Categories
мэдээ нийгэм

Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь буцаан тавилаа

Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан аж.

“Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан гэмтсэн бүргэдийг зориулалтын газарт эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч 11 хоногийн турш тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээлээ. Бүргэдийн хумсыг шовхлон зассанаар байгальд идэш тэжээлээ өөрөө олж идэх чадвар нь сэргэсэн тул бүргэдийг ан агнуурын мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар энэ сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат ууланд тавьж нисгэлээ.

Мэдээлэл өгсөн болон асран тэнхрүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газарт болон Шийслэлийн шуурхай мэдээллийн утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.

Жич: Цармын бүргэд нь махчин шувууны нэг төрөл болох шонхортны багт багтдаг. Биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг. Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг. Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болох бөгөөд 25-30 насалдаг байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгад 750 иргэн оролцоно

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгааг өчигдрөөс эхлэн орон даяар авч байгаа юм. Энэхүү санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөл, энэ ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны байгуулсан ажлын хэсэг өнөөдөр (2017.04.13) хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Зөвлөлийн гишүүн, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их Хурлын депутат Д.Чойжамц, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууц тооллогын товчооны дарга А.Амарбал нар оролцов.

Зөвлөлдөх санал асуулгын судалгааны түүврийн арга зүйн талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Ш.Ариунболд танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Судалгаанд 2016 оны байдлаар 18 нас хүрсэн Монгол Улсын 2 сая иргэн хамрагдаж байгаа. Түүврийн мэдээлэл цуглуулалтын үндсэн нэгж нь өрх байх юм. Судалгааны үр дүнг зөвхөн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц байдлаар боловсруулах зорилт тавьж, шинжлэх ухааны үндэслэлтэй, математик томъёоллын дагуу тооцож 1570 өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийхэд үндэсний хэмжээний судалгааны үр дүн гарна гэсэн тооцоог хийсэн байгаа” гэлээ.

Түүврийн хуваарилалтаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдахаар сонгогдсон 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон. Өөрөөр хэлбэл, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс арай олон түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэж гаргасан байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулга нь гурван үе шаттай явагдах бөгөөд судалгааны эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс УИХ-ын тогтоолын хавсралтад заасан сэдвүүдээр Үндэсний статитикийн хорооны ажилтнууд асуулга авч, дүнг ирүүлэх юм байна. Харин хоёр дахь шатанд Үндэсний статистикийн хороо эхний шатны судалгаанд сонгогдсон 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгох аж. Тэдгээр иргэд энэ сарын 29,30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцож тодорхой мэдээлэл ойлголттой болсны үндсэн дээр зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач цалингийн зээл, оюутны төлбөрийг хэрхэн төлөх талаар санаа зовж байжээ

Завхан аймгийн Идэр суманд төрийн алба хашдаг нэгэн эмэгтэй өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан билээ. Тэгвэл өнөөдөр талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, төрсөн ах С.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн нар болсон явдлын талаар мэдээлэл хийлээ. Тэд талийгаач Т нь намын дарамт шахалтаар ажлаас халагдаж, сэтгэл санааны гүн дарамтад орсны улмаас амиа хорлосон гэдгийг хэлэв.

Нөхөр Ш.Батбаатар: “Миний эхнэрийг маш их өртэй байсан. Түүнээсээ болоод амиа хорлосон гэж яриад байна. Өр байхгүй. Бид банкнаас 12 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Түүнийгээ төлж дуусах дөхөөд нэмээд 3 сая төгрөгийн цалингийн зээл аваад байсан. Нэг их өрөнд ороод түүнээсээ болоод амиа хорлосон юм биш. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлосон гэх юм. Бид олон жил эвтэй найртай ханилсан. Ерөөсөө сонгуулиар ль нам ялна, нутаг орны удирдлагууд тухайн намын хүнээ ажилд авдаг, ах дүүгээ томилдог замбараагүй байдал үүсээд байна. Миний хувьд би сумандаа түлээ, мод зөөн бусдад тусалж тодорхой хэмжээний орлого олдог” хэмээв. Түүнээс болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-Шөнө гарахдаа танд юу гэж хэлээд гарсан бэ?

-Унтаж байгаад босоод гарахаар нь “Хаачих нь вэ” гэж асуухад “Бие засаад ирье” л гээд гарсан. Тэрүүхэн хугацаанд би унтчихсан байсан. Нэг сэрээд хартал орж ирээгүй байхаар нь гараад хартал амиа хорлочихсон байсан.

-Өөр дээрээ бензин асгасан гээд байгаа. Энэ бензинийг хаанаас авсан юм бол?

-Би модонд явдаг. Тийм учраас гэрийн амбаарт 500 грамм бензин тавьсан байсныг бие дээрээ асгасан байсан.

-Намын харъяаллын улмаас амиа хорлосон гэжүзэж байгаа гэлээ. Талийгаач аль нэг намын гишүүн байсан уу?

-Уг нь ардын намын гишүүн байсан ч төрийн албанд ажиллаж байгаа учраас намын харъяаллаас түдгэлзсэн. Эхнэр маань 25 жил тогтвор суурьшилтай ажилласан. Гэсэн ч сумын Засаг дарга Баярмаа өөрийн садан Нямжавыг ажилд авахын тулд дарамталсаар ийм байдалд хүрсэн.

-Болсон явдлын дараа нутгийн удирдлагуудтай уулзсан уу?

-Огт уулзаагүй. Гэвч бид гомдолтой байна. Би хоёр хүүхэдтэйгээ хоцорсон. Бидэнд нөхөж баршгүй гарз учруулсан нутгийн удирдлагуудад гомдолтой байгаа.

Талийгаач Т нь тус сумын төрийн албанд 2005 оны есдүгээр сараас нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн байна. 2015 оны гуравдугаар сарын 9-нд сумын ЗДТГ-т санхүүгийн шинэ албыг үүсгэн байгуулсан аж. Нутгийн удирдлагууд санхүүгийн албыг үүсгэн байгуулснаар төрийн сангийн мэргэжилтэн Т.Сэлэнгийг тус албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор томилж, талийгаач Т-г төрийн сангийн мэргэжилтнээр түр томилжээ. Хуулийн дагуу шинээр байгуулагдсан нэгжид төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд иргэн Нямжав, Тэгшжаргал өөр бусад хүмүүс оролцсон. Тухайн шалгалтын дүнгээр иргэн Нямжав хамгийн өндөр оноо авч шалгарсан. Гэсэн ч түүнийг төрийн сангийн мэргэжилтний ажилд томилох болоход хуулийн зөрчил үүссэн тухай өмгөөлөгч Б.Батмөнх хэлж байна.

