Categories
мэдээ цаг-үе

Цэргийн эмчилгээний Ц.Ламзав багшийн дэггүй 27 хөвгүүн

1987 оны зун. Ангийн багш дэд хурандаа Ламзавтай Улиастайн Эмнэлэг сургалтын батальонд цэргийн цугларалтанд.

Социализмын үеийн зарим ном, кинон дээр ангийн багш нь хүүхдүүдийнхээ төлөө араас нь цуцалтгүй явдаг үзэгдэл гардаг даа. Яг тэрэн шиг 27 оюутан хөвгүүдийнхээ төлөө бүх насаараа анхаарал тавьж ирсэн Ц.Ламзав багшийн ангийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Анагаах ухааны их сургууль цэргийн эмчилгээний дөрөвхөн анги төгсгөсний хамгийн сүүлчийн төгсөлт болох 1988 оны цэргийн эмчилгээний ангийн дэггүй 27 хөвгүүний нөхөрлөл насан туршдаа үргэлжилсээр л. Тэдний анги анагаахад дан хөвгүүдтэй гэдгээрээ тодоос тод ялгарна. Цагаан халаадны оронд цэргийн хувцас өмсөх нь олонтаа. Ангийн багш дэд хурандаа Ц.Ламзав нь Ленинград хотноо Мечниковын нэрэмжит улсын эмнэлгийн академийг төгссөн, анагаах ухааны дэд эрдэмтэн, доктор хүн. Хөмсгөө зангидаж ярьдаг, маш их зарчимч, цэвэрч цэмцгэр гэж бузгай. Ямар сайндаа сургуульдаа “Цэмцгэр Ламзав”-аар дуудуулж байхав. Хавар субботник болоход анги даасан бусад багш нар нийлж шуугилдаж байхад, манай багш “Оюуны хөдөлмөрийн би хааяа нэг гар хөлөө хөдөлгөхөд сайн” гээд бидэнтэй мөр зэрэгцэн ажилладаг байсан. Ажил завсарлахад том цүнхнээсээ тэр үеийн төгрөг дөчийн талхан дээр орос масло түрхэж, арав жарын зузаан хэрчим хиамтай хүний тоогоор хүн бүрт хоёр талх бидэнд гаргаж өгдөг байсан гэж оюутнууд нь одоо хүртэл үүнийг дурсан ярьдаг. Оюутан цагийн дурсамжит үеэс хойш 29 жил өнгөрчээ. Цэргийн командаар хүмүүжсэн цэргийн цолтой сургууль төгссөн 27 бакаль өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарыг өнгөлж явна. Хамгийн мундаг чадвартай мэс засалч, сэхээний эмч нар хэн байна, тэд энэ ангийн хөвгүүдийн нэг нь байж таарахаар салбарын мундгууд олонтой юм байна. Захаас нь аваад нэрлэхэд, “Номуун” клиникийн эмнэлгийн дарга анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Жанчив, Улсын I эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх бөгөөд Эрүүл мэндийн яамны нойрсуулагч, мэдээгүйжүүлэлтийн ерөнхий зөвлөх Ц.Ганбат, I эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, III төрөх эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Ганболд, Халдвар судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиникийн их эмч, дэд хурандаа З.Мягмаржав, “Гарьд манлай” хувийн эмнэлгийн дарга З.Цэгмид, Баянзүрх дүүргийн гэмтэл, мэс заслын эмч Ж.Нямжав, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн мэс засалч, клиникийн профессор Д.Жаргалсайхан, “Монгол хьюндай” солонгос эмнэлгийн дарга Д.Мөнхбат, Дорноговь аймгийн мэс заслын зөвлөх эмч Л.Баярсайхан, Эрдэнэт хотын мэс заслын эмч Д.Хэнчбиш, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Т.Баянмөнх, Х.Төлеген Казакстанд эмнэлгийн дарга, Зүүнбаян цэргийн госпитальд эмч байсан Ц.Ганбаатар, Зүүнхараагийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар нарыг нэрлэж болно. Г.Ганбаатар бол гарын дүйтэй. “Мартаж үл болно” кинонд Сүхбаатарын хөшөөг яг ижилхэн хийсэн, түүний хийсэн сийлбэр ур хийцээрээ алдартай. Тэрээр оюутан байхдаа шалгалтын хуудасны буланд тамгатай цаас дардаг байхад яг адилхан тамга сийлж дэггүйтэж байсан түүхтэй. “Монгол фитнесс” бодибилдинг төвийн захирал П.Зориг бол Монголд анхны фитнесс төвийг үндэслэгчдийн нэг, анагаахын талаас нь судалсан.

1985 он III курс. Урд эгнээнд Мягмаргариг, Жаргалсайхан, Жанчив. Арын эгнээнд Баяраа, Мөнхбат, Ганболд.

Гэмтлийн эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байсан П.Зориг эмчийн хобби нь хувийн бизнес нь болжээ. Хувийн бизнес эрхэлж буй хэд хэдэн хүн бий. “Монгол гүрмэл” хэвийн боовны үйлдвэрийн захирал Л.Мягмаржав, Цогтбаатар нар байна. Цэргийн эмчилгээний анги төгссөн болохоор бүгд ажлын гараагаа цэргийн ангиас эхэлсэн түүхтэй. Армиас тэтгэвэртээ гарсан хэд хэдэн хурандаатай. Одоо ажиллаж буй хурандаа нарыг дурдвал Цэргийн госпиталын дарга бөгөөд хурандаа С.Батболд, Өмнөд Суданд эмнэлгийн багийн даргаар ажиллаж байгаа хурандаа Г.Наранхүү нарыг нэрлэх байна. Ангийн 27 хөвгүүний дийлэнх нь доктор, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч нар гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Өдгөө ангийн хөвгүүдээс зургаа нь бурхан болжээ. Талийгаач Б.Эрдэнэбат маань Дархан хотын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр олон жил ажилласан, нэртэй сайн эмч байсан. Дангаа маань гэмтлийн мэс засалч. Хөдөө Завхан аймагт эмчээр ажиллаж байхдаа нас барсан. Г.Батболд манай ангийн ганц Сүхбаатарын цалинтай шилдэг оюутан байсан. Анагаах ухааны сургуульд багшааар ажиллаж байсан. Отгонбаатар цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч байсан. Мөн цэргийн төв эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байсан Ш.Батсайхан, Дархан хотын “Цээнэ” эмнэлгийн захирал дүрс оношилгооны эмч Ч.Амаржаргал нар маань бидний хажууд алга байна хэмээн дэргэд байхгүй болсон ч зүрх сэтгэлээрээ хамт байдаг андуудаа дурсан ярьцгаасан юм. Ц.Ламзав багшийн ангийнхан дэг журам маш өндөртэй, нэгнийхээ үгэнд одоог ч хүртэл орно. Байнга цуглана. Бараг өдөр болгон уулздаг гэсэн. Бидний хамгийн хайртай, чухал хүн бол багш маань. 1982 оноос хойш ноднин жил бурхан болтлоо 35 жилийн турш ангийнхантайгаа нэг ч холбоо таслаагүй уулзалддаг, амьдрал ахуйд нь тус хүргэх гэж явдаг байсан талаар дурсав.

