Categories
мэдээ цаг-үе

А.Амарсайхан: “Тоншуул”-ын дугаар ирэхэд “Коби”-гийн пүүз авсан юм шиг л баярладаг хүүхэд явж дээ

“Тусгай салаа” ОАК-ны уран бүтээлчид

Шог зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхантай уулзаж ярилцлаа. Түүнийг “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч гэдгээр нь мэддэг.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Саяхан таны зохиолоор бүтээсэн “Тусгай салаа” кино Берлиний кино наадмын шагнал хүртсэн.

-Баярлалаа. Кино бол багийн уран бүтээл. Тэгэхээр амжилт маань манай багийн амжилт. Энэ киног бүтээхэд бие сэтгэл оролцсон бүх уран бүтээлчид болоод Монголын Зэвсэгт хүчний нийт офицер ахлагч, бие бүрэлдэхүүн ялангуяа жирийн бор цэргүүддээ баяр хүргэе.

-Таныг зохиолчид “Тоншуулын Амараа” гэлцдэг байсан. Дараа нь “Тусгай салааны Амараа” болсон. Одоо нэр өөрчлөгдөх болов уу?

-Энэ киногоор овоглосон уран бүтээлч олон. Хоёр киноны минь дүрүүдээр нэршсэн яваа хэд хэдэн жүжигчин бий. Тэднийг хүмүүс бүтээсэн дүрийнх нь нэрээр дуудаж харьцдаг. Тэр бүрт би өөрөө нэрээ дуудуулсан юм шиг л баярладаг. Кинонд хамтран ажилласан найруулагч, жүжигчин, зураглаач бүх мундаг хүмүүстээ залбирч дараагийн уран бүтээл хийх урмаар тэтгэгдэж байдаг даа. Зохиолч болгон л өмнө хийснээсээ илүү сайн, илүү олон хүний таашаал хүртсэн, илүү “дуу шуу” хадаасан бүтээл хийх юмсан гэж толгой гашилгаж явдаг болов уу. Би ч бас илүү чанартай сайн бүтээл туурвичих юм сан гэх мөрөөдөлтэй товчлуур торчигнуулсаар л сууна. Гэхдээ юм үзээд, ном уншаад байх тусам л агуу бүтээл биш аль болох энгийн хэрнээ уран содон юм хийх юм сан гэж толгой гашилгадаг боллоо. Энгийн зүйлийн наадтайх содон гайхалтайг олж харж чадна гэдэг л зохиол оролддог хүн бүхэнд байх ёстой хамгийн эрхэм чадвар болов уу. Цаад нууцыг нь биш наана ил байгаа шигтгээг.

-Үзээд, уншаад гэж хэлснийг тань өлгөж авъя. Ингэхэд хаанахын хэнийг уншаад байна?

-Киногоор өвчилсөн чигээрээ л байна даа. Их уншсан хүн болж омойтоод яах вэ, би ч бусад зохиолчдыг бодвол бага уншдаг хүн. Олон ном биш онцгой хэрэгтэй номоо л олж унш гэж зөрүүдэлдэг гэх үү. Хааяа “цэнэг” авмаар болохоороо Анатолий Буйловын “Их нүүдэл”-ийг бариад авдаг. Энэ номыг хэд ч уншсан юм бүү мэд. Аханья надад монгол өвгөн л гэж санагдаад байдаг. Наанаа энгийн ахуй юм шиг хэрнээ цаанаа асар гүн юм өгүүлсэн зохиол. Ц.Гомбосүрэн гуай гайхамшигтай орчуулсан.Онолоос Кристофер Воглерийн “Зохиолчийн аялал” номыг их барьж авдаг болоод байгаа. Орос хэл дээр цахимаар татаад, эхэлж уншихдаа огт ойшоогоогүй. “Америк кино бол өөр. Монгол хүн монгол киногоо л хийх ёстой” гэх сэтгэхүйгээр хандаад, таашаахгүй яваад байсан хэрэг л дээ. Гэтэл энэ номыг надад “Боролдой” Мягмар ах шинээр нээж өгчихөөд байна. Буцаад барьж аваад байх тусам шинэ олж хараагүй зүйлс гарч ирээд байх нь сонин. Өөрийнхөө бичсэн киногоо ч Воглерийн бодож боловсруулсан тиг гортигоор задалж үзээд, юун дээр оносон, юун дээр алдсан, юуг тэс өөрөөр хийснээ хараад байх тусам, номыг ахиж унших хэрэгтэй болоод байдаг. Манайд орчуулагдаж гарсан Дэвид Троттьерийн “Кино зохиолчийн библи” номыг ч их барьж авдаг. Энгийн зүйл дэх уран содон зүйлийг олж харж сурахад яалт ч үгүй Холливүүдийн зохиолчдын баримталдаг онол тусалдаг.