Өмгөөлөгч Б.Батмөнх: Төрийн албаны тухай хуулийн 16.3.2-т зааснаар шууд удирдах албан тушаалтанд төрөл садан, гэр бүлийн харилцаатай хүмүүсийг томилохыг хориглосон байдаг. Гэтэл тухайн сангийн албаны дарга иргэн Т.Сэлэнгэ нь сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Нямжавын төрсөн эгч учраас зөрчил үүсч Нямжавыг томилох боломжгүй байдалд хүрсэн. Тийм учраас дараагийн байранд жагссан талийгаач Т-г томилоход хүрч, Засаг даргын тушаалаар 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр түүнийг ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр томилсон байгаа юм.

Гэтэл тухайн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн Нямжаваас гаргасан хүсэлт гомдлын дагуу 2017 оны гуравдугаар сарын 14-ны өдөр талийгаач Т-г ажлаас халсан. Улмаар гуравдугаар сарын 15-наас иргэн Нямжав талийгаач Т-г ажлаа өгөхийг шаардан дарамталж эхэлсэн байгаа юм. Энэ нь талийгаачийн сэтгэл санаанд хурцаар нөлөөлсөн гэж хэлэх үндэслэлтэй. Талийгаач гуравдугаар сарын 16-нд сумын засаг дарга Баярмаатай уулзсан байна. Тэгтэл Баярмаа засаг дарга “Нямжавын гомдлын дагуу таныг чөлөөлж байгаа. Мөн энэ томилгоо улстөрийн шийдвэрийн дагуу явагдсан. Та ажлаа энэ сарыг дуустал хийж болно. Гэвч цалин томилогдсон этгээдийн нэр дээр бодогдоно” гэх хариуг өгсөн байдаг. Улмаар талийгаач аймгийн төв рүү хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаар гуравдугаар сарын 27-нд нөхрийн хамт зорьсон. Өмгөөлөгч шүүхэд маргаан үүсгээд амжилт олох нь 50:50 хувийн магадлалтай гэсэн байгаа юм. Үүнийг сонссон талийгаач маш их сэтгэлзүйн дарамтанд орж, гэртээ ирсэн тэр шөнөө амиа хорлосон. Амиа хорлохын өмнө нэгэнт ажлаа алдахад хүрлээ. Цалингийн зээл болон оюутны сургалтын төлбөрөө хэрхэн төлөх талаар санаа зовж байгаа тухайгаа гэр бүлийн хүндээ хэлсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хууль бус томилгооны асуудлаар цагдаагийн байгууллагад хандана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүний биед шаардлагатай аминдэмийг аяга сүүнээс авна

“Та сүүгээ уусан уу” сэдэвт хамтарсан уулзалт боллоо. Уг уулзалтанд нийслэлийн ХХААГ-ын Хүнсний хэлтсийн мэргэжилтэн Ц.Баярмаа “Нийслэлээс сүүний салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”, ШУТИС, ҮТС, Хоол зүйч доктор, дэд профессор М.Пүрэвжав “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ба хүний махбодын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь”, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний зөвлөмж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар олж авдаг байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Үүнд:

  • 1-10 настай хүүхэд 1-3 аяга (200-300гр) 4%-ийн тослогтой сүү,
  • 11-18 настай хүүхэд 4-5 аяга (300-500гр) 3,2% -ийн тослогтой сүү,
  • 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогтой тохируулан 3 аяга (300-500гр) 0,1% 2,5% тослогтой сүүг ууж заншжээ.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Та сүүгээ уусан уу” сэдэвт хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. “Глобал Коммунитис” олон улсын байгууллага нь Монгол Улсад 2003 оноос АНУ-ын ОУХА(USAID), мөн АНУ-ын ХАА-н Департмент (USDA)-ийн санхүүжилттэй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн EMIRGE хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.
Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.13) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Хуралдаанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 6,015.7 гэснийг 6,035.7 гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ) –д эзлэх хувь 23.1 гэснийг 23.2 гэж өөрчлөх, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8,789.8 гэснийг 8,750.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 33.7 гэснийг 33.6 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 835.4 гэснийг -944.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 3.2 гэснийг -3.6 хувь гэж, 2018 онд 661.2 гэснийг 700.8 гэж, ДНБ-д эзлэх хувь 2.4 гэснийг 2.5 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,774.1 гэснийг -2,714.4 гэж, ДНБ-дэзлэх хувь -10,6 гэснийг -10.4 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 1,593.4 гэснийг 1,579.8 гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн хуулийг дагасан хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэвээр үлдээх” Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуульд “Төслийн 1 дүгээр зүйл буюу 19.9 дэх хэсгийг 2017 онд 10.6 хувиас гэснийг 2017 онд 10.4 хувь” гэж өөрчлөлт оруулсан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

2017 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэх хүртэл Концессын тухай хуулийн 4.1.2 дэх хэсгийг тогтоолд оруулах” саналыг Ажлын хэсгээс оруулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2 нь дэмжлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлээгүй тул УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Б.Лхагважавын хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлэв

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-д хандаж тавьсан мэдэгдлийнхээ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат зэрэг хүмүүс оролцов.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд мэдэгдэлд дурдсан 8 зүйл шаардлага, хүсэлтийнхээ талаар товч танилцуулав.

“Энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 313.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхны хандлага ч өөр болж байна. Товчхон хэлбэл урин салхи нааш эргэлээ. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг манай бизнес эрхлэгчид бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ үйлдвэрлэгчдийн бий болгосон татварын орлогыг юунд, хэрхэн зарцуулж байна вэ гэдэг асуудал хамгийн чухал. Төр, засгийн хариуцлагагүй байдлын уршгаар үүссэн хүндрэлийг татвар нэмэх мэт аргаар бизнес эрхлэгчдийнхээ, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж давна гэвэл бид эсэргүүцэхээс өөр аргагүй. Мэдэгдэлд дурдсан 8 шаардлага, хүсэлтийн 3 нь татвартай холбоотой, 5 нь төрийн менежементийг сайжруулахад чиглэсэн байгаа. Төрийн үрэлгэн, хариуцлагагүй, бодлогогүй байдлыг эцэс болгох л нэн тулгамдсан асуудал болоод байна” гэж Б.Лхагважав хэллээ.

“Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар: “Татвар нэмж болно, төлж ч болно, гагцхүү түүнийг зөв зарцуулах л чухал” гээд төсвийн зарцуулалтад татвар төлөгчдийн хяналтыг бий болгох нь чухал гэсэн бол “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан татварыг шатлалгүй болгож, үндэсний компаниуддаа томрох боломжийг нь олгох, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарах, боловсролтой, чадварлаг менежерүүдийг гайгүй цалин авч, орлого оллоо гээд торгохын оронд урамшуулан дэмжих нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат нар төрийн хүнд суртлыг багасгах, “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгох, Засгийн газрын хийх ажил хэнд ч тодорхой, хүрсэн үр дүнг нь хэмжиж болохуйц тогтолцоо бүрдүүлэх, тендер, концесс түшсэн “хулгайн” эдийн засгаас салах, улс орныг ийм байдалд хүргэхэд нөлөөлсөн, зээл тусламжийн болон татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг саналуудыг дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэхдээ бизнесийнхэнд үүрүүлж буй татварын ачааллыг төрийн зардлыг бууруулах замаар хамтдаа үүрье, аливаа зардал ил тод, “шилэн” байя, шинэ хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байх нь зөв гэсэн зарчим барьж байгаа гэдгийг дуулгаад, хөтөлбөрт хамрагдсаны дараа УИХ татварын хуулийн орчноо цэгцлэх, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг ил тод болгох ажлыг яаралтай хийнэ гэж төлөвлөж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: “Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна” гэсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Цаашид бизнесийнхний эрх ашгийг хөндөж буй аливаа асуудлаар та нартайгаа уулзаж, зөвлөлдөж, ойлголцож байж шийдвэрээ гаргадаг зарчимд шилжих нь зөв. Татвараар бүрдүүлсэн төсвийн орлогыг хэрхэн зарцуулж байгаад бид хяналт тавих ёстой гэсэн байр суурийг чинь ч бүрэн дэмжиж байна” гэв.

Ийнхүү хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч, цаашид тогтвортой хамтран ажиллахаар тохиролцлоо гэв.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан” бэлэн боллоо

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ.

Өнөөдөр судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засаг нийгмийн аж амьдрал төвлөрсөн томоохон хот гэдэг утгаараа хөгждийн ямар шатанд гарах вэ, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлага байнга тулгардаг. Тиймээс бид нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан, үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилгодоо хүрэхэд иргэдийн дуу хоолойг сонсох, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх, судалгаанд суурилсан оновчтой ул суурьтай шийдвэрүүдийг гаргах нь чухал юм. Энэ удаагийн судалгаа бидний цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсох, түүнд тулгуурлан Улаанбаатар хот, дүүргүүд хөгжлийн түвшнээ тогтоох, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үр дүнтэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд үнэ цэнэтэй мэдээллийн эх үүсвэр болно гэж бодож байна” гэв.

Тус судалгаа нь нийслэл хот болон дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн анхны бүрэн хэмжээний судалгааны тайлан болсноороо онцлогтой.

Улаанбаатар хотын болон есөн дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, өрсөлдөх чадварын давуу, сул талууд, түүнийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг гаргаж ирэхээр зорьжээ.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг дүүргүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгын мэдээллээр цуглуулжээ.

Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн гэнэ. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Би омог бардам хүн. Өөрийн гэсэн сэтгэл оюун, ёс суртахууны үнэт зүйлээ хэр хэмжээгээр нь мэдэрч, хамгаалж өссөн. Тийм хүмүүст ногдуулдаг “Биеэ тоосон этгээд” гэдэг тодорхойлолтыг олон удаа зүүсэн. Тэр хэрээрээ, өөрийн гэсэн үнэт зүйлтэй хүнийг дэмжиж, өмөөрч хүмүүжсэн. Мөн л тийм хүмүүсийг өмөөрөхөд ногддог гадуурхлыг ч бас амссан. Үүндээ бахархдагаас ялархдаггүй, бардамхан дурсдагаас үнэлгээ нэхдэггүй. Ийм л хүн, зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй, зарим нь гадарлана, зарим нь гадарлах ч хэлэхгүй…

Ерэн оны ардчилсан хувьсгалыг мөрөөдөн хүлээсэн, уухайлан тоссон, идэвхийлэн оролцсон төдийгүй оройлж хөтлөлцсөн хүний нэг байв. Өөрийгөө хүн гэж, эрх чөлөөт иргэн гэж биеэ тоосноо илэрхийлэх байтугай тэгж хүнд бодогдуулчих вий гэдгээс бүгдээрээ айдаг тийм л нийгэмд төрж өссөн болохоор эрх чөлөөгөөр дутаад байгаагаа магадгүй илүү мэдэрч байсан байх. Тэр жилийн нийгмийн хувьсгал манай ард түмэнд эрх чөлөө олгосон.

Тэдний дотор би байсан, чи байсан, бид бүгд байсан.

Үлгэр домогт гардаг, ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд өөрөө үхдэг баатрын ёсоор тэр хувьсгалыг би хийлцээгүй. Өнөөдөр зарим хүний ялархан ярьдаг шиг “Би ч яахав үхвэл үхнэ биз. Ард түмэн минь эрх чөлөөтэй болчихвол, хамаа алга” гэж огт бодоогүй. Өөрөө ганцаараа эрх дархтай амьдрах гэвэл дарангуйлагч болдог, хүний өөрийнгүй эрх чөлөөтэй амьдаръя гэвэл тэгш эрх тогтоодог тэр л дүрмээр, нийгмийн идэвхтэй хэсгээ уриалсан. Тийм ч учраас, ардчиллын үр шимийг хамгийн түрүүнд амсаж, үзэл бодлоо тунхаглаж, түүхээ шинэчлэн бичиж чадсан хүний нэг нь би өөрөө.

Нийгмийн ардчилал бол Монголын нийт ард түмэн бидний бүтээсэн үнэт зүйл. Чамд ч, чиний хүүхдэд ч хамаарах, өвлөгдөх үзэл санаа, оршихуйн үнэт өв. Ардчилсан тогтолцоог би “Алив хүн хуулийн хүрээн дотор өөрийн амьдралаа өөрийн үзэмжээр зохицуулаад явах эрх чөлөө” гэж хардаг. Ийм учраас хүн болгон хуулийн хүрээн дотор өөрийн дуртай чаддаг юмаа хийгээд явбал энэ улс орон мөн амархан хөгжинө дөө гэж боддог байлаа. Бүх юм байрандаа, чаддаг нь даргаа хийг, хулгайч нь шорондоо хоног төөрүүлэг.

