулзаж, ярилцсан байсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 737,9 мянган өрх бүртгэлтэй байгаа. Энэ өрхийн 40 орчим хувь буюу амьжиргааны түвшин доогуур 300 мянган өрхийн 0-18 насны 520 мянган гаруй хүүхэд байгаа. Энэ нь монголын нийт хүүхдийн 51.3 хувь юм. Эдгээр хүүхдүүд тэрхүү хүүхдийн мөнгөний 40 хувьд хамрагдана” гэж тайлбарлав.

Түүнчлэн Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс “Төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 23.12 дахь хэсгийн “өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй” гэсний дараа “төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэнэ” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

“Концессын асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх нь зүйтэй” гэж үзээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуралдаанаар Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураав.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсвийн зарлагад “Монгол Улсын 2017 оны төвсийн тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал, 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээр нэмэгдсэн, төсвийн ерөнхий захирагчдын хооронд эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах” гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжсэн юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдааны үеэр “Төсвийн тодотголыг ОУВС-тай тохиролцсон тэрхүү зарчмын дагуу л хийж байгаа. Тиймээс төсвийн тодотголын үеэр шинэ хөрөнгө оруулалт, шинэ обьект барих яриа байхгүй. Ийм саналыг дэмжихгүй гэдэг дээр Төсвийн байнгын хороо хатуу зогсч, төсвийн сахилга батаа сахина ” гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Иймд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн, саналын томъёоллын хавсралт 01-д тусгагдсан 28,718.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2017 онд санхүүжих дөрвөн төсөл, арга хэмжээг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүдээс гаргасан холбогдох байнгын хороодоос дэмжлэг авсан шинээр хөрөнгө оруулалтын зардал нэмсэн зарчмын зөрүүтэй нэлээдгүй саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарын “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үлдэгдэл санхүүжилт болох 500,0 сая төгрөгийг 2018 оны төсөвт нэмж тусгах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжив. Учир нь Монгол Улсад хавдрын эрт оношлогооны ийм аппарат нэг ч байдаггүй аж.

Байнгын хорооны гишүүд экспортыг дэмжсэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх саналыг 100 хувь дэмжиж байлаа. Тухайлбал, Уул урхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20.000,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгээс гаргасан санал 84,6 хувиар дэмжигдэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргасан “Хууль зүйн сайдын багцын хөрөнгийн зардалд Гашуунсухайт боомтоор нүүрс зөөвлөрлөж байгаа тээврийн хэрэгслийн гарах, орох замын урсгалыг шалгаж, бүртгэхэд шаардлагатай шалгалтын кабин барихад шаардагдах 360,0 сая төгрөг”, “Гашуун сухайт боомтын авто замын шалган нэвтрүүлэхэд ажиллах шалгагч, гэрээт цэргийн цалинд 820.0 сая төгрөгийг нэмж тусгах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Л.Баттулга итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт 4 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал хойшиллоо

Related imageУлсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч хойшиллоо. Ц.Баярсайханы өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар ирэх сарын 22 хүртэл хойшилжээ.

Ц.Баярсайхан нь бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэг буруутгагдаж буй юм. Тэрээр “Мах импекс” компанийн хуурамч бичиг баримтаар бусдыг залилан 500 сая төгрөгийн хохирол учруулсан гэлцдэг. Хэргийг өнгөрсөн онд шүүхээр хэлэлцэн Ц.Баярсайханд 11 жилийн ял оноосон юм. Харин тэрээр давж заалдсанаар Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ийнхүү анхан шатны шүүх дахин эхэлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэйг Цэц батлав

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох иргэний эрхийг хязгаарласан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогтой билээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Батсүмбэр суманд 8 настай хүүхэд үдийн хоолондоо хордон нас баржээ

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас баржээ. Үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа юм байна.

Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан гурав хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний дараахь зөвлөмжийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын Альшаа аймгаас 500 тн тэжээлээр малчдад тусаллаа

Тус аймаг нь ӨМӨЗО-ны Альшаа аймагтай 1992 оноос хамтарч ажиллаж эхэлсэн түүхтэй аж. 2004 оноос хамтын ажиллагааг эрчимжүүлж хоёр аймаг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байгаа юм. Дээрх аймгуудын хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс хамтын ажиллагааны гэрээг 37 зүйлтэйгээр байгуулсан бөгөөд ийнхүү буцалтгүй тусламжаар эхлүүлж байна.

Өмнөговь аймагт өнгөрсөн сард их хэмжээний цас орж, олон мал цасанд дарагдаж ялангуяа баруун сумдад хаваржилт хүндэрсэн учир Альшаа аймгаас ийнхүү тусламж үзүүлсэн байна. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон баруун таван сумын удирдлагууд тэжээлийг хүлээн авч, малчиддаа хүртээмжтэй тараах үүрэг хүлээлээ.