Categories
мэдээ улс-төр

Армян улсад хавсран суух Элчин сайд Б.Дэлгэрмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд Итгэмжлэх жуух бичгээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсян Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч С.А.Саргсян хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсаас суух анхны Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана хэмээн найдаж буйг илэрхийлсэн юм.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд уламжлаад хоёр орны харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг дурдаад Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах монголын талын саналыг армяны зүгээс дэмжиж өгөхийг хүсэв.

Элчин сайд Б.Дэлгэрмааг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Э.А.Налбандян, ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутаг, Африкийн газрын захирал В.Асатрян нар мөн хүлээн авч уулзан хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Соёлын довтолгоо-II”-ыг эхлүүлье

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийсэн билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар болон ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд үг хэлж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авч болох талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Уулзалтын эхний хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, хоёр дахь хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтлөн явуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлыг ямар нэг аргаар шийдэж таарна. Тэгэхдээ бид байгаа энэ цаг хугацаандаа шийдэх хэрэгтэй.

Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, компани, иргэдтэй уулзаж байхад нэг зүйл их дутагддаг юм байна. Хэлж, ярьж байгаа зүйлийг уялдуулдаг бүтэц хэрэгтэй байгаа юм. Аж ахуйн нэгж нь шийдэл гаргаад байдаг, иргэд нь бас санаа зовоод ажил хийдэг, төр нь ажиллаад байдаг, яам, тамгын газрууд бас ажил хийгээд байдаг. Гадаад, дотоодын байгууллагууд Монголд ажиллаад байдаг. Гэтэл үүний ихэнх нь давхацдаг. Энэ бүхнийг уялдуулдаг, ойлголцол бий болгодог, ийм ажил хэрэгтэй байна.

Өнөөдрийн энэ уулзалтыг иргэдэд ямар шийдэл байна, төрийн байгууллага, нийслэл хот, яамд ямар ажил хийж байна гэдгийг сонсож, нэгдмэл ойлголттой болох чиглэлээр хийж байна. Уулзалтаас уулзалт, ярианаас ярианд дэвшил гарч байх ёстой.

Инженерүүдийн гаргаж байгаа саналыг Инженерүүдийн холбоон дээр сонсдог, тэндээс хэрэгтэй, ашигтайг нь шигшиж авдаг. Ногоон байгууламж, модны чиглэлээр хийж байгаа ажлыг мэргэжлийн байгууллагууд дээр танилцуулаад, ингэж явсаар байгаад хот, УИХ-ын гишүүд, Засгийн газрын түвшинд танилцуулдаг. Тэндээс дахиж хотоос, Засгийн газраас дэмжих асуудлуудыг шигшиж аваад, шаардлагатай бол УИХ шийдвэр гаргах маягаар явбал боломж бий. Ийм ажлын анхны хэлбэр болгож уулзалт хийж байна.

Амьсгалах, бохироо ялгаруулах хоёр бол хүний, нийгмийн амин чухал асуудал юм. Хүний амьсгалж байгаа агаар цэвэр биш байх юм бол Монголд хүнлэг байна уу, ардчилсан байна уу, ямар дэглэм, ямар нийгэм байна, учир утгагүй. Шийдвэр гаргадаг түвшин, бүх шатны дарга нар үүнийг ойлгомоор байгаа юм.

Хэрэв монголчууд бохирын асуудлаа шийдэж чадаагүй бол нийгмийн асуудал, хөгжил, дэвшлийн асуудлаа шийдэхгүй. Бохироо шийдэж чадаагүй байгаа бол Улаанбаатар хотын удирдлага, Монгол Улсын Засгийн газарт ажлын дэвшил гарч байна гэж харах боломжгүй. Бохироо шийдэж чадаагүй айл цаашаа өөр юмны тухай бодоход их хэцүү.

Дэлхий дээр бүх улсууд нүүдэлчин байсан. Нийлээд олуулаа суусан. Хамгийн хэцүү асуудал бохирын асуудал болсон. Энэ утгаар нь хармаар байгаа юм. Ингэвэл шийдвэр гаргагчид, ажиллаж байгаа хүмүүс үүнийг хийх ажлынхаа эхний асуудал болгож тавьдаг. Айл өрх ч гэсэн модон жорлон ухаад тавих бол биш юм байна. Усаа, хөрсөө, хажууд байгаа айлаа бохирдуулаад, хойч үеэ бохирдуулж байгаа миний энэ шийдэл биш юм байна гэж ойлгоогүй цагт энэ ажил явахгүй. Энэ ойлголтыг аваад цааш явах юм бол дэлхий нийтэд шийдлүүд байна.

Тэрбум гаруй хүнтэй Энэтхэгт Ерөнхий сайд Н.Моди Конгресс нам гэдэг 60-аад жил эрх барьсан асар хүчтэй намыг ялж гарч ирсэн. Н.Модийн дэвшүүлсэн сонгуулийн хамгийн гол уриа бол бохирын асуудал байсан. Улаанбаатарын шийдэл ч Энэтхэгээс нэг их дээрдээд байх зүйлгүй.

Монголд газар нутаг холтой учраас л холхон гараад бие засахад үнэр танар нь тэгс хийгээд алга болдог. Нийлээд суурьшсан газар үнэхээр аймшигтай. Ийм асуудал дэлхийн хамгийн олон хүнтэй оронд ч байна. Хамгийн бага хүнтэй оронд ч байна. Үүнийг шийдэхэд бүгдээрээ анхаарч орох цаг болсон.

Өөр нэг зүйл бол хүмүүсийн амьдрал, нийгмийн асуудлыг шийдэхэд нэг зарчим чухал. Тогтвортой, тасралтгүй ажиллагаа явж байх ёстой. Нэг Засаг даргын үед овоо санаачлаад явж байснаа дараагийнх нь гарч ирээд алга болдог. Нэг бодлого тодорхойлогчийн үед овоо явж байснаа дараагийнх нь гарч ирээд алга болдог. Ийм болчихоод байгаа. Тасралтгүй, тогтвортой, тэгээд дэвшилттэй, хүрсэн амжилтаа бататгаад цаашаа алхаад байх хэрэгтэй.

Зарим шийдлийг сонсоод байхад энэ таван асуудлыг хэрэгжүүлэхэд Улаанбаатарын агаар, орчны бохирдлын асуудлыг хэдхэн жилд шийдэж болох юм байна гэж харагдаад байгаа.

Блүүмберг гэж хүн “Цэвэр хот” гэдэг санал дэвшүүлээд Нью-Йоркийн мэр болоод гарч ирж байсан. Өөрөө хөрөнгөтэй, мөнгөтэй, тэрбумтан хүн. Санаачлагаа Нью-Йоркт төдийгүй дэлхийн хотуудад хэрэгжүүлээд, жилдээ 400 гаруй сая ам.долларын хандив өгөөд явж байгаа. Сая УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн танилцуулсан бохирын асуудал шийдэх танилцуулга бол Б.Гейтсийн хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн юм. Хэдэн арван тэрбум ам.доллар гаргаад дэлхий нийтээр явуулж байгаа.

Байгаа суугаа газартаа чи бохироо шийдсэн бол бусдыг бохироо шийдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн ойлголт энэ хүмүүст байдаг юм байна. Бид ч гэсэн энэ хөдөлгөөнд нэгдэхээс өөр аргагүй болж байгаа.

Би нэг зүйлд жаахан урамшаад байгаа. Надад их олон ажлын санал ирж байгаа юм. Гаднаас ч санал ирэх юм. Хамтарч ажиллах энэ санал санаачлагууд дээр ажиллахад их боломжтой үр дүн гарах нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнд нэлээд урамшиж байна.