Ийм итгэл үнэмшлээрээ би улс төрийн идэвхт амьдралаас өөрийгөө чөлөөлөөд хориод жил боллоо. “Энэ бол надад тохирох ажил биш”, “тэгээд ч зохион байгуулах, хүнтэй ажиллах авьяас билиг байхгүй”, “ер нь өөрийнхөө амьдралыг өөрөө зохицуулаад явах ёстой болохоос хүний өмнөөс амьдарч байгаа биш”, “нийгмийн шинэчлэлээс хүсч байсан эрх чөлөөгөө олж авсан, чадах дийлэх юмаа л хийе” – ийм л бодолтой байсан. Шударгаар хөдөлмөрлөсөн, үр шимийг нь ч хүртсэн, хүний дор орохгүй амьдарч байна. Хуулиас гадуур юу ч хийгээгүй, ингэх нь миний иргэний үүрэг төдийгүй үхэхийн цагт бардам байх гол шалгуур. Энэ орны иргэний хувьд хууль дүрмийг сахин биелүүлж, оногдсон татвар мөнгийг улс орондоо цаг хугацаанд нь тоо ёсоор төлсөөр ирлээ. Татвараа ном ёсоор нь төлөөд явдаг иргэнийг л эх оронч хүн гэнэ гэсэн ойлголттой.

Нэг л мэдсэн 60 хүрчихлээ. Дуу дуугаа авалцаж төрсөн, ХХ зууны дунд үеийнхэнтэйгээ хамт өвөө, эмээ боллоо. Зүйтэй эхлэл, сайн гарааны тухай санаа сэдэхээсээ илүү, зөв үргэлжлэл, зөв бариа өвлүүлэх тухай бодон эргэцүүлэх, санаа тавин зүтгэх цаг бас хамт ирж байна. Бидний үе явж одохоосоо өмнө үр хүүхэд хойч үедээ юу үлдээв гэдгээ тунгаах цаг тулжээ. Чухам ийм учраас ах хүний хувьд, эцэг хүний хувьд, өвөө хүний хувьд, өвөг дээдсийнхээ үр ач болж төрсөн хүний хувьд, зэрэгцэн амьдарсан найз нөхрийн хувьд, унасан газраараа ижилдэх нутаг нэгтэн болсон хүний хувьд, угаасан усаараа холбогдсон хамаатан садан чинь болох хүний хувьд үндэс угсаа нэгт олон түмэн та нартаа хандахаар шийдэв.

Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд та бидний олсон их амжилтыг би үгүйсгэх гээгүй. Монголчууд түүхийн бүхий л хугацаандаа хамгийн баян тарган, өмч хөрөнгөтэй, эрх чөлөөтэй үед амьдарч байна. Бид урьд нь хэзээ ч ийм их орлоготой байж үзээгүй, хэзээ ч ийм олон малтай байж үзээгүй, хэзээ ч ийм эрх чөлөөтэй байж үзээгүй. Бас хэзээ ч ингэж төр засаг, нам төрөө шүүн хэлэлцэж үзээгүй. Бид хуульчлагдсан үнэт зүйлтэй болсон ард түмэн. Бидний хэн нь ч өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлж эсэргүүцэж, дэмжиж, түдгэлзэж чадаж байгаа явдал нь хоёр их хөршийн маань иргэдийн хувьд хүнд ял зэмтэй, хориотой үйлдэл билээ. Бидний өмнө дэлхийн хамгийн баян, хамгийн боловсрол соёлтой, хамгийн эрх чөлөөт орон болох ирээдүй нээлттэй байгаа. Гэхдээ тэр бол ирээдүй л болохоос өнөөдөр биш, бололцоо л болохоос бодит байдал биш. Ашиглаж чадвал бодит байдал, эс чадвал хий хоосон мөрөөдөл. Бидний дунд, “зөв явсан бол лут болох хүн байсан юмсан” гэсэн тодотголтой арчаагаа алдагсад бишгүй л явдаг шиг.

Анхны алхам болгон эрсдэл, ирээдүй хоёуланг дагуулж ирдэг. Бидний ардчилсан тогтоц дэлхийн анхных биш. Гэхдээ нүүдэлчдийн хээр талд цогцолсон анхны ардчилсан төр, анх удаагаа ардчилж буй эрх дураараа сэтгэхүйтэй нүүдэлчид. Ийм учраас Монголын ардчилалд хаврын яргуйнх шиг эмзэг дэлбээ хэтэрхий олон байжээ. Өнөөдөр би алдаагаа харж байна. Аугаа үзэл санааг ялуулж чадсан мөртлөө, өөрт нь даатгаад орхисон байна. Хэлүүлэх чичүүлэхээс халшралгүй зүтгэн хамгаалахын оронд өөрөө хөл дээрээ босог гээд үлдээсэн байна, эргээд харахад.

“Хуурсан мэхэлсэн нүгэлтнээс илүүтэйгээр, хуурч байгааг нь мэдсэн хэрнээ зогсоогоогүй нөгөөх нь гүн хилэнцтэй” гэж бурхад хүртэл сургасан. Олон түмнийг хуурч байгааг, луйвардан дарлаж байгааг хэлсэндээ, илчилж явсандаа сэтгэл ханасан маань буруу болжээ. Хулгайчийн гарыг гавлалцахын оронд “Хулгай хийж байна, харж байгаа биз!” гэж хэлээд явсан маань учир мэдэх хүний хувьд гаргасан алдаа болсон байх. Мөрөөдөж яваад учирсан, өөрийн биеэр авчралцсан, үр шимийг нь амссан үнэт зүйлээ аврахын тулд өөрөө оролцохоос өөр аргагүй болсноо та нарт дуулгаж байгаа маань энэ.

Эргэн тойрноо эргүүлээд нэг харцгаа даа! Бид нэг өдөр баяжаад л, нөгөө өдөр гуйлгачин болоод л, нэг бялуурч мөнгө тараагаад л, тэгснээ гэнэт өрийн тулам болоод л өдөр хоногийг өнгөрүүлсээр олон жил боллоо. Энэ нь эхэндээ эрх баригчдын мунхаг бодлогын үр дүн байсан бол өдгөө тоотой хэдэн бүлэглэлийн зориудаар үйлдэж байгаа маш “ухаалаг” бодлогын төлөвлөсөн ажиллагаа болон хувирчээ. Эхэн үедээ мулгуу байдал нь үнэн чанар нь байсан бол сүүлийн үед баг халхавч нь болж, санаатай үйлдлүүдээ “тэнэгтээ л ингэж байгаа” болгон харагдуулж эхэллээ.