Ангийн багш, клиникийн профессор Ц.Ламзав

Багш нь бүх шавь нарынхаа төрсөн өдрийг мэддэг, хэн хүнээс урьтаж хамгийн түрүүнд утасдаж баярын мэндийг заавал хүргэдэг уламжлалтай байжээ. “Өндөр аав” шиг 27 шавийнхаа араас хөөцөлдөн тусалдаг ч эргээд шавь нараасаа тус авах тун дургүй, бусдаас тусламж авдаггүй хатуу зарчимтай “айхтар” хөгшин байсан гэнэ. Ангийнхан жил бүрийн цэргийн баярын өдрөөр багштайгаа уулзахдаа амьдрал ахуйн “илтгэл”-ээ тавина. Ламзав багш маань бидний бүх юм байсан. Яг л аав шиг минь гэж шавь нар нь нэгэн дуугаар хэлнэ. Багшийн гэргий орос эмэгтэй Анна эгч бидний ээжийгээс дутахгүй сэтгэл тавина. Гадаад явдлын яаманд бичээчээр ажиллаж байсан. Багшийнх маань хүүхэдгүй байсан бөгөөд бид яг үр хүүхэд шиг нь л байсан даа. Багш орос школтай. Гадуур хэзээ ч хоол идэхгүй, үргэлж гэрээсээ бэлдсэн хоол авчирна. Гэрт нь гэнэтийн зочин ирвэл урьдчилж хэлээгүй гээд хаалгаа тайлдаггүй. Гаднаасаа харахад хямсгар юм шиг хэрнээ сэтгэл доторх нь ямар агуу том ертөнц байсан бэ гэдгийг бид гайхан шагширмаар. Анагаах ухааны сургуульд зөвлөх багшаар ажиллаж байхад нь бид багш дээрээ байнга очно. Дэнхийсэн юмнууд, одоог хүртэл багшаасаа салдаггүй нөхдүүд гэж бусад багш нар нь хэлдэгсэн. Оюутан байхад Ж.Жанчив маань сонгуулийн хүмүүсийг гэртээ оруулалгүй нохой өөдөөс нь тавьсан хэргээр сургуулиасаа хөөгдөхдөө тулахад багш хойноос нь хөөцөлдөж байж авч үлдсэн. Манай ангийн нэг хүүхэд сургуулиа төгссөнөөс хойш нэг хэсэг архи их уув аа. Багштайгаа дөрөв, тавуулаа бид Таван буудлын тэнд гэрээс нь олж уулзаад, багш чанга дуугаар загнаад л байлаа. Үнэхээр архи уух хэмжээ нь дууссан уу, багшийн үг ой тоонд орсон уу архи уухаа шууд больчихсон юмдаг. Одоо тэр андын маань аж амьдрал нь өнгөтэй, дарга нөхөр болсон доо гэж ярив. Наранхүү маань олон дүү нартай өнчин өрөөсөн өссөн. Нараагийн араас багш хөлөө хугартал явсан даа. Хаана ч Нараагаа хамгаална. Сахилгагүй, хичээлээ тасална, шалгалт болоход ард нь өнгөлзөөд сууна. Тэгж чирсээр байгаад төгсгөж билээ. Нэгэнтээ охид олонтой сургуульд сурч байсных анагаахаас тал хувь нь эхнэр авчээ. Багш маань эхнэрүүдийнх нь хүртэл араас нь санаа тавина. Манай бэр онц сурдаг гэж ирээд л ярих. Нэг удаа залуухан эмэгтэй багш шалгалт авч байв аа. Багш маань орж ирээд суучихсан, залуу багш та хянаж байгаарай түр гарчихаад ирье гээд гараад явлаа. Бид багш руугаа пир хийтэл гүйж очоод, багш үүдэнд харуулаар Зориг зогс, Батболд тэр буланд харж бай гээд л бид ч билетээ сөхөөд хараад л гэж оюутан цагийн тухай хууч дурсав. Бидний амьдрал ахуй бүгд багштай маань холбоотой. Бид одоо ч нэгнийхээ үгийг маш сайн сонсоно. 30 гаруй жил нэгнийхээ жаргал зовлонг хуваалцаж байна. Нэг удаа багшийгаа баярлуулахаар бээжин шарсан нугас аваад оройхон хаалгыг нь тогшив оо. Хаалгаа онгойлгоогүй. 10 цагаас хойш ирсэн, бэлэг сэлт юм өгөх гэлээ гээд оруулаагүй юмдаг. Гэхдээ багшийгаа бид гэнэдүүлнэ ээ. Багшийнхаа 80 насны ойг тэмдэглэхдээ гэрийнхэнд нь нууцаар хэлж 20 гаруй хүний хоол бэлдчээрэй гэчихсэн. Багш хэрэв сонсчихвол ой энэ тэрийг тэмдэглүүлэхгүй л гэнэ. Багшдаа хэлээгүй учраас гялс хаалга онгойнгуут бид чихэлдээд гүйлдээд орчихсон. Хэрэв цөөхөн хүн байсан бол багш шууд хөөгөөд гаргана л даа. Нэгэнт хорин хархүү ороод ирсэн учраас яаж чадалгүй, тэгээд багшийнхаа 80 насны ойг сайхан тэмдэглэсэн юм. Ингэж л багшийг гэнэдүүлэхгүй бол манай багш хүнээс юм авахдаа маш нарийн, харин өгөхдөө харамгүй. Нэг юм гуйх гэвэл 10 хоногийн өмнөөс урьдчилж асууна. Завтай юу гээд л. Тэр нь тухайлбал, захаас хоёр шуудай байцаа авах хэрэг гарвал унаа гуйх гэж бөөн юм болно. Тэгээд хүргэж өглөө гээд харамгүй том бэлэг заавал өгнө. Ийм л хүн байсан. Манай ангийн дарга Мягмаргариг Польшид удаж байгаа тул Зориг маань ангийн дарга болсон. Төгсөлтийн 20 жилийн ойн баярын дараа бид орой хуралдаж байгаад Зоригийг халж Жанчивыг тавьсан. Одоо энэ нөхөр халагдах болчихоод байгаа гэж яриад хөхрөлдөв.

2017 он. III сар.