Сая Д.Оюунхорол сайд нэг чухал үг хэллээ. УИХ-аар 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа гэлээ. Жишээ нь, Нийслэлийн Засаг дарга С.Батболдын ярьж байгаа саналыг маш хурдан нэг хуульд нь оруулмаар байгаа юм. Байгаль орчны яам, Улаанбаатар хотын захиргаа Туул голын хойд, урд хоёр талын газрыг булаацалдаад байдгийг болиулах хэрэгтэй. Яг үнэндээ Улаанбаатарын хувь заяаны төлөө, Улаанбаатарыг авч явах ажлыг Улаанбаатарын засаг захиргаа л бүрэн шийдэх хэрэгтэй. Энэ хүмүүст юу дарамт болдог вэ гэхээр төрийн захиргааны төв байгууллагууд, УИХ, Засгийн газар, яамд дарамт болдог.

Уг нь шинэ суурьшлын бүс бий болгоод, тэнд шилжчих юм бол Улаанбаатарынхаа асуудлыг Улаанбаатарын засаг захиргаа шийд, улаанбаатарчууд шийд гэхэд манай Улаанбаатар хот таван жилийн дотор орчин үеийн хот болоод босоод ирэх бүрэн боломжтой. Иймэрхүү маягаар хараад, тал талдаа ойлголтыг нэгтгэмээр байна.

Энд нэг зовлонтой юм нь намын талцал, улс төрийн талцал, албан тушаал, сонгууль гээд хачин зүйлүүд нөлөөлөөд байгаа. Гэхдээ нэг хэсэг улсууд нь санаачлаад, өөрсдөө оролцоод, манлайлаад энэ чиглэл рүү явахгүй бол талцсан, бие биеэ үзэн ядсан маягаар бидний ажил явахгүй болоод байна. Ажил хийж байгаа хүнд дутагдал байдаг. Сая миний хэлсэн үгийг та нар сонсож байгаа байх. Нэгнийхээ ажлыг жаахан урамшуулаад, үр дүн гарч байгаа зүйл дээр нь нийлээд, нэгдээд ажиллах юм бол асуудал шийдэх боломж байна гэж харж байгаа. Энэ бол анхных.

Банкны санхүүжилттэй холбоотой танилцуулгууд байна. Бусад танилцуулгууд байна. Зарим газраар нь явж очьё гээд заримыг нь тэмдэглэж авлаа. Хаягдал мод ашигладаг төсөл 650 сая төгрөг гээд сая Ц.Оюунгэрэлээс мөнгө гуйж байна. Үүнийг үйлдвэр дээр нь очиж үзээд, бүгдээрээ сууж ярилцаад, Монголд үнэхээр хэрэгтэй гэх юм бол уялдуулдаг газар, уялдуулдаг хүн нь хамтарч яваад, банкинд лобби хийгээд, засагт лобби хийгээд явмаар байгаа юм. Олон нийтийн ийм сайн санаачилгуудыг би дэмждэг.

Би хуульд нэг санал оруулаач гэж хэлсэн. Олон нийтийн сайн санаачилгуудыг дэмжээд, бид хувиасаа нэг төгрөг гаргасан бол төрөөс 1:1 гэсэн урамшуулал өгвөл олон нийт, бизнесийн санаачилгууд яваад өгмөөр байгаа юм. Энэ нэг их хэцүү биш. Үр дүнгээр нь л тооцчих. Бид төрөөс авсан нэг төгрөг юм уу, 1000 төгрөгөө шилэн дансаар харуулж байгаад, яг зориулалтаар нь зарцуулаад л тайлагная. Манайд төсөвт цугларсан мөнгийг тэр жилд нь идэж дуусгадаг гэсэн ойлголт яваад байх юм. Уг нь төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зээл гэдэг жаахан сан бий болгоод, түүгээрээ иргэдийнхээ хийж байгаа сайн зүйл дээр 1:1 юм уу, 1:5 ч байсан яах вэ, бид 10 төгрөг гаргавал төр 1 төгрөг гаргаад ч юм уу, үр дүнгээр нь явах юм бол олон нийтийн санал санаачилгууд нэмэгдэх боломжтой.

Тийм учраас Үндэсний хөтөлбөр дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс та бүхний, иргэдийн хөндөж гаргаж байгаа санал санаачилгуудаас нэлээд санал оруулсан. Одоо УИХ-д орох хуулиудад санал өгнө гэж бодож байгаа. Нэгэнт хуулиар дамжиж өөрчлөлт хийгддэг, хуулиар дамжиж бодлого өөрчлөгддөг учраас мэргэжлийн хүмүүс, БОАЖЯ-ныхан анхаараарай. БОАЖЯ-ныхан л тэр 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа бичнэ шүү дээ.

Сая бас нэг их чухал санаа гарлаа. Иргэд нь ойлгохгүй байгаа бодлого явахгүй, унаад байгаа юм. Бохир, муухай байна гэдгээ бид ойлгож байгаа. Үүнээс гарах гарц нь ийм байна гэдгийг хүмүүс гарч, ярьж, тайлбарлаж өгөөд, түүнийг нь төрөөс жаахан дэмждэг. Түүнээс биш намын хөтөлбөрт орсон учраас хэрэгжүүлэх гэж байгаа ч гэдэг юм уу, дарга хэрэгжүүлэх гэж байгаа, миний санаа гээд явахаар унаад байгаа юм. Дарга ойлгосон гэхэд иргэд ойлгохгүй байгаа юм. Иргэд өөрийн өөрийн зовлон, өөрийн үйл ажиллагаа, өөрийн оролцоо гэж харахгүй байгаа. Буяны хэлбэрээр ажиллах, үнэ төлбөргүй өгөх гэдгийг ер нь их багасгамаар юм билээ. 100 төгрөгийн юмыг 99 болгоод, чи 1 төгрөгийг нь төл гэдэг. Нөгөө хэдэн зуух хаашаа зарагдсаныг бүгдээрээ мэдэж байгаа.

Иргэд оролцоод, бага ч болов зээл аваад, бага ч болов хөдөлмөрлөөд, бага ч болов өөрийн оролцоог бий болгоод, хувь нэмрээ оруулаад явах юм бол бидний ярьж байгаа олон зүйл шийдэгдэх боломжтой.

Утааны асуудлаар цуглаан хийсэн ч одоо хүмүүс цөөхөн ирэх байх. Тэгж байгаад гэнэт сэрсэн юм шиг арваннэгдүгээр сарын үед бүгдээрээ ам, хамраа дараад, төр, засаг гээд хоорондоо муудалцаад эхэлнэ л дээ.

БОАЖЯ, ҮАБЗ-өөс бид нар нэг хүсэлт тавьж байгаа. Хотын дарга, БОАЖЯ гаргаж өгөх байх. ҮАБЗ-ийн хурал болсон. Тэр хурлаас хойш авсан арга хэмжээ, хийсэн ажлын үр дүн юу байна. Одоо энэ цаг мөчөөс, гуравдугаар сарын 1-ээс, гуравдугаар сарын 30 юм уу, дөрөвдүгээр сарын 10-наас хойш он дуустал яг ямар ажил хийх юм. Яг ямар үйл ажиллагаа болох юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс юу хийх вэ гэсэн гурван чиглэлээр ажлын тайлан сонсоё гэж бодож байгаа.

Төрийн байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм байна. Орчны бохирдол бол маш олон талын хүчин зүйл нөлөөлсөн тул шийдэл нь цогц байх юм байна. Маш олон хүчин зүйл нөлөөлж байж шийдэгдэх юм байна. Хамгийн гол нь иргэдийн оролцоо, хувийн хэвшлийн оролцоо, санаа зовсон, шийдэлтэй хүмүүсийн оролцоог бий болгож байж л энэ ажил урагшлах нь ээ гэж бодож байгаа. Өнөөдөр үүн дээр би нэлээд санаанууд авлаа.