Уртаашаа, бид гурван саяулаа. Цөөхөн. Тал нь хүүхэд. Үлдсэний тал нь эмэгтэйчүүд. Тэгээд гуравны нэг нь тэтгэврийнхэн. Улс орноо авч явах үүрэг хүлээсэн 18-60 насны эрчүүд хагас сая. Гэтэл 100 мянга нь харьд гараад явчихсан. 10 мянга нь шоронд сууж байна. 100 мянга нь сархдын мөр хөөсөн. Мөн тэр тооны ажилгүй дампуучууд. Залуучуудын дунд хар тамхи хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдсээр. ДОХ ч бас ялгаагүй. Хүн амд ноогдох элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Ингэхээр дүү минь, улс орноо үүрээд чирээд явахуйц өрх гэрийн сүр сүлд байх учиртай хичнээн эрчүүд цаана нь үлдэв? Өрх тэргүүлсэн эр хүн, жирийн нэг иргэн, эр цэрэг, оюутан, ажилчин чи энэ дотор живж байгаагаа ойлгож байна уу? Гэр орноо авч явж, үр хүүхдээ тэжээх гэж нуруугаа бөгтийтөл зүтгэх чиний хөлс хүч хаачив? Зүгээр сууж байгаад л зуу наслахгүй мөртөө мянган жил барахгүй цулайтал баяжсан эрхмүүд чамайг тохуутай харж, “хөдөлмөрлөөд бай, хөдөлмөрлөж л баяжина шүү” хэмээн даажигнана. Чи хөдөлмөрлөсөөр байвч бахь байдгаараа… Тэр гайхлууд бас “Амьдралд мөнгө нэг их чухал биш. Гол нь байгаадаа хангалуун бай” хэмээн тохуурхана. Чиний хөдөлмөрлөж олсон жаахан мөнгө үргэлж дутагдаж, үргэлж хомсодсон хэвээр… Ингээд харахаар юу бодогдож байна!? Чи ажиллан ажиллан хоосорсоор, тэд амран амран баяжсаар байх юм уу, цаашид? Энэ бүхнийг хамтдаа шүүхээр та нарт хандаж байна…

Би та нарт өвөө хүний хувьд хандаж байна. Та нартай одоо хамт суугаа болон итгэл найдвараа үлдээгээд буцсан өвгөдийн өмнөөс ярих нас намбаны эрх надад бий.

Би та нарт айл гэрийн эр нөхөр болсон хүний хувьд хандаж байна, миний эхнэр жирийн монгол бүсгүй, хүүхдүүдийн ээж, хадмуудынхаа бэр.

Би та нарт монгол хүний үр нь, хүү нь болсон хүний хувьд хандаж байна, өвөг дээдэс малчин, бурхан болооч эх, эцэг минь малчин удамт дундаж монгол сэхээтэн хүмүүс асан.

Би та нарт ах хүний хувьд хандаж байна, та нартай адил дүү нартай нэгэн.

Би та нарт хамаатны садан хүний хувьд хандаж байна, “сайн яривал садан төрөл” гэгчээр салбарлуулан хуучлахаар бие биетэйгээ төрөлсөөд ирдэг угийн бичигтэй цөөхөн монголчуудын нэг чинь билээ.

Би та нарт Монгол Улсын иргэний хувьд хандаж байна. Эх оронд минь бугшсан худал хуурмаг улс төр, эрүүл нийгмийг минь үрэвсүүлсэн хулгай луйврын хатиг, авлига, шударга бус явдлыг тэвчиж чадахаа болилоо, дуугүй хараад суух тэвчээр үгүй боллоо, үүнийг засалцахыг үнэхээр хүсэх боллоо.

Түүхийн хүрд эргэсээр. Түүх үргэлжилсээр. 10-20 жилийн дараа эх орон маань эргээд сэргэнэ, хүмүүс ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн амьдрах болно гэдэгт би итгэдэг. Монгол орон өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг. Харин өнөөдөр энэхүү зах замбараагүй байдал, эрх мэдлийг олсон хулгайч авлигачдын дураараа аашлалтыг даруй зогсоохгүй бол бид тэр гэрэлт ирээдүйд хүрч чадахгүй.

Чи сайн явахаар, сайхан амьдрахаар төрсөн. Дүү минь, хүү минь чи бол эх эцэгтээ хайрлагдсан сайн хүү. Чи бол сайн эр нөхөр. Сайн эцэг. Түшиг тулгууртай найз нөхөр. Чи энэ хорвоог хайрладаг, энд өөрийн баттай байр суурийг олохоор хар чадлаараа зүтгэж байгаа нэгэн. Харин энэ бүхнийг чинь булааж, байх ёстой байрнаас чинь түлхэн шахаж буй бүлэглэлийн золиос. Чи үүнийгээ мэдэрч байна уу? Чамайг алхам тутамд чинь зальдаж, хуурч, дээрэмдэж хулгайлж байгааг анзаардаг уу? Дүү минь – нүдээ нээ!

Чи төрөө мэдэж, хэнээр бариулахаа шийдэх хувьтай төрсөн. Улс орон нээлттэй нийгэмд орж, төрийн ардчилсан тогтолцоо бүрдэж, иргэд чөлөөт сонгуулиар хэнд эрх мэдэл олгохоо шийддэг боллоо. Сайхан хэрэг! Гэвч явсаар чиний хайхрамжгүй зан, хулчгар аймхай байдал, эрхээ хамгаалдаггүй тэрний төлөө хөөцөлддөгүй чанар, эр зориг дутмаг хэнэггүй явдлаас чинь болоод нэг л мэдэхэд энэ орны бүхий л эрх мэдэл хэсэг бүлэг хулгайч, луйварчин, дээрэмчдийн гарт оржээ. Ингэж төрийн эрх чиний гараас булаагдсан.

Чи баян чинээлэг, элбэг хангалуун амьдрахаар ирсэн. Гэтэл луйварчид алхам бүрт чинь чамайг мэхэлж, эрх чөлөө эд хөрөнгө эрхэм бүхнээс чинь хулгайлж байна. Тэд хуйвалдан бүлэглэж нялх хүүхдийн чинь сүүг, өтөл буурал эхийн чинь эмийг, хоолны шүүгэн дэх талхыг чинь, найз нөхдийн чинь хөрөнгийг, чиний өөрийн итгэл найдварыг хулгайлж байна. Чамд байсан аль л ариун нандин болгоныг чинь дээрэмдэж байна. Чиний банкинд байх мөнгийг тэд хуурайлчихсан учраас данс чинь хоосон. Чиний хийх бизнесийг тэд хүүхдэдээ, ах дүүсдээ булаагаад өгчихсөн учраас чамд хийх ажил, олох орлого олдохгүй байгаа юм.

Чи үнэ цэнэтэй эх оронтой, итгэл дүүрэн ирээдүйтэй төрсөн. Гэтэл луйварчдын балгаар эх орон чинь баримтлах үнэт зүйлгүй болж байна. Чамаас ирээдүйг чинь луйвардан авч байна.

