Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагаас дуусна

Image result for ЭЕШ-ын бүртгэл

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 80 хувьтай байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр буюу энэ сарын 14-ний 18.00 цагт дуусах бөгөөд бүртгэл дууссанаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй болохыг тус төвийнхөн онцоллоо. 2017 оны байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ.

ЭЕШ өгч байгаа шалгуулагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тест бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон юм.

Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Цахим үнэмлэх
  • Цээж зураг
  • Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
  • И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ)

Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д өгөх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авдаг аж.

ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох юм байна.

Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгоно. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган 15:00 цагаас хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсоно.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт “Иргэний мэдэх эрх” сэдвээр сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж байна. Уг уулзалтад аймгуудын телевиз, радио, сонин, сайтын сэтгүүлчид, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нараас бүрдсэн нийт 100 хүн оролцож байгаа юм.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гадаад бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол дархлаа-Монгол бахархал”, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол хүн-Монголын баялаг”, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн засаглал ба шүүхийн шинэтгэл”, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Баялаг бүтээгчид, ногоон хөгжил”, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр “Батлан хамгаалах бодлого, хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.

Орон нутгийн сэтгүүлчид мөн Монголтоль.мн (Монгол хэлний их тайлбар толь, Монголын түүхийн цахим тайлбар толь)-ийн тухай, Үндэсний аюулгүй байдлыг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо сэдвүүдээр мэдээлэл сонсч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд өнөөдөр ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

Image result for Төв талбайдНийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.

Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцох юм.

Тус өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчнээр хангагдахад дэмжлэг үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Нээлттэй өдөрлөгийн онцлог нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” уриан дор иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу боловсон хүчнээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Өдөрлөгөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

  • Ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх
  • Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
  • Ажил олгогч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
  • Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулна.
Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон гишүүнийг хүлээн авч уулзлаа

Авлигатай тэмцэх газрын дарга, Tэргүүн комиссар Х.Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 47 дугаар зарлигаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Л.Хангайг хүлээн авч уулзлаа.

Тэргүүн комиссар Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, өнгөрсөн онд Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэн, олон нийтийн идэвхтэй оролцоонд түшиглэсэн, шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх, төрийн бүхий л үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгоход түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлж, үүнд Олон нийтийн зөвлөлийн үүрэг чухлыг онцлон, цаашид тус зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийлж, Л.Хангайд ажлын амжилт хүсэв.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, албаны бусад хүмүүс байлцав.

Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, 1979-1988 онд Шүүх яаманд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан төдийгүй 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Одоо “Монголын элчин сайдын клуб” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо

УИХ өнгөрсөн шөнө (2017.04.13) Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурлаа.

Энэ нь нийт орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр тус, тус бууруулсан үзүүлэлт юм.

Урсгал зардлыг бууруулах арга хэмжээний хүрээнд энэ онд улсын төсвөөс санхүүжилт аван хэрэгжих байсан төсөл хөтөлбөрүүдийг хасчээ.

Мөн эрүүл, мэнд боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулсан байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм.

Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.

Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар тус санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар зохицуулалт хийгдлээ.

УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байна. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдсон байгаа.

Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эхний ээлжинд 440 сая ам.доллар орж ирнэ. Үүнийг Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана.

Мөн 5.5 тэрбум ам.долларын зээл авч ашиглах бололцоо нээгдэнэ. Энэхүү зээл нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс босно. Зээлийн хугацаа 30 жил байна.

Зарцуулалтын тухайд, Азийн хөгжлийн банкнаас авах 900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай авна. Үүний 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна.

Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. Үүний 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.

Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон байгаа үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй, үүнийг 2018, 2019 онд авч ашиглах төлөвлөгөөтэй байна.