-Кинонуудаа эргээд харахад юун дээр оносон юун дээр алдсан байх юм?

-Киног минутаар нь хуваагаад эхний тэд дэх минутад дуудлага орж ирэх ёстой, дараа нь тэд дэх минутад эргэлзээ үүсгэх ёстой, хугацааны дөрөвний нэгээс босгыг давж, тусгай ертөнц лүү унах ёстой гэх зэргээр хугацаагаар нь маш нарийн хуваагаад эргэлтүүдийг нь заагаад өгчихдөг. Холливүүдийн кинонуудыг үзэхэд яв цав тэр тигээр хийчихсэн байдаг. Кино яг талдаа ороход л гол баатар нь үхэл сэхлийн зааг дээр ирчих жишээтэй. Би энэ бүтцийг нилээн алдаж хийгээд зарим зүйлээ сунжруулчихсан байдаг. Харин зөрчлүүдээ их зөв гаргаад сайн хөгжүүлж, дүрүүдээ хооронд нь сайн орооцолдуулж хэлхэж, зангидаж өгч чадсан. Хамгийн оносон зүйл нь дүрийн ааш араншин, зан чанар, хэлж зуршсан үг, алдах эрхэм зүйл гээд тодотгож, зурж өгөх тал дээр маш оновчтой шийдлүүдийг хийгээд явчихсан. Дүрүүд маань л киног аваад явчихсан гэхэд хилсдэхгүй ээ.

-Нэг зүйлийг сөргүүлж асуух гижиг хүрчихлээ. Та эхлээд онол судалсан бол түмэнд хүрсэн хоёр киногоо бичиж чадах байсан уу?

-Үнэнээ хэлэхэд өөр тийшээ хадуураад явчих байсан байх. Яг ийм бүтцээр нь бичихгүй дээ. Эхлээд ВГИК төгсчихөөд дараа нь кино зохиол бичих тухай бодоогүй, хэдэн шог өгүүллэг, телевизийн цөөн хошин зохиомж бичсэнээс өөр туршлагагүй хэрнээ “ар халхын тэнэг зориг” гаргаад кино зохиол, тэр тусмаа олон ангит кино зохиол шүүрээд авчихсан хүн. Гэхдээ хонон өнжин сууж, олон кино үзэж, судалгаа хийсэн. Бага сага юм уншаад, санамсаргүй эргэлтээс эхлээд онолын аар саар зүйлсийг мэддэг болчихсон байсан.

-Барууны онолын эсрэг хийчихсэн зохиол танд байх юм уу?

-Байна аа. Кино зохиолчдод зориулсан бүх гарын авлага “Өвөрмөц төрхтэй гол дүр бий болго. Түүнийхээ бярыг сорих хүчирхэг өрсөлдөгч – эсрэг дүр сэд. Дараа нь сэтгэл хөдөлгөм түүх бодож ол” гэх үгийг эхний хуудсууддаа заавал өгүүлсэн байдаг. Гэтэл би “Тусгай салаа”-гаа эсрэг дүргүйгээр хийчихсэн. Дүрүүд хоорондоо зөрчилдөж сөргөлдөөд байдаг ч бүгдээрээ сайн сайхны бэлгэдэл болсон эерэг дүрүүд байдаг. Дурлалдаа шатчихсан хөөрхөн бүсгүй Анужинг эсрэг дүр гэх үү, эсвэл нөхрөө харамлаж харддаг, тэр хэрээрээ халамжилж хайрладаг Тамир бүсгүйг сөрөг дүр гэх үү. Эд бол яавч сөрөг дүр биш. Тухайн ангийн үйл явдлаасаа шалтгаалаад хөдөөний цайлган хүү Дэндэвийн эсрэг дүр нь хотын баян айлын чиг шугамдаа тууштай хүү Сүлд болоод ирнэ. Дараагийн ангид Сүлдийн эсрэг дүр нь Хурц захирагч болчихно гэх зэргээр эсрэг дүрүүдийн үүрэг нь шилжээд, хувираад яваад байсан байдаг.

-Сэдвээ жаахан өөрчлөе. Бараг л бүх зохиолчид шүлэг бичиж уран зохиолд анхны шангаа татсан байдаг. Таныг харин тэс өөр зүйл бичиж эхэлсэн гэж сонссон юм байна.