Энэ долдугаар сараас хойш би иргэн Ц.Элбэгдорж болно. Иргэн байх нь хамгийн чухал ажил гэж би хувьдаа бодож байгаа. Энэ талар ярилцъя гэвэл та бүхэн хэлж байгаарай. Та бүхний бүх нэрсийг энд жагсааж авсан. Би О.Чулуунбилэг зөвлөхөд хэлж байгаа. Энэ улсууд нийлээд сүлжээ ч юм уу болоод, оролцоод, асуудлаа танилцуулдаг байя. Заавал бид энд тэнд очиж бүртгүүлэх шаардлагагүй.

Цэвэр хотод амьдрахын төлөө сүлжээ бий болгоод уулздаг, ажлын үр дүнгээ ярьдаг, шинээр орж ирж байгаа хүмүүсээ дэмждэг, гарсан сайн санаануудаас шийдэх боломжтойг Улаанбаатарт хэлж өгдөг. Засаг дарга бол аваад ир л гэж байгаа. Ерөнхий сайдад ороод хэлчихдэг. УИХ-ын гишүүдэд танилцуулчихдаг. Гадна, дотнынхонд уулзаад ярьчихдаг, банкны салбарынхныг цуглуулж байгаад эдгээр саналаас алийг нь та нар санхүүжүүлж чадах вэ гээд түүнийг холбоод өгөх хэрэгтэй юм шиг харагдаад байгаа юм. Иймэрхүү ажил хийвэл бидний ажил цаашаа явна гэж бодогдож байна.

Аливаа зүйл нэр томъёотой урагшлахгүй бол болдоггүй. “Соёлын довтолгоо-II” гэж эхлүүлбэл яасан юм бэ гэж сая бодож суулаа. Соёлын довтолгоо-1-ээр янз бүрийн өвчнөөсөө салсан. Бөөс хуурс, хирнээсээ салсан. Орны даавуугаа сольдог, шүдээ угаадаг болсон. Энэ бол том дэвшил байсан.

Одоо монголчууд биеэс гарч байгаа бохироо л зөв байдлаар шийдэхгүй бол болохгүй. Үүнийг шийдсэний дараа нийгмийн олон дэвшлийн тухай бид ярьж болно. Энэ асуудал шийдэгдээгүй байхад олон зүйл ярихад хүндрэлтэй болдог юм байна. Бусад улс орныг ч харж байхад тийм юм уу даа гэж би харж байгаа.

Үндэсний хөтөлбөр гэж Засгийн газар дээр баталсан гоё хөтөлбөр байгаа. Хот дээр баталсан хөтөлбөр байгаа. Хэрэгжээсэй л гэж залбирахаас аргагүй.

Иргэд, олон нийт нийлээд ерөөсөө бидэнд Засгийн газар ч туслахгүй, хот ч туслахгүй, яам ч туслахгүй юм байна. Бид л өөрсдийнхөө амьдралыг сайжруулна шүү гээд зүтгэхэд бараг хийчихээр ажлууд байгаа юм. Банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад, иргэд нийлээд, амьдарч байгаа газрынхаа улсууд дээр хяналт тавиад , бүртгэлээ хийгээд явахад бараг шийдэх боломжтой.

Хот, Засгийн газар баталсан хөтөлбөрөө л хэрэгжүүлж байгаа бол хангалттай. Боллоо. Илүү юм шаардаад ч яах вэ гэсэн маягаар явах ёстой. Уг нь бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг л сайжруулах ёстой. Гарч байгаа ялгадас, бохир, утаагаа тэр айл л шийдчих юм бол Монгол Улс шийдчих гээд байгаа юм. Шийдэл нь байна, боломж нь байна. Үүнийг л иргэддээ ойлгуулж хүргэхэд хамтарч ажиллая.

Сая асуудлаа танилцуулсан хүмүүсийн энэ саналуудаас цөөхөн нь ч гэсэн хэрэгжих юм бол бас л их дэвшил болно. Д.Басандорж докторын саналыг хэрэгжүүлэх юм бол бараг болчих гээд байна шүү дээ. Монголын хэмжээнд ийм зүйл хэрэгжүүлэх гэж санаад явж байгаа арав хорин хүн байгаа. Тэднийг цуглуулаад энэ санааг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Үүнийг дэлхий нийтээрээ бодож байгаа. Нэг зүйл дээр ч бид дэвшил авч ирэх ёстой. Монголын нөхцөлд, яг бидний орчинд, энэ амьдралд хэрэгжих үү гэдгийг л танилцуулах ёстой. Үнээрээ, хийцээрээ өрсөлдөх чадвартай байх ёстой. Манай монголчууд цамаан болсон. Бүгдээрээ фейсбүүкт ордог, юм хардаг, үздэг. Энэ Хятадынх, Голландынх зүгээр. Үүнийг л авмаар байна гээд сууж байгаа. Тэдний сайн зүйлийг аваад, Монголынхыг дээрээс нь нэмээд, технологийн дэвшлийг шийдмээр байгаа юм. За Басандоржийн үгийг сонсоё.

Д.Басандорж: -Нэгд, агаар, ус, хөрсний бохирдол бол улс төрийн бохирдолтой холбоотой гэж би ойлгоод байгаа юм. Та Улс төрийн намуудын тухай хуулийг хурдхан оруулаад гишүүнчлэлгүй болгоод, талцдаг юмыг үгүй болгомоор байна. Энэ бохирдлын эх үүсвэрийг тасалчих юм бол цаашаа бохирдол арилна.

Хоёрт, бохир ус, бохироо нөөц баялаг гэж харах хэрэгтэй. Ингэвэл бид асуудлаа шийднэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Нэг л зүйл байгаа. Хүн амьдарч л байгаа бол бохир гаргахгүй гэж байхгүй. Байнгын ийм зүйл байгаа бол, сая нэг хүн хэлсэн, байнгын бизнес байгаа юм. Үүнийг шийдэх байнгын хэрэгцээ байна. Банк нь ч, бизнес нь ч, төр нь ч ингэж хараад хийх юм бол үүнийг маш хурдан шийдэж болно. Байнга гарч байгаа, баялаг гэх нь юу юм, гэхдээ л баялаг шүү дээ. Хаягдлыг баялаг гэж үздэг. Эргүүлээд баялгаараа сайн юм хийгээд явдаг шүү дээ. Намын хувьд сэдэв дотроо л явъя.

Иргэн Баянжаргал: -Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, хотын дарга нар бид бүхнийг хүндэтгэн ирж, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санаа тавьж байгаад их баярлаж байна. Ажлын байртай амины орон сууцыг шийдчих юм бол асуудал шийдэгдэнэ. Өртөг хямд байх ёстой. Ногоон байгууламжтай байх ёстой. Үүнийг иргэдийн оролцоогоор хийнэ. Би тооцоог бүгдийг хийсэн байгаа. Төв замаа троллейбусны зам болгочихвол бас утаанаас сална. ХААИС-ийг хотоос гаргаж Төв аймагт нүүлгэмээр байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гарч байгаа саналууд нэлээд давтагдаж байна. Саналуудаа одоо шүүх цаг болсон. Шүүж эрэмбэлээд, хаана хаана ямар шийдвэрээр дамжуулж хэрэгжүүлэх вэ гэдгээ л буулгах цаг болж байна. Үүнийгээ хөтөлбөр гэж нэрлээд байгаа. Миний мөрөөдөл бол Улаанбаатар хотын хойд талын гэр хороолол ирээдүйд ногоон бүс болж хувирах ёстой. Тэнд хөрс, агаар нь бохирдсон бол сэргээхэд дахиад 20-30 жил хэрэгтэй. Бидний үеийнхэн ногоон бүсийг нь бий болгож өгөөд, айл амьдрахаар бол 10 хашааны айл хоёр хашааны хэмжээнд орчин үеийн шийдлээр хамтарч амьдраад, 80 хувиа ногоон бүс болгоод явдаг баймаар юм.