Тодруулж хэлбэл, эдгээр зээлийн жилийн хүү 2 хувиас хэтрэхгүй байх учраас гадаад, дотоодод босгосон бондын хүүтэй харьцуулахад хамаагүй хямд эх үүсвэр болно. Энэ нь нэг талдаа өндөр хүүтэй Засгийн газрын бондоор төсвийн алдагдлыг нөхөж байгааг зогсоож, мөн бага хүүтэй зээлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бололцоо нээгдэж буйгаараа ач холбогдолтой. Гэхдээ нөгөө талд хэд, хэдэн төрлийн татвар нэмэгдэж буйг бас мартах учиргүй.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс хэрэгжих хуулиуд

УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх болж байгаа. Татварын хуулиуд хэзээнээс хэрэгжих талаарх мэдээллийг багцлан хүргэе.

ТАВДУГААР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР: Хэрэгжих хугацаа 2017.05.01

1.5 сая төгрөгөөс дээш цалинд 5 хувийн татвар ногдуулна Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно


ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО: Хэрэгжих хугацаа 2017.05.01

Хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна

ИМПОРТЫН ТАМХИ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.


АВТО МАШИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (Төгрөгөөр)
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил
1500 ба түүнээс доош 750.000 1.600.000 3.350.000 10.000.000
1501-2500 2.300.000 3.200.000 5.000.000 11.700.000
2501-3500 3.050.000 4.000.000 6.700.000 13.350.000
3501-4500 6.850.750 8.000.000 10.850.000 17.500.000
4501 ба түүнээс дээш 14.210.000 27.200.000 39.150.000 65.975.000

Хоёр үе шаттай хэрэгжих татварын нэмэгдэл:

АВТО БЕНЗИН, ДТ-НИЙ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01

Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.


ИРЭХ ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛЬ:

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Хэрэгжих хугацаа 2018.01.01

2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгжНийт дүнгээрээ 5 нэгж


АРХИ, ТАМХИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2018.01.01

2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Эрх баригчид “идүүрээ” багасгавал эдийн засаг аяндаа сэргэнэ

СБД-ийн өндөр настан Д.Дашдаваа

УИХ-ын хаврын чуулган эхэлж, төсвийн тодотгол хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан нэрт сэтгүүлч Д.Мөнгөндалай “Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу” гэсэн нийтлэл сийрүүлж, түүндээ анх батлагдсан төсвийн зардал, тодотголоор 220,7 тэрбумаар өсч харин зургаан төрлийн татварыг нэмж, халамжийг танаж, хүүхдийн мөнгийг ялгавартай хасч, тэтгэврийн насыг хойшлуулж, ард түмний нуруун дээрх ачааг нэмж, халаасыг нь нимгэлэх гэж байгаа атлаа, дарга нарынхаа тансаглалыг танаагүй энэхүү төсвийн тодотголыг баталлаа гэж. Мөн монголчууд нэгнээ зовоон тарчлааж байгааг шүүмжилжээ. Энэхүү шүүмжлэлтэй санал нэг байгаагаа хэлж, дараахь хэдэн саналыг нэмж хэлье. Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, мөнгө яаж босгох вэ гэдэг энэ Засгийн газрын толгойны өвчин болоод байна. Эдийн засаг, мөнгө гэх үг улстөржилтөөр доторлогдсоноос ийн улсын төсөв ачааллаа даахаа байж, энгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр ирлээ.Давхар дээлтэй энэ олон сайд давхар дээлээ тайлж хаяад, орлогч сайд гэх зарц нараа сайд болгож, төсөв хэмнээч. Заавал өөрсдөө сайд байх гээд байгаа юм бол орлогч сайдгүй л болцгоочих. Зөвхөн хүн тэжээхийн тулд аргалаад байлгаад байдаг, хийх онцын юмгүй, аар саархан байгууллагуудыг нийлүүлчих, эсвэл татан буулгачих. Мөн алдагдалтай ажиллаад байдаг, тэжээврийн, шахааны төрийн өмчийн газруудыг даруйхан шиг хувьчилчих. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг булааж, улсын өмч болгохоо больчих хэрэгтэй. Тэгвэл “Эрдэнэт” хулгайч нарын “саалийн үнээ” байхаа больчихно. Оффшорт байрлах 17 тэрбум долларыг хурдхан оруулаад ир. Эдгээрийг хийхэд л манай эдийн засаг асар богино хугацаанд сэргээд ирэх болно.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