-Би анх шог өгүүллэг бичиж эхэлсэн. Суманд орос хэлний багш байхдаа ханын сонинд багш нараа элэглэж зураад, сургууль хэт халснаас сурагчдын үзэгний бэх буцалж байгаа тухай шог өгүүллэг бичсэн. Бодит байдал бол эсрэгээрээ сумын сургууль огт халдаггүй, хүүхдүүдийн үзгэн дэх бэх бараг л хөлдчихдөг байсан хэрэг л дээ. Тэгтэл сумын шинэ жилд бүжиглэх л гэж ирдэг хүмүүс, бүжгээ мартаад миний ханын сонин дээр овоороод инээлдээд байсан. Тэгээд л сумын ард түмэнд шог өгүүллэг хүргэж болсон юм яагаад төвийн сонинд бичиж, зурж болдоггүй билээ гэх зориг орсон. Гуч дөхсөн насандаа анхны шог зургаа “Өнөөдөр” сонинд, шог өгүүллэгээ “Улс төр” сонинд хэвлүүлж байлаа.

-Уран бүтээлд замчилсан багш тань хэн бол?

-Дамдинсүрэнгийн Сэрээтэр гэж Говь-Алтайн яруу найрагч, сэтгүүлч хүн бий. Түүний эрхлэн гаргадаг “Цахиур Төмөр” сонинд би анхны бүтээлүүдээ гаргаж энэ сониноор хүмүүжсэн хүн. Дараагийн нэгэн том багш бол Бадам-Очирын Галаарид анд минь. Хөлд орж, тэнцэж ядсан анхны сурвалжлагаа биччихээд очиход минь “Овоо шүү” гэж урам өгсөн хүн. Миний гаргасан бүх номыг шүүн тунгааж, “Хэцүү анги”-ийг бичиж байхад минь том зөвлөх болж байсан эрхэм дээ. Самандарын Цогтбаяр зураач бол миний шог зургийн багш, “Тоншуул” сэтгүүлдээ том албан тушаалд авч намайг бойжуулсан буянтан. Цогоо ах, Галаа хоёрыгоо би багшаа гэж боддогоо огт хэлээгүй яваа. “Өдрийн сонин”-оор улс даяар зарлан байж хэлэх билэг ерөөл тохиолоо. Одоо эндээсээ гараад албан ёсоор хадгаа барьж очно оо. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн, МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийнхэн бол миний сэтгүүлзүйн багш нар.

-Эр хүн амжилттай яваа бол ард нь заавал нэг бүсгүй байдаг гэдэг. Гэр бүл, эцэг эхийнхээ тухай яривал?

-Миний хань Ш.Цэвэлмаа гэж бүсгүй бий. “Таван Богд Вашёкү” компанийн хүний нөөцийн менежер, миний бүтээлийн том “шүүмжлэгч” хүн дээ. Бидний мэдэх “Нагоми”, “Сакура” гээд ресторануудын сүлжээнд хэн ажиллахыг мэддэг ажилтан нь. Харин аав ээж хоёр минь хоёулаа багш хүн. Аав Б.Алтангэрэл Говь-Алтайн Боловсролын хэлтэст 1990 оныг хүртэл ажилласан, сүүлд аймгийн нэгдүгээр сургуульд багшилсан, ээж Х.Загдаа аймгийн нэгдүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар насаараа ажилласан хүн бий. Намайг ганган дэгжин хувцсаар биш шүүгээ дүүрэн уран зохиолын номоор гоёж өсгөсөн бурхад. Ээжийн захиалсан “Цог”, “Тоншуул” сэтгүүлийн шинэ дугаар ирэхэд одооны хүүхдийнхээр бол “Коби” цувралын шинэ пүүз авахуулчихсан юм шиг л баярладаг хүүхэд явж дээ.

-Уран зохиолд аав ээж дуртай болгожээ. Харин шог зураг руу яаж яваад татагдчихсан юм бол?

-Хүүхэд байхдаа зурдаг, улсын уралдаанд гуравдугаар байрт ч шалгарч байлаа. Гэтэл тэр үед “Залуу зохион бүтээгч” дугуйлан гэгч гарч ирээд намайг зургийн дугуйлангаас урвуулчихсан. Аравдугаар анги төгстөлөө нисэхийн зохион бүтээгч болно гэсэн хэт дэвэргэн мөрөөдөлтэй явжээ. Намайг суут зохион бүтээгч болчихоор миний онгоцыг хийх гэж Монгол Улсын гурван сая хүн бүгдээрээ нисэхийн үйлдвэрийн салбарт ажиллах байсан юм уу. Хожим шог зургийг 1998 оны үеэс зурж эхэлсэн. 2004 оноос “Тоншуул” сэргэхэд баярлаад л зургуудаа илгээдэг болсон хүн дээ. Одоо бол “Mongolian Economy” сэтгүүлд шог зургуудаа тогтмол нийтлүүлж байна.