Бидний дараагийн үе 20-30 жилийн дараа тэнд ямар барилгаа барих вэ, юугаа хийх вэ, түүнийгээ хийгээд явж болно. Миний алсын хараа тийм байгаа. Үүн дээр бүгдээрээ хамтраад ажиллахад үр дүн гарах байх.

Оюутан Цэнд-Аюуш: -Би байгаль орчны чиглэлээр суралцдаг. Энд байгаа хүмүүсийн 80-аас дээш хувь нь 30-аас дээш насныхан байна. Яагаад төрийн бодлогод оюутан залуус оролцохгүй дуугарахгүй байна вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байх. Оюутнууд ухамсраараа хог хаяхгүй байх, бохирдлоо бууруулах дээр анхаарвал монголчууд гэр бүлээрээ, бүгдээрээ сайхан амьдрах байх. Залуу боловсон хүчнийг чанартай байлгахын тулд бидэнд хандсан ажлыг хамтраад хийвэл дэмжихэд бэлэн шүү.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Их баярлалаа. Сайхан үг хэллээ. Манай залуучууд ийм мундаг ухаантай. За, саяын сүлжээгээ “Соёлын довтолгоо-II” гэж нэрлэе, тэгэх үү? /Алга ташив/

Та бүхэн “Соёлын довтолгоо-II” сүлжээг үүсгэн байгуулагчид шүү. Уулзалтад ирж байгаарай. Их баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг буурчээ

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл ажиллуулж байгаа гэнэ. Эдгээр ажил үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Гэмт хэрэг буурахын зэрэгцээ илрүүлэлт нэмэгдсэн гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, гэмт хэрэгт бүртгэгдэх үед сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт гурван хувиар өссөн тоон үзүүлэлт байна. Тус цагдаагийн газраас гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл, зөөврийн хяналтын камер ажиллуулжээ. Түүнчлэн нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар-БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засч, бүрэн ашиглалтад оруулан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүрэгт зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй иргэдийг сонгон хэв журмын урамшилт эргүүлээр ажиллуулж байгаа нь гэмт хэргийн гаралт буурах нэгэн шалтгаан болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлнэ

Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна гэж Сүхбаатар дүүргээс мэдээллээ. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр тус дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв. Тодруулбал,

Ахмадын орон сууц буюу халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх

Хөгжлийн бэхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх сунгах

Улсын асрамжийн газарт ахмад настанг асруулах тухай шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад уламжлах

18 нас хүртэлх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох

18-аас дээш насны иргэдэд харгалзан дэмжигч тогтоох

Улсын асрамжийн газар, клиник сувилалд хүүхэд асруулах

Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох гэсэн дүүргээс үзүүлж буй эдгээр 8 төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлэх аж. Дээрх үйлчилгээг хороонд шилжүүлснээр төрийн үйлчилгээний чирэгдэл багасаж, хүртээжмийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дарханд био шингэн бордоо үйлдвэрлэж эхэллээ

ДАРХАН-УУЛ АЙМАГТ БИО ШИНГЭН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭДархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд “Гарааны био ундарга” ХХК-ийн “Ризо” шингэн бордооны үйлдвэр байгуулагдаж, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд уригдан оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.

Дэлхийн нийтээр химийн бордооноос татгалзаж, байгаль орчинд халгүй хөрсийг байгалийн аясаар нь нөхөн сэргээх чадвартай биологийн гаралтай бордоо бий болгож хэрэглэхэд судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн ажил чиглэгдэж байна. Ийнхүү био шингэн бордоо үйлдвэрлэх “Гарааны Био Ундрага” үйлдвэр Дарханд байгуулагдлаа. Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг Ургамал газар тариалангийн хүрээлэнг түшиглэн олон гарааны компани байгуулагдаж байна. Био шингэн бордоо үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс, байгаль экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах, био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай. Тиймээс Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй “Бордоо” төслийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хоёр удаа хэлэлцэн баталсан бөгөөд уг шийдвэрийн үр дүнд орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо хэмээн онцолсон юм.

“Ризо” шингэн бордоо нь бүх төрлийн таримлыг бордох зориулалттай бөгөөд таримлын ургацыг нэмэгдүүлэх, импортыг орлох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой, шинжлэх ухаанд суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн юм. Тухайлбал жилд 250 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэрлэгдэх 100 тн бактерийн шингэн бордоо нь Дархан-Уул аймгийн 19010 га талбайд таригдах тарималд шаардагдах эрдэс бордооны хэрэгцээг орлох боломжтой гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Бернхард Лой: Нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэх нь ДЕНКФАРМЫН соёлын салшгүй хэсэг

– ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО –

Денк группын салбар болох ХБНГУ-ын Денкфарм компани 70 гаруй жилийн турш эмийн үйлдвэрлэл, экспортын салбарт үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа бөгөөд өдгөө дэлхийн 80 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаагийн нэг нь Монгол улс.

Денкфармынхан манай улсад хэрэгжүүлж байгаа нийгмийн хариуцлагын төслүүдийнхээ хүрээнд олон хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээрийн тоонд АШУҮИС-ийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, эмч нарын тэтгэлэгт хөтөлбөр зүй ёсоор нэрлэгдэнэ. Тус компани 2014 оноос эхлэн АШУҮИС-ийн оюутнуудад нийт 50 сая төгрөг, эмч нарын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт нийт 50 сая төгрөг зарцуулжээ. Тэгвэл өчигдөр 2017 оны тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдаа зарлаж, шагналыг нь гардуулсан юм. Гурав дахь удаагаа оюутнуудад нь тэтгэлэг олгож байгаа болохоор АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар бөөн бөөн талархлын үгийг Денкийнхэнд хаяглав. 2014 оноос эхлэн жил бүр шилдэг таван оюутанд тус бүр 2,5 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Денкфармын Зүүн Европ болон Азийн бүс нутгийг хариуцсан захирал Бернхард Лой тус сургуульд зочилж, оюутнуудад тэтгэлэг гардуулахдаа “Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэх нь компанийн соёлын салшгүй хэсэг. Бид дэлхийн олон оронд эрүүл мэнд, боловсрол, охид эмэгтэйчүүдэд хандсан төсөл хэрэгжүүлдэг. Энэ удаа чанартай сургуулийн чадварлаг оюутнуудад тэтгэлэг олгож байгаадаа баяртай байна. Бидний үндсэн зорилго бол өвчнийг эмчлэх. Үүнээс гадна амьдралын чанарыг сайжруулах нь маш чухал. Бид энэ удаа анагаахын оюутнуудын дунд цахим орчинд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах талаар тэтгэлэг зарласан. Олон оюутан материалаа ирүүлсэнээс YouTube-ээр хөгжилтэй аргаар эрүүл мэндийн боловсрол олгох гэх мэт олон сонирхолтой санал оюутнуудаас ирсэнийг онцолж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох нь энгийн бас жижиг зүйлээс эхэлдэг шүү” гэлээ.