Ангийн хөвгүүд өдгөө 50 насыг хэдийнэ гарсан ч өдөр бүр биентэйгээ холбогдоно, групп чаат бичнэ, салахгүй. Тэд багшийгаа эмнэлэгт хэвтүүлэх болбол өөрөөс нь асуухгүй. Тал талаас мөнгө цуглуулж байгаад бөөн төлөвлөгөө зохиож хуйвалдаж байж хэвтүүлнэ. Нэг удаа багшийгаа Хандгайт дахь цэргийн амралт руу авч явахдаа багшийнхаа ангийн хүүхэд, найз Моломжамц генералыг цуг авч явахаар болжээ. Гэтэл утсаар ярихдаа мөнгөний тухай нэг нь ам алдчихсан чинь багш “Та нар муухай юм хийх гээд байна. Та нар мөнгө өгөх гээд байна. Би буулаа” гэв. Багшийн хөл нь хугарчихсан байсан үе л дээ. Та хөл муутай, хаа холдох юм. Бидэнтэй яв гэж хүчээр шахам хэлсээр цэргийн амралтад амрааж билээ. Жанчив маань докторын хамгаалалтад орох гэж байхад бидэн рүү залгаад цаадах чинь хамгаалалтад орлоо. Та нар очиж байна уу гэж утасдана. Тэгээд тэнхим рүүгээ утас цохиж “Миний шавь зэрэг хамгаалах гэж байна” гэж захина. Ингэж л бидний араас үргэлж санаа тавина. Оюутан байх үеийн онигоогоо эргэн дурсан ярьж баахан хөхрөлдөцгөөсөн юм. Өвөрхангайн Ганболдыг чавка гэж хочилдог. Анхны хичээл дээрээ цүнхгүй гартаа юу ч бариагүй иржээ. Бид хаанаас дэвтэр гаргах бол гэж хараад байлаа. Тэгсэн чинь хромон гутлынхаа түрийнд 12 мөнгөний нимгэн дэвтэр хийчихсэн байсансан. Чавка гэдэг нь бид нар нийлж доргиход, биднийг хооллодог, арчилдаг, загнадаг, араас үглэдэг байсан нэгэн. Одоо ч тийм байгаа гэв. Микрийн Зориг (Малыш) ангиасаа хамгийн том биетэй мөртлөө насаараа хамгийн бага нь. Орос сургууль төгссөн учир монгол хэлэнд маруухан байлаа. Ярих гэж тамлан, бичих гэж бүүр алинг нь алдуулна. Гэхдээ л ангийнхандаа хичээлийг орос хэлнээс чадахаараа хөрвүүлж тайлбарладаг байлаа. Нэг удаа нягт гэдэг монгол үгийг хэлэх үг баахан тата тунгадаж байсан гэнэ. Ийнхүү Ц.Ламзав багштай нэг ангийнхантай уулзахад цагаан атаархал төрөхөөр насан туршийн сайхан нөхөрлөлийг олж харсан юм. Хүний дээд гэж нэрлэж болохоор Ц.Ламзав хэмээх багшийн тухай бас танин мэдэх завшаан гарсан юм. Дараа жил энэ ангийнхны 30 жилийн ой болно. Зад авна аа гэж хэлэх ч цуглахаараа ууж сүйд болохгүй дээ гэлцэх. Жаргал, зовлонгоо хуваалцаж, эрүүл мэндийн энхийн манаанд тэргүүлж яваа эмч ангийнхнаар бахархсанаа нуух юун.

Б.ДОЛЗОДМАА

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн тавцанд эрчүүд л тоглодог юм гэж үү?

Дэлхийг нэгэн тоглоомын тавцан гэж үзвэл улс төрийн өрөг дээр нь эрчүүд л тоглож байх ёстой ажээ. Харин энгийн эрчүүд, эгэл бүсгүйчүүдээс илүү хүч чадлаа шавхан байж гарч ирсэн эмэгтэйчүүдийг эмгэнэлт хувь тавилан угтана. Эрчүүд тэр өрөг дээр булхайцаж, булаалдаж, бусдыг алж хэмлэж байсан ч хамаагүй мундаг улстөрч, гайхалтай удирдагч мэт үлдэж чаддаг бол эмэгтэйчүүд үгүй ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үүнийг харуулж байна. Яагаад ч юм бүх хэрэг явдал өөрөөр эргэж, төрийн том махны машин буруу эргэж эцсийн эцэст Пак Гын Хэ хэн ч биш болж, жирийн нэгэн хоригдол авгай болж хувирлаа. Гэвч эргээд харахад тэр юуны төлөө амьдарсан юм бэ, түүний ээж, аав хоёрын амь яах гэж хоосон үрэгдэж, тэр хань ижил ч үгүй, хөлөө хучуулах үр хүүхэд ч үгүй үлдсэн юм бэ гэж бодогдмоор. Хэрэв Пак Гын Хэ эр хүн байсан бол ийм байдалд орохгүй байлаа.

Түүнийг есөн настай байхад эцэг нь БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болсон байдаг. Төрийн тэргүүний анхны хүүхэд болох бяцхан охины хүсэл мөрөөдөл энгийн байлаа. Охидын дунд сургуулийг төгсч, нутагтаа электроникийн инженерээр төгсөөд Францад үргэлжлүүлэн суралцаж багш болохоор шийдсэн байв. Энгийнээс энгийн багшийн ажлыг сонгочихсон суусан түүнийг хувь тавилан өөр зам туулуулахаар шийджээ. Аавынх нь амь насанд халдах гэсэн оролдлогын үеэр ээж нь амь үрэгдэв. Нутагтаа яаран ирж, гэр бүлдээ ижийнхээ оронд ээж болж, бас улс орондоо тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээс өөр сонголт түүнд байсангүй. Өнөөдрийн Солонгос орныг бий болгосон удирдагч бол эцэг Пак Ерөнхийлөгчийг гэдэг. Хэрэв тэгж үзвэл аавынхаа түшиг болж, тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж явсан Пак Гын Хэ ч хорин хэдхэн насандаа энэ улсад түүхэн үүргээ гүйцэтгэж, тус дэм болсон гэж болно. Түүний “Миний хамгийн чухал үүрэг бол эцгийгээ ганцаараа биш гэдгийг улс орон, ард олондоо харуулах явдал байсан юм. Энгийн хүний амьдралаа тэгэхэд би орхисон билээ. Амар тайван амьдрах гэсэн миний мөрөөдөл тэр үед замхран одсон сон” гэж бичсэн нь ч учиртай.

Нэг хүний амьдралд тохиолдох сорилт хэмжээ хязгаартай баймаар юм. Харин Пак Гын Хэгийн өмнө ирэх саад, шаналангууд юу ч биш байжээ. Ээжийгээ бусдын гарт алдсан тэрбээр аавыгаа ч аюулгүйн алба хариуцсан ажилтандаа буудуулахыг үзэх тавилан зурагдсан байж. Магадгүй аавыгаа хөдөөлүүлчихээд Хөх ордноос явсан чигтээ явчих ёстой байсан байх. Гэвч хатуухан зурагдсан хувь тавилан түүнийг буцаагаад Хөх ордонд авчирлаа. Азийн санхүүгийн хямрал өмнөд солонгосчуудад хүнд тусч, ард иргэд нь алтан бөгж ээмгээ тайлж өгч байсан үе. Хүн бүр улс орноо гэж эрвийх дэрвийхээрээ байхад тийм аавын охин зүгээр сууж хоцорно гэж үү. Үгүй. Тэгээд Пак Гын Хэ улс төрд орохоор шийджээ. Хуучинсаг, эрчүүд голдуу намын дахин сэргэлтийг тэр өдөөж өгсөн юм. 1998 оноос 2008 оны хооронд гурван удаа нэг тойргоос парламентад сонгогдож ирсэн нь анхаарал татдаг. Эцэг эх нь халдлагад өртөж байсанчлан түүн рүү ч эрүүгийн найман удаагийн хэрэгтэй нэгэн эр халдсан байдаг. Хутгаар нүүрийг нь зүссэн халдлагын дараа эмнэлгийн орон дээр ухаан орохдоо тэр юу гэж хэлсэн гээч. “Тэжон яасан бэ” гэж асуужээ. Солонгосын тав дахь том хотыг асуусан хэрэг. Үүнийх нь төлөө хүмүүс түүнийг улам их хайрлав. Түүний толгойлсон нам удаа дараа ялалт байгуулж, дараалсан сонгуулиудад амжилттай оролцсоныг шууд Пак Гын Хэтэй холбодог. Нэр хүндээ алдаад байсан намынхаа нэрийг сольж, тактикаа өөрчилж хүртэл ялалтын буухиаг үргэлжлүүлж байв. Тиймдээ ч сонгуулийн хатан хаан нэрийг хүртсэн биз.