-Таныг бас комикс зураад байгаа гэж сонссон.

-Хүүхдийн “Hero” гээд комикс цувралд зохиолч, зураачаар ажиллаж байна. Нэртэй шог зураач Л.Өлзийбат ах, зураач Б.Цолмонбаяр нартай хамтарч энэ цувралаа гаргадаг. Нийт 20 цуврал гаргахаар төлөвлөснөөс одоо долоо дахь ном дээрээ ажиллаж эхэллээ. “Hero” маань удахгүй телевизийн зурагт зохиомж болохоор яригдаад байгаа. Монголчууд XIII зуунд яагаад хүчирхэг болсон, тэр үеийн баатрууд яаж аж төрж, тулалдаанд хэрхэн ухаан зарж, ялалт байгуулдаг байсан тухай өгүүлдэг. Хүүхдүүдэд мэдлэг олгож, зөв хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор бүтээгдсэн ном юм.

-Сүүлийн үед ямар шинэ кино бичив?

-МҮОНТ-д залуусын сэдэвтэй кино бичсэн, тун удахгүй зураг авалт эхэлнэ. Турк улстай хамтарсан, олон улсын төсөл болж байгаагаараа онцлог. Эртний баатрууд ч мэр сэр үзэгдээд, орчин үеийн залуусын хайр дурлал ч буцлаад байхаар өвөрмөц бүтэцтэй зохиол хийсэн. Манай киноны гол дүр хамтлагийн гоцлол дуучин, бүдүүка хочтой хөдөөний гэж адлагдсан мяраалаг охин тэмцэж, унаж боссоор том од болно. Кино хийх явцтай зэрэгцээд хамтлагаа шалгаруулаад явчихна. Уртын дууны микс хувилбаруудыг гаргаж орчин үеийн хөгжимтэй дуулуулна. Залуусыг солонгос дуу биш өөрийн дуугаа шүтдэг аялдаг болгох нь бидний нэг том зорилго.

-Үнэхээр сайхан зорилго тавьжээ. Ингэхэд та өөрөө уртын дууны хоббитой байх аа?

-Сонин шүү, наяад оны сүүлээр би Орост сурч байхдаа уртын дуунд гэнэт дурлаад эхэлсэн. Бусад оюутнууд шиг “Битлз”, “Смоуки” сонсоод л, диско хөөгөөд явдаг ч өрөөндөө ганцаараа үлдсэн үедээ уртын дууны пянз тавьчихаад бодол болоод хэвтэнэ. Галаарид бид хоёр өөр сургууль хэрнээ оюутны байр ойрхон, ердөө л замын хоёр талд амьдардаг байлаа. Галаа надаар дуулуулаад л сонсоод л суудаг, би “мундаг” уртын дуучин уригдаад л. Эхэндээ буруу зөрүү дуулсаар сүүлдээ ямар ч гэсэн хэдэн дуу аялжсурсан. Найранд очвол дуугүй дүмбийж суухгүй л хүн.


Categories
мэдээ нийгэм

“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг batbaatar.m@ulaanbaatar.mn цахим хаягаар авах юм байна.

Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 10-ныг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд гурван байр эзлүүлж, ирэх сарын 15-ны өдөр уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна.

Categories
гадаад мэдээ

Умард солонгосчууд нарны баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Хойд Солонгос улсын үндэслэгч, Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Ким Ир Сен нь тус улсын өнөөгийн удирдагч Ким Чен Уны өвөг эцэг бөгөөд тэрээр 1912 оны 4-р сарын 15-ны өдөр мэндэлжээ. Өдгөө түүний мэндэлсэн өдрийг “Нарны баяр” хэмээн жил бүр тэмдэглэх болжээ. Ким Ир Сен 1994 онд 82 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1948 онд Хойд Солонгос улсыг байгуулсан цагаас хойш насан эцэслэтлээ тус улсыг удирдаж байв. Хойд Солонгосын удирдагчид “АНУ-ын хүч түрэмгийлсэн, болчимгүй үйлдэлд зохих хариуг нь өгөх болно” гэж мэдэгдээд байгаа. Мөн тус улсын удирдагч Ким Чен Ун шинэ жилийн илгээлтдээ “Бид тив алгасах хүчин чадалтай алсын зайн баллистик пуужингийн туршилт хийхэд тун дөхөж очсон” гэж мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ үлэг гүрвэлийн яснуудыг буцааж өгөхөөр болжээ