Бернхард Лой өөрөө ч оюутан байхдаа олон тэтгэлэгт хөтөлбөрт ханддаг байсан гэнэ. “Тэтгэлэгийн үнэ цэнэ, ямар их хөдөлмөр шингэдэгийг мэдэж байгаа учраас энэ тэтгэлэгийг гардуулахад надад маш сайхан байсан” гэж тэр дараа нь ярьсан юм. Тэрбээр оюутан байхдаа Европын холбооноос тэтгэлэг авч, алдартай сургуульд уригдсан гэсэн шүү.

Тэтгэлэг хүртсэн оюутнуудын нэг Б.Эрдэнэтуяатай танилцлаа. Биоанагаахын сургуулийн төгсөх дамжааны оюутан тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж байгаа төсөлд туслах ажилтнаар орсон. Элэг, ходоодны хорт хавдартай хүмүүстэй ярилцаад судалгааны асуумж авдаг. Асуумж авч байх явцдаа хүмүүс эрүүл мэндээ хамгаалах талаар юу хийж болох талаар маш их юм сурсан. Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар хэн нэгэн надаас зөвлөгөө авахыг хүсвэл хамгийн түрүүнд би зөв хооллоорой гэж хэлнэ. Бас тамхи татаж болохгүй. Мөн давсны хэрэглээгээ хянах хэрэгтэй. Их хэмжээний давс хэрэглэж байгаа хүмүүс ходоодны хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй байдаг. Эмийн зохисгүй хэрэглээ бас нөлөөлдөг. Аспириныг их хэмжээгээр уудаг хүмүүс ходоодны хавдраар өвдөх эрсдэл байдаг шүү” гэлээ. Б.Эрдэнэтуяа “Төгсөөд био анагаахын чиглэлээр ажиллана. Яг одоо би ходоодны хорт хавдрын генийн судалгаа хийж байгаа. Төгсөөд үргэлжлүүлээд магистр, докторт сурах бодолтой байгаа” гэж ярив.

Бернхард Лой “Тэтгэлэг хүртэх гол шалгуур чанар гэж хэлж болно” гэлээ. Жишээлбэл оюутнууд сурлагынхаа үзүүлэлтээс гадна цахим орчинд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар юу хийж чадаж байна. Цаашдаа юу хийхээр бодож төлөвлөж байгаа гэдгийг чухалчилж үзсэн” гэлээ. “Эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр маань эмчийнхээ ажлыг хийхийн зэрэгцээ эмчилгээ үйлчилгээндээ дэвшилттэй ямар санал санаачилга дэвшүүлж байгааг, шинжлэх ухаанч судалгаа шинжилгээний ажил хэр хийж байгааг нь харгалзаж үзсэн. Өөрөөр хэлбэл идэвхитэй эмч нарыг урамшуулж байгаа юм. Бид Улаанбаатараас гурав, хөдөө орон нутгаас хоёр эмчид тус бүр мянган долларын тэтгэлэг гардуулж, хийж байгаа ажлыг нь урамшуулах зорилготой хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна” гэж ярьсан юм.

Шангри-Лад болсон эмч нарт тэтгэлэг гардуулах ёслолд олон эмч хүрэлцэн иржээ. Тэтгэлэг хүртсэн таван эмчийн нэг нь Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хавдрын тасгийн эрхлэгчээр ажилладаг Г.Саранцэцэг байв. Тэрбээр ярихдаа “Би 17 дахь жилдээ хавдрын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд гадны хэд хэдэн орноор явж, туршлага судлах аялалд хамрагдсан. Үзсэн харсан зүйлээсээ санаа авч өвчтөн тэдний ар гэрийнхэнд цэвэр орчинд ээлтэй үйлчилгээг үзүүлэх боломж байна гэсэн бодол төрсөн юм. Гар ариутгах цэгийг эмнэлгийн тасаг нэгж бүрд гаднаас үйлчлүүлэгч орж ирэх үүд болгонд байрлуулъя. Хаалга болгоны үүдэнд тэргэнцэр байрлуулж, гаднаас хүнд өвчтөн орж ирэхэд тэргэнцэрээр шууд үйлчилсэнээр үйлчлүүлэгч тэдний ар гэрийнхэнд ээлтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой. “Цэвэр орчин, ээлтэй үйлчилгээ” төсөл бичээд шалгарсандаа баяртай байна. Би хоёр дахь жилдээ докторантурт сурч байгаа” гэж шилдэг эмч хуучиллаа.

Тэтгэлэг хүртсэн өөр нэг эмч Ц.Үржиндэлгэр “Денкфармынхан миний мэдэхийн сүүлийн гурван жилд эмч нарын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Би хоёр дахь жилдээ оролцоод энэ жил шалгарлаа” гэв. Тэрбээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт тасгийн эрхлэгч хийдэг. Ц.Үржиндэлгэр эмч ярихдаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг. Нэг, хоёрдугаар шатлалаас ирүүлсэн эхчүүдэд бид үйлчилдэг. Манай төвд онцгойлон явагддаг жирэмсний хяналт гэж бий. Зүрх судасны эмгэгтэй болон дутуу төрөх эрсдэлтэй эмэгтэйчүүдийн жирэмсний хяналт явагддаг. Жирэмсний эхний болон жирэмсний хожуу хордлогоор хүндрэх эмгэг, хоромсомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх эрсдэл, мөн зулбах, амьгүй төрөх эрсдлийг тооцох сэдвээр төсөл бичсэн” гэж тайлбарлав.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг хэлэлцэн батална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, батална.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм

С.Даваапүрэв: Лам хүн бизнес хийж болохгүй, бурхны шашинд эд хөрөнгийг түр зуурын хуурмаг зүйл гэж номлодог

Эрдэмтэн, түүхч, гүн ухаантан, бурхны шашны томоохон зүтгэлтнүүдийн нэг Зава Дамдины хойд дүр гэгддэг Зава Дамдин ренбүүчи буюу Д.Осгонбаяр ламтан ZD нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Тэрээр Дундговь аймагт байх Чойрын хийдийн хамба. Тиймдээ ч лам, бурхны шашны багш хүн бизнес хийх ёсгүй, баян тансгийг сурталчилж, эд хөрөнгөнд шуналаа хэмээн түүнийг буруутгах хүн цөөнгүй байна. Үүнээс гадна лам нар эд хөрөнгөнд шунадаг, сүсэгтэн олны өргөл хандиваар бизнес эрхэлдэг, архи ууж зохисгүй үйлдэл гаргах байдал ажиглагддаг. Тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдох зэрэг ёсзүйн том алдаа дутагдал гаргах тохиолдол мэр, сэр ажиглагдсаар байгаа. Тиймээс лам хүн гэж хэнийг хэлэх, энгийн хүнээс юугаараа ялгарах, ямар байх ёстой, лам хүний хийж болох, болохгүй үйл, ёсзүйн талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэвтэй ярилцлаа.


-Лам гэж ямар хүнийг хэлэх вэ. Лам хүний баримтлах ёстой зүйл, энгийн хүнээс ялгарах онцлог, зарчим зэрэг нь ямар байх ёстой юм бол?

-Бурхны шашинд гурван зүйлийг эрхэмлэдэг. Нэгдүгээрт, төгс гэгээрсэн эрдэм бүгдийг төгсгөж, бурхныг шүтэх, хоёрт нь, хамаг амьтны тусын тулд бурхны сургаал болсон номыг шүтэх, гуравдугаарт, бурхны хутгийг олсон ламыг шүтэх. Хамгийн гол нь амьтанг хорлохгүй, бусдад хоргүй байх ёстой. Аливаа шашинг шинжихдээ тэр шашинг гаргасан эзэн буюу үндэслэсэн багшийг нь шинждэг. Бурхан багш гэм бүгдийг тэвчиж байж сайн эрдмийг олдог. Ийм зүйлийг дуурайж байгаа бурхан болох алсын зорилгыг тавьсан бодгалыг лам гээд байгаа юм. Лам хүн маш олон зүйлээр бусдаас ялгардаг. Энгийн хүмүүс гэр бүлийнхэн зэрэг хамгийн дотнын хүмүүсийнхээ төлөө бусдыг гомдоох явдал байдаг бол лам хүн ийм зүйл байх ёсгүй гэж үздэг. Лам хүн бол хамаг амьтны тусын тулд байх ёстой. Тэгэхээр түүний явдал мөр, үзсэн ном, бусдад тусалж байгаа үйлдлээр нь лам гэж ойлгож болно.