Чи итгэл алдрахдаа олон юм бодож, бас төөрч эргэлзэж байгаа. Мэдээж чи улс төрийн намгүй нийгмийг мөрөөдөж байгаа. Чухам нам гээч авлигач, луйварчдын овоолго амьдралыг чинь бужигнуулж байгааг харж байгаа. Нэг үгэндээ нам гээч юмнаас залхсан. Нэг талаасаа тэр үнэн. Гээд өнөөгийн ертөнцийн алив улс оронд зайлшгүй байх ёстой улс төрийн нам хэмээх инстүүцийг та бид өөрснөө ийм болгоод хаячихсан юм. Энэ инстүүц дээрэмчдээр дүүрэх бололцоог та бид олгожээ. Гэхдээ, өнөөгийн ертөнцөд улс төрийн намгүй нэг ч улс орон байхгүй. Нам нь шударга сонгуулийг зохион байгуулж, ард түмний хүсэл эрмэлзэл хаанаа байгааг тодорхойлж, төрийн инстүүцийг шударга шалгуураар боловсон хүчнээр хангах, бэлдэх үүрэгтэй. Нам бол ард түмний хүсэл зоригийн дагуу төрийг төвхнүүлэх үйлсийн багаж хэрэгсэл төдий юм. Улс төрийн нам шударга байж төр цэвэр байна. Энэ олон “шударгыг” үнэхээр шударга байгаа эсэхийг та бид хянаж байх үүрэгтэй. Чухам ингэж байж л нийгэм цэвэр байна. Харин төрд боловсон хүчин санал болгодог нам маань хулгайч нараар дүүрсэн бол төр засаг өөрөө хулгайч, дээрэмчдийн үүр болно. Ийм төр үргэлж чиний эсрэг ажиллана. Үргэлж чамайг тононо.

Одоо байгаагаа хар! Шударга сонгууль хэдийнэ байхаа больсон. Үүнийг хуйвалдаан, мэхлэл, худал амлалтаар шийддэг болсон. Үүнийг өөрсдийн байгуулсан сүлжээний аргаар гүйцэтгэдэг. Чи л анзаардаггүй болохоос нүдэн дээр чинь болж буй явдал. Нэг намын удирдагч нь зуун мянга гаруй уяачийг нэгтгэсэн сүлжээтэй. Яахав, монгол хүн болохоор морь бөхөндөө дуртай, үүнийг нь ашиглаж буй хэрэг. Энэ сүлжээгээр хээл хахууль, шагнал урамшуулал урсана. Мэдээж бүгдэд нь хүрэлцэхгүй. Тэгээд ч олонхи нь хэн нэгэнд эрх мэдэл олж өгөх тоглоомын шатрын хүү болж байгаагаа огт мэдэхгүй. Энэ бол төрийн эрх дээрэмдэж авах хэрэгсэл нь. Нөгөө намын толгойлогч нь намын анхан шатны үүрийн дарга нарыг өөрийн хүмүүсээр тавьжээ. Цэцэрлэг, сургууль, шоронд хамт байсан хүмүүс нь. Чамаас дээрэмдэж авсан мөнгөөрөө тэднээ цалинжуулж гөлөг болгоно. Төрийн эрх мэдлийг булааж авах бас нэг хүчирхэг сүлжээ. Төрийн инстүүц дээр хийсэн луйврын сүлжээгээ улс төрийн намд хувилан хэрэглэв. Мэдээж аль аль толгойлогч өөрийг нь хүрээлсэн үнэнч барлагуудтай. Ийм мафижсан бүлэглэлүүд засгийн эрхийг ээлжлэн барьсаар. Нэгэнт эрх мэдлийг атгасан тохиолдолд дуртайгаа хийнэ. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Тэдний хэлэх дуртай үг нь “Xууль ямар хамаатай юм!”, ”Та нар хэзээдээ нэг их хууль сахидаг болчоов?”.

Засаг авсан бүлэглэл улс орныг тонож эхэлнэ. Түр зуур ялагдсан нөгөө бүлэглэлээ гомдоохгүйн тулд хуйвалдана. Эсвэл эрх авсан бүлэглэлүүд биенээ гацаана. Дотроо ч жижиг бүлэг болон хуваагдаж үзэж тарна. Хүний өөрийн хамаагүй хуйвалдан эвсэнэ. Гаргаж буй шийдвэрээс унах унац бүгдэд нь ноогдсоны дараа түр тайвширч төрийн шийдвэр гаргамар аядана. Тэгснээ даруй түрүүний шийдвэрийг хүчингүй болгож шинээр шийдвэр гаргах нь өөрт ноогдсон ашгаа чамласан хэрэг. Ярих өнгө нь эх оронсог, үйлдэл нь популизм, үнэндээ бол хоолны булаацалдаан. Ийнхүү төр нь шийдвэр гаргаж чаддаггүй, чадсан ч байнга өөрчлөгдөж байдаг тогтворгүй учир улс орныг хорлож сүйдэлнэ. Гадны хорлон сүйтгэгчдээр төрөө бариулбал хорлолоо хорлолоо гээд арай ч ингэж сүйдлэхээс санаа нь зовох байх. Ийнхүү дуртай луйварчны түйвээж болдог сул дорой төр засаг. Дорой төрийг хүчирхэг луйварчид удирддаг.

Биднийг тонож авсан асар их баялгаасаа багашаархан хэсгийг нь эргүүлж тараана. Буянтай, ханилгаатай, хаялагатай, халамжтайг нь бид гайхан дуу алдана. Ард түмнээ харж үзсэн янз бүрийн арга хэмжээ явуулна. Ямааны мөнгө, хуримын мөнгө, сүүний мөнгө, үр тарианы мөнгө, шатахууны мөнгө, үнэ тогтворжуулалт… Үнэндээ өөрснөө хулгай хийхийн тулд ийм ажиллагаа зохиож буй нь тэр. Тэр их мөнгөний өчүүхэн хэсэг нь ямаандаа очно. Ихэнхийг нь өөрснөө гударна. Сүүлд нь “хуваасан” гэж бүлтэрнэ. Тэдний идэж уух, луйвардах нь ил тод. Түмний нүдэн дээр тансаглан баярхана. Яагаад гэвэл чи ийм юманд хэдийнэ дасчихсан. Яагаад гэвэл чи айгаад, нэрэлхээд, хэнэггүйтээд, төвөгшөөгөөд юу ч хэлдэггүй.