БНСУ үлэг гүрвэлийн яснууд зурган илэрцүүдМонгол улсаас хууль
бусаар хил давуулсан гэх үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг БНСУ-ын тал
Монголдбуцааж өглөө хэмээн тус улсын “Yonhapnews” агентлаг мэдээлсэн байна. Уг
мэдээлэлд, Монгол болон БНСУ-ын гурван иргэн 2014 оны тавдугаар сард үлэг
гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар хил давуулан гаргасан байна. Тиймээс
БНСУ-аас өнгөрөгч долоо хоногийн баасан гариг буюу 4-р сарын 7-ны өдөр тус
улсын Ерөнхий прокурорын газраас дээрх чулуужсан яснуудыг буцаан өгсөн гэжээ.
БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, чулуужсан яснуудын дунд зөвхөн
Монголын нутаг дэвсгэрээс олддог гэх Тарбозавр батаар, Протоцератопсын яс болон
үлэг гүрвэлийн өндөгнүүд байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд эдгээр
үлэг гүрвэлийн чулуужсан яснууд нь Монгол улсаас хууль бусаар орж ирсэн нь
тогтоогдсон учраас эдгээр олдворуудыг эргүүлэн өгөх шийдвэрийг БНСУ-ын Засгийн
газар гаргасан. Уг шийдвэрийн дагуу түүхий нэн ховор олдворуудыг эргүүлэн өгч
байна” гэжээ. Сонирхуулбал, БНСУ-аас гадаад улсын соёлын өвийг тухайн улсад нь
буцааж өгч буй анхны тохиолдол энэ аж. Тиймээс Монгол улсын засгийн газраас
дээрх олдворыг Солонгос улсад түр хугацаагаар түрээслүүлэх санал тавьжээ.
Түүний хариуд БНСУ-ын Прокурорын газраас, үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг
хаана байрлуулахыг хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичгээр шийдвэрлэнэ
хэмээн хариу өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Даваа гарагаас ажил 08.00 цагт эхэлнэ

Нийслэлийн байр зурган илэрцүүдНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байна. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих аж. Тэгвэл даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхлэх юм

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн номын өдөрлөг болно

“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах, зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

13:00 цагаас УИХ-ын гишүүн С.Жавхлан жагсаал зохион байгуулна

Сүхбаатарын талбайд өнөөдөр 13.00 цагаас жагсаал болох гэж байна. “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийнхэн оффшор данстай эрхмүүдийг эсэргүүцэж жагсах бол УИХ-ын гишүүн С.Жавхлан 2017 оны төсвийн тодотголыг эсэргүүцэн жагсах юм.

УИХ-аас хэд, хэдэн төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан нь ард түмний амьжиргаанд нөлөөлнө гэж тэрбээр үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Жагсаал эхлэхэд бэлэн болжээ

Сүхбаатарын талбайд яг одоо татварын нэмэгдэл, мөн оффшор данстай эрхмүүдийг эсэргүүцэн жагсахаар иргэд цуглаад байна. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалыг 14.00 цагаас эхлүүлнэ гэлээ.

Одоогийн байдлаар Сүхбаатарын талбай ийм байдалтай байна.

Жагсагчид “Бид улсад хамгийн сайн татвар төлөгчид”, “Татвар хэрэгжиж эхлэх хугацаа шударга бус байна” гэсэн лоозон барин зогсчээ.

УИХ-аас өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан. Түүнтэй хамт хэд, хэдэн төрлийн татвар нэмэгдэхээр болсны нэг нь авто машины ОАТ юм.

А.СҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Маргааш НӨАТ-ын сугалааны тохиролтой

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 16-ны ням гарагт 19:35 цагаас “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд сугалаанд хамрагдах ажээ.

Та бүхэн 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм.

Дашрамд дуулгахад энэ удаагийн супер сугалааны шагналын сан 200 сая төгрөг бөгөөд дараа сарын сугалааны тохирол тавдугаар сарын 21-нд болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Толгойтын замыг засаж байна

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байгаа нь энэ юм. Олон жилийн турш оршин суугчид дээрх замыг шинэчлэн барих хүсэлт өгснөөр өнгөрсөн жилийн зургадугаар сард ажил эхэлсэн.

Гэвч гүйцэтгэгч компанийн хувьд зөвхөн гүүрийг шинэчилж барьснаар өвөлтэй золгосон. Гүүр нь 36.75Х48.75 хэмжээтэй байв.

Авто замыг шинэчлэн барьснаар зам 4 эгнээ болж, зорчих хэсгийн өргөн 14 метр, хоёр талдаа 2.85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болох юм.

Барилгын гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК ажиллаж байна.