-Лам хүнд байх ёсгүй үйлдэл гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Лам хүний эрдэм, ёсзүйг өөртөө бүрдүүлсэн байна уу гэдгээр нь энэ хүн лам мөн үү гэдгийг танина. Гэхдээ алдаа гаргалаа гээд айхтар шийтгэх, залхаан цээрлүүлдэг зүйл байхгүй. Лам хүн үйлийн үрийг маш сайн ойлгож суралцсан байх ёстой. Хүн аливааг үйлдсэн л бол үйлийн үрийг нь амсдаг. Тиймээс шийтгэл үйлийн үрийн хуулиар ирэх ёстой. Мөн тухайн хийдийн дотоод журам, дүрэм гэж бий. Тиймээс алдаа дутагдал гаргасан ламыг бусдад ямар хор учруулсан, ямар нөлөө үзүүлсэн гэх зэргээр нь зохих шийтгэлийг нь оногдуулна.

-Сүүлийн үеийн лам нарыг эд хөрөнгө, үнэтэй эдлэлд дуртай, шуналын сэтгэлтэй, баяжих хүсэлтэй болсон. Сүсэгтэн олны өргөл хандиваар тансаглаж байна гэх шүүмжлэл нэлээд байдаг. Бусдын адил ийм байж болох уу, болохгүй юу?

-Эрдэм сайтай хүн уулын орой дээр байсан ч талх өөрөө өнхрөөд ирнэ гэдэг. Лам хүн далай мэт эрдмийг сурна гэж үг бий. Мөн их бага арван эрдмийг сурсан хүн хожмоо “Бандида” гэж үнэлэгдэнэ. Энэ мэт лам хүний эзэмших ёстой эрдмүүдийг сураад ирэхээр бусдын зовлонг нимгэлж чадах ачтай, буянтай хүн болно. Ийм хүнд хүн юугаа ч хамаагүй өргөдөг. Одоогийнхоор ойлгоход машин техник, алт сувд гээд тэр хүн өөрт байгаа нандин гэж ойлгож буй бүхнээ өргөнө. Тиймээс энэ утгаар тэр ламд маш их зүйл цугласан байж болно. Харин лам нэрээр сүрдүүлэн далайлгаж эд хөрөнгө авдаг тохиолдол бурхны шашны түүхэнд гарч байсан. Хүний сүжиг бишрэлийг далимдуулж өөрийн шуналын муу хүслээ гүйцэлдүүлэх зүйл гарч байсан гэж ойлгож болно. Хойшдоо ч ийм зүйл гарах л байх. Мөн эсрэгээрээ сайн лам ч гарна, муу лам ч гарах л байх. Сайн муу гэдгийг сүсэгтэн олон үнэлнэ.

-Заавал их өргөл барьц өгч байж бурхны ном сайн үйлчилнэ гэх зүйл байхгүй биз дээ. Өргөл барьц өгөх нь ямар учиртай юм?

-Тухайн ламыг бурхан мэт үзэж ирж байхад зовлонгоос нь нимгэлж, жаргалаас нь хагацуулахгүй юмсан гэж өргөлийг хүлээж авбал тэр өргөл сайн болно. Хүлээж авч байгаа хүнд ч сайн. Өгч байгаа хүн нь үнэн сэтгэлээсээ өгч байгаа бол түүнд ч сайн. Харин нэр алдар эдэд шунасан, хөрөнгө хураах, сайхан гоё харагдах юмсан гэдэг байдлаар өргөл авбал нүгэл болно. Өргөлийн хэмжээ их бага нь ямар ч хамаагүй байдаг. Цаад хүн үнэн сэтгэлээсээ алгын чинээ даавуу өргөсөн ч хүнд өргөл болдог. Их хэмжээний алт өргөсөн байлаа гэхэд цаад хүн нь тухайн ламыг сорьсон, туршсан, өөрийнхөө эд хөрөнгийг гайхуулах байдлаар болон тэр ламыг өөрийнхөө далласан газар ил гарч, далайсан газар нь далд ордог хүн байлгах гэсэн санаагаар өргөсөн бол шимгүй, нүгэл болно. Лам хүн тухайн авсан өргөл барьцаар л гол зогоох ёстой. Монголчууд номд маш сүжигтэй байсан учраас дэлхийд номыг дээдэлдэг онцгой үндэстэн болж үлдсэн. Аливаа зүйл, өргөлийг хүндлэл байна гэж үзэх юм бол тэр ламаас муу юм гарахгүй, өөртөө ч хураагаад байхгүй. Өөрт нь илүү бол бусдад өгчихдөг лам ч олон бий. Өргөлийг тэр дор нь ядарсан шавьдаа өгнө, эсвэл дээжээс нь аваад хүнд нь буцаагаад өгөх үе ч бий. Харин лам гэх нэртэй, хувцастай олон лам нарын нэр хүндийг унагадаг ёсзүйгүй хүмүүс ч бий.

-Хүмүүс зөндөө л ламаар явлаа, ном уншууллаа нэмэр болдоггүй ээ гэхийг сонсч байлаа. Энэ нь өөрийнх нь итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй холбоотой юу?

-Энэ нь номыг хэрэгцээ гэж үзсэнээс болоод байгаа юм. Хэрэв сүжиглэх юм бол лам хүний дүрийг харах төдийд, бурхны дүрийг харах төдийд, номонд мөргөх төдийд л аливаа ажил бүтнэ гээд байгаа шүү дээ. Цаанаа далай их нүглийг хураачихаад, наанаа дуслынх нь төдий буян үйлдчихээд тэр буянаараа зовлонгоо арилгана гэвэл эрүүл ухаанд ч буухгүй шүү дээ. Мөн ном уншуулах нь мөнгө төлөөд талх худалдаж авахаас огт өөр зүйл. Тухайн хүний итгэл үнэмшил, сүжигтэй холбоотой.

-Сүсэгтэн олны итгэл үнэмшил, өргөл барьц зэргээр лам нар өдий зэрэгт хүрч яваа. Тэгвэл ард олондоо эргүүлээд тэд юуг өгч чадах юм бэ гэдэгт та ямар хариулт хэлэх вэ?