“Стандарт” банкинд өгөх 51 сая ам.долларыг Ш.Батхүү, Ч.ганзориг, Д.сугар, Т.очирхүү нараар төлүүлье

-АРБИТРЫН ШҮҮХ, ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИД Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШ ГЭДГИЙГ БАТАЛЖЭЭ-

“Жаст” группийн ерөнхийлөгч ш.Батхүү Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч Ш.Батхүү авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн. Иймд “Стандарт” банк Монгол Улсын засгийн газраас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг нэхэмжилж эхэлсэн. Дээрх банк Засгийн газраас Ш.Батхүүгийн тавьсан өрийг нэхэмжлэх болсон шалтгаан нь хэрэв банкинд тавьсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл миний өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр төлнө” хэмээн гэрээ байгуулсан юм. Мөн ш.Батхүү “стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан т.очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан. тиймээс Монгол Улсын Засгийн газар өрийг батлан даасан гэсэн үг хэмээн үзсэн юм. “Стандарт” банк манай улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, өрөө нэхэмжилсэн. Арбитрын шүүхийн маргаан хэдэн жилийн турш үргэлжилсэн. тэгвэл “Стандарт” банк арбитрын шүүхэд ялалт байгуулж, Засгийн газар 51 сая ам.долларыг нэгэнт төлөхөөр болжээ. Энэ талаар Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өмнөд Африкийн “стандарт” банкнаас зуу гаруй сая долларын өр төлнө гэж яригдаж байсан. Энэ асуудал явсаар 51 сая ам.доллар дээр тулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, арбитрын анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газар 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудлыг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүхэд хандсан. лондонд энэ асуудлыг шийдвэрлэх үйл явц сар гаруйн хугацаанд үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм. лондон хот дахь олон улсын арбитрын шүүхэд манай улсын газар ялагдсан шалтгаан нь Ш.Батхүүд зээл авахад баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан д.сугар, УБтз-ын дарга Т.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон явдал юм. үүнийг үндэслэн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкинд Монгол Улсын засгийн газар 51 сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан байна.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ МАН ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД БАРЬЦААНД ТАВЬЖ БАЙЖЭЭ

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан нь 2013 онд ил болж шуугиан тарьсан. Өмнөд Африкийн “Стандарт” банк Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн юм. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан билээ. Албан тоотод Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандана хэмээн “Стандарт” банкнаас мэдэгдсэн аж. Ингээд дээрх хэрэг мандаж эхэлсэн билээ. Төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Засгийн газар хуралдаж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг гаргасан. Яахаараа “Эрдэнэт” үйлдвэрийг Ш.Батхүү барьцаанд тавьчихдаг юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавих эрх мэдлийг хэн олгосон юм бэ гээд хариулт нэхсэн олон асуулт ар араасаа урган гарч ирсэн юм. Удалгүй бүх зүйл тодорхой болж асуултын хариулт ар араасаа цувран олон нийтэд ил болсон. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү МАН төр барьж байхад буюу С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2009 онд зээл авсан байдаг. Ш.Батхүү нь Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын хамгийн ойр дотнын хүн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Эндээс эхлэн Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар батламж бүхий баталгаа гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. Ш.Батхүүг “Стандарт банкнаас зээл авахад батламж гаргаж өгсөн гэгдээд байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.очирхүү нарыг УМБГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН, ЗУРААГҮЙ”

Хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж, Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахын тулд бүрдүүлсэн материалтай нь танилцсан. Баталгаа гаргаж өгсөн гарын үсэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарынх мөн эсэхийг шинжлүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн “Гарын үсэг төстэй байна” гэхээс өөр тодорхой хариу ирүүлээгүй байдаг юм. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, олон овоотын ордын нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийсэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар “Бид гарын үсэг зураагүй. Бидний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэж хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хуурамч гарын үсэг, жинхэнэ гарын үсэг гэсэн хоёр зөрүүтэй мэдээллээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал ганцаанд орсон. Ш.Батхүү нарт холбогдох хэргийг тухайн үеийн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгасан. Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтанг хорьж байсан. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВЬСАН Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАР ҮЙЛДСЭН ХЭРГЭЭ “СЭГСЭРЧ” УСНААС ХУУРАЙ ГАРСАН НЬ

Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Монгол Улсыг онц их хэмжээний өрөнд оруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг ингэж л юу ч болоогүй мэт “замхарсан” байдаг. Өршөөлийн хууль гарсан даруйд Ш.Батхүү “Би “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн” хэмээн хэргээ хүлээчихсэн. Ш.Батхүү дээрх хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн өөрөө гол буруутан болсон шалтгаан нь Өршөөлийн хууль гарсан даруйд холбогдох хэргээ хурдан шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой байсан нь тодорхой юм. Ш.Батхүү гол буруутан болох шалтгаан нь шоронд суухгүйгээр уснаас хуурай гарах боломж нь Өршөөлийн хууль байсан аж. Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурж “Стандарт” банкнаас мөнгө зээлсэн гээд хэргээ хүлээчихсэн учир “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.очирхүү нарт холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна.

Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШГЭДГИЙГ АРБИТРЫН ШҮҮХ ТОГТООЖЭЭ

Монголын хууль хяналтын байгууллага “Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар энэ хэрэгт огт хамааралгүй. Тэд буруугүй юм байна” гэж үзээд хэргийг шийдчихсэн. Гэтэл олон улсын шинжээчид тэдний гарын үсэг мөн байна гээд баталчихлаа. Мөн Лондон хот дахь Арбитрын шүүх ч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахыг Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар зөвшөөрч, албан ёсны тамга дарж өөрсдийнхөө гарын үсгийг зурсан байна хэмээн үзсэн байна. Ингээд манай улсын Засгийн газрыг 51 сая ам.доллар өгөх шийдвэрийг гаргаад байна. Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Стандарт банкинд өгөх 51 сая ам.долларыг Ш.Батхүү төлөх ёстой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авахад баталгаа гаргаж өгсөн хэрэгт Арбитрын шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар ч гэсэн төлөх ёстой. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргасны гайг Засгийн газар цаашлаад Монголын ард түмэн үүрэх ёсгүй юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх хэргийг сэргээн шалгаж, холбогдох хүмүүст зохих ял шийтгэлийг нь өгөх асуудал ч үүний дараа босч ирэх ёстой.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Жефри С Гленн: Элэгний өвчлөлийг бүрэн эмчлэх боломжтой. Дараагийн шатны шинэ эм хүртэл гарсан

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улс АНУ-тай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын “Гилайд Сайнс” компанийн үйлдвэрлэсэн Харвони зэрэг дөрвөн төрлийн эмийг Монголд оруулж ирээд байгаа. Өндөр үр дүнтэй “Харвони” эмийг бүтээсэн эрдэмтдийн нэг АНУ-ын Стэнфордын их сургуулийн доктор Жефри С.Гленн манай улсад ирж албаны хүмүүстэй уулзаад уржигдар буцсан юм. Нутаг буцахынх нь өмнөхөн түүнтэй уулзаж ийнхүү ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулаач. Ямар чиглэлээр мэргэшсэн, хэзээнээс эм, эмийн бэлдмэлийн чиглэлээр ажиллав. Монголд ирсэн гол зорилгынхоо тухай сонирхуулаач?