2012 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дуулдаж эхэлсэн бөгөөд нэр дэвшигчид дотроос хамгийн хуучинсагт тооцогдож байлаа. Гэвч хүмүүс түүнд итгэсэн. Түүний “Би Солонгос улстай амьдралаа холбосон. Надад өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй ч Өмнөд Солонгосын ард түмэн бол миний гэр бүл” гэснийг нь олон хүн хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 нас хүрчихээд өөрийн гэсэн үр хүүхэдгүй яваа эмэгтэйн ингэж хэлсэнд эргэлзэх хүн гарна гэж үү. 2013 онд тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 11 дэх Ерөнхийлөгч болов. Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэр болов. Солонгосын үе, үеийн Ерөнхийлөгч нараас илүү дэлхийд танигдаж, нэр хүндээ өсгөж байлаа. 2013-2014 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтын 11 дүгээрт тэр бичигдэж байв. 2014 онд мөн сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 46 дугаарт бичигдэж байлаа. Түүний өмнө хоёрхон солонгос хүн бичигдсэн нь бүгд Самсунгийнхан байсан. Тэгээд бодохоор тэр ямар алдартай улстөрч болж, Солонгосыг дэлхийд таниулах гүүр болж байсан нь харагддаг.

Элдэв ганган чимэг үгүй, халимаг үстэй, солонгос үндэстний онцлогийг илэрхийлэх өвөрмөц хувцас, хямдхан гутал өмсөөд явдаг түүнийг бараг л Махатма Гандитай адилтгаж байлаа. Гэвч одоо түүнээс муу хүн байхгүй болчихжээ. Хэрэг явдал үүсч, өнгөрсөн аравдугаар сараас хойш шуугиад эхлэхэд түүнийг огцруулчихна гэхэд итгэх хүмүүс цөөн байсан байх. Өөрөө ч тэгж бодоогүй биз. Гэтэл огцруулахаар барах уу, ажлыг нь авчихаад шоронд аваачаад хийчихдэг байна шүү. “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэг. “Солонгосын төр зүтгэсэн хүндээ бүр ч халгаатай” ажээ. Бөөн бөөнөөрөө жагсч ирээд л түүнийг хэн ч биш болгов. Манайд эрх мэдэлтнүүд эрх мэдэлтнүүддээ халгаатай байсан болохоос биш ард олон тэгж махны машиныг ажиллуулж байгаагүй билээ. Гэвч хүний олон цөөнөө бариад идчихдэг л юм байна.

Тэсвэр тэвчээр гаргаж дуугүйхэн байсан эмэгтэй хорих өрөөнд орсныхоо дараа тэсэлгүй дуу алдан уйлж, бачимдан орилж байсан талаар хэвлэлд мэдээлжээ. Тэгэхээс ч яах билээ. Тэр чинь хүн шүү дээ. Дэлхийд улс орноо худалдаад, дайны хөлд сүйтгээд юу ч үгүй болгочихсон удирдагчид зөндөө л байдаг. Ирак гэж ямар улс байна одоо, Афганистан гэж дайны хөлөөс салж үзээгүй өрөвдөлт үндэстэнтэй улс байна, Сирид хэдэн мянган хүн дайны хөлөөс дайжиж нутгаа орхиж, хичнээн хүүхдүүд химийн зэвсгийн золиос болж байна вэ. Тэгвэл тэдний хажууд солонгосчууд яаж хохирсон юм бэ гэвэл өөр хариулт гарна. Дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс боллоо. Сэтгэл амар, бие эрүүл байгаа үндэстэн урт насалдаг. Япончуудын олон жилийн турш хүндэтгэлтэй авч ирсэн энэ цол солонгосчуудад хамааралтай болов. Ная, ерээд оны үед нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ 2300 ам.доллар байсан бол 2010 онд 30 мянган ам.доллар болов. 30 жилийн хугацаанд 13 дахин өссөн үзүүлэлттэй гэж байгаа. Авлига авсан, найз эмэгтэйтэйгээ дотно харилцаатай байсан, хамаг юмаа хэлдэг байсан гэж буруутгаж байх шиг. Нарийн ширийнийг хэн мэдэх билээ. Гэхдээ эмэгтэй хүний онцлог бүр байгалиас заяасан онцлог нь хэн нэгэнтэй харилцан ярилцаж, сэтгэлээ нээж байж оршин тогтнодог. Эрчүүдийн төрөлх зан араншинг хүлээн зөвшөөрч ирсэн шиг эмэгтэйчүүдийнхийг ч ойлгох ёстой. Пак Гын Хэ “Надад хэн ч байгаагүй” гэсэн байдаг. Үнэхээр түүнд хэн ч байгаагүй. Солонгосын түүх түүнд хэнийг ч үлдээсэнгүй. Эцэг, эхийг нь алж, дүү нараасаа хол байлгахаар болж, нөхөр, үр хүүхэд ч заяасангүй. Байлгах ч үгүй бүгдийг нь авсан байж бөө ч гэнэ үү, эмэгтэй найзыг нь яагаад үлдээж болдоггүй юм гэж өмөөрмөөр. Түүн шиг хэрэг хийсэн дэлхийн ямар ч орны удирдагч асуудалгүй байх л байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон хүртэл ард түмнийхээ өмнө Моника Левински гэгчтэй холбоогүй гэдгээ андгайлж байлаа. Дараа нь ДНК-ийн шинжилгээ өөр гарахад итгэл үзүүлэх эсэх асуудлыг ярьж байсан ч хөндөөгүй. Тэр байтугай олон хэрэг дээр эрэгтэй удирдагчдыг тэгэх ёстой юм шиг өнгөрөөдөг. Харин Пак Гын Хэ хүйснийхээ зөрүүгээс болоод ийм ялд унав. Тэр эрчүүдтэй адил “Эр хүн эр хүндээ хайртай байдаг, ойлго” гэж учирлаагүй. Биллиардны ширээ, шар айрагны ширээний ард тохироо хийгээгүй. Мөнгө цаасаар аргалъя гэсэнгүй. Эмэгтэй хүн учраас эрчүүдтэй адил тохироо хийж чадахгүй. Тэгээд үр дүн нь энэ. Хөндүүрлэм юм даа. Эрчүүдийн тоглоомоор тоглосон учраас буруутан болж байна гэх хүмүүс олон гарах байх. Гэвч улс орны асуудал, улс төрийн бодлого зөвхөн эрчүүдийнх биш. Энэ дэлхий дээр байгаа хоёр хүйсний алинд ч хамаатай. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2010 онд гарсан “Аугаа үйлс” гээд олон ангит солонгос кино байдаг юм. Түүнд улс орон нь иргэнээ хамгаалж чадаагүйгээс нөхрөө алдсан эмэгтэй шударга ёсны төлөө дуугарч эхэлж улмаар эрчүүдийн улс төрийн заваан булхайд оролцохгүй явсаар байгаад Ерөнхийлөгч болдог тухай гардаг юм. Эмэгтэй учраас, тохироонд ордоггүй учраас тулгарах бэрхшээлүүд ч их байдаг тухай өгүүлдэг. Нийгмийн сэтгэл зүйд эмэгтэй гэдгээрээ ч буруутгагдаж байдаг. Гэвч тэр чаддаг. Кинон дээр чаддаг ч амьдрал дээр чаддаггүй ажээ. Дэлхийн хэмжээний тоглогчид, үндэсний хэмжээний тоглогчид эрэгтэй хүмүүс л байх ёстой гэсэн нийгмийн сэтгэл зүй зуун зуун дамнан байгаа учраас тэр бололтой. Харамсалтай юм, Пак Гын Хэ гэх энэ эмэгтэй бүхий л амьдралаараа, үр удмаараа золиод ч, зүтгээд ч солонгосчууд түүнийг нь ойлгосонгүй. Түүний алдсаны дэргэд авсан нь юу ч биш байсан байлгүй дээ. Гэхдээ хүмүүс эргэнэ, ойлгоно. Ойлгох цаг нь ойрхон л байгаасай даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ядуурлыг зөвхөн ядууст үүрүүлэх гэсэн харийн хар харгис бодлого” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