-Бурхан багш шиг хамаг амьтны тусыг, хойд насандаа зовохгүй байх аргыг зовлонгийн шалтгааны тайллыг гаргасан зүйл өөр байхгүй. Үүнийг бурхны шашны номыг судалсны дараа л ойлгох боломжтой. Амьтны тусыг үйлдсэн олон хүн байна. Их хаадын үед, Хүннү гүрний болон бага хаадын үед ч сонгогдсон оюун санааны маш том зүйл бол бурхны шашин юм. Бурхны шашнаар явснаар маш олон соёлыг бий болгосон. Хүнд өвчин тусаад, өөрийгөө үхнэ гэдгийг мэдэж буй хүн бурхны шашинг ойлгочихсон бол асар өөр байдаг. Үхлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь сэтгэлийн маш том хичээл. Мөнх насалсан хүн гэж байхгүй ч хүмүүс үхнэ гэдгээ барагтай бол хүлээн зөвшөөрдөггүй. Бид аливаа зүйлд өнгөц ханддаг учир асар их алддаг. Өөрөөр хэлбэл, зовлон учирсан тохиолдолд асар их сэтгэлийн тэнхээгээр, юм үзсэн хүн шиг туулж чаддаггүй. Тэгэхээр буддын шашнаас суралцах их зүйл байсныг монголчууд мэдэж, зэвсэг барин тэмцдэг зүйл амарлингуй болсон. Улс төрийн энэ тогтворгүй үед асар тайван хүлээцтэй, хүлцэнгүй байгаа нь буддын шашны үлгэр жишээ. Мөн монгол айл гэрээ цоожилдоггүй ёс заншил хөдөөгийн айлуудад хэвээрээ байна. Эзгүйд нь аянчин ирээд хоол хийж идээд явсан байхад гэрийн эзэн уурладаггүй, харин ч өлсөж, ядарсан хүн хоол идээд явж хэмээн баярлана. Ийм зан заншил үнэт зүйл дэлхийд хаана ч байхгүй. Энэ нь буддын шашны оруулсан их гавьяа болов уу гэж би ойлгодог.

-Гэгээрэлд хүрсэн лам нар хэр байдаг юм бэ?

-Бурхан багшийн номлосон ном үнэн юм уу гэдгийг нотолсон нотолгоо нь гэгээрэл. Бурхан багш та нар миний номыг сонсоод сонссон номынхоо тухай бодоод, яг миний заасан номоор явбал гэгээрэлд хүрнэ гэдэг. Гэгээрлийг үзүүлсэн бодгалууд бий.

-Дундговийн хийдийн хамба Д.Осгонбаяр гуай гэгээрэлд хүрсэн гэгддэг юм билээ. Гэхдээ тэрээр саяхан үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн байна. Лам хүн арилжаа наймаа хийж болдог юм уу?

-Сүүлийн үед хэвлэлээр дэлгүүр нээсэн тухай мэдээлэл гарсан байна лээ. Ер нь лам хүн ямагт бизнесийн зорилгыг агуулж болдоггүй. Ертөнцийн бүх явдалд л нуруугаа харуулах ёстой гээд байгаа шүү дээ. Энгийн хүмүүс бол сайхан амьдралыг эдийн засгаар ойлгоод, аз жаргалыг эд хөрөнгө гэж ойлгодог. Харин бурхны номд эд хөрөнгө баян тансгийг түрхэн зуур үзэгдэх хуурмаг зүйл гэж олонтаа номлодог. Тэр байдлаас бол хувь хүн өөрийнхөө төлөө ашгийн зүйл нээх нь буруу. Гэхдээ өнөөгийн нийгэмд аливаа зүйл хөрөнгөгүйгээр босдоггүй. Жишээлбэл, Ажаа гэгээний нээсэн эмнэлэг санхүү мөнгөн дээр тулгуурлаж боссон. Гэхдээ Ажаа гэгээн бизнес хийгээгүй. Бизнес хийдэг хүмүүсийг уриалж бусдын тусын тулд эмнэлэг босгосон байдаг. Үүнтэй адил тухайн борлуулж байгаа зүйл нь бусдын сайн, сайхны төлөө зарцуулагддаг бол хориотой зүйл биш юм. Тэгэхээр зорилго нь чухал юм даа.

-Д.Осгонбаяр гуай ямар зорилготой дэлгүүр нээсэн юм бол. Бусдын сайн сайхны төлөө юм болов уу?

-Мэдэхгүй, дэлгүүрийнх нь тухай Д.Осгонбаяр буюу Зава Дамдин гэдэг хүнээс асуух нь зөв байх.

-Д.Осгонбаяр Зава Дамдины хойд дүр гэдэг юм билээ. Зава Дамдин нь ямар хүн байсан юм бол. Өмнөх дүр нь арилжаа наймаа хийдэг панзчин хүн байсан юм болов уу. Учир нь үнэт эдлэлийн дэлгүүрээ Зава Дамдины товчлол буюу ZD гэж нэрлэсэн юм билээ?

-Зава Дамдин гэдэг бол алдартай лам байсан. Монголд олон янзын эрдэмтэй лам нар байсан. Зава Дамдин лам түүхийг маш сайн мэддэг, түүхч гэдгээрээ их алдаршсан хүн. Мэдээж бурхан шашны гол сургалт болсон чойрын сургалтыг дуусгасан. Түүндээ мэргэшсэн хүн байсан. Тэгээд Чойрын нэг засаг захиргаа байсан газар Дэлгэрэхийн Чойр гэж хийдээ нээсэн байдаг. Сүүлийн үеийн эрдэмтдийн нэг.

-Д.Осгонбаяр лам бизнес хийх ёсгүй байвч энэ нь ашгийн байж таараад ёсзүйн алдаа гаргалаа гэхэд танай хийдээс хариуцлага тооцох үндэслэл бий юү?

-Байхгүй. Яагаад гэхээр сүм хийдүүд бусад хийдийнхээ үйл ажиллагаанд оролцохгүй гээд хуульд заачихсан. Өөрийнхөө асуудлыг тухайн хийд өөрөө дотооддоо шийднэ. Бусад сүм хийдүүдийг нээх хаах, лам нарыг томилох буцаан татах, гэм шийтгэлийг нь өгөх гэсэн эрхийг хязгаарласан. Өөрийн хийдийнхээ дотоод журмаараа шийтгэнэ. Лам хүн архи уугаад гудамжинд хэвтлээ гэхэд манай хийдийн лам биш бол бид яаж ч чадахгүй. Тиймээс лам нарын нэр хүндийг гутаасан лам нэртэй хүмүүс олон болоод байгаа.

-Гандантэгчинлэн хийдийн орлого хаашаа ордог вэ, хэрхэн зарцуулдаг юм гэх асуулт бас байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Гандангийн уншлага хамаг амьтны төлөө байдаг. Нийтээр хурал хурж хамаг амьтны сайн сайхны төлөө залбирах залбирал байдаг. Тухайн хүний эрүүл мэнд болохгүй, ажил хийхээр саад учраад, хийморь доройтсон бол ламыг бурхан мэт үзэж ирдэг байсан. Одоо ч энэ байдал хэвээр. 2500-гаад жилийн өмнөх хүний асуудал одоогийнхтой яг ижил байдаг. Бурхан багш хүний амьдралд тохиолддог зовлон гуниг, элдэв асуудалд тохируулан ном гаргасан байдаг. Энэ ном эрдэм нь багшаас шавьд увдисаар дамжсаар ирсэн. Үүгээр мөнгө олдог нь үнэн. Гэхдээ төрөөс ямар ч татаас байхгүй. Лам нарыг татварын мөнгөөр цалинждаг гэсэн буруу ойлголт байдаг. Тийм зүйл хэзээ ч байгаагүй. Харин бид төрдөө татвараа тогтмол компани шиг төлдөг. Гэхдээ хийдийг Олон нийтийн байгууллага гэдэг утгаар ашгийн бус байхыг шаарддаг. Бид орлогоо дулаан, гэрэл цахилгааны зардал, зуугаад ажилчны цалин болон 400-гаад ламыг цалинжуулдаг. Дээр нь урсгал зардал, өргөл хандивт зарцуулдаг. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх хариуцлагаа ухамсарлаад хийсэн буяны ажлууд олон бий.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл маргааш дуусна

Related imageЭлсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд буюу маргааш дуусна. Энэ жил арванхоёрдугаар анги төгсөх 37.000 гаруй хүүхэд байгаа аж. Үүн дээр гадаадад суралцаж байсан болон өмнөх оны төгсөгчид нэмэгдсэнээр нийт 40.000 гаруй хүүхэд ЭЕШ өгнө гэсэн тооцоо бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт элсэгчдийн 92 хувь нь бүртгүүлжээ.