-Намайг Жеффри С. Гленн гэдэг. АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор мөн Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирлаар ажилладаг. Би сүүлийн 30 гаруй жил элэгний В, С, D вирусийн судалгаа, элэгний хорт хавдрын чиглэлийн судалгаанууд дээр ажиллаж байна. Эмч, эрдэмтэн хүний гол зорилго нь дэлхийн шинжлэх ухаанд гарч буй шинэ ололтуудыг нээн илрүүлж түүгээрээ хүмүүсийг эмчлэх байдаг. Ийм учраас эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн цагаасаа эхлэн эмийн хөгжүүлэлт, өвчтөнүүдийг анагаах эм бүтээхэд чиглэн ажилласан. Аль ч улсын иргэн энэхүү эмийг аваад уух боломжтой байх ёстой. Монголд ирсэн зорилго маань үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс элэгний хавдар, элэгний хатуурлын нас баралт, элэгний В, С, D вирусийн тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломж Монгол Улсад байна. Тиймээс шинэ загварын дагуу ажлаа эхлүүлэхэд болохгүй зүйл алга гэж харж байгаа.

-Энэ их элэгний өвчлөлийн үед Харвони эмийг нээж, монголчуудад хүртэл боломжийн үнээр хүргэж буйд бид баяртай байгаа. Та Харвони эмийг хэрхэн нээж үйлдвэрлэлд, эмчилгээнд нэвтрүүлсэн бэ. Энэ яг ямар үйлчилгээ найрлагатай эм юм бэ?

-Харвони гэдэг үйлдвэрийнх нь нэршил. АНУ-ын “Гилеад Сиансес” компани үйлдвэрлэн гаргаж байгаа. Энэ эмийн найрлагын гол үйлчилгээ үзүүлдэг бодис софосбувир нь нуклейдын аналоги. Өөрөөр хэлбэл, бидний биеийн генийн мэдээллийг агуулж байгаа РНК, ДНК-тэй төстэй байгалийн молекулын эдийг модификаци хийгээд эм болгон хөгжүүлсэн, шинэ төрлийн, дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гаргасан эм юм. Софосбувирыг бүтээх гол үйл явц Стэнфордын их сургуулийн дэргэд байрлах Швейцарийн Рош компани дээр явагдаж байлаа. Энэ эмийн нээлтийг хамтран зүтгэгч эрдэмтэд маань хийсэн. Софосбувир үнэхээр гайхалтай, үйлчилгээ өндөртэй сайн эм. Гэхдээ софосбувирыг илүү сайжруулсан дараагийн хэлбэрийг бид гаргаад авчихсан. Софосбувирын нэг дутагдалтай тал нь гэвэл ходоодонд ороод шингээлт муутай байдаг. Үүнийг цаашид сайжруулах боломжтой. Шингээлтийг сайжруулна гэдэг нь хоол боловсруулах эрхтний замаар дамжаад элгэнд очих идэвхтэй бодисын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Эмчилгээний хугацааг богиносгох бас нэгэн шинэ боломж гарч ирсэн. Одоо бол нийт эмчлэгдэж байгаа хүмүүсийн 95-аас дээш хувь нь гурван сарын дотор, 12 долоо хоногийн дотор эмчлэгдэж байна. Үүнийг дараагийн шатны шинэ эмээр сар буюу дөрвөн долоо хоног түүнээс ч богино хугацаанд эмчлэх боломжтой болоод байгаа юм. Софосбувир нь 1 point 0 буюу Харвонигийн дараагийн шатны эмийн хувьд эсрэг дархлаа тогтох барьер нь маш өндөр.

-Элэгний хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны шинэ аргыг нээсэн юм байна. Энэ нь ямар эмчилгээ юм, Харвони эмээс ямар ялгаатай, онцлогтой вэ. Элэгний ямар, ямар вирус өвчлөлийг эмчлэх боломжтой вэ?