Төрөлх зөнгөөрөө чи дотроо бухимдаж таараа. Бухимдлыг чинь дарж тайвшруулахын тулд тэд арай илүү дуулиантай нэг дайсан бэлдэж өгнө. Гэнэт л нэг ардын дайсан илрээд, шуугиад явчихна. Хамаг мөнгийг чинь энэ идчихсэн учир чи ядуу зүдүү байгаа гэж тайлбарлана. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Зарлагч орилогч нь эхлэн суралцагч популист, хөлснийхөн, од болох гэсэн тэнэг, шантаажлагч эсвэл шантаажлуулагч. Ингээд л чи тэр зааж өгсөн лүд барамтай нь ноцолдоод унана даа. Хамаг тэнхээгээ барна, жинхэнэ ардын дайсан цаана тарга тэвээрэгтэйгээ амгалан үлдэнэ. Мафижсан бүлэглэлийг өөрийг нь болон ийм бүлэглэл байлгаад байгаа тогтолцоог чи огт анзаарахгүй. Харин тэдний зааж өгсөн “лүд”-тэй л хамаг буруу холбоотой юм шиг, лүдийг дарчихвал чи хүн шиг амьдрах юм шиг төсөөлнө. Өнөөдөр эрх мэдэлтэй байхаа нэгэнт больсон хэдэн хүнийг нэр заан “Тэд улсын хамаг мөнгийг нуусан учраас ядуу байна. Тэр мөнгийг аваад л ирвэл жаргал өөрөө ирнэ” гэсэн сурталчилгаагаар тоносон хулгай, луйвраа халхална.

Хадгаламж банкны 11 сая доллар, Алт диллер, Эрдэнэтийг барьцаалсан 140 сая доллар, Жаргаланхаан, Гал гаргагч, Сэргээн босголт, Гадаад өр төлөлтийн булхай, Зоригийг хөнөөсөн, Дарханы төмөрлөгийн таван сая доллар, Шахаа, Оймс гозойлт, 17 чингэлэг, Офшоор, Нүүрсний хэрэг, долоон байшин, Нинжа, Газрын луйвар, Ерөнхийлөгчийн үзмэрч, Нарийн цариг, Урааны аюул, Айбикс Молом, Хадгаламж зээлийн хоршоо, Жавхланг бадруулагч… Эдний ихэнхийг чи мартсан даа. Эдгээр “аймшигтай” гэгдээд байгаа хэргүүд тэгээд яаж шийдэгдсэн юм бэ? Хэн шийтгүүлж, хэнээр хохирлыг төлүүлсэн юм бэ? Өдрийн сэнсаац уу? Зүгээр л худлаа сэнсаацалж тоглосон юм бол хэн үүнийг зохиож найруулав? Яах гэж?

Чи иймэрхүү л байх юм бол цаадуул чинь чамайг ноцолдуулах аль нэгэн лүд бармыг үргэлж гаргаж өмнө чинь зууш маягаар тавьж байх болно. Золиосонд хаясан лүд барамтай тулалдсаар чи насыг барах болно. Харин цаана нь төрүүлсэн эх нь болох мафи сүлжээ улам л таргалсаар. Эцэст нь хожим чи түүхийн өмнө луйварчдын хамсаатан болж үлдэнэ. Түүх өршөөлгүй. Түүх бол хоржоонтой шоглоом.

Та нар өөрийгөө тэмцээгүй биш тэмцсэн гэж хэлнэ. Тийм ээ, та нарыг ууртай жагсаж, хилэнтэйгээр цуглаж байгааг дэлхий хардаг. Гэхдээ л бидний тэмцэл ч худлаа. Хааяа нэг жагсана, хэвлэлийн бага хурал хийнэ, сонин хэвлэлд бут авна. Чи оролцоно, чагнана, уншина. Мэдээж уурлана бухимдана. Гэтэл үүнийг хэн юуны тулд зохион байгуулаад чамайг оролцогчоор чангаагаад байгааг чи мэдэхгүй л хоцорно. Үнэндээ ихэнх тохиолдолд мөнгөө булаацалдсан мафи бүлэглэл хоорондын тэмцэлд чи зай бөглөгчөөр оролцоод байгаагаа анзаардаггүй. Чи өөрийнхөө эрх чөлөөний төлөө тэмцэгч биш, нэг хулгайч нөгөө хулгайчаасаа олзоо булаалдахад хэрэглэдэг багаж, нохойд барьдаг мод аятай болсон. Гашуун ч гэсэн үнэн. Чиний тэмцлийн мөрөөр, чиний сонголтын мөрөөр ямар нэгэн юм болох нь болсон, гэхдээ л чиний мөрөөдөж байсан, шаардаж байсан шударга ёс л лав биш. Үүнийг чи гадарлаж эхэлсэн, өөрийгөө доромжлогдож байгааг мэдэрч эхэлсэн учраас жагсаал цуглаанд итгэхээ байсан. Хамгийн аюултай нь шударга ёс тогтооход нөлөөлж чадах итгэлээ гээж эхэлсэн, тийм биз?

Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадгийн үлгэрээр олон түмний буян дуусахгүй гэж найддаг. Харин тэд нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны ариун өвийг хорт хавдар мэт өвчлүүлэн алж байна. Энэ бол нөхөшгүй, эдгэршгүй шарх. Эрүүл саруул ертөнцөд бол наранд биш нарсанд суух гэм ялтай эрүүгийн хэрэгтэн гэж тооцогдох луйварчид төр нийгмийн дээд эгнээнд заларч, алхам тутамдаа хуулийг үл тоомсорлох, хуулиас гадуур алхах болсон нь хоёр мянганы уламжлалтай Монгол төрийн ариун нандин бүхнийг ээдүүллээ. Тэд шинэ үеийнхэнд “Ингэж болдог юм байна”, “Чадаж л байвал гэм нүглээс айх хэрэггүй юм байна” гэсэн буруу үлгэр, нүглийн зам зааж эхэллээ. Өчигдөрхөн л зүв зүгээр шударга иргэн байсан хүн өнөөдөр залилагч мэхлэгч, рэкэтчин, шантаажчин болон хувирч буй явдал улам элбэг үзэгдэх болжээ. Төрд зүтгэхийн тулд биш, төрийн хамгаалалттай дээрэмчин болохыг эрмэлзэгчдээр улс төр дүүрлээ. Нийгэм маань улам кримналжиж тэр чигээрээ гэмт хэргийн ертөнц болох дээрээ тулаад байна.

Тэсэхээ болилоо, тэвчээр барагдлаа. Тонуулчин дээрэмчдээр толгойлуулсан, хууль ёсыг уландаа гишгэсэн, бүлэглэл хоорондын тэмцэлд гэр орноо нураасан зах замбараагүй нийгэмд үр хүүхэд, ач гучаа үлдээмээргүй байна. Эх орон элгэн саднаа хэдэн дээрэмчний гарт эгнэгт өгмөөргүй байна. Маргаашийн гэрэлд хүрэхийн тулд өнөөдрийн түнэр харанхуйгаас салмаар байна. Иймээс би өөрийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх гэсэн юмаа.

Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ. Энэ маань ч тэдний айдсыг төрүүлжээ. Мөрөөрөө яваа хүний хажууд тэдний шавар шавхай, шивэр шинхэг илүү тод харагдаж, илүү хурц үнэртэх учраас тэдний зүрх үхжээ. Ийм учраас өөрсөнтэйгөө адил харагдуулахын тулд над руу шавар шавхай, шээс баасаа цацсаар. Нэрээ дэвшүүллээ гэснээс болж бүр ч их буртаг цацах болно. Тэд бусдад “Нэг бол бидний өрөөсөн дугуй бол, эс бөгөөс зайлж далд ор” гэсэн ганцхан шаардлага тавьдаг. Эдэнтэй нийлж уул уурхайн орд, хотод газар, алив тэндэр нэхсэн бол үгүй наад зах нь айгаад нэрэлхээд шууд л өгөх байсан биз. Иймэрхүү луйвар тонуулд оролцоогүй учир нэр цэвэр шударга хүн гэж өөрийгөө нэрлэх гээгүй шүү. Манай нийгмийн иргэн болгон хулгай хийхгүй амьдрах нь ерөөсөө норм хэмжээ байх ёстой.

Манай ард түмний ихэнх нь намайг таних болов уу гэж найдаж байна. Иймээс аль нэгэн улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна. Хүмүүс надад итгэдгийг би мэдэрдэг. Мэдээж ямар нэг хуйвалдаан, мафижсан бүлэглэлийн үгслийг би дийлж давж барахгүй. Харин энэ орны ердийн иргэд шударгаар сонголт хийх боломжтой болбол та бүхний итгэлийг би хүлээх үүд нээгдэх байх.

Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө. Хулгайч нарын байх ёстой газар нь төрийн сэнтий биш, шорон юм. Тэднийг байранд нь тавина. Би ард түмнийг гэнэт баяжуулж чадахгүй нь тодорхой. Гэхдээ гуулийг хууль болгож, бүгдэд нь шинэ боломж бололцоо нээж өгч чадна.

Бид гуравхан саяулаа. Бид цөөхүүлээ. Хэрэв бүх юм номоороо явж, хууль журам яс хэрэгждэг байх аваас монголчууд бидэнд дэндүү хангалттай хөрөнгө зоорь баялаг бий. Тэгш нэрээр хэн нэгний ариун цагаан хөдөлмөрөөр буй болсон баялгийг нийгэмчлэн хурааж бусдад нь тарааж өгөхийг би дэмжихгүй. Гэвч манай нийгмийн иргэн болгон тус бүртээ өөрийн чаддаг ажлаа хийн шударгаар хөдөлмөрлөн амьдрахад бүгдэд нь хүрэлцэх, сайн сайхан амьдруулах их баялаг бий. Нийгмийн шударга бус тогтолцоо өнөөдөр баян хоосны хооронд тэнгэр газар шиг зөрөө гарган эмх замбараагүй нийгмийг буй болгоод байгаа юм.

Чи миний талд зогс, би чиний талд зогсъё. Хамтраад энэ муухай механизм тогтолцоог нураая. Алив нийгэмд тогтсон мафи бүтэц үнэндээ тун хэврэг байдаг юм. Олуул нийлээд ганц сэгсрэхэд л тэд байрандаа очно. Гагцхүү үүнд иргэний зүрх зориг хэрэгтэй. Өдөр хоногийг идэвхгүй, эвлэрэнгүй өнгөрөөгөөд байх аваас бид үүрд энэ намаг балчигтаа насыг барна.

Би, та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдагдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна.

Та нарын итгэл найдварыг балласан, гэрт чинь байх учиртай хөрөнгө, бизнест чинь олдох учиртай байсан боломжийг булаасан тогтоц ба тогтцын үр могойг эргэж ирэхгүйгээр улс төрөөс холдуулахын төлөө байна, би. Та нар дэмжвэл тэднийг улс төрөөс үүрд зайлуулж чадна.

Би төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.

Би ард түмнийг ч байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.

Би төрийн нэр баригчдыг ч суух ёстой газарт нь суулгахын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.

Би ард түмний нэрийг баригчдыг зогсох ёстой газарт зогсоохын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.

Би энэ бүхнийг хийсний дараа, өөрийн байх ёстой газарт эргэж очихын төлөө байна. Үүнийг хэний ч дэмжлэг, хэний ч шахалтгүйгээр өөрөө хийж дөнгөнө.

Би энэ бүхнийг хийхэд таны бодож байгаа шиг хэцүү, таны бодсоноос ч хэцүү гэдгийг харж байна. Тэд хөрөнгө мөнгө эрх мэдлээрээ дамжуулан нэр дэвших эрхээс эхлээд таны сонгох эрхийг хүртэл гартаа атгана гэж горьдож байгаа. Гэхдээ бид нэгдэн нийлбэл дийлнэ. Бүхий гэмтнүүд аймхай, бүхий нүгэлтнүүд цочимтгой байдаг. Бидэнд зориг гэдэг зэвсэг байна. Энэ зэвсгээрээ бид тэдний их мөнгийг ч, мөнгөөрөө худалдаж авсан эрх мэдлийг нь ч ялж чадна.

Бид юу ч алдахгүй, харин алдсанаа эргүүлж олж авна.

2017.4.7

Categories
мэдээ улс-төр

А.Цогцэцэг: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 226 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монголд элэгний хавдраар нас барж байгаа иргэдийн тоо дэлхийд тэргүүлж буйтай холбогдуулан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ЗГ баталсан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Уг хөтөлбөрийг 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлын хүрээнд 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах аж.

Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг “Элэг бүтэн Монгол хөтөлбөр маань нийт 226 тэрбум орчим төгрөгийн төсвөөр батлагдсан. Энэ мөнгөний санхүүжилтийн 24.1 хувь нь Улсын төсвөөс, 67.5 хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3 хувь нь орон нутгийн төсвөөс, 3.8 хувь нь Олон улсын байгууллага, гадаадын улс орны зээл тусламжаар, 1.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжих тооцоо гарсан байгаа.

Монгол Улс Элэгний өвчлөл, нас баралтаараа дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа, өнөөдөр элэгний хорт хавдраар жилдээ 2,600 орчим хүн нас бардаг. Өөрөөр хэлбэл, хоногт 6-7 орчим хүн элэгний хорт хавдраар нас барж байна гэж судалгаагаар гарсан байдаг. Элэгний хорт хавдрыг үүсгэдэг өвчин эмгэг нь элэгний вирүсийн халдварууд байдаг.

Тиймээс энэхүү өвчнөөс сэргийлэх ажлуудаа бид тавдугаар сарын 1-ээс эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхлэнэ. Мөн 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм” гэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.

Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вирүст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан аж. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвартай 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дулаан, хур тунадастай, шороон шуургатай өдрүүд айсуй

Image result for шороон шуургатай

14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.