Хэрвээ та бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn сайтад цээж зургаа оруулаад, хичээлээ сонгож, төлбөрөө энгийн болон мастер картаар хийж бүргүүлэх боломжтой. Төлбөр төлөх виза карт нь эцэг, эх, асран хамгаалагчийнх байж болох аж.

Дашрамд дурдахад, нэг хичээл 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Татвар нэмэх дээр ул суурьтай хандах шаардлагатай

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хаврын чуулганы эхэнд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцэн батлах учиртай. МАН-ын бүлэг мэдээж төсвийн тодотголыг батлах байх. Засгийн газар ямархуу тодотгол оруулж ирсэн бол?

-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай ч гал унтраах маягаар хийж болохгүй. ОУВС-гийн зүгээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн тодотгол хий гэж хэлээгүй. “Танай төсөв, эдийн засгийн систем буруу яваад байна, алдаагаа зас, сахилга баттай бай” гэсэн. Төсвийн тодотголыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байхад татвар дээр зайлшгүй өөрчлөлт оруулах зүйлс байгаа нь харагдсан. Гэхдээ Сангийн яам хангалттай хэмжээнд төсвийн тодотгол оруулж ирж чадсангүй. Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх гэхээсээ илүүтэй олон улсын зах зээлд нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг бодолцох ёстой. Тиймээс орлого, зарлага дээрээ анхаарч ОУВС-гийн шаардлагыг хангасан төсвийн тодотгол хийх боломж бий. Тэр утгаараа бид төсвийн тодотголыг эргэж харах ёстой. Эдийн засаг амаргүй байгаа тул архи, тамхины онцгой албан татварыг нэмэх нь зөв. Мөн авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг бүгдийг нь нэмэх нь буруу.

-Яагаад?

-Судалгаанаас харахад импортоор орж ирж буй шатахууны 70 гаруй хувийг нь дизелийн түлш дангаараа эзэлж байна. Уул уурхай, барилга гээд томоохон салбаруудад дизель түлшийг түлхүү хэрэглэдэг. Тиймээс дизель түлшний онцгой албан татварыг илүүтэй нэмж, иргэдийн амьжиргаанд шууд тусдаг А80, 92 бензиний татварыг бага зэрэг нэмэх ёстой гэдэг ч юм уу шатлалтай байх нь зөв байх. Ингэлээ гээд нэг их зөрүү алдагдал хүлээхгүй. Сүүлийн дөрвөн жилд цалин нэмээгүй, тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн байхад цалингийн орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж илүү татвар нэмж болохгүй. Зөвхөн цалингаасаа орлого олдог хүмүүст ачаалал нэмж татварын орлого, НДШ-ийн орлогыг нэмэгдүүлж давхар татвартай болгож магадгүй байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Төсвийн орлого, зарлагаа харж байгаад төсвийн тодотголдоо өөрчлөлт оруулах боломжийг хайх ёстой л доо. Түүнээс биш ОУВС-гийн бүх шаардлагыг хүлээж авах боломжгүй.

-Хувь хүний орлогын албан татварыг яагаад нэмж байгаа юм бол. Бүлгийн хуралд орж мэдээлэл хийсэн хүмүүс ямар хариу өгч байна вэ?

-ХХОАТ-ыг нэмэх болсон шалтгааныг Сангийн яамныхан бондтой холбон тайлбарласан. Бонд татварын хувь хэмжээнд хэр ачаалал үүрүүлж байгаа юм бэ гээд судлаад үзэхээр нөлөөлөл нь тун бага байна. Бонд худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн бондын хүү татваргүй тул давхар ашиг олдог. Бонд хүүгийн татвар төлөхгүйн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 10-25 хувь хөнгөлүүлдэг. Арилжааны банкууд бонд худалдаж авах гээд байдгийн учир нь энэ. Тиймээс бонд татварт нэг их нөлөө үзүүлэхгүй тул ХХОАТ-ыг нэмэх асуудлаа бондтой холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм.

Түүнчлэн хадгаламжтай л бол хүүгийн орлогын 10 хувийг авна гэж байна. Эдийн засаг хүнд байгаа. Иргэд өөрсдийнхөө хэмжээнд хэдэн төгрөг цааш нь хийж, байрны зээлд хамрагдах гээд урьдчилгаа мөнгө цуглуулаад банкинд хадгалуулсан хүмүүсийн хүүгийн орлогоос татвар авч болохгүй. Эдийн засаг хямрал дундаж болон дунджаас доогуур иргэдэд хамгийн хүнд тусч байгаа. Чинээлэг дундаж давхаргаа дэмжье гэж ярьдаг. Үнэхээр л тийм юм бол хадгаламжийн хүүнд татвар ноогдуулахдаа шатлалтай болгох зөв. Төсвийн зарлага тал дээрээ “шүүсээ” шахах хэрэгтэй. Энэ тал дээр Сангийн яам дутуу ажиллачихав уу гэж харж байгаа.

-Хэт өндөр цалин авч байгаа төрийн албан тушаалтнуудын цалин сүүлийн үед анхаарал татаад эхэллээ. Зарим нь бүр цалингаа нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байх жишээтэй…

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын цалинтай холбоотой асуудал яригдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд хоёр талдаа маргаантай байгаа тул зориудаар ийм мэдээлэл гаргаж байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нь 10 сая, захирал нь 20 сая төгрөгийн цалинг нэг сард авдаг байж болохгүй. Ард түмнийхээ нуруун дээр татвар нэмэх гэж байгаа юм бол өндөр цалинтай хүмүүсийн цалингаас заримыг нь яагаад хасч болохгүй гэж.

Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал нэлээд эсэргүүцэлтэй тулгарах шинжтэй байна. Олон улсын жишигт Тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор 62-65 настайд нь тэтгэвэрт гаргадаг юм билээ. Хэдийгээр бид 2036 онд тэтгэврийн насыг 65 болгоно гэж байгаа ч энэ тал дээрээ анхаарч үзэх шаардлага бий. Тэтгэврийн нас нэмэх асуудлаа хөгжингүй орнуудад байдаг гэж тайлбарлаад байгаа л даа. Монгол Улс хөгжингүй орон уу гэдгээ бодолцох ёстой. Энэ мэтчилэн зайлшгүй анхаарал хандуулах зүйлс байгаа ч бид төсвийн тодотголоо зайлшгүй батлах хэрэгтэй. Гэхдээ татвар нэмэх асуудал дээр ул суурьтай хандах шаардлагатай.

-Засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирэхдээ зарлагаа нэмэгдүүлчихээд татварыг мөн нэмэхээр оруулж ирсэн нь маргаан дагуулаад байна. Засгийн газар урсгал зардлаа нэмэх шаардлага байгаа юм уу?

-Орлогоо 500 тэрбумаар нэмж, зарлагаа 173 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. “Яагаад сайд нарын багц дээр зарлага нэмэгдчихэв” гэсэн асуудал бүлэг дээр яригдсан. Өмнөх Засгийн газрын үед Хөгжлийн банкин дээр төсөвлөсөн зүйлс байсан юм билээ. Үүнийг нь автоматаар яамд руу хуваарилсан. Түүнээс биш төсвийн тодотголоор сайд нарын багц нэмэгдээгүй гэж байсан. Ерөнхий сайд төрийн эрх мэдэлтнүүдийн тансаглалыг зогсооно, төрийн алба чадварлаг цомхон байх ёстой гэчихээд үүнийхээ эсрэг явахгүй байх.