Тэргүүн нүүрт “УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, долоон төрлийн татвар нэмэгдэх нь тодорхой боллоо” хэмээн онцолжээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “СӨХ-г төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй” хэмээн ярьжээ. СӨХ-ны тухай хуульд цаг үетэйгээ нийцсэн нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ.

“Ядуурлыг зөвхөн ядууст үүрүүлэх гэсэн харийн хар харгис бодлого” нийтлэлийг “Баримт, үзэл бодол” нүүрээс уншаарай.

“Сонгуулиар ард түмэндээ амласан амлалтаасаа бүрэн буцаж, хуурч мэхэлснийг эрх баригчдад сануулья” гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлжээ. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр АН-ын бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан юм байна. Энэ тухай “Улс төр” нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал” нүүрт өөрийгөө шатааж нас барсан Завханы Идэр сумын төрийн сангийн мэргэжилтний нөхрийн яриаг хүргэжээ. Тэрбээр “Сумын Засаг дарга Баярмаа манай эхнэрийг намын бодлогоор халсан гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

“Дэлхийн мэдээ” Ираны төрийн тэргүүн асан Махмуд Ахмадинежад Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн талаар онцолжээ. Тэрбээр албаа өгсөнийхөө дараа хоньчин болсон талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Ерөнхийлөгч байхдаа ажилдаа автобусаар явдаг гэх мэт хачирхалтай зуршилтай хүн ажээ.

“Элчин сайд ярьж байна” буланд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Эд Жейгэр уригджээ. Тэрбээр “Таван толгой маш их улстөржсөн төсөл. Энэ нь бизнест асар их эрсдэл дагуулна” хэмээн ярьжээ.

“Нэг ангийнхан” буланд МУИС-ийн Газрын менежментийн ангийг 2005 онд төгссөн нэг ангийнхан уригджээ.

Аяллын компаниуд улс дотор улс байгуулна гэж “амбицлав”, Монголын анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундагын “Хаврын улиралд хөнгөн хооллох маягаар мацаг барих нь хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг “Нийгэм” нүүрээс сонирхно уу.

“Өдрийн сурвалжлага” Ноолуураа тушааж мөнгөжсөн малчид нийслэлийн худалдааны төвүүдийг “хоослох” бололтой хэмээн сонирхуулжээ.

Өрсөлдөх чадвараараа Баянгол дүүрэг тэргүүлсэн байна лээ. Энэ тухай “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.

“Дэвжээ” булангаас Монголын сумо бөхийн холбооны дасгалжуулагч багш Г.Наранбаттай хийсэн ярилцлагыг хүлээн аваарай. Тэрбээр Тэрүнофүжиг элдвээр хэлсэн нь япон хүний ёс суртахуун, соёлд харамсалтай ичгэвтэр зүйл болллоо. Үүнийг япончууд хүлээн зөвшөөрөөд байна хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Оффшорын хуулийн хориг 30 гаруй мянган албан тушаалтанд үйлчилнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Оффшор бүсийн асуудлыг зохицуулсан хуультай улс орон дэлхий хэд байна вэ. Миний судалснаар ийм хуультай улс байдаггүй юм байна. Олон орон албан тушаалтнуудыг орлогоо мэдүүл л гэдэг юм байна” гэж тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Францын парламент оффшортой холбоотой хуулиа баталж, 7000 хамаарал бүхий иргэдийг хамруулсан байдаг. Мөн Европын холбоо, ОХУ, БНХАУ-д ийм төрлийн хууль хэрэгжиж байна. 2000 оны сүүлчээс эхлээд “Их-20”-ын уулзалтаар эл асуудлыг хэлэлцдэг болсон” гэж тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хууль батлагдсанаар хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт шинэчлэгдэх үү. Мөн хэн нэгний эхнэр нөхөр байсныхаа төлөө хариуцлага хүлээх болоод байна уу” гэхэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “ХОМ-ын маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ. Оффшортой холбоотой хориг тавьж байгаа маань Панамын баримт бичигт манай улстөрчдийн нэр багтсантай холбоотой. Түүнчлэн гэр бүлийнхнийг нь хуулинд хамруулна гэсэн байгаа. Ер нь ХОМ бөглөдөг 30 гаруй мянган албан тушаалтанд хуулийн хориглолт, хязгаарлалт үйлчилнэ. Хэрэв энэхүү хуулийг зөрчсөн бол ажлаа өгөх, цаашилбал хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай яригдана” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Монголын түүхэнд анх удаа ийм төрлийн хууль гарч байна. Хуулийг яаралтай батлах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Хуулийг даруй шийдээсэй гэсэн хүлээлт нийгэмд бий. Гэхдээ АТГ баахан цаастай ноцолддог ажилтай болж байгаа юм биш биз. Хүмүүс ажилд томилогдож чаддаггүй байдалд хүрэх вий” хэмээв. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Хэрэв оффшор бүсэд дансгүй гэдэг нь нотлогдвол тухайн хүнийг гэм буруугүй гэдгийг нь тогтоодог байх ёстой. Энэхүү зохицуулалтыг хуулиндаа давхар тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль ёсны орлого буюу татвараа төлсөн мөнгөө хаана байрлуулсан байх нь хэнд хамаатай юм бэ гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна гэж хэвлэлээр бичээд байгаа. 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улсаас 17 тэрбум ам.доллар хэрхэн хилийн чанад руу гарсан байх вэ. Одоогийн нөхцөлд 20 сая төгрөгөөс дээшхи гүйлгээг хянадаг. Иймд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэдэн төгрөг хэрхэн гадагш гарав гэдгийг судлах нь зөв. Тус хууль батлагдвал гурван сарын дараа гэхэд оффшороос мөнгөө татах ёстой. Дараа нь 30 хоногийн дотор энэ тухайгаа мэдүүлэх үүрэгтэй” гэсэн хариултыг өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр тус хууль батлагдлаа. Үүний дараа тус хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь хэлэлцэн батлав.