-Элэгний 8-9 төрлийн вирус байдгаас дэлхий даяар хамгийн их тархалттай таван төрлийн вирус байдаг. Шинжлэх ухааны хэллэгээр элэгний хепатитын А, В, С, D, Е гэсэн вирусийн төрлүүд. Үүнээс А, Е вирус цочмогоор өвдөөд зөв эмчилгээгээ хийлгээд, хүн биеийнхээ дархлааны системээр эдгээж чаддаг. В, С, D вирусийн хувьд архагшдаг байнгын вирус тээгч болдог. В вирусийн хувьд өвдөөд эдгээд байгалийн вирусийн дархлаатай болох боломжтой. С вирусийн хувьд байгалийн дархлаа тогтдоггүй. Дараа дахин халдвар авч өвчлөх боломжтой. D вирус маш хурдан хугацаанд элэгний хавдар, хатууралд хүргэдэг. Вирусийн халдвар гэдэг бол генийн мэдээлэл агуулсан, эсийг гэмтээдэг хүний биед маш жижиг хэмжээтэй, гадны биет орж ирж байна гэсэн үг. Вирусийн архаг халдвартай гэдэг нь байнгын вируст тээгч. Элэгний эсүүд үхжээд хорт хавдар болдог. Элгийг хүний биеийн цэвэрлэх байгууламж гэж хэлж болно. Манай судалгааны баг элэгний хатуурал, В, С, D вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг бүтээж ажиллаж байгаа. Элэгний хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны маш гайхалтай шинэ эмийг гаргаж авсан. 2015 онд Монголд ирэхэд 25-30 насны залуус гуравдугаар шатны хатууралтай, элэгний циррозтой, В, С вирусийн давхар халдвартай, эмчлэгдэх боломжтой юу гэж асууж байсан. Тэднийг хараад эмч, мэргэжилтний хувьд Монгол оронд би чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүнээс хойш “Оном” сангийн эрдэмтэд, Монголын эрдэмтэдтэй энэ чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажлуудыг хийх, хамтран ажиллах, шинэ нээлт хийсэн эмүүдээ Монголд нэвтрүүлэх, Монголын ард иргэдэд эх орондоо эмчилгээ хийлгэх боломжийг нь олгох зорилготой ажиллаад явж байна. Элэгний вирусуудыг эмчлэх боломжтой. Учир нь шинжлэх ухаан асар хурдацтайгаар хөгжиж байна. Бид ч шаргуу ажиллаж байгаа тул эмчлэх боломжтой гэж харж байгаа.

-Шинэ эмчилгээг хэзээ Монголд нэвтрүүлэх вэ?

-Маш хурдан хугацаанд нэвтрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бид энэ удаагийн айлчлалаараа элэгний хорт хавдар, элэгний В, D, С вирусийн шинэ эмчилгээнүүдийг Монголд нэвтрүүлэх гол зорилготой ирсэн. Элэгний хорт хавдрын хувьд бүх л төрлөөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, албаны хүмүүстэй уулзаж эмчилгээний нэн шинэ арга эмчилгээний талаар иргэдэд нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Монголын вируст хепатитын эсрэг явуулж байгаа ажлууд дэлхийд жишиг болж байгаа. ДЭМБ, энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэд АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэн, халдварт өвчин судлалын төв зэрэг олон байгууллагын анхаарлын төвд байгаа. Саяхан АНУ-ын Шинжлэх ухааны академи, элэгний В, С вирусийг устгах стратегийг гаргасан. Энэхүү стратегийг гаргахдаа хоёр орныг онцгойлон дурдсан байсны нэгдүгээрт Монгол байлаа.

-Элэгний өвчлөл манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа. Энэ өвчнөөс монголчууд хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ. Яаж эмчлэх нь хамгийн үр дүнтэй байна вэ?

-Би дөрөв дэх удаагаа Монголд ирж байна. Энэ өвчлөл үнэхээр Монгол хүмүүсийн амьдралд ямар их хор нөлөөтэйг ойлгож, мэдэрч байгаа. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түрүүлж авалгүй өвчний араас явна гэдэг бол хамгийн хэцүү. Эрт илрүүлж, урьдчилан сэргийлж байж элэгний вирусийн халдвараас урьдчилан сэргийлнэ. Энэ бол цусаар дамжиж халддаг, арьс салст гэмтээсэн бүх төрлийн ажиллагаа, мөн бэлгийн замаар халдах боломжтой. Халдвар аваагүй эрүүл байгаа иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах хэрэгтэй. Мөн түүнчлэн Монголд D вирусийн халдварын тархалт өндөр байгаа нь сонирхол татаж байгаа юм. Тиймээс бид энэхүү чиглэлд цаашид судалгааны олон ажил хийх шаардлагатай байна.