Categories
мэдээ нийгэм

“Адидас”-тай муммигийн талаар сонирхолтой баримт олджээ

“Адидастай мумми” гэж алдаршсан, 1000 гаруй жилийн тэртээд хамаарах занданшуулсан шарилын талаар сонирхолтой шинэ мэдээлэл гарчээ.

Эмэгтэй хүний занданшуулсан шарил одоогоос нэг жилийн өмнө Монголын Алтайн нуруунаас олдсон билээ.

Эмэгтэйн шарил болон хувцас хэрэгсэл маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд шинжээчид үүний нууцыг тайлахыг оролдсоор байгаа юм.

Судлаачдын үзэж байгаагаар, “Адидас”-тай эмэгтэй толгойн тус газраа хүчтэй цохиулсны улмаас амиа алджээ.

“Адидас”-ын гуталтай 30-40 орчим насны монгол эмэгтэйн занданшуулсан шарилын талаарх мэдээ 2016 оны 4 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байсан юм.

Судлаачид өнгөрсөн 12 сарын хугацаанд энэхүү нууцлаг занданшуулсан шарилын талаар илүү их мэдээлэл олж авахаар ажилласан байна.

Монголын Соёлын өвийн төвийн шинжээчид “энэ эмэгтэй одоогоос 1100 гаруй жилийн өмнө толгойн тус газраа хүнд бэртэл авсны улмаас нас барсан” гэж үзэж байна. Тэдний ярьснаар, нүүрэн тус газраа цохиулсан нь түүнийг үхэлд хүргэжээ.

Тус төвийн захирал Г.Энхбат эмэгтэйн өмссөн гутлын талаар ярихдаа “угсаатны зүйчдийн хувьд түүний өмссөн “Адидас” брэндийнхтэй адил гутал судалгааны сонирхолтой сэдэв болоод байна. Ялангуяа, тухайн үед ийм загварлаг, орчин үеийн хэв маяг бүхий гутал өмсч байсан гэдэг нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм” гэлээ.

Маш өндөрлөг, сэрүүн уур амьсгалтай газарт эмэгтэйг оршуулсан нь түүний шарил болон эд зүйлс маш сайн хадгалагдаж үлдэхэд нөлөөлжээ.

Эсгийгээр ороосон занданшуулсан шарил дээр байгаа эмэгтэйн арьс болон үсийг ч харах боломжтой.

Сам, толь зэрэг гоо сайхны эд хэрэгсэл, гар цүнх, хутга, дөрвөн ээлжийн хувцасны нь хамт эмэгтэйг оршуулсан байжээ.

Мөн шарилын хажуугаас олдсон морь болон төмөр дөрөөтэй эмээл маш сайн хадгалагдан үлдсэн байна.

Занданшуулсан шарил 2803 м-ийн өндөрт байсан бөгөөд эмэгтэйг түрэг гаралтай гэж үзэж байгаа юм. Мөн үүнийг Төв Азиас олдсон анхны бүрэн бүтэн түрэг булш гэж судлаачид үзэж байна.

Шарил олдсон Алтай нуруу нь Оросын Сибирь, Монгол, Казахстан болон Хятадтай залгаа оршдог юм.

Categories
мэдээ нийгэм

Цамбагаравын автобусны буудлын ард гал гарчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын ард байшин шатаж байгаа талаар ОБЕГ-аас тодрууллаа. Хоёр давхар айлын мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлага 16:00 цагт ирсэн гэнэ. Одоогоор галыг унтраахаар 10, 26-р ангийн 20 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд галын тархалт нэлээн их байна. Одоогоор галын шалтгаан болон хохирлыг тогтоогоогүй байна гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Приус машины татвараас орж ирэх 10 гаруй тэрбум төгрөгөөр Монгол Улс дутаагүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголтой холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Төсвийн тодотголтой холбоотой хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эрзэлзээ, бухимдлыг төрүүлсэн сөрөг үр дагавартай олон асуудлуудыг оруулсан байгаа учраас нийгэмд бодит мэдээллийг өгөх, зарим зүйлийг тодруулах үүднээс УИХ-ын даргаас дэгийн хуулийн дагуу тав хоногийн завсарлага хүссэн. Гэсэн ч гурван цагийн завсарлагыг Ардчилсан намын бүлэгт өгсөн юм. Асуудал нь цаг хугацаандаа байгаа биш тавигдаж буй шаардлагууд нь иргэдийн ажил амьдрал, нийгмийн нөхцөл байдалтай уялдсан зүйлүүд байсан учраас Ардчилсан намын бүлэг анхаарлаа хандуулж байр сууриа илэрхийлж байгаа гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн.

Д.Эрдэнэбат: Монголын төр 70 мянган хүүхдийнхээ эрх ашгийг өөрсдөө шийдэх санхгүүгийн эрх мэдэлгүй болж байна

Төсвийн тодотгол ОУВС-гийн шаардлагаар гэж батлагдах гэж байна. Үнэмлэхүй олонхи санал нэгдээд кнопдоод дуусах юм шиг байна. Хамгийн гол нь төсвийн тодотголыг боловсруулахдаа эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг зөв дүгнэх ёстой байсан. Ардчилсан нам сөрөг хүчин ч гэсэн асуудлыг улдаж зогсоож хэт нэг талыг барих байр суурийг бариагүй. Иргэдийн ажил, амьдрал нийгмийн хандлагыг зөв дүгнэж үзэхийг эрх баригчдаас шаардаж байгаа юм.

ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийн хамгийн хүнд зүйл нь монгол орны нийгмийн бүх давхаргыг хөндсөн. Төсөв эдийн засгийн нөхцөл гэдэг нэрийн дор бүх төрлийн татварыг нэмэгдүүлж байна. Татвар нэмэгдэж нөгөө талдаа зардал нь өссөн. Ерөнхий сайд Э.Эрдэнэбат ард түмэн биш төр бүсээ чангална гэж хэлж байсан ч өнөөдөр яг эсрэгээрээ төр бүсээ суллаад ард түмний бүсийг чангалсан төсвийг оруулж ирсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгсөн гуравхан цагийн завсарлагааны үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн НХ-ийн сайд Н.Номтойбаяр нартай бүлгийн гишүүд уулзсан. ОУВС-гийн суурин төлөөлөгчийг мөн урьсан, ирээгүй. Ирэхгүй байна гэдэг нь хөтөлбөрөө тулгаж байгаагийн хэлбэр. Б.Чойжилсүрэн сайдын хувьд “ОУВС-гийн даалгавараар гэдэг” ярьдаг зүйлээ л хэлж байсан. Үнэхээр хэн нь үнэн яриад байгаа учрыг олох шаардлага байсан.