-Бусад орны туршлагаас сонирхмоор байна. Манайхтай адилхан элэгний өвчлөл өндөртэй байж байгаад энэ өвчнөөс салж чадсан улс орнуудын ямар сайн жишээ байдаг вэ?

-Элэгний вирусийн халдвар дэлхий даяар өндөр буюу ДЭМБ-ын судалгаагаар 400 орчим сая хүн элэгний вирусийн архаг халдвартай байна. Элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгах хөтөлбөрийг Монгол, Гүрж, Египет, Исланд, Австрали зэрэг олон улс дэвшүүлсэн. Үүн дээр нэмэгдэж АНУ-ын ШУА-иас 2030 он гэхэд элэгний В, С вирусийг устгах стратегийг сая гаргасан. АНУ-д элэгний В, С вирусийн халдвартай гурван сая орчим хүн байдаг. Өмнө нь дурдсанчлан энэхүү стратеги дээр зөвхөн хоёр орныг л жишээ болгосон. Египет улсад ойролцоогоор зургаан сая хүн элэгний С вирусийн архаг халдвартай байдаг бөгөөд 2016 онд нэг сая орчим хүнээ эмчилж, эдгээсэн гайхалтай амжилт гаргасан. Мөн бусад орны туршлагууд байна. Жишээлбэл, Гүрж улс нь АНУ болон бусад орнуудтай хамтран маш сайн ажиллаж байгаа.

-Элэгний вирусийн эсрэг Харвони зэрэг эмийг уугаад вирус устлаа гэхэд дахин халдвар авахгүй гэх баталгаа бий юү. Халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Элэгний С вирусээр өвчилсний дараагаар тогтвортой дархлаа тогтдоггүй, эмчилгээний дараагаар дахин халдвар авах эрсдэлтэй. Тийм учраас танай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй С вирусийн голомтыг устгах энэ хөтөлбөр нь энэхүү халдварыг дахин авах эрсдэлийг бууруулна. Өөрөөр хэлбэл, халдварын голомтыг устгаж чадвал энэ өөрөө урьдчилан сэргийлэх нэг арга юм.

Sofosbuvir /ledipasvir бүхий элэгний С вирусийн эсрэг эмчилгээ хэрэглэсэн үед дахин халдвар авах боломжтой. Жишээлбэл Египет улсад хэдийгээр олон хүн эмчлэгдэж байгаа хэдий ч дахин халдвар авах эрсдэлийг бууруулж чадаагүйн улмаас жилдээ 200-гаас 300 мянган хүн дахин халдвар авч байна.

Элэгний вирус нь цусаар дамждаг тиймээс арьс салстыг гэмтээсэн, цустай харьцах зүйлсээс сэргийлэх хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх нь нэгэн том эрсдэл юм.

-Эмчилгээний дараа дархлаа сэргээх бэлдмэл зэргийг хэрэглэх ёстой юу. Хэрхэн гам барих вэ?

-Дархлаа сэргээх эм бэлдмэлийг хэрэглэхдээ үнэхээр анхааралтай байх хэрэгтэй. Дархлаа сэргээх гэсэн нэрийн дор маш олон хуурамч зүйл дэлхийн зах зээл дээр байдаг. Тийм болохоор үүнийг авч хэрэглэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн эмчилгээний дагуу эм бэлдмэлийг авч хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Элэгний С вирусийн эмчилгээ хийлгээд вирус нь устсан тохиолдолд дахин эм авч хэрэглэх шаардлага байхгүй. Аливаа эм бодис гэдэг бол нэгэн төрлийн хор учраас эмийг эмчийн зааваргүй, мөн хэтрүүлэн ууна гэдэг маш буруу. Энэ тал дээр Монголчуудыг анхаараарай гэж хэлье.