Уулзалтын үеэр хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулчихаад одоо бүр 40 хувь болгож байгаа зөрүү нь 70 мянган хүүхдэд 17 тэрбум төгрөг. Бид хүүхдээрээ эдийн засгийн өртгийг нөхүүлэх болчихсон юм уу. 17 тэрбум төгрөгийн асуудлыг шийдээч гэдэг хүсэлт тавихад Сангийн сайд Б.Чойжилсүрэн сайд махийсан. Эндээс Монгол Улсын санхүү эдийн засгийн эрх мэдэл сангийн сайд Чойжилсүрэнгийн эрх мэдлээс гарсан юм байна. Монголын төр 70 хан мянган хүүхдийнхээ эрх мэдлийг өөрсдөө шийдэх эрх мэдэлгүй болж байгаа юм байна гэдгийг хэлсэн юм.
Мөн тэрбээр завсарлага хүсэх үеэрээ эрх баригчдаас иргэдийнхээ халаас, түрүүвчтэй холбоотой, өдөр тутмын хэрэглээтэй холбоотой асуудлыг эргэж хар гэж шаардлага тавьсан тухайгаа хэллээ.

Үүнд:

Бусдын гарт санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийн эрх ашгийг хасч болохгүй

1.Хүүхдийн мөнгийг хасдаг нь буруу гэдэг байр суурин дээрээ Ардчилсан намын бүлэг хатуу байна. Парламентад суудалтай эс суудалтайгаас хамаараад өмнөх засгийн газрын үед, эдийн засгийн ямар ч хүндрэлтэй байсан үед монголын бүх хүүхдэд хөрөнгө оруулалт хийнэ гэж хамтран шийдвэр гаргаж байсан. Хүүхдийн мөнгөнд 223 тэрбум төгрөг жил болгон зарцуулдаг. Энэ мөнгийг хамгийн үнэт зүйл болох хүүхдүүдээс тататлаа ядуураагүй. Бусдын гарт санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийн эрх ашгийг хасч оруулж ирж байгааг буруутгаж байна. бид хүүхдийн мөнгийг 100 хувь олгуулах талаар эрх баригчдаас дахин шаардана.

Эрх баригчид гадныхантай хамтарч ШОК-ын бодлого руу орсон

2.Тэтгэвэрийн насыг 5 жилээр уртасгаж, үүнийгээ дэлхийн жишигт нийцүүлж байна гэж тайлбарлаж байгааг буруу гэж үзэж байна. Тэтгэвэрийн насыг 65 хүргэх, дэлхийн жишиг гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Дэлхийн жишгийн дундаж наслалтаас Монголчуудын нас доогуур. Дундаж наслалт нь 65 байдаг монголын ард түмнийг 65 настай тэтгэвэрт гаргана гэдэг нь дэндүү харгис бодлого. Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлж, эрх баригчид гадныхантай хамтарч ШОК-ын бодлого руу орсон .

Приус машины татвараас орж ирэх 10 гаруй тэрбум төгрөгөөр Монгол Улс өлдөөгүй

3. Хэрэглээний олон татварыг нэмэхээр оруулж ирсэн. Жирийн иргэдийн хэрэглээний хос тэжээлтэй автомашины татварыг хулгайгаар нэмэх гэж оруулж ирээд шийдэж байна. Өдөр тутмын өргөн хэрэглээ болсон приус машины татвараас орж ирэх 10 гаруй тэрбум төгрөгөөр Монгол Улс өлдөөгүй. Эрх баригчид 25-хан мянган төгрөгийн татвар гэж тайлбарлаж байна. Шинэ машины татвар 375 гээд 5 сая төгрөг хүртэлх татварыг ард түмний унаанаас авахаар шийдвэр гаргаж байна. Мэдээлэл үнэн байх ёстой.

Бид иргэддээ хуримтлал бий болгох бололцоог олгох ёстой

4.Иргэдийн татварын тухай асуудал. Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгоод 10 гаруй жил болж байна. Ингээд эдийн засаг хохироогүй. ажлын байр, Эдийн засаг муутай, хөдөлмөрийн нөхцөл муутайгаас ижил татвар авах ёстой гэж үзсээр ирсэн. Бид иргэддээ хуримтлал бий болгох бололцоог олгох ёстой. Ажлын байр бий болгоход тус болох ёстой. Хийдэг болгоноос нь мөнгө авч болохгүй. 25 хувь хүртэлх өндөр шатлалтайгаар татварыг авах гэж байна. Далд эдийн засгийг өдөөх анхны суурийг үүгээр тавьж байгаа юм.

5.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед ажил олгогчдод асар том дарамж болж байна.

6.ОУВС-гийнхан төсвийн орлогоо нэмэгдүүл, зардлаа тана, алдагдлаа хас гэсэн. Гэтэл эрх баригчид яг эсрэгээр нь оруулж ирж байгаад харамсч байна.
450 цэргийн албан хаагчийг сургах боломжгүй гэсэн байдлаар төсөв орж ирсэн

7. Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад боловсрол эзэмшиж байгаа 450 цэргийн албан хаагчийг сургах боломжгүй гэсэн байдлаар төсөв орж ирсэн. Цэрэг офицеруудын нийгмийн халамж алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа тул Ардчилсан намын бүлэг төсвийн тодотгол дээр тав хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзэж байгаа.

З.НАРАНТУЯА: Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал цаашид удаан үргэлжилнэ
-Төсвийн тодотгол иргэдийн одоогийн орлогын хэмжээг бууруулахаар төлөвтэй орж ирж байна. Шатахууны онцгой албан татвар өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлнө.
Улс өөрөө хуримтлалтай болох бодлого байх ёстой. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бол зэрэгцүүлээд улс өөрийн хуримтлалаа өсгөх бодлого баримтлах нь зөв. Харамсалтай нь, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд байгаа бүх мөнгөө төсвийн алдагдал руу хийгээд, 2024 он хүртэл энэ хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сандаа хуримтлал үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр улс өөрөө ч хуримтлалгүй болж, иргэдэд хуримтлал үүсгэх боломж олгохгүй болно. Ийм алдаатай бодлого төсвийн багц хуулийн эцсийн үр дүнд гарахаар байна.

Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал цаашид удаан үргэлжилнэ. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай явъя гэж байгаа бол алдагдлаа нэмэхгүй, зарлагаа бууруулж, орлогоо нэмсэн тодотгол батлах хэрэгтэй.

Энэ мэт шалтгааны улмаас төсвийн тодотголыг Ардчилсан нам дэмжих боломжгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
Түүнээс Ардчилсан намынхан ОУВС-гийн хөтөлбөрийн хямд өртөгтэй эх үүсвэр авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш юм. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид макро зорилт, төсвийн тэнцлийн орчноо муутгах шаардлагагүй. Монгол Улс өөрийн гэсэн Засгийн газартай, мөнгөний бодлоготой улс. Ирэх гурван жилд алдагдлаа хэдий хэмжээнд бууруулах вэ гэдэг асуудал манай Засгийн газрын бодлого байх ёстой. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нэрийн дор улс өөрийн зорилтоо муутгах шаардлага байхгүй.

Б.ПҮРЭВДОРЖ: МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй
-Аймаг сумын Засаг дарга нар нэг орлогчтой л байх ёстой. Гэтэл одоо зарим нь хоёр орлогчтой байна. Бид хоёр орлогчийн зардлыг хасах, дэд сайдын зардлыг хасах тухай санал гаргасан. Гэтэл МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй. Эндээс энэ хүмүүст улс орны эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл байна уу, үгүй юу гэдэг нь тод харагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал болно

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээг санаачлагч нь “Би Эм Монголиан Партнерс” ХХК юм. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал, “Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа, “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм.

Уг үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцоно. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирнэ. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсад болж байгаагүй юм. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн захирал Ж.Мядагмаа олон улсын үзэсгэлэнд оролцох компаниудын талаар товч мэдээлэл өглөө. Хуурай аргаар нүүрс баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан “Allmineral” компани ХБНГУ-аас ирэх юм байна. Нүүрс зэсийг нойтноор баяжуулахад гарах их хэмжээний хаягдал усыг шүүж дахиж ашиглах боломжтой тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Андриц”компанийн Австри болон Өмнөд Африкийн салбарынх нь удирдах түвшний хүмүүс ирэхээр болжээ. Аялал жуулчлалын салбарт өндөр төвшний үйлчилгээ үзүүлэх боломжтой гэх мэт олон салбарт эрэлт хэрэгцээтэй байдаг бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд” компанийн төлөөлөл Австриас ирж технологи болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулна гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Бага оврын онгоцоор Монголд нисэх боломж, бэрхшээлийн талаар салбар хуралдаан хүртэл болох юм байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлыг нийслэлээс дэмжиж оролцож байгаа юм. Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ уг арга хэмжээг дэмжиж оролцох болсон шалтгаанаа “Энэ удаагийн олон улсын чуулга уулзалт эдийн засагт голлох таван салбарыг онцолж шилдэг технологиудыг танилцуулж байгаагаараа үр өгөөжтэй, онцлогтой. Технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг онцолж буй нь бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа хэрэг. Нийслэлээс уг үзэсгэлэн, хурлын хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт гэсэн салбар хуралдаануудад илтгэл тавьж оролцохоор болжээ.Энэ үеэр нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн нийслэлээс чуулга уулзалтад оролцохоор Швейцарь, Хонгконгоос ирэх хөрөнгө оруулагчидтай хамтарсан уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Австралид амарч сурангаа ажиллах бололцоог өргөтгөнө

АВСТРАЛИД АМРАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОЛЦООГ ӨРГӨТГӨНӨӨнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ноён Элчин сайдтай нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгав. Тэрээр Монгол Австралийн харилцаа 2000 оноос хойш эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд ялангуяа уул уурхай, соёл боловсролын салбарт Австралийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг сайшаалаа. Түүнчлэн тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр Австралид манай төрийн албан хаагчид, иргэд, тэр дундаа ХЗДХ-ийн салбараас олон мэргэжилтэн суралцан бэлтгэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлов.

Мөн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг ойрын үед байгуулах, Австралид амрангаа ажиллах боломжийг бүрдүүлэх, суралцангаа ажил хийх бололцоог илүү өргөтгөх чиглэлээр гэрээ хэлцэл байгуулах нь чухал байгааг танилцуулав. Түүнчлэн уул уурхай, ХАА-н салбарт Австралийн өндөр технологийг нэвтрүүлэх, хүний эрх, амар тайван, аюулгүй байдлыг хангасан Австрали улсын арга туршлагыг Монголд нэвтрүүлэх талаар хамтран ажиллах асуудлаар санал солилцов. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт монгол иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдалд анхаарсан бодлого гарган ажиллаж байна гээд энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг сургах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Ноён Элчин сайд Ж.Лантри Монгол Австрали хоёр орны хувьд харилцааны олон боломжууд байгааг дурдаад С.Бямбацогт сайдын санал болгосон Австралид амрангаа ажиллах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүний тулд эн түрүүнд виз, дүрэм журамтай холбоотой ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? гэдгээ хоёр талаасаа судлаж, энэ жил Монголд хийх Австралийн Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр дээрх асуудлыг нэг мөр ажил хэрэг болгох боломжтойг дурдав. Хэрэв энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл монголчууд Австралийн ХАА-н салбарын арга туршлагыг биечлэн судлах, тус улсад амрангаа ажиллах, орлогоо нэмэгдүүлэх шинэ боломж нээгдэнэ.

Мөн Австралид монгол оюутнууд гэр бүлтэйгээ хамт суралцах, хүүхдээ давхар сургах боломжийг өргөжүүлэх талаар ч санал солилцов. Ноён Элчин сайд сүүлийн үед Австралийн компаниуд Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол дахин сэргэж байгааг сонордуулаад энэ бүхэнд Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлт, хууль эрх зүйн шинэтгэл, Хөрөнгө Оруулагчдын Зөвлөл байгуулсан зэрэг нь эерэг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв. Тэрчлэн ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгааг Австралийн Засгийн газар өндрөөр үнэлж байгааг уламжлав. Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт Австрали улсын Хууль зүй болон Дотоод хэргийн сайд нарыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байгаагаа Элчин сайдаар дамжуулан уламжлав.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод туслах, хамгаалах байраар хангах тал дээр Австралийн Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад талархаад энэ чиглэлээр илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчиж мод, бут, торлог тайрах, зөвшөөрөлгүй худаг гаргуулахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.

Ойн чиглэлээр:

– Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-т заасны дагуу нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, объект байрлуулах, мод, бут, сөөг, торлог тайрахыг хориглодог. Ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, ойн сан гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлдэг. Иргэдийн дунд бут, сөөг, торлог бүхий газрыг ойн санд багтахгүй гэсэн ташаа ойлголт байдгаас Ойн тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр СБД-ийн Хуурай мухарын аманд иргэн Б.У нь байшингийн суурь ухах зорилгоор 0,0375 га талбайн бут, сөөг, торлогийг устгасан тул уг иргэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлж, хохирлыг барагдуулах, газрын зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байна.

Худаг, усны чиглэлээр:

– Усны тухай хуулийн 27-р зүйлд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах бол Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, улсын тэмдэгтийн хураамж төлсний дараа мэргэжлийн байгууллагаар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай. Ашиг олох зорилгогүйгээр буюу ахуйн хэрэглээнд усыг ашиглах тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөгддөг. Манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, ойн сан газар, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглодог тул газрын координатыг нийслэлийн Байгаль орчны газрын 318003 дугаарын утсаар, эсвэл биечлэн ирж урьдчилан шалгуулах боломжтой. Зөвшөөрөгдсөн бүсэд худаг гаргах зөвшөөрөл нь аливаа чирэгдэлгүйгээр шуурхай шийдвэрлэгддэг тул хууль ёсны дагуу худаг гаргуулж ашиглахыг анхааруулж байна. Зөвшөөрөлгүй худаг гаргавал иргэнийг 1,200,000-3,600,000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 4,800,000-12,000